НИЙГЭМ
НИЙГЭМ
Нийтийн эзэмшлийн зам талбай дахь стандартын зөрчлийг арилгуулж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах зэргийг үүрэг болгосон. Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн байна. Мөн Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийсэн бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас албан хаагчдаа уриалан, байгууллага, орчныхоо өнгө үзэмжийг сэргээн, угаалгатай их цэвэрлэгээг эхлүүлжээ.Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/367 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай дахь эд зүйлсийн зөрчлийг арилгах ажлын хэсэг гаран ажиллаж байна. Тодруулбал, нийтийн эзэмшлийн талбайд техник хэрэгсэл, бетонон барилга байгууламж байгуулах, байрлуулах, хийц эдлэл худалдан борлуулах, хоёрдогч түүхий эд авах зэрэг стандартын зөрчлүүдийг арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх юм. Энэ хүрээнд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа болон талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн сунгасан зөрчилтэй иргэн, хуулийн этгээдийг 440 нэгж талбар, 134 зөөврийн байгууламжид давхардсан тоогоор 553 мэдэгдэл хүргүүлж, 75 зөрчлийг арилгасан байна.Ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх, аюулгүй байдлыг хангахыг даалгасны хүрээнд 515 айл өрхийн цахилгааны ил гарсан утас, хэрэглэгчийн тоолуурын оруулгад үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгалаа. Мөн 85 шонд таг хийж, явган хүний зам дагуу ил гарсан 311 метр кабелийг цэгцэлж булсан бөгөөд зөрчлийг арилгах ажил үргэлжилж байна.Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудыг яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулж, засварлах, шинэчлэх, Хотын стандартын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлэх;Нийслэлийн хэмжээнд гарааш буулгаж байгаатай холбогдуулан чөлөөлсөн талбайд хийх тохижилтын зураг төслийг боловсруулах, бэлтгэл хангах зэргийг үүрэг болгосон юм.
2024/04/08
399
НИЙГЭМ
Авто зам засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна
Авто замын урсгал болон ээлжит засварыг шөнийн цагаар гүйцэтгэж байна. Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засвар буюу нүхэн эвдрэл, заадас засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Авто замыг засварлахдаа хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж ачаалал үүсгэхгүйн тулд тулд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлаж буй.Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх 2.4 км авто замын засвар шинэчлэлийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр эхлүүллээ. Эхний ээлжид "Цагдаа" хотхоны уулзвараас Ботаникийн эцэс хүртэлх 800 метр авто замд асфальт хучилт хийх бөгөөд цаашлаад хашлага, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээн, борооны ус зайлуулах шүүрт худгуудыг өндөрлөх юм. Тус авто зам нь 1970 онд ашиглалтад орсон бөгөөд 2006 онд их засвар, 2014 онд борооны ус зайлуулах шугам нэмэлтээр хийсэн байна.Ташрамд, авто замын хашлага нь хучилтын түвшнээс дээш 15 см байх стандарттай. Тэгвэл авто замд засвар шинэчлэл хийхдээ хуучин замыг асфальт бетоноор хучиж, хийцийг хүчитгэж байгаа тул энэ тохиолдолд хашлагыг хуулж, замыг түвшинд тааруулан, стандартын дагуу өндөрлөдөг байна.
2024/04/08
412
НИЙГЭМ
'Шувуу ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирлаа
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2019 онд их хэмжээний мансууруулах олсны ургамал түүж бэлтгэсэн, хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ хамтран зохион байгууллаа.
2024/04/08
348
НИЙГЭМ
Гэр бүлийн уулзалтын үеэр албаны онцлогийг харуулсан үзмэрүүдийг танилцууллаа
Онцгой байдлын байгууллага байгуулагдсан цагаас алба хаагчдад мэргэжил олгох, мэргэшүүлэх, боловсролын зэрэг ахиулахад байнга анхаарч, сургалтад хамрагдах боломжийг нэмэгдүүлсээр ирсэн. Тухайлбал, дотооддоо ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, БХИС, Удирдлагын академи болон ОХУ-ын Гал эсэргүүцэх академи, Иргэний хамгаалалтын академи, Торжокийн политехникийн коллеж болон БНСУ, БНПУ, БНУУ, Япон улсуудад алба хаагчдыг сургаж, дадлагажуулж байна.Энэ мэт алба хаагчдын мэргэшил, онцлогийн талаар таниулах “Онцгой алба-Бидний алба” гэр бүлийн уулзалтыг Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.Уулзалтад Увс, Завхан аймгуудын Онцгой байдлын газрын 300 гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр Завхан аймгийн Онцгой байдлын газраас түүхэн үйл явдал, эдэлж хэрэглэж байсан зүйлс, аврах ажиллагааны багаж хэрэгслийг алба хаагчдын гэр бүлийнхэнд танилцууллаа.
