mmnews.mn | 2025-06-02
Үр хүүхдээ санаж бэтгэрэн алсад амьдарсан 9 жил

Би Америкт амьдардаг, 3 хүүхэдтэй жирийн нэгэн ээж. Амьдралаа сайжруулья, өөрийгөө өөрчилье гэсэн гэгээн мөрөөдөл тээж 9 жилийн өмнөх битүүний тэр нэгэн өдөр гараасаа нэг хоног ч салгаж үзээгүй 11, 6, 3 настай гурван хүүхдээ үлдээгээд л гарч байлаа. Одоо ч тэр өдрийн тухай бодоход хамар минь шархирч, зүрх базалдаг.

2016 оны Цагаан сарын битүүний өдөр нисэж байлаа. Хөөрхий 2 том маань нулимс дуслуулаад үлдсэн, 11-тэй том хүү минь тэвэрч уйлаад, 6-тай охин хаалганы араар нуугдаж уйлаад, 3-тай бага маань нэх сайн ойлгоогүй нялх байсан болохоор. Сэтгэл урагдаад үгээр илэрхийлэмгүй тэр мэдрэмж одоо ч бодоход хэцүү санагддаг. Онгоцны буудлаас нөхөр ганцаараа гаргаж өгсөөн. Нэг ч зүйлийн талаар нөхөртэйгээ яриагүй зөвхөн ганцаараа бодож шийдвэр гаргаад зориглоод яваад өгсөн юм. Тэр хүн гэхдээ намайг битгий яваач, хүүхдүүдээ бодъё, барья гэж хэлээгүй, анх сонсоод худлаа яриад байгаамуу гэсэн. Гэхдээ зүгээр л болох ёстой зүйл болж байгаа юм шиг явуулсан. Бидний харилцаа хөндийрөөд удсан байсан юм. Тэр шийдсэн байсан байхаа гэж би хааяа боддог. Миний сэтгэл санаа бол шалаар нэг, “ээж нь очоод хамгийн хурднаар хүүхдүүдээ татаж авна" гэж гурван хүүхдэдээ амлалт өгөөд гарсаан.  Миний бичиж байгаа жаахан замбараагүй, энд тэндээ орсон ойлгомжгүй байж магадгүй шүү.

За ингээд нус нулимстайгаа холилдож, хүүхдүүдээ сэтгэлдээ тээсээр Солонгосоор дамжин 16 цаг тасралтгүй ниссээр Америкт хөл тавилаа. Хамгийн анх онгоцноос буусан газар Вашингтон ДС байсан. Тэнд монгол айлд нэг хоноод шинэ золгууд хийхээр ДС-д очсон байсан монгол гэр бүлийн машины багаажны суудалд 100$ өгч суугаад 11 цаг орчим явж Чикагод ирлээ. Чикаго-д багын найз минь байсан юм. За ингээд 7 жил уулзаагүй багын найз дээрээ ирээд гэрт нь байрлаж, ажил руугаа зөөлгөж авахуулж, цэцэрлэгийн хүүхэд цаашаа л юм болдог байлаа. Би тэр найзынхаа гэр бүлд насан туршдаа талархаж явах болноо.

За ингээд эрчимтэйгээр ажил хайлаа. Яг миний ирсэн сар нь бизнесүүдийн жаахан хүнгүй, нэмж ажилтан авах шаардлагагүй үе таарсан. Уйгагүй ажил хайж явсаар солонгос эзэнтэй хумсны нэг салонд анхлан суралцагч хумсчин болов. Ингээд ажилтай золгоод, өрөө дарахын тулд шаргуу ажилласан. Анх сурахад үнэхээр хэцүү санагддаг байлаа. Миний сэтгэл тавгүйтэхэд гэдэс эвгүйцдэг юм. Өдөр болгон л ийм мэдрэмжүүд, дээр нь гурван хүүхдэдээ санаа зовно, хоолоо идсэн болов уу, ээжгүй тэр хэд маань ямар хэцүү байгаа бол гээд юу эсийг бодохов дээ. Тоо томшгүй олон бодлууд эргэлдээд, бодох тоолонд нүдний нулимс зүгээр урсах шиг л болно. Хажуугаар нь хумсны ажил....Би бүр хүмүүсийг 10 хуруутай нь арай л олон байна, ядаж 5 хуруутай байсан бол гээд анх боддог байсан.

