УЛС ТӨР
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол цэргийн өдөр"-ийн мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, сонсогч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа,Эрхэм хүндэт ахмад дайчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд ээ,Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа,Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын баталгаа болсон Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 103 жилийн ойн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.Түүхт ойн баярын энэ өдөр, өвөг дээдсээсээ өвлөн үе дамжин хайрлан хамгаалж ирсэн тусгаар тогтнолын төлөөх монгол цэргийн ялалт, амжилтын дайчин түүхийг баяжуулж байгаа Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сэтгэл хангалуун байна.Баатарлаг түүхтэй монгол цэрэг, үе үеийн ахмад дайчид эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, их бүтээн байгуулалт, гадаад харилцаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх гээд нийгмийн бүхий л салбарт ямагт манлайлан зүтгэж ирснийг төр, засаг, ард түмэн өндөр үнэлдэг билээ.Эдүгээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үндсэн үүргээ биелүүлэхээс гадна улс орноо хөгжүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үер ус, цас зудын гамшиг нүүрлэсэн хүнд цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үйлсийн тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.Үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах энхийг эрхэмлэсэн Монгол төрийн гадаад бодлогыг бодитойгоор хэрэгжүүлэн, даян дэлхийд энх амгаланг тогтоох ариун үйл хэрэгт хүчин зүтгэж, эх орон, ард түмэн, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөн “Дэлхийн цэрэг” хэмээгдэх болсон цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдынхаа амжилт бүтээл, гавьяа зүтгэлийг бахархан тэмдэглэхэд таатай байна.Эрхэм нөхөд өө,Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчин, үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэхэд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага онцгой анхаарч, үр дүн, ахиц гарган ажиллаж байна.Цаашид төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэлдээ улам их амжилт гаргана гэдэгт Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч итгэл төгс байна.Зэвсэгт хүчний нэр хүндийн илэрхийлэл, монгол цэргийн бахархал болсон цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг улам батжуулан бэхжүүлэх нь Төрийн цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний эрхэм үүрэг болохыг онцлон тэмдэглэж байна.Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан ахлагчийн бүрэлдэхүүнийг чадавхжуулан хөгжүүлэх, тэдний гэр бүл, нийгмийн хамгаалал, ажлын орчныг сайжруулахад бодит ахиц дэвшил гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн, хоорондоо нягт уялдаа холбоотой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд эх оронч үзлийн эх ундарга, төрийн албаны үлгэр дуурайлал болсон Та бүхний хүчин чармайлт нэн чухал юм.Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэ зууны түүхийн хуудсыг бичилцэж буй Та бүхний эх орноо батлан хамгаалах их үйлсэд өндөр амжилт хүсэж, гэр бүл, үр хүүхдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Монгол цэргийн яруу алдар бадартугай.Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.
2024/03/18
381
УЛС ТӨР
Эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ.Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ,Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнөх чуулганаас хойш олсон ололт, амжилтаа улам бататгаж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, гарц, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.Энэ талаарх аливаа санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжин, хамтран ажиллах болноЭрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг.Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай.Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой.Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна. Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд болон аймаг, орон нутаг, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.Түүнээс гадна тэдгээр иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.Эрхэм хүндэт ард иргэд ээ.Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ.Ард иргэдийн хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.Тамхидалтыг бууруулах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна.Мөн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрс чангатган, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн цогц боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх нь чухал байна.Энэ дашрамд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна.Гурван га талбай бүхий энэ цогцолбор 4,340 м.кв ногоон байгууламжтай, нийт 58,560 м.кв талбайд 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 орчим хүүхэд залуус спортоор хичээллэх хүчин чадалтай юм.Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.Эрхэм хүндэт нөхөд өө, эрчүүд ээ,Архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл, зөв амьдралыг төлөвшүүлэн, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй сайхан амьдрах ёстой.Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна.