2024/04/08
457
НИЙГЭМ
Он гарсаар 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар ажиллалаа
Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд 04 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 07-ны байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа.
2024/04/08
583
НИЙГЭМ
Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, СӨХ-дыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Уг ажил энэ амралтын өдрүүдэд илүү эрчимжин, УБЗАА, дүүрэг, хороодын аж ахуйн нэгж байгууллагууд, СӨХ, их дээд сургуулийн оюутан залуусыг хамран, өргөн хүрээнд үргэлжилж байна.Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ амралтын өдрүүдэд эрчимтэй үргэлжилж байна. Цаашлаад хагас сайн өдөр бүр бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмолжуулна. Өнөөдрийн байдлаар УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайн цэвэрлэгээг хийлээ. Үүнээс гадна дүүргүүд өөрсдийн хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбай, хөшөө дурсгал, автобусны буудлын фасад, сандал, хогийн сав зэргийг цэвэрлэж байгаа. Өмнө нь тоос шороо босгон шүүрдэж цэвэрлэдэг байсан бол энэ жил тусгай зориулалтын багаж, бодис ашиглан чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа. Ингэснээр дөрвөн хүний ажлыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэн, бүтээмж нэмэгдэж байна. Айл өрх, албан байгууллага бүр орчны 50 м талбайгаа цэвэрлэн, СӨХ-дыг хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийн, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой.Тухайлбал, Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээ, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, ногоон байгууламж, зам талбайн үйлчлэгч нар, 18 их, дээд сургуулийн 850 оюутан залуус энэ удаагийн их цэвэрлэгээнд оролцож буй. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх 55 км нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, 46 автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад, 997 метр хайс хашлага, 150 хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, зургаан хөшөө дурсгалт талбай угааж, цэвэрлэгээний үед гарсан 178 тонн хог хаягдлыг тээвэрлэсэн байна. Мөн 51 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийж, зүлэгт талбайн самналт цэвэрлэгээг хийлээ.Харин Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээ, хог хаягдал тээвэрлэлт, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан байгууллагууд, сайн дурын байгууллага, клубийн нийт 21,263 хүн “Хаврын их цэвэрлэгээ”-нд нэгдээд буй. Ийнхүү дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал, хаяг, хаягийн байгууламж, шилэн фасад, хайс хашлага, хогийн сав, сандал, замын тэмдэг, тэмдэглэгээ, хөшөө дурсгал угаан, хог хаягдал цэвэрлэж байна. Түүнчлэн гэрэлтүүлгийн самбар, таг нь эвдэрсэн гэрэлтүүлгийн шонг шинэчлэн, 462 м кабелийн утас засварлажээ. Мөн 48 км авто замд тоосжилт, бохирдол бууруулах усалгаа хийлээ.Энэ мэтчилэн дүүрэг бүр өөрсдийн эзэмшлийн хог тээвэр болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд нийтийн эзэмшлийн гудамж зам, орчны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэн, барилгын хана, фасадыг угааж буй юм.
