НИЙГЭМ
НИЙГЭМ
Нийслэлийн түгжрэлийг бууруулах найман багц төслийн нэгжтэй танилцаж санал солилцлоо
Нийслэлд 2030 он гэхэд метро, дүүжин тээвэр, LRT, BRT, тойрог хурдны зам, Туулын хурдны зам, НҮХЭН ГАРЦ, Дулааны цахилгаан станц (ДЦС-5) төслийг ашиглалтад оруулах зорилт тавьсан. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс төслүүдийг хэрэгжүүлэх он цагийн дагуу судалгаа, шинжилгээ, тооцоолох ажлуудыг хийж бэлтгэлийг хангаж байгаа. Дээрх төслүүдийн талаарх цаг үеийн мэдээллийг холбогдох газраас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны мэргэжилтнүүдэд танилцуулж, санал солилцлоо.Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Зорчигчдыг Яармагаас Өнөр хорооллын зогсоол хүртэл 11 минутад хүргэх юм. Одоогоор дүүжин тээврээр зорчих үнэ эцэслэгдээгүй. Улирал тутамд ТЭЗҮ дээрээ анализ хийж, үнийн хэлбэлзлийг тооцоолж байгаа аж. Эцсийн дүндээ байж болох хамгийн хямд үнээр иргэд зорчих боломжийг бүрдүүлэх аж. Ирэх оны зургаадугаар сард үндсэн цамхаг, кабенаа угсрах ажлаа хийж дуусна. Дүрмээрээ угсралт хийснээс хойш бүтэн зургаан сар, зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлт хийх ёстой. Энэ цаг хугацааг нь наашлуулж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс өмнө Улсын комисс хүлээж авах шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн зүгээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан. Одоо газар чөлөөлөлтийн ажил "Хархорин" худалдааны төвийн баруун талд байдаг "Барс-2″ худалдааны төвийн зарим хэсгийг буулгана. Яармагийн зам дээр оргил ачааллын үед 90-95 мянган машин зорчиж байна. Энэ том урсгалыг сааруулах зорилготойгоор төслийг хэрэгжүүлж байгаа юм.LRT нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай тээврийн шийдэл болж, орчин үеийн ногоон хотуудын салшгүй хэсэг болж байна. Цахилгаан хөдөлгүүр ашигладаг бөгөөд зарим LRT систем нар, салхи, ус буюу сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг. Түүнчлэн олон зорчигчийг нэг дор тээвэрлэх боломжтой учраас автомашины хэрэглээг багасгаж дуу чимээ болон агаарын бохирдлыг бууруулдаг. Ингэснээр оршин суугчдын амьсгалын замын өвчлөл багасаж эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх давуу талтай.Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан билээ. Улаанбаатар метро төслийн хүрээнд нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км метроны шугам байгуулах ажлыг эхлүүлсэн.Туулын хурдны зам төсөл нь инженерийн шийдлийн хувьд авч үзвэл хоёр жилийн хугацаанд барих боломжтой. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарч ажиллаж байна. Ажлын хэсэгт төлөөллүүд орж, чиглэл бүрийн асуудлыг авч хэлэлцэж байна.Мөн трамбай төсөл, нүхэн гарц төсөл, тусгай хэрэгцээний автобус төсөл, Дулааны V цахилгаан станц төслийн өнөөгийн явц, хэрэгжилтийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.
2025/01/23
211
НИЙГЭМ
Ипотекийн зээлийг орон сууцны талбайн хэмжээнээс хамааран хүүгийн шаталсан хувилбар санал болгоно
Ипотекийн зээлийг өрхийн орлоготой нь уялдуулан анх удаа авч буй иргэдэд 50 метр квадратад олгохоор болсон талаар Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Чинсанаагаас тодрууллаа..-Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 50 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцанд олгох шийдвэрийн тухай?-Иргэдийг орон сууцжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай 2023 оны 12 дугаар сарын 27-ны Засгийн газрын 483 дугаар тогтоолоор 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийг орон сууцжуулах чиглэлээр "Миний анхны байр", "Миний түрээсийн орон сууц", "Миний амины орон сууц", "Миний сонголт орон нутаг", "Миний сонголт төрийн алба" гэсэн таван багц үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон байдаг. Үүний хүрээнд уг тогтоолын 2.3 дахь заалтад дундаж орлоготой иргэдийг орон сууцаар хангахад шаардагдах хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн орон сууцны талбай болон жилийн хүүгийн хэмжээнд тавигдах шалгуурыг 60 метр квадрат хүртэлх 6 хувь, 61-ээс 80 хүртэлх метр кватратад 8 хувь байхаар тус тус тогтоож холбогдох журамд өөрчлөлт оруулахыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг зөвхөн 50 метр квадрат хүртэлх талбайн хэмжээтэй байранд л олгоно гэсэн үг биш юм. Цаашлаад 100 хүртэлх метр квадратад 10 хувь 40 хүртэлх метр квадратад 4 хувиар гэх зарчмаар төрийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдийн орлогын ялгаатай нөхцөл байдалд нь тохируулан төрөлжүүлж болно. Зах зээлд борлуулагдаж буй 80, 100 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг иргэд зах зээлийн зарчмаар нь өнөөдөр чөлөөтэй худалдан авч байгаа шүү дээ. Харин энэ нь зөвхөн төрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэж байгаа тохиолдолд шалгуурууд нь хүү болон талбайн хязгаартай, анх удаа байр авч байгаа дундаж болон түүнээс доош орлоготой иргэдэд илүү таатай, хүртээмжтэй байхаар өөрчлөлтүүд орно гэсэн үг. Түүнээс зах зээлийн зарчмаар буюу арилжааны банкны хүүтэй зээлээр худалдан авч буй орон сууцад энэ зохицуулалт хамааралгүй. Одоогоор 6 хувийн хүүтэй зээл олгосон хэвээр байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалд өөрчлөлт ороогүй байгаа.