mmnews.mn | 2024-12-12
Алба хаагчдад айдас байх ёсгүй....

Өглөөний орсон шинэхэн цас хайлаад хаа сайгүй шавар, шалбааг үүсгэчихсэн нь хаврын урин цагийг санагдуулах боловч жаврын сэрүү алсаас үлээнэ. Улаанбаатарын урт намар дуусахгүй шиг үргэлжилж асан боловч Налайхыг зорих яг энэ өдөр цас орж таарав. Будрах цасан газардаж амжив уу үгүй юу ус болон өөр хувиралд шилжиж, тэнгэрээс дахин дахин мөнгөлөг талстууд эргэлдэн бууна. 

Гэвч замын түгжрэлээс болж бодол санаа цасны гэгээг дагаад цэлмэсэнгүй, харин ч дотор улам бачуурна. Цас орсноос болж энэ их түгжрэл үүссэн ч юм шиг... Утасныхаа дэлгэцийг асаан цаг харвал уулзалт товлосон хугацаа хэдийнэ болжээ. Налайх чинь хотын төвөөс ийм хол билүү?

Автобус дүүрэн хүнтэй, дулаахан гэж жигтэйхэн. Энд суугаа хүн бүр ямар нэгэн зүйл рүү яаран, байн байн утсаа асаан цаг харан цонхоор ширтэх нь надтай адилхан. Одоо яалтай билээ гэж бодоод нүдээ анин арагш сандлаа налан суулаа. Хэдэн минут өнгөрснийг бүү мэд, нүдээ нээхэд Ботаникийн эцэс дээр ирсэн байв. Үүнээс цааш бол түгжрэл үгүй биз гэж олзуурхан бодоод суудлаа засав. Зам нойтон, хальтиргаа үүсэх аюултай болохоор яг хүссэн шиг минь биш ч муугүй хурдтай байна шүү. Ийн давхисаар хүсэн хүлээсэн “Галын буудал”  дээрээ ирлээ. Би шалавхан буугаад тарвагатай хөшөөг уруудан нэвт яваад хоёр цагаан байрны дундуур нэвт гараад л  зорьсон газраа ирсэн гэдгээ мэдэв. Дахиад хэдхэн алхахад шалган дээр очих нь ээ.

“Ирэхгүй юм байхдаа гэж бодож байлаа...” гэсээр ОБЕГ-ын харьяа Уул уурхайн 09-дүгээр ангийн албаны дарга, аврах ажиллагааны удирдагч, хошууч Д.Баяржаргал гэх цас шиг цагаан үстэй эрхэм намайг угтан авав. Замд төрсөн бодлоос үүдэж түүний үс ийм мэдрэмж төрүүлсэн болов уу. 

Цэрэг армийн хүмүүс цагийг ягштал барьдаг нь үнэн ажээ. Намайг ирэх гэж мунгинасаар байх зуур тэд өглөөний жагсаалаа хийж, цайгаа уугаад, ээлжээ солилцож дуусаад сургалтдаа оржээ. Бид энгийн боловч цаанаа л нэг сүр жавхаатай харагдах хоёр давхар байр луу орлоо. 

Уурхайн аврах ангитай танилцав

Анх 1951 онд Аж үйлдвэрийн яамны 444-р тушаалын дагуу “Уулын аврах команд” нэртэй байгуулагдаж байсан энэ анги Онцгой байдлын албанд 2015 онд нэгдэн орж байсан түүхэн замналтай. Зарим хүмүүс тэднийг зөвхөн Налайхын хэмжээнд л ажилладаг гэх ташаа ойлголттой байдаг. Гэвч тэд Монгол Улсын хэмжээнд уурхай, уулын үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хүрч ажилладаг юм.

Бид Онцгой байдлын албыг газрын гадарга дээр гал унтрааж буйгаар л төсөөлөх хандлагатай байдаг шүү дээ. Харин энэ анги бол газар доорх гүнд буюу далд уурхайд дарагдсан, гацсан, эндсэн хүмүүсийг татан гаргах үүрэгтэй тусгай анги юм. Тарваганы нүх шиг жижигхэн нүхний амаар ороод аврах ажиллагаа явуулдгаараа уурхайн аврагчид бусад аврагчдаасаа ялгардаг. Газар доор бараг агааргүй орчинд ажиллагаа явуулахад юу тэдэнд хамгийн чухал байдаг вэ гэх энэ асуултад албаны дарга ийн хариуллаа.

