mmnews.mn | 2026-06-17

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
E-Business 2.0 системийн шинэчилсэн хувилбарын албан ёсны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож /2026.06.15/  үг хэлэв.Засгийн газраас дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлогын нэг болох авлигын эсрэг чөлөөлөлтийг үр дүнд хүргэж, сайн засаглалыг бий болгоход цахимжилт чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлоод, E-Business 2.0 платформ нь танил тал харж, хэн нэгэн даргын гарын үсэг хүлээхгүй бизнесээ шууд эхлүүлэх шийдэл. Энэхүү шинэчлэл нь хөгжлийн олон чөдөр тушааг арилгана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэв.E-Business 2.0 нь компани, аж ахуйн нэгжүүдэд зориулсан платформ бөгөөд бизнесээ эхлүүлэх алхмыг илүү хялбар болгожээ. Үүнд: Бизнесээ эхлүүлэх: Бизнесийн нэрээ хуулийн хүрээнд байна уу гэдгийг AI ашиглан шалгаад хүсэлтээ илгээх, компаниа УБЕГ-т бүртгүүлэх, тамга захиалах, компанийн орлогын данс нээх хүсэлтийг 30 минутад цахимаар илгээх боломжтой. Өдөрт 70 орчим бизнесийн үйл ажиллагаа эхэлдэг бөгөөд 30 минутад бизнесээ эхлүүлэх шийдэл болж байна. Бизнесээ удирдах: Бизнес эрхлэгчид компанийн гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдээлэл, тусгай зөвшөөрөл, лавлагаа, татвар, үйлчилгээний мэдээллийг хайх, нягтлах  зэрэг саад бэрхшээл байсан.  E-Business 2.0 нь бизнес эрхлэгч компанийн хэрэгцээт мэдээллээ илүү ойлгомжтой, E-mongolia-тай адил гар утаснаасаа харах боломжтой болж байна. Мөн итгэмжлэлээр нэвтэрнэ. Төрийн байгууллагын мэдээ, макро эдийн засгийн үзүүлэлт болон өөрийн компанид хамаатай мэдэгдлүүдийг гар утаснаасаа хүлээн авах боломжтой.Бизнесээ хөгжүүлэх: Нийт 381 төрлийн зөвшөөрөл байгаагаас 321-ийг нь цахимаар авах, 146 бизнесийг мэдэгдээд эхлэх боломжтой. ААН хооронд тээврийн хэрэгсэл шилжүүлэх, төрийн үйлчилгээний төлбөр төлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг  нийт 1286 үйлчилгээг авах боломжтой.Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байх хугацаандаа эхлүүлсэн шинэчлэл нь E-Business 2.0 платформ нэвтэрснээр 100 хувь хэрэгжиж дууслаа. 5779 байгууллагын 18520 төрлийн үйлчилгээний 80 орчим хувь нь цахимжсан байсан. Үүнийг чанаржуулж, 100 хувьд хүргэж, 1286 төрлийн үйлчилгээг тус платформд нэвтрүүллээ. 
2026/06/15
184
ТАНИН МЭДЭХҮЙ
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг /2026.06.12/ зохион байгууллаа. Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 13-ны хуралдаанаас “Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах талаар эрх зүйн орчныг бүрдүүлэх, Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй ногоон дата төв байгуулах бэлтгэл ажлыг хангах” чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ. Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжих боломж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө, өгөгдлийн дэд бүтэц, дата төв, өгөгдөл солилцоо, өгөгдлийг дахин ашиглах, инновац, хиймэл оюун зэрэг асуудлаа санал, зөвлөмжөө нээлттэй илэрхийлэв.Хуулийн төслийг боловсруулах хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн 75 байгууллагаас судалгаа авч, холбогдох нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ. Уг судалгаагаар өгөгдөл солилцох, хуваалцах, ашиглах, дахин ашиглах эрх зүйн зохицуулалт хангалтгүй, мэдээллийн сангийн давхардал их, өгөгдлийг шинэчлэх давтамж болон чанарын шаардлага харилцан адилгүй, өгөгдлийн стандарт, чанарын баталгаажуулалтын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, өгөгдөл солилцооны дэд бүтцийн уялдаа сул, өгөгдлийн аюулгүй байдал болон ашиглалтад итгэх итгэл хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан.Иймээс өгөгдлийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоох, өгөгдлийн засаглалын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, хүртээмжийг хангах, өгөгдөлд суурилсан инновац, хиймэл оюун, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Өгөгдлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг баталсан нь өгөгдөлтэй холбоотой харилцааг зохицуулах суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал алхам болсон юм. Гэхдээ өгөгдлийг байгууллага, салбар, мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, өгөгдлийн бүтээгдэхүүн болгох, эдийн засгийн эргэлтэд оруулах, өгөгдлийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамарч чадаагүй.Мөн өгөгдлийн ангилал, өмчлөл, эзэмшил болон ашиглах эрхийг нэгдсэн байдлаар хуульчлан тодорхойлоогүй, төр, хувийн хэвшил, иргэн хооронд өгөгдөл солилцох, хамтран ашиглах, дахин ашиглах, арилжаалах, зуучлах эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, инновац, хиймэл оюуныг хөгжүүлэхэд шаардлагатай их өгөгдөл хангалтгүй, өгөгдлийг анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцөлийг зохицуулаагүйгээс өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байна. Гэтэл дэлхий дахинд их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн бол 2024-2030 оны хооронд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан. Түүнчлэн Олон улсын байгууллагуудаас өгөгдлийг эдийн засаг, инновац, төрийн удирдлага, судалгаа хөгжүүлэлт, санхүү зэрэг олон салбарт үнэ цэн бий болгох “стратегийн нөөц” гэж үзэж байгаа юм.
2026/06/12
176
ТАНИН МЭДЭХҮЙ
'Монгол хүн баялгийнхаа эзэн' зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна
Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж байсан бол 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн санг байгуулах эрх зүйн суурь тавигдаж 2024 онд тус сангийн тухай бие даасан хуулийг баталсан билээ. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, үр ашгийг нь иргэдэд тэгш шударга хүртээх үүднээс Засгийн газрын шийдвэрээр “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд түүврийн аргаар 1570 иргэнийг сонгож эхний шатанд улс орон даяар санал асуулга явуулж байна.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албанаас өнөөдөр зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар ярилцлаа. Анхан шатны санал асуулгад оролцсон 1570 иргэнээс сонгогдсон 800 хүн 4-р сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд хуран чуулж, Зөвлөлдөх уулзалтад оролцох юм.“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны хэлэлцүүлгээр Үндэсний баялгийн сангийн менежмент, өгөөжийн хуваарилалт, иргэдэд хүртээх үр ашиг зэрэг гол асуудлуудыг хэлэлцэж, оролцогчдын саналыг нэгтгэн зөвлөмж гаргана.
2026/03/31
328
ТАНИН МЭДЭХҮЙ
Г.Занданшатар: Монгол улс 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ
Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойг тохиолдуулан “Сансрын хамтын ажиллагаа” агаар сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ), Шинжлэх Ухааны Академи (ШУА), Олон улсын сансрын холбооны байгууллага "Интерспутник", Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO) хамтран (2026-03-22) зохион байгууллаа. Тус хуралд сансрын нисэгч, хошууч генерал, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, Ази тивийн анхны сансрын нисэгч, Вьетнам Улсын Зэвсэгт хүчний баатар, генерал Фам Туан, БНХАУ-ын анхны сансрын нисэгч, генерал Ян Ливэй нар болон Элчин сайд нар, эрдэмтэн судлаачид оролцлоо.Монгол Улсын Ерөнхий сайд тус арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “Өнөөдрөөс 45 жилийн өмнө Монгол Улсын иргэн “Союз-39” хөлгөөр эх дэлхийгээсээ хөөрч, түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Ингэснээр Монгол Улс өөрийн иргэнийг сансарт нисгэсэн дэлхийн арав дахь, Ази тивийн хоёр дахь улс болсон юм. Монгол Улс 1981 оны түүхэн суурин дээрээ тулгуурлан 45 жилийн хугацаанд сансар судлалын салбарынхаа үндэс суурийг тасралтгүй бэхжүүлж ирлээ. Манай улс 1970-аад оны сүүлчээс “Интеркосмос” хөтөлбөрт нэгдэн оролцож, улмаар 1979 онд “Интерспутник” байгууллагын гишүүн болж, 2008 оноос Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага “APSCO”-д нэгдсэнээр олон улсын хамтын ажиллагааны хүрээг шат дараатайгаар өргөжүүлсэн юм” гэлээ.Монголын эрдэмтэд сансрын физик, анагаах ухаан, зайнаас тандан судлал зэрэг чиглэлээр судалгаа, туршилтын ажлуудыг хөгжүүлж, хиймэл дагуулын холбоо, сансрын өгөгдлийн хэрэглээг бодит салбаруудад нэвтрүүлэх суурийг бүрдүүлж ирлээ.Монгол Улс сансрын бодлогыг зөвхөн цаасан дээр байлгаж болохгүй. Бодитой ажилладаг институц, орчин үеийн шаардлагад нийцсэн эрх зүйн орчин, шинжлэх ухаан, технологи, өгөгдлийг шийдвэр гаргах түвшинтэй холбосон нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх ёстой.Энэхүү олон улсын хурал, түүний хүрээнд хийгдэж буй хамтын ажиллагааны хэлэлцээрүүд, судалгаа, сургалт, залуу мэргэжилтнүүдийг дэмжих хөтөлбөрүүд нь энэ зорилгыг бодит ажил хэрэг болгох чухал алхам болно гэдгийг Ерөнхий сайд онцлоод Монгол Улсын Засгийн газар энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.Сансрын технологи бол өнөөдөр алс холын салбар биш, харин орчин үеийн хөгжлийн салшгүй дэд бүтэц болсон. Хүний нөөц, шинжлэх ухаан, инновацид чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, мэдлэгт суурилсан хөгжлийг бодитоор урагшлуулах нь бидний тэргүүлэх зорилт гэдгийг тэмдэглэв.Хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэмшиж эхэлсэн түүхэн амжилт болон Монгол Улсын сансар судлалын салбарын бахархалт түүхийг мөнхжүүлэх зорилготой “Сансарт хүн анх ниссэний 65 жил, Монгол хүн сансарт ниссэний 45 жил” сэдэвт маркийн нээлт боллоо.
2026/03/22
304
ТАНИН МЭДЭХҮЙ
Чингис хааны 'Тайван хүч'-ийн стратеги
Энэхүү дугаараар хүсэл болон сэтгэл хөдлөлийг дарах биш, харин түүнийг хэрхэн зөв зүгт "хувиргаж чиглүүлэх" тухай түүхэн дэх хамгийн аугаа удирдагч Чингис хааны жишээн дээр тайлбарлажээ.
2026/03/14
431
ТАНИН МЭДЭХҮЙ
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг 'Чөлөөлье' уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр /2026.02.28/  Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд нээлтээ хийлээ.Тэмцээнийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж үг хэлэв. Тэрбээр, парламент бол уг чанартаа мэтгэлцээний талбар. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилж, мэтгэлцэж, зөвшилцөж, гарцаагүй зөвийг томьёолж батлагдсан хууль тогтоомж амьдрах чадвар сайтай, үр дүнтэй байдаг гэдгийг онцолж, парламентын засаглалтай ардчилсан нийгэмд мэтгэлцэх соёл чухал байр суурь эзэлдэг. Улс орны хөгжлийн бодлого, хууль тогтоох үйл явц нь та бүхний өнөөдөр хийж байгаа шиг эрүүл мэтгэлцээн, оюун бодлын уралдаан дундаас л хамгийн зөв шийдэл болон гардаг учиртай. Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх чөлөөг хязгаарлахад биш, хамгаалахад оршдог, Үндсэн хуулийн амин сүнс юм гэв.Мөн энэ үеэр “Чөлөөлье” санаачилгынхаа талаар танилцуулж, энэхүү санаачлага бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүдэлтэйг онцоллоо. Түүнчлэн оролцогчдод хандан та бүхний гаргасан шийдэл, хэлсэн үг бүхэн Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох шинэ санаа байх болтугай гээд амжилт хүсэв.Үүний дараа Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн Ү.Амарбат танхимын зүгээс баримталж буй бодлого, зорилт, удирдлагын багийн талаар танилцуулав. Тус танхимын зөвлөх Б.Пүрэвсүрэн үе үеийн шилдэг мэтгэлцэгчдийн талаар дурсамж яриа өрнүүлэн, шүүгч, мэтгэлцэгчид тангараг өргөснөөр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.Тус тэмцээнд 17 их, дээд сургуулийн 20 мэтгэлцээний клубийн нийт 48 шилдгийн шилдэг багууд “Чөлөөлье” уриан дор нэгдэж, парламентын мэтгэлцээнээр өөрсдийн мэдлэг чадвар, ур ухаан, авьяас билэг, судалгаа шинжилгээ, илтгэх ур чадвараараа өрсөлдөн аваргаа тодруулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/02/28
350
ТАНИН МЭДЭХҮЙ
Гал морин жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал
Төгсбуянтын зурхайн цаг тооны бичигт өгүүлснээр, гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2026 оны хоёрдугаар сарын 18-нд тохиож байна. Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах, мөн суудлын заслын  талаар толилуулья.ХИЙ СУУДАЛ Эр: 1915 1923 1931 1939 1947 1955 1963 1971 1979 1987 1995 2003 2011 2019Эм: 1917 1925 1933 1941 1949 1957 1965 1973 1981 1989 1997 2005 2013 2021Зүг, мөр: Зүүн зүгт гараад зүүн урдаас ирнэТарни: Ум базар падма мамаа бизаяа суухааЗасал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацна.ГАЛ СУУДАЛЭр: 1922 1930 1938 1946 1954 1962 1970 1978 1986 1994 2002 2010 2018 2026Эм: 1918 1926 1934 1942 1950 1958 1966 1974 1982 1990 1998 2006 2014 2022Зүг, мөр: Зүүн урд зүг рүү гараад урдаас ирнэТарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухааЗасал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (чүдэнз зурах), тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацнаШОРОО СУУДАЛЭр: 1921 1929 1937 1945 1953 1961 1969 1977 1985 1993 2001 2009 2017 2025Эм: 1919 1927 1935 1943 1951 1959 1967 1975 1983 1991 1999 2007 2015 2023Зүг, мөр: Баруун зүгт гараад баруун урдаас ирнэТарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухааЗасал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацнаМОД СУУДАЛЭр: 1916 1924 1932 1940 1948 1956 1964 1972 1980 1988 1996 2004 2012 2020Эм: 1916 1924 1932 1940 1948 1956 1964 1972 1980 1988 1996 2004 2012 2020Зүг, мөр: Хойш гараад зүүн зүгээс ирнэТарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухааЗасал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацнаТӨМӨР СУУДАЛЭр: 1920 1928 1936 1944 1952 1960 1968 1976 1984 1992 2000 2008 2016 2024Эм: 1920 1928 1936 1944 1952 1960 1968 1976 1984 1992 2000 2008 2016 2024Зүг, мөр: Баруун урд зүгт гарч, баруунаас ирнэТарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухааЗасал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж, хойд, урд зүг рүү цацнаУУЛ СУУДАЛЭр: 1917 1925 1933 1941 1949 1957 1965 1973 1981 1989 1997 2005 2013 2021Эм: 1915 1923 1931 1939 1947 1955 1963 1971 1979 1987 1995 2003 2011 2019Зүг, мөр: Баруун хойш гараад зүүн хойноос ирнэТарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухааЗасал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд, хойд зүг рүү цацнаУС СУУДАЛ Эр: 1918 1926 1934 1942 1950 1958 1966 1974 1982 1990 1998 2006 2014 2022Эм: 1922 1930 1938 1946 1954 1962 1970 1978 1986 1994 2002 2010 2018 2026Зүг, мөр: Зүүн зүгт гараад хойноос ирнэТарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухааЗасал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж гол, судаг дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацнаОГТОРГУЙ СУУДАЛЭр: 1919 1927 1935 1943 1951 1959 1967 1975 1983 1991 1999 2007 2015 2023Эм: 1921 1929 1937 1945 1953 1961 1969 1977 1985 1993 2001 2009 2017 2025Зүг, мөр: Зүүн хойш гараад баруун хойноосоо ирнэТарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухааЗасал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна
2026/02/17
594
ТАНИН МЭДЭХҮЙ
'Парламентын боловсрол' хөтөлбөрийн аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 62, 141 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн 11Б анги, Сонгинохайрхан дүүргийн 141 дүгээр сургуулийн 7Е ангийн сурагчид нийгмийн ухааны хичээлийн хүрээнд өнөөдөр (2026.02.03) Төрийн ордонд зочилж, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд оролцлоо.Сурагчид Төрийн есөн хөлт их цагаан тугт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зургаа авхуулсны зэрэгцээ Төрийн бэлгэ тэмдгийн талаар мэдээлэл авлаа. Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцан, Монгол Улсын Үндсэн хууль болон хүний эрхийн талаарх видео контентыг үзэж, нийгмийн ухааны хичээлийн мэдлэгээ бататгав.Хүүхэд, залууст парламентат ёс, ардчилал, хууль тогтоох үйл явцын талаар системтэй, зөв ойлголт өгч, оролцоотой, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэх зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрийг Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос хэрэгжүүлж байна.Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчдын тоо жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангиас дээш ангийн сурагчид анги, хамт олноороо Төрийн ордонд зочилж, хууль тогтоох үйл явцыг бодитоор харж, Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж, санал бодлоо илэрхийлэх боломжтой юм.Өнөөдөр нийт 6 байгууллагын 131 иргэн Төрийн ордонд зочиллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/02/03
430
ТАНИН МЭДЭХҮЙ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно
Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 25 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангадаг. Цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор эрчим хүчний чиглэлд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч, энэ хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус станц нь 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх бөгөөд ДЦС-5 ашиглалтад орсноор импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлож, цаашлаад илүүдэл ачааллыг дотоодын эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ гэдгийг салбарын инженерүүд тодотгодог.Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийт 26 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ДЦС-5 жилд 2,221 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 4,822,300 ГЖ дулаанаар хангах боломжтой болно. Үйлдвэрлэсэн цахилгааны 90 хувь нь төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд ингэснээр нийслэлийн баруун бүсийн 40 мянган айл өрхийг дулаанаар, мөн 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэх юм.Төслийн хэрэгжилтийн хүрээнд санхүүжилтийн гэрээг байгуулсан байна. Үүнтэй зэрэгцэн Түншлэлийн гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулж, хувийн хэвшлийн түншлэгчийн саналыг хүлээж буй бөгөөд уг төлөвлөгөө батлагдсанаар гэрээний иж бүрдэлд багтах 12 хавсралт гэрээ, 7 хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулах, батлах боломж бүрдэж, төслийн хэрэгжилтэд хяналт тавих бодит механизм бүрэн бий болох юм.ДЦС-5 нь агаараар хөргөдөг технологи ашиглах тул усны хэрэглээ харьцангуй бага, нүүрс шатаах процесс нь 800 гаруй хэмийн нам температурт явагддаг онцлогтой. Үүний үр дүнд хүхэр, азотын дутуу исэл багасаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах юм. Төсөл хэрэгжсэнээр дулаан, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангаж үнийг тогтворжуулах, хямд үнээр найдвартай эрчим хүч авах боломжийг бүрдүүлнэ.
2026/01/28
438
ТАНИН МЭДЭХҮЙ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгууллаа
Нийслэлээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Энэ хүрээнд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайланг гаргалаа. Тус тайланд тусгагдсан мэдээллээс хүргэе. Нийслэлд 1.7 сая иргэн амьдарч байна. Тэдний 49 хувь нь эрэгтэй бол 51 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийслэлд хөдөлмөр эрхлэх насны 591 мянган иргэн байгаагаас 328 мянга нь эрэгтэй, 263 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм. Нийслэлийн эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагад нийт 8232 ажилтан ажилладаг. Тэдний 6902 буюу 83 хувь нь эмэгтэй, 1330 буюу 17 хувь нь эрэгтэй байна. Улаанбаатар хотод 465 мянган өрх толгойлсон эцэг эх, амьдарч байна.2025 онд эрэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулах зорилтын хүрээнд “Эрэгтэйчүүдийн кабинет”–аар 5031 гаруй эрэгтэйчүүдэд үзлэг хийж, зөвлөгөө өгчээ.Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан  эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн харилцаа, төрийн  албан дахь жендэрийн  эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн зорилтын хэрэгжилт 70-95 хувьтай байна.Нийслэлээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хүний эрх, жендэрийн боловсрол олгох, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. Тухайлбал, “Их хотын бүсгүйчүүд 2025”, “Харилцан хүндэтгэе” аян, “Нандин бүхнээ хамгаалъя" уриатай жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян, “Байгууллагын захиргааны дотоод дүрэм, журамд жендэрийн асуудлыг тусгах нь”, “Жендэр ба хүний эрх” сургалт, хэлэлцүүлэг, “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр” зэрэг сургалт, аяныг зохион байгуулжээ.
