УЛС ТӨР
УЛС ТӨР
'Төрийн мэдээлэл' эмхэтгэлийн шинэ дугаарын тойм
"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүний тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүнд: 1/Улсын Их Хурлын хэвийн ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж байгаа байранд шилжүүлэн байршуулах, Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж байгаа Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулах; 2/Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулсан цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх; 3/энэ тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад заасан цогц төслийг улсын төсвийн хөрөнгийн эх үүсвэрээр зохих журмын дагуу гүйцэтгүүлэхээр тооцож, эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төсөлд үе шаттай тусгаж байх; 4/цогц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх бодлогын бусад дэмжлэг, туслалцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад тухай бүрд тавьж шийдвэрлүүлэх.Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг томилжээ. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрдэнэцогтын Сарантогосыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг томилсон. Харин Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг томилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/05/14
321
УЛС ТӨР
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, “Алдарт эх”-ийн одон авахад дэмжлэг үзүүлэх, дөрөв буюу зургаагаас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хүүхдийн тоонд оруулан тооцож “Алдарт эх”-ийн одон олгодог байх зэрэг санал иргэдээс Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирсээр байна.Үүнтэй холбогдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.Хуулийн төсөлд “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхдийг хамруулж байхаар тусгалаа.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлХуулийн төсөлд Төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх зохицуулалтыг тусгажээ.Төсөл батлагдсанаар ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг, Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.
2024/05/14
360
УЛС ТӨР
Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ
Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ. Шалгалтад нийт 155 албан хаагч, иргэн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлснээс тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангасан 114 албан хаагч, иргэний бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан комисс энэ сарын 9-нд хуралдаж хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан 114 албан хаагч, иргэнээс 95 оролцогч шалгалт өгч байна. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт өнөөдөр сорилын шалгалтаар эхэлж, тавдугаар сарын 14-нд ярилцлагын шалгалтаар үргэлжилнэ.
2024/05/13
313
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн. Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6 хувь байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өслөө. Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна.“Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэнбүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдна. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ” гэлээ.Мөн Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэдгийг тэмдэглэлээ.Үндэсний баялгийн сан Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сан гэсэн гурван данстай байх юм. Хуримтлалын санг Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулах юм. Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг энэ санд шилжүүлж, орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ. Ингэснээр Монголбанк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж, ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болж, хүлээлгэд байсан 10,000 айл өрх орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байна.Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 20.1 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгөөд байгаагийн 3,520 нь орон нутагт, үлдсэн 16,531 нь Улаанбаатарт байна. Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2600 гаруй иргэнд олгожээ.
2024/05/10
311
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж үржүүлэхийн хүрдээр арвижуулна
Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанканд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,Эрхэм монголчууд аа,Монголчууд бид амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Хур бороо орж наашлах цагийг бэлгэдсэн энэ өдөр Үндэсний Баялгийн сангийн Хуримтлын санг улсынхаа төв банканд нээж байгаагаа бэлгэшээж байна. Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Бидэнд чадсан чадаагүй, иргэдэд ойлгуулж чадсан бас чадаагүй олон зүйл бий. Нийт экпортын 93 хувийг эзэлдэг эрдэс баялгийн салбарыг даган ургаж, олон жил ноёрхсон монопол байдал, улс төрийн нөлөө, далд эдийн засаг хүчтэй байх нь ч ойлгомжтой юм. Засгийн газрын Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, төрийн эх үүсвэрээр хувьдаа авахыг санаархсан Эрдэнэтийн луйврын схем илчлэгдэж, “Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, бүтээгдэхүүнээ биржээр арилждаг болсноор · ДНБ 2020 онд 37 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон. Нэг хүнд ногдох ДНБ 2023 онд анх удаагаа 5,875 ам.долларт хүрсэн.· Валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл анх удаа 1.5 тэрбум ам.доллараар давлаа. · Эдийн засгийн өсөлт цар тахлын үед -4.6% байсан бол өнөөдөр долоон хувь хүртэл өсөж байна.· Хөгжлийн банкны бондуудыг өөрийн эх үүсвэрээр төлж, болзошгүй дампуурлаас гарлаа. Магадгүй энэ нь олон нийтэд тийм ч сонирхолтой биш ч макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг эерэг болгох асар их хэмжээний эрсдэл дагуулсан тэмцэл, олон хүний уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон чамлахааргүй амжилт юм. Мөн хариуцлага алдвал амархан алга болдог, нэг алга болбол дахин сэргэтлээ 10-12 жил шаардагддаг зүйл гэдгийг монголчууд бид хэзээ ч мартаж, өнгөрсөн хугацааны хариуцлагагүй үйлдлүүдийг дахин хэзээ ч давтаж болохгүй юм аа. Өнөөдөр бид хамтдаа Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санг нээж байна. Үндэсний баялгийн сан гурван данстай байна · Ирээдүйн өв сан бол байгалийн баялаг ашигласны төлбөрийн 65 хувийг ирээдүйд валют хэлбэрээр хадгална гэсэн үг. Монголбанк, “Эрдэнэс Монгол”-ын хамт энэ сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалт хийж, үржүүлэхийн хүрд болгон ашиглах боломжтой. Нэг үгээр хэлбэл, эрсдэлгүй сангуудад хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авах боломж нээлттэй гэсэн үг. Товчхондоо Ирээдүйн өв сан бол Норвегийн Баялгийн сангийн загвараар ажиллах үржүүлэхийн хүрд юм. Ирээдүйн өв санд төвлөрөөгүй хэсэг нь бүс ба орон нутгийн хөгжилд зарцуулагдах бөгөөд хариуцлагатай эрдэс баялгийн салбарын хөгжлийг дэмжиж буй орон нутагт хөрөнгө оруулалт илүү хийгдэх нь шударга ёсонд нийцэх билээ. · Хөгжлийн сан бол Монгол Улсын төсвийг ашигтай ажиллуулахыг сэдэлжүүлэхийн төлөөх сан юм. Улсын төсөв алдагдалгүй, ашигтай ажиллабал тэрхүү ашгийн 50 хувийг Хөгжлийн санд төвлөрүүлж, үлдэх 50 хувь нь төсвийг тогтвортой байлгахад зарцуулагдана. Төсөв алдагдалгүй болох тусам эдийн засаг эрүүлжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Улсаараа хичээж улсын төсвөө ашигтай гаргаж чадвал нийгэмд тулгамдаж буй томоохон төслийг олон нийтийн саналд тулгуурлан санхүүжүүлэх боломжтой болно. ( Нийслэлийн замаа засахаас эхлээд бидэнд тулгамдсан олон асуудал бий.) Нэг үгээр хэлбэл, төсвөөр тэгшигтгэн хуваахгүй, төсвийн ашгийг нийгмийн хөгжлийн томоохон төсөлд зарцуулах боломжийг Хөгжлийн сан бидэнд олгоно. · Өнөөдрийн бидний нээж буй Хуримтлалын сан бол “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн Хуримтлалын санд төвлөрч байна гэсэн үг юм. Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм. Иргэд бүр орон сууцтай, эрүүл, өндөр боловсролтой байж чадвал өөрийнхөө болон гэр бүлийн ирээдүйгээ өөрчлөх суурь болж чадна. Ийм иргэдтэй улс орон өөдлөн хөгжих суурь тавигдана. Нийгмийн хөгжлийн суурь асуудлууд ч ингэж л шийдэгдэнэ. Хуримтлалын сан бол Та бидний шинэ итгэлцийн гэрээ бөгөөд хамтын хариуцлагын хэлцэл байх болно. Хамтдаа бид стратегийн ордуудад түшиглэсэн төслүүдээ ашигтай ажиллуулахыг бүх нийтээрээ дэмжиж, мөн хяналт тавина гэсэн үг юм. Эрдэс баялгийн салбарын дараагийн томоохон төслүүд, хөрөнгө оруулалтыг үндэстнээрээ дэмжиж, Хуримтлалтай Монголыг бүтээх болно. Хуримтлалын сан нь Сингапурын Хуримтлалын сангийн загварт тулгуурлан хөгжүүлж, иргэдэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд зориулагдах бөгөөд хэзээ ч бэлнээр гүйлгээ хийж болохгүй. Энэ тохиолдолд бид Хуримтлалын сангаа дампууруулах болно. Өнөөдөр Хуримтлалын санд Эрдэнэтийн 34, Оюутолгойн 34, Тавантолгойн 34 хувь шилжиж, “Эрдэнэс Монгол” нэгдэл 500.0 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд шилжүүлснээр энэ эх үүсвэрийг орон сууцны хөтөлбөрийн эх үүсвэрт нэмэгдүүлж ашиглахаар болж байна. Ингэснээр Монголбанк, арилжааны банктай хамтран ажиллах боломж бүрдэж, Ипотекийн зээлийн эх үүсвэр 1.2 их наяд төгрөг болон үржиж хүлээлгэд байсан 10,000 айл өрхөд орон сууцны зээлийн хөтөлбөрт хамрагдах боломж өнөөдөр бүрдэж байна. Үндэсний орон сууцжуулалтын хууль батлагдсанаар улс даяар орон сууцжуулах хөдөлгөөн өрнөх боломж ийнхүү бүрдэж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, энэхүү реформд нэгдсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархлаа илэрхийлье. Мөн энэ жил сонгуулийн жил учраас эрүүл мэнд, боловсролын хуримтлалын хэсэг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс буюу шинэ төсвийн жилээс хэрэгжиж эхлэхээр парламентад суудалтай улс төрийн намууд тохиролцсон, тэр хүртэл Монголбанк, Сангийн яам, “Эрдэнэс Монгол” бэлтгэл ажлаа иргэдийн хамт хангах ёстой. Удахгүй E-Mongolia системээр дамжиж иргэн бүхэнд Хуримтлалын сангийн хэрэглэгч болох эрх нээгдэнэ, эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөөг Засгийн газраас өгөх болно. Баярлалаа гэлээ.
2024/05/10
330
УЛС ТӨР
Засгийн газрын хуралдааны шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн баринаҮндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина. Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна. Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна. Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна. Нийслэлийн 50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна.Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна.Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааТөв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жилийн хугацаагаар сунгалаа. Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна. Товч мэдээ· Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. · БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.· Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас, Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгов. · Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томиллоо. М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.· Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэнэ. Түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Энэ оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа.· Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд хугацааны явцын тайланг хэлэлцэн дэмжээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.
2024/05/08
320
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ‘E-Mongolia’ систем эрх мэдлийн төвлөрлийг задлахад онцгой үүрэг гүйцэтгэж байна
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. “E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг үүсгэжээ. Мөн эмнэлэгт цаг авах, шинжилгээ, дүрс оношилгооны хариу, эмнэлэг, эмийн танилцуулга, жорын түүх харах зэрэг эрүүл мэндийн олон үйлчилгээг цахимжуулж, замын хураамж, жолоочийн торгууль, оношилгоо, даатгалын мэдээлэл, цаг агаар, үер усны аюул, угаар мэдрэгчийн дохио зэрэг мэдээлэл, сонордуулгыг иргэдэд өгдөг болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг цахимжуулах ажилд оролцсон, дэмжсэн, нэгдсэн бүх хүнд талархал илэрхийлээд, “E-Mongolia” систем төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгож иргэдийн мэдэх эрхийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буйг онцоллоо. Үүний үр дүнд тухайлбал, далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наядад хүрч, нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болжээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль саяхан батлагдлаа. “E-Mongolia 4.0” Үндэсний баялгийн сангийн мэдээлэлтэй мөн холбогдож байна. Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг цогцоор нь шийдэх “20 минутын хот” концепцийг боловсруулж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Нийслэлийн төв дэх эрх мэдэл, төрийн үйлчилгээний төвлөрлийг задлахад “E-Mongolia” системийн гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд хэллээ.Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж 2020 оны аравдугаар сард “E-Mongolia” нэгдсэн системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлсэн бол өнөөдөр 1.8 сая хэрэглэгчтэй болж, тус системд 86 байгууллагын 1233 үйлчилгээ нэвтэрчээ. “E-Mongolia” жилийн өмнө 3.0 хувилбараа танилцуулж байсан бол өнөөдөр илүү дэвшилтэт 4.0 хувилбараа нээж хэрэглээнд нэвтрүүллээ.