Ингээд Америкт ирээд ажилтай золгосон хүн чинь дараагийн алхам хүүхдүүдээ татаж авна гэсэн бодлоос салаагүй ч бичиг баримтны асуудал зөндөө байсан, бас яах ёстойгоо сайн мэдэхгүй учраа олохгүй, арай дөнгүүр хөдөлье гэхээр мөнгөний асуудал. Гэхдээ л зүтгээд үзнэ гэж бодсон. Өвчин зовлон, үхэл хагацал биш л бол өөр зүйл зовлон биш шүү гэж өөртөө байнга хэлдэг, аягүй өөдрөг бодолтой хүн л дээ би. Заримдаа гэхдээ бодсон шигээ байж чаддаггүй юм. Уналтанд орно, бүр орноосоо босмооргүй үеүд хар мянга. Бид сайн сайхан зүйл мөрөөдөж, хаашаа ч хамаагүй гадны оронд л очиж байвал өргөс авсан юм шиг мөрөөдлийн амьдралаар амьдарна гээд ихэнх нь итгэдэг боддог.

Ингээд бодож бодсоны эцэст цагаачлал хүсэх шийдвэр гаргав. Өмгөөлөгч хайлаа, надаас давсан их мөнгө, хувааж төлөх ч гэсэн надад ахдаад байсаан. Гэхдээ л эхлүүлчихлээ. Эхнээсээ ажиллах эрх энэ тэр нь удалгүй шуудангаар ирлээ. Тэгээд таг. Миний бичиг баримтны асуудал үе шат нь явагдаж л байгаа гээд итгэнэ. Өмгөөлөгч рүүгээ бараг залхтал нь байнга асууж, хүүхдүүд хэцүү байгаа талаар байнга л бичиж имэйл илгээнэ. Миний хэд ч тэнд торойтол ээжийгээ хүлээсээр...

Манай Монголын янз бүрийн бичиг баримтны асуудалд бид байнга л бухимдалтай ханддаг ч гэсэн тэдний хажууд бол ёстой хуй салхи шиг талархмаар хурдан шүү. Энд бол зүгээр л тэвчээрийн хязгаарыг шалгана.

За тэгээд Ковид....Энэ хугацаанд асар их зүйл болсоон. Хүү маань аавтайгаа таарахгүй гадуур дотуур орж гараад, хичээл сургуульдаа ч дэн дун яваад, хүүхдүүд бүр хэцүүхэн байсан. Миний хувьд яахаа мэдэхгүй, буцъя буцах хэцүү, буцахгүй байя гэхээр хүүхдүүд маань бүр үнэхээр аймаар өрөвдөлтэй. Зориглоод эхлүүлсэн бичиг баримтыг одоо удахгүй л байх ёстой гэж найдаад л.... Нөхөр гэдэг хүн шал өөр ертөнц. Мэдээж тэр хүнд хүүхдүүд нь хамаатай байсан ч гэсэн бидний яаж амьдрах, хэн нь хэнийгээ санаад хэцүүдэх нэх падлийтай байгаагүй байх. Гэхдээ энэ бичвэрээрээ өөрийгөө зөвтгөж, нөхрөө буруутгах гээгүй юм шүү. Тэгээд нөхөр ер нь шулуураад намайг Монголд байхад л амраглаад байсан охинтойгоо шууд ил цагаандаа болсон. Ийм байдлыг өсвөр насны хүү маань тэвчихгүй, би хүүдээ зөндөө тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг байсан. Гэхдээ миний хүү хамгийн ухаантай хүү, үнэхээр болохгүй байсан учраас хүүгээ эгчтэйгээ тусад нь гаргасаан. Амьдрал ер юу ч болоод байгаан, хүүхдүүд бие биенээ санана Бурхан минь, бүх зүйлийг самарсан мэдрэмж....

Эргээд боддог байсан. Бүх зүйлийг тэвчээд шүд зуугаад Монголдоо үлдэх байсан уу? Эсвэл ингээд гараад явсан нь зөв байсан уу? гээд түмэн бодол намайг бүр сүнсгүй болгоод байсан. Би өөрийгөө байх ёсгүй газар дөнгөлж байж чадахгүй төрлийн хүн, хамгийн гол уяж байсан зүйл хүүхдүүд минь байсан. Одоо ч үүнийг бичиж байхад гар минь салгалаад....Бид хоёр амьдраад 13 жил болсон байсан. Зөвхөн ганц энэ асуудал байгаагүй ээ. Өдөр болгон хэрүүлтэй, ямар ч асуудал гарсан утсаар хүүхэд чинь ингэсэн тэгсэн, чамаас болсон, үхээд өгөөч чи байгаа болохоор энэ хүүхэд чинь даам гараад надтай үзэлцээд байна гэх мэтээр үргэлж буруутгасан хандлага....