-Энэхүү шийдвэрийг гаргаж буй үндэслэл нь юу вэ?-Засгийн газраас бага хүүтэй энэхүү “Ипотекийн зээл”-ийн хөтөлбөрийг дундаж болон түүнээс доогуур орлоготой айл, өрх рүү чиглүүлэхийг зорьдог. Учир нь аль болох олон өрхүүд орон сууцтай болж байж агаар, хөрсний бохирдол буурч, амьдралын чанар дээшилнэ гэж харж байгаа. Сүүлийн үеийн тоо мэдээллээс харахад бага дунд орлоготой иргэд ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадахгүй, хүртээмж сул байдаг тал ажиглагдаж байна. Ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан 110 мянган зээлдэгчдийн дунд судалгаа хийгээд дүгнэхэд ердөө 30-40 хувь нь дундаж ба түүнээс доош орлоготой иргэд рүү чиглэсэн, дийлэнх хувь нь өндөр орлоготой иргэдэд олгогдсон байдаг. Анх ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бодлогыг гаргахдаа тодорхой хязгаарлалт, хувилбартай байдлаар санал болгоогүй тул 6 хувийн зээлийг өндөр орлоготой иргэд ч гэсэн авах сонирхолтой байдаг. Нөгөө талаасаа банк санхүүгийн байгууллагууд зээлийн чанар, эрсдэлдээ анхаарч, харьцангуй өндөр орлоготой иргэдэд зээл олгох хандлагатай байдаг нь ч зүйн хэрэг юм. Иймээс орлогын түвшин харьцангуй доогуур ч гэсэн зээлийн шалгуураа хангаж буй иргэдэд ипотекийн хөнгөлөлттэй зээлийг илүү хүртээмжтэй байлгах үүднээс энэхүү хүү, талбайн шаталсан бодлогын арга хэмжээг авахаар танилцуулж байгаа юм. Ипотекийн хөнгөлөлтэй зээлийн хүү бодлогын хүүнээс бага байхын зэрэгцээ хүн бүр авч болдог байгаа нь 80 м.кв талбай бүхий цөөхөн хэдэн төрлийн орон сууц зах зээлд бий болж, үнэ нь өсөхөд нөлөөлж байна. Энэ тэгэхээр орон сууцны салбарын хөгжилд ч сөргөөр нөлөөлж байна гэсэн үг юм. Хэрэв бид зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, бодлогын хүү цаашлаад зах зээлийн хүүгийн түвшин ойртуулж чадвал хувийн хэвшил, олон улсын сангуудаас хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, улмаар төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслүүдэд ч урагшлах орон зай гарч ирнэ. Бусад хөгжсөн улс орнуудын хувьд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг төрөлжүүлж, олон хувилбарт орон сууцны бодлогуудыг иргэдийнхээ орлого, нөхцөл байдалд нь тааруулан хэрэгжүүлдэг. Олон улсын энэ жишгийг бид шат дараатайгаар нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна. -Хөдөө орон нутагт шаталсан хүүгийн шийдвэр үйлчлэх үү? -Хөдөө, орон нутагт олгох ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрт эхний 3 жилд нь 3 хувийн хүүгийн татаас олгох хөтөлбөр 2023 оноос хойш хэвийн хэрэгжиж байгаа, дээр нь урьдчилгаа төлбөрийн 30 хувийн шаардлагыг 60 хүртэлх хувиар бууруулаад 12 хувь хүртэл болгох боломж нээж өгсөн. Шинээр бүрэлдсэн Засгийн газар эдгээр бодлогуудыг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Өөр хувилбарт бүтээгдэхүүн одоогоор гаргаагүй байна.-Энэхүү шийдвэрийн үр дүн ямар байх бол?-Засгийн газраас Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулан Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор батлуулсан. Үүнд эдийн засгийн хувьд цаашид хөгжих нөөцтэй, иргэд ихээр суурьшиж, таталцлын төв болох боломжтой 91 орон нутгийн хөгжлийн төвийг тодорхойлсон. Тэгэхээр орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бодлого Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдгээр бүс нутгуудыг хөгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчин, хүний нөөцийг татахад эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.-Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжих вэ?-Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Үндэсний орон сууцжуулалтын хороо шинэчлэгдэн байгуулагдсан. Хороог Ерөнхий сайд өөрөө ахалж, дэд ахлагчаар Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Л.Энх-Амгалан, нарийн бичгийн даргаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь нар томилогдож анхны хурлаа хийсэн. Энэхүү хурлаар Засгийн газраас 2025 оныг Залуучуудын жил болгон зарласантай холбогдуулан иргэдийг орон сууцжуулах бодлогыг анх удаа орон сууц худалдан авч буй хүүхэдтэй залуу гэр бүлүүд рүү илүүтэй чиглүүлэхийг зорин, нөхцөл байдлыг судалж байгаа. Бодлогын шийдлүүдийг ажлын хэсэг дээр хэлэлцэж дуусаад, Засгийн газарт танилцуулснаар албан ёсоор зарлана.-Ипотекийн санхүүжилтийг хэрхэн хуваарилж байгаа вэ?-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ипотекийн зээлийг олгохдоо байршлаар нь хамааруулан бүс нутгийг дэмжих байдлаар тухайн жилийн санхүүжилтээ хуваарилья гэсэн шийдвэрүүд гарсан. 