mmnews.mn | 2025-02-10
Америкт 'аавынд' 5 хоносон түүх....
Арваад жилийн өмнө шиг билээ. Америкад аавынд ороод гарсан нэг "сайхан гар"-аас ярилцлага авч байв. "Аавынд" ч гэж дээ, тав хоног суусан нөхөр.
-Ямар хэрэг тариад Америк “аавынд” суух болов оо?
-Монголоос нэг найз маань ирээд хоёулаа жаахан уусан юм. Тэгээд гүн согтолттой жолоо барьсан гэдэг нэг хэрэг, дээр нь мань эр Монголоос ирсэн болохоороо мэдэлгүй, ууж дуусаагүй архиа "намайгаа бодоод" машинд хийгээд явуулчихсан байсан нь “машинд онгорхой архи байсан” гэсэн бас нэгэн зүйл анги нэмэгдээд шүүхээр орлоо, хөөрхий.
-Ямар ял авав даа?
-Шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах, таван хоногийн шоронд суух ял авлаа. Энэ нэг жилийн хооронд машин барих эрхгүй. Гэхдээ бүр огт машин барьж болохгүй бас биш юм. Энэ улсад чинь ажилд машинаар л явна. Ажилдаа явж чадахгүй бол хүний амьдрал өнгөрнө. Тэгэхээр хэчнээн эрхээ хасуулсан хүн байв чиг зөвхөн ажил гэр хоёрынх нь хооронд маршрут гаргаад тэр замаар бол барьж болдог юм билээ. Бас овоо хүнлэг систем юм даа. Харин өөр замаар машин баривал ёстой баларна.
-Ердөө тав хоног суух шийтгэл бас байна уу?
Харин байдаг л юм байна. Тав хоногоор яллаад нэг тэнсэн харгалзах офицер гэж өгдөг юм байна. Тэр хүн дээр очоод бүх арван хурууныхаа хээг өгөх юм. Тоо моо бариад ийш тийшээ харж баахан патиардууллаа. Офицер нэг бөглөх анкет өгсөн. Тэр нь би сар болгон бөглөж өгч байх ёстой юм гэнэ. Энэ сард чи хар тамхи хэрэглэсэн үү? Цагдаа зогсоосон уу? Зогсоосон бол ямар шалтгаанаар? гэх мэт асуулттай. 500 доллараас дээш үнэтэй бараа худалдаж авсан уу? гэж хүртэл асуусан байна лээ. Хаяг солигдвол 3 хоногийн дотор мэдээлэх ёстой. Тэнсэнгийн офицер энийг л бөглүүлж аваад байхаас өөрөөр бараг харьцахгүй. Ер нь л нэг бүртгэл хараанд орчхож байгаа юм уу даа.
-Шүүхээр оруулаад шууд л дээлээ нөмөрнө гэдэг шиг ачаад явчихгүй байна уу?
-Үгүй үгүй. Шүүх дээр их харж үзсээн. Миний адил хэрэгтэй, ялтай улсыг ажлыг нь алдагдуулахгүй гэж дандаа сайн өдрүүдээр шоронд суулгах болсон. Тэгээд бүр гурван сарын дараа нэг бичиг ирдэг юм даа. Уншсан чинь, тийм өдөр, тэдэн цагт, тэнд байгаа, тийм нэртэй шоронд суу гэсэн юм байлаа. Офицер маань ч давхар ярьж байна. Тэгээд нөгөө шорон луугаа явлаа даа. Бүр Ричмондын тийшээ, Арлингтоноос хоёр цаг явах, холхон шорон байна. Нэлээд будилж явж байж шоронгоо арай гэж нэг юм олсон. Үүдэнд нь хүлээгээд сууж байсан чинь гаднаас баахан инээлдсэн залуус ороод ирсэн нь хамууд маань юм байна. Ингээд орцгоолоо. Гавлаж барих юм бол уу гээд л түгшиж байсан, үгүй ээ. Цагдаа нар нь ч гэж нэг их сайхан харьцаатай, инээсэн улс байх юм. Бүх хувцас хураагаад нэг шоронгийн хувцас, сойз, саван, шампунь, алчуур энэ тэр өглөө.
-Хувцас нь ямархуу юм байх юм?
Нэг урт комбинзон. Судалтай, цэнхэр өнгийн, ерөнхийдөө Францын хөл бөмбөгийн багийнхархуу. Үсээ хусуулчихвал Зидан маягтай болох янзтай. Тэгээд нэг нэг дэр тэврүүлээд л оруулчихсан. Энэ чинь миний анхны оролт болж байгаа юм. Түрүүн хэлсэн дээ, сайн өдрүүдээр суух шийд гарсан гэж. 5 хоногийн ялтай юм чинь сайн өдрүүдэд багтахгүй хоёр хувааж суусан юм. Маниус шиг бага хэрэгтнүүдийг тэр жинхэнэ хоригдлуудтай хольдоггүй юм билээ. Бид нарыг бөөнд нь нэг зааланд оруулаад хүний нэг хуванцар матресс өгөөд болоо. Гаднаас түгжээд явчихсан. Тэгээд л хэвтээд байлаа даа. Өдөрт 4 хоолтой. Өглөө орой хоёр удаа тооллоготой байдаг юм байна.
-Хоол нь ямархуу юм?
