mmnews.mn | 2024-11-21
Зүүдээ хамаагүй хүмүүст бүү ярьж байгаарай
Урьд нэг аянчин бүсгүй замд таарсан нэгэн айлд хоног төөрүүлж гэнэ. Тэр айлын гэрийн эзэн нь зайран хүн байсан юмсанж. Бүсгүй тэднийд хонохдоо гурван чоно өвөр лүү нь асаж байна гэж зүүдэлжээ.
Өглөө сэрээд зүүдээ гэрийн эздэд ярьж өгөхөд гэрийн эзэгтэй: "Пөөх паах ямар аймаар зүүд вэ, муу ёрын зүүд байна, чонын хоол болох вий дээ" гэж их л сэжиглэнгүй уулга алджээ. Харин гэрийн эзэн эхнэрээ зандран: "Яасан муухай билэггүй амтай юм ярина вэ чи. Хүний зүүдийг тайлж чадахгүй бол дуугай л байхад яадаг юм" гэжээ.
Бүсгүй аян замаа цааш үргэлжлүүлэхээр айлаас мордсоны дараа гэрийн эзэн эхнэртээ: "Энэ бүсгүйд зүүдлэгдсэн 3 чоно бол хожмын сайхан өдрүүдэд 3 сайхан хүү болон мэндлэх ёстой үрс нь байсан юм. Тэр сайхан билэгтэй зүүдийг нь чи буруугаар тайлаад урвуулж орхилоо доо, одоо энэ бүсгүйд юу тохиолдохыг би эс мэднэ" хэмээн их л санаа зовсон байдалтай хэлсэн гэнэ. Маргааш өглөө нь гэрийн эзэн босоод тээр хол дүнсийх хойд уулын энгэрт олон шувуу эргэлдэхийг харжээ. Муу совин нь татсан зайран морио унан давхисаар олон элээ хэрээ эргэлдсэн газар очиход чононд бариулсан хүний биеийн сэг байхыг харжээ. Сэг дээр урьд шөнө хоног төөрүүлсэн бүсгүйн дээлийн тасархай болон боодолтой баадан нь цусанд хутгалдан хаа сайгүй тарсан байхыг олж харж гэнэ....
Зүүдээ хамаагүй хүнд битгий ярьж бай. Зүүд тайлж мэдэхгүй хүн сайныг зөгнөсөн зүүдийг урвуулж муу зүг рүү эргүүлдэг юм. Хэн нэгэн хамгийн түрүүнд чамд зүүдээ ярьж өгвөл САЙН гэж тайлж өгч байгаарай. Тэгвэл ямар ч муу зөгнөлийн зүүд зөөлөрдөг юм. Хатуу зүүдийг зөөлөлж, сайн тал руу нь эргүүлж өгөх нь том буян шүү.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