2024/03/17
335
УЛС ТӨР
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.03.15/ нэгдсэн хуралдаан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал тогтоох тул Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг онцолсон.Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно.”, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.” гэж заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн товлон зарлахаар, санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байхаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг дурдаад уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Ганбат, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд сонгуулийн санал авах өдрийг долоо хоногийн дундуурх ажлын өдрүүдэд товлон явуулах шаардлагатайг дурдаад, цаашлаад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсан эсэхийг лавлав. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй адилтгасан үзэл баримтлал, агуулгыг тусгасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлсэн. Ингээд санал хураагаад, алх цохиход бэлэн болсон байсан. Энэ хуулийн төсөлд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэсэн зохицуулалтыг тусгасан байсан. Гэвч өргөн мэдүүлээд хэлэлцсэн төслийг батлах үеэр гишүүдийн ирц хүрээгүй. Би цөөн хэдэн гишүүд хүргээгүй гэж боддог. Ингээд хуулийн төслөө баталж чадаагүй. Тиймээс 10 дугаар сарын 11-ний өдөр болох энэ сонгууль одоо мөрдөгдөж буй хуулиар зохицуулагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заасан тул энэ хүрээнд асуудлыг Байнгын хороогоор хэлэлцээд, Улсын Их Хуралд оруулж байна” хэмээн хариулав. Мөн тэрбээр “Өмнөх сонгуулийн санал авах өдрүүдийг судлан үзэхэд баасан гарагт болж байсан юм билээ. Ер нь баасан гарагт залуучууд санал өгөхгүй гэх зэргээр уриалж буй аятай зүйл ярилгүй, харин төрийн сонгуульд хөгшин, залуугүй идэвхтэй оролцох нь зүйтэй гэж яримаар байна” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.Ингээд Байнгын хорооны саналаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжив. Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонслооДараа нь “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгг заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг онцлон тэмдэглээд тогтоолын төслийг боловсруулахдаа Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргиин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхөөр тусгасан гэж байлаа. Мөн тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар танилцуулгад дурдсан байв.Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлсний дараа “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжив.Хуралдааны төгсгөлд дээрх Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг гишүүдийн олонх батлахыг дэмжсэн тул “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонссоноор баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/03/16
361
УЛС ТӨР
Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-тай үүссэн өмчийн маргааны асуудлыг шийдэх хуулийн баг гаргана
Нийслэлийн шар усны үерт өртсөн болон өртөх эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Хотын дарга ажиллаж байна. Энэ хүрээнд усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд мөн ажилласан юм.1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус байршилд ажиллаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлага Т.Нямдаваатай уулзлаа.Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Стадион орчимд усны хаялга байхгүй. Байсан хаялгыг нь дараад орон сууц барьчихсан. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь зараад идчихсэн. Үлдсэн багахан зай талбайд нэмээд 22 давхар барилга барьж байна. Гэтэл Үндэсний их баяр наадмаа хийдэг тус хүрээлэнг жил болгон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, эргэн тойрных нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлдэг. Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газраас хийсэн талбайг тус компани зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол болгочихсон. Гэвч эдгээрээс нийслэлд ногдол ашиг огт ирдэггүй. Ойр хавийн талбайд нь ус тогтоод байхад шугам сүлжээ хийхгүй атлаа газрыг нь зараад байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэлээс гарсан бүх зардлыг, нийслэлд ирэх ёстой ногдол ашгийг нэхэмжлэх хуулийн баг гаргана” хэмээсэн юм.Ирэх долоо хоногт уг асуудлаар нийслэл болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд хуулийн байгууллага байлцуулан уулзахаар болов. Зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгийг Хотын дарга хэлсэн юм. Мөн тус хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг өмчийн маргааны асуудал шийдэгдтэл зогсоох, усны хаялга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
2024/03/15
344
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотойг Ерөнхий сайд дурдлаа.Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Гэтэл хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байна. Бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй. Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ. Төр, захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой гэдгийг мөн хэллээ.Улсын Их Хурлын сонгуулийг энэ жил анх удаа бүсчилсэн тойргоор явуулахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэв.Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлж шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.
2024/03/14
346
УЛС ТӨР
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Засгийн газар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээ авнаЗудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ.Орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан зудын гамшигт нэрвэгдэж, банкууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаанд оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөлөө. Малчдын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан хуримтлагдсан хүүгийн зургаан нэгж хувиас давсан хүүгийн төлбөрийн 2024 оны эхний хагас жилд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд, 2024 оны сүүлийн хагас жилд шаардлагатай эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгав.Зудын улмаас малын тоо толгой их хэмжээгээр хорогдсон, малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болголоо. Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, малчдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 2024 оны гуравдугаар сарын 06-ны байдлаар 21 аймагт нийт 3.9 сая мал хорогдоод байна. Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид малын зүй бус хорогдлын тоо огцом нэмэгдэх хандлагатай байгаа тул малчдын санхүүгийн дарамтыг бууруулах боломжийг судлах үүднээс холбогдох танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын зүй бус хорогдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зудын хүндрэлээс үүссэн эрсдэлийг бууруулах эдгээр арга хэмжээг авахаар боллоо. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталж хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарна гэж үзэж байна. Төлөвлөгөөний төсөлд Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 290 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан ба төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлнэ. Үр дүнд нь нийтийн албаны авлигын түвшний олон улсын үнэлгээ жил бүр буурч, улсын төсөв тэлэх, иргэдийн төрийн байгууллага, төрд итгэх итгэлийн түвшин нэмэгдсэн, иргэдийн орлого өссөн, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхэжсэн байна гэж үзсэн болно. Халиа, дошны мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулнаБолзошгүй шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотод үүссэн халиа, дошны түвшин нэмэгдсэн хэсгүүдийн мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.Нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 7,8 дугаар сард тохиолдсон үерийн улмаас голуудад хуримтлагдсан лаг, шавар, хөрсний усны түвшин дээшилснээс шалтгаалан үерийн хамгаалалтын барилга байгууламж, голуудын сав дагуу Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 24 хорооны 34 байршилд халиа дошны нөхцөл байдал үүссэн. Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байнаНийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар долоон аж ахуйн нэгж үхрийн мах 1902.0 тонн, хонины мах 3803.0 тонн, ямааны мах 632.5 тонн, нийт 6337.5 тонн мах бэлтгэжээ. Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс үхрийн ястай мах 11350 төг/кг, хонины ястай мах 8900 төг/кг, ямааны мах 6700 төг/кг үнээрнийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна. 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдлээ“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа.Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Гадаадын иргэн, харьяатын газраас 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдэх юм.