50-аас доошгүй хувийг нь орон нутагт олгоно гэх мэт. Өмнө нь ипотекийн зээлийн 20-25 хувь нь орон нутагт олгодог байсан бол энэ жил 45 орчим хувийг нь олгосон. Засгийн газраас энэхүү бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, ингэснээр орон нутгийн газар, дэд бүтцийн нөхцөл байдал сайжирч, бүс орон нутгийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, айл өрхүүдийн амьдралын чанар дээшилсэн эерэг үр дүнгүүд урт хугацаандаа гарна гэсэн хүлээлттэй байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх хүрээнд Улаанбаатарт олгогдож буй зээлийн 50 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, шинэ дагуул хотуудын бүс рүү олгоё, хотын төв рүү олгодог байдлыг аль болох хязгаарлая гэсэн бодлогын хувилбаруудыг гарган ажлын хэсэг дээр хэлэлцэж байгаа.-Байраа томруулах хүсэлтэй иргэдийн хувьд дахин хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бий юу?-Үүнийг Засгийн газраас нээлттэй хэвээр байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хязгаарлагдмал учраас анх удаа орон сууц худалдан авч буй иргэдээ тэргүүн ээлжинд дэмжинэ. Иргэн анхны орон сууцаа бага метр квадраттай хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр авах гэж байгаа бол зээлийн нөхцөл хамгийн таатай байна гэсэн үг. Харин тухайн өрх бүл нэмж орон сууцны нөхцөлөө сайжруулан, томруулах зорилготой дахин ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэж байгаа бол өөрийн одоогийн орлогод нийцсэн өндөр хүүтэй зээлийн нөхцөл тавина. Харин өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авах гэж байгаа бол төрөөс хөнгөлөлттэй зээл олгоод байх шаардлагагүй гэж үзэж байгаа.-2025 онд ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төлөв ямар байх бол?-Баялагийн сангийн хууль батлагдсантай холбоотой хуримтлалын сангийн хөрөнгөөс ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт зарцуулах боломж нээгдсэн. Үүний үр дүнд 2024 онд өмнө нь байгаагүй өндөр санхүүжилт буюу 1.3 их наяд төгрөгийн ипотекийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Тиймээс цаашид ипотекийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэр энэ түвшиндээ хадгалагдаж, харьцангуй тогтвортой өссөн үзүүлэлттэй байх болов уу гэж төсөөлж байна.
2025/01/23
329
НИЙГЭМ
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн талаарх сайдын мэдээллийг сонсож, ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо (2025.01.22) хуралдаж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэлдээ, нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар зохион байгуулж эхэлсэн болон хүүхдийн эрт илрүүлгийн товлол, давтамжийг хоёр багцад зургаан төрлөөр, насанд хүрэгчдэд дөрвөн багцад 21 төрлөөр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-тай гэрээ байгуулсан эмнэлгүүдээр хийж буйг танилцуулсан юм.Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1 593 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь болж байна. Тэдний 695 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 753 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.Эрт илрүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн 2942 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургагч багшаар, давхардсан тоогоор 39661 хүнд цахимаар сургалт явуулж, цогц үзлэг хийх “Эрүүл мэндийг дэмжих төв” 28-ыг байгуулсны зэрэгцээ орон нутагт автомашинд суурилсан “Нүүдлийн амбулатори” ажиллуулахад нийт 42.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас эрт илрүүлгийн гүйцэтгэлийн зардалд 2022 онд 16.4 тэрбум төгрөг, 2023 онд 42.6 тэрбум төгрөг олгосон байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас Үндэсний Дата төвтэй хамтран серверийн өгөгдөл хадгалах хэмжээг 35 террабайтаар, шуурхай санах ойн (RAM) хэмжээг 1024 гегабайтаар өргөтгөн, эрт илрүүлгийн системийг ХУР системтэй холбожээ. Одоо Е-Mongolia системээс эрүүл мэндийн лавлагаа, мэдээлэлтэй холбоотой 20 гаруй үйлчилгээ авах боломж бүрдээд байгаа юм.Байнгын хорооны хуралдаанд эрт илрүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн мэдээллийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр танилцуулав. Уг мэээллээс үзвэл эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Өөрчлөлт илэрсэн хүмүүсийн 54.0 хувийн онош тодорхой тул эмчилгээнд хамруулж, 36.0 хувь буюу 290 175 хүний оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн бол 81 636 хүний үзлэгийн үр дүн гараагүй буюу эрт илрүүлэгт бүрэн ороогүй байна. Үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байгаагийн зэрэгцээ 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7.0-30.0 хувьд сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын сэжиг илэрсэн байна. Харин насанд хүрэгчдийн 40.0 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ. Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй юм. Мөн гепатитын В вирусийн халдвар гурав дахин, гепатитын С вирусийн халдвар 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлж буйг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Түүнчлэн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д хорт хавдар шинээр оношлогдсон байна.ЭМЯ-наас 2024 оны 12 дугаар сард зохион байгуулсан үндэсний хэлэлцүүлгээс цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсныг сайд Т.Мөнхсайхан танилцуулсан юм. Эрт илрүүлэг 2.0-ыг ургийн хромосомын гажгийн, нярайн, сургуульд суурилсан, ажлын байранд суурилсан, хорт хавдрын гэсэн таван бүрэлдэхүүн хэсгээр зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.