УЛС ТӨР
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийлээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.Тэрбээр,“Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно.Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн.Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн.Гуравдугаарт. Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан.Ингээд хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлуудыг тоймлон мэдээлье.o Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны эцсээр таван тэрбум ам.долларт хүрэх эерэг хүлээлттэй байна.o Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч байна.o Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрээд байна.Энэ үзүүлэлтүүдийг арванхоёрдугаар сарын 20-нд буюу өнөөдөр хэлэлцсэн шалтгаан бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжээд анхны мөнгөжсөн үр дүнг харах хамгийн наад талын боломжит хугацаа байсан.Та бүхэн санаж байгаа, Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд тухайн үед буюу Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт оруулсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан.Энэ хууль хэрэгжиж эхлээд анхны үр дүн өнөөдөр гарч байна.Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний Баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их Хааныхаа нэрээр нэрлэх болно. Олон улсад энэ сан “CHINGGIS FUND” нэршлээр танигдана гэсэн үг юм. Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна.Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж, Е-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг.2025 он гараад иргэн Та хүсвэл Хадгаламжийн нэрийн картаа авч болно.Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна.Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн.Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдэж байна. Хөгжлийн банк ЭКСИМ БАНК болсон.Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа булангийн орнууд, баялгийн сангууд илэрхийлээд байна. Мөн өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийг байгуулах шийдвэр гаргалаа.Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтлоо.Урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдлөж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг. Энэ асуудлуудыг удахгүй Улсын Их Хуралд нээлттэй ярилцах цаг дөхөж байна.Эрдэнэт 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, Эрдэнэс Тавантолгой тойрсон нүүрс болон төмөр замын асуудал бүгд л шийдвэрлэгдэх үед олон нийтийг үймүүлж өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхжиж байсан. Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан. Гэхдээ олон нийт маш хэрсүү байж, шударга ёсны төлөөх жингийн цуваа явсаар л байна. Цаашид ч явсаар байх болно.Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байна. Ногдол ашиг нь дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Эхний ээлжинд иргэн бүрд 135.000 төгрөг олгогдоно.Агаарын бохирдлын асуудлаар мөн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдол бол олон шалтгааны үр дагавар юм. Бид асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хот цогц байдлаар асуудлаа шийдвэрлэх санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамжтай байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг нийслэлд үзүүлэх учиртай.Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна.Нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.Нийт иргэн, аж ахуйн нэгжүүддээ энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна.Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих хуулийн төсөл, “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулах тогтоолын төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төслүүд, Туулын хурдны замын явц, Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.
2024/12/20
351
УЛС ТӨР
'Яндангүй бүс' байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Яндангүй бүс” байгуулнаХот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд тус тус шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт даалгалаа.Мөн тус хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсэд бүх төрлийн хийн түлшний халаалттай айл, өрхүүдэд олгох хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоосон урамшуулал олгох журам, “Яндангүй бүс”-д бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох, мөн тус бүсэд хийн түлшний халаалтад шилжүүлэхээр төлөвлөж буй айл, өрхүүдэд хийн халаалтын тоног төхөөрөмжийг ногоон зээлээр авахад шаардагдах хүүгийн татаас олгох зэрэг асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.Яндангүй бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргаж, уг бүсэд хамрагдах айл, өрхүүдийг эрчим хүчний хэмнэлт бүхий дулаан алдагдал багатай орон сууц, монгол гэрийн иж бүрэн дулаалга, хийн болон цахилгаан халаагуур, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуух зэрэг ногоон зээлийн бүтээгдэхүүнээр хангахаар төлөвлөж байна. 'Орчны бохирдлыг бууруулах' үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлааАгаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий “Орчны бохирдлыг бууруулах" үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар тус хорооны гишүүнээр ажиллана. Аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэТөрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.Энэ хүрээнд төрөөс олгож байгаа зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актын уялдааг хангах чиглэлээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна.Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын шалгуур үзүүлэлтийг эдийн засгийн тоон үзүүлэлттэй уялдуулж, бүх шатны төрийн болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, үнэлэх нэгдсэн аргачлалыг боловсруулж, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.Мөн бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэх ажлыг зохион байгуулахыг Төрийн бүтээмжийн Үндэсний хороонд даалгав. Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээНийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа.Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 (таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.Засгийн газрын тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө.Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгажээ. Товч мэдээ· “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагатай хамтран ажиллаж, менежментийн багийг сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд үүрэг болголоо. · Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.· Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг баталлаа.
2024/12/18
286
УЛС ТӨР
Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны (2024.12.17) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын мэдээллийг сонслоо.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж танилцуулсан юм. Тэрбээр хөнгөн үйлдвэрийн салбарт 343 үйлдвэр, 1700 гаруй жижиг цех үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 45800 хүн ажиллаж буйг болон хүнсний 978 үйлдвэр, цех ажиллаж байгааг танилцуулаад, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Монэксалл” ХХК-д үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай олгосон талаар тодорхой дурдав. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК бол нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд Эмээлт үйлдвэр технологийн паркийн төслийг хариуцан ажиллаж байна. Харин “Монэксалл” ХХК Говьсүмбэр аймагт мал аж ахуйн шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн эко парк ажиллуулахаар тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм.Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөнгөн үйлдвэрийн паркийн байршлыг Улаанбаатар хотод Эмээлт дэх арьс, ширний, Дархан-Уул аймагт хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр технологийн, мөн Ховд, Говьсүмбэр, Дорнод аймагт төвлөрүүлэн байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрбээр дурдаад, эдгээрийг нэгбүрчлэн танилцууллаа. Тухайлбал, Ховд үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2022 оноос улсын төсвийн хөрөнгөөр хийж эхэлсэн бөгөөд ирэх 2025 онд дуусах ажээ. Тус паркад 100 үйлдвэр ашиглалтад орж, 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох юм. Төслийг Ховд аймгийн өмчит “Шинэ Ховд” ХХК хариуцаж байна. Мөн Дархан-Уул аймагт байгуулагдах Төвийн бүсийн хөнгөн, хүнсний үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажилд 2025 оны улсын төсөвт 7.0 тэрбум төгрөг тусгагдсан байна. Олдоогийн байдлаар паркийн байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зургууд хийгдээд, магадлуулах шатдаа явж байгаа аж.Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ажил үндсэндээ 2009 оноос эхэлж, 2022 оноос нийслэлд шилжүүлж, 2023 онд Дэлхийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ хийгдсэн. Нийт 539 га талбайд хэрэгжих энэ төслийн эхний үе шатанд 160 га-д 8.0 сая ширхэг арьс, ширний боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах бэлтгэлийг хангаж эхлээд байна. Төслийн эрчим хүчнй эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар нийслэлийн 2025 оны төсөвт тусгагджээ. Харин Говьсүмбэр аймгийн Баянтал дахь мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэр технологийн паркийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр бэлтгэж байна. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны эрхлэх асуудалд хамаарах үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн гурав нь аж үйлдвэрийн паркийн хүрээнд хэрэгжинэ гэж Төрийн нарийн бичгийн дарга онцлоод, Тавантолгойн кокс, эрчим хүчний, Бор-Өндөрийн жонш, цахиурын, Эрдэнэтийн зэсийн, Дархан-Уулын гангийн, Хөтөлийн барилгын материалын, Багануурын химийн үйлдвэр технологийн паркуудыг нэрлэсэн юм. Тэрбээр бодитоор хэрэгжиж байгаа Дорноговь аймгийн Өргөн сум дахь Алтанширээ, мөн аймгийн Хөвсгөл сум дахь Гэрэлтговь, Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн паркийг жишээ болгон танилцуулав.Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа үйлдвэрлэл технологийн паркууд хуулийн дагуу НӨАТ-ын төлбөрийг дөрвөн жил хүртэл хугацаанд хойшлуулах, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг мөн хугацаагаар чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгийн татвар чөлөөлөх зэрэг бодлогын дэмжлэг үзүүлж буй юм. Алтанширээ технологийн паркад гаалийн татвараас 39.0 тэрбум төгрөг чөлөөлөх, НӨАТ-аас 81.9 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулан төлөхөөр төлөвлөгдсөн байна. Тус паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар 40.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа аж. Үүнд, 6.3 мВт-ын цахилгаан станц, 12.0 км төмөр зам, 9.4 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн барьж, усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус паркад нүүрс баяжуулах, эрчим хүчний кокс, төмрийн хүдрийн нойтон соронзон баяжуулах, төмрийн хорголжин болон ширмийн таван цогцолбор үйлдвэр баригдаж байна 2028 онд бүрэн ашиглалтад орох эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 432 тэрбум орчим төгрөгийн татвар төлөх бөгөөд 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох ажээ.Гэрэлтговь үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 187 тэрбум төгрөгт хүрээд байгаа бөгөөд газар, үл хөдлөх хөрөнгийн татварууд, 13.3 тэрбум төгрөгийн гаалийн татварыг чөлөөлж, 28.0 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг 2030 он хүртэл хойшлуулсан байна. Баяжуулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт 91-98 хувийн, эрчим хүчний коксын үйлдвэр, цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт 32 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үйлдвэрүүд мөн 2028 онд бүрэн ашиглалтад орно. Харин Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцэд Эрдэнэт үйлдвэр 137.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Зэс баяжуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүд баригдах тус паркийн 12.6 км авто замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 45 хувьтай, төмөр замын ажил 91 хувьтай, ус хангамж, ариутгах татуургын ажлын гүйцэтгэл 76 хувьтай байна. Цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт үндсэндээ дуусчээ. Үйлдвэрүүд 2029 онд ашиглалтанд орж, 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38 тонн мөнгө, 182 мянган тонн элементийн хүхэр, 118 мянган тонн хүхрийн хүчил боловсруулахаар төлөвлөгджээ.Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар танилцуулгадаа Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй нь ажилд гацаа үүсгэж байгааг онцолсон юм. Үйлдвэрлэл технологийн парктай холбоотой 12 журам батлахаас долоо нь батлагдаад байгаа бөгөөд газрыг тусгай хэрэгцээнд авах, түүхий эдийн баталгаа, дэд бүтцийн хангамжид хөнгөлөлт үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүчийг төлбөрөөс чөлөөлөх, АМНАТ-ыг хөнгөлөх зэрэг асуудлыг зохицуулах журмууд гараагүй байгаа юм.Сайн нарын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Д.Үүрийнтуяа, М.Бадамсүрэн, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан, С.Бямбацогт, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд мэдээллүүдэд дурдагдсан газрын болон ажиллах хүчний асуудал, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, нөлөө болон хүнд үйлдвэрийн хууль, эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх, нэг газарт байгуулагдаж байгаа өөр үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангах, кластер хамтын ажиллагааны боломж, худалдааны хууль, олон улсын худалдааны эрх зүйн орчныг тодорхой болгож, шинэчлэх, паркуудыг байршлыг хэрхэн сонгосон болон хангайн бүсийн аймгуудад яагаад үйлдвэрлэл технологийн парк төлөвлөөгүй зэрэг олон асуудлыг хөндөж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон албаны бусад хүмүүсээс хариулт авсан юм. Мөн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах гэж байгаа Чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаарх мэргэжилтнүүдийн байр суурь, хэлэлцээрээс үндэсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүнийг хасах боломжтой эсэх, гадаадаас авч буй өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх, технологийг нутагшуулах, инновацыг нэвтрүүлэх, үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг улсын төсөвт хэрхэн буцааж төвлөрүүлэх, Дарханы арьс ширний үйлдвэрийн паркийн төсөл хэрэгжээгүйд ямар дүгнэлт хийж байгаа, паркуудад баригдах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамж, хүртээмж ямар байх тооцоо хийж буй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж бий болох үйлдвэрүүдийг дараа нь хэн хэрхэн удирдаж, авч явах, урьд өмнө гаргасан алдаанаасаа Засгийн газар суралцаж, шинэлэг бүтээлч шийдэл гаргаж буй эсэх, шинээр баригдаж байгаа үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний гадаад зах зээлийн эрэлт хэр байгаа, өрсөлдөх чадвартай эсэх, ялангуяа арьс, нэхийний өртөг, үнийн таатай нөхцөл бүхий зах зээл бий эсэх, Үйлдвэр технологийн паркийн тухай хууль, Шинэ хоршоо, Цагаан алт хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг уялдуулж, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зэрэг асуудлыг хөндөн ярив.Тус Байнгын хорооны дарга С.Ганбаатар үйлдвэрлэл технологийн паркуудад бий болж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авагч бий эсэх, технологийн шийдлүүдээ хэрхэн хийж байгаа, хүний нөөцийг бэлтгэх, бий болгох бодлогыг тодорхойлж, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн эсэх, парк дахь татварын хөнгөлөлтийг одоо байгаагаас нь илүү давуу болгож инкубаторын жишигт хүргэх төлөвлөлт байгаа эсэхийг асууж, харилт авсан юм. Тэрбээр, Монголын ард түмнийг аж үйлдвэрлэл ажилтай, орлоготой байлгана гэх бодлого, зорилтоо бид хэрэгжүүлж чадахгүй маш их хугацаа алдаж байна гээд, Улсын Их Хурлын гишүүд үүн дээр бодитой шийдэл гаргах хэрэгтэй байна гэлээ. Сайд нарын мэдээллийг сонссоны дагуу Байнгын хороо удирдамж баталж, ажлын хэсэг байгуулан яамд болон үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, шийдэл гаргана гэв. Мөн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар идэвхтэй ажиллана гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/18
332
УЛС ТӨР
Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр захирамжаар байгуулагдсан Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг (2024.12.17) хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын байдалтай танилцаж, Төв цэвэрлэх байгууламжид ажиллалаа.Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, УИХ-ын гишүүн Э.Болормаа, М.Ганхүлэг, Ж.Золжаргал нар Улаанбаатар хот дахь Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бий болгох төслийн явц, хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа, төслийн явцтай танилцав.“Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ундны усны шинэ эх үүсвэрээр хангах зайлшгүй шаардлага үүссэн” гэсэн судалгааны дүнд үндэслэн Усны Компакт гэрээ буюу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хамтран хэрэгжүүлж буйг Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл танилцуулав. Хөрөнгө оруулалтын дүн, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ манай улсын усны салбарт сүүлийн 30 жил дэх томоохон хөрөнгө оруулалтад тооцогдож буй уг төслөөр “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах” зэрэг гурван үйлдвэрийг барьж 2025 онд ашиглалтад оруулах юм байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж, шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар жилд 50 сая хүртэл метр куб ус олборлох ундны усны эх үүсвэртэй болно хэмээн тэрбээр танилцуулгадаа тодотгоод, Усны Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хот ойрын 30 жилдээ усны хомстолоос айх аюулгүй болно. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрийг туршилтаар ажиллуулж эхэлнэ гэлээ.Нийслэлчүүдийн өдөр тутам хэрэглэсэн бохир усыг дахин боловсруулах орчин үеийн шийдэл бүхий дэд бүтэц ийнхүү бий болж байгаа ч дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хуулийн тодорхой зохицуулалт манай улсад байхгүй гэдгийг Ажлын хэсгийн гишүүд онцолж байв Мөн ундны болон саарал усны хэрэглээг зохицуулах эрх зүйн орчинг бий болгохоос гадна стандартын асуудал хөндөгдөж байгааг ажлын хэсгийн ахлагч Б.Уянга дурдаад, хаягдал усыг дахин цэвэршүүлж, боловсруулахад тодорхой технологийн зардал гарах тул эцсийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэхийг үгүйсгэхгүй. Тиймээс асуудлыг олон талаас нь судалж, зөвлөмж, санал, дүгнэлтээ боловсруулна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/18
326
УЛС ТӨР
Тамхин бүтээгдэхүүний татварын тухай мэдээллүүдийг сонсож, үйл ажиллагааны удирдамжийг баталлаа
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой асуудлаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2024.12.17) хуралдаж, тамхи, тамхин бүтээгдэхүүний татварын талаар Сангийн яам, Гаалийн төв лабораторийн мэдээллийг сонслоо.Өнөөдрийн байдлаар дэлхийн 132 улс электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулдаг, 32 улс хориглодог бол 48 улс онцгой албан татвар ногдуулдаг тухай Сангийн яамны мэдээлэлд дурдсан байна. Мөн улс орнууд электрон тамхинд шингэний хэмжээ, түүнд агуулагдсан никотин болон бүтээгдэхүүний тоо хэмжээг харгалзан татвар ногдуулж байгаа юм. Мөн татварын хэмжээг тогтмол болон холимог хэмжигдэхүүнээр тогтоодог байна. Тус яам электрон тамхи болон түүний төхөөрөмж, сэлбэгүүдэд онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа ажээ.Гаалийн төв лаборатори тамхин бүтээгдэхүүний никотин, бохь, чийгийг тодорхойлохын зэрэгцээ нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн хэмжээг тогтоож буй талаар тус лабораторийн дарга С.Цэрэнчимэд танилцуулсан юм. Манай улсын утаат янжуурын импорт 2023 оныг хүртэл тогтмол өсөж байгаад 2024 онд 14 хувиар буурсан бол электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин, түүний цэнэглэгч, сэлбэгийн импорт тав дахин нэмэгджээ. Тамхи, электрон тамхины төрөл зүйл өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа боловч электрон тамхи болон түүний дагалдах хэрэгсэлд онцгой албан татвар ногдуулдаггүй, Тамхины хяналтын тухай хуульд хамааруулж үздэггүй байна. Гаалийн байгууллага электрон тамхийг тамхины төрөлд хамруулан үзэж, хуулийн зохицуулалтад оруулах, татвар ногдуулах, мөн зөвхөн аж ахуйн нэгжүүд импортолдог байхаар журамлах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.Ажлын хэсгийг ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тамхин бүтээгдэхүүнд татвар ногдуулах олон улсын нийтлэг томъёог тодорхойлж танилцуулахыг Сангийн яаманд даалгасан юм. Ажлын хэсгийг гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням энэ төрлийн бүтээгдэхүүнд татвар ногдуулахад шаардлагатай үндсэн хэмжигдэхүүнийг тодорхойлох, мөн уламжлалт буюу утаат тамхины татварын хэмжигдэхүүнүүдтэй харьцуулсан судалгааг хийж танилцуулахыг хүсэв. Сангийн яам, Гаалийн төв лабораторийн мэдээлэлтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Б.Мөнхсоёл, М.Мандхай, Х.Жангабыл нар асуулт асууж, татвар ногдуулах хэмжигдэхүүн болон өдөр өдрөөр төрөлжин дэлгэрч байгаа энэ төрлийн бүтээгдэхүүнийг хуульчлах ерөнхий томъёоллын тухай байр сууриа илэрхийлсэн юм.Дараа нь ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ДЭМБ-тай хамтран ирэх оны эхээр зохион байгуулахаар санаачилсан “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг”-ийн талаар ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Мөн ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаатай нийцүүлэн үйл ажиллагааны удирдамжийг хэлэлцэн батлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/18
304
УЛС ТӨР
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцаж, хуулийн төслийг хэлэлцлээ
Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг (2024.12.16) Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаатай танилцлаа.“Шинэ Хархорум” хотыг байгуулахад шаардлагатай төлөвлөлт, бүтээн байгуулалт болон эрхзүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх ажлыг зохион байгуулалт, менежментээр хангах үүрэг бүхий тус захиргаа Засгийн газрын шийдвэрээр 2023 оны хоёрдугаар сард 30 орон тоотойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ нийт 27 хүн ажиллаж байна. Энэ хугацаанд “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд шаардлагатай суурь судалгаанууд, тэр дундаа хүн амын унд ахуйн зориулалттай усны хайгуул, инженер-геологийн болон байр зүйн судалгаа, байгаль орчны үнэлгээ, археологи, палеонтологийн судалгаануудын нэгдсэн дүгнэлтийг хийж дуусгаад байгааг тус захиргааны дарга Н.Нацагдорж танилцууллаа.Энэ оны гуравдугаар сард “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хот төлөвлөлтийн зарчим, дүр төрхийг тодорхойлох зорилгоор ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үүнд 54 улсын 426 баг бүртгүүлснээс 76 баг бүтээлээ ирүүлсэн байна. Тэдгээрээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээлийг шалгаруулан хотын төлөвлөлтөд ашиглаж байгаа ажээ.Орхоны хөндий нь эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хотоос эхлэн, Жужаны Мумо хот, Уйгурын Хар балгас, Түрэгийн хаад, ноёдын тахилын онгон, Их Монгол улсын “Хархорум” хот байрлаж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм. Иймд “Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөлтийг соёл, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв болгон байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан, ухаалаг, эко хот байхаар хийж байгаа аж. Нийтдээ 189 363 га талбай бүхий тус хот 500 мянган хүн амтай байх бөгөөд суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж байх юм. “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны 12 дугаар захирамжаар байгуулагдсан юм. Тус ажлын хэсгийн ахлагч, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Д.Пүрэвдаваа, Б.Пунсалмаа, Н.Батсүмбэрэл нар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаа, хотын ерөнхий төлөвлөлттэй танилцахын зэрэгцээ Хархорин хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/17
299
УЛС ТӨР
Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.13) УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Туваан, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, Д.Батбаяр нар “Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу бол “Монгол төрийн мэргэн өвөө” хэмээн нэрлэгдэж, ард түмнийхээ гүн хүндэтгэлийг хүлээсэн, үлгэр жишээ төрийн албан хаагч байсан гэдгийг тогтоолын төсөл боловсруулагчид онцоллоо. Түүний төрийн ажлын өвөрмөц арга барил, манай орны эдийн засгийн тулгуур салбар болох уламжлалт мал аж ахуйг зөв зохистой эрхлэх талаарх үнэ цэнтэй бүтээл, үзэл санааг залуу үеийнхэнд таниулах, эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тодотгов.Түүний мэндэлсний 130 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлснээр нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, амьдрал, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/16
299
УЛС ТӨР
