Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Үндсэн хуулийн уншлага өнөөдөр (2026.01.13) боллоо. Энэ удаагийн уншлагад оюутан, сурагчид, ахмадын төлөөлөл, тусгай хэрэгцээт иргэд, багш, эмч, сэтгүүлч, онцгой байдлын албан хаагч нар, үйлчилгээний салбарын ажилтнууд, одонтой ээжүүд гээд нийгмийн олон бүлгийн төлөөлөл оролцож, Монгол Улсын Үндсэн хуулийн онцлог зүйл, заалтыг үг, үсэгчлэн уншлаа.
Үндсэн хуулийн уншлагыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, зүйн ухааны доктор, профессор Л.Өлзийсайхан монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, үнэт зүйл, ирээдүйн баталгаа болохын бодит илэрхийлэл нь энэ арга хэмжээ гэдгийг онцлон дурдаж, энэ оноос эхлэн Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан үндсэн эрхүүдээс нэгийг сонгон, тухайн жилдээ тэрхүү эрх, эрх чөлөөний хүрээнд хууль тогтоомжуудаа боловсруулж, иргэдийнхээ дуу хоолойг сонсон, амьдралд бодитоор хэрэгжиж буй, эсэх, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжууд хүний эрх, эрх чөлөөг хангаж буй, эсэхэд хяналт тавьж ажиллах шийдвэр гаргасныг танилцууллаа. Үүний хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилга гаргаж 2026 оныг хүүхдийн эрх, эрх чөлөөг төрөөс хамгаалах жил болгож буйг Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлээд, ард түмний төлөөллийн дээд байгууллага болохын хувьд Улсын Их Хурал хууль батлаад орхих бус баталсан хууль, тогтоомж хэрхэн хэрэгжиж, иргэдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж, үр нөлөөгөө үзүүлж байна вэ гэдэгт хяналт тавих нь парламентад тавигдаж байгаа нэг чухал шаардлага болж буйг онцолсон юм.
Орчин цагт парламентуудад төлөөлөх, хууль тогтоох, хянан шалгах уламжлалт чиг үүргүүдийн дээр нэгэн чухал чиг үүрэг нэмэгдсэн нь Үндсэн хуульт ёсыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд танин мэдүүлэх, иргэдээ соён гэгээрүүлэх чиг үүрэг юм. Дэлхий дахинд “парламентын боловсрол” гэж товчоор томьёолж буй энэ чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас иргэд, тэр дундаа залуучууд, хүүхдүүдэд чиглэсэн соён гэгээрүүлэх хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж буй бөгөөд үүний хүрээнд явуулж буй нэг гол үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн уншлага болохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдав.
Уншлагаар Монгол Улсын Үндсэн хуулийн Оршил хэсгийг Монгол Улсын Гавьяат багш С.Отгонтуяа дуудсан бол тэргэнцэртэй иргэн Б.Од-Ирээдүй 2 дугаар зүйлийг, мужаан, тогооч, үйлчлэгч, төрийн албан хаагч, ахмад настан, сэтгүүлч, харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд Хүний эрх, эрх чөлөөний тухай Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийг заалт заалтаар нь, “Эхийн алдар” одонтой алдарт эх Б.Алтанзаяа нөхөр, хүүхдүүдийн хамт 17 дугаар зүйлийг дуудлаа. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар бүлгийн 70.1 дэх заалтыг уншлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
