УЛС ТӨР
УЛС ТӨР
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллав
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Ч.Анар, Н.Батсүмбэрэл, Г.Хосбаяр, Б.Жаргалан, Э.Болормаа, Х.Жангабыл, Х.Тэмүүжин нар өчигдөр (2024.10.21) Батлан хамгаалах яам (БХЯ), Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын үйл ажиллагаатай танилцлаа.Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлого, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй санал солилцов. Уулзалтад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Одхүү болон бусад газар, хэлтсийн дарга нар байлцлаа.Монгол Улсын Зэвсэгт хүчний бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулсан юм. Мөн тус штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дугаррагчаа Зэвсэгт хүчний Нэгдсэн ажиллагааны төв, зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа зэвсэг, техникийн талаар мэдээлэл хийв. Байнгын хорооны гишүүд тус Нэгдсэн ажиллагааны төв болон зэвсэг, техниктэй танилцаж, “Бүх цэргийн Их Хар сүлд”-энд хүндэтгэл үзүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024/10/22
303
УЛС ТӨР
'Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт' сэдвээр хяналтын сонсгол зохион байгуулна
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулна.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.Хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажиллана.Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү. Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаАжлын албаны утас: 51-267155
2024/10/22
434
УЛС ТӨР
Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг эрчимжүүлэхээр “Чайна Энержи” группийн удирдлагатай тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа.Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, өргөжин хөгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод уламжлалт харилцаагаа улам бататгаж, ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнөх харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замаа тодорхойлох учиртай гэдгийг тэмдэглэлээ. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн гэлээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэ-тэй уулзлаа. 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын газрын тос, байгалийн хийн корпораци (CNPC)-ийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж газрын тосны чиглэлээр хамтран ажиллах, байгалийн хий дамжуулах хоолой барих, шатахуун худалдан авах зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт тус корпораци түүхий эд нийлүүлэх боломжтойг Ерөнхий сайд хэллээ. БНХАУ-аас импортлох Евро-5 стандартын шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тус корпорацитай хамтран шинэ талбайд газрын тосны хайгуул хийж олборлолтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Ялангуяа талууд хамтарч газрын тосны хайгуул олборлолтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.
2024/10/22
287
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчидтай уулзлаа.Монгол Улсын Ерөнхийлөгчийг ангийн байрлалд хүрэлцэн ирэхэд Дархан цэргийн хүрээний хүндэт харуул угтаж, ангийн үйл ажиллагааг захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа О.Чулуунбаатар танилцууллаа.Ерөнхийлөгч тус ангийн Гадаад хэлний сургалтын төвд зочилж, англи хэлний анхан шатны хичээлд суралцаж буй ахлагчидтай уулзав.Тус анги нь 2006 онд Их Британи Улсын хөрөнгө оруулалтаар Гадаад хэлний сургалтын төвийг байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 837 цэргийн алба хаагч англи хэлний сургалтад хамрагджээ. Үүнээс 115 цэргийн алба хаагч АНУ, БНЭУ, Канад, Австрали улсуудад мэргэжил ахиулах дамжаанд суралцжээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг төрийн цэргийн байгууллагууд дэмжин, идэвхтэй оролцож буйг сайшаалаа.Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн амар тайван байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахыг захив.Бие бүрэлдэхүүний найдвартай ар тал, түшиг тулгуур болж байдаг гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
2024/10/21
337
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярын үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинэ байранд ажиллалаа.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ яамны удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого төлөвлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал буюу “Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр яам Дархан-Уул аймагт шилжсэнээр салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг төвийн бүс рүү чиглүүлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн кластерууд, бусад төрлийн үйлдвэрлэлийг төвийн бүсэд хөгжүүлэхээс гадна тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг онцоллоо.Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.Үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг буюу төвийн бүс нутгийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгохоор төлөвлөсөн.Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр гарсан юм.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр үе шаттайгаар хэрэгжиж, яамны бүрэлдэхүүний эхний ээлж, Хөдөө аж ахуйн корпорац, Хөдөө аж ахуйн бирж Дархан хотноо шилжин ирсэн байна.
2024/10/21
339
УЛС ТӨР
Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс УИХ-ын чуулганы хуралдаанд зочиллоо
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2024.10.17) хуралдаанд Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо.Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочдод хандан Улсын Их Хурлын нийт гишүүний нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Монгол Улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ын хүрээнд манай хоёр орны найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тэрбээр цохон тэмдэглэлээ.Цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт улам өргөжин хөгжиж, иргэд хоорондын харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд хатагтай Сюзан Лаянс тэргүүтэй Австралийн парламентын гишүүд, төлөөлөгчдөд эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилт хүсэн ерөөв.Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны 10 дугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/10/17
292
УЛС ТӨР
'Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай' Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлснээр үргэлжиллээ.УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүсчилсэн хөгжлийн татварын ялгаатай бодлогыг оновчтой тогтоох болон Монголбанк мөнгөний бодлогыг улстөржилгүй анхаарч ажиллах талаар саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, гадаадын хөрөнгө оруулалтай банкны салбарыг оруулж ирэх нь макро эдийн засагт эерэг нөлөөтэй тул энэ асуудалд анхаарч ажиллахыг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авсан банкуудаас буцаан төвлөрүүлэх талаар ажиллах санал хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Түвшин, Монголбанк Мөнгөний бодлогын зөвлөлийг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан зургаан сар тутамд бус ойр ойрхон хуралдуулах шаардлагатай байна гэв. Харин УИХ-ын гишүүн Э.Батшугар, Төв банкны хараат бус, ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулах орон зай байна. Төв банкны тухай хууль болон санхүүгийн салбарын хуулиудад дүн шинжилгээ хийх ажлын хэсэг гаргах саналыг дэмжиж байна. Гадаад орнуудын банкуудын сайн туршлагыг судалж, Төв банкны эрх зүйн орчныг сайжруулах тухай санал хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, зорилтот бүлэгт чиглэсэн хүү багатай зээл гаргах, улмаар багш нарыг ипотекийн 3 хувийн зээлд хамруулах талаар анхаарч ажиллахыг хүслээ.Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.Тус төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан.Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг “Эрдэнэс тавантолгой” ХК хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан нөхцөл, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд голлох нөлөө бүхий хоёр хилийн боомт ямар шалтгааны улмаас 24 цагаар үйл ажиллагаа явуулахаа зогсоосон болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг биелүүлж, биржээр нүүрс арилжаалах ажиллагааг 80 хүртэл хувьд хүргэх талаар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж говийн бүсэд дулааны цахилгаан станц барих ажил удааширсан шалтгаан, цаашид эрчим хүч тасалдах эрсдэл үүсвэл хүлээх хариуцлагын талаар асуулт асууж, санал хэлсэн болно гээд Байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажилласан гэв.Ажлын хэсэг тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол, тогтоолын төслийн хавсралтад тусгагдсан бусад төсөл, арга хэмжээний нэр томьёог жигдлэх, тоон үзүүлэлтүүдийн хувь, хэмжээг өөрчлөх зэрэг санал бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тухай танилцуулсан. Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй 56 саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулсан гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Ганзориг, хөгжлийн төлөвлөгөөнд бизнесийн орчныг таатай болгох заалтууд тодорхойгүй байгааг дурдаад татварын дарамт, зээлийн хүүг бууруулахад хэрхэн анхаарах талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ирэх жилүүдэд хүний эрхийг хангахад ахиц гарах эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах талаар тодруулж байлаа.Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, тогтоолын төсөлд хөгжлийн төлөвлөгөөний үндсэн дөрвөн чиглэлийн нэг бүлэгт хүний эрхийг хангах талаарх асуудлыг тусгасан. Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэл 20 гаруйхан хувьтай байна. Шүүхийн шийдвэр барагдуулах төсөв маш бага байдаг нь шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан юм. Тухайлбал, хоёр тэрбум төгрөгийн авлагатай компанид 20 сая төгрөг хуваарилагдах жишээтэй. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар ажиллаж байна хэмээн хариулж байлаа.Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, хөгжлийн төлөвлөгөөнд урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурь зарчмуудыг тусгасан. Тухайлбал, бизнесийн орчинд цогц судалгаа хийж, саад тотгорыг арилгах, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг зорилт, арга хэмжээнүүд багтаж байна. Засгийн газраас татварын бодлогыг шинэчлэх зорилтын хүрээнд боловсруулалтын салбарын гаалийн татварыг тэглэх зэрэг цөөнгүй өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна гэв.УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эрчим хүчний үнийг 30-50 хувиар нэмэхээр тусгасныг тодотгоод өмнөх онуудын дамжуулан зээлдүүлэх өрийн үлдэгдэл эрчим хүчний салбарт 1,5 орчим их наяд төгрөгт хүрснийг дурдав. Иймд эрчим хүчний үнийг нэмэхийг урьтал болгохгүйгээр зээлийн асуудлаа шийдэх боломж байгаа эсэх талаарх асуултад Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн хариулсан.Тэрбээр, эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт бага байсан тул гадаад, дотоодын зээл, тусламж авахаас өөр аргагүй. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар урт хугацаатай 1,8 их наяд төгрөгийн өртэй байна. Мөн эрчим хүчний алдагдал 2023 оны жилийн эцсийн байдлаар 370 орчим тэрбум, 2024 оны алдагдлаа нэмэхээр 540 орчим тэрбум төгрөгт тус тус хүрсэн. Цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл, түгээх, дамжуулах, хангах зардал 1квт нь 285 төгрөгийн өртөгтэй. Гэтэл иргэдэд борлуулж буй үнэ 140 төгрөг. Эрчим хүчний үнийг нэмэгдүүлээгүй явснаар ийм их өр, төлбөрийг үүсгэсэн. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар эрчим хүчний үнэ, тарифыг нэмэгдүүлэх асуудлыг танилцуулна гэв.Ингээд УИХ-ын гишүүд асуулт асуусны дараа Эдийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан зарчмын зөрүүтэй 56 саналаар санал хураалт явуулав. Энэ үеэр Ажлын хэсгээс саналын томьёололд эргэж нягтлах асуудал гарсан гэсэн тул санал хураалтыг баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/10/17
329
УЛС ТӨР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлт зэрэгтэй тэмцэхэд үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцол чухал
Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлыг угтсан Дээд хэмжээний олон талт хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ.Тэр бээр, байгаль орчны гурван тулгуур асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулах нь нэгэн цогц ойлголт, тус тусад нь авч үзэх боломжгүйг тэмдэглэлээ.Цаашид бодит үр дүнд хүрэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг нийгмийн бүх бүлгийг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.Монгол Улс шинэчилсэн үүрэг, амлалтаа нэн яаралтай боловсруулан хүргүүлэх, ялангуяа ирэх оны төсөв, мөнгөний бодлого, хөгжлийн төлөвлөгөөг УИХ хэлэлцэж буй энэ үед Засгийн газар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого, үйл ажиллагаагаа үнэлж, төлөвлөхөд онцгой анхаарахыг санууллаа.Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалт болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолтой тэмцэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” гэсэн харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж байгааг дурдлаа.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үе шатанд дэлхийн улс орнууд, хөгжлийн түнш, олон улсын байгууллагууд улам идэвхтэй хамтран ажиллаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриаллаа.Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оноос хойш жил бүр Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх асуудлуудыг зохицуулдаг РИО-гийн гурван конвенцын Талуудын бага хурлыг угтан оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байна.Энэ удаа хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, үр дүнгээ сайжруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд шаардлагатай гол асуудлууд, түүний дотор эрх зүйн шинэчлэл, салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалт, бодлого, төлөвлөлтөө сайжруулах талаар хэлэлцэх юм.Хэлэлцүүлгээс:Хууль эрх зүйн орчныг сайжруулах,Салбар дундын зохицуулалтыг нэмэгдүүлэх,Санхүүжилт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,Оролцогч талууд болон олон нийтэд нээлттэй байх,Олон талт гэрээ, хэлэлцээр, конвенцын өмнө хүлээсэн үүрэг, амлалтын тайлагналтыг сайжруулах зэрэг чиглэлээр зөвлөмж гаргана.Мөн ирэх оны эхээр Биологийн олон янз байдал, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын Дээд хэмжээний уулзалтуудаас гарсан шийдвэр, Монгол Улсын оролцоог тайлагнасан хурлыг (PostCOP) зохион байгуулахаар төлөвлөж байна.Хэлэлцүүлэгт Улаанбаатар хот дахь Дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагууд, төр болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хүүхэд, залуучуудын төлөөлөл болох 70 орчим байгууллагын 180 гаруй хүн оролцож байна.Уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий хүнс, хөдөө аж ахуйн салбарт охид, эмэгтэйчүүд голлон ажилладаг нь тэдэнд илүү хүнд тусдаг.Иймээс НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” гарган уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх уриалгыг дэлхийн улс орнуудад дэвшүүлсэн.Мөн 2026 онд “Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенц”-ын Талуудын 17 дугаар бага хурал”, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.Энэ онд:НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (UN CBD COP16): 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Колумби Улс, Кали хот,НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурал (UNFCCC COP29): 2024 оны 11 дүгээр сарын 11-24-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улс, Баку хот,НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (UNCCD COP16): 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улс, Риад хотноо болно.
2024/10/17
344
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд (2024.10.15) ажиллаж байна. УИХ-ын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтыг бий болгохоор санал солилцож байна.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд “Шүүх байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд хамтран ажиллана” гэлээ.Тэрбээр, Хууль тогтоох дээд байгууллага, шүүх засаглал нь тус тусын чиг үүрэгтэй боловч хууль, эрх зүйн шинэчлэлийг явуулахад хамтран ажилласнаар хууль тогтоомжуудыг иргэдийн хүлээлтэд нийцүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг шүүх байгууллагуудын үйл ажиллагааны талаар танилцуулав. Шүүгчийн ачаалал их, ажиллах орчин нөхцөл хүнд байгаагаас шалтгаалж сул орон тоо бүрэн нөхөгдөхгүй байгаа талаар мэдээлэв.Өнөөдрийн байдлаар шүүхүүд 42 барилгад үйл ажиллагаа явуулж буй ч 36 нь стандартын шаардлага хангахгүй, суулттай, мөөгөнцөр үүссэн гэх мэт асуудалтай байгааг тодотгов. Мөн шүүхүүдийн 6 нь өөрийн байргүй, 4 нь прокурорын байгуулагын байранд, 1 нь орон нутгийн өмчийн барилгад байрлаж байгаа нь хараат бусаар ажиллах боломжийг хязгаарлаж буйг онцлоод, шүүх байгууллагын байр, орчин нөхцөлд анхаарлаа хандуулахыг хүслээ.Уулзалт Шүүхийн ерөнхий зөвлөлд үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/10/15
385
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордууллаа.Айлчлалын хүрээнд Монгол Улс, Туркменистан Улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, айлчлалын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргалаа.Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзлаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч М.Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо – Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ.Айлчлалын хүрээнд “Монгол-Туркменистаны соёлын хамтарсан тоглолт”-ыг хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулж, Монгол Улсын Морин хуурын найрал хөгжим анх удаа Ашхабад хотноо эгшиглэлээ.Мөн “Монгол-Туркменистаны бизнес форум”-ыг амжилттай зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог тогтоосон нь цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.1992 онд Монгол Улс болон Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд анх удаа хэрэгжсэн энэхүү дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьсан чухал ач холбогдолтой айлчлал болж өндөрлөлөө.
2024/10/13
300
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.
2024/10/14
368
УЛС ТӨР
'Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт' сэдвээр хяналтын сонсгол зохион байгуулна
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгуулна.Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс Улсын Их Хурлын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн.Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.Хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажиллана.Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү. Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаАжлын албаны 51-267155Дэлгэрэнгүйг эндээс: https://www.parliament.mn/nn/63077/
2024/10/10
354
УЛС ТӨР
2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуй нэгжүүдэд уриаллаа
Аялал жуулчлалын Үндэсний хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан боллоо. Хуралдааныг Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж “Go Mongolia 2.0” хөтөлбөр болон дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 2024 онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувь өсөж, 2024 эхний 10 сарын 07-ны байдлаар манай улс 680,711 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь 70 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Энэ нь цар тахлын өмнөх үеэс 40 хувиар, 2023 оноос 23 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнийг ахиулж 2024 оны эцэс гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг “Go Mongolia” нэгдсэн брэндингийг олон улсад сурталчлах аянд нэгдэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд хойд бүсийг байгалийн, зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн, баруун бүсийг байгалийн аялал жуулчлалын дэд бүс болгон хөгжүүлэхээр зарласан. Бүсчилсэн хөгжлийн энэ бодлоготой уялдуулан ирэх дөрвөн жилд 4,440 км зам барьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбож дуусгахаар төлөвлөж байна. Мөн хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, байнгын ажиллагаатай боомтуудын тоог нэмэх, авто болон төмөр замаар холбох ажлуудыг үргэлжлүүлж олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөхөөр төлөвлөж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.