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы (2024.12.12)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байхаар, хэрэглээний үнийн өсөлт (инфляц)-ын түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувь болгож бууруулахаар тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцсон бөгөөд Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна.Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, О.Цогтгэрэл, Л.Соронзонболд, Ц.Сандаг-Очир, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Малчны тухай хуулиар малчдад нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгосныг хэрэгжүүлэхийг Засгийн газарт зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан 600 ортой, үүдэл эс шилжүүлэн суулгах тасагтай, бүх төрлийн шинжилгээний лабораторитой, тугалган хана бүхий туяа эмчилгээний шугаман хурдасгуур тавих мэргэжлийн дөрвөн өрөөтэй “Хавдар судлалын үндэсний төв II” эмнэлгийг заавал барих асуудлыг дэмжсэн тохиолдолд одоогийн Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д эмнэлгийн 100 ортой байр санхүүгийн түрээсээр авахыг дэмжинэ гэсэн юм. Үүнд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хариулахдаа “Хавдар судлалын үндэсний төв II” шинэ эмнэлгийг ирэх 3-4 жилийн хугацаанд барьж байгуулахын тулд 2025 оны төсөвт техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулахад 3.0 тэрбум төгрөг, бүтээн байгуулалтын ажилд 5.0 тэрбум төгрөг тавьсан гээд, уг бүтээн байгуулалт нийтдээ 10.0 тэрбумын төсөвт өртөгтэйг танилцуулав. Мөн үүний дээр ХСҮТ-д нэн шаардлагатай байгаа эмнэлгийн байрыг лизингээр авах буюу санхүүгийн түрээсийн зардлыг тусгаж өгсөн. Ингэснээр эдгээр зориулалтаар нийтдээ 32.0 орчим тэрбум төгрөг Монгол Улсын 2025 оны төсөвт суусан гэлээ.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй болгож, нийт 35.8 их наяд төгрөгийг 33.7 их наяд болгон бууруулж чадсан нь том дэвшил болсныг онцлоод, Улсын Их Хурал, Засгийн газар татвар төлөгчдийн мөнгийг улсын бус нийтийн төсөв гэж ярьж хэвшин, нийтийн төлөө зориулдаг болох ёстойг тэмдэглэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурал баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байгааг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг жишээлэн яриад, ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тул үүнээс өмнө улсын төсвийг дахин тодотгох шаардлага гарна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл эдийн засгийн өсөлтийг 8.0 хувиар тооцож буй нь хэтэрхий өөдрөг төсөөлөл гэж үзэж байгаагаа хэллээ. Тэрбээр, алдагдалгүй төсөв баталж байгаа нь сайн ч гэлээ ашигт малтмалын нөөц ашигласний төлбөр (АМНАТ)-өөс Ирээдүйн өв санд орох хувийг 65 хувиас 45 хувь болгон бууруулсан нь уг зөрүүгийн буюу 1.0 их наяд төгрөгийн алдагдал баталснаас ялгаагүй гээд, төсвийн зардал улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгааг асуув. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, төсвөөс гарч байгаа мөнгө иргэд, аж ахуйн нэгжийн худалдан авалтаар хувийн хэвшлийнхний борлуулалтыг нэмэгдүүлж, тэдний татвараар эргээд орж ирж байгаа хэмээн тайлбарлаж, харамсалтай нь хувийн хэвшлийнхний борлуулж байгаа бүтээгдэхүүний дийлэнх нь импортынх байгаа нь валютын нөөцийг сорох, ханшийг өсгөх сөрөг үр, дагаварыг бий болгож байна гэсэн юм. Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан манай улсын одоогийн хөрөнгө оруулалтын болон хэрэглээний түвшинд 8.0 хувийн өсөлтийг хангах бүрэн боломжтой гэсэн хариулт өгөв.Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл бол ирэх гурван жилийн стратегийн зорилт болохыг онцолж, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээг 2027 онд 30 хувь болгохоор төлөвлөснийг стратегийн зорилт мөн эсэхийг лавлаж асуув. Төсвийн зарлага, эдийн засгийн хэмжээ хоёрын харьцаа "Ковид19" цар тахлаас өмнө 31-32 хувьтай байгаад цар тахлын жилүүдэд 33-34 хувьтай болсон гэсэн хариултыг Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан өгч, энэ 2024 онд 37-38 хувьтай байгааг танилцуулсан юм. 2025 онд энэ үзүүлэлт 35 хувь байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан бөгөөд цаашдаа жил бүр бууруулсаар 2027 онд 32 хувьд хүргэхээр тооцсон байна. Олон улсын судалгааны байгууллагууд улс орнуудыг эдийн засгийн хэмжээ, өрсөлдөх чадвараар нь байр эзлүүлэхдээ төсвийн зардал болон ДНБ-ий харьцаа 25 хувиас бага байвал тухайн улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар сайн байна гэж үздэг.Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хориг маш олон эерэг нааштай зүйлийн, алдагдалгүй төсөв баталж байхын эхлэл болж байна гэж дүгнэж буйгаа хэлээд, ирэх гурван жилд Засгийн газрын өр болон нийгмийн халамжийн хэмжээ буурахгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа улсын төсөв ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байгаа нь харьцангуй өндөр дүн болохыг анхааруулж, бүхэлдээ буюу 100 хувь татвараас бүрдэж байгаа нь өрөөсгөл гэдгийг дурдаад, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгож, төсвийн орлогын эх үүсвэрийг ноогдол ашгаар нэмэгдүүлбэл боловсролын салбарын төсвийг улсын төсвийн зарлагын 6.0 хувьд хүргэх боломжтой гэсэн юм.Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026-27 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусаж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Тус Байнгын хороо өнөө өглөөний хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрөөтэй нэг саналын томьёоллоор, мөн дахин санал хураалт явуулах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь үзсэн зарчмын зөрөөтэй хоёр саналын томьёоллоор тус тус санал хураалт явуулсан байна. Анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан саналуудыг Байнгын хороо холбогдох хууль тогтоолын төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар ХСҮТ-ийн дэргэд байгаа Дөрөвдүгээр эмнэлгийг санхүүгийн лизингээр авах нь шинэ эмнэлэг барихаас хямд болох тухай санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд хөндлөнгийн аудит хийх асуудлыг Засгийн газарт эрх олгох байдлаар Улсын Их Хурлаар шийдүүлэхээр оруулж ирж байгаа нь зохисгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.Хэлэлцэж буй хууль, тогтоолын төслүүдийн талаар Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Ж.Батжаргал, Ж.Галбадрах, Ц.Даваасүрэн нар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд боловсролын салбарын төсвийн нийт зардлыг ДНБ-ий 6.0 хувиас багагүй, эсвэл улсын төсвийн нийт зардлын 18 хувиас багагүй байхаар нэмэгдүүлэх тухай заалт нэмж оруулах асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 2025 оны төсөвт тусгагдсан бүх барилга байгууламжийн ажлын төсөвт өртөг, түүний магадлал үнэн зөв хийгдсэн эсэх, мөн магадлал хийх эрх бүхий этгээдүүд шударга ажиллаж байгаа эсэхийг хараат бусаар нягтлан шалгах тухай заалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Ж.Батжаргал, Ж.Ганбаатар, Ж.Чинбүрэн нар тайлбар хийв. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.Үүний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хийлээ. Тэрбээр танилцуулгадаа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөл болон холбогдох хавсралтуудад тусгасан талаар дурдаад, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг нэрлэв. Үүнд,-Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор тухайн байгууллагуудын урсгал зардлыг нийт 40.1 тэрбум төгрөгөөр,-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3.0 тэрбум төгрөгөөр-Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9.0 тэрбум төгрөгөөр,-Бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр,-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2.0 тэрбум төгрөгөөр-Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцад тусгагдсан Архидан согтууралттай тэмцэх сангийн санхүүжилтийг 6.9 тэрбум төгрөгөөр-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багцад тусгагдсан Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 0.7 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна. Ингэснээр төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.Эдгээр зардлын эх үүсвэрээр,-Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17.0 тэрбум төгрөг,-Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардал 6.9 тэрбум төгрөг,-Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг,-Цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10.0 тэрбум төгрөг,-ХСҮТ-ийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг,-Эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар нэмж тусгасан байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжжээ.Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн, С.Эрдэнэбат, Ц.Сандаг-Очир, Л.Мөнхбаатар, О.