mmnews.mn | 2024-11-21
Залуухан хамтрагчаа амиараа хамгаалсан баатарлаг гал сөнөөгч

2012 оны хавар Дорнод аймгийн Баяндун сумын нутагт аймшигт гал түймэр гарч, Онцгой байдлын дөрвөн албан хаагч амь насаа алдсан харамсалтай явдал тохиолдсон билээ. Бүлгийн дарга, дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч С.Бат-Эрдэнэ, Ж.Одбаяр нар гал түймрийн газар дээр амиа алдсан бол ахлах ахлагч Г.Багабиш 90 хувийн түлэгдэлттэйгээр Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад хэд хоногийн дараа таалал төгсчээ.

Талийгаач Г.Багабиш тухайн үед 40 настай байсан бөгөөд 25 настай залуухан хамтрагч А.Болорсүхийг “Чи залуу хүн, амьд үлдэх ёстой” гээд дороо дарж хэвтэн амийг нь аварсан байна. Биеийнх нь 90 хувь түлэгдсэн Г.Багабиш эмнэлэгт өөрөө алхаж ороод,  “дүүг түрүүлж эмчил” гэж хэлээд ухаан алджээ. Түүний амиа золин байж аварсан гал сөнөөгч асан А.Болорсүх түүнээс хойш Солонгост гурван ч удаа эмчилгээнд явж, группт орсон бөгөөд таксигаар хүмүүс зөөн аж амьдралаа залгуулдаг болжээ.

Баатарлаг аврагч агсан Г.Багабишийг таалал төгсөх үед хоёр хүү, эхнэр нь бие давхар үлдэж, хоёр сарын дараа талийгаачийн хүсэн хүлээж байсан охин нь хорвоод мэндэлсэн байна. Б.Батчимэг охин аавдаа үнсүүлж үзээгүй хэдий ч аавынхаа зургийг үнсэх дуртай аж. 

Тэдгээр баатарлаг гал сөнөөгчдөд зориулж босгосон Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ нэртэй хөшөө Чойбалсан хотын төвд байдаг. Эх орон, ард түмэн нь тэднийг санан дурсаж, алдар гавьяаг нь мартах ёсгүй юм.

Д.Мигаа




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тунгалаг
2024-02-04 08:34:44
66.181.160.25
Өр өвдмөөр хэцүү ажил юмаа амьд явах баталгаа бас амьдралын баталгаагүй алба
Төстэй мэдээ