2024/05/08
450
УЛС ТӨР
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний таван үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна.Үргэлжлүүлэн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2024 оны барилга, хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа.Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Урьдчилсан төлөвлөгөөгөөр энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор бүхий долоон барилгыг ашиглалтад оруулна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай нийт 30 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажил зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалсан, барилгын төсөв нэмэгдсэн зэргээс үүдэн удааширч байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хэллээ.Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар газар чөлөөлөлтийн явцын талаар мэдээлэл өгөв. Энэ онд нийт 66 төсөл, ажлын хүрээнд 2521 нэгж талбарыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 1084 талбарыг чөлөөлсөн байна. Тухайлбал, 7 байршилд нийт 5660 хүүхдийн суудалтай сургууль болон 900 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ. Уг ажлыг эхлүүлэхэд 210 нэгж талбарын 10,59 га газар өртсөнөөс 128 нэгж талбарыг чөлөөлсөн байна.Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрх, Чингэлтэй, Баянгол болон Сонгинохайрхан дүүрэгт тусгай зориулалт, том оврын автомашинууд нийтийн эзэмшлийн зам, талбайд явган хүний зам давуулан зогсож, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс энэ чиглэлийн бизнес эрхлэгчид зориулалтын талбай гаргаж өгөх шаардлагатай. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээх, төвийн зургаан дүүрэгт зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцоллоо.Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэлийг хангах,Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах,Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавих,Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг шуурхай зохион байгуулах,“Улаанбаатар Марафон 2024” олон улсын гүйлтэд байгууллага хамт олноо идэвхтэй оролцуулж, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлуудыг зохион байгуулах,Далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлэх зэрэг үүргийг өгсөн юм.
2024/05/07
316
УЛС ТӨР
‘Төрийн мэдээлэл’ эмхэтгэлийн шинэ дугаарын тойм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хоршооны тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой байна. Тухайлбал, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай Монгол Улсын хуулийн зорилт нь уламжлалт мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, малчдад учирсан эрсдэлийг бууруулах арга хэмжээг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Түүнчлэн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай Монгол Улсын хуулиар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.4 дэх заалт нэмжээ. Үүнд: “9.1.4.уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хоршооны гишүүн малчинд урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 100 хүртэлх хувьд батлан даалт гаргах.” аж.Эмхэтгэлийн тус дугаарт “Тогтоолын төсөл буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/05/06
377
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар '20 минутын хот' концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд анхаарал хандуулсаар ирлээ. Суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй нь тодорхой юм. Бид хамтдаа цар тахлыг даван туулж, өргөн нарийн царигийн маргааныг эцэслэн боомтын боомийг тайлж, авлигын олон асуудлыг ил тод болгож, шүүхийн шатанд шилжүүллээ. Хөгжлийн банкны бондыг өөрийн эх үүсвэрээр нь бүрэн төлүүлж, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус асуудлыг цэгцэлж, Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Нүүрсний худалдааг биржээр нээлттэй арилжиж эхэлснээр далд эдийн засаг ил болж -4.6 хувьтай байсан эдийн засаг, 7 хувийн өсөлтөд хүрсэн нь 10 гаруй функтээр өссөн үзүүлэлт юм. Эдийн засаг хоёр дахин тэлж, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1,700 ам.доллараар нэмэгдүүлж, 5,875 ам.долларт хүргэлээ.Нэг үгээр хэлбэл, 2012 оны эдийн засгийн сэргэлтийн цаг хугацаатай ижил түвшинд ирж байна гэж ойлгож болно. Харамсалтай нь нэг гарсан алдааг засах гэж бүтэн 10 гаруй жил зарцуулагддагийг бид өнгөрсөн түүхээсээ суралцаж байна, иймд бид дахин алдахгүй байх ёстой.Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, эдийн засаг иргэн бүхэнд хүртээмжтэй болох суурь реформ хэрэгжиж эхэллээ. Баялгийн сангийн Хуримталын санд төвлөрүүлэх энэ жилийн орлогыг ипотекийн зээлийн эх үүсвэрт нэмэгдүүлснээр 10 гаруй жилийн дараа авахаар дараалалд орсон байсан 10 гаруй мянган иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэнэ гэдэг бидэнд ямар боломж нуугдаж байсны энгийн нэг жишээ юм.E-Mongolia цахимжилт амжилттай хэрэгжиж, шилэн ажиллагааны хүрээнд төрийн үйлчилгээ гар утсанд шилжиж, аливаа ашиг сонирхлын асуудал хэн нэгнээс хамааралгүй, ил тод болсоор байна. Нийгэм ч авлигыг үл тэвчих сэтгэлзүйтэй болж төлөвшлөө. Энэ нь өнгөрсөн хугацааны тэмцлийн хамгийн чухал үр дүн билээ. Бид хүрсэн ёсзүйн өндөрлөгөөсөө доош унахгүй, харин цааш тэмүүлж чадвал авлигагүй нийгэм бүрдэх хугацаа хол биш ойр байна.Дүр эсгэсэн хуурамч байдал өдрөөс өдөрт хүчгүйдэж, бодитой прагматик шийдлийн мэтгэлцээн өрнөж эхэлж байна. Засаглал бүхэн харилцан хяналт тэнцэлтэй байхын тулд эрх мэдлийн байршил салангид байх учиртай. Ингэж байж сайн засаглал бүрдэх, эрхзүйт төр төлөвших суурь зарчим хангагдахаас гадна, аюулгүй байдал, мөн хэт төвлөрлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэх болно. Товчхондоо Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг улс төрийн дүгнэлт хийж байна. Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудлын илэрч буй шинж тэмдэгт төвлөрөх бус асуудлыг үүсгэгч шалтгаанд төвлөрөх нь хамгийн чухал байна.Нийслэлийн асуудал шийдэгдэхгүйгээр улсын асуудал шийдэгдэхгүй ээ. 11-11 төвд ирж байгаа гомдлын 70 гаруй хувь нийслэлтэй холбоотой асуудал байсаар байна. Нийслэлийн асуудал Улсын Их Хурал, Засгийн газрын асуудал биш гэж галаас зугтсаар байвал Та бид асуудлаа бүр л илүү хуримтлуулна.Нийслэлд асуудлаа бие даан шийдвэрлэх эрх мэдэл ч, төсөв ч байхгүй байсныг бид хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Нийслэлийг харах ойлголтоо өөрчлөхгүйгээр бид асуудлын шийдлийг бүтэн олж харахгүй. Нийслэлчүүд, иргэдийн маань хувьд ч асуудлыг харахаас илүү асуудлын уг үндэс дээр нийгмийн мэтгэлцээнийг өрнүүлмээр байна. Үүнд дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд ч онцгой анхаарал хандуулахыг хүсье. Энэ дашрамд, нийт хэвлэл мэдээллийнхэндээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье. Нутаг дэвсгэрийнхээ 0.3-хан хувийг хот, бусдыг нь хөдөө гэж нэрлэчихээр нийслэлийн иргэн байх гэсэн энгийн өрсөлдөөн ч иргэдийн дунд байсаар ирсэн нь нууц биш ээ. Тиймээс бид ойлголт болон хандлагын түгжрэлээ мөн тайлах шаардлагатай болж байна. Хүндэт нийслэлчүүд ээ,Улс төрийн намын удирдлагууд аа,Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Засгийн газраас өнөөдөр өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно. Нэг. Нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэйхот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээх юм. Хоёр. Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Үүнд:-Хан-Уул хот-Яармаг хот-Буянт-Ухаа хот-Сонгинохайрхан хот-Толгойт хот-Баянхошуу хот-Өнөр хот-Баянгол хот-Чингэлтэй хот-Сэлбэ хот-Сүхбаатар хот-Дарь-Эх хот-Баянзүрх хот-Амгалан хот,Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм. Гурав. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр манай хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Нэг үгээр хэлбэл, дамжуулагчийн үүргийг эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгоно. Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ. Дөрөв. Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн.Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх юм. Энэхүү холбоос гүүрийг “GoMongolia” буюу Өөдлөн тэмүүлэх Монгол гэж нэрлэнэ. Энэ хуулийн хүрээнд энэхүү гүүрэн байгууламжид Засгийн газрын баталгаа гаргах асуудал хамт орж байгаа гэдгийг хэлье. Тав. Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх асуудал энэ хуулийн хүрээнд мөн туссан болно. Энэхүү хууль батлагдсанаар:- Дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгоно.- Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистикийг сайжруулна.- Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,Засгийн газраас өргөн барьж буй шинэ хотууд байгуулах, 20 минутын хотын стандартад шилжих эрхзүйн цогц реформыг дэмжиж өгөхийг хүсье.