2024/03/14
317
УЛС ТӨР
ТББХ-ны дарга Н.Энхболд ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны зөвлөхүүдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд (2024.03.12) Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЕАБХАБ) Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмын хүрээнд санал солилцсон юм. Уулзалтын эхэнд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор хослуулан явуулах, Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох талаар хууль зүйн болон практик үндэслэлүүдийг товч танилцуулав. Тэрбээр, эдгээр өөрчлөлт нь төрийн бодлогын тогтвортой байдлыг хадгалах, ард түмний төлөөлөл бүхий хууль тогтоох дээд байгууллагын чадамжийг сайжруулах, хяналт тэнцлийг хангах, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх томоохон шинэчлэлийн эхлэл хэмээн тодотгосон юм. ЕАБХАБ нь гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, холбогдох сургалт, семинарыг зохион байгуулах зэргээр хууль сахиулах ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг. Уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, шинэчилсэн зохицуулалтаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдний улс төрийн оролцоог хэрхэн хангасан талаар тодруулж, сонгуулийн бүсчилсэн тойргийн хүрээнд олон улсын сайн туршлагуудаас санал солилцлоо. Мөн олон нийтэд сонгуулийн хууль тогтоомжийг таниулах, сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар ил тод мэдээлэх, сонгууль зохион байгуулахтай холбоотой судалгаа, арга зүйн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар уулзалтад оролцогчид санал нэгдэв. ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчид манай улсад ажиллах үеэрээ сонгуулийн үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх, ажиглалт хийх, олон улсын сайн туршлагуудаас солилцох, эрх зүйн шинэчлэлийг хүртээмжтэй хэрэгжүүлэхэд дэмжин ажиллах зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, зарим улс төрийн намуудын төлөөлөлтэй хамтран уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар товлоод байгаа аж. Ташрамд дурдахад, манай улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн болж элссэнээс хойш тус байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албатай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр иржээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/03/13
290
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ техник, технологийн шинэчлэлт хийж байна. Учир нь тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын хүдрийн агуулга жил ирэх тутам ядуурсаар байгаа юм. Анх уг ордын хүдрийн агуулга 0.8 хувьтай байсан бол одоо 0.34 хувь хүртэл буураад байна. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлы гишүүн Д.Батлут болон уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны уирдлагуудтай уулзах үеэрээ тус үйлдвэрийн Ерөнхий захирал, доктор Г.Ёндон энэ талаар тодорхой танилцуулсан юм. Цаашид үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд техник, технологийн шинэчлэл хийх, мөн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч, үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж буй ажээ.Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд (2024.03.11) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шинэчлэлтийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрийн бүх хэсэг, цехийн төлөөлөл, инженер, удирдлагууд оролцсон 450 гаруй хүнтэй уулзалт хийсэн юм. Дэд дарга болон гишүүд Улсын Их Хурлаас эрдэс, баялгийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах талаар хийсэн ажлууд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркын тухай хуулиуд, тэдгээрийн зохицуулалт, хэрэгжилтийн талаар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, хүнд үйлдвэрийн болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг уаашид шинэчлэн сайжруулах талаар иргэд, олон нийтийн санал бодлыг сонсож яваагаа дурдаад, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын ажлын хүрээнд нээлттэй сонсголуудыг зохион байгуулж, албан тшаалын гэмт хэрэгт ноогдуулах ялын бодлогыг чангаруулах зэрэг холбогдох эрх зүйн өөрчлөлтүүдийг хийж байгаа талаар ярилаа. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр нэг төгрөгийн бүтээгдэхүүнийг 71 мөнгөөр хийж байгаа бол Оюутолгой компани нэг төгрөгийн бүтээгдэхүүнээ нэг төгрөг, 10 мөнгөөр үйлдвэрлэж байгааг харьцуулан жишээлж, уул уурхайн үйлдвэрлэлийн шилдэг үлгэр жишээ болж буй тус үйлдвэрийн нийт уурхайчдад баяр хүргэв.Орхон аймгаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, уурхай дагасан хотын ирээдүйг эртнээс анхаарч, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн боломжуудыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар онцолсон юм. Тэрбээр, тус аймгийн Засаг дарга байх үедээ эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллаж, шинжлэх ухаан, технологийн паркын эхлэлийг тавьж, евро стандартын будаг гарган, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн боловч зогссон тухай дурсан, үйлдвэрлэл бизнесийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төрийн зохицуулалтыг оновчтой, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох чиглэлээр ажилласан тухайгаа танилцуулан ярьсан юм. Энэ бүхний үр дүн евро стандартын будгийн үйлдвэрлэл дахин сэргэснийг дурдаж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргээд эхэлснийг ч дуулгалаа.Монгол Улсын баатар цолоор шагнагдсан тус үйлдвэр уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл, нийгмийн хариуцлага, хүний нөөцийн бодлогын талаар жишиг болохуйц үйл ажиллагаа явуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Уулын баяжуулах үйлдвэрийг 1972 онд анх 36 жил ажиллах нөөцтэйгөөр баталж байсан бол 2021 онд Эрдэнэтийн овоо ордын корридорт байрлах Оюутын ордод геологи, хайгуулын ажил явуулж, зэсийн нийт нөөцийг 1.0 тэрбум орчим тонноор нэмэгдүүлснээр хүдрийн нийт нөөц 3.0 тэрбум орчим болж, уурхай цаашид 60 жил тасралтгүй ажиллах боломжтой болжээ. Технологи шинэчлэлтийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэр үйлдвэрийн удирдлага онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, Эрдэнэт хотын ус хангамжийн гуравдугаар шугамын өргөтгөл, Эрдэнэт-Хялганатын хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтын талаар танилцуулсан юм. Ил уурхайн хүдрийн тээвэрлэлтэд конвейерийн систем нэтврүүлэхээр ажиллаж байгаа нь ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн зардлыг 20 хүртэл хувиар бууруулах юм. Мөн баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, эмульсийн тэсрэх бодисын үйлвэр, засвар, механикийн заводын өргөтгөлийг эхлүүлээд байгаа юм.Эрдэнэтийн Үйлдвэр, технологийн паркийг байгуулах ажлын хүрээнд тус паркын дэд бүтцийн ажлуудыг эхлүүлж, мөн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад нийт 762.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд эхний ээлжинд жилд 124.2 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал суурилагдах юм.Уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг, Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох байгууллагууд Эрдэнэт үйлдвэрий геологи, хайгуулын үйл ажиллагааг бүхий л талаар дэмждэгт талархал илэрхийлээд, Эрдэнэтийн стратегийн ордын талбайд олгосон хайгуулын таван лицензийн хүрээнд нөөцөө нэмэгдүүлэх ажлыг явуулж байгаагаа танилцулсан юм. Тэрбээр, Эрдэнэтийн овоо ордын хайгуулыг үргэлжлүүлэхэд зарим хэсэг нь суурьшлын бүстэй давхцаж байгааг дурдаад, энэ мэт геологи, хайгуулын хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, мөн энэ ажлын хамрах хүрээг цаашид өргөжүүлж, бүсийн хэмжээнд хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг Улсын Их Хрлын дэд дарга болон гишүүдээс хүсэв. Мөн Эрдэнэтийн үйлдвэрлэл, технологийн паркын Геометаллургийн төсөл хариуцсан инженер Д.