2026/01/23
375
ТАНИН МЭДЭХҮЙ
Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан 'Туслах багш' хөгжүүлж байна
Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Өнөөгийн нийгэм, шинэ ирээдүйг цогцлоох залууст ямар ур чадвар хэрэгтэй вэ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв. Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ хиймэл оюуны мэдлэгийг давуу байдал бус харин үндсэн чадвар болгох зорилгын хүрээнд сургалтын үйл явцад үр дүнтэй, хариуцлагатай ашиглах нь чухал байгааг онцлон дурдав. “Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “туслах багш” нарыг хөгжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг Ерөнхий сайд танилцуулсан байна. Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар онцлов.
2026/01/21
388
ТАНИН МЭДЭХҮЙ
Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ
Монгол Улсад тэжээхүй ухааны дэг сургууль байгуулагдаж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний тогтолцоо үүсэж хөгжсөний 345 жилийн ойг тохиолдуулан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Зарлигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар гарын үсэг зурав.Зарлигт уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаач нарт Монголын уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, уламжлалт мэдлэгт суурилсан эрүүл аж төрөх ёсыг түгээн дэлгэрүүлэхийг уриалжээ.Энэ зарлигаар уламжлалт анагаахын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах зэрэг бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна. Зарлигийн хэрэгжилт, үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр тайлагнаж байх юм.Манай улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны салбарт хэвтэн эмчлүүлэх 44,000 гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэгт 1,277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Мөн эрдэм шинжилгээний 200 гаруй ажилтан, эмч, мэргэжилтэн бэлтгэх зургаан их сургууль, эмийн зургаан үйлдвэр ажиллаж байгаа юм.  
2026/01/16
404
ТАНИН МЭДЭХҮЙ
Үндсэн хуулийн уншлага боллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Үндсэн хуулийн уншлага өнөөдөр (2026.01.13) боллоо. Энэ удаагийн уншлагад оюутан, сурагчид, ахмадын төлөөлөл, тусгай хэрэгцээт иргэд, багш, эмч, сэтгүүлч, онцгой байдлын албан хаагч нар, үйлчилгээний салбарын ажилтнууд, одонтой ээжүүд гээд нийгмийн олон бүлгийн төлөөлөл оролцож, Монгол Улсын Үндсэн хуулийн онцлог зүйл, заалтыг үг, үсэгчлэн уншлаа.Үндсэн хуулийн уншлагыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, үнэт зүйл, ирээдүйн баталгаа болохын бодит илэрхийлэл нь энэ арга хэмжээ гэдгийг онцлон дурдаж, энэ оноос эхлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан үндсэн эрхүүдээс нэгийг сонгон, тухайн жилдээ тэрхүү эрх, эрх чөлөөний хүрээнд хууль тогтоомжуудаа боловсруулж, иргэдийнхээ дуу хоолойг сонсон, амьдралд бодитоор хэрэгжиж буй, эсэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжууд хүний эрх, эрх чөлөөг хангаж буй, эсэхэд хяналт тавьж ажиллах шийдвэр гаргасныг танилцууллаа. Үүний хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилга гаргаж 2026 оныг хүүхдийн эрх, эрх чөлөөг төрөөс хамгаалах жил болгож буйг Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлээд, ард түмний төлөөллийн дээд байгууллага болохын хувьд Улсын Их Хурал хууль батлаад орхих бус баталсан хууль, тогтоомж хэрхэн хэрэгжиж, иргэдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж, үр нөлөөгөө үзүүлж байна вэ гэдэгт хяналт тавих нь парламентад тавигдаж байгаа нэг чухал шаардлага болж буйг онцолсон юм.Орчин цагт парламентуудад төлөөлөх, хууль тогтоох, хянан шалгах уламжлалт чиг үүргүүдийн дээр нэгэн чухал чиг үүрэг нэмэгдсэн нь Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд танин мэдүүлэх, иргэдээ соён гэгээрүүлэх чиг үүрэг юм. Дэлхий дахинд “парламентын боловсрол” гэж товчоор томьёолж буй энэ чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас иргэд, тэр дундаа залуучууд, хүүхдүүдэд чиглэсэн соён гэгээрүүлэх хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж буй бөгөөд үүний хүрээнд явуулж буй нэг гол үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн уншлага болохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдав.Уншлагаар Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсгийг Монгол Улсын Гавьяат багш С.Отгонтуяа дуудсан бол тэргэнцэртэй иргэн Б.Од-Ирээдүй 2 дугаар зүйлийг, мужаан, тогооч, үйлчлэгч, төрийн албан хаагч, ахмад настан, сэтгүүлч, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд Хүний эрх, эрх чөлөөний тухай Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийг заалт заалтаар нь, “Эхийн алдар” одонтой алдарт эх Б.Алтанзаяа нөхөр, хүүхдүүдийн хамт 17 дугаар зүйлийг дуудлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар бүлгийн 70.1 дэх заалтыг уншлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 
2026/01/13
435
ТАНИН МЭДЭХҮЙ
Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт зарцуулж, хөрөнгө оруулалт хийхийг хүүхэд, залуус чухалчилж байна