Эрүүл мэндийн сайдын мэдээлэл, түүнд тусгагдсан статистик дүн, тоо баримтын талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа 1.6 сая орчим хүн эрт илрүүлэгт хамрагдахад 1.3 сая нь өвчтэй байгаад нөлөөлж буй голлох хүчин зүйлс, шалтгаан, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлийн дүн өндөр гарахад ямар хүнс нөлөөлж байгаа зэргийг асууж, эмийн зэрэгцээ хүнсний бодлого, хяналтыг хэрэгжүүлэх агентлаг байгуулж ажиллах шаардлагатайг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат үзлэг, шинжилгээгээр хүн амын удамшлын өгөгдлийн сангийн мэдээллийг хэрхэн ашигласан болон үзлэг шинжилгээний багцыг баримтлахдаа уян хатан ажилласан эсэх, ариутгал халдваргүйтгэлийн шаардлагыг хангаж чадсан эсэх, хөдөө суманд эрт илрүүлгийг явуулах боловсон хүчин, техникийн боломж ямар хэмжээнд байсан, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлтэй гэсэн дүгнэлт хийх үндэслэл, энэ эрсдлийн шалтгаан, хүчин зүйлсийн талаар асууж, хариулт авав. Тэрбээр ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн байрны таазны будганд хийсэн шинжилгээгээр 35.0 хувьд нь хром, 55.0 хувьд нь хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн нь илэрсэн талаарх судалгааны дүнг онцлон асууж, энэ асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа бүхий л салбарын зардал санхүүжилтийг хассан атлаа ганцхан Эрүүл мэндийн сайдын багцыг нэмсэн нь онцгойлон ач холбогдол өгч буй хэрэг гэдгийг дурдаад, эрт илрүүлэгт хамрагдаагүй хүмүүсийг хамруулах эсэх, хоёрдугаар эрт илрүүлгийг нийтийн болон чиглэсэн аргачлалын алинаар явуулах талаар асуув. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариулахдаа нийтийн буюу масс илрүүлгийн шинжилгээ нь их зардлаар бага өвчлөл илрүүлж, үр дүн багатай байсан тул хоёрдугаар эрт илрүүлгийг таван бүрэлдэхүүн хэсгээр буюу тэдгээрт чиглүүлэх байдлаар явуулна гэлээ.Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат эрт илрүүлгийн ажил ихээхэн үр дүнтэй болсныг дүгнээд, нэгэнт хүн амынхаа нийтлэг өвчлөл, тэдгээрийн шалтгаан нөхцлийг тодорхойлчихсон тул одоо тэрхүү шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг арилгах талаар томоохон бодлогын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэсэн санал дэвшүүлэв. Энэхүү бодлогын арга хэмжээ нь далайцтай, иргэдийн анхаарлыг татсан, хүн амыг нийтээр хамруулсан, дорвитой байх ёстой гээд тэрбээр Английн тамхины эсрэг явуулсан цогц үйл ажиллагааг жишээлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен сайдын мэдээлэлд дурдагдсан тоо баримт, статистик үзүүлэлт олон нийтэд ташаа ойлголт өгөхөөр байгаад анхаарахыг зөвлөж, ерөнхий үзүүлэлтэд агуулсан тодорхой утгуудыг задалж тайлбарлах шаардлагатай гэв. Тухайлбал, гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн сэрүүл мэндийн эрсдэлтэй гэсний дотор тулгамдсан асуудал нь юу болох, хэд нь гар утас, компьютерийн донтолттой, хэд нь төрөлхийн эмгэгтэй гэдгийг нарийвчлан гаргах нь зүйтэй гэсэн юм. Мөн халдварт өвчний тархалт, тэр дундаа сүрьеэгийн тархалт зарим насныхны дотор өндөр байгаа нь сургууль, байгууллагад нийтийг хамарсан халдвар тархсан гэж ойлгогдохуйц үзүүлэлттэйгээр сайдын мэдээлэлд туссан байгааг анхаарууллаа.Хүн амын эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсийг тогтоохдоо иргэдийн хаана амьдарч байгааг буюу бүс нутгийн онцлогийг харгалзсан эсэх, эрт илрүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ямар хэмжээнд хамруулсан болон осол гэмтлийн тандалт судалгааг хийсэн эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асууж, хариулт авав. Тэрбээр эрт илрүүлгийн үр дүнгийн талаарх нийт өгөгдөлд прогноз хийж, цаашид авах хариу арга хэмжээ, стратегиа төлөвлөхөд анхаарч ажиллахыг зөвлөлөө. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа орон нутагт эрт илрүүлгийг хийх хүн хүч, тоног төхөөрөмж хангалтгүй байгаа, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоох, мөн сургууль, дотуур байрны хүүхдүүдийн хоол тэжээл, шим тэжээлийн судалгааг хийх шаардлагатай, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн зардал, санхүүжилтийг зохих хэмжээнд шийдвэрлэж ажиллах зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөний зэрэгцээ дархлаажуулалт, вакцинжуулалтын асуудлаарх иргэний нийгмийн олон талт байр суурийг харгалзаж ажиллах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрт илрүүлгээр илрүүлсэн өвчлөл, эрсдэлүүдээ одоо эмчлэх, хяналтанд авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолж, шинжилгээ, оношилгоо хийхдээ ямар нэгэн шалгуур шаардлага тавихгүй байхыг зөвлөв.Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг эрт илрүүлэгт хамрагдаагүй хүмүүсийг идэвхжүүлэх, хамруулах үүднээс тэдэнд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, явуулын үйлчилгээг өргөжүүлж, иргэдийг амьдарч байгаа газарт нь үзлэг, оношилгоонд хамруулах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара зонхилж байгаа өвчлөлүүд, тэдгээрт нөлөөлж байгаа хүчин зүйлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулах, үүнд тодорхой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай бол хамтран ажиллахыг уриалав. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Үүрийнтуяа нар иргэдийн эрүүл мэндийн боловсрол, зан үйлийн мэдээллийг нэгтгэн дүгнэж, судалгаанд суурилан ажиллах, хүнс, хэвшил зуршил болон хөрс, орчныг эрүүлжүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж, зангидаж ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.Олон улсын хэмжээнд тогтож, шалгагдсан өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх бүтэц бий болгож, тэрхүү бүтцээр судалгаа, хяналт, урьдчилан сэргийлэх болон прогноз хийх, нийтэд мэдээлэх, анхааруулах зэрэг ажлыг цогц байдлаар хийдэг байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.Байнгын хорооны хуралдаанаар мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Дүрмийн төслийн талаарх танилцуулгыг Эрүүл мэндийн сайд, ЭМДҮЗ-ийн дарга Т.Мөнхсайхан хийлээ. Тус Зөвлөлийн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм нийт зургаан бүлэг, 33 хэсэг, 29 заалттай бол шинэчлэн боловсруулсан дүрмийн төсөлд уг дүрмийн 23 заалтыг өөрчлөн найруулж, 18 заалтыг шинээр нэмж, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад хуульд орсон өөрчлөлттэй уялдуулан 25 заалтыг хасаж, давхцал хийдлийг арилгасан байна. Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа, дүрмийн шинэчилсэн төсөлд ЭМДҮЗ-ийн бүрэн эрхийг өргөжүүлсэн, ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулж, цалингийн сүлжээ, албан тушаалын ангилал, зэрэг дэвийг Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын ажлын албатай дүйцүүлэн тогтоосон зэрэг томоохон өөрлөлт тусгагдсаныг дурдаад Нийгмийн бодлогын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар уг дүрмийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгасан тухай дэлгэрэнгүй танилцуулав.ЭМДҮЗ-ийн дүрмийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Б.Бейсен, О.Саранчулуун нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн хуралдааныг ил тод нээлттэй явуулах, давхар хариуцлага хүлээж ажилладаг тус Зөвлөлийн гишүүдэд тодорхой хэмжээний урамшуулал олгох, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг сайжруулах, хариуцлагын механизмыг тодорхой болгох, Зөвлөлийн гишүүдийн эрх, үүргийг тэлж, бие даасан байдал, засаглалын шаардлагуудыг өндөрсгөх, Ажлын албаны чиг үүргийг тодорхой болгох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын хүний нөөц, тэдгээрийн байршлын судалгаа, ажлын байрны зураг авалтыг хийх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт болон тусламж, үйлчилгээний уялдааг хангах, санхүүжилт, хяналтын тогтолцоог оновчтой болгох, ЭМДЕГ-т тавих Зөвлөлийн хяналт, шалгалтын эрх, үүргийг өндөржүүлж бэхжүүлж, ЭМДС-гийн үр ашгийг дээшлүүлж, төсвийн гүйцэтгэлд тавих хяналт болон гүйцэтгэлийн санхүүжилтийн тохируулгыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд хүртээмжтэй болгох зэрэг олон асуудлыг хөндөж, ЭМДҮЗ-ийн дарга, гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа “ЭМДҮЗ-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай” Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Санал хураалтаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/01/23
214
НИЙГЭМ
Д.Ариунбаатар: Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гаргахад хүндрэлтэй байна
Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалттай 14 байршилд ГУББГ-аас халиа тошин халихаас сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Дэнжийн 1000”-ын үерийн хамгаалалттай нэгдүгээр сувагт 2 ачааны машин, 2 экскаватор, нэмэлт 3 машин механизмтайгаар суваг татах ажлыг гүйцэтгэж байна. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.Тэрбээр “Ойрын өдрүүдэд харьцангуй дулаарсан учраас усны түвшин нэмэгдэж, урсгал нь хурдассан. Тиймээс халиа тошин ихээр үүссэн хэсэгт суваг татаж, мөсийг цэвэрлэж, зөөж, далан босгож байна. “Ногоон нуур” орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлснээр айл өрх халиа тошинд өртөх эрсдэл багассан ч энэхүү сувгийн доод хэсэгт орон сууцны хорооллууд байдаг учраас бид өдөр бүр халиа тошин халих болон хаврын шар усны үерээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.“Дэнжийн 1000”-ын нэгдүгээр сувагт техник орох боломжгүй байршилд ажилчид гар хөрөөгөөр цас, мөсийг хөрөөдөж, гарц гаргалгаа хийж байлаа. Мөн гүүрэн гарцыг дагасан 20 орчим метр том хэмжээний кабелийн утсыг зөвшөөрөлгүйгээр татсан нь ажил явуулахад хүндрэл үүсгэж байсан юм. Яг гүүрэн доорх хаалттай хэсэгт агааргүйдэх эрсдэлтэй, битүү орчинтой учраас харагдах орчин хязгаарлагдмал, ажилчид ээлжлэн орж ажиллахаас өөр боломжгүй, мөн дээр дурдсан цахилгааны кабелийг хөндөх эрсдэлтэй учраас суваг, гарц, гарам гаргахад хүнд нөхцөлд ГУББГ-аас ажиллаж байна. Гэсэн ч нөхцөл байдлыг шийдэж, халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээнүүдийг авсаар байна.
