mmnews.mn | 2025-04-11
Цагаан сарын баярын зан үйлийн бэлгэдэл
Цагаан сарын гол утга нь өндөр настан өтгөс дээдсээ хүндэтгэх, хүүхэд дүү нараа баярлуулах, төрөл саднаа мэдэлцэх, шинэ хүнээ танилцуулах, уламжлалт ёс заншлаа дээдлэн хадгалахад оршино. Цагаан сар нь бэлтгэл болон гол үйл ёслолоос бүрдэнэ.
Цагаан сарын бэлтгэл болон ёслол нь олон бэлгэдэл утгыг агуулдаг. Бэлтгэл болоод ёслолын үйл ажиллагаа нь бүхэлдээ ариун, агуулга төгөлдөр, арвин шинж ёсыг агуулсан байдаг.
Ариун байх шинж ёс нь битүүний өмнөх 29-нд гэр орон, хот хороогоо цэвэрлэж дуусгаад шинэ дээл хувцсаа гарган сэргээж зочин гийчин хүлээж авах тэргүүтэн аливаа ажил үйлс бүгдийг шинэ сайхнаар эхэлж буйтай холбоотой.
Агуулга төгөлдөр байх шинж ёс нь бүх зүйлээ цэвэрлэж бэлтгэл хангагдаад ирэхээр сэтгэл баясаж, амарлих бөгөөд битүүний өглөөнөөс урьдчилан бэлдсэн идээ цагаа, ууц шүүсээ чанаж, өрж бэлтгэх ажлаа амжуулж гүйцээснээр эхэлдэг. Бурхан шүтээн, зочин гийчинд бэлдсэн тахил дээж, идээ цагаа хир тоосгүй, цэвэрхэн, ёс дэгийг агуулсан байхад ихэд анхаардаг ёстой. Цагаан сарын бүх үйл нь монголын ард түмний уламжлалт ёс заншил, бэлгэдлийг агуулж байдаг тул та бид хийж буй үйл ажлаа сэтгэлд зохистой, бэлгэ дэмбэрэл, ном ёсонд нийцүүлсэн байх хамгаас чухал юм. Иймээс бусдыг дуурайдаг, атаархдаг, харам сэтгэл агуулдаг, голж сонждог, согтож хөлчүүрхдэг, хүндлэх дээдлэх ёсыг умартдаг зэрэг зохисгүй байдал гаргахаас аль болох хол байхыг чухалчлах хэрэгтэй юм. Ингэж чадваас таны ирэх жилийн ажил үйлс, аливаа нэг юм сайхан байх бэлгэдэл төгс болж байгаа юм.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