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс хамтран зохин байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд шагналаа гардсаныхаа дараа бүтээлийнхээ тухай сэтгэгдлээ ийн хуваалцав.Байгалийн баялгийн зохистой ашиглалтад иргэдийн оролцоо, хариуцлага илүү чухал гэдгийг ойлгосонМонгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн: Энэхүү эсээ уралдааныхаа сэдвийг нь сонсоод Монгол Улсын баялгийн хуваарилалт, зохицуулалт, бусад улс орнуудын туршлага зэрэг асуудлаар чамгүй их судалгаа хийх шаардлагатай болсон. Монгол Улс байгалийн баялгаас олсон орлогыг иргэдийнхээ боловсролд зориулбал урт хугацаанд илүү үр өгөөжтэй байх нь гэсэн дүгнэлтэд хүрээд, эсээндээ энэ санаагаа тусгасан. Мөн байгалийн баялгийн зохистой ашиглалт нь зөвхөн төрийн үүрэг, оролцоо гэхээс илүүтэй иргэдийн оролцоо, хариуцлага илүү чухал байдаг гэдгийг маш сайн ойлгож авсан.Үндсэн хуульд байгалийн баялгийн талаар тунхаглаад зогсохгүй, иргэдийг энэ талын мэдээллээр ил тод хангах ёстой гэсэн заалт хүртэл байдагМонгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Н.Наран-Эрдэнэ: Байгалийн баялаг гэж хүмүүс их ярьдаг. Миний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдгаа эргэцүүлж байгаагүй юм билээ. Тиймээс эл сэдвийн тухайд нийгэм, хүмүүс ямар байр суурьтай байгаа талаар судалсан. Эндээс иргэдийн олонх байгалийн баялгийг ашиглах асуудалд сөрөг байр суурьтай юм уу даа гэдэг нь ажиглагдсан. Иймд байгалийн баялгийг хэрхэн зөв ашиглах талаар төр зөвхөн бодлого боловсруулж хэрэгжүүлээд, хувийн хэвшил нь хариуцлагатай хандаад зогсохгүй, иргэдэд ил тод, нээлтэй мэдээлэл түгээх, асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь зүйтэй санагдсан. Энэхүү шинжлэх ухаанч мэдлэгийг боловсролоор дамжуулж хэрхэн, яаж олгож болох вэ гэдгийг эсээндээ илүү тусгаж өгсөн. Үндсэн хуульд байгалийн баялгийн талаар тунхаглаад зогсохгүй, иргэдийг энэ талын мэдээллээр ил тод хангах ёстой гэдэг заалт хүртэл байдаг. Иймээс бид Үндсэн хуулиа судалж, мэдэх хэрэгтэй байна.Хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхайн талаарх харьцуулалтыг  эсээндээ тусгасанШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн оюутан А.Найдан: Миний бичсэн эсээний агуулга Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд үндэслээд хариуцлагатай болон хариуцлагагүй уул уурхайн талаарх харьцуулалт хийсэн баримтаа тусгасан. Улмаар байгалийн баялгаа зөв зохистой ашигласнаар ямар ашигтай байх вэ, эсрэгээрээ байгалиа сүйтгэж, нөхөн сэргээхгүй байснаар ямар үр дагаварт хүрэх талаар хөндөн бичсэн. Үүний шийдэл нь уул уурхайн баялгийг ашиглаад нөхөн сэргээлт хийлгүй орхисон асуудлыг иргэд төрд нэн даруй мэдэгддэг болох нь чухал байгаа юм. Залуус бид, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд эергээр нөлөөлж, ирээдүйг авч явах хамгийн том түүчээ учраас Үндсэн хуулиа заавал судалж, мэдэх ёстой юм байна.Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт илүү зарцуулах ёстойНийслэлийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн сурагч О.Тэнүүнжаргал: Монгол гэрийн унь, дээврийн дунд байдаг зайг заваг гэдэг. Өөрт байгаа боломжоо ашиглаж чаддаггүй хүнийг завагтаа хүрдэггүй гэж эмээ маань тайлбарлаж өгч байсан. Энэ нь надад Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж чадахгүй байгаатай төстэй санагдаад эсээнийхээ агуулгадаа тусгасан. Миний хувьд байгалийн баялгийн хувь гэж иргэдэд бэлэн мөнгө өгөхийг өгөөж гэж боддоггүй. Харин баялгийн сангийн хуримтлал үүсгээд дэлхийн стандартад нийцсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг баривал энэ нь иргэдэд хүртээж байгаа баялгийн зөв өгөөж  болно гэж бодож байна. Байгалийн баялгийнхаа өгөөжийг боловсролын салбарт илүү зарцуулж, хөрөнгө оруулалт хийх ёстой санагддаг. Би энэхүү эсээгээ бичихийн тулд Үндсэн хуулиа сайн судалж, мэдсэн.Үндсэн хуулийн Зургадугаар зүйл нь өнөөдрийн бус ирээдүйн үеийнхний эрх ашгийг бодолцож хамгаалж, ашиглах ёстой гэсэн агуулгатай гэж боддогБаян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата: Юуны өмнө Монгол Улсын Үндэсний хуулийн өдөр”-т зориулж энэхүү уралдааныг зохион байгуулж, биднийг оролцоог хангаж, өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломж олгосон хүмүүст талархаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн заасан нь зөвхөн өнөөдрийн бус ирээдүйн үеийнхний эрх ашгийг бодолцож хамгаалж, ашиглах ёстой гэсэн агуулгатай гэж боддог.Байгалийнхаа баялгаа ашиглаад, нөхөн сэргээлтээ хийж чадаж байна уу гэдэгт  иргэд хяналт, шалгуур тавих хэрэгтэйХовд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Н.Намуун: Үндсэн хууль, төр засаг нь Монгол Улсынхаа төлөө байх нь хангалтгүй. Харин ард, иргэд нь энэ асуудалд хариуцлагатай Үндсэн хуульдаа захирагддаг байх хэрэгтэй. Энэ агуулгыг эсээндээ тусгасан. Монгол Улс байгалийнхаа баялгаа ашиглаад, нөхөн сэргээлтээ хийж чадаж байна уу гэдэгт иргэд хяналт, шалгуур тавих хэрэгтэй. Мөн төр засгаасаа эхлээд энэ мэдээллийг ил тод, илүү нээлттэй байлгах нь зөв гэж ойлгодог. Хариуцлага гэдэг зөвхөн томчууд, эрх мэдэлтнүүдийн асуудал, эсвэл тэдний гаргасан шийдвэрт захирагдана гэсэн үг биш. Хүүхдүүд ч гэсэн дуу хоолойгоо хүргэж, эх орныхоо төлөө, өөрсдийнхөө амьдармаар байгаа ирээдүйгээ бүтээхийн тулд ямар оролцоотой байх талаараа бодож, төлөвшихөд хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 
2026/01/12
362
ТАНИН МЭДЭХҮЙ