2025/01/22
201
НИЙГЭМ
Байнгын хорооны гишүүд их, дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, уулзалт хэлэлцүүлэг хийлээ
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд /2025.01.21/ Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллалаа. Үдээс өмнө Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус уулзалтад Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, О.Батнайрамдал, Б.Эрдэнэбат, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Г.Дамдинням, А.Ганбаатар, Н.Алтаншагай, Б.Хэрлэн болон их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, удирдлагын төлөөлөл, эрдэмтэн багш нар оролцлоо.Байнгын хорооны дарга Ч.Ундрам “Шинэчлэн баталсан Боловсролын тухай хууль хэрэгжиж эхлээд нэг хичээлийн жил өнгөрлөө. Салбар, салбарт асуудал бий. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдсан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд их, дээд сургуулийн зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар танилцаж, шийдвэрлэх асуудлын талаар хэлэлцэж, нэг чигт урагшлая” гэлээ.Уулзалтын эхэнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Т.Намжил “ШУТИС-ийн өнөөдөр ба ирээдүй” сэдвээр мэдээлэл өгч, хэрэгжүүлж буй онцлох төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа.Тус сургуулийн хувьд 11 бүрэлдэхүүн сургууль, орон нутагт 3 салбар сургууль, 5 коллеж, Ерөнхий боловсролын 3 ахлах сургууль, 5 хүрээлэнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2000 гаруй багш ажилтан, 20 мянга орчим оюутан, сурагчтай. Тэлж хөгжих, дижитал шилжилтийн бодлогоос гадна “Оюутан-Багш-Хөтөлбөр” буюу засаглал, менежментийн бодлого, “Энтерпренер хэв шинжтэй судалгааны их сургууль”-ийг хөгжүүлэх үндсэн дөрвөн бодлогыг хэрэгжүүлж байна гэлээ.Сургуулийн танилцуулга, бодлого, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэсний дараа Байнгын хороодын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, гишүүдийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд Шинжлэх ухаан, технологийн сургууль судлаач, боловсон хүчнийг бэлтгэх өндөр оролцоотой гэдгийг онцлон хэлсэн юм.Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл “Би шинжлэх ухааны салбарт 50 гаруй жил ажиллаж байна. Их сургуулийн хамгийн гол бүтээгдэхүүн бол оюутан юм. Улс эх орны хөгжлийг урагшлуулах гол хүчин зүйл нь мэргэшсэн, чадварлаг оюутан залуус юм” гэлээ.Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбаатар элсэлтийн чиглэлээр хэрхэн анхаарч байгааг тодруулан асууж байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах оюутны тоо багассан талаар дурдав.Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар менежментийн асуудлыг хөндөж, шинжлэх ухаанд суурилсан боловсон хүчний нөөц дутмаг байгааг онцлоод, цаашид зах зээлийн захиалгаар бэлтгэж болох эсэх талаар тодруулга авсан.Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал боловсролын салбарт хөрөнгө оруулалт чухал гэдгийг дурдаад аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж, төгсөгчдийн холбоог сайжруулж, эргэх холбоотой ажиллах нь чухал гэлээ.Улсын Их Хурлын гишүүн Б.Эрдэнэбат багш, ажилчдыг тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн баталгааг нь хангах чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байгааг тодруулж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун сургалтын хөтөлбөртөө зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх чиглэлээр онцгойлон тусгахыг санал болголоо.Тус уулзалтын дараа Байнгын хорооны гишүүд Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллав. Уулзалтын эхэнд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Б.Баасансүх мэдээлэл хийлээ.Хөдөө аж ахуйн их сургууль нь бүрэлдэхүүн 6 сургууль, орон нутгийн 2 сургууль, Монгол Улсын тэргүүлэх 4 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 10.000 гаруй оюутан суралцаж, 1200 гаруй эрдэмтэн судлаачид ажиллаж байгаа төрийн өмчийн ууган сургуулийн нэг.Энэ уулзалтаар сургуулийн төлөөлөлтэй санал солилцож, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм. Хөдөө аж ахуйн чиглэлээр элсэн суралцагчдын тоо эрс багассан талаар багш, судлаачид хэлж байв. Түүнчлэн эрэлттэй мэргэжлээр суралцагсдад хөнгөлөлт үзүүлэх, тэтгэлэг олгох асуудлын талаар болон багш, ажилчдын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах, судалгаа, шинжилгээний чиглэлээр хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудлын хүрээнд ярилцлаа.Мөн тус сургуулиудын үйлдвэрчний эвлэлийн хорооны саналыг сонслоо. Үйлдвэрчний эвлэлийн холбоодоос багш нарын статус төрийн албан хаагч мөн биш эсэх нь тодорхойгүйгээс зарим төрлийн тэтгэмж, нийгмийн хамгааллын асуудлаас хасагдах тохиолдол байгааг дурдсан. Тухайлбал, төрийн албан хаагчийн нэг хүүхдийг их дээд сургуульд хөнгөлөлттэй үнээр сургах болон ажилласан жилээс шалтгаалан тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид хамрагдаж чадахгүй байгаа талаар мэдээлэл өгсөн. Байнгын хорооны гишүүдийн зүгээс хууль, эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулж, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/22
223
НИЙГЭМ
'Нээлттэй парламент' оюутны дадлагажих хөтөлбөрийн нээлт боллоо
Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн нээлт (2025.01.20) боллоо.“Нээлттэй парламент” хөтөлбөрийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж, оюутан залуустай илэн далангүй ярилцлаа. Тэрбээр хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил” санаачилгыг дэвшүүлсэн. Энэхүү санаачилгынхаа талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулж, хурдтай өөрчлөгдөж байгаа орчин цагийн хөгжил дэвшилтэй манай улсын хууль эрх зүйн орчин хэр уялдаж байна вэ, тэрхүү хөгжлийн хурдыг гүйцэж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байгааг онцолж, 21 дүгээр зууны залуу үеийнхэн та бүхний хүсэл мөрөөдөл, эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг хуулиар хангаж, хамгаалах ёстой гэлээ. Орчин цагийн хэрэгцээ шаардлага, шинэчлэгдэн буй харилцааг бүрэн зохицуулах чадвартай хууль тогооомжийг баталж, хөгжил дэвшлээс хоцрох бус харин ч түрүүлж, хөтөлж ажиллах нь парламентын үүрэг байх учиртайг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тэмдэглэв. Хэт олон болсон журмыг цөөлж, хуулийн чанарыг сайжруулан, нийгмийн харилцаа хуулиар зохицуулагддаг байх нөхцөлийг хангах нь Улсын Их Хурлын том зорилго болж буйг тэрбээр энэ үеэр танилцууллаа.