Ухаалаг хүн бүх боломжит сэдвээр мэдлэгээрээ сайрхах, математикийн асуудлыг аянгын хурдаар шийдэх шаардлагагүй. Энэ асуудлыг судалж буй эрдэмтэд өндөр IQ ч гэсэн ухаалаг хүний хамгийн чухал шинж тэмдэг биш гэж үзэх хандлагатай байдаг. Оюун ухааны тухай ямар нотолгоо байна вэ? Хариу нь энд байна.
Ухаалаг хүн гэдэг нь өөрчлөлтөд дасан зохицож чаддаг, сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирддаг уян хатан сэтгэлгээтэй хүн юм. Өөрөөр хэлбэл, ухаалаг хүмүүс одоогийн судалгаанаас харахад оюуны, нийгмийн болон сэтгэл хөдлөлийн оюун ухаан зэрэг хэд хэдэн төрлийн оюун ухааны чадвартай байдаг аж. Тэднийг бусдаас ялгаруулах олон багц чанарууд байдаг.
УХААНТАЙ ХҮН ЗҮРХ СЭТГЭЛЭЭРЭЭ СЭТГЭДЭГ
Олон жилийн турш оюун ухаан, зүрх сэтгэл хоёр эсрэг тэсрэг хүч гэж үзэгдэж, өрөвдөх хүслийг ухаалаг хүний зан араншинтай хамт авч үзэхгүй явж ирсэн. Харин эдүгээ шинэ судалгаанаас харахад сэтгэл хөдлөлийн өндөр оюун ухаан, өндөр IQ хоёрын хооронд хамааралтай байна. Бусдыг ойлгож, өөрийгөө бусдын оронд тавьж, өрөвдөх чадварын оноо өндөр байх тусам үр дүнтэй үгээр ойлголцолын оноо өндөр болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөлийн оюун ухааны нэг хэсэг болох Бусдыг ойлгож, өөрийгөө бусдын оронд тавих чадвар, танин мэдэхүйн оюун ухааны нэг хэсэг болох ойлголт нь шууд хамааралтай. Тиймээс хэрэв та зүрх сэтгэлдээ удирдуулдаг бол оюун ухаандаа ч бас удирдагдах магадлал өндөр юм.
УХААНТАЙ ХҮН ЕРТӨНЦИЙГ СОНИРХДОГ
Өндөр оюун ухаантай хүмүүс унших дуртай гэж таамаглахад хялбар л даа. Гэхдээ ухаалаг байна гэдэг нь олон ном уншдаг гэсэн үг биш. Энэ нь бүх зүйлийг сонирхож, шинэ зүйлийг сурах байнгын хүсэл эрмэлзэлийн тухайд юм. Ухаалаг хүмүүс бусад хүмүүсээс мөн соёл, амьтад, түүх, ер нь ертөнцийн талаар суралцах дуртай. Ном унших дуртай байх нь ухаантайн шинж тэмдэг байх албагүй ч суралцах дуртай, сониуч зантайг илтгэдэг бөгөөд эдгээр нь аль хэдийн ухаалаг хүний шинж чанарууд юм.
УХААЛАГ ХҮН БОЛ САЙН АЖИГЛАГЧ
Өрөөн дэх хамгийн ухаалаг хүн үргэлж хамгийн чанга дуутай нь байдаггүй. Ухаантай хүн амжилтаараа гайхуулахын оронд ихэвчлэн даруухан, дуу шуугүй, ажиглагч байх нь элбэг. Тайван ажиглах чадвар нь бусад хүмүүсийн талаар зөв дүгнэлт хийх боломжийг олгодог зан үйлийн нарийн хэв маяг гэх мэт бусдын анзааралгүй өнгөрдөг зүйлсийг харах боломжийг олгодог.
УХААЛАГ ХҮН ӨӨРИЙГӨӨ ХЯНАХ ЧАДВАР САЙТАЙ
Өөрийгөө хянах чадвар нь та төлөвшсөн гэсэн үг. Та бусдад хор хөнөөл учруулахгүйн тулд сэтгэл хөдлөл, ааш авираа хэрхэн хянахаа мэддэг. Өөрийгөө хянах нь ухаалаг байдлын шинж тэмдэг бөгөөд энэ нь ярих, үйлдэл хийхээсээ өмнө илүү олон удаа боддог гэсэн үг юм. Монголчууд долоо хэмжиж, нэг удаа огтол гэдэгтэй дүйх байхаа.
УХААЛАГ ХҮН ХЭМЖЭЭ, ХЯЗГААРАА МЭДДЭГ
Маш ухаалаг хүмүүс бүгдийг мэддэг юм шиг ааш зан гаргах нь бүү хэл ингэж ч оролддоггүй. Үнэн хэрэгтээ ухаантайн шинж тэмдэг бол бүх зүйлийг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Ухаалаг хүн өөрийн хэр хэмжээг мэддэг бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч чаддаг. Энэ нь танд шинэ нөхцөл байдалд байнга нээлттэй байж, илүү ихийг сурах боломжийг олгодог.
УХААНТАЙ ХҮН УЯН ХАТАН БАЙДАГ
Хамгийн ухаантай хүмүүс удирдаж чадахгүй зүйлдээ санаа зовж, цаг үрдэггүй. Хэрэв та хэрхэн уян хатан байж, урсгалыг даган хөвөхөө мэддэг бол та маш ухаалаг байх магадлалтай. Ухаалаг хүмүүс урьдчилан тодорхойлсон төлөвлөгөөг хатуу баримтлахын оронд уян хатан, нээлттэй сэтгэлгээтэй хэвээр үлдэж, юу ч тохиолдсон амьдралд амархан дасан зохицож чаддаг. Энэхүү уян хатан байдал нь таныг асуудлыг шийдэж, амаргүй нөхцөл байдлаас гарах арга замыг хурдан олж чадна гэдгийг харуулж байна.
эх сурвалж: ИНОСМИ
орчуулсан Татар С.Майдар