Алтангэрэл нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл, сурталчилгааны болон төрөөс хариуцах ёстой төсөвт байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлын талаар, ирэх онд инфляцийг 7.2 хувьд барих нь бодитой эсэх, нэмэгдэх шаардлагатай 3000 гаруй төрийн албан хаагчийн орон тооноос 1200-г хассан нь судалгаа тооцоотой эсэхийг асууж Ажлын хэсэг болон Засгийн газрын гишүүдээс хариулт авав. Түүнчлэн төсвийг алдагдалгүй баталсан нь хөрөнгө оруулалтыг хумьж, эдийн засгийн хөгжлийг хязгаарласан байдалд оруулж болзошгүйг анхааруулж, хууль сахиулах байгууллагуудын орон тоо, хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээнд анхаарал хандуулсанд талархал илэрхийлсэн юм.Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулав. Энэ хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрээр санал хураалт явуулсан юм. Хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул бүхэлд нь эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 86.4 хувь, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81.8 хувь тус тус дэмжин батлав.Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсан тул үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувийн дэмжсэнээр баталлаа. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Ж.Чинбүрэн нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүнээс тус тус чөлөөлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр баталж тогтоол гаргалаа.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг уншиж сонсгов. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааныг хааж хэлсэн үгэндээ, шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байлаа гээд, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хоёронтаа хэлэлцэн баталсан нь парламентын сул тал, чадамжгүйн тухай асуудал биш, харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохино гэв. Тэрбээр 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сайтар мөрдөж ажиллах, төсвийн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц, чиг үүргийн уялдаа холбоонд анхаарах, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны төсвөө яаралтай батлах, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлагдах хүртэлх шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, холбогдох хууль тогтоомжийг иж бүрэн ойлгомжтой болгох нь зүйтэйг анхаарууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/13
353
УЛС ТӨР
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Монгол Улсын Их хурлын /2024.12.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн тухай УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнх-Соёл танилцуулав.Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн талаар судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллав. Улмаар дэд ажлын хэсэг бүрийн гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж, дэмжигдсэн саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Дээрх ажлын хэсгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүтээн байгуулалтын салбар, үйл ажиллагаа, төслийн жагсаалтыг Улсын Их Хурал батлахаар, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гаалийн татварын хөнгөлөлт эдлэх салбарт газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэх, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг Засгийн газар сонгон шалгаруулахаар зохицуулсныг хасах, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож өөрчлөх саналуудыг гаргасан. “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ил тод, үр ашигтай, санхүүгийн хариуцлагыг сайжруулах зорилгоор бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, зардлын эдийн засгийн ангиллыг төсвийн ерөнхийлөн захирагч болон зориулалт, арга хэмжээний нэр төрлөөр жилийн төсвийн тухай хуулийн тооцооллын хавсралтад тусгаж байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд хуулиар хязгаарлалт тогтоох, уг зардалд тавих шаардлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд тусгах, аудитын тайлангаар баталгаажуулах, олон нийтэд нээлттэй мэдээлэх зэрэг холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналуудыг гарган ирүүлсэн.“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөлд төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, тусгай сан тус бүрийн төсөвлөлт, зарцуулалт, зориулалтын асуудлаар гүйцэтгэлийн аудит, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулах, гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийн эрэмбийг гаргаж, удаашралтай байгаа төслүүдийг шийдвэрлэх талаар санал боловсруулан 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд үүссэн өр, авлага, зээлийн асуудалд дүн шинжилгээ хийж, тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах үүргийг Засгийн газарт өгөхөөр саналыг Ажлын хэсгээс гаргасан байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг бүх Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлсэн гэв.Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн өмчийн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж болно, тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг Засгийн газар тогтооно гэж заасан. Үүнийг үндэсний аудиттай адилтгаад олон улсын аудитын байгууллагаар хийлгэх заалтыг давхцаж байна гээд хассан байна. Төрийн өмчит компаниудын реформыг хийхэд олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар хийлгэх нь чухал ач холбогдолтой. Мөн Тиймээс энэ заалтыг нэмж оруулах нь зүйтэй гэсэн санал хэллээ.Түүний дараа 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Эхлээд Төсвийн байнгын хорооны дэмжсэн санал бүрийг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Ажлын хэсгээс гаргасан Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд заасан газар тариалангийн болон боловсруулах үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайныг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлнө гэсэн найруулгын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгээс “Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах этгээдийг Засгийн газар тогтооно” гэснийг хасах гэсэн саналыг дэмжихгүй байр суурийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал илэрхийлэв.Тэрбээр, 122 төрийн өмчийн компани ажиллаж байна. Олон улсын аудит оруулж, нөхцөл байдлыг нь бодитоор үнэлүүлэх заалтыг хасаж байгааг дэмжихгүй байна. Нэн ялангуяа алдагдалтай ажиллаж буй төрийн өмчийн компаниудад олон улсын аудит оруулж, зохион байгуулалтыг өөрчлөх ёстой. Засгийн газраас оруулж ирсэн анхны төслөөр нь буюу олон улсын аудитын байгууллагаар аудит оруулж болно гэсэн заалтыг хэвээр үлдээхийг хүсэв. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, дээрх заалт хуульд байсан эсэхээс үл хамааран олон улсын болон дотоодын аудитын байгууллагаар аудит хийлгэдэг. Олон улсын аудит өндөр үнэлгээтэй, үндэсний аудитын байгууллага шиг төсвийн дотоод асуудалд аудит хийдэггүй. Тиймээс олон улсын ямар аудитын байгууллагаар аль төрийн өмчит компанийг шалгуулах гэж байгаагаа тодорхойлж, төсөвт хөрөнгөө оруулж ирэх ёстой учраас заавал хуульчлах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн, дэмжээгүй байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад буцаах ажлын хэсгийн саналууд дэмжигдлээ. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ, Л.Энхсайхан, С.Зулпхар нар хууль болон тогтоолын төслүүдэд зарчмын зөрүүтэй санал гаргаж, шийдвэрлүүлэв. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг ийнхүү хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Дээрх хуулийн төслүүдийг хоёрдахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулав.Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нь хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийг судалж, санал гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллаж, саналуудыг нэгтгэн гаргасан байна. Тухайлбал, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг эрэмбэлж, эдийн засгийн үр ашигтай дэд бүтцийн хөгжлийг дэмжих төслүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлаас байгуулах, хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан 2025-2026 онд ашиглалтад орох барилга, байгууламжуудын ашиглалтын зардал, үйлчлүүлэгчийн тоо, үр дүнгээс хамааран хувьчлах, төсөвт үзүүлэх ачааллыг бууруулж түрээслэх, Гэр бүл хөгжлийн төв, Хүний хөгжлийн ордон, Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон, Хүүхэд хамгаалал хөгжлийн төв, Ахмадын өргөө, Ахмадын хөгжлийн төв зэрэг барилга байгууламжуудын хэрэгцээ шаардлага, давхардлыг судалж, төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах зэрэг саналуудыг гаргасан талаар Төсвийн байнгын хорооны дарга танилцууллаа. Түүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцууллаа. Тэрбээр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж хүлээн авсан бөгөөд цаг хугацаа тулсан энэ өдрүүдэд төсвийн хэлэлцүүлгийг аль болох үр дүнтэй явуулахад бүхий л талаар анхааран ажиллаж байна. Гэвч зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлууд байсаар байгааг дурдахаас аргагүй байна гээд, 2025 оны төсвийн төсөлд нийт зардлыг анхны хувилбараас 2.3 их наяд төгрөгөөр бууруулан, тэнцлийг алдагдалгүй болгож өргөн барьсан хэдий ч төсөв хэт өндөр зардалтай, учраас түүнийг дагаад төр үрэлгэн, нүсэр бүтэцтэй хэвээр байна гэдгийг онцолж байв. Түүний дараа Төсвийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан санал нь энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаарх УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгжийн дүгнэлтийг хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцууллаа.Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал, 2025 оны төсвийн жилд нэмэгдсэн шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын шинээр нэмэгдэх 23 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,484.1 сая төгрөгөөр, Цагдаагийн ерөнхий газрын шинээр нэмэгдэх 277 орон тоог хасаж, урсгал зардлыг 7,738.1 сая төгрөгөөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шинээр нэмэгдэх 224 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,901.9 сая төгрөгөөр, Дотоодын цэргийн байгууллагын шинээр нэмэгдэх 245 орон тоог хасаж, урсгал зардлыг 5,899.9 сая төгрөгөөр, Дотоод хэргийн их сургуулийн шинээр нэмэгдэх 107 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,720.5 сая төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 17 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,238.1 сая төгрөгөөр, Хөшигтийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,603.5 сая төгрөгөөр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 185 орон тоог хасаж, урсгал зардлын ангилал дахь цалин хөлс, шимтгэлийн зардлыг 8,250.1 сая төгрөгөөр, тавилга, багаж, техник хэрэгслийн зардлыг 948.8 сая төгрөгөөр, бараа үйлчилгээний зардлыг 650.0 сая төгрөгөөр, нийт 9,848.9 сая төгрөгөөр, Сонгуулийн ерөнхий хорооны даргын шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1,095.2 сая төгрөгөөр, МОНЦАМЭ агентлагийн шинээр нэмэгдэх 3 орон тоог хасаж, урсгал зардлыг 82.9 сая төгрөгөөр, Улсын Их Хурлын Тамгын газрын шинээр нэмэгдэх 25 орон тоог хасаж, урсгал зардлыг 2,142.3 сая төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны шинээр нэмэгдэх 9 орон тоог хасаж, урсгал зардлыг 309.4 сая төгрөгөөр, нийт 40,064.7 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдлээ.Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь “Цагаан алт хөтөлбөр”-ийн татаас санхүүжилтийг 3,000.0 сая төгрөгөөр, “Эрчим хүчний реформын үндэсний хороо”-ны мэдээлэл, сурталчилгааны зардлыг 9,000.0 сая төгрөгөөр, бүх төсөвт байгууллагын түлш халаалтын зардлыг 11,500.0 сая төгрөгөөр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгагдсан Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн зардлыг 2,000.0 сая төгрөгөөр бууруулах саналууд дэмжигдэв.Түүнээс гадна Засгийн газрын Архидан согтууруулахтай тэмцэх сангийн санхүүжилтийг 6,900.0 сая төгрөгөөр, Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 698.5 сая төгрөгөөр бууруулах саналыг дэмжсэн.Ажлын хэсгээс Хавдрын эмнэлгийн барилгын лизингийн төлбөрт 20,000.0 сая төгрөг, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 8,881.7 сая төгрөг, нийт 28,881.7 сая төгрөгөөр Эрүүл мэндийн сайдын төсвийн зардлыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд зориулж 31,400.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, цэцэрлэг, 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд зориулж 10,000.0 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын их засварын санхүүжих дүнг 2,881.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд дэмжигдсэн.Мөн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах санал болон Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг тус тус дэмжив. Дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцсэний дараа гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа танилцуулав.Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй гэлээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/12
332
УЛС ТӨР
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсгол өнөөдөр болно
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх “ТОМИЛГООНЫ СОНСГОЛ” өнөөдөр (2024.12.11) Төрийн ордонд 12.00 цагаас болно. Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж Улсын Их Хуралд санал болгох нэр дэвшигчдийг тодруулсан.1. С.Энхбаатар2. М.Алтан-ОчирХууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын хэсгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан Улсын Их Хуралд санал болгох гэсэн 8 үе шатны хүрээнд ажилласан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/11
390
УЛС ТӨР
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит хуралдаан Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д боллоо.Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, "Өнгөрсөн жилүүдэд бид гамшгийн эрсдэлийн үнэлгээ, нотолгоонд суурилсан төлөвлөлтийг хийж эрсдэлийг бууруулах арга хэмжээг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын хэмжээнд хөгжлийн бодлого төлөвлөлт, стратегитэй уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг 2020-2023 оны хугацаанд хэрэгжүүлж Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр үндэсний болон орон нутаг, эрүүл мэнд, боловсролын байгууллагын барилга байгууламж, улсын чанартай авто зам, цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ, аж ахуйн нэгж байгууллага, хүн ам, өрх айл, газар тариалан, бэлчээрийн талбай зэрэг элементүүдийн үнэлгээг хийж, аюул, өртөх байдал, эмзэг байдлын нийт 1500 орчим зураглал боловсруулсан. Эдгээр хийгдсэн үнэлгээний үр дүн, зураглал болон бусад эрсдэлийн үнэлгээний үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд олон нийт, шийдвэр гаргагчдад нээлттэй хүртээмжтэй хүргэх зорилгоор гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг бий болголоо. Ингэснээр үндэсний төдийгүй аймаг орон нутаг, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах стартеги, төлөвлөлтийг эрсдэлийн мэдээлэл, нотолгоонд суурилан боловсруулж эрсдэлийг илүү бодитой бууруулах боломж нээлттэй болох юм" гэлээ.Хурлаар зөвлөлийн 2023-2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, 2024-2025 оны зудын эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг бууруулахад Ази, Номхон далайн бүсийн чиг хандлага, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийн бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл (КАДРИ)-ээс Монгол Улсад хийгдсан үнэлгээний тайлангийн үр дүн, зөвлөмжийн танилцуулгыг сонсож, гамшгийн эрсдэлийг бууруулах хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцооны талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргалаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг тусгуулах, төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулагдснаас хойш зургаан жилийн хугацаанд үйл ажиллагаагаа "Гамшгаас хамгаалах хууль"-ийн дагуу нийт 134.5 тэрбум төгрөгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд тусган хэрэгжүүлсэн байна.
2024/12/10
306
УЛС ТӨР
Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг түшиглэн дата төв байгуулна
Ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийх томоохон бүтээн байгуулалтын нэг бол шинэ төв цэнгэлдэх хүрээлэн болон дата төв юм. Эдгээр төслийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын төлөөлөлд танилцууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30-35 мянган хүний суудалтай болгохоор төлөвлөж буй. Тодруулбал, нээгдэж хаагддаг автомат болон битүү дээвэртэй, олон улсын урлаг, спорт, наадмын арга хэмжээг жилийн аль ч улиралд зохион байгуулах боломжтой болгох юм. Уг төслийн техник эдийн засгийн урьдчилсан судалгааг энэ сард хийж дуусах талаар хэлж байв. Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг. Өөрөөр хэлбэл жилийн 196 хоногт -15 хэмтэй байдаг дэлхийн цөөн орнуудын нэг. Тэр ч утгаараа манай оронд дата төв байгуулах нь хамгийн тохиромжтой буюу ашиглалтын зардаг багатай байх юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг түшиглэн гурван га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дата төв байгуулна” хэмээв. Манай улстай адил төстэй цаг ууртай улс оронд энэ төрлийн төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, төслийн хүрээнд дахин уулзалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ.