Мөнхбаяр, тус паркын хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэж буй Зэс хайлуулах үйлдвэрийн төслийн өртөг зардал 750-850 сая ам.доллар болохоор байгааг дурдаж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн Ж.Мөнгөншагай, Авто тээврийн цехийн Үйлдвэрчний хорооны дарга П.Гантулга нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан ава тухай хуулийн зарим зохицуулалтаас шалтгаалан Эрдэнэт үйлдвэр хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээ авч чадахгүй байгаа, мөн Эрдэнэтийн цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэсэн өртгөөс нь хямд үнээр авч байгааг зохих түвшинд хүргэх, Белазын жолооч нарын ажлын нөхцөлийг “хүнд, хортой нөхцөл”-д хамруулж өгөх зэрэг хүсэлт тавьж, хамт олныхоо нэрийн өмнөөс бичгээр гардуулав.Түүнчлэн, “Эрдмин” компанийн инженер н.Золбоот, ядуу агуулгатай хаягдал хүдрийг боловсруулах Монголд төдийгүй Азид анхны үйлдвэр “Эрдмин” 27 дахь жилдээ ажиллаж байгааг танилцуулаад, 2012 оны гэрээлснээсээ хойш үйлдвэрийн түүхий эд буюу хаягдал хүдэр авч чадаагүй байгаагаа ярьсан юм. Тус компани дээрх хугацаанд хангалттай мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулсныг тэрбээр онцлоод үйлдвэрлэл, технологийн паркын ажлын хүрээнд амжилттай, тогтвортой ажиллаж байгаа төслүүдэд түүхий эд олглах талаар тодорхой шийдвэр гаргаж өгөхийг хүслээ,Дээрх санал, хүсэлтүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага болон бусад холбогдох эрх бүхий байгууллагатай ярилцаж шийдвэрлэхээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийлж, хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөх асуудлаар бүх талыг оролцуулсан яриа хэлэлцээг Улаанбаатар хотод хийх нь зүйтэй гэсэн юм.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрлэл, борлуулалтаа жил тутам нэмэгдүүлэн ажиллаж, 2019-2023 онд нийт 6.9 их наяд төгрөгийн төлбөр, хураамж улсын төсөвт төвлөрүүлсний зэрэгцээ дэлхий дахиныг хамарсан КОВИД19 цар тахлын үед улсын хэмжээнд айл өрхүүдийн хэрэглээний ус, цахилгаан, хогны төлбөрийг хүртэл төлж, ард иргэдийн амьжиргааны чанарыг хамгаалахад ихээхэн тус хүргэснийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар энэ үеэр онцлов. Цас зудтай хүнд хэцүү өвөл болж, хахир хатуу хавартай золгож буй энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ малчин түмэндээ 285.2 сая төгрөгийн мөнгөн хандив өгсний зэрэгцээ зам давааг нээх, өвөлжөө, бэлчээр гаргах, өвс тэжээл тээвэрлэх зэргээр нийт 271.4 сая төгрөгийн техникийн тусламжийг үзүүлжээ. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүдийг Орхон аймагт ажиллах үед Эрдэнэт хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс өвөлжилт хүндэрсэн Хөвсгөл нутгийн малчдад зориулсан хандивын өвс тээвэрлэсэн цуваа хөдөлсөн юм. Цувааг үдэх үедээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, бүс нутгийнхаа Булган, Завхан, Хөвсгөл аймгийн малчдад чин сэтгэлийн тус дэм үзүүлж, хүнд бэрх цагт хамт байгаа Орхон аймгийн иргэдэд талархал илэрхийллээ.Дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын болон засвар, механикийн заводын өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцав. Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын өргөтгөлийг 2019 онд эхэлж, цар тахлын хугацаанд тасралтгүй үргэлжлүүлсээр өнгөрсөн онд жилд 6.0 сая тонн хүдэр нцнтаглах хоёр тээрмийг ашиглатанд оруулсан бөгөөд үргэлжлүүлэн 2.0 сая тонн/жилийн хүчин чадлыг нэмж суурилуулахаар ажиллаж байна хэмээн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх танилцуулсан юм. Засвар, механикийн заводын хүчин чадлыг орчин үеийн, дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүдээр нэмж тоноглосноор тус завод зөвхөн Эрлэнэт үйлдвэрийн төдийгүй салбарын болон бүс нутгийн аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн болон хөдөө аж ахуйн техник хэрэгслийн засвар, сэлбэгийн үйлчилгээг зохих шаардлагын хэмжээнд үзүүлэх боломжтой болоод байна.