2024/04/08
426
НИЙГЭМ
Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс “Шангрила” чиглэлд байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүжин замын тээврийн төслийн гүйцэтгэгч “Пома” группийн төлөөлөлтэй хамт дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг байгуулах байршилд ажиллаж, шугамын хэмжилтийг хийлээ.Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн нийтийн тээврээр зорчих урсгалыг нэмэгдүүлэх үүднээс дүүжин замын тээврийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд тус төслийн хоёр дахь шугамыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд талын зогсоолоос “Шангрила” төвийн баруун хойд тал, хуучнаар Д.Нацагдоржийн хөшөө байсан байршил хүртэл 2.7 км урттай байхаар төлөвлөж, хэмжилт хийлээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ шугам нийт найман том тулгуурт баганатай байх тооцоолол гарсан. Хоёрдугаар шугамын нөлөөллийн бүсэд цахилгаан дамжуулах агаарын шугамын хэд хэдэн бетон шон өртөж байгаа. Түүнийг шилжүүлэх асуудлаар холбогдох албаныхантай зөвшилцөх шаардлагатай байгаа. Ингэж чадвал бүтээн байгуулалтын өртөг буурах юм. Бид дүүжин замын тээврийн шинэ шугамтай холбоотойгоор цаашид нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулахаар төлөвлөж байна” гэв.Түүнчлэн нийтийн тээврийн төрлүүдийн холболтыг сайжруулах, иргэд дүүжин тээврийн зогсоол, автобусны буудал, цаашлаад метроны зогсоол хооронд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зарим байршлуудад явган хүн зорчих боломжтой газар доогуурх далд гудамж бий болгох төслийг боловсруулж байгааг Хотын дарга онцолж байлаа.Уг шугамын нийт урт 2.7 км байх бөгөөд нэгдүгээр шугамаас том бүхээгтэй хийхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал шинэ шугам ашиглалтад орсноор цагт нэг талдаа 3400, хоёр талдаа цагт 6400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм.
2024/04/08
362
НИЙГЭМ
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Дөрөвдүгээр сарын 6-ны 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллан, галыг бүрэн унтраалаа. Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог. Иймд иргэд та бүхэн ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, анхаарал сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.Мөн таЦогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийхТамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байхАсаагуурыг ил задгай хаяхгүй байхОй, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байхГэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татахАйл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байхШаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж, урьдчилан сэргийлээрэй.НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
2024/04/08
464
НИЙГЭМ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэд байрандаа орлоо
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гүйцэтгэгч компанийн ажил зогсож, арван жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон өрхүүд өнөөдөр орон сууцны түлхүүрээ гардан авлаа.Тодруулбал, НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохирсон юм. Иймд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 126 айлын орон сууц ашиглалтад орж, тухайн 24 өрх өнөөдөр түлхүүрээ гардан авлаа.“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:-Газраа чөлөөлж өгсөн айлууд гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас арван жил хохирсон. Сүүлийн 4-6 жилийн хугацаанд тухайн өрхүүдийг НОСК-ийн түр суурьшуулах байранд үнэ төлбөргүй байрлуулж, хохирлыг барагдуулахаар ажилласан. Тухайн байршилд 1.1 га талбарт 24 айлын газрыг чөлөөлж төсөл хэрэгжих ёстой байсан. Уг 1.1 га талбайг НОСК-ийн мэдэлд шилжүүлж, цаашлаад 116 айлын газрыг чөлөөлөн, нийт 9.3 га талбайд нэгдсэн төлөвлөлт бүхий хороолол, хотхоныг байгуулахаар ажиллаж байна хэмээв.Мөн түлхүүрээ гардан авсан иргэд сэтгэгдлээ хуваалцлаа. н.Цөмбаяр:-Манайх анх 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон. Энэ хугацаанд хүүхдүүдийн сургууль, томчуудын ажил солигдох, холоос хичээл, ажилдаа явах зэрэг олон асуудал гарсан. Айлын хашаанд, энд тэнд амьдрах хэцүү л байлаа. 2019 онд НОСК-ийн түр суурьшуулах байранд орсон. Өдийг хүртэл олон жил хүлээсний эцэст өнөөдөр өөрийн гэсэн сайхан байранд орлоо. Нийслэлийн удирдлагуудад, энэ байранд орох хүртэлх үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлье.Л.Банди:-Дахин төлөвлөлтийн байрандаа орох гэж арваад жил уйгагүй хөөцөлдсөн. Өглөө бүр “Жи Ди” ХХК руу явдаг байлаа. Сүүлийн зургаан жил НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарсан. Бидний асуудлыг ийнхүү шийдвэрлэж өгсөнд маш их баяртай байна.У.Ерэнбаатар:-Анх манай газар дахин төлөвлөлтөд ороход би 11 дүгээр ангийн сурагч байсан. Одоо тэгтэл би их сургуулиа төгсөөд зургаан жил болчихсон байна. Арван жилийн хугацаанд ам бүл нэмэгдэж, орон байрны асуудал их л гарсан. Сүүлийн хэдэн жилд нийслэлээс түр оршин суух байранд оруулсан нь бас их дэмтэй байсан. Ийм удаан хугацаанд хүлээсний эцэст өнөөдөр байрныхаа түлхүүрийг авч, сэтгэгдэл их сайхан байна.
