mmnews.mn | 2025-12-19
Арктикийн бүс нутагт ноцтой эрсдэл үүсгэж байна
АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газар (NOAA)-ын мэдээлснээр, Арктикт 2024 оны аравдугаар сараас 2025 оны есдүгээр сар хүртэлх 12 сарын хугацаа сүүлийн 125 жилийн хугацаанд тохиосон хамгийн халуун үе байжээ. Энэ нь 2025 он бүхэлдээ хамгийн халуун жил болсон гэсэн үг биш, харин дээрх 12 сарын хугацаанд Арктикийн агаарын дундаж температур түүхэн дээд хэмжээнд хүрснийг илэрхийлж байна. Мөн 2025 оны гуравдугаар сард Арктикийн далайн мөсний хэмжээ жилийнхээ хамгийн их хэмжээнд хүрэх үедээ ч сүүлийн 47 жилийн хамгийн бага түвшинд бүртгэгджээ. Ялангуяа хамгийн эртний, зузаан мөсний хэмжээ 1980-аад оноос хойш 95 гаруй хувиар багассан байна. 
Олборлодог түлшнээс ялгарах хүлэмжийн хийн нөлөөгөөр Арктик бүс дэлхийн дунджаас дөрөв дахин хурдан дулаарчээ. Ингэснээр уур амьсгалын тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй энэ бүс нутагт ноцтой эрсдэл үүсгэж байна.
Аляскт мөнх цэвдэг хайлснаас болж 200 гаруй гол мөрөн улбар шар өнгөтэй болж, усанд хүчил, хорт металлын агууламж нэмэгджээ. Энэ нь усны чанар, усны амьтад, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд эрдэмтэд ундны ус болон загас агнуурт үзүүлэх нөлөөг судалж байна. 
Түүнчлэн дээр дурдсан 12 сарын хугацаанд Арктикт орсон хур тунадас түүхэн дээд хэмжээнд хүрч, өвөл, хавар, намрын улиралд ихэвчлэн цас бус бороо орсон байна. 
Зургаадугаар сарын цасан бүрхүүл 60 жилийн өмнөхөөс хоёр дахин багасчээ. Судлаачид эдгээр өөрчлөлт нь зөвхөн Арктикт бус, дэлхийн уур амьсгалд шууд нөлөөлөх тул тогтвортой, урт хугацааны судалгаа, байнгын ажиглалт зайлшгүй шаардлагатайг онцолсон байна.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL  zayam8787




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