2024/03/13
464
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Хорин минутын хот" бий болгохоор зорьж байна
Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай энэ сэдвийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. Энэ удаа (2024.03.12) зургаа дахь уулзалтаа Баянгол дүүргийн бичил VI хорооллын “Бичил төв” бүсэд хийж, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” сэдвээр хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа зэрэг төрийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг сонсож, өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлээс гарах шийдлийг танилцууллаа. Баянгол дүүрэг бол Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нэг. Нийт 34 хороотой, 246,886 хүн амтай, 65,453 өрх амьдардаг. Үүнээс “Бичил төв” бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 43-р хороо буюу гэр хорооллын найман хороо, 773 га нутаг дэвсгэр хамрагддаг. Баянгол дүүргийн таван хороонд 38,591, Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд 17,782, нийт 56,373 хүн амьдардаг. Үүнээс өрхийн тоо Баянгол дүүрэгт 10,236 бол Сонгинохайрхан дүүрэгт 4,547 буюу нийт өрхийн тоо 14,783 байна. Нийслэлийг 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтийг Засгийн газар, хотын удирдлагуудтай хамтран хийж эхэлсэнтэй холбогдуулж өдөр тутамд иргэдтэй ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудын санал, бодлыг тусгах нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийслэлд олон жил ужгирсан хүндрэлийг шийдэх боломжуудыг танилцуулав.Сүүлийн 30 жилд Монгол Улсын хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс болж хил хүрээ нь тэлж, даац нь хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлого, нийслэлийн өмнөх удирдлагуудын эс үйлдэхүйтэй холбоотой. Энэ алдааг хотын өнөөгийн удирдлагуудтай холбож шүүмжлэх нь өрөөсгөл төдийгүй үүнийг нийслэл дангаараа шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн учир Засгийн газар дэмжээд зогсохгүй оролцохоос аргагүй болсон. Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж, наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Баянгол дүүргийн 6-р бичил хорооллын “Бичил төв” бүсэд гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах асуудал хамгийн тулгамдсан асуудал аж. Мөн бусад гэр хорооллуудын нэгэн адил агаар, хөрс, усны бохирдол, нийтийн тээврийн хүрэлцээ, дэд бүтэц, стандарт тааруу байдаг нь иргэдэд хүндрэл учруулдаг байна. Гэхдээ сүүлийн дөрвөн жилд гудамж, авто зам, гэрэлтүүлгийн бүтээн байгуулалтыг дүүргийн төсөв, санхүүгийн боломжид тааруулан хийж байгаа учир нийслэлийг бүсчилж хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжиж буйгаа оролцогчид хэлж байлаа.
2024/03/13
329
УЛС ТӨР
Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан баруун, хойд, хангайн, зүүн, говийн, төвийн бүсэд “Бүсчилсэн хөгжлийн форум”-ыг амжилттай зохион байгуулсан. Ийнхүү хамгийн сүүлийн бүс болох хот орчмын бүсийн хөгжлийн асуудлаар “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулахаар ажиллаж байна. Зөвхөн Улаанбаатар хотыг бус хотын ойр ормын бүс нутгуудтай хэрхэн холбогдож, хөгжих боломжтой вэ гэдгийг хэлэлцэх юм. Харин өнөөдөр түгжрэл, агаарын бохирдол, төлөвлөлтийн асуудлыг хэрхэн шийдэж болох вэ гэдгийг хороо, дүүргийн түвшнээс эхлэн хэлэлцэнэ. Өмнө нь хүн амын тоо өсөх тусам хорооны тоог нэмдэг байсан. Гэвч хорооны тоог нэмлээ гээд асуудал шийдэгдэхгүй байна. Тиймээс бүсчилсэн байдлаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл хийж, хотыг 42 хэсэгт хуваан, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаар хотод тулгамдаад буй олон асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа” гэв.Хан-Уул дүүргийн хүн ам 2020 онд 187 мянга байсан бол өдгөө 283 мянгад хүрээд байна. Дөрвөн жилийн дотор хүн амын тоо нь эрчимтэй өсөж байгаа тус дүүрэгт Яармаг төвийг байгуулах тухай хэлэлцлээ. Яармаг төвд Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны 30,754 хүн оршин сууж байна. Гэвч хороо, ӨЭМТ, цагдаагийн хэлтсийн 132 төрийн албан хаагч тус дүүргийн 30 мянга гаруй хүнд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.Уулзалтад оролцсон Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын зүгээс анхан шатны нэгж буюу хорооны Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг шууд, шуурхай хүргэх боломжийг олгох, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг тооцоо, судалгаанд үндэслэн шинэчилж, бүсчилсэн хөгжлийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй хэмээх саналыг илэрхийлж байлаа.Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Алимаа “Манай хороо 12 мянга гаруй хүн амтай, 4552 га газар нутагтай маш том хороо. Тиймээс 8 дугаар хороог хуваан, 7 дугаар хороонд хуваарилах асуудлаар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн хорооныхоо 600 гаруй айл өрхийн 1800 орчим иргэнтэй уулзсан. Иргэдийн зүгээс төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд засаг захиргааны шинэчлэлийг хийх хэрэгтэйг хэлж байсан. Хорооны Засаг даргын хувьд иргэдийн гаргасан өргөдөл, саналыг дээд шатны байгууллагад уламжлах, оршин суугаа газрын тодорхойлолт гаргахаас хэтрэхгүй эрх мэдэлтэй. Үүнээс өөр эрх мэдэлгүй болохоор одоо хороонд өргөдөл гаргадаг иргэн байхаа больсон. Тиймээс анхан шатны нэгждээ тодорхой эрх мэдэл өгч байж иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээ шуурхай хүрнэ” гэлээ.Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой. Учир нь нийслэлийн засаг захиргааны байгууллагаас эхлээд зарим төрийн байгууллагууд уг бүсэд нүүж ирээд байгаа. Мөн томоохон худалдааны төвүүд төвлөрч байна. Гагцхүү боловсролын үйлчилгээг зөв хуваарилан, багш ажилчдын мэдлэг боловсролыг сайжруулах хэрэгтэй. Боловсролын чанараас шалтгаалж эцэг эхчүүд хүүхдээ хотын төвийн сургууль руу зөөх хандлагатай байдаг. Тиймээс нэн тэргүүнд боловсролын чанар, хүртээмжид анхаарах хэрэгтэй” хэмээв.Ташрамд, энэ онд Хан-Уул дүүргийн хэмжээнд Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх, улсын сургуульгүй 3, 17, 23 дугаар хороонд тус бүр 480-960 хүүхдийн суудалтай сургууль байгуулах, авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх, Яармаг орчмын хотхонуудын зэвтэй усны шугамыг шинэчилж, 11, 22 дугаар хорооны хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн системд яаралтай холбох шаардлагатай байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, авто замын сүлжээг тэлснээр Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцолж байлаа.
2024/03/12
384
УЛС ТӨР
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэн, аж ахуйн нэгжээс санал авч байна. Та саналаа [email protected] цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. Тодруулга мэдээллийг 7777-0002, 99137889 дугаараас авах боломжтой.Хуулийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.ulaanbaatar.mn/vote/vote-solution/65e81d9c62b37c4864dd8028?fbclid=IwAR0VzOhCr02C9k59VaXXs1s8ZJutHPS-nCgmnw0WWScBmjX0k80VcEL9-vo холбоосоор нэвтэрч танилцана уу.“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК
2024/03/12
325
УЛС ТӨР
Мэдээллийн ба Кибер аюулгүй байдал сургалтыг зохион байгууллаа
Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс мэдээллийн технологийн сургалтын дэд хөтөлбөрийн хүрээнд (2024.03.11) “Мэдээллийн ба Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалтыг явуулав. Энэ удаагийн парламент нь хууль тогтоох үйл ажиллагаанд цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж, Тамгын газрын зүгээс өдөр тутмын үйл ажиллагаандаа техник, технологийн дэвшил, шийдлийг ашиглан түргэн шуурхай ажиллах туршлагыг бий болгосон хэдий ч мэдээллийн болон кибер аюулгүй байдлыг хангаж, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагад өртөхгүй байх дадлыг хэвшүүлэх, чадавхжуулах нь чухал хэмээн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нээлтийн үгэндээ онцолсон юм.Монгол Улс нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатандаа кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, технологид суурилсан инновац, интеграцыг хөгжүүлж, эрсдэлийн менежментийн үндэсний чадавхыг бэхжүүлэхээр тусгасан байдаг. Тиймээс аюулгүй байдлын бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх шаардлагатайг сургалтын үеэр сургагч багш, бригадын генерал, доктор (Ph.D), дэд профессор, зөвлөх инженер, Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх Д.Баасандамба сануулж байв.Өнөөдрийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд оролцлоо.
2024/03/12
351
УЛС ТӨР
Хүний эрхийн холбогдолтой зарим тогтоолуудын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.Оролцогчид: Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Цахим хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл. Хэлэлцүүлэгт оролцох оролцогч дараах QR кодыг уншуулж, бүртгүүлнэ үү.