2024/04/07
428
НИЙГЭМ
Технологийн шийдлээр даатгалын үйлчилгээг хялбарчилж, түгжрэлд үзүүлэх нөлөөг бууруулах боломжтой
Монгол Улсад даатгалын салбар үүссэний 90 жилийн ойг тохиролдуулан Монголын Даатгалын холбооноос "Жилийн хамгийн том 1️ хувь" аяныг зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг даатгалын салбарт хэрэгжиж буй технологийн шийдлүүдээр хэрхэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцэхээр "Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө" салбар хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын төлөөллүүд болон Монголын Даатгалын холбооны гишүүн байгууллагууд оролцлоо.Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Хот төлөвлөлттэй холбоотой олон алдаанаас гадна зам тээврийн осол авто замын түгжрэлд багагүй нөлөө үзүүлдэг. 2023 оны байдлаар улсын хэмжээнд 25,235 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 21 мянга орчим нь нийслэлд гарсан. Уг 21 мянган ослоос 2600 орчим нь замын хөдөлгөөний түгжрэлд томоохон нөлөө үзүүлж, зорчих эрчмийг бууруулсан байна. Нэгж ослыг шийдвэрлэх хугацаа 38 минут байдаг буюу бусад иргэд, жолооч нар төдий хугацаанд зам дээр гацаж байна гэсэн үг. Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд жилийн 12 сарын нэг сартай дүйцэхүйц хугацааг түгжрэлд өнгөрүүлж байна. Үүнээс үүдэж иргэд эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн асуудлаараа хохирч байгаа юм. Засгийн газраас Цахим хөгжлийн багц хуулийг баталсан. Төрд байгаа мэдээллийг хуваалцаж, шаардлагатай тохиолдолд хувийн хэвшилд ашиглуулах боломжтой. Даатгалын компаниуд осол болсон газар заавал хүн явуулж, цагдаа ирэхийг хүлээж цаг алдалгүй камерын системийн тусламжтай зөрчлийг шийдвэрлэх боломжийг бүрдүүлснээр тодорхой хэмжээнд үр дүн гарна. Гэхдээ тухайн осолд гуравдагч этгээд оролцоогүй байх, хүний амь нас эрстээгүй байх гэхчлэн хөнгөн зөрчлүүдэд цаг хугацаа хэмнэх технологийн шийдлийг ашиглах юм. Мөн даатгалын компаниуд заавал хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүйгээр жишиг аргачлалаар хохирлыг барагдуулж, гэрээт засварын газраар үйлчилгээ үзүүлснээр иргэдийн цаг завыг хэмнэх боломжтой” хэмээвНийслэлийн хэмжээнд 08:00-19:00 цагийн хооронд нийт ослын 71 хувь нь гардаг бөгөөд зам тээврийн нэг ослоос үүдэн замын хөдөлгөөн дунджаар 38 минут саатдаг гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, осолд орсон автомашин зам дээр зогсох тусам хотын замын хөдөлгөөний дундаж хурд удааширч буй. Иймд зам тээврийн ослоос шалтгаалж байгаа түгжрэлийн асуудалд эерэг нөлөө үзүүлэхээр мэргэжлийн оролцогчид буюу даатгалын компаниуд хамтран ажиллаж байгаа аж.Монголын Даатгалын холбооны ерөнхийлөгч Т.Батзул “Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг нэг болох авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбараас тодорхой шийдлүүдийг боловсруулж байгаа. Тодруулбал, зам тээврийн осол гарахад даатгалын компани дуудах цагийг бууруулах зорилгоор хиймэл оюун ухааны тусламжтайгаар газар дээр нь үнэлгээг нь хийх “Zuragu system” гэх технологийн шийдлийг боловсруулсан. Мөн даатгалын салбарт хэрэгжиж байгаа нэгдсэн мэдээллийн систем болох эрсдэлийн мэдээллийн зураглалаар дамжуулан Улаанбаатар хотын хаана, ямар эрсдэл гараад байгааг тодорхойлдог блокчейн технологийг шийдсэн. Эдгээр мэдээллийг нэгтгэн дүгнэлт гаргадаг даатгалын мэдээллийн санг нэвтрүүлж, төрд байгаа мэдээллийн баазтай холбон эко систем үүсгэснээр түгжрэлийг 10-15 хувиар бууруулах боломжтой. Осол болсны дараа 30 минутын хугацаанд түгжрэлийн урт тухайн байршлаас хойш 4 км сунадаг гэх тооцоо бий. Тиймээс механик ажиллагааг багасгаж, цаг хугацаа хэмнэн, түгжрэлд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилгоор төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран шийдлээ хэлэлцэх нь чухал” гэв.Нийслэлийн зүгээс Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-т даатгалын мэргэжилтнүүдэд зориулан камерын хяналтын систем дээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг уулзалтын үеэр онцолж байлаа.
2024/04/06
503
НИЙГЭМ
Сэрэмжлүүлэг
Цагдаагийн байгууллагад /2024.04.04/ 16 цаг 31 минутад “Улаанбаатар төмөр замын дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг явах үед суудлын автомашинтай мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг шалгахад иргэн Э нь тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдоод байна. Иймд жолооч та бүхэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т заасны дагуу “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно” гэснийг чанд баримтлан аюулгүй байдлаа хангаж, төмөр замын гармаар нэвтэрч, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.Эх сурвалж: ЦЕГ
2024/04/06
464
НИЙГЭМ
Малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах 'Цагаан алт' хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Бест шүес”, “Мон-Ирээдүй” ХХК-д ажиллалаа.Дээрх хоёр компанийн үйлдвэр кластерийн системээр хамтран ажиллаж, малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, ахуй амьдралыг нь сайжруулах зэрэг нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.Энэ хөтөлбөр дээрх салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татварын орчин, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, дотоод, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болох юм.Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр ноолуурын салбарын борлуулалтын орлого гэхэд л одоогийнхоос 4-5 дахин, арьс, шир, нэхийнийх 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.Эхний ээлжинд түүхий эдийн чанар, малын бүртгэлийн системийг сайжруулах, үйлдвэр, малчдыг холбож, түүхий эд бэлтгэл, нийлүүлэлт, боловсруулалт, үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, боловсон хүчин бэлтгэх шаардлагатайг аж ахуйн нэгжүүд болон салбарын мэргэжлийн холбооны удирдлага илэрхийллээ.“Хүнсний хангамж, аюулгүй байдалү ндэсний хөдөлгөөний хүрээнд арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлийн зээл авсан аж ахуйн нэгжүүд 2022 онд 14 тэрбум гаруй төгрөгөөр түүхий эд, туслах материал худалдан авч, 1.2 тэрбум гаруй төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэж, хоёр тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн байна.Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 100 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлтөд 426 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдаж байна.Ноос, ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас, хэвлэл, сав, баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхан, ахуйн химийн чиглэлээр 3,200 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрт 44 орчим мянган хүн ажиллаж байгаа юм.“БЕСТ ШҮЕС” ХХКТус компани 2001 онд гутал, цүнх, арьсан эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоо 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд гутал үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компани болжээ. 2024 оноос гутлын түрийнд гадуур улыг шууд цутгадаг автомат машиныг эх орондоо анх нэвтрүүлсэн байна. “МОН-ИРЭЭДҮЙ” ХХКТус компани арьс, шир зэрэг түүхий эдийг хагас боловсруулан олон улсын зах зээлд гаргахын зэрэгцээ бог малын арьсаар зөөлөн савхи, гутлын дотор эдлэлийн зориулалттай савхи, бодын ширээр гутлын дээд бие, цүнхний зориулалттай арьс, шир үйлдвэрлэж байна.2020 онд салбартаа анхлан 2020 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлж, арьс ширний салбарын хөгжлийг шат ахиулжээ.