“Бидний зүүдэг баг бол ямар ч агааргүй утаатай орчинд дөрвөн цаг ажиллах чадвартай. Гал гараад утаанд боогдсон, уулын нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар орохдоо нуруундаа 12 кг - ын жинтэй баг үүрч ордог”.

Биднийг ярилцах зуур албаны даргын сургалт орох цаг боллоо. Энэ өдөр надаас өөр олон зочид иржээ. Дундговь аймгаас ирсэн уурхайн аврагчид энэ сургалтад сууж байна. Сургалтын тэнхим рүү алхах зуур надтай бие бялдрын хувьд жижигхэн, намхан аврагчид их таарав. Цэрэг, арми, онцгой байдлын албанд биеийн хөгжил сайтай, өндөр нуруутай хүмүүс ордог гэх бодолдоо хөтлөгдөөд бас л асуугаад амжлаа. Албаны дарга Д.Баяржаргал “Бид чинь газар доор ажиллагаа явуулдаг хүмүүс шүү дээ. Тарваганы нүх рүү жижигхэн биетэй хүмүүс багтаж ордог юм. Том, тарган биетэй хүн багтаж ороход бэрх байдаг. Манай уурхайн аврах анги бол хамгийн онцгой нь шүү” гэж хэлчихээд сургалт орох өрөөний хаалгыг татан оров.

Ангийн захирагч зөвхөн багны тухай л нухацтай ярина. Яаж өмсөх, харьцах, хэрхэн өөрийн болгож авах тухай нэгд нэгэнгүй тэдэнд анхааруулан хэлж буйгаас үзэхэд уг  “баг”-аа амь шигээ хайрладаг болох нь харагдана. Мөн шинээр энэ ангид орж ирсэн алба хаагчдад 45 хоног багаа яаж ашиглах талаар нарийн сургалт ордог гэнэ. 

Багны тухай онолын сургалт дуусаж доошоо буун практик хичээл рүү оров. Бие бялдрын бэлтгэлээс гадна багтай яаж харилцах, эзэмших сургалт өдөр бүр орно. Уурхайн аврагчдын итгэл найдвар, амь бие бүхэлдээ баган дотор нь явдаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэд багандаа итгэж л нурангид дарагдсан уурхай руу зоригтой ордог.

Уурхайн аврагчдын хувьд хүрз, жоотуу хоёроос өөр техник хэрэгсэл хэрэглэдэггүй. Нэг хүн л багтах тэр жижигхэн нүхний амаар энэ хоёроос өөр ямар ч багаж, тоног төхөөрөмж багтахгүй. Уурхайн шороог нь улаан гараараа ухаж гаргадаг яггүй хүнд, хэцүү албанд зүтгэдэг хүмүүс юм даа гэж бодов. 

Тэд 45, 50 радиусын налуутай нүх рүү бөгсөөрөө шууд гулгаад орох ч үе байдаг. Мөн уурхай дотор бол малгайны гэрэл тамхины цог улалзах төдий л гэрэл тусгана. Энэ хооронд тэд гараараа тэмтрээд л ажиллагаагаа явуулдаг гэв. Мөн багаа өөрөөсөө огт салгаж болохгүй. Салгах л юм бол эндэнэ. Яг л усчин аврагчид шиг мэдрэмжээрээ л зарим тохиолдолд аврах ажиллагаага явуулахаас өөр сонголтгүй. Гацсан, эндсэн дарагдсан хүнээ олохоос нааш уурхайгаас гарч болохгүй. Тиймээс тэдний хувьд техник хэрэгслийн гэхээсээ илүү дуудлагадаа цаг алдалгүй хурдтай очих төмөр хүлгийн асуудалтай байсан ч үүнийгээ шийдэж чаджээ. Өмнө нь бол фург онаар дуудлагад явдаг байсан бол одоо “Ланд Крузер 78” маркийн дулаахан машинаар хурдтай явдаг болсон гэнэ. Бүр илүү шуурхай ажиллагаанд нисдэг тэрэг ч ашиглана. Энэ бүгдээс харахад манай онцгой байдлын алба жилээс жилд улам л чамбайран сайжирч, шинэчлэгдэж, хурдтай болж байгаа нь  илэрхий. 