Н.Цэрэнхүү: Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон,  Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.Л.Батчулуун:Хуралд суухын хажуугаар аймаг орны төлөвлөгөөт болон шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлаар холбогдох яам, газар танилцуулж, шийдвэрлүүлэхэд багагүй цаг зардагсанАнхны ардчилсан сонгуулиар АИХ-ын сонгуулийн Мөрөнгийн тойрогт өрсөлдөж, аймгийн геологийн инженер Чилхаажав (хожмын УБХ-ын гишүүн) ялагдаж, харин 380 дугаар тойрог буюу миний төрсөн сум Баянзүрхэд сонгууль будилж, хүчингүй болон дахин сонгууль зарлахад нутгийн зон олон намайг урьж оролцуулснаар 97 хувийн саналаар ялалт байгуулан АИХ-ын депутатаар сонгогдон шинэ Үндсэн хууль батлалцах хүндтэй хариуцлагатай үүрэг ноогдож, бас болоогүй аймгаас сонгогдсон АИХ-ын депутатуудын ахлагчаар ажиллах хувь тохиосон юм. Бүлгийн ахлагчийн хувьд зохион байгуулалт, бодлого чиглэлийг нэгтгэх, ээдрээтэй асуудал бүрд бүлгээрээ тусгайлан хуралдаж санал бодлоо нэгтгэн депутатуудаа ээлж дараалалд оруулан нэгдсэн хуралдаанд нэгтгэн илэрхийлэх аргыг өргөн хэрэглэдэг байв.Манай депутатуудаас Н.Цэрэнхүү, Н.Баасанжав нар хамгийн олон удаа үг хэлж, санал шүүмжлэл гаргасан. Хуралд суухын хажуугаар ар тал, аймаг орны төлөвлөгөөт болон шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлаар холбогдох яам, газар танилцуулах, хуралд нь сууж шийдвэрлүүлэхэд багагүй цаг зардагсан.1991 оны сүүлээр бензин, тосны асуудал хүндэрч, цагийн байдал, цас зуд багагүй нүүрлэсэн тул Засгийн газрын хуралдаанд асуудал бэлтгэж оруулан армийн нөөцөөс 12 ширхэг туулах чадвар сайтай бензин цистерн балансаас балансад шилжүүлж аймагтаа хүргүүлэн би өөрөө тэр үеийн ХҮ-ийн сайд Н.Баярбаатартай Буриад Улсын Түнкэн аймаг, Эрхүү мужид ажиллан гэрээ хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлэн Ханхаар бензин, шатахуунаа авч Хөвсгөл Завханыг хангаж байв. Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийг бэхжүүлэх зорилгоор “Алтай” зочид буудлыг авч ашиглахаар гэрээ хэлцэл байгуулах, аймагтаа баруун чиглэлийн тээврийн зам зориулж өндөр хүчин чадлын нефтийн бүтээгдэхүүний бааз байгуулах, мөн аймаг дундын бөөний худалдааны төвийн барилгыг эхлүүлэх, аймгийн барилгын материалын бааз болон шинээр байгуулсан хорих ангийг бэхжүүлэх зэрэг олон ажлыг амжуулж байсан санагдана.Чуулгандаа сууж хуулиа хэлэлцэхээс гадна тойргийн хамт олон, нийслэлийн албан байгууллага, их, дээд сургуулиудаар хуулийн хэлэлцүүлгийн явц, шийдүүлэхэд хүнд байгаа асуудлын талаар танилцуулах, санал бодлыг нь сонсох, бүлгүүд ажлын хэсгийнхэнтэй тусгайлан уулзаж зөвшилцөх, мэтгэлцэх зэргээр цаг завгүй ажилладагсан. Зарим асуудлыг тухайлбал, хот тосгоны эрх зүйн асуудлыг Үндсэн хуульд бие даалган оруулах эрх зүйн орчныг баталгаажуулах талаар бүлгүүд ажлын хэсэг дээр олон удаа ярилцсан боловч, дэлхийн жишиг нэрээр орж ирсэн анхны төслөөр баталсны балаг Дархан-Уул, Эрдэнэт, Говьсүмбэр гэсэн цөөхөн сумтай, багаахан газар нутагтай аймаг, Бор-Өндөр, Бэрх, Хатгал, Тосонцэнгэл зэрэг улсын дундаж сумын хэмжээний багууд байгуулагдаж горыг нь амсаж байна.БНМАУ-ын АИХ-ын 380 дугаар тойргийн депутат Лхамжавын Батчулуун Төрийн ордон. 1991 онҮндсэн хууль батлагдахаас цөөхөн хоногийн өмнө хөдөөнөөс голдуу сонгогдсон депутатууд цугларч батлагдах гэж байгаа хуулийнхаа зарим асуудлаар цөөнх болж хүчин мөхөсдсөн тухайгаа ярилцаж, Хөдөлмөрийн баатар Аварзэд гуайн голчхон гаргасан саналыг үндэслэн газрын харилцаа, өмч хувьчлал, бэлчээрийн асуудлаар шинэ Үндсэн хуульд дутуу тусгасан тул уг асуудлыг бие даасан хууль болгоход АИХ-ын депутатууд, ард нийтийн санал асуулгаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг АИХ-д мэдээлэн дэмжихийг хүсэж, нэр бүхий 241 депутат гарын үсгээ зурж баталгаажуулсныг Үндсэн хууль батлагдахаас цаг орчмын өмнө миний бие гардуулах үүрэг хүлээж, чуулганы хуралдаан дээр АИХ-ын даргад өргөн барьж билээ (АИХ-ын архивыг үзвэл байгаа). Бичгээ өгөөд буцах агшинд депутат М.Энхсайхан (Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга) их ууртай босч ирэн "Та нар шиг юм ардчилсан шинэ Үндсэн хууль батлахаас өмнө эсэргүүцэл илэрхийлээгүй шүү" гэж доог, омог хослуулан зандарч байсансан. Одоо тэр маань Үндсэн хуулиа орвонгоор нь өөрчлөх төсөл санаачлан гардан зохион байгуулагч болсныг харахад сонирхолтой санагддаг.Монголын нийгмийн хүндрэл бэрхшээлийг даван туулах чадвартай, олон улсын жишигт нийцсэн, эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнол, хэтийн хөгжлийн хөтөч луужин баталгаа болж чадсан. Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлалцан хэрэгжүүлж яваадаа бахархахын хамт ялалт, ялагдлыг хамтдаа туулж төр түмний түүх бүтээлцсэн "халуун өдрүүд", депутат нөхдөө дурсан санахад юутай сайхан.Н.Цэрэнхүү: Төрийн маань сүлд төвөгтэй батлагдсан дааАливаа улсыг Үндсэн хуулиар нь таньж мэддэг гэж ярьдаг. 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хууль нь улс төрийн тогтвортой байдлыг хангасан ардчиллыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, хөгжлийн ирээдүйг тодорхойлсон, өөрийн орны өвөрмөц онцлог уламжлалтай холбосон дэлхийн төвшинд зөвшөөрөгдсөн түүхэн баримт бичиг, оюуны том бүтээл болсон юм.Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхлэх өдрөөс батлах хүртэлх хугацаанд байнга нээлттэй байсан хамгийн маргаантай зөвшилцөж тохирдоггүй асуудал бол улсын нэр, хуулийн нэр, төрийн сүлд гурав байсан юм. Хэрвээ улсын нэрийг БНМАУ, төрийн бэлгэдэл сүлдийг хуучнаар үлдээвэл 70 жил ноёрхсон нийгмийн урдах тогтолцоог АИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж үздэг депутатууд нэлээдгүй байлаа. Тэр үед харьцангуй залуувтар насны депутатууд болон өөрсдийгөө ардчилагчид гэж нэрийдэгсэд хувьсгалт, ард гэх мэт нэр, улаан өнгө,  таван хошуу зэргээс үнэнхүү дургүйцэж байсан. Тийм ч учраас “БНМАУ”-ын “ард”-ыг авч хаях, төрийн тугийг "улаан”-гүй хөх цэнхэр болгох, улсын нийслэлийг Улаанбаатар биш өөр нэрээр нэрлэх гэх мэтээр нэлээдгүй маргалдаж байв.АИХ-ын депутатууд Төрийн сүлд, туг, далбаа,тамгын загварын үзэсгэлэн үзэж байна. Төрийн ордон 1991 онАИХ-ын II чуулганы хуралдаанд ирүүлсэн Төрийн сүлд, туг, далбаа, тамгын загвар.  1991 онҮндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй юм. Нэг үгний ч төлөө маргалдаж, хэлэлцэж тал бүрээс нь тунгааж байлаа. Жишээ нь: “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга орших хотыг улсын нийслэл гэнэ" гэсэн нэг өгүүлбэрийг бараг өдөржин ярилцаж, хэлэлцэж, зөвшилцөж байгаад “орших" гэдэг үг бол ирээдүй цагийг зааж байна. Нөгөө талаар оршуулга гэдэг утгатай дүйцэх маягтай гэж маргалдсаны эцэст депутат Л.Түдэвийн санал болгосноор “орших” биш “оршдог” гэдэг үгээр сольж баталж байлаа.АИХ-ын чуулганы хуралдаанд Ардын зураач Н.Чүлтэм өөрийн бүтээсэн Төрийн сүлдийн загварыг танилцуулж байна. 1991 онҮндсэн хуулийн бүлэг, заалтуудаас олон зүйлийг ярьж болох боловч төрийн бэлгэдэл болсон сүлдний талаар яаж, хэлэлцэж, маргалдаж байсныг товч сонирхуулъя. Анхны хэлэлцүүлэгт төрийн сүлд, зураач Ш.Тэнгисболдын загвараар цагаан, улаан хосолсон тасман хөвөөтэй хөх цэнхэр тойрог дотор элгэндээ дөрвөлжин хөх дэвсгэр дээр нар, сар, гал гурвыг мандуулж, эв эеийг илтгэх багц таван сумыг атгасан шонхор шувууг дүрсэлсэн байь. Гэтэл морьтой сүлдэндээ дассан депутатууд морь биш шувуун сүлдтэй болохоос зэрвэсхийж,түүнийг тал бүрээс нь муулж огт хүлээж авсангүй. Шувуу үр төл муутай, дэлэн хөхгүй, юм тогшиж иддэг, эвэр хошуутай, махчин, шувууны сүүдэр тооно дайрахыг муу ёр гэдэг, хон хэрээг санагдуулж байна гэхчилэнгээр элдвээр муулцгаалаа.Улсын нэр, сүлдний талаар эцэс, төгсгөлгүй маргалдсаар сүүлдээ эрдэмтэн, мэргэд, судлаачдаар хичээл заалгах, зөвлөгөө авах саналыг нь сонсох зэргээр ойлголт, мэдлэгээ ч дээшлүүлцгээв. Эрдэмтэн доктор түүхч Ч.Далай, Г.Сүхбаатар, соёмбо судлаач Т.Отгонбаатар нараар хичээл заалгаж, Ж.Бадраа, П.Бадарч нарын зохиосон киног үзүүлсэн ч шонхор шувууг хүлээж авсангүй. Бүр аргаа бараад сүлд, тугны загвар бүтээх уралдаан зарлаж, 40 гаруй бүтээл ирснийг депутатуудад үзэсгэлэн гаргаж үзүүлэн, санал авахад тэр дотор сэтгэлд нийцэн тэнцэх бүтээл нэг ч гарсангүй. Аргаа бараад төрийн бэлгэдлийн асуудлаар депутатуудын дунд судалгаа явуулж, төрийн сүлдэнд ямар элементүүд оруулах талаар тодруулахад 80 хувь нь соёмбо, 76 хувь нь морь, 70 хувь нь нар, сар, 52 хувь нь галыг сүлдэндээ оруулах санал өгч, харин шонхор шувууны төлөө 1.5-хан хувь нь санал өгсөн байлаа. Ардын Их Хурлын танхимд төрийн бэлгэдлийн талаар ид маргалдаж байхад гаднаас янз бүрийн санал, шахалт байнга ирж байв. "Үг" сонины 30 дугаарт нэг сонгогчоос депутатуудад хандаж анхааруулга гаргасан байв. Тэнд “Та нарыг нэг муу махчин шувуутай сүлд батал гэж тулгаад байгаа дуулдана. Махчин амьтан сүлдэнд байж болохгүй шүү. Харин тэр сүлдэндээ хүн оруулав зай. Хүн золиг чинь шонхор шувуунаас хамаагүй их мах иддэг амьтан. Төрийн сүлдэнд чинь сүүтэй амьтан байлгүй яах вэ. Болж огвол симменталь үүлдрийн үнээ оруулахыг бодоорой. Бүр болдоггүй бол хуучин амьтан. Төрийн сүлдэнд чинь сүүтэй амьтан байлгүй яах вэ. Болж өгвөл байсан морийг гүү болгочихоорой... Эсвэл заавал хүн шаардлагатай бол мах иддэггүйгээр нь лам оруулж болно. Ингээд сэрийсэн хөхтэй сүү нь дусалсан гүү унасан, лам хүн улаан биш хар өнгөтэй нарыг зорин давхиж ... байгаагаар сүлдээ баталья” гэсэн санал дэвшүүлж байсан. Бас өөр нэг сонин дээр гөлөг сүлдтэй байвал яасан юм бэ гээд гөлөг бол “ертөнцийн гурван хөөрхөн”-ий нэгэнд ордог. Ер нь ч жинхэнэ монгол нохой айл гэрийн сүр сүлд, бахархал байдаг гээд монгол нохойноос гадна гадаадын үүлдрийн нохойнуудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байсан юмдаг. Мөн тарвагыг оруулсан ч болно. Тэгвэл “Сүлдэнд мөнхөрсөн тарвага эрдэнэ хө" гээд хойшоо явж буй залуучууд дуулаад, гитардаж явбал зугаатай байх болно гэх мэтээр өдсөн, басамжилсан, егөөдсөн маш олон материал сонин хэвлэлд гарч байв.АИХ-ын II чуулганы хуралдаанд зураач Ш.Тэнгисболд, Ц.Ойдов нар Төрийн   сүлд, туг, далбаа,тамгын загвар.  1991 онГэтэл залхсан, мухардсан депутатуудын сэтгэл зүйг овжин мэдэрсэн, зураач Ц.Ойдовын морь, соёмбо бүхий элементтэй одоогийн баталсан сүлдний загвар гэнэт гарч ирж, олонхын дэмжлэг авах хандлагатай болоход хэд хэдэн депутат ул үндэстэйгээр эсэргүүцэв. Депутат Ц.Балдорж: Ойдовын морь хавтгай толгой, дэл сүүлтэй, сүүл, хойт хөл хоёр нь хоорондоо нийлээд архины бөглөө онгойлгодог гогцоо хэлбэртэй болжээ...Депутат Л.