2024/05/03
301
УЛС ТӨР
2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа.УИХ 2023 онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 хууль баталсан байна. Энэ нь нийт зургаан боть, 1,409 нэгж хуудас болжээ.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, хадгалах журмыг тогтоодог юм.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн тамгыг “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна” гэж заасан байдаг.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “Энэ ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэдгийг тэмдэглэлээ.“Хууль, тогтоомжийн уг эх дээр Төрийн тамга дарснаар УИХ-аас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана” гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэллээ.Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг юм.
2024/05/02
330
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулна.Хууль батлагдсанаар-Улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ;-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;-Улсын зэрэглэлтэй тав /Дархан, Эрдэнэт, Шинэ Хархорум, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 44 хотыг /нийслэлд 14, аймгуудад 30/, мөн дагуул гурван хотыг байгуулж, бие даан хөгжүүлнэ;-Хот, тосгон нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэнэ;-Хот, тосгон өөрийн оршин суугчдадаа төрийн үйлчилгээ буюу гагцхүү засаг захиргааны нэгжээр дамжих хэрэгжих үйлчилгээг хот, тосгоноор дамжуулан хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна;-Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилго бүхий Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг зургаан бүлэг, 29 зүйлтэйгээр боловсруулжээ. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдсанаар - Нийслэл хотын төвлөрлийг задалж, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангана;- Орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын үйл ажиллагааны журам, зохицуулалт тодорхой болно;- Дагуул хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ;- Нийслэл хотын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, орон сууцны хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлнэ;- Нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төвлөрсөн хангамж бий болж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлж улс, нийслэл, цаашлаад бүс нутгийн нийгэм, эдийн засгийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ;- Шинээр ажлын байр бий болж, дотоодын нийт бүтээгдэхүүн болон гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ; - Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж орон сууцны хангамж нэмэгдэж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ; - Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутгийн болон бүсийн цаашлаад олон улсын логистикийг сайжруулна;- Иргэдийн аятай таатай амьдрах орчин бий болж, амьдралын чанар сайжирна;- Шинэ Зуунмод хот дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хотын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчид, иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэнэ;-Бусад улсуудын хотуудын жишгээр Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа сонгодог болох юм.
2024/05/02
325
УЛС ТӨР
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлааҮндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болж байна. Хуримтлалын санд 2024 онд төвлөрүүлсэн эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу арвижуулах зорилгоор холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөж, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийг орон сууцжуулах талаарх Бүгд Найрамдах Сингапур Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор тус улсын Үндэсний их сургуулийн болон Хуримтлалын сангийн зөвлөх, судлаачидтай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажиллахыг тогтоолд тусгав.Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Монгол Улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монголбанк дахь төрийн сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заасан. Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталлаа. Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авнаГаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хавсралтаар баталлаа. Энэхүү бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүжлснээр мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллааИмпортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав. Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа. Товч мэдээ· Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг олон улсын болон үндэсний эрх зүйн механизмын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
2024/05/01
370
УЛС ТӨР
'Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай' тогтоолын төсөл, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг (2024.04.30) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ...” гэж заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хэмээн салбарын сайд танилцуулав.Тэрбээр, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулсан болохыг тодотголоо.Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд болон аймаг, нийслэл 2025 онд хэрэгжүүлэхээр нийт 68 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 711 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын 8 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тусгажээ.