mmnews.mn | 2024-12-12
Зудын эрсдэлийн зураглал

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ. Уг зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашигладаг.

Зуншлагын байдлын 2024 оны 8 дугаар сарын 20-ны үнэлгээгээр Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Завханы зарим сумдын нутгаар гантай болон гандуу байдалтай байв. Мөн 2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай зарим сумдаар даац олон дахин хэтэрч гарсан.

Хээрийн цасны хэмжилтийн 11 дүгээр сарын 30-ны мэдээгээр уулархаг нутгаар 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.

Зудын эрсдэлийг 11 дүгээр сарын 30-ны байдлаар үнэлэхэд нийт нутгийн 30 орчим хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 30 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 гаруй хувьд эрсдэлгүй гарав. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар нэн их болон их эрсдэлтэй, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд зэрэг болон их эрсдэлтэй байхаар байна.

Өвлийн улирлын цаашдын төлвөөр баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас баруун болон төвийн аймгуудын нутгаар ОЖД–аас ахиу орохоор байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.  

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс, утас-321523




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