Гэхдээ удаан бодсон... Энэ бол миний амьдрал. Хэрвээ Монголдоо буцаад очвол надад урьдынхаасаа ч илүү сэтгэлийн шаналалтай амьдрах санагдсан. Тэгээд сэтгэлээ хоёрдуулахгүй урагшаа харъя гэж бодсон. Хүүхдүүдийнхээ багш нартай байнга холбоотой байсан. “Муу хүний заяа завагт” гэж эртний үг байдаг. Хүүхдүүдийн багш нар бол энэ амьдралд талархмаар хүмүүс байсан. Бас миний төрсөн эгч дүүс бол хайр юм, ээж минь ч бас.

Монголд дугуйтай юу ч хөдөлгөж үзээгүй хүн энд ирээд жолооч болсон. Энд унаагүй бол бас л чанга, амьдрал аргагүй шаардана. Нөхрийн багын найз нь эхнэр хүүхэдтэйгээ явж надад туслаад машинтай болов. Нэг ч машин барьж үзээгүй хүнд итгээд өөр дээрээ даатгал нтр хийлгээд өгчдөг, одоо бодоход ямар их итгэл, сэтгэл вэ нээрээ. “Хэний мориор хаа хүрснээ битгий мартаарай” гэдэг! Би бас мартдаггүй шүү Баби, Дээгий 2-оо.

Ингээд 7 хоног гаднаа зогсоолд тавиад хөдөлгөсөн. За ингээд нэг ёстой салгалж байгаад машин унаж сурав. Бас л чанга байсаан. Гэхдээ л яахав хөөрхий энд бол зам сайхан л даа. Ингээд жинхэнэ завгүй, өдөр нь хумсны салонд, орой тараад такси хийдэг болов. Тасралтгүй хэдэн жил ч ингэж явсан юм, амарч чаддаггүй болсон байсаан. Удаан ийм хэмнэлээр явахаар тэгээд энэ маань нэг төрлийн эмгэг болдог юм шиг. Амарч чадахгүй юунаас ч юм хоцроод байгаа мэдрэмж, юугаа ч юм алдаад байгаа ч юм шиг сонин бодол төрөөд тайван биш болоод....

Хөөрхий дөө энэ машин маань надад найз шиг минь, муухан хань ижлээс илүү бүр үнэхээр хань болдог байсан. Машин минь надтай хамт зөндөө зүйлийг туулсан даа. Ингээд 6 жил унасны эцэст гэнэт асахаа байгаад руль дээр нь үнсээд зарсан даа. Гайхаж байгаа байх, гэнэт машин тэрэг болоод гээд хэхэ. Гэхдээ л дурсах ёстой санагдаад.

За ингээд уналт, босолт элдвийг л туулж явсаар 2021 оны 4 сар хавьцаа Аризонад нэг сайн бөө байдаг гэж сонсоод зорьж очихоор шийдэн, Лас Вегас руу нисэж очоод тэндээсээ машин түрээслээд 7 цаг орчим давхиж очин, хоёр хоног оочерлож байгаад орсон. Засал хийлгээд буцлаа, сэтгэл ч хөнгөрөх шиг....

Аризона явж ирснээс сар гаруйн дараа нэг өдөр шуудангаа шалгатал цагаачлалын албанаас ярилцлагад дуудсан байсан. Итгээгүй, ганцаараа баахан уйлсаан. Ингээд 7-р сард ярилцлагад орох болсон. Хэдхэн хоног дутуу байхад өмгөөлөгч өвдөөд хурал хойшлуулах шаардлагатай болсон. Хэр удаан, дараагийн хурал хэзээ вэ гэтэл тэрийг бид мэдэхгүй, хэдэн сар магадгүй хэдэн жил ч болж болно гэсэн. Ингээд өмгөөлөгч байхгүй, тэдний гэрээний зөрүү мөнгийг төлөөд материалаа авлаа. Хавтастай материалаа сугавчлаад товлосон өдрөө яваад очсон, орчуулагч олоод очсон. 13 цагт эхэлсэн хурал 16:30 үед дууссан. Хүлээж хүлээж очсон хурал дээрээ асгартал уйлаад бараг юм ярьж чадахгүй байсан. Өөрийгөө яаж ч аргадаад дотроо тайвшрах гээд чадахгүй байсан. Магадгүй би маш удаан хүлээсэн, дээр нь олон жил сэтгэл санаа гандуу гундуу гээд хэвийн биш л явж байгаа шдээ! Тэр өдөр миний өөрөө ч мэдэлгүй тэсэрсэн өдөр байсан. Энэ олон жилийн хугацаанд хэнд энэ болсон болоогүй самраа болсон амьдралаа ярих вэ дээ. Ер нь бол харьд байгаа монголчууд ихэнх нь л наанаа болж байгаа мэт боловч ихэнх нь үр хүүхдээ үлдээгээд ирсэн адилхан зовлонтой хүмүүс байхад би ганцаараа зовоод байгаа юм шиг байж болохгүй биз дээ!