Уурхайн баатрууд ярьж байна

Уул уурхайн 09 дүгээр анги шижигнэсэн сайхан залуучуудаас бүрджээ. Хүн мөрөөдлийнхөө дагуу амьдарна гэдэг үгээр хэлэхийн аргагүй тийм л сайхан байдаг. Итгэхийн аргагүй ч  дуудлага бүрийн цаана нуугдаж байдаг эрсдэл дунд ажил үүргээ гүйцэтгэн явах л тэдний мөрөөдөл ч юм шиг...

С.Ариун-Эрдэнэ гэх шавилхан биетэй, шаламгай хөдөлгөөнтэй аврагч, холбоочин охиноос би яагаад энэ мэргэжлийг сонгосныг нь асуувал “Онцгой байдлын албанд орох бол миний багын мөрөөдөл байсан юм л даа. Миний ах онцгой байдлын албанд ажилдаг. Бусдаас өөр хувцас өмсөөд үргэлж завгүй амьдардаг тэр хүнийг хараад л энэ албыг мөрөөдөж эхэлсэн. Миний мөрөөдөл биелсэн. Энэ ангид аврагч холбоочноор ороод 11 сар болж байна. Яг ажил дээр гараад ирэхээр зарим хүндрэлтэй зүйл гарч байна. Дуудлага өгч байгаа хүмүүс уурлаад, загнадаг ч тэднийг ойлгохыг хичээдэг. Сандраад айчихсан хүмүүст цаг маш удаан санагддаг шүү дээ” гэж хариуллаа.  

Нүүрээс нь инээмсэглэл ер салахгүй хүмүүсийн нэг болох энэ залууг Р.Ахбек гэнэ. Тэр энд ажиллаж байгаа хамгийн шинэхэн аврагч юм. Мөн л түүнийг юу энд хөтлөн авчирсныг асуувал “Би Налайхын унаган хүүхэд. Багаасаа аав, ах нартайгаа уурхайд ажилдаг байсан. Тэр үед миний одоо өмссөн байгаа шиг ийм шар хувцастай, шар машинтай ах нар ирээд хяналт шалгалт хийдэг байлаа. Тэгээд л энэ  ах нар шиг хүн болно доо гэж шийдсэн. Одоо ингээд мөрөөдөж явсан хувцсаа өмсөөд ах нартайгаа мөр зэрэгцэн ажиллагаанд оролцон яваа минь зүүд шиг л санагддаг. Энд ирээд хэдхэн сар болоод яваад өгдөг хүүхдүүд байдаг л даа. Нэг зүйлдээ тууштай байсан цагт л үр шимийг нь хүртэж бардам амьдардаг юм байна гэдгийг ах нараасаа харсан. Тиймээс би ах нарынхаа хэмжээнд хүрээд дүү нартаа зааж сургана гэх шинэ мөрөөдөлтэй ч болоод амжсан. Гэхдээ яг ажил дээр гараад үзсэн чинь зарим юм бодсоноос арай өөр гэдгийг ухаарсан. Анх 2023 оны зуны үерийн ажиллагаанд очход ах, эгч нар яасан удаж ирдэг юм, хурдан хөдлөөч гээд загнах нь жаахан хүнд, дарамттай байсан. Үнэндээ бид дуудлага руугаа байдаг хурднаараа л очдог учраас биднийг хараад баярлах болов уу гэж бодсон юм л даа. Гэтэл эд зүйлсийг нь зөөлхөн хэрнээ хурдан зөөсөнгүй гэж уурлаад л байсан. Мэдээж бидний ажлыг ойлгож, дэмжиж, талархдаг хүмүүс бол байсан. Одоо дуудлага харьцангуй бага байгаа. Энэ хугацаагаа ашиглаад багтайгаа маш сайн ажиллаж сурахыг л хичээж байна. Хараахан гэр бүл зохиож амжаагүй болохоор ажил дээрээ л бараг амьдарч байна даа”.

