Архичин ээжийн арчаагүй хүүхэд гэж бодсон нутгийн зон олон амаа барьсан юм...
Аав минь Онцгойд ажилладаг хүн байлаа. Гэвч тэр нэгэн аймшигт өдөр би аавыгаа галын аюулаас болж алдсан юм. Тэр үед би 12 настай хүү ээжтэйгээ хоцорч байлаа. Аавдаа маш их хайртай аавтайгаа үргэлж тоглодог, ааваараа бахархдаг байснаа маш сайн санадаг.
Ослын дараа ээж минь өөрийгөө хянах чадвараа алдаж, архинд орж ажлаасаа халагдаж, яг л архичин хүмүүс дэлгүүрийн үүдэнд таньдаг хүнээ таарахыг хүлээгээд зогсож байдаг шиг тийм л хүн болсон. Би бараг л ганцаараа амьдарч байсан. Зарим шөнө ээж хөл дээрээ тогтож чадахгүй болоод орж ирнэ, өглөө үүрээр шахуу архиа хайгаад босоод гараад явчихна. Би ч тэгээд зөнгөөрөө айл айлаар хэсч хоол буудаж найзуудтайгаа тэвэг сега тоглож, хаа сайгүй тэнэдэг болж манайх гэдэг айл сүйрсэн гэхэд болно.
Ээж архинд орсноор таньж мэддэг бараг бүх л хүн холуур өнгөрч, ам хамраа даран шивнэж зарим нэг нь толгой сэгсэрч өнгөрнө. Би ч дутуугүй ээ нэг их шальсан юмгүй тамхи сорж үзсэн шигээ ээждээ ч санаа зовохоо больсон. Тэгж явтал 3 жилийн дараа ээж согтуу орж ирж унтаад өглөө нь сэрээгүй юм. Бүтэн өнчин хүүгийн амьдрал үүгээр эхэлсэн.
8-р анги төгстлөө холын хамаатныдаа амьдарсан. Будаатай хоол хийвэл надад махгүй аягална, бууз хийвэл надад жигнүүрэнд үлдсэн ганц хоёрыг өгнө иймэрхүү. Өнчин, золбин, хулигаан гэж хэлүүлж загнуулж өссөн. Сүүлдээ ямар ч муухай жигшмээр үг сонссон ер тоосон шинжгүй чих дөжирсөн гэхэд болно.
8-р ангиа төгсөөд 9д оролгүй МСҮТ-д орж аймагтаа биш Улаанбаатарт анх удаа хөл тавьсан. МСҮТ-ийн дотуур байранд амьдарч, тэндээсээ их хотын амьдралд хөл тавьсан даа. Удалгүй ажлын гараан дээр гарч халтуур хийж, барилга өрлөг гээд л хаана цалингаа тогтмол өгч байна тэнд очиж ажиллах болсон. Анхандаа ч залуу жаахан учир цалингаа хувцас хоол хүнс автобус унаандаа шууд л хэрэглэж ирээдүйд яах нь сонин биш өнөөдрөөрөө амьдарч байв. Хааяа бас бар цэнгээний газар орж үзнэ. Гэсэн ч архи гэдэг зүйлд бол за гэж хэлээгүй өдий хүрлээ.
Үе үе их өндөр хөлстэй ажил орж ирнэ. Тэр үеэс бодох болов. Ер нь аль хүртэл явахаа үзье дээшлэх нь үү доордох нь уу ямар ч байсан яг байрандаа байснаас л дээр юм гэж бодоод зуслангийн байшингийн захиалгаар хавраас намар хүртэл явж цалингаа яг түрийвчиндээ хийгээд банк орж данс нээлгэлээ. Анх удаа данстай болж байгаа нь тэр.
Бага идье, бага унтья, бага залхууръя гэж гүрийж дараа зун нь гэхэд овоо юмтай болсон байлаа. Хамт ажилладаг ах хүүтэй ярилцаж хамтарч барилгын бизнес хийе гэж тохироод тухайн үед надад төрсний гэрчилгээ, төрсөн газар хорооны захиргааны тодорхойлолт хэрэг болсноор нутаг зорилоо.
Нутагтаа очиход бага ангийн багшаас эхлүүлээд, сумын Засаг дарга хүртэл юм гуйх нь дээ гэсэн маягтай төвөгшөөн хүлээж авч байх. Ганц мод гал болдоггүй гэж л тэр юм даа. Зориод очих айлгүй, орсон айл нь цааш түлхэж хар цайгүй гаргах гэх мэт. Энэ нэг өнчин өрөөсөн, архичин ээжтэй хүүхэд хотоос яадгаа алдаад нутагтаа ирж л гэж хараа биз. Аргагүй л дээ зунжин намаржин наранд ажиллачихсан царай зүс гэж авах юмгүй. Нүүр пад хар, гар хуруу эвэршсэн, хурааж хуримтлуулсан хэдэн юмаа зорьсон ажлаа хийх гээд хадгалсан энгийн ажлын хувцастай явсан юм чинь. За ингээд нутгаасаа буцлаа. Тухайн үед залуу омголон "эргэж энэ нутагт хөл тавихгүй дээ" гэж дотроо гомдож хөмхий зуугаад л буцаж байлаа.