“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийг “Гурван төгөлдөршил”-ийн хүрээнд Улсын Их Хурлын дарга санаачилж, чуулганы үйл ажиллагаа, Байнгын болон дэд хороод, ажлын хэсгүүд дээр боловсрогдож буй бодлого, шийдвэрийн төсөлд залуучууд, оюутны санал бодлыг тусгах, тэдний идэвхтэй оролцоог хангах механизм бүрдүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгээс энэхүү “Нээлттэй парламент” хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөрт дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутан хамрагдаж байна.Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Х.Ганхуяг, М.Ганхүлэг, Ж.Золжаргал, Д.Лувсанжамц, М.Мандхай, П.Сайнзориг, Б.Уянга нар ажиллаж байна. 2025 оны хоёрдугаар сарын 14 хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн сургалтыг тус ажлын хэсэг Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон Монголын оюутны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/21
248
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгааллаа
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.01.13-19/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
2025/01/20
205
НИЙГЭМ
Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Өчигдөр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Сайжруулсан түлшний хяналтын хэлтэс хамтран тус дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны айл өрхүүдэд хяналт шалгалт хийлээ.Хяналт шалгалтын талаар Сонгинохайрхан дүүргийн Сайжруулсан түлшний хяналтын хэлтсийн 1 дүгээр хороо хариуцсан ахлах ажилтан Т.Гандуулга “Хяналт шалгалтын явцад зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, ханан пийшинг өөрсдөө хөөлөхдөө бүрэн шавардаагүйгээс үүдэн завсар гарсан, хоёр өөр түвшний яндан залгаснаас гадна хавхалга суурилуулсан, угаарын хийн мэдрэгчийг ажиллуулаагүй эсвэл түүнийгээ алга болгосон тохиолдолд шинээр аваагүй зэрэг алдааг нийтлэг гаргаж байна” гэв.Угтаа ямар ч төрлийн зуух, пийшин бүрэн бүтэн, зай завсаргүй байж, яндан хавхалгагүй байснаар угаарын хийн эрсдэлээс нэн тэргүүнд сэргийлж чадна. Нэмэлтээр Сайжруулсан түлшний хяналтын хэлтсээс гэр хорооллын өрхүүдэд 2-3 удаа дамжуулагчтай болон зайгаар ажилладаг хоёр төрлийн угаарын хийн мэдрэгчийг суурилуулж өгсөн байна. Дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг 24 цагийн турш цахилгаанд холбох шаардлагатай. Ингэснээр тус төвд мэдээлэл нь тогтмол ирснээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой болж буй. Харин зайгаар ажилладаг угаарын хийн мэдрэгчийн зайг тогтмол шалган, хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Мөн угаарын хийн мэдрэгчийг гэрийнхээ хамгийн өндөр түвшинд буюу таазнаас доошоо харсан байдалтайгаар байрлуулах нь зөв аж. Түүнчлэн ханан пийшинг улирал тутамд хөөлөх шаардлагатай бөгөөд өөрсдөө хөөлж чадахгүй тохиолдолд 7011-9410 утсанд дуудлага өгснөөр үнэгүй хөөлүүлэх боломжтой гэдгийг онцолж байлаа. Уг хяналт шалгалтыг нэгдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байгаа юм.
2025/01/20
204
НИЙГЭМ
Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанаар ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Улаанбаатар хотод түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаа, бусад чиглэлд найман томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.Тодруулбал түгжрэл бууруулах чиглэлээр метро, трамвай, шинэ тойрог зам, Туулын хурдны зам, тусгай замын автобус, олон түвшний уулзварууд, дүүжин замын тээвэр, Хөшигийн хөндийн салбар төмөр зам зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ. Харин агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл, Ханын материал орон сууцжуулах төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд болон бусад албаныханд танилцуулсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр төслүүдийг эрэмбэлэх нь чухлыг онцлоод холбогдох албаныханд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж явахыг даалгалаа.
2025/01/20
228
НИЙГЭМ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабт ажиллалаа.Шуурхай штабын ээлжит хуралдаанаар нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэлэх, нийслэлийг орон сууцжуулах бодлого, арга хэмжээ, ДЦС-5-ыг байгуулах ажлын явц, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад хийсэн шалгалтын дүгнэлт зэргийг хэлэлцэв. Хуралдаанд УИХ дахь улс төрийн намуудын төлөөлөл болон нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газрын холбогдох сайд нар, НИТХ, Улаанбаатар хотын удирдлагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж оролцох бүрэлдэхүүн ийнхүү өргөжиж олон талууд хамтарч нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр санал нэгдэж буйд Ерөнхий сайд талархаж буйгаа илэрхийлэв.Шуурхай штабын өнгөрсөн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг шийдвэрлэх томоохон төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, хоорондын уялдаа холбоог ханган, нэгдсэн ойлголт, мэдээлэл, хяналттай ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.Улаанбаатар хотод 2025 онд түгжрэлийг бууруулах Туулын хурдны зам, шинэ тойрог зам, тусгай замын автобус зэрэг ес, агаарын бохирдлыг бууруулах ТЭЦ-5, Сэлбэ, Баянхошууг орон сууцжуулах төсөл зэрэг тав, Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Туул усан цогцолбор, Шинэ зуунмод хотын дэд бүтэц зэрэг долоон мега төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ мега төсөл тус бүрд асуудлыг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Улаанбаатарын мега төслүүдээс өнөөдрийн байдлаар 20 төсөл эхэлсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөх Шуурхай штабын хурлаар Туулын хурдны замын төслийн явц, “Тавантолгой түлш” ХХК-ны үйл ажиллагаатай танилцсан бол энэ удаад нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх босоо тэнхлэгийн I тойрог замын төсөлтэй танилцлаа. Энэхүү зам нь 23,7 км урт, Наадамчдын гүүрнээс эхэлж Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг дайран Туулын хурдны замтай огтлолцоно. Төслийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусах шатандаа орсон, ирэх зургаадугаар сард тендер зарлан, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрт шилжүүлэх ажил эхэлсэн. Сонгинохайран дүүргийн 31-р хорооны иргэн Н.