Энэ ангийг гарын арван хуруу шиг ээ мэддэг хэдхэн хүний нэг болох аврагч ахлагч Б.Баттулга юм. Тиймээс түүнтэй мөн л хэсэг хоромд ярилцлаа. 

“Би аврагчаар 13 жил ажилласан. Ер нь энэ цаг хугацаа их хурдан юм аа. Би энэ албанд хүсэж мөрөөдөж ороогүй л дээ. Хүний амьдралын жамын дагуу гэх юм уу. Би уурхайд зөвхөн эрэгтэй хүн л ажилдаг гэх бодолтой явлаа. Анхны дуудлагаа хүлээж аваад эмэгтэй хүн аварчхаад гарч ирээд их гайхаж билээ.\Инээв\ Аврагчдын хувьд ажиллагаанаас гарч ирэхэд угтан авдаг хүмүүсийн хандлагаар тэтгэгдэж байдаг юм. Яах вэ, байнга урмын үг хэлдэггүй л дээ. Гэхдээ зарим үйлдэл бол арай хэтэрхий байдаг. Бид нар газар доор ороод зүгээр хэвтэж байгаад гарч ирдэггүй шүү дээ. Улаан гараараа шороог нь ухаж нүх гаргана эсвэл бүр хэт налуу радиустай нүхэн дотор цогцостойгоо хамт унах тохиодол ч байна. Ийм хүнд аврах ажиллагаа явуулчхаад гараад ирэхэд араас цохино, чимхэнэ, зандарна, загнана. Зарим нь хэлэх хэлэхгүй үгээр ч доромжилдог. Ямартай ч ажиллаагаа дуусгачхаад анги дээрээ ирэхэд ар гэрийнхэн маань санаа зовчихсон, хоол цай хийчихсэн, нойргүй хүлээгээд сууж байдаг даа. Тэдэн дээрээ үүргээ биелүүлчхээд эсэн мэнд эргэж ирэхийн тулд бид дасгал сургуулилтаа чанартай хийхээс гадна багаа сайн эзэмшсэн байх ёстой шүү дээ. Ерөөсөө л энэ багтай сайн харьцаж сурах хэрэгтэй” гэв. 

Удалгүй албаны дарга ирээд түүнийг “Чуяа” гэж дуудав. Яагаад түүнийг ингэж  дууддаг болохыг асуувал “Манай албанд насаараа зүтгэсэн Чулуунбаатар гэж  аврагч ах байсан юм. Одоо бол бурхан болчихсон. Түүнтэй их адилхан болохоор нь ингэж дууддаг юм” гэв. Тэдний нэгнээ дурсан санаж, хайрлан хүндэлж явдаг зан аргагүй л монгол эр хүний жудаг гэж юу байдгийн тод жишээ мэт санагдана.

Цас шиг цагаан үстэй албаны дарга Д.Баяржаргал анхнаасаа л онцгой нэгэн байжээ. Тэр ШУТИС-ийг төгссөн ч уурхайн аврах ангид өөрийн мөрөөдөл хүслийнхээ дагуу 2006 онд 30 хүүхдээс шигшигдэн орж ирсэн түүхтэй. Налайхын унаган хүүхэд учраас энд ажиллахад хүндрэлтэй зүйл нэг их тохиолдоогүй байна. Харин ч өөрийн сайн чаддаг зүйлээ хийгээд 18 жилийг өнгөрүүлсэн гэхэд болно. Учир нь энэ анги Налайхын хүүхдүүдийг авах их дуртай. Энд өссөн хүүхэд бүр багаасаа уурхайд ажиллаж, нүүрстэй харьцаж сурсан байдаг. Өөр аймгаас эсвэл хотоос ирсэн хүүхдүүд уурхайд ороод  их гайхна. Хананд нь хүрч үзэхээрээ “Энэ тэгээд бүгд нүүрс юм уу” гэж хэлдэг заншилтай гэнэ.

