mmnews.mn | 2025-12-02
'Би чамд хайртай' киноны түүхээс....
“Би чамд хайртай” киног урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч И.Нямгаваагийн “Сондгой тоо” өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. “Би чамд хайртай” кино зохиолоосоо нэг их зөрөөгүй ч харин төгсгөл нь өөр болсон аж.
“Сондгой тоо” өгүүллэгт Дэлгэр, Баярааг ноцтой гэмтээсэн хэргээр шийтгүүлж, шоронд хоригддог. Таван жилийн дараах ангийн уулзалтад сэтгүүлчийн ангийг амжилттай төгссөн Баяраа анхныхаа номоо хэвлүүлэхээр болсон тухайгаа ярина.  Харин Үрлээ хоёр хүүхэдтэй болсон байх бөгөөд Дэлгэртэй уулзахдаа “Би том охиндоо сайн эцэг олсон. Тэр маань энэ сургуульд багшилдаг” хэмээн хэлдэг. Үүнийг сонссон Дэлгэр Үрлээгийн өгсөн боодолтой юмаар нүүрээ даран, “Зөвхөн энэ удаа тонгойлоо. Одоо би юунд ч тонгойхгүй, гудайхгүй явна” гэж нулимстай нүдээрээ өөртөө шивнэдэг. “Сондгой тоо” өгүүллэг зохиолч И.Нямгаваагийн 1985 онд хэвлүүлэн гаргасан “Сондгой тоо” өгүүллэгийн номонд багтсан юм.  
1985 онд “Би чамд хайртай” кино үзэгчдийн хүртээл болсны дараа Дэлгэр, Үрлээ хоёрт гадаадаас, хөдөө орон нутаг, цэргийн ангиудаас бөөн бөөнөөрөө захиа ирдэг байсан гэсэн. Харин Баяраад ганцхан захидал иржээ.
 “Би чамд хайртай” кино хүүхэд, залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлж, тэдэнд сургамж болох зорилготой. Гэвч тухайн үеийн үзэл сурталд нийцэхгүй, 10 жилийн сурагчдад буруу үлгэр дуурайл өгнө гэж үзээд, яамны зүгээс гаргахгүй хэмээн шийдэж байсан удаатай. 
Энэ талаар киноны найруулагч Б.Балжинням “Намайг ч нэлээд тарчлааж л байсан. Би ч гэдийсэн л дээ. Хийснээрээ л гаргавал гаргана гэж. Тэгээд нэг их засаад ч байсан юмгүй, тэгсгээд гаргаж байсан” хэмээн өгүүлжээ.
 Кинонд Баяраа мотоциклтойгоо унадаг хэсэг байдаг. Тухайн үед Н.Бадрал мотоцикл унаж чаддаггүй байсан учир түүнийг тусгай сургалтад суулгаж байжээ. 
 “Би чамд хайртай” киноны хөгжмийн зохиолчоор Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажилласан. Энэхүү киноны дуу болох “Анхны хайр” дууны үгийг соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв бичиж, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров аялгууг зохион, хамгийн анх гавьяат жүжигчин, дуучин Д.Хоролсүрэнгийн охин Л.Оюун-Эрдэнэ дуулж, олны хүртээл болгож байсан. Мөн Н.Бадрал кинонд тоглохдоо анх удаа үнсэлцэж үзсэн бөгөөд Үрлээ түүний анхны үнсэлт байв. 
“Би чамд хайртай” кинонд бүтээсэн Дэлгэрийн дүр нь түүний амьдралдаа тоглосон ганц кино юм. Тэрбээр 1990 онд 25-хан насандаа автомашины ослоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Баяраагийн дүрд тоглосон Н.Бадрал, Дэлгэрийн дүрийг бүтээсэн Л.Эрдэнэбаяр хоёр уг кинонд тоглосныхоо дараа хамгийн сайн найзууд болсон гэдэг.
"Уулын нугад чамтайгаа
Уруул шиг навчаар үнсэлцээд
Намуун хос цэцэг болоод
Нааданхан ургана аа гэж
Урьд шөнө би зүүдэллээ
Урьд шөнө чи зүүдлэв үү”... гэх “Өргөө” хамтлагийн “Зүүд” дууны аянд сурагчид бүжиглэснээр “Би чамд хайртай” кино эхэлдэг. Тэгвэл энэхүү дууны шүлгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж бичжээ. 



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