Түмэнцэцэгийнх нарны цахилгаан үүсгүүрээр гэрийн халаалтаа шийджээ. 2023 оны тавдугаар сард энэ халаалтаа тавиулсан. Гал түлэхгүй, нүүрстэй зууралдахгүй, дулаахан, тав тухтай байдаг хэмээн иргэн Н.Түмэнцэцэг Ерөнхий сайдад танилцууллаа. Цахилгааны төлбөр нь сарын түлшний мөнгөтэй ойролцоо гарч буй тул эдийн засгийн хувьд хүндрэл багатай байгааг ярив.Улаанбаатар хотод нарны энэ үүсгүүрийг 70 айлд нэвтрүүлсэн. Нэмж 100 айлыг хамруулж буйг холбогдох албаныхан Ерөнхий сайдад танилцууллаа. Энэхүү нарны үүсгүүр нь байгальд ээлтэй, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний ачааллыг бууруулах ач холбогдолтой. Засгийн газраас нэг хувийн татварын хөнгөлөлт олгох шийдвэр гаргасантай холбоотойгоор зарим аж ахуйн нэгж нарны үүсгүүрийг ажилтан, албан хаагчдынхаа гэрт суурилуулах хүсэлтийг ихээр тавьж эхэлснийг албаныхан мөн ярьж байв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Үүнд, Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөлтөөр газар чөлөөлөлтөд ашиглах зорилгоор Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн өр төлбөртөө хураан авсан “Шинэ Яармаг” цогцолбор хороолол төслийн ашиглалтад орсон 30 орон сууц, дуусаагүй 7 блок 540 айлын орон сууцны барилгыг тодорхой нөхцөлөөр нийслэлийн өмчлөлд шилжүүлэх шийдвэрийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгов. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орон сууцны хорооллын 2025 онд санхүүжүүлэх эх үүсвэрийг батлагдсан ажлын төлөвлөгөөтэй уялдуулахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав. Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад барилгын ажлын үе шатны зөвшөөрлүүдийг нэг удаа нөхөн олгох асуудлыг судалж, шийдвэрлүүлэх саналаа ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах зөвшөөрөл олгох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
2025/01/19
277
НИЙГЭМ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч таалал төгслөө
Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат өнөөдөр зуурдаар таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо. Пунсалмаагийн Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн. Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Шарын голын уурхайд ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, Түлш, эрчим хүчний яамны сайд, Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын алба хашиж байв.1990 оны есдүгээр сараас 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны хоёрдугаар сараас 1993 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байв.1997 оны наймдугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байлаа.Талийгаачийн ажилч хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл даруу гэгээн дүр монголчуудын сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэж, мөнхөд дурсагдах болно.Ум сайн амгалан болтугай!
2025/01/17
290
НИЙГЭМ
'Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)' сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулагдсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14:00 цагаас Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд “Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух, түлшний технологи)” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах хэлэлцүүлэгт иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх Хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар бичгээр болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байна. Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Лавлах утас: 51-261240, 99680844, 99107510, Email:rentsentogtokh@parliament.mn/ Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай. Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын алба
2025/01/16
212
НИЙГЭМ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээ. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Тэрбээр “Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа /2025.01.15/ дуусаж, иргэдээс албан ёсоор захиалга авч эхэллээ. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрсэн. Систем маш энгийн, ойлгомжтой. Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан автомашин болон зөв хүрдтэй автомашинууд хамгийн өндөр оноог авах юм. Хамгийн өндөр оноотой байгаа тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгох боломжтойг илэрхийлсэн мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт илгээнэ. Уг систем нь дугаар олгодог систем биш, дугаар олгох дарааллыг бүртгэж буй систем юм.
2025/01/16
267
НИЙГЭМ
Өнгөрсөн арванхоёрдугаар сар 25 дахь дулаан сар боллоо
Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 2.4°С-аар, олон жилийн дунджаас 1.35°С-аар тус тус дулаан байлаа.Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 25 дахь дулаан сар болсон байна.Монгол орны нийт нутгийн 23.3% нь дунджаас -1.0°С -ээс -7.0°С-аар хүйтэн, 41.1% нь дунджаас +1.0°С –ээс 5.3°С-аар дулаан, 35.7% нь дунджийн орчим байжээ.Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл
2025/01/16
234
НИЙГЭМ
Хоёр талт жагсаалын эргэн тойронд....
Эрх чөлөөний эвсэл намаас
энэ сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй жагсаал эрч нь хэдийгээр
суларсан ч өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Эрх
чөлөөний эвсэл намын зүгээс: “Засгийн газар огцор” жагсаал Засгийн газартай аливаа хэлбэрээр зөвшилцөлд
орохгүй, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй.
Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ” хэмээн мэдэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар төв талбай
орчмоор хүн цөөтэй, хоймор хэсэгт нь “Засгийн газар огцор” талын
хэдэн жагсагч, “Хөлсний жагсагчид зайл” гэх уриа лоозон барьсан хэсэг хүмүүс
зэрэгцэн зогсож байв. Жагсагчдыг эсэргүүцсэн
жагсаалын тэр хавьд хэдэн хүн ирчихсэн, дуу нь нэлээн чангаран ярилцаж буй нь
чих дэлсэхэд “Энэ жагсаалыг Элбэгдорж санхүүжүүлж байгаа” гэх зэргээр
шүүмжилсэн үгс сонсогдож байлаа. Харин хажууханд нь зогсож
буй Цацрал тэргүүтэй Эрх чөлөөний эвсэл намын жагсагчдын зүгээс чимээ анир гарсангүй.
Талбайн төвд байх Сүхбаатарын хөшөөг тойруулан “Засгийн газар огцор” гэсэн том
бичиг болон жижиг цаасан дээр хэвлэсэн сурталчилгааны материалууд байршуулсан
харагдана.
Ерөнхийдөө нийгмийн
амьдрал нам тайван байдалд шилжин, иргэд хувь хувийн ажил төрөлдөө шуударсан бололтой.
Д.Чинзориг
2025/01/15
350