Би дахин албаны дарга Д.Баяржаргалаас “Та айж байгаагүй юу?” гэж асуувал тэр “Юунаас нь айх юм. Анхны ганц хоёр ажиллагаан дээрээ цогцос хараад эвгүй болох тохиолдол бол байсан л даа. Бид айж болохгүй үүрэгтэй хүмүүс шүү дээ. Газар дор айх л юм бол ажиллаагаа дуусна гэсэн үг. Айсан хүн хамгийн тогтворгүй байдаг учраас тэнэг үйлдэл хийх магадлал өндөртэй байдаг. Миний хийсэн нэг тэнэг үйлдэл багаа бүхэлд нь эрсдэлд оруулах боломжтой. Миний хүү намайг дагаад аврагч болчихсон байгаа. Чи миний мэргэжлийг өвлөж ав гэж бол тулгаагүй ээ. Хүү маань өөрийн мөрөөдлийнхөө дагуу л болсон. Одоо тавдугаар ангийн охин маань хүртэл аавын ажил  хүн аварч, хүнд тусалдаг болохоор гоё гэдэг. Тэгэхээр аврагч байна гэдэг хэчнээн буянтай мэргэжил байх нь уу. Жаахан хүүхэд хүртэл хайрлаж байна шүү дээ. Ийм байхад айж, эмээж ажлын алдаа гаргаж яаж болох билээ”.

Хамгийн ачаалалтай томхэмжээний аврах ажиллагаа

Албаны дарга Д.Баяржаргал “Баялгийн хонхорт 2007 онд Отгонтэнгэрийн уурхайд хийсэн аврах ажиллагаа бол манай аврагчдын ур чадварыг үнэнхүү шалгасан даа. Тэр жил тун их усархаг бороо орсон юм. Тэр үед уурхайн гүнд ажиллаж байсан хүмүүс бороо орж байна гэж мэдээгүйн дээр уурхайг тойруулж далан, шуудуу ухаагүй байсан. Борооны ус шууд доошоо урсаад уурхайн арам бэхэлгээний хөлийг идсэний улмаас тэнд байгаа хүмүүстэй харьцах ямар ч боломжгүй болчихсон байсан. 

Мөн удалгүй арам бэхэлгээ нь доошоо юу ч үгүй нурж унаад битүү дараад хохирогчдын хаана байгааг ч мэдэх боломжгүй болгочихсон. Орох гэхээр битүү, ямар ч зай завсар байхгүй. Экскаватораар ухах гэхээр тэнд байгаа хүмүүст шууд аюул учирна. Тиймээс бид нар гурван өдөр зогсолтгүй улаан гараараа ухсаар байгаад нэг хүн багтах нүх гаргаж ороод долоон хүнийг амьд татан гаргаж авсан юм. Яагаад тэд амьд байсан бэ гэвэл уурхайн гүнд борооны ус орчихсон байсан болохоор тэд уснаас хүчилтөрөгчөө аваад амьсгалж байсан юм. Шороог нь нэвтлээд урт труба оруулаад дохио зангаагаар бид ярилцдаг байлаа. Ингэж юуны түрүүнд уурхайн гүнд байгаа хүмүүсийг тайвшруулах хэрэгтэй. Үнэхээр тэвчээр шалгасан ажиллагаа байсан даа. Бид нэг л минут зогсвол юу ч болж болох байсан учраас гараараа зогсолтгүй шороо ухсан. Ер нь уурхайн аврагчдын ажил их мэдрэмж, шаламгай байдлыг шаарддаг гэж хэлж болно. 

Саяхан хамгийн сүүлд буюу энэ оны зургаадугаар сарын 24-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жоншны далд уурхайгаас гурван хятад иргэнийн цогцсыг татаж гаргасан. Ингээд л дуудлагууд ороод ирдэг юм” гэв. 

Ер нь онцгой байдлын алба онцгой л байдаг ажээ. Дүрэлзсэн улаан гал руу дайран орох, нуур, далайн цэл хүйтэн ус руу шумбах, тарваганы нүх жижигхэн радиустай нүх рүү ороод гацсан, эндсэн, дарагдан хүнийг тэвэрч гарч ирнэ гэдэг “онцгой” чадвартай хүмүүсийн хийдэг ажил яах аргагүй мөн юм.