Ингээд хариугаа хүлээж өдөр бүр шуудан шалгаж, шөнийн хэдэн цагт буусан ч заавал шуудан шалгаж хүлээлээ. Хүүхдүүд минь ч адилхан хүлээсэн. Ямартай ч шийдвэр нь зөвшөөрсөн байсан. Гэхдээ би одоо дахиад л тэднийгээ авах хүсэлт илгээнэ. Бас хэр удахыг Бурхан л мэдэх байх. 9 жил хол байсны эцэст дунд хүүхдээ авсан. Манай том, бага хоёр нь хүү, голынх нь охин. Том маань одоо 20-той том залуу болсон, 2 дүүгээ чирж хүний эх шиг явсан хүүгээ одоо нуруун дээрх ачаагаа авч хая, зүгээр гадагшаа хүссэнээрээ яваад сур, ээж нь эрүүл байвал ард чинь асаалттай танк шиг байна гээд гадагшаа сургуульд явуулаад, багыгаа хөдөө том эгч дээрээ өгөөд, харин нөхөр маань гэртээ ганцаараа үлдсэн.

За тэгээд хүний нутаг гэж надад хатуурхаагүй Америк орон надад олон зүйлийг ойлгуулж яваа. Хэрэв гадагшаа явж амьдрах замыг сонгож байгаа бол үр хүүхдээ ямар ч нөхцөлд хэзээ ч битгий орхиж яваасай гэж өөрийн биеэр туулсан хүний хувьд боддог доо. Энэ олон жилийг тэвчээрийн хязгаараар давж яваа ч гэсэн энэ бүхэн маань эргээд зүгээр л хатуугаар хэлбэл хүлээсэн, хүлээлгэсэн аль ч талдаа сэтгэцийн эмгэг болж бидэнд үлддэг юм шиг! Энэ зүгээр л миний бодол шүү....

Эцсийн эцэст хамгийн их ойлгож авсан зүйл бол үр хүүхдээсээ хэзээ ч битгий удаанаар хол байгаарай гэж хүн болгонд захимаар санагддаг даа. Ямар ч үед хүн өөрийн ойр дотныхоо хүмүүст ойрхон байж, хоосон нойтон хамаагүй зууралдаад үр хүүхдээ чирээд явж байх нь сэтгэлийн амар амгалан юм байна гэдгийг би ойлгосон. Холоос санаа зовж, юу ч хийж чадахгүй байх хамгийн аймаар!

Эцсийн бүлэгт би зөвхөн өөрийгөө л бодож тэндээс сугарч гарсан санагддаг. 3 хүүхдийнхээ сэтгэлзүйгээр тоглоод, жинхэнэ хүүхэд насных нь ээжийн хайрыг өгч чадаагүй гэж өөрийгөө буруутгаж боддог. Энэ бодол өдөр бүр намайг иддэг байсан. Сүүлийн үед энэ бодлоо өөрөөсөө авч хаяхаар ажиллаж байгаа. Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, галт тэрэг аль хэдийн хөдөлсөн шүү дээ!

Зарим нэг асуудалгүй бичиг баримттай хүмүүсийн хувьд бол энэ инээдтэй санагдаж магадгүй л юм. Гэхдээ “явганы зовлонг морьтой хүн ойлгохгүй” гэдэг үг байдаг.....




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үина
2025-05-22 20:22:15
162.158.91.22
Би ч бас охиноо 12 тай байхад нь орхиж яваад 9 жилийн дараа уулзаж байж билээ. Энэ хүний туулсан амьдралыг бараг адилхан туулсан даа. Ганц охинтой. Охин минь өөрөө өөрийгөө л хүн болгосон доо . Их муу ээждээ би. 9жилийн дараа сар л хамт байсан.тэгээд л охин минь америк явсан. Ээж нь гэж би америк явах гэж хэдэн удаа визэнд ороод гараагүй .энэ хооронд охин минь тэндээ 5 жил сурч төгсөөд хүнтэй суугаад 2 хөөрхөн хүүгийн ээж болсон байгаа . Одоо том ач 15 тай бага нь 5 тай . Маш сайхан хүргэн хүүтэй өнөр олуулаа болоод байдаг .охинтойгоо хамт байх боломж одоо болтол гараагүй л яваад байдаг. Хүний амьдрал гэж
Төстэй мэдээ