-Хоол нь сайхаан. Мах багатай, жимс, ногоо, вандуй, буурцаг түлхүү оруулсан, хөнгөн тал руугаа. Тийм хоол идэхэд ер нь хоёр, гурав хоног идэж байж нэг л хүндрэхээр. Тиймээс ходоодонд их шингэцтэй. Шоронд суусан биш ногоон хоолтон болохоо алдлаа.
-Хэд хоног юу хийж өнжив?
-Би бол унтаад л байлаа. Америк залуус харин уйддаг бололтой юм. Заал чинь шийдтэй байгаа. Дэрэндээ оймс гутлаа чихэж байгаад илжигдэж тоглоно лээ. Уг нь хамаг юм хураагаад л оруулах шиг болсон, зарим нь хаанаасаа оруулсан юм, хөзөр тоглосон, ном уншсан ч хэвтэх шиг. Тэгээд би тавдахийн орой очиж суугаад бүтэн сайны орой гарахаар 3 хоног болчхож байгаа юм. Дараагийн долоо хоногт нь хагас сайнд ороод бүтэн сайнд нь гарахаар хоёр хоногоор тооцдог юм билээ. Хоёр дахь удаа ороход хувцас мувцас нь хүрээгүй юу яасан, шууд хувцастай маань оруулаад нөгөө өгдөг юмсаа өгөөд цоожилчихсон. Хүн хартай танилцаж үзлээ. Нэг залуу тэгсэн дан сайн өдрүүдээр суугаад гурав дахь сараа явж байна гэж байсан. Бодвол хориод хоногоор шийтгүүлсэн нөхөр болтой юм. Бас завгүй бол хэлээд өнжиж болдог гэж байгаа. Шорон юм байж, “Сорри, би энэ долоо хоногт ийм тийм юмтай болчихлоо” гэхээр дараагийн долоо хоногт нь шилжүүлчихдэг гэсэн. Зав гарахаараа шорондоо суучхаад л.
-Харин ч сонин юм үзээд бараг амраад авсан юм биш үү?
-Тэр хэд хоног би их юм ойлгосон. Америкууд ер нь хүнийг хүн талаас нь хүндэлдэг улс байх юм. Ямар ч офицер дарга хэрэгтэнтэй их сайхан инээж хүндэлж харьцдаг. Нөгөөдүүл нь ч тэр, зай майгаа булаацалдах ч юм уу хоорондоо маргах юм ер гарахгүй, нэгнийгээ хэзээ ч доош нь хийдэггүй улс байна. Хүний эрх гэдэг юмыг хэрэгтэнд хүртэл хамруулж ойлгодог юм байна. Манайд бол яадаг билээ. Хэрэг хийгээгүй, зүгээр л архи уусан явахад барьж аваад эрүүлжүүлнэ гээд хувцас хунарыг хүчээр тайлаад шалдлаад төмөр торны цаана хийчихдэг шүү дээ. Эндхийн цагдаа нар нь хүний биед хүрэх ч үгүй. Тэгээд Монгол маягаар сэтгэх юм бол бэлэн хоолтой, хэн ч дарамтлахгүй бараг амар ч юм шиг. Гэтэл эндхийхний эрх чөлөө гэдэг яс маханд нь шингэсэн ойлголтоор бол эрх чөлөөг нь хасаад гаднаас нь түгжчихнэ гэдэг өөрөө сэтгэлзүйн их том шийтгэл болдог юм байна. Манайхан шоронгоор дарамталж, айлгаж хүмүүжүүлнэ гэдэг бол энд шорон залхаалтын газар бус ерөөсөө эрх чөлөөг нь хасна л гэдэг утгатай. Тэр нь их том шийтгэл. Тэнд юу ч хийхгүй суухдаа хүн ихийг бодож, ойлгож цэгнэж авдаг байна л даа. Би ч бас эрх чөлөө гэж юу сан билээ гэж үнэ цэнг нь бодож л суулаа.
-Ажил хийлгэж хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг бол уу?
-Олон хоног, жилтэй хоригдлууд ажил хийдэг бололтой юм билээ. Энэ улс чинь хүний хөдөлмөрийг цаг минутаар үнэлнэ шүү дээ. Нэг ийм сонин юм болж байсан. Манай нэг найз архи уугаад эхнэртээ жаахан агсан тавьсан чинь эхнэр нь цагдаад өгсөн байгаа юм. Тэр гэхдээ над шиг шүүхээр ороогүй, урьдчилан хорих газар 3 хоносон. Тэр үед эхнэр нь гомдолгүй гэж хөөцөлдөөд гаргаад авчихсан юм. Мань хүн тэнд 3 хонохдоо уйдаад камераа цэвэрлэж эхэлсэн гэж байгаа. Гөлийтөл нь цэвэрлээд дараа нь хонгилыг нь бас гялалзуулаад хаячихсан гэсэн. Тэгээд гарах болсон чинь хорихын нэг хүн ирээд “Танд их баярлалаа. Таны хөдөлмөрийг үнэлж байна” гээд 50 доллар өгсөн гэсэн. Мань эр “За яахав, гурав хоногийнхоо ажлыг алдлаа. Гэхдээ нэг хоногоо нөхчихлөө” гэчихсэн 50 ногоонтой орж ирж байсан.
-Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Нэг зуу татах уу?
-Ёстой үгүй шүү.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