2024/03/11
307
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:“Монголын сайхан ээжүүд-үзэсгэлэнт сарангоо бүсгүйчүүд ээ,Эрхэм хүндэт алдарт эхчүүд ээ,Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Аливаа улс үндэстний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, харилцан ойлголцол, гэр бүлийн аз жаргалд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо юу юунаас илүү чухал байдгийн нэгэн адил хүн төрөлхтний эе эв, аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй удирдагч, манлайлагчдын үүрэг, оролцоо нэн чухал билээ.Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулъя: Хөгжил дэвшлийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна.Монгол Улс 2022 онд “Эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.Түүнчлэн 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан гаргасан.Энэ хүрээнд жендерийн тэгш байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эмэгтэйчүүд, эмэгтэй манлайлагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг дэлхий дахинд уриалсан.Мөн энэ оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санаачилга гаргасныг НҮБ талархан дэмжиж, хамтран зохион байгуулах болсныг баярын энэ өдөр дуулгахад таатай байна.Энэ чуулга уулзалтаар олон орны манлайлагч эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчид манай оронд анх удаа хуран чуулж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эх дэлхий, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэн, мэдлэг туршлагаа хуваалцаж, үр дүнтэй санал, санаачилга дэвшүүлэн, дэлхий нийтэд хандсан уриалга гаргах болно.Эх орны минь эхлэл болсон эрхэм хүндэт Монголын сайхан ээжүүд ээ,Монголчууд бид өнө эртнээс элбэрэлт эхчүүд, үзэсгэлэнт эмэгтэйчүүд, билиг төгс охид бүсгүйчүүдээ өрх гэрийнхээ нэгэн багана, улс үндэстнийхээ нэгэн тулгуур хэмээн үзэж, үнэт сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь мөнхжүүлж ирсэн бахдам сайхан түүхтэй.Тийм ч учраас Монгол Улсын үе үеийн төр, засгийн бодлого, үйл ажиллагааны төвд охид, эмэгтэйчүүд байж ирснийг Та бүхэн мэднэ.Монгол Улс Ази тивд анх удаа 1924 онд Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сурч боловсрох, хөгжин дэвших, удирдан манлайлах эрхийг хангаж, жендерийн тэгш эрхийг баримтлан, төрийн бодлогод хэрэгжүүлсээр ирсэн билээ.Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэж хөгжсний түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.Цаашид бид хүн амаа өсгөх, эх оронч, эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх бодлогоо тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.Өнгөрсөн онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрх маань 66,234 хүүхдээр ам бүл нэмж, хүн ам 3.5 саяд хүрлээ. 10,638 эх “Эхийн алдар” одон хүртлээ.Мөн хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна. Улсын хөгжил хүнээсээ эхэлдэг. Монгол хүн бол Монголын ард түмний эрхэм дээд баялаг мөн. “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг” гэж манай ард түмэн ерөөдөг.Монголын баялаг болсон хүмүүнийг төрүүлж өсгөн, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байдаг амьд бурхад болсон ээжүүд, эхчүүддээ гүн талархал илэрхийлье.Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад минь эрчүүд биднийг энэрэл хайраараа түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ. Тиймээс эрчүүд бид эхийн хайр, бүсгүйн сэтгэлийг эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрлаж явах учиртай.Хайрын тэнгэр, ханийн түшиг, халамжит эмэгтэйчүүддээ, хацар гоо охид бүсгүйчүүддээ хан хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол газар ээжийн бүүвэйн дуу өнө мөнхөд эгшиглэж, монгол эмэгтэйчүүд үргэлжид аз жаргал, баяр баяслаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.Эрхэм хүндэт ээжүүд, эхчүүд, охид, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 18 дахь жилдээ зохион байгууллаа.“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо.
2024/03/09
319
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд болж байна.(2024.03.06)Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох юм.Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын боловсрол, мэргэжил, нийгмийн байдал, ахлагчийн албаны шинэчлэл” төслийн үр дүн, “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2027” төслийг хэлэлцэнэ.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хүчин зүтгэж буй эмэгтэй ахлагч нарт талархал илэрхийллээ.Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд цэнхэр дуулгатан эмэгтэй алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг олон улс өндөр үнэлж байдгийг онцлов.Ахлагч нар бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч бөгөөд тухайн байгууллагын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх тэднээс шууд хамааралтай гэж Ерөнхийлөгч үздэг.Иймээс ахлагчийг бүх талаар дэмжих, мэргэжлийн түвшинд бэлтгэх, чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор 2024 оныг “Ахлагчийн жил” болгосон юм.Тэр бээр эмэгтэй ахлагч нарын ажил үйлс, бодлого, зорилтыг ямагт дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Мөн эх орныхоо аюулгүй байдал, төр, нийгэм, иргэдийн амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэж байгаа ахлагч нарт болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт”-д 500 гаруй алба хаагч оролцож байна.Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлдэг. Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй ахлагчийн дундаж нас 42, ажилласан жил 20 байна.Сүүлийн гурван жилд эмэгтэй ахлагч нараас 21 хүн гадаадын улс орнуудад мэргэжил дээшлүүлж, 130 гаруй нь гадаад хэлний дамжаанд суралцсан бөгөөд 93 ахлагч магистр, нэг ахлагч докторын зэрэгтэй гэсэн судалгаа гарчээ. Жилд дунджаар 100 орчим эмэгтэй ахлагч иргэний мэргэжил эзэмшдэг гэсэн судалгаа гарчээ.
2024/03/07
272