mmnews.mn | 2024-11-23
Тэсвэр тэвчээрийн эцэст шагнал ирдэгийн тод жишээ
Техас мужийн Браунсвилле хотын ахмад дайчин Волтер Свор хотынхоо хамгийн муухай ааштай үйлчлүүлэгчээрээ алдаршсан байж. Яравгар царай, яхир бөгөөд олон аашийг нь тэсвэрлэж үйлчлэх зөөгч бараг байхгүй. Ааш муутай өвгөн олон зоогийн газар, түргэн хоолны газарт асуудал үүсгэж хэрүүл маргаан дэгдээж зарим нь түүнд үйлчлэхээс татгалздаг болжээ.
Нас ахих тусмаа улам яхир болох өвгөний аашийг олж аргалж чаддаг нь “Luby” зоогийн газрын зөөгч Мелина Салазар байжээ. Бусад зөөгчид өвгөнийг орж ирэнгүүт түүнийг үлдээгээд зугтдаг байв. Гагцхүү Мелина л өвгөнд үйлчилдэг агаад сүүлийн хоёр жилийн турш муухай аашийг нь тэсэж тэсвэрлэж иржээ. Энэ хугацаанд өвгөний яхир бүдүүлэг зан, доромж харьцааг нь тэсэж урдаас нь нэг ч удаа хэрэлдэж, үг сөрж тайлбар хийж байгаагүй гэнэ. Өвгөн ч байнга үйлчилдэг зөөгчтэйгөө муухай харьцдаг хэвээрээ төдийгүй цайны мөнгө ч өгдөггүй байжээ. Гэхдээ сүүлийн нэг жилд овоо зөөлөрсөн хэмээн зөөгч бүсгүй дараа нь дурссан байна.
2007 оны хавраас өвгөн ирэх нь цөөрч сүүлдээ бүр харагдахгүй болжээ. Зөөгч бүсгүй муухай аашт үйлчлүүлэгчээ бүр санасан гэнэ. Удалгүй сонин дээрээс ахмад дайчин Волтер Свор 89 насандаа бурхан болсон тухай гашуудлын мэдээг уншаад цочирдон хүлээж авчээ.Энэ явдлын дараахан талийгаач өвгөний өмгөөлөгч ирж Волтер Сворд нас барахдаа өөрийн хөрөнгөнөөс 50 мянган долларыг зөөгчид гэрээслэн үлдээсэн болохыг хэлжээ. Бусад зөөгчид үйлчлэхээс татгалзаж байхад өөрийнх нь муухай занг хоёр жилийн турш тэсэж хоолыг нь хүссэнээр нь яг халуунаар авчирч өгдөг зөөгчийг ийнхүү шагнасан байжээ. Энэ шагнал ч цагаа олж иржээ. Байр худалдан авахаар мөнгөө цуглуулж байсан бүсгүйд сонгосон байраа авахад нь 40 мянган доллар яг дутаж байсан аж.
✒Oojoo Ochiroo



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нар нар
2024-02-07 10:23:13
66.181.182.131
Ямар их баярласан бол доо, тиймээ бүх зүйлд тэвчээр хэрэгтэй байдаг. Тэвчсэнээрээ заавал үр дүнд хүрдгийн жишээг ч би ч бас мэдээгээ, ккк
Төстэй мэдээ