2024/04/05
424
НИЙГЭМ
'Улаанбаатар кабель кар'-ын бүтээн байгуулалт эхэллээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын бүтээн байгуулалтыг /2024.04.04/ эхлүүллээ. Энэ хүрээнд Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах юм. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ.Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Наадамчдын зам буюу Яармагийн замын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн авто зам, замын байгууламж хийж байгаа. Нийтийн тээвэр хоорондын холбоосыг бий болгохын тулд Яармаг-Хархорин чиглэлд “Улаанбаатар кабель кар”-ын эхний шугамыг байгуулахаар төлөвлөсөн. Хоёр дахь шугамын маршрутыг энэ долоо хоногт эцэслэнэ. “Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллаж, газраа чөлөөлсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье” хэмээв.“Улаанбаатар кабель кар” төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр тус улсын “ПОМА” групп ажиллаж байна. Гүйцэтгэгчийн зүгээс барилга угсралтын ажлыг энэ оны IV улиралд багтаан дуусгаж, 2025 оны хоёрдугаар хагаст туршилт тохируулгын ажлуудыг хийн, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. “ПОМА” групп нь энэ төрлийн бүтээн байгуулалтын салбарт 80 жил үйл ажиллагаагаа явуулсан туршлагатай бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем байгуулжээ.Дашрамд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро /UBMETRO/, тусгай замын автобусны сүлжээ /UBBRT/, нүхэн гарцын бүтээн байгуулалт тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байнаа.
2024/04/05
559
НИЙГЭМ
Энэ онд 121 байршилд 1500 гаруй гарааш буулгана
Чингэлтэй дүүргийн 2-р хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар:-2021 оноос хойш зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах мэдэгдлийг эзэмшигчдэд нь хүргүүлж эхэлсэн. Энэ онд гэхэд 1, 2 дугаар сард хүргүүлсэн. Зөвшөөрөлтэй гараашуудыг чөлөөлөхдөө эзэмшигчидтэй зөвшилцөж, нөхөн олговор олгодог. Чөлөөлсөн байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсны дараа ямар тохижилт хийх нь шийдэгдэнэ.Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:-Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа хайс буулгах ажлыг энэ онд эрчимжүүлнэ. Газрыг хууль бусаар ашиглаж, хашаа хайс, барилга байгууламж барьвал хуулийн дагуу мэдэгдэл өгч, албадан буулгах хүртэл арга хэмжээ аван, гарсан зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээр төлүүлнэ. Байгууламж барьсны дараа зөвшөөрлийг нөхөж олгодгийг зогсооно. Хашаа хайс, гараашийг буулгаж, орц гарц, зай талбайг нэмэгдүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ч мөн буурдаг. Чөлөөлсөн талбайг иргэдийн санал хүсэлтээр тохижуулж, ихэвчлэн ногоон байгууламж байгуулж байгаа хэмээлээ.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд 2020 оноос хойш 8500 гаруй гарааш, 2021 оноос хойш 87 км хашаа хайсыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, орц гарцыг нэмэгдүүлж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэргээр тохижуулсан юм.
2024/04/05
1124
НИЙГЭМ
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг 129 иргэн төгсөж ажилдаа орлоо
Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлж, ажлын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Энэ хүрээнд сургалтад нийт 1807 иргэн бүртгүүлснээс эхний ээлжид 400 гаруй нь хамрагдаж, одоогийн байдлаар 129 нь сургалтаа дүүргэн, ажилдаа орж байна. Түүнчлэн автобусны жолоочийн цалин 1.5-2.5 сая байсныг 3-3.5 сая болгон нэмэгдүүлсэн юм.Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн дарга С.Нямдорж:-Сургалтын хүрээнд мэргэшлийн мэдлэг, дадлага олгохоос гадна нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, дүрэмт хувцсаа өмсөх, тамхи татахгүй байх, утсаар ярихгүй байх зэрэг шаардлагыг хэлж, мэдээлэл өгч байгаа. Мөн D ангилалтай, дадлага туршлагатай олон иргэн манай байгууллагад хандаж, ажиллах хүсэлтээ өгч байна. Жолооч нар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өдрийн 8 цагаар, хоёр ээлжээр ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ, угаалгад оролцолгүй, мэргэшсэн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Ажлын өдрүүдэд манай нэгтгэлээс үйлчилгээнд явж буй 350 автобусыг өдөр тутам угааж, цэвэрлэдэг хэмээлээ.Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг энэ оныг дуустал зохион байгуулж, бүртгүүлсэн нийт иргэдийг бүрэн хамруулах аж.
2024/04/05
404