Налайхын баатрууд минь баяртай

Уурхайн аврагчдын анги буйдхан хэрнээ алба хаагчдынхаа ая тухтай амрах, хөгжих нөхцлийг ч давхар цогцлоож чаджээ. Анги дотор зурагт үзэх, дасгал хөдөлгөөн хийх, унтаж амрах өрөөнүүдийг орчин үеийн стандартын дагуу засаж тохижуулсанд алба хаагчид их ам сайтай, сэтгэл өндөр байгаа нь илт.

Сургалт, практик хичээл тарсны дараа залуухан аврагчид сагс, волейбол идэвхтэй тоглоно. Мөн дотроо өөрсдийн гэсэн музейтэй. Тэнд нь үе үеийн, удирдагчид, аврагчдын зураг, хөргийг байршуулан тэдний баатарлаг үйлсийг нь магтан дуулжээ. Сонирхуулахад одоогийн албаны дарга, хошууч Д.Баяржаргал гэхэд 280 орчим хүний амийг аварсан байна. Ингээд бодохоор энэ анги хамт олон, цаашлаад бүхэл бүтэн ОБЕГ нийт хэдэн эрдэнэт хүнийг эсэн мэнд аварч, ар гэрт нь хүргэсэн бол гэж бодогдоно. 

Дахин нэг хаалгыг нээн орвол хүндэтгэлийн өргөө байна. Хоймортоо Эзэн Чингис хааны хөргийг залж, өргөөний голд уран хийцтэй, сүрлэг тулгыг тавьсан нь нүдэнд тусна. Энэ тулгыг Аврагч, канат шалгагч А.Батзаяа гэх залуу урлажээ. “Энд байгаа бүхий л залуус  өөрсдийн гэсэн онцгой авьяас билигтэй. Би энэ газарт 18 жил ажилласан ч тэд өдөр бүр гайхшируулдаг даа” гэж албаны дарга залуучуудаараа бахархан хэлэхэд түүний цагаан үс гялалзана. Тэр алба хаагчдынхаа дарга гэхээсээ илүү аав, ах шиг нь байхыг хичээдэг нь анзаарагдана. Албаны дарга Д. Баяржаргал үргэлж инээмсэглэнэ.

Оройн хоолны цаг болжээ. Өнөөдөр будаатай шөл, шинэхэн хайрсан боорцогтой. Алба хаагчид их амтархан идэхийг харахад тогооч эгчийн хоол ч амттай байдаг бололтой. Тэд хоолоо шалавхан идчихээд эргэж бөмбөгөө тоглохоор яарч байх шиг. Би ч автобус руугаа хурдлахаар шийдэн албаны даргатай хамт шалган руу зүглэв.

Анх энэ шалган дээр уулзахад л түүний үс үнэхээр нүдэнд онцгой туссан юм. Сониуч зандаа дийлдэн түүнээс үснийх нь өнгөний тухай асуувал “Онцгой байдлын алба хаагчид үсээ будах хориотой байдаг. Би төрөлхийн цагаан үстэй. Ер нь хүмүүс миний үс рүү их хардаг л даа. Гудамжаар явж байхад ч жаахан хүүхдүүд хараад “Ахаа та ямар гоё үстэй юм бэ” гэдэг. Ажил дээр бол анх “Тэр цагаан үстэй нөхөр бос” гэдэг байсан. Босоод үнэн учраа хэлдэг. Одоо ч бүгд намайг аврахын буурал гээд андахаа байсан. Налайхын уурхайн хүмүүс бүгд танина. Гоё зохиж байгаа биз дээ” гээд нөгөө л сурсан зангаараа гэгээхэн инээв. Би ч түүнд баярласнаа илэрхийлээд салах ёс хийн цааш алхав.

Хэдхэн минутын дараа автобусны цонхоор цас орохыг хараад албаны даргын үс түүнд үнэхээр гоё зохижээ гэж дотроо бодов. Баяртай айдсыг үл мэдэх инээмтгий баатрууд минь!

Эх сурвалж:interview.mn




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