Түдэв: Ойдовын зурсан энэ морь, морь гэхэд хэцүү, цаасан хайчилсан хайчилбар шиг ийм хавтгай зургийг сүлд гэж ард түмэн сүсэглэн хүндэтгэнэ гэхэд хэцүү болжээ. Морь, соёмбо хоёрыг сүлдэнд оруулахыг санал болгосон хүмүүсийн аль алийг гомдоохгүй гэсэн юм шиг ханджээ. Сүлд далбаа бол ариун нандин зүйл. Ойдовын энэ сүлдэнд товойж харагдах зүйл алга байна. Ёстой л холимог зэрэмдэг зүйл болжээ. Энэ бүхэн урлаг мухардалд оруулсныг харуулж байна...Депутат Р.Рэнцэннацаг: Ойдовын энэ загвар чинь Майн Ридийн өнөөх "Морь унасан толгойгүй хүн" гэдгийг санагдуулаад байна. Тэгээд ч монголчууд нуруун дээрээ жаахан ачаатай сул мориноос их сэжиглэдэг гэхчилэнгээр муулцгаалаа. Миний бие хүртэл Ойдовын сүлдний загварт дургүйцэж хагарсан шил шиг, сарнисан, бутарсан цээж бөгс нь тасарсан моринд сэтгэл гонсгор байсан юм. Гэвч лам олдохгүй бол буцахдаа таныг зална гэдэг шиг сүлдний өөр хувилбар байхгүй учраас Ойдовын энэ загвар Үндсэн хууль эцэслэн батлагдахын урд өдөр олонхын саналаар батлагдсан юм.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэд байдлын бэлгэ тэмдэг болсон төрийн сүлд далбаа, дуулал нь ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг нандин зүйл болохыг эрхэм депутатууд гүнзгий ухамсарлаж, нухацтай хандаж байсан нь эргэн санахад сургамжтай.Үндсэн хууль батлагдаж байсан энэ үед манай орны ард түмний улс төрийн идэвх сонирхол маш өрнүүн оргил үе байсан санагддаг. Өмч хувьчлал явагдаж хүн бүр л “хувьцаа” гэх цэнхэр, ягаан тасалбар аваад л алт мөнгөө цэвэршүүлэх гэж гадагшаа гаргасан, диллер тоглож валютаа алдсан, энэ бүхнийг илчилсэн улсын банкны ерөнхий хорооны дарга асан Дарийн Данзан бараг л ардын баатар гэж нэрлэгдэж байсан үе юм. Ямар сайндаа сүлд дууны талаар маргаан болж байхад хуучин үгээ өөрчилж:Дархан манай “Хувьцаат” улсДаяар монголын "Алтан диллер"Данзангийн үгэнд хэзээ ч орохгүйДандаа ингэж үүрд баларна гэж сүлд дуугаа өөрчилбөл яасан юм бэ гэсэн шог яриа танхимд тэнүүчилж байхав дээ.Гэвч үүрэг зорилтоо гүнзгий ухамсарласан ардчилсан сонгуулийн анхны депутатууд шахалт, хавчилт, шаардлага, сүрдүүлэг, ухуулга, ятгалга, бухимдал, айдас бачимдах, баярлах, гацах, зөвшилцөх уур амьсгал дунд олон ургалч үзэл, оюуны хүч чадлаа уралдуулан байж дааж ядсан ачаалалтай, далан зургаан өдөр хуралдаж, “Монгол Улсын Үндсэн хууль" гэдэг ХХ зууны манлай хуулийг баталж чадсан юм. Энэ сайхан Монгол өргөөний өрхийг таталцаж унийг өлгөлцөж байсандаа насан туршдаа бахархаж явах болно.Н.Содном:Ардын Их Хурлын хамгийн гол бүтээлийн нэг нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан явдал1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед тэр үеийн социалист системийн орнуудад өөрчлөн байгуулалтын их аян өрнөж, хүн бүр ажил албандаа энэ үгийг ярих, хийж хэрэгжүүлэх эрмэлзэлтэй болж байсантай давхцан ардчилал зах зээлийн давалгаа хүчтэй өрнөж, ардчилсан нийгэмд шилжих баттай суурь тавигдаж байсан. Тэрхүү 1990 онд АИХ-ыг сонгох сонгууль олон намын мандаттай чөлөөт ардчилсан шинэлэг хэлбэрээр болоход Хөвсгөл аймгийн Галт сумын АИХ-ын 382 дугаар тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн хүмүүсээс олонхын санал авч (63 хувийн), Ардын Их Хурлын депутат гэсэн нэр хүндтэй, хариуцлагатай албыг хаших болж билээ. Би депутатаар сонгогдох үедээ сум-нэгдлийн даргаар ажиллаж байсан юм. Энэ удаагийн АИХ-ын анхдугаар чуулган үнэхээр шинэлэг хэлбэртэй, асуудлыг олон өнцгөөс харж, олон санаа уралдуулан хэлэлцэж, зөв шударга шийдвэрт хүрч байсанд хөдөөгийн депутатын хувьд их баярлаж байлаа. АИХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуралдааны дэгийн тухай асуудлыг хэлэлцэн батлахад нэлээдгүй цаг зарцуулж, гаргасан санал бүр дээр депутатуудын саналыг тоолж, асуудлыг олонхоор шийдвэрлэж байсныг тод санаж байна. Энэ хуралдаанаараа Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг (П.Очирбат гуайг) сонгож, Улсын Бага Хурлыг байгуулж даргаар нь Р.Гончигдоржийг, нарийн бичгийн даргаар Б.Чимид гуайг сонгож байв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар П.Бямбасүрэн гуайг томилж байсан юм.АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал богино хугацаанд ажилласан боловч Монгол Улсынхаа түүхэнд тодоос тод үлдэх олон чухал асуудлыг шийдвэрлэсэн. Ялангуяа парламентын хоёр танхимтай ажиллахын ач холбогдол, үлгэр жишээг энэ хугацаанд харуулж чадсан. Улсын Бага Хурлыг байгуулж, Бага Хуралдаа хийж, шийдвэрлэсэн асуудлыг нь цаг хугацаатай тогтоож өгөөд түүнийхээ хэрэгжилтийг дараагийн хуралдаанаараа сонсож, Бага Хурлаас гаргасан шийдвэрийг зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгдөг байсан нь оновчтой сонгомол хэлбэр мэт санагдаж билээ. Тэр үед байгуулсан Улсын Бага Хурал (доод танхим гэж болох) үүргээ маш сайн биелүүлж, ардчилал, зах зээлийг шинэ нийгмийн хөгжлийн залуур болсон олон хуулийг баталж мөрдүүлснийг бид сайн мэднэ. Энэ удаагийн Ардын Их Хурлын хамгийн гол бүтээлийн нэг нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан явдал билээ. Ард нийтийн санал авч төр, олон нийтийн байгууллага, Улсын Бага Хурлаар хэлэлцэж боловсруулсан Үндсэн хуулийн төслийг АИХ-ын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд хэлэлцэн баталж байлаа.Хуулийн төслийг үг үсэг, өгүүлбэр, цэг таслал утга агуулга, хуулийн хэллэг найруулгыг олон талаас нь дахин дахин нягталж бидний баталсан Үндсэн хуулийг боломжийн сайн хууль гэж хувь хүнийхээ хувьд дүгнэдэг юм.               Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/
2026/01/08
440