“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийн нэгдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”-ын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчилж, экспортын зах зээлийг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт уул уурхайн шилжилтийг хийх, боомтын сэргэлт, бүс холбосон таван тойрог замын төслүүдийг хэрэгжүүлж тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх бодлого баримтална. Хоёрдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”-ын хүрээнд үндэсний орон сууцжуулах бодлогыг баялгийн сантай уялдуулан дэмжих, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг эрчимжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөхүйц чадвартай төгсөгчдийг бэлтгэх, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хүн амын бүлэг бүрд зориулан оновчтой хэрэгжүүлэх, соёл, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална. Гуравдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”-ын хүрээнд төрийн шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглаж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгох, шинжлэх ухаан, технологи, инновац, хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хүний эрхийн баталгааг хангах, хараат бус, ил тод шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, нийгмийн баталгааг хангах бодлого баримтална. Дөрөвдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”-ын хүрээнд бизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн оролцоог хязгаарлах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, банк, санхүү, даатгалын салбарын реформыг хэрэгжүүлж, зээлийн хүүг бууруулах бодлого баримтална. Тавдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд ногоон хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, байгаль орчны тогтвортой байдлыг хангах бодлого баримтална. Зургаадугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулалт, хөгжлийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар төлөвлөх, бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүсүүдэд эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг ашиглалтад оруулах бодлого баримтална.Долоодугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотын засаглалыг сайжруулж, иргэд нийгмийн үйлчилгээг төвөгшөөлгүй, өөрийн гэрээс “20 МИНУТЫН ЗАЙ”-д авах бололцоог бий болгох, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг эрчимжүүлэх бодлого баримтална. Наймдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ын хүрээнд “Нэг цонх-Нэгдмэл гадаад бодлого”-ыг үргэлжлүүлэх, батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, орчны аюулгүй байдлыг хангаж, хүн, нийгмийн амар тайван орчныг бий болгох бодлого баримтална гэлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслий тухай Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах бодлогыг баримталсан бөгөөд Төсвийн тухай хууль 281.4 дэх заалт болон холбогдох журмын дагуу төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдийн олон талт оролцоог хангахад олон нийтийн хэлэлцүүлгийг 3 дугаар сард зохион байгуулж, холбогдох хуулийн шаардлагуудад нийцүүлэн боловсруулжээ.Эдийн засгийн өсөлт 2025 онд эрчимжиж, 8.0 орчим хувьд хүрэх хүлээлттэй байна. Үүнд уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын экспорт нэмэгдэж, тээвэр логистик, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарын үйл ажиллагаа идэвхжихээр байгаа нь голлон нөлөөлөхөөр байна. Цаашид, Оюутолгойн гүний уурхайн эрдсийн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэл болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэж, худалдааны түнш улс орнуудтай хийж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд хөрөнгө оруулалт, экспорт тогтвортой өссөнөөр 2026, 2027 онуудад эдийн засгийн өсөлт 6.5 хувь орчимд байхаар байна.Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд инфляцыг бууруулж, 2025 онд 6 хувь, 2026 онд 4 хувь, 2027 онд 3 орчим хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгалаа. Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэх, төсвийн алдагдлыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан төсөвт үзүүлэх нөлөөллийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгасан болно.Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсрууллаа. Тухайлбал:- Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон.- Тэнцвэржүүлсэн тэнцэл: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2025 оны төсвийн жилээс эхлэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2025 онд -2.0 хувь, 2026 онд -1.5 хувь, 2027 онд -1.0 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна.- Зарлагын өсөлт: Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь уул уурхайн бус салбарын өсөлт болон өмнөх 12 жилийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байна гэж заасан. Төсвийн нийт зарлага 2025 онд 14.4 хувиар, 2026 онд 7.1 хувиар, 2027 онд 6.3 хувиар өсөхөөр төсөөлсөн нь тусгай шаардлагыг хангаж байна.- Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдлийг 2025 онд 50 хувь, 2026 онд 45 хувь, 2027 онд 40 хувь болгон бууруулахаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан 2024 оны төсвийн жилээс эхлэн Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл 60 хувиас хэтрүүлэхгүй гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна.Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2025 оны төсвийн зарлагын хязгаар, 2026-2027 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн Засгийн газраас үзжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/05/01
385
УЛС ТӨР
Эрүүл мэнд, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын өнөөгийн хөгжил, цаашдын хөгжлийн бодлогын талаар танилцуулав.Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотыг иргэдэд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн эрүүл аюулгүй, сайн засаглалтай, эдийн засгийн чадамжтай, бизнесийн таатай орчныг хотод бүрдүүлнэ. Мөн Куба улсын үндэсний баатар Хосе Мартын нэрэмжит 52 дугаар сургуулийн гаднах талбайг стандартын дагуу тохижуулна" гэдгийг онцлов.Нийслэл хот болон Куба улс цаашид эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов
2024/04/30
309