2024/12/10
242
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан дэвшүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Монголын нийт ард иргэддээ Олон улсын Хүний эрхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.Энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриа дэвшүүлж, залуучуудыг эрхийнхээ төлөө оролцоогоо нэмэгдүүлэх, ирээдүйнхээ төлөө одооноос үйлдэл хийхийг уриалсан.Хүний эрх хангагдсан газар шударга ёс тогтоно. Тэгвэл нийгэмд шударга ёсыг тогтооход хууль тогтоомж нь хүн төвтэй байж, эрх зүйн орчин нь иргэндээ ээлтэй байхаас эхлэх ёстой.Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр тусгасан юм.Мөн манай улс хүний эрхийг хангахад залуусыг идэвхтэй оролцохыг уриалсан дээрх аянд нэгдэж, үйл ажиллагаагаа “Бидний эрх, бидний ирээдүй сургагч багш”-ийн хөтөлбөрөөр эхлүүлэн их, дээд сургуулийн 100 оюутан залуусыг хүний эрхийн хамгаалагчаар бэлтгэж байна. Залуучууд маань хүний эрхийн талаар сурсан мэдлэгээ бусдад түгээх нөлөөллийн аян өрнүүлж, Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр II төслийг орон даяар хэлэлцүүлэн, иргэдийн санал бодлыг бодитоор тусгасан хөтөлбөр болгох юм.Хүний эрх, эрх чөлөөний талаар цаасан дээр тунхаг, уриа лоозон төдий биш, бодит үйл хэрэг болгох, эрхээ мэддэг, шаарддаг, хамгаалдаг иргэдтэй улс болоход хүний эрхийг хамгаалагч залуусын оролцоо, хувь нэмэр, санаачилга маш чухал юм. Иймд хүн бүрийг, тэр дундаа залуусыг эрхийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө яг одооноос үйлдэл хийж, үзэл бодлоо илэрхийлж, бодлогын шийдэлд оролцоогоо нэмэгдүүлэн нийгэмд тогтвортой хөгжил, эерэг өөрчлөлт бий болгохыг уриалж байна.Монгол Улсын иргэн бүр эрхээ мэддэг, хамгаалдаг, шаарддаг, төр нь үүргээ ухамсарлаж, иргэдийнхээ эрхийг хүндэтгэн хамгаалдаг илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН2024.12.10
2024/12/10
359
УЛС ТӨР
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа эхэлж байна
“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод зориулан НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд технологи ашиглан үйлдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг театрчилсан хэлбэрээр үзүүлэв. Өсвөр насны охин гэр бүл, сургуулийн орчинд, үе тэнгийнхэн, насанд хүрэгчдийн бодит болон цахим хүчирхийлэлд өртөж буй агуулга бүхий “Анир чимээгүйг эвдэх нь” хэмээх энэхүү үзүүлбэрийн дараа залуучууд энэ сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хоёр дахь өдрөө (2024.12.08) үргэлжилж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад Глоб интернэшнл төвийн судлаач, хуульч Л.Галбаатар “Технологи ба хүний эрх” сэдэвт хичээл заав. Тэрбээр технологи нь эерэг, сөрөг нөлөөтэйг дурдаад, эдгээрийг хүний эрхийн талаас нь тайлбарласан. Хүн цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Харин эдгээр эрхийг хэрэгжүүлэхийн тулд интернэтэд холбогдох, төхөөрөмж хүртээмжтэй байх шаардлагатай. Дэлхийн хүн амын 50 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол Монгол Улсын хувьд харьцангуй өндөр буюу нийт хүн амын 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг байна. Үргэлжлүүлэн хуульч Л.Галбаатар монголчуудын интернэтийн хэрэглээ, цахим орчин дахь хүний эрхийн асуудал, энэ талаарх эрх зүйн зохицуулалт, олон улсын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.Интернэт орчинд иргэдийн эдэлж болох олон давуу талын нэг нь төр, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх бөгөөд Улсын Их Хурал үйл ажиллагаандаа технологийг нэвтрүүлэн нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг хүлээн авах D-Petition талбарыг хөгжүүлснээр Монгол Улсын иргэд аливаа хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон нийтийн анхаарал татсан асуудлаарх санал асуулгад оролцох боломж нээгдсэн болохыг хэлээд хэд хэдэн жишээ дурдав. Мөн төрийн аливаа үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад цахим орчин нэн чухал түшиц болж байгаа гээд иргэд идэвхтэй, үр ашигтай ашиглах нь олон талын ач холбогдолтой талаар мэдээлэл өгсөн.Цахим орчин дахь халдашгүй байх эрхийн талаар танилцууллаа. Цахим орчинд нээгдэж буй боломжуудтай зэрэгцэн бий болсон эрсдэлүүд, тэдгээрийн талаарх зарим баримт, тохиолдол, бусад орны жишээ, эдгээрээс сэргийлэхийн тулд технологийн компаниудаас эхлэн хувь хүн хүртэлх үүрэг, сэрэмж, арга хэлбэрийн талаар мэдээлэл өгсөн. Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд дахь онцлог зохицуулалтуудын талаар тайлбарлав. Түүнчлэн хүний интернэттэй байх эрхийг баталгаажуулсан олон улсын баримт бичгүүдийн талаар нэгбүрчлэн дурдаж, тус бүрд нь тайлбарлав.Технологийн сөрөг нөлөөний талаарх танилцуулгадаа тэрбээр Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг жишээ болгосон. Хүний давтагдашгүй өгөгдлийн сан бүрдүүлж, янз бүрийн зорилгоор хэрэглэж байгаа нөхцөл байдал, түүнээс үүдэх сөрөг үр дагавар, бусад орны жишээг хуваалцсан. Технологийн хэрэглээ, хөгжил нь хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа олон жишээг дурдаад, энэ чиглэлээр бусад улс орон хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Л.Галбаатар хуульч “Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод танилцуулав.Сургалтад их, дээд сургуулиудын 100 гаруй оюутан оролцож байгаа бөгөөд “Технологи ба хүний эрх” хичээлийн дараа хэлэлцүүлэг өрнүүлж Л.Галбаатар хуульчаас сонирхсон асуултуудаа асууж, хариулт авсан юм.Сургалт "Хүний эрхийн сургалтыг төлөвлөх, заах арга зүй” сэдэвт хичээлээр үргэлжиллээ. Хүний эрхийн хамгаалагч болохоор суралцаж буй оюутан, залууст хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа, сургалтыг хэрхэн бие даан төлөвлөх, гүйцэтгэх талаар Энхийг цогцлоох хүрээлэнгийн захирал, энэхүү сургалтын чиглүүлэгч Б.Болорсайхан заасан юм. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар буюу НҮБ-ын тогтолцоонд хүний эрхийн асуудлыг дагнан хариуцдаг байгууллагын дэргэд хүний эрхийн боловсрол олгох сургалтын нэгж ажилладаг байна. Тус байгууллага “Өөрийн амьдарч байгаа нийгэмдээ хүний эрхийг бодит болгох нь хамтын, дундын хариуцлага” хэмээн хүний эрхийн боловсролыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл аль тив, ямар улсад амьдарч байгаагаас үл хамааран хүн бүр оршин буй орчин, нийгэмдээ хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахад хувь нэмрээ оруулах үүрэгтэйг онцлов.Монгол Улсын залуучууд хүний эрхийн мэдрэмжтэй байж, хаа байгаа газартаа, эх орондоо, гадны улс оронд ч хүний эрхийг хүндэтгэдэг, хамгаалдаг, хангадаг байхын ач холбогдлыг дурдаад, хэн нэгэн хүний эрх зөрчигдөж байгааг, хэн нэгний эрхэд халдаж байгааг таслан зогсоож, хамгаалдаг байхын чухлыг тайлбарласан. Мөн хүний эрхийн чиглэлээр ямарваа нэгэн арга хэмжээ авах, шийдвэр гаргах үйл явцад оролцож, нөөцийг хуваарилахад дуу хоолойгоо хүргэх нь хүний эрхийг хангах үйл явцад оролцож байгаа хэлбэр гэдгийг тодотгов. Энэ агуулгаараа оролцогчид хөтөлбөрийн хүрээнд суралцсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан байгаа орчныхоо, өөрийн хүрээллийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, тухайн нөхцөл байдалтай хүний эрхийн асуудлыг холбон тодорхойлж, шаардлагатай агуулга, чиглэлээр хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаагаа явуулах боломжтойг хуваалцаж, холбогдох арга зүйг хуваалцав.“Хүний эрхийн сургалтыг төлөвлөх, заах арга зүй” сэдэвт хичээлийнхээ төгсгөлд сургалтын чиглүүлэгч Б.Болорсайхан “Сургууль, хамт олон цаашилбал нийгмээ өөрчлөх, хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах бид бүгдийн хамтын ажиллагаа эхэлж байна. Монгол Улсын парламентын зүгээс бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа оюутан, залуусын оролцоог хангах, дуу хоолойг тусгахад бэлэн байгаагаа илэрхийлэн энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж байгааг дахин хэлэхэд таатай байна” гэв.Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдын ахалж буй энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, М.Ганхүлэг, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат, М.Сарнай, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллаж байгаа юм.“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын энэ өдрийн хичээлд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал оролцсон. Тэрбээр хоёр өдрийн сургалтын төсгөлд хэлсэн үгэндээ “Та бүхний сайн дурын санал, санаачилгад тулгуурлсан энэхүү хөтөлбөрийг Улсын Их Хурал дэмжин ажиллаж байна. Хоёр өдрийн сургалтаар та бүхэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, мэргэжилтэн, судлаачдаас хүний эрхийн талаарх дэлгэрэнгүй, сургалт, хичээл сонсож, суралцлаа. Цаашид та бүхний санал, санаачилгад суурилж хүний эрхийн боловсрол түгнэ. Энэхүү үйл ажиллагаатайгаа холбоотойгоор бидэнд нээлттэй хандаарай, дэмжин ажиллах болно” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидээр ахлуулсан хамт олон боловсруулж, 2003 онд Улсын Их Хурал баталж байсныг дурдав. Үүнээс 21 жилийн дараа Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг боловсруулж, энэхүү хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа “Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдоор эхэлж байгааг Х.Баасанжаргал гишүүн онцлоод “Энэ танхимд суугаа оюутан та бүхэн нэг талдаа Монгол Улсын парламентын түвшинд залуучуудыг төлөөлөх, дуу хоолойг хүргэх, шийдвэр гаргалтад оролцох өндөр хариуцлага, итгэл хүлээж байгаа" хэмээгээд хүний эрхийг хангах, хамгаалах, энэ төрлийн боловсролыг түгээх чиглэлээр нээлттэй хамтран ажиллахыг уриаллаа.Их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж буй “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс санаачлан Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн хамгаалагчдыг бэлтгэх зорилготой энэхүү сургагч багшийн хөтөлбөр нь 9, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/12/09
342
УЛС ТӨР
Үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох эрхийн агуулгуудыг судаллаа
Үзэл бодолтой байх нь хүний оршин байхын язгуур нөхцөл, ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй хүний салшгүй эрх юм. Монгол Улсын Үндсэн хуульд хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхийг баталгаатай эдлэхээр тогтоосон. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт (ИБУТЭОУП)-д хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх эрхтэй, хэний ч өөрийн сонгосон шашин, шүтлэгтэй байх, эсхүл шашин, шүтлэгтэй болох эрх чөлөөг хязгаарлахаар албадан шахах ёсгүй гэж заасан байна.Төрийн ордонд өнөөдөр (2024.12.07) эхэлсэн хүний эрхийн сургагч багш бэлтгэх “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийн сургалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа “Үзэл бодлоо илэрхийлэх эрх” сэдэвт илтгэл тавилаа. Илтгэлдээ тэрбээр Хойд Солонгосын коммунист дэглэмийг дэмжигч гэж сэжиглэгдэн, Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахуйц урван тэрслэх үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн иргэн Кангийн кейсийг жишээлсэн юм. Иргэн Канг 13 жил хоригдох хугацаандаа үзэл бодлоо өөрчлөх шахалт дахамтанд байнга байсан бөгөөд түүнийг “үзэл санааг засан хүмүүжүүлэх систем” гэж нэрлэдэг тусгай хөтөлбөрт албадан хамруулж байжээ. НҮБ-ын Хүний эрхийн хороо Кангийн ИБУТЭОУП-ын 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй” байх эрх чөлөө зөрчигдсөн гэж үзсэн юм. Тус Пактын 19.2-т “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг.Тайвнаар хуран чуулах, жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх нь хүний үзэл бодлоо илэрхийлэх арга хэлбэр, биеэ даасан хүний эрх юм. Гэвч Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөөний болон үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой эрх чөлөөний индексүүд сүүлийн жилүүдэд улам унасаар байна хэмээн доктор Г.Нарантуяа хөтөлбөрийн оролцогчидтой харилцан ярилцахдаа онцолсон юм. Индексүүдийг сэтгүүлчийг баривчилсан, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг хориглон хязгаарласан тохиолдол, кейсүүдийн тоогоор тооцон гаргадгийг тэрбээр тодорхой тайлбарласан юм.Мөн тэрбээр хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хууль, олон улсын гэрээгээр тогтоосон шалгуурт нийцүүлж, хуулиар хязгаарлах шаардлага байдгийг ярьж, бусад хүний эрх, эрх чөлөө, нэр төр, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам (ordre public), нийтийн эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах шаардлага нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль ёсны үндэслэлүүд болдгийг онцолсон юм. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөвхөн хуулиар хязгаарлах бөгөөд уг хууль тодорхой хэм хэмжээ тогтоосон, хүн зан үйл, үйлдлээ тогтоох ойлгомжтой чиглэл болж чадахуйц байх ёстойн зэрэгцээ ил тод, нээлттэй байх нь чухал юм. Мөн хуулиар тогтоох хязгаарлалтууд нь бодитой, гарцаагүй шаардлагатай байх, илэрхийлэл нь ерөнхий бус тодорхой байх зэрэг нарийвчилсан шалгуурууд тавигдана.Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, уг хөтөлбөрийн ач холбогдлыг таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс энэхүү хүний эрхийн сургагч багшийн хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм. Хөтөлбөр сургалтын дараагийн хичээлийг “Халдашгүй, чөлөөтэй байх эрх” сэдвээр ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд заалаа. Тэрбээр халдашгүй, чөлөөтэй байх эрх нь хүнд угаас заяадаг, Үндсэн хуулиар баталгаажуулдаг, хөндлөнгийн хэн боловч дур мэдэн халдаж болохгүй жам ёсны эрх болохыг тодорхойлж, түүний агуулга, хамгаалалт болон хязгаарлалтын талаар нэг бүрчлэн задалж тайлбарлав.Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх нь бие махбодийн халдашгүй байх, чөлөөтэй, аюулгүй байх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, нэр төр, алдар хүнд халдашгүй байх, хувийн болон орон байрны, өмчийн халдашгүй байдал, захидал харилцааны нууц зэрэг өргөн хүрээтэй агуулга багтаадгийг доктор Б.Энхболд илтгэлдээ тодорхой задлан шинжилж, эдгээр агуулга бүрийг жишээ баримт, статистик үзүүлэлтээр баяжуулан ярив. Тухайлбал, манай улсад хүн амь хохироох гэмт хэрэг жилд дунджаар 209 бүртгэгддэг бол хүний эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан гэмт хэрэг 7087 бүртгэгддэг байна. Нийт гэмт хэргийн 52 орчим хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлдэг бөгөөд ихэнх тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчдөг энэ гэмт хэрэг 2012 онд нийт гэмт хэргийн 40.8 хувь, 2017 онд 56.3 хувь, 2023 онд 60.9 хувь болж өссөөр байна.Хүний эрхийн сургагч багшийн сургалтын дараагийн хичээлийг “Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн Үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг хийлээ. Их, дээд боловсрол эзэмшиж байгаа залуусын сурч, боловсрох эрхийн тухай агуулгыг хөндсөн илтгэлдээ тэрбээр боловсролын хүртээмжтэй холбоотой суурь асуудлаас эхлэн дээд боловсролын тогтолцоонд өнөө хэр байсаар байдаг хүйсийн болон бусад талаарх ялгаварлан гадуурхалт, үнэ төлбөр, эрэлт хэрэгцээ, үндэстний онцлог, зан заншилд нийцүүлэх зэрэг өргөн хүрээтэй агуулгыг багцлан танилцуулж, дэлхий дахинд сүүлийн жилүүдэд гарч буй эрсдэлт нөхцөл байдлуудад дүн шинжилгээ хийсэн юм. Ковид19 цар тахал, дижиталчлал буюу цахим хамаарал, эдийн засгийн тогтворгүй байдал, нийгмийн анги давхаргын зөрүү буюу хэт хөрөнгөжилт, ядуурлын зааг улам холдож байгаа явдал, шилжилт хөдөлгөөн болон дүрвэлт зэрэг олон хүчин зүйл сурч боловсрох хүний төрөлхтний нийтлэг эрхийг улам хөндөж буй юм.НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын судалгаагаар манай улсад дунд боловсролын дараах боловсрол буюу их, дээд сургуульд хамрагдалтын түвшин хөрөнгө чинээний ялгаатай байдалтай ихээхэн хамааралтай байгааг харуулсан байна. Оюутнуудаас авсан судалгаагаар тэдэнд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг санхүүгийн бэрхшээл тэргүүлж, сурах бичгийн үнэ удаалсан байна. Энэ бүхэн дээд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зохицуулалтуудыг хэрэгжүүлж, суралцагчдыг дэмжих дэвшилтэт аргачлалуудыг нэвтрүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.Дүгнэлт ярилцлагын үед “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрт оролцогчид өнөөдрийн сургалт ихээхэн өгөөжтэй болсонд талархал илэрхийлж, хүний эрхийн талаар манай улсад хүндрэл бэрхшээлтэй тулгамдсан асуудал олон байгааг болон тэр бүхнийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдэж авсандаа баяртай байна гэсэн юм. Хөтөлбөрийн дараа энэ чиглэлээр үе тэнгийнхэн, сургууль, хамт олондоо зохих ёсоор нөлөөлж, нийгэмд эерэг хандлага бий болгохын төлөө идэвхтэй ажиллана гэдгээ хэлж байв.Өнөөдрийн сургалтын төгсгөлд “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг оролцогчдод тараан өгч, уг төсөлд тусгуулах санал боловсруулах даалгавар өглөө гэж Улсын Их Хурлын Xэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/07
337