Хуралдаанд оролцогчид аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлэхтэй холбоотой дараах саналуудыг хэлэв. Үүнд төрийн байгууллагууд олон улсын арга хэмжээ, хурал зөвлөгөөнүүдийг аялал жуулчлалын идэвхгүй сар болох өвлийн улиралд зохион байгуулах, өвлийн улиралд жуулчдыг татахын тулд эдгээр саруудад жуулчдад зориулсан хямдралт худалдаа явуулдаг байх, дотоодын жуулчдыг татахын тулд аялал жуулчлалын бүс нутгуудад орон нутгийн нислэгийг амралтын өдөр тааруулах, гадны томоохон нисэх буудлуудад Монгол Улсыг сурталчлах урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, аяллын хөтөч мэргэжлийг эрэлттэй мэргэжилд багтаах талаар хөндлөө.Ерөнхий сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр гарсан саналуудыг ажил хэрэг болгох бүрэн боломжтойг дурдаад холбогдох байгууллагуудад асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо. Монгол Улсын Шадар сайд, Аялал жуулчлалын Үндэсний хорооны гишүүн Т.Доржханд Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой, өндөр үр ашигтай салбар болохыг онцлоод хамтарсан Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтвортой бодлого баримтална. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрчим хүч, дэд бүтцийн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд эдгээр нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолж, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхнийг Засгийн газар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.
2024/10/10
360
УЛС ТӨР
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэМонгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилготой “Go Mongolia” зэрэг зорилтот ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэлэлцэн баталлаа.Дэлхий дахин улам даяаршиж буй энэ цаг үед улс орны талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, иргэд хоорондын харилцаа, улс хооронд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсын түүх, уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт, амжилтыг гадаадад сурталчлах, Монголд зочлох сэдэл төрүүлэх ажлыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Тиймээс Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр тогтов. Төлөвлөгөөт ажлын дагуу 2028 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг болох зорилтыг дэвшүүлээд байна. Хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой хуулийн төслүүдийн явцыг хэлэлцэвХүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль, тогтоомжийн төслүүдийн явцыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хуралдаанд танилцууллаа.Тус яамнаас авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төсөл, тухайлбал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагаатай Засгийн газрын үйл ажиллагааг уялдуулах талаар зохих арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа. Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборуудыг байгуулнаХамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төсөл ба боловсруулах үйлдвэрүүдийн судалгаа, байршлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.Бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах “Кокс-химийн цогцолбор”, “Нүүрс-химийн цогцолбор”, “Зэс боловсруулах цогцолбор”, “Ган үйлдвэрлэлийн цогцолбор”, “Жонш баяжмал боловсруулах цогцолбор”, “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх ба алт цэвэршүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн технологийг эзэмших, хүний нөөцийг бэлтгэх, ирээдүйн томоохон төслийн ТЭЗҮ-ийг тодорхойлох зорилгоор туршилт тохиргооны бага оврын үйлдвэр байгуулж хийн түлш, нийлэг материал, устөрөгч гарган авах зорилтыг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлнэ.Цаашид үйлдвэрлэл, технологийн парк байгуулсан болон байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах, паркийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцыг танилцуулавТавантолгой-Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн талаарх 2008 оноос хойш УИХ, Засгийн газар, салбарын сайд нарын гаргасан шийдвэр ба хэрэгжилт, Ерөнхий сайдын 2024 оны 28 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд байсаар ирсэн.“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан. Мөн Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулаад байна. Товч мэдээБүгд Найрамдах Итали Улсад энэ оны долоодугаар сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан”-д оролцож, мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд Монгол Улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нар хоёрдугаар байрт шалгарсан тул Засгийн газрын журмын дагуу 6,0 сая төгрөгийн мөнгөн шагнал, оюутан Н.Бодьзавьяа нь ганцаарчилсан төрөлд мөн хоёрдугаар байрт шалгарсан тул 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв.
2024/10/09
327
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-тай албан ёсны хэлэлцээ хийж, Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов-тай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон улсын форумд хүндэт зочноор оролцоно.
2024/10/07
375