Жилийн дараа ах хүү бид хоёр компанийнхаа тамга тэмдгийг авч, албан ёсоор доороо 5 хүнтэй ажлаа эхлүүллээ. Ах хүү 30 хол гарсан, би 28 настай. Энэ насандаа их хайртай. Ажлын амтанд орж хамт олонтой болж, хамтран зүтгэгчтэй болж бүр хүн цалинжуулдаг этгээд болсон учраас. Шууд л ашигтай байж мөнгө олж амьдрал дээрдсэн гэж хэлэхгүй ч "явсан нохой яс зууна" гэж ахисаар л байв. Анхны машинаа 29 насандаа ямар ч өр зээлгүй цэвэр тоолоод худалдаж аваад араасаа гүйлгээд нэлээн удсан хайртай хүн дээрээ үзүүлэх гээд давхиж явлаа. Эхнэр маань их ч гүйлгэсэн дээ намайг. Тоогдох гэж ч их бараадсан.
Ирэх жил нь анх удаа нийтийн орон сууцны захиалга гүйцэтгэгч компаниар сонгогдож анхны том ажлаа ханцуй шамлан авсан. Ганцаараа зүтгэсэн бол хаана алдаж, хаана буруудах байсан юм бол бүү мэд. Хамтран зүтгэгч амьдралын найз ах бүхнийг орлогч ахынхаа хүчинд сайн сайханд хүрч эхэлж билээ. Анхны гүйцэтгэл анхны том төсөл болсон орон сууцандаа одоо ч амьдарч байна. Хайртай хүнтэйгээ гэр бүл болж хүүхэдтэй болж үргэлжлэлээ үлдээлээ. Амьдралд ёстой л одоо талархаж байна.
Нутгийн зөвлөлөөс холбогдож, өнгөрсөн жил нутгийн зөвлөлд элсүүлж хүндэт иргэн тууз өгч байна лээ. Ангийн багш "хүндэт шавь нарын минь нэг байсан" гэж нутгийн наадам дээр нэр цохон магтаж байна. Яахав би өш санаж өр нэхэх хүн биш л дээ. 26 настай тэр үеийн би байсан бол "та нар танихгүй чигээрээ байхгүй яагаав" гэж хашгирах байсан биз.
Нэг л юм ойлгож авсан. Хүн муу явахад ядарч явахад, ганцаардаж явахад эцгийн нэрээр цоллож дуудаж ярьж хөөрхийлөх юм билээ. Харин амжилттай бүтээлтэй, хийсэн зүйлтэй сайхан явахад эцгийн биш нутгийн нэрээр цоллож ярьж, хошуу дэвсдэг юм билээ. Уг нь хаана ч, хэзээ ч, ямар ч үед хүнийг хүн л гэж хүлээж авбал. Хожим юу тохиолдохыг, яаж эргэхийг бид мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр чиний дутуу үнэлсэн бассан дорд үзсэн нэгэн ирээдүйд ямар том өөрчлөлт хийхийг, яаж сайжрахыг та ч, тэр хүн ч үл мэднэ. Тийм учраас зүгээр л нэгнээ дэмжиж хүн гэж харьцаж яваасай.
Via ~ Ami Kavaii
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чимгээ
2024-03-02 22:57:49
139.5.217.244
Гашуун үнэн
dsn
2024-03-02 16:16:07
202.21.108.42
tiim shuudee ! Hangaig baga tsoltoi buh bhd hench Govialtaih gej duudaagui , mun Badarch bn naadamiin turuu ahad l baynhongor suid bolj bv , ene met unen , ydruu yvhad yrvaij , chaduu yvhad dolooj nylruudag za unuudur manaid uv bolon uldeh gej bn uu !
Даваа
2024-03-02 09:15:12
202.126.90.79
Хар нялхаасаа амьдралын хатууг даван туулж чадсан сэтгэлийн хаттай байж амьдралаа амжилт бүтээлээр босгож чадсан дүүд эрүүл энх аз жаргал хүсье.
баясаа
2024-03-02 00:27:01
202.126.88.65
сайн хүү байна үнэн хэлжээ
Жаалхүү Саранчимэг
2024-03-01 17:04:11
66.181.178.156
Ийм үлгэр жишээ залуучууд олон болбол ямар сайхан , монголын минь хөгжил хаяанд юм шигээ ...
Зовлонд хатуужиж жаргалд ташуурайгүй залуу чамайг хань ижил үр хүүхэдтэй чинь наран ээж үргэлж тэврэн дулаан халуун илчээрээ юу санасан хүