УЛС ТӨР
УЛС ТӨР
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2025.04.22) хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр, 15 цаг 29 минутад эхэлж, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын холбогдох шийдвэр болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 1994 онд батлагдсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлжээ.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх нийт 6 илтгэлд тусгасан мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн талаар “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргасан тайлан, дүгнэлт, зөвлөмж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос 2021 оны зохион байгуулсан Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт тусгагдсан зарим асуудалд үндэслэн хуулийн төслийн нэрийг Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хэмээн өөрчилжээ. Үргэлжлүүлэн О.Алтангэрэл сайд төсөл дэх онцлог зохицуулалтуудыг танилцууллаа.Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулиар “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэснийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага санаачлах, зохион байгуулах, оролцох эрхтэй байхаар өргөжүүлж байгаа юм байна.Хүчин төгөлдөр хуульд жагсаал, цуглаан зохион байгуулах, санаачлах асуудал нь тодорхой хүрээ хязгаартай, тухайлбал улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар гэж тусгайлан заасныг өөрчилж, ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болох зохицуулалтыг төсөлд тусгажээ.Жагсаал, цуглааны төрөл, хэлбэр болох аяндаа бий болсон, зэрэгцсэн, эсрэг жагсаал, цуглааныг хүлээн зөвшөөрөх тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалахтай холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.Бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, зөвхөн авто замын зорчих хэсэгт зохион байгуулах бол урьдчилан мэдэгдэж, хариу авсны үндсэн дээр, хуулиар хориглосноос бусад газар зөвхөн мэдэгдэл хүргүүлснээр зохион байгуулдаг болохоор төсөлд тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.Мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тодруулбал, мэдэгдэл хүлээн авах этгээд нь цагдаагийн байгууллага байх бол албадан тараах эрх бүхий этгээдээр цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэр гаргадаг болгох нь зүйтэй хэмээн үзсэн гэв.Хориглолт, хязгаарлалтыг тодорхой болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Нийтийн хэв журмыг хангах, үндэсний аюулгүй байдал, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах шаардлагаар зөвхөн хуулиар хориглолт, хязгаарлалтыг тавихыг зөвшөөрөх юм байна. Жагсаал, цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан захиргааны акт баталж, мөрдүүлэхийг хориглохоор төсөлд тусгажээ.Зөвхөн хуульд заасан үндэслэлээр албадан тараах, ингэхдээ тус ажиллагааг баримтжуулах, урьдчилан сануулах, оролцогчдын хувийн байдалд тохирсон арга хэмжээ авах, аль болох хамгийн бага хүч хэрэглэх аргыг сонгох, тус ажиллагааг хэрэгжүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгдөг байх харилцааг хуульчлах нь зүйтэй хэмээн үзснийг илтгэлдээ дурдсан.Түүнчлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зарим зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Тухайлбал, онц байдал, дайны байдал зарласан, гамшиг осол тохиолдсон хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох, энэ хууль болон бусад хуулиар хориглох тодорхой байршлууд, зохион байгуулагч болон оролцогчийн үүрэг, мэдэгдэл хүргүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль үйлчлэх, мөн хууль бус жагсаал цуглаан, албадан тараах үндэслэл зэргийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Мөн шөнийн цагаар жагсаал, цуглаах хийхийг хориглох агуулгыг нэмсэн байна.Хуулийн төсөл батлагдсанаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад заасан иргэдийн тайван хуран цуглах эрх бүрэн хангагдаж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр энэхүү эрхийг хязгаарлах зохицуулалт баталгаажих юм байна. Мөн жагсаал, цуглааны хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдэх аж. Жагсаал, цуглааны хориглолт, хязгаарлалтын хүрээ хязгаар тодорхой болохын зэрэгцээ хуульд зааснаас бусдаар, захиргааны хэм хэмжээний актаар хязгаарлах боломжгүй болно хэмээн сайд танилцуулав.Жагсаал, цуглаан зохион байгуулахад бүртгүүлэх үүрэгтэй, эрх бүхий байгууллага бүртгэсэн тохиолдолд жагсаал, цуглаан хийх эрхтэй болох зохицуулалт үйлчилж байгаа байдал хязгаарлагдаж, зөвхөн онцгой нөхцөл байдал, зайлшгүй хориглох цөөн тохиолдлоос бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр жагсаал, цуглаан зохион байгуулах боломж бүрдэж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулахдаа хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, хууль ёсны тайван жагсаал, цуглаанд жагсагч болон цагдаа хамтран ажиллах, хоорондоо идэвхтэй харилцаатай байх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах нөхцөл бүрдэх юм байна.Хуулийн төсөлтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.5 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан хууль зүйн дүгнэлтийг хуралдаанд танилцуулсны дараа Байнгын хорооны гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, О.Алтангэрэл сайд болон ажлын хэсгээс тайлбар, мэдээлэл, хариулт авав.Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, төслөөр нэрийг нь өөрчилж байгаа нь оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад төсөл дэх зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлсэн. Жагсаал, цуглааныг албадан тараах эрхийг Засаг даргын Тамгын газрын даргад шилжүүлж байгаа шалтгааны талаарх Х.Баасанжаргал гишүүний асуултад “Одоо мөрдөгдөж буй хуулиар Засаг дарга жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэрийг гаргах зохицуулалттай. Гэхдээ Засаг дарга нь эрх баригч улс төрийн хүчнээс томилогдсон улс төрийн албан тушаалтан байдаг. Тамгын газрын дарга нь тухайн шатны үйл ажиллагааг хамгийн сайн мэдэх, улс төрийн албан тушаалтантай ойр байдаг, төрийн жинхэнэ албан тушаалтан юм. Иймээс улс төрөөс хамааралгүй, гаргасан шийдвэртээ бүрэн хариуцлага хүлээх албан тушаалтан гэж үзсэн” гэдэг хариултыг салбарын сайд өгсөн. “Хууль бус жагсаал, цуглаан” гэдэг нэр томьёоны талаарх асуултад нь дараах хариултыг өгсөн. Төслийн 4.1.4-т “хууль бус жагсаал, цуглаан” гэж энэ хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж зохион байгуулагдаж байгаа, эсхүл хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц, хүч хэрэглэсэн байдлаар зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг ойлгоно хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, хориглосон газар, хориглосон цаг хугацаа, хориглосон агуулгаар жагсаал, цуглаан хийсэн тохиолдолд албадан тараахтай холбоотой зохицуулалт хэрэгжихээр төсөлд тусгасан гэв. Жагсаал, цуглааны бүртгэлтэй холбоотой төсөл дэх зохицуулалтын талаар Ц.Сандаг-Очир гишүүн лавласан. Мөн мэдэгдэл өгсөн этгээд нь тухай жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж ойлгож болох эсэх түүний асуултад “Төслийн 8 дугаар зүйлд жагсаал, цуглаан зохион байгуулах, мэдэгдэх үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан. Аливаа жагсаал, цуглааныг зохион байгуулахдаа 48 цагаас доошгүй хугацааны өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бичгээр, эсхүл цахимаар жагсаал, цуглааны зорилго; эхлэх, дуусах хугацаа; оролцогчдын тоо; хэрэглэх эд зүйл; цуглах, жагсан явах гудамж, чиглэл, байршил; зохион байгуулагчийн нэр, хаяг, харилцах утасны дугаар бүхий мэдэгдлийг хүргүүлнэ. Хариу өгсөн эсэхээс үл шалтгаалан жагсаал, цуглаанаа хийх эрхтэй болж байгаа юм. Жагсаал, цуглааны талаарх мэдэгдлийг хүргүүлсэн этгээдийг зохион байгуулагч гэж тооцно хэмээн төсөлд тусгасан” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуллаа. Түүнчлэн цагдаагийн үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээл, тодорхойгүй байдлыг шийдвэрлэх зохицуулалтуудыг төсөлд тусгаснаа тэрбээр тайлбарласан. Аливаа жагсаал, цуглаан нь явцдаа өөрчлөгдөөд дайныг сурталчлах, салан тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах; үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох тохиолдолд албадан тараах нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Ийм тохиолдолд тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга албадан тараах саналаа нийслэлийн нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, сумын нутаг дэвсгэр бол сумын Засаг даргын Тамгын газарт, хоёр ба түүнээс дээш сумын нутаг дэвсгэр дамнасан тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхэд тухайн Тамгын газрын дарга шийдвэр гаргах юм байна.“Аяндаа бий болсон жагсаал” гэдэг нэр томьёоны талаарх тодруулгад "Төслийн 4.1.7-д “аяндаа үүссэн жагсаал, цуглаан” гэж хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага тодорхой үйл явдалд хариу үзүүлэх зорилгоор тухайн үйл явдал болсон даруй хуран цуглаж үзэл бодлоо илэрхийлж байгаа үйл ажиллагааг ойлгоно” гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв.Жагсаал, цуглааны явцад хохирсон иргэн, алба хаагчийн асуудлыг хэрхэн зохицуулах тухай асуусан гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа тохиолдол бүр холбогдох хуулиараа буюу амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, бусдад энэ төрлийн хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар, бусдын эрх, эрх чөлөөнд халдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх болно гэлээ.Жагсаал, цуглааны зорилгыг өөрчлөх үйл явц болон төлбөртэй жагсаал, цуглааны талаарх зохицуулалтын талаар О.Номинчимэг гишүүн, жагсаал, цуглаан зохион байгуулагчдыг хуульчилсан БНСУ-ын туршлагыг судалж, нэвтрүүлэх боломжийн талаар Б.Энхбаяр гишүүн, Хүний эрхийн олон улсын индексийг тодорхойлох үзүүлэлтэд Монгол Улс дахь жагсаал, цуглааны нөхцөл, холбогдох эрхийн хэрэгжилт нь нөлөөлж буй эсэхэд дүн шинжилгээ хийх шаардлагын талаар С.Эрдэнэболд гишүүн, одоо хэрэгжиж буй хуульд огт байхгүй хориглох, хязгаарлах зохицуулалтуудыг төсөлд тусгаж байгаа нь ямар үр дагавартай талаар Д.Цогтбаатар гишүүн тус тус тодруулж, сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь гишүүд хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжиж буй эсэхээ хэлж, байр сууриа илэрхийллээ.Байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 12 гишүүний 75 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/23
333
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн IV хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хувийн хэвшлийнхнээс ирүүлсэн санал, дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлын эсрэг авах арга хэмжээний талаарх танилцуулга зэргийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, манай улсад үүсэж буй эрсдэлийн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өглөө. Дэлхийн тодорхой бус байдлын индекс түүхэн хугацааны хоёр дахь өндөр түвшинд хүрчээ. 2020 онд цар тахлын улмаас уг үзүүлэлт 56 хүрч байсан бол АНУ-ын сонгууль ба геополитикийн эрсдэлүүдийн улмаас 53 болжээ. Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр Худалдааны дайны нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 0,4 хувиар, 2026 онд -0.7 хувиар, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2025 онд 0,4, 2026 онд 0.9 хувиар тус тус агших төлөвтэй байна. Энэ нөхцөл байдал нь уул уурхайн бүтээгдэхүүнээс голчлон төсвийн орлогоо бүрдүүлдэг манай улсад сөрөг нөлөө үзүүлж буй. Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулах, “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хөгжлийн банкийг экзим банк болгох, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг танилцуулав. Мөн тэрбээр “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл бол “Алсын хараа-2050” хөтөлбөрт туссан, хамтарсан Засгийн газрын зайлшгүй хийх ёстой асуудал. Тодорхойгүй байдал үүсэж, хөрөнгө оруулалт хумигдаж байгаа энэ цаг үед зах зээлээ тэлэх том боломж юм” гэлээ.Манай улсын хувьд экспортын орлого өмнө оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор бага, нүүрсний үнэ 38 хувиар буурсан ч нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оны түвшинд байна. Зэсийн баяжмалын үнэ өмнөх оноос 19 хувиар, экспортын биет хэмжээ 26 хувиар тус тус өндөр байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар байна. Мөн тус хуралдааны үеэр Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, харьяа сангуудын болон үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн (АМНАТ) хуваарилалтыг хийх хувилбаруудыг Сангийн яамнаас танилцуулав.Танилцуулгуудтай холбогдуулан зөвлөлийн гишүүдээс гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.Эрчим хүчний дэд зөвлөлийн гишүүн Б.Баатармөнх Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг танилцууллаа. МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагуудаас 270 гаруй санал ирүүлснийг нэгтгэн 12 санал, шийдэл дэвшүүлжээ. Эрчим хүчний тухай үзэл баримтлал нь анх 2001 онд батлагдсан бөгөөд өдгөө шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна. Тухайлбал, шинэ төслийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэх, тус салбарт барилга, үйлдвэрлэл, газар ашиглалт зэрэг 48 төрлийн зөвшөөрөл авдаг. Үүнийг хялбаршуулж, олон улсын жишгийн дагуу “Зөвшөөрлийн нэг цонхны үйлчилгээг” нэвтрүүлэх нь зүйтэй гэжээ.Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглэгчийн ангилал бий болгох, хэрэглээг гэрчилгээжүүлэх, Шинээр хөрөнгө оруулагчидтай тогтвортой байдлын гэрээ байгуулах зохицуулалтыг хуульд тусгах, Эрчим хүчний тухай хууль болон Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан төсвийн татаасын асуудлыг тодорхой болгож уялдуулах, Эрчим хүчний төслүүд дээр своп хэлцлийг ашиглах боломжийг олон улсын гэрээгээр шийдэх зэрэг хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа гэж хувийн хэвшлийнхэн үзсэн байна. Ерөнхий сайд эрчим хүчний салбар дахь олон салангид ойлголтыг нэгтгэх, хууль эрхзүйн орчныг уялдуулан, сайжруулах шаардлагатай байгааг дурдаад анхаарал хандуулж, ажиллахаа илэрхийллээ. Мөн геополитик, геоэдийн засгийн нөхцөл байдал, худалдааны татварын огцом өөрчлөлт, хямрал нь манай эдийн засгийн урт болон богино хугацааны бодлогод сорилт болж, цар тахлын үетэй адил бэлэн байдлыг шаардаж байна. Үүнд хувийн хэвшлийнхний оролцоо, дэмжлэг хэрэгтэй тул хамтран ажиллах боломжуудын талаар санал гаргаж, нэгтгэн танилцуулах чиглэл өглөө. Цаашид Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хуралдаанд хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжилд үр өгөөжөө өгөх томоохон төслийн талаарх мэдээллийг сонсож, Засгийн газраас зохих дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах механизмыг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
2025/04/23
332
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ
Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт боллоо. УИХ, Засгийн газрын гишүүд, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймаг, сум, багийн удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын болон орон нутгийн төр захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо. “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг анх 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор баталж, улсаа бүсчилж хөгжүүлэх талаар сүүлийн хорь гаруй жил яригдсан ч бодитой үр дүнд хүрээгүй юм. Харин Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан юм. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шуурхай шийдэх, бүсийн аймгуудын харилцааг илүү ойртуулж, хамтарч хөгжүүлэхээр Засгийн газраас зорьж байна. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын хүрээнд Хангайн, Баруун, Хойд, Төвийн, Зүүн, Говийн, Улаанбаатарын гэсэн нийгэм, эдийн засгийн долоон бүс, тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” байхаар тусгажээ. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл, гадаад, дотоод улс төр, эдийн засгийн хүчин зүйлс, хангайн бүсийг хөгжүүлэх боломжуудыг танилцуулав. Тэрбээр, Бүсчилсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалын дагуу хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгож хөгжүүлэх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлнэ. Бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн хүн рүү чиглэж, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх нь чухал. Бүсийн аймгууд нэг дор цуглаж тулгамдсан асуудлаа шийдэх, ямар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх вэ гэдгээ ил тод ярилцах шаардлагатай. Хангайн бүсийн тэргүүлэх чиглэлийн төсөл, хөтөлбөрт онцгой анхаарч, газар дээр нь асуудлыг сонсож, холбогдох шийдвэр гаргахыг зорьж буйгаа илэрхийллээ. Ялангуяа, их хаанаар овоглосон баялгийн сангийн үр өгөөжийг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй байлгахын төлөө хангайн бүсийн иргэд онцгой анхаарах ёстойг хэллээ. Мөн Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд С.Амарсайхан, Т.Доржханд нар хангайн бүсийн аймаг бүрийн онцлог, хөгжлийн боломж, хэрэгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг танилцуулсан. Таван салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг хангайн бүсээс УИХ-д сонгогдсон есөн гишүүн нэгтгэж хэлэлцүүлэв. Хангайн бүсийн гурван аймагт баригдаж байгаа ДЦС-ын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах, өсөн нэмэгдэх хэрэглээтэй уялдуулж дулаан, цахилгааны эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго бүхий Баянхонгороос Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур чиглэлийн 340 км авто замын төслийг эхлүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хүрээнд тус бүсийн аймаг бүр хоёроос доошгүй ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад гадаад зах зээл, технологи, хүний нөөц, татвар, хөрөнгө оруулалтын орчны судалгаа, шинжилгээ шийдэлтэй нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны IV улиралд багтаан гаргах, Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн хилийн боомттой холбогдох 360 км автозам, Цэцэрлэг-Баянхонгор чиглэлийн 200 км автозам, Баянхонгор хот-Шинэжинст сум хүртэлх 270 км авто зам барих, Мянганы замын босоо тэнхлэгийн Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замыг холбох 120 км хатуу хучилттай авто замын концессийн гэрээг цуцалж, гүйцэтгэгчийг шинээр шалгаруулах, УБ-Лүн чиглэлийн авто замын хоёр урсгалтай, зургаан эгнээ автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, Лүн-Хархорум хот чиглэлийн авто замын ТЭЗҮ боловсруулах, төрийн өмчийн зарим их сургууль, политехник коллежийг түшиглэн техникийн болон дээд боловсролын шаталсан тогтолцоо бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор их сургууль, төрөлжсөн коллежийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлыг эхлүүлэх, “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүх, шашин соёл, эрүүл мэндийн төрөлжсөн аялал жуулчлалын бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, сумдыг нэгтгэж засаг захиргааны реформ хийх зэрэг 30 гаруй саналыг салбар хуралдаанд оролцогчид гаргасан байна. Эдгээр саналтай холбогдуулж иргэдийн санал, хүсэлт, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд асуулт бүрд хариулж, хангайн бүсийг хамтарч хөгжүүлэх шийдлээ ярилцаж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, онцлог, давуу болон сул талаа ярилцлаа. Хангайн бүсийн анхдугаар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмж бүрийг нэгтгэж Засгийн газрын хуралдаанаар холбогдох шийдвэрийг гаргана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүгнэж хэлэхдээ Хангайн бүсийн зөвлөлийг байгуулж, албажуулахаар болсныг мэдэгдээд хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгууллатын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх саналыг Засгийн газраас онцгой дэмжихээ илэрхийллээ. Мөн татварын давуу байдлыг уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглүүлэхэд бэлэн байна. Аялал жуулчлалын тухайд байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг төрөлжүүлж хөгжүүлэх саналыг хүлээн авч байна гэлээ. Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх, улсын төсвөөр эхлүүлсэн дутуу орхисон төслүүдийг дуусгах, ирэх жилийг Засгийн газраас “Боловсролыг дэмжих жил” болгосон учраас энэ салбарт хэрэгжүүлэх төслүүдийн саналыг авах, хангайн бүсийг Шивээхүрэн боомттой авто замаар холбох зэрэг нийт 17 багц асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нарт даалгалаа. Хангайн бүс 90.2 мянган өрхтэй, 293.9 мянган хүн амтай, 144 мянган ажиллах хүчтэй, хүний хөгжлийн индекс 0.74 байна. Эдийн засгийн үзүүлэлтийн хувьд ДНБ нь 2.7 их наяд төгрөг, үүнийг бүтцээр нь авч үзвэл хамгийн их буюу 52.6 хувийг хөдөө аж ахуйн салбар, 32.2 хувийг үйлчилгээ, 15.2 хувийг үйлдвэрлэл эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа 6770 аж ахуйн нэгжтэй, дундаж цалин 1.4 сая төгрөг байна.
2025/04/15
376
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн явцын тухай санал, мэдээлэл солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд цаашид хийх ажлуудын талаар ярилцав. Элчин сайд Ричард Буанган Америкийн Нэгдсэн Улсын шинэ Засаг захиргаанаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулаад, энэ хүрээнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
2025/04/14
406
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы (2025.04.11) нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг хуралдаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргаж буй шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Чуулганаар хэлэлцэх асуудлыг бид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу тодорхой цаг хугацаанд багтаж хэлэлцдэг. Улсын Их Хурал дахь намын аль нэг бүлэгт харьяалагддаг болон бүлэгт харьяалагддаггүй гишүүдийн асуух асуултын тоо, хугацаа тодорхой байдаг учраас чуулганы хуралдааны үргэлжлэх хугацааг тодорхой товлон, хуралдуулдаг зарчмыг цаашид баримтлах болно. Тухайлбал, Пүрэв гарагийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хэлэлцэх асуудалтай холбоотойгоор 10.00 цагт эхэлж, 11.00 эсхүл 11.30 цаг, 12.00 цагт өндөрлөх нь тодорхой, үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа мөн ялгаагүй тодорхой байдлаар зарлана. Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс цаг хугацааг тодорхой болгон, товлодог болж байна. Аливаа асуудлыг богино хугацаанд хэлэлцэж байгаа учраас Улсын Их Хурлын гишүүд хуралдаандаа бүрэн оролцоотой байх шаардлагыг тавьж ажиллана. Гишүүд асуулт асуух, үг хэлэх дараалалд нэрээ жагсаалтад оруулчихаад, хуралдааны дундуур танхимыг тодорхой хугацаагаар орхих асуудал нийтлэг байсан. Цаашдаа хуралдааны хугацаа маш тодорхой болж байгаа учраас гишүүд хуралдааны танхимд бүрэн сууж, аливаа хэлэлцүүлэгт идэвхтэй, хариуцлагатай оролцдог байх шаардлагыг тавина. Үг хэлэх, асуулт асуух жагсаалтад нэрээ оруулчихаад, чуулганы хуралдааны танхимыг таван минутаас дээш хугацаагаар орхиж гарсан тохиолдолд тухайн гишүүний нэрийг жагсаалтаас шууд хасахаар зохион байгуулж ажиллана” гэв.Түүнчлэн иргэд, олон нийтийн шүүмжлэлийн дагуу, Улсын Их Хурал аливаа асуудалд хариуцлагатай байх үүднээс унасан саналыг босгохын тулд олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураалгаж асуудлыг шийдвэрлэдэг байдлыг таслан зогсооно хэмээн анхаарууллаа. Тал бүрдээ хариуцлагатай байх үүднээс гишүүд тухайн асуудлыг зарчмын хувьд дэмжиж оролцсон бол холбогдох шийдвэр нь гардаг болох нь зүйтэй хэмээлээ. Улсын Их Хурлын гишүүдийг хуралдаанд идэвхтэй оролцохыг онцлон сануулаад “Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудал бүрд гишүүн бүр идэвхтэй, хариуцлагатай хандах ёстой. Улсын Их Хурал иргэдийн амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай хэмээн олон нийт хүсэж байна" гээд энэ зарчмыг үр дүнтэй хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/04/12
344
УЛС ТӨР
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, Б.Уянга, Г.Хосбаяр нар (2025.04.10) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгааг талууд онцлоод, энэ хугацаанд Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэлээ.Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар нэн тэргүүнд 2021 онд эхэлсэн Сангийн яам, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн талаар Элчин сайд Чой Жин Воноос тодруулав. Тус төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ноён Чой Жин Вон өгөөд, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 10 дулааны станцыг ашиглалтад оруулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулан, холбогдох талуудтай нягт хамтран ажиллаж байгаагаа дуулгасан.Үргэлжлүүлэн талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд аж үйлдвэржилтийн арвин туршлагатай БНСУ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцоод, хоёр орны аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны түвшинд ахиц гаргахад онцгой анхаарч Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороотой нягт хамтарч ажиллахаар санал нэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/04/11
400
УЛС ТӨР
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы \2025.04.10\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, зээлийн зэрэглэл тогтоосноос зээлийн хүү бууруулах бодит нөхцөл байдал бүрдэнэ гэж хууль санаачлагч танилцуулж байсан. Тиймээс зээлийн хүү ямар шатлалаар буурах талаар тодруулахад УИХ-ын Э.Батшугар хариулахдаа, дэлхийн 28 орны туршлагыг судалж үзсэн. Тухайлбал, 2004-2019 оны хооронд зээлийн зэрэглэлээ тогтоосон улс орнуудаас харахад зээлийн хүү нь 3,2- 3,4 хувиар буурсан жишээ байна. Мөн Вьетнам улсын зээлийн хүү манайх шиг 18 хувьтай байснаа 12,14 хувь рүү буурсан байна. Банкны зээлийн хүүгийн бүтцийг задлаад 100 хувь гэж харахад 63 хувь нь эх үүсвэрийн, 15 хувь нь эрсдэлийн 12 хувь нь үйл ажиллагааны дотоод зардалд орж байна. Иргэн бүр онооны системд шилжвэл эрсдэлийн зардал буурна. Зээл судлах үйл ажиллагааг эрхэлдэг олон ажилтан байдаг. Онооны системд шилжихэд зээлийг судлах гэж олон өдөр хоног болох шаардлагагүй, тэр хэрээр зардал буурна. Энэ мэтчлэн банкны үйл ажиллагааны зардлууд буурч, зээлийн хүүг бууруулах боломжтой гэв.УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл зээлжих зэрэглэлийг Монгол банкнаас гаргасан аргачлалын дагуу хэрхэн тогтоох, УИХ-ын гишүүн М.Мандухай зээлдэгчийн зээлийн мэдээллийн тогтолцоог хэрхэн сайжруулах, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай худалдаа эрхлэгчид өдрийн маш өндөр хүүтэй зээл авч байна. Өөрөөр хэлбэл, тэд сарын 10, жилийн 100 хувийн хүүтэй зээл авч мөнгө хүүлэгчдийн өгөөш болж байна. Энэ асуудалд хэрхэн анхаарах талаар асуулаа.Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Батгшугар, ажлын хэсгийн гишүүн, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Энхтайван нар гишүүдийн асуултад хариулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Батшугар, хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн чадавхийг үнэлэх зорилгоор ашиглана гэж заасан. Зээлдэгч зээлээ төлөөд явбал оноо нь өсөөд явна төлөхгүй бол буурна, эргээд төлөхөд дахин өсөх динамик горимд шилжихийг зорьж байна. Үүнийг дагаад чанаргүй зээлийн хувь буурна хэмээн үзэж байна гэв. Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчийн зээлээс гадна тухайн хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн өр төлбөр, авлага ордог. Харин гар утасны зээл, хэрэглээний зардал зэргээ төлөөгүй бол муу зээлийн түүхэнд орж ангилагддаггүй. Тухайн хэрэглэгч нь хэрэглээний зардлаа төлж барагдуулахад төлөв нь хэвийн болно. Ер нь хар жагсаалт гэж байдаггүй. Зөвхөн зээл авсан, төлсөн, түүний нөхцөлийн талаарх мэдээлэл зээлийн мэдээллийн санд ордог юм. Иргэд хэт өндөр хүүтэй зээл авч, улмаар санхүүгийн дарамтад орж байна. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөлд өдрийн зээлийн дээд хязгаарыг тогтоосон заалтыг оруулсан гэв.Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, богино эргэлттэй, өндөр хүүтэй мөнгө хүүлэх байдал газар авсан нь ажиглагдсан. Ирэх долоо хоногт Монгол банк болон арилжааны банкны удирдлагуудтай зээлийн хүүг бууруулах асуудлаар нээлттэй ярилцлага зохион байгуулна. Банкууд дэргэдээ Банк бус санхүүгийн байгууллага байгуулаад банкнаас арилжааны зориулалтай зээл аваад банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд хэрэглээний зээл хэлбэрээр өгч байна. 2024 онд банкуудаас Банк бус санхүүгийн байгууллагуудын авсан зээл 700 гаруй тэрбумд хүрчээ. Банкнаас жилийн 24 орчим хүүтэй авсан зээлээ иргэдэд олгохдоо 36-50 хувь хүртэл хүүтэй зээлж байна. Улмаар ломбардууд дахин илүү өндөр хүүтэй зээл олгох зэрэг иргэдэд санхүүгийн дарамт үзүүлж буй асуудлыг УИХ-ын түвшинд зохицуулах шаардлагатай гэж үзэж байна хэмээн мэдээлэл өглөө.УИХ-ын гишүүн Э.Болормаа, Б.Батбаатар нар хуулийн төслийг дэмжиж үг хэлсний дараа Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.Түүний дараа “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр, “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2007 онд соёрхон баталсан.Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон бөгөөд хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагджээ. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас манай хоёр хөрш болох Орос, Хятад багтаж буй юм байна.Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг шинэ 3 дугаар хавсралтаар нэмж баталсан. Тус зарчмуудын зорилго нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллага (Гаалийн байгууллага)-ууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалтыг уялдуулах үндэс суурийг бий болгожээ. Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэх бөгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэв.Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцууллаа. Тэрбээр, "Транс- Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр "-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 04 дугээр сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дээрх хэлэлцээр хэрэгжих тохиолдолд эдийн засгийн симуляцыг тодорхой хийх, эдийн засгийн эргэлтийг түргэтгэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар хийсэн судалгаа шинжилгээ, хэрэгжих тодорхой үечлэл, хугацааны талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд танилцуулдаг байх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат транзит тээврийн үнэ өртгийн талаар, зорчигч тээврийн болон ачаа тээвэрлэлтийн хугацааг нарийн баримтлах талаар, төмөр замд хэчнээн ажилтан, албан хаагчид ажилладаг талаар тодруулан асууж, хариулт авлаа.Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Д.Ганбат нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, далайд гарцгүй Монгол Улсын хувьд олон улсын гэрээ, хэлэлцээр нь зөв зүйтэй бөгөөд цаашид экспортын бодлого, худалдааны бодлого, эдийн засгийг илүү бэхжүүлэх бодлогод анхаарч идэвх, санаачилгатай ажиллах, төмөр замын бүтээн байгуулалтад онцгойлон анхаарч, цахилгаан галт тэрэгтэй болох боломж нөхцөлийг судлах, транзит тээврийн асуудлыг нарийн төлөвлөж, боловсруулах шаардлагатай талаар үг хэлсэн гээд тус хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв.Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нар асуулт асуув. Тухайлбал, шинээр төмөр зам тавих талаар Засгийн газар ямар бодлого баримталж буй талаар болон Улаанбаатар төмөр замын шинэчлэлийн тухай асуусан. Эдгээр асуултад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хариулахдаа, уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж буй улсынхаа төмөр замын царигт тааруулан төмөр замаа барих нь зүйтэй гэж үзэж байна. Улаанбаатар төмөр зам 75 жилийн хугацаанд үүргээ сайн гүйцэтгэсэн. Гэхдээ цаг үеийн шаардлагаар төмөр замаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Улаанбаатар төмөр зам 16 мянган ажилтантай. Анх байгуулагдахдаа тухайн газарт ажиллаж буй ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд цэцэрлэг, сургууль, соёлын төв зэргийг байгуулсан учраас бүтэц, бүрэлдэхүүн нүсэр байгаа юм. Олон иргэдийг ажлын байраар хангаж ирсэн гэж хариуллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэхүү хуулийн төслийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлээд гадаад, дотоодод өргөн сүлжээтэй төмөр зам барих талаар санаачлагатай ажиллахыг хүслээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан энэ хүрээд өндөрлөж, тус хуулийн төслийг баасан гарагийн хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/11
402
УЛС ТӨР
Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа
Улсын Их Хурлын даргын 99 дүгээр захирамжаар байгуулагдсан “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хуралдаан /2025.04.10/ боллоо.Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд ахалж байна. Хуралд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Ц.Мөнхтуяа нар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, 20 минут Үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын төлөөллөөс оролцлоо.Хурлын эхэнд “Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрх” сэдвийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулга хийлээ. Тэрбээр, танилцуулгадаа Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны төслийн талаарх мэдээллийг хүргэв.Тодруулбал, нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй 5551 орон сууц байгаагаас газар хөдлөлтөд тэсвэргүй 672, ашиглахыг хориглосон шийдвэртэй 385, Нийслэлийн Засаг даргын дахин барилгажуулах захирамжтай 178 орон сууц байна.Мөн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2025 оны байдлаар 16 байршил 39 хэсэгчилсэн талбайд 36 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа аж.Танилцуулгын дараа гишүүд хууль, эрх зүйн орчны практик хэрэглээнд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа. Түүнчлэн ажлын хэсгийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр талуудын төлөөллийг тэгш хамруулж, хэлэлцүүлгийн түвшинд зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/11
434
УЛС ТӨР
УИХ-ын гишүүн Х.Баттулгад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай тогтоолын төслийг батлав
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара болон Х.Баттулга нарт ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.Эхний хэлэлцэх асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/013 дугаартай албан бичгээр “Баялагтаа эзэн Монгол” НҮТББ-ын тэргүүн Г.Хажидмаагаас УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороонд хандан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн цахим сүлжээнд байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан гэж үзээд Монгол Улсын Үндсэн хууль, “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу холбогдох арга хэмжээ авч эгүүлэн татахыг хүссэн шаардлага ирүүлсэн болно. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн 10.5-д шалгалтын явцад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийн шинж байдал нь ёс зүйн хариуцлага тооцохооргүй бол шалгалтын дүнг үндэслэн Байнгын хорооны дарга тухайн гишүүнийг дуудан уулзаж, зөвлөгөө өгнө гэж заасан. Дүрмийн дагуу М.Нарантуяа-Нара гишүүнд ёс зүй, харилцаандаа анхаарах талаар зөвлөгөө өгсөн. Тиймээс Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах тухай горимын саналыг гаргаж байна гэв.Горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа санал хэллээ. Тэрбээр, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад нийгмийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгааг буруу юм хэмээн арга хэмжээ авч байсан. Гэвч УИХ-ын гишүүн өөрөө биш түүний нөхөр нь түүний хаягаар нь бараа, бүтээгдэхүүн сурталчилж байгаа нь өмнө нь өгсөн сануулах арга хэмжээг бүрэн гүйцэд биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймээс сануулах арга хэмжээ авсан Байнгын хорооны тогтоол хүчинтэй гэдгийг сануулж, дүрэм зөрчсөн асуудлаар ярилцсан гэв. Ингээд "УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны дарга Б.Баярбаатар өнөөдрийн хуралдааны хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа П.Наранбаяр нар зодолдсон асуудлаар 2025 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр байнгын хорооноос энэ талаараа 04 сарын 15-ны өдрийн дотор тайлбар ирүүлэх агуулга бүхий албан бичиг явуулсан гэв.Түүний дараа "УИХ-ын гишүүн Х.Баттулгад ёс зүйн хариуцлага ногдуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны гишүүдийн ирцтэй холбоотой мэдээллийг гаргаж, шаардлагатай бол Байнгын хорооны хуралдаанд оруулж танилцуулан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн дагуу хариуцлага тооцох саналыг оруулах чиглэлийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяад өгсөн. Түүнийг энэ чиглэлийг баримтлан хэрхэн ажилласан талаараа танилцуулга хийхийг хүсье гэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46.5.13-т “гишүүн нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх” гэж заасны дагуу УИХ-ын гишүүн тус бүрээр, өдөр, цаг, минутаар Хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргасан мэдээнд үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газраас олон нийтэд мэдээлдэг. Энэхүү ирцийн мэдээг авч үзэхэд УИХ-ын 2024 оны анхдугаар, ээлжит бус, намрын ээлжит чуулган 162:49:00 цаг хуралдсан байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга хамгийн олон буюу 67:20:00 цаг хуралдаандаа оролцоогүй байна.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар шинэ бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийг тасалсан цаг, минутаар гаргаж, олон цаг тасалж, хоцорсон гишүүдэд хэдийгээр 40 цаг хүрээгүй ч цаашид анхаарч, хуралдаандаа идэвхтэй оролцохыг сануулсан байгаа. Байнгын хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Д.Батбаяр, Д.Батлут, Х.Баттулга, Д.Ганбат, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар нарт сануулах бичиг хүргүүлсэн. Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 10.7.3-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг тухайн жилд хуралдааны /цахим/ ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын 5 өдрийн цагаас дээш гарсан бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанд оруулна" гэж заасны дагуу миний бие “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.4.1 дэх заалтад үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгатай биечлэн уулзаж, тайлбар авсан болно. Ингээд УИХ-ын гишүүн Х.Баттулгад “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтын дагуу “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна. Харин УИХ-ын гишүүн С.Лүндэг /тасалсан цаг 38:37:00/ хугацаанд эмнэлгийн чөлөөтэй /акттай/ байсан гэдгээ “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар олон нийтээс уучлал гуйж, хүлцэл өчсөн гэв.Түүний дараа Байнгын хорооны дарга Б.Баярбаатар "Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 10 дугаар зүйлийн 10.7.3 дахь заалтыг зөрчсөн байх тул УИХ-ын гишүүн Х.Баттулгад уг дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтыг баримтлан “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын хариуцлага ногдуулах тогтоолын төслийг танилцуулсан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу асуулт асууж, саналаа хэллээ. Тэрбээр, УИХ-ын гишүүн С.Лүндэгт хариуцлага тооцохгүй үндэслэл юу вэ гэж асуугаад УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохоос өмнө тэдэнд ёс зүйгээ сахиулах, хариуцлагатай байх тухай анхаарч ажиллах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Түүний асуултад УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хариулахдаа "Хэн нэгнийг ялгаж үлдээсэн асуудал байхгүй. Гагцхүү хуулиар хариуцлага хүлээлгэх 40 цагийн хязгаарыг баримтлан хариуцлага тооцох асуудлыг оруулж ирсэн" гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан тус Байнгын хорооны дарга Б.Баярбаатар санал гаргав. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Баттулга нь итгэл хүлээлгэсэн сонгогчид болон УИХ-ыг үл хүндэтгэсэн байдал гаргасан гэж үзэж буй учраас албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах тухай ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг 6 сар хүртэл 20 хувиар бууруулах болгон өөрчлөх саналтай байна гэв. Байнгын хорооны хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/09
447
УЛС ТӨР
Ажлын хэсгүүдийг байгуулж, УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.09) хуралдаан 15 цаг 37 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэн, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Энэхүү ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Сайнзориг ажиллах бөгөөд ирэх долоо хоногт төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар явуулахаар тогтов.Дараа нь Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийлж, зарим асуудлаар төсөл санаачлагчаас тодруулга хийсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргав. Эл горимын саналыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 10 нь дэмжсэн тул холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр баталсан юм. Энэ хүрээнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нар ажиллах юм.Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар хэлэлцэн, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Б.Энхбаяр гишүүн, ажлын хэсгийн ахлагчийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төслүүдийн хэлэлцүүлгийн шатанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх зохицуулалтад анхаарах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудаас Эрүүгийн хуулиар зохицуулагддаг байсан ажлын байрны дарамтын талаар асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг болсон талаарх шүүмжлэл ирүүлээд байгаа талаар Д.Цогтбаатар дарга хэлээд ажлын хэсгийн хүрээнд энэ талаар судлах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэллээ. Ингээд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 86.7 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал дээрх ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахшиг нар ажиллана. Хуралдаанаар мөн “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахалж ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нар ажиллана.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг мөн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны холбогдох тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир гишүүн ахалж ажиллах бол бүрэлдэхүүнд Д.Ганбат, Б.Заяабал, М.Нарантуяа-Нара, Л.Соронзонболд нарын гишүүд ажиллана.Байнгын хорооны хуралдааны үеэр Д.Цогтбаатар дарга Дархан-Уул аймагт ажиллан, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцсон талаараа мэдээлэл танилцуулсан.Хуралдаанаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Х.Тэмүүжин гишүүн танилцуулга хийлээ. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөхтэй холбоотой Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн талаар буюу энэ төрлийн тодорхой шийдвэртэй холбоотой гомдлыг нэр бүхий иргэн шүүх, Үндсэн хуулийн цэцэд гаргаад байгааг дурдав. Үүнтэй холбоотой Үндсэн хуулийн зөрчил үүсээд байгаа талаар Х.Тэмүүжин гишүүн дэлгэрэнгүй тайлбарлаад Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Г.Уянгахишиг дээрх танилцуулга болон уг саналтай холбогдуулан асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүнээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс уг санал болон үүсээд буй нөхцөл, хууль тогтоомжийн уялдааг судлах, холбогдох судалгаа, мэдээлэлтэй сайтар танилцах хугацаа шаардлагатай хэмээх санал гарч байв. Иймд уг асуудлын хэлэлцүүлгийг долоо хоног хойшлуулах саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн юм.Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд хүргүүлжээ.Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй. Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан байна.2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа гэв. Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын тусгай шаардлага болох хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таваас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайхан Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг, П.Сайнзориг нар асуулт асууж, Б.Жаргалсайхан прокурор болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нараас хариулт авав. Үргэлжлүүлэн хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох тухай саналтай холбогдуулан үг хэлсэн.Х.Тэмүүжин гишүүн, прокурор ажлаа хуулийн дагуу шударгаар гүйцэтгэдэг байх, мэргэжлийн ур чадвараа шүүхийн өмнө гаргаж ажиллаж чадаж буй эсэх нь энэ байгууллагын үнэ цэн гэдгийг тодотгоод энэ чиглэлээр зарчмын шинэтгэл, Б.Жаргалсайхан прокурорыг энэ чиглэлд өөрчлөлт хийнэ хэмээн найдаж буйгаа хэллээ. Түүнчлэн шүүх хуралдаанд оролцож буй шүүгч, прокурорын тусгай өмсгөл, хувцаслалтын талаар баримт, мэдээлэл хуваалцан зохих өөрчлөлтийг хийх шаардлагатай гэдэг байр сууриа илэрхийллээ. Эл саналыг Б.Энхбаяр гишүүн дэмжээд, шударга ёсны тогтолцооны цөм хэсэг нь прокурорын байгууллага гэж тодотгоод байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг даргалж ажилласны хувиар зарим мэдээллийг дурдан, үүнтэй холбоотой прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ажиглалтаа хуваалцан холбогдох саналаа хэлсэн юм. Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд улируулан томилохыг дэмжиж буйгаа П.Сайнзориг гишүүн илэрхийлээд, прокурорын байгууллагын цахимжилтыг эрчимжүүлж, дуусгахтай холбоотой асуудлаар санал хэлэх, прокуроруудыг мэргэшүүлэхтэй холбоотой саналыг хэлсэн.Б.Заяабал гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа хэмээгээд энэхүү албан тушаалд ажил, амьдарлын арвин туршлагатай нэгнийг томилохын чухлыг онцлов. Үүний зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр анхаарч ажилладаг байх шаардлагатайг дурдаад энэ шаардлагад Б.Жаргалсайхан прокурор нийцэж байна хэмээн үзэж буйгаа хэлсэн. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хараат бусаар, зоригтой ажиллахыг прокурорын байгууллагын хамт олонд уриалаад, хуулийн дагуу шударга ёсыг сахиулж ажиллахыг хүсэв. Хууль зүйн байнгын хороо бүрэн дэмжиж ажиллана хэмээгээд хүний эрхийг хангаж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлснээр авлигыг бууруулах үр дүнгээ онилж ажиллах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийллээ. Түүнчлэн тус байгууллага дотоод хэрэгцээндээ хиймэл оюуныг нэвтрүүлэн, дотоод хяналтдаа ашиглах боломжийн талаар санал хэлээд “Прокурорын байгууллагын хараа хяналтад Монгол Улсын иргэний дархан эрх хамгаалагдах ёстой” гэв.Ингээд Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/09
395
УЛС ТӨР
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаан 15 цаг 44 минутад гишүүдийн 52.0 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүдээс хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.Дараа нь Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвших тухай хүсэлтийн загварыг тусгасан тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 13 гишүүний 9 нь дэмжив.Хуралдаан Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар холбогдох D-өргөдөл цахим системд иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 100187 хүн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд уг саналыг тус Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалтайг гишүүдэд танилцуулав.Улсын Их Хурлын даргын захирамжаар Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Иймд дээрх өргөдлийг тус ажлын хэсэгт шилжүүлэх саналтай байгааг Байнгын хорооны дарга мэдэгдсэн.Уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах асуудлыг ажлын хэсэгт шилжүүлье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Хуралдааны төгсгөлд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцсэн.Энэ талаар Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, "Иргэн Э.Батбаяраас Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай өргөдлийг Улсын Их Хурлын нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан. Уг өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт 33042 иргэн дэмжсэн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.3-т заасан шаардлагыг хангасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95.3-т заасны дагуу Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд уг саналыг 7 хоногийн дотор хэлэлцэх зохицуулалттай" хэмээв.Ингээд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан саналыг 33042 иргэн дэмжсэн тул уг саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакираар ахлуулах горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа нар ажиллахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/04/09
381
УЛС ТӨР
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 09-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэнМонгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлж Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга мэдээлэл өгч буй. Гадаад валютын албан нөөц энэ сарын 07-ны байдлаар таван тэрбум ам.доллар буюу өмнөх долоо хоногийн түвшинд байна. Монгол Улсын экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад есөн хувиар өсөж, 237 сая ам.долларт хүрсэн. Үүнд зэсийн баяжмалын экспорт, ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт өмнөх долоо хоногоос 19 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ. Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар тус хуралдаанд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний өртгийг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортод тулгарч буй тээвэрлэлт, агуулах, биржийн арилжаанд үүсээд буй хүндрэл зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг Сангийн сайд мэдээллээ. Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллааТавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод Оюутолгой болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барихаар туссан.Станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2023 оны зургадугаар сард зарласан боловч тендерт оролцогчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч, санхүүжүүлэгчийг сонгон шалгаруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад заасан Төв аймгийн Баян суманд байршилтай “Төгрөг нуур” нүүрсний ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. “Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн болон бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Шаардлагатай тохиолдолд санхүү, эдийн засгийн шинжилгээний зөвлөх үйлчилгээ авахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд, тус асуудлаар мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх чиглэлээр Британийн Виржинийн арлууд болон Кайманы арлууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг Захиргааны Онцгой Бүс Хонконг, Бүгд Найрамдах Сингапур Улс зэрэг улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэлд, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолд заасан ашигт малтмалын ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах эсэх асуудлыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг яаралтай боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд тус тус даалгалаа.
2025/04/09
401
УЛС ТӨР
Үндэсний зөвлөлүүдийн гишүүнд нэр дэвшигчдийн талаар мэргэжлийн дүгнэлт гаргах хараат бус шинжээчдийг томиллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.04.08)-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн боловч хараат бус шинжээчид нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүд дэмжээгүй юм. Иймд энэ сарын 07-ний өдөр хийх байсан нэр дэвшигчдийн сонсголыг хойшлуулж 14-ний өдөр зохион байгуулахаар товлоод байна.НДҮЗ болон ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргаж, сонсголд танилцуулах шинжээчийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, ШУА-ийн Бага чуулганы гишүүн Ч.Энхбаяр, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Л.Хоролсүрэн нар саналаа ирүүлсэн байна.НДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргах шинжээчид нэр дэвшигч Ч.Энхбаяр сүүлийн 20 гаруй жил МУИС-д ажиллаж байгаа бөгөөд Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор, Бизнесийн сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай юм. Харин ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргах хараат бус шинжээчид нэр дэвшигч Л.Хоролсүрэн АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 2023 оноос багшилж буй бөгөөд 2021 оноос тус сургуулийн захирлын албан үүргийг эрхэлж байна.Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Ж.Чинбүрэн нар хараат бус шинжээчид нэр дэвшигчдэд хандан үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа НДҮЗ-ийн болон ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд тус бүр нэг хүн нэр дэвшиж байгаа, харьцуулалт хийх боломжгүй ч гэсэн тэдний талаар үнэн бодитой, зоригтой дүгнэлт гаргаж ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангуудын нөхцөл байдлыг сайтар судалж, бодит байдлыг үнэлж дүгнэсний үндсэн дээр уг сангуудын цаашдын үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчрах шийдвэрийг хурдтай гаргаж ажиллах чадвар, бусдын нөлөөнд автахгүйгээр даатгуулагчдын эрх ашгийн үүднээс ажиллаж чадах эсэх талаас нь нэр дэвшигчдийг сайтар харж шинжлээрэй гэлээ. Мөн тэрбээр сангуудын үйл ажиллагааг сайжруулахыг, Үндэсний зөвлөлүүдэд мэдлэг чадвартай, мэргэжлийн хүмүүсийг сонгож томилохыг олон нийт харж, хүлээж байгаа гэдгийг сануулав.Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хараат бус шинжээчээр ажиллахаар саналаа ирүүлсэн Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарт амжилт хүсээд, судалгаа шинжилгээндээ асуудлыг өргөн цар хүрээтэй харж, оновчтой дүгнэж чадах чадвартай эрдэмтэн, судлаач нар нэр дэвшиж байгаад баяртай байна гэсэн юм. Тэрбээр ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг даргалах учир Л.Хоролсүрэн шинжээчтэй хамтран ажиллах болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг болон хуулийн үзэл санааг ойлгох чадвартай мэргэжлийн хүмүүсийг хараат бус шинжээчээр ажиллуулахаар нэр дэвшүүлж байгаа Нийгмийн бодлогын байнгын хороонд талархал илэрхийлж, ялангуяа ЭМДҮЗ-өөс өнгөрсөн хугацаанд гаргаж байсан шийдвэр, сангийн захиран зарцуулалт ихээхэн алдаатай явж ирснийг анхааруулан, Үндэсний зөвлөлүүдэд даатгуулагчдын эрх ашгийг төлөөлж ажиллах гишүүдийн зарчимч, тууштай байдал, үзэл санааг түлхүү харгалзаж дүгнэлт гаргахыг хүсэв. Мөн сангуудын үүрэг, зарчим, нөөц бололцоог нягтлан үзэж, үнэлгээ дүгнэлтдээ харгалзаарай гэлээ.Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга Л.Энхнасан шинжээчдэд амжилт хүсэж, Улсын Их Хурлын гишүүдийн хэлсэн үг, саналыг харгалзаж ажиллахыг хүсэв. Тэрбээр, хараат бус шинжээчийг “...Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно” гэсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтыг танилцуулаад санал хураалт явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 75.0 хувь нь профессор Ч.Энхбаяр, Л.Хоролсүрэн нарыг тус тус дэмжсэнээр “Хараат бус шинжээчийг томилох тухай” тогтоол батлагдлаа. Тогтоолоор нэр дэвшигчдийн талаар гаргасан дүгнэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө Байнгын хороонд хүргүүлэх, нэр дэвшигчийн сонсголд оролцож дүгнэлтээ танилцуулахыг хараат бус шинжээчдэд үүрэг болгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/08
411
УЛС ТӨР
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн гишүүдтэй уулзлаа
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. Ассамблейд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга Фабиан Хамилтон болон гишүүдтэй уулзлаа.Уулзалтын эхэнд талууд өнгөрөгч гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг тодотгож, энэ нь хоёр улсын харилцаанд онцлох үйл явдал болсныг цохон тэмдэглэлээ. Монгол, Британи улсууд газарзүйн байршлын хувьд хол ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон нь харилцаа, хамтын ажиллагааны тулгуур болсоор ирснийг УИХ-ын дэд дарга онцоллоо.Түүнчлэн хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй тул Олон Улсын Парламентын Холбооны хүрээнд улам бүр өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн шинээр бүрдсэн парламентаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч буйг тодотгоод хэлэлцэн баталсан зарим хууль, тогтоомжуудаас дурдлаа.ОУПХ-той харилцах Британийн парламент дахь бүлгийн дарга Фабиан Хамилтон, Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, парламентад жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч, эмэгтэй гишүүдийн эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлтэд хүрснийг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, УИХ-ын даргын айлчлалын үеэр Уэстминстерийн ордонд уулзалтууд амжилттай болсонд баяртай байгаагаа илэрхийлээд, айлчлалын үр дүнг бататгахад олон талт хэлбэрээр хамтран ажиллахаа хэллээ.Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Британийн парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн төлөөлөл энэ оны 6 дугаар сард манай улсад айлчлахаар болсонд баяртай буйгаа илэрхийлэхийн сацуу уг айлчлалыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ тодотголоо.Энэхүү бүлэгт Британийн парламентын Нийтийн болон Лордын танхимын гишүүд элсдэг бөгөөд дарга, дэд дарга болон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг жил бүр сонгон томилдог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/08
386
УЛС ТӨР
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо “Нийгмийн хөгжлийн төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд үргэлжилж байна. Дэлхийн 140 орны 1700 гаруй төлөөлөгчид чуулж буй Ассамблейн үеэр ОУПХ-ны дэргэдэх Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалт болж, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо.Энэ удаагийн хуралдаанаар парламентад шинэ гишүүдийг хүлээн авах, боловсон хүчний сургалт, хөгжил, парламентын үйл ажиллагааны хүртээмж, ил тод байдал зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд оролцогчид өөрийн орны холбогдох хууль тогтоомж, хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэлцүүлгийн үеэр шинэ үеийн парламентыг төлөвшүүлэхийн тулд УИХ-аас баталсан стратеги, үйл ажиллагааны онцлогоос танилцуулж, харилцан туршлага солилцохын зэрэгцээ хоёр талын уулзалтуудад оролцов. Энэ хүрээнд парламент, түүн дотроо Тамгын газар хоорондын харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ чиглэлийн хүрээнд харилцан санал солилцлоо.ОУПХ-ны 150 дугаар Ассамблейн үеэр нийт 90 гаруй дэд хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтуудыг зохион байгуулж байгаа юм. Эдгээрээс “Газрын тухай хууль тогтоомж: Газар эзэмших эрх болон тэгш эрхийг хангахад парламентын гишүүдийн үүрэг” сэдэвт дээд түвшний дугуй ширээний хэлэлцүүлэгт УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцов. Энэ үеэр холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилт болон эрх зүйн орчныг боловсронгуй болгоход авах арга хэмжээний хүрээнд оролцогчид нээлттэй ярилцлаа.Чуулга уулзалтад оролцогчид дэвшилтэт хандлага, хамтын санаачилгад тулгуурлан парламентын чиг үүргийг бэхжүүлэх, цаашид бүс нутгийн түншлэлийг эрчимжүүлэх хүрээнд санал нэгдэж, зөвлөлдөв. Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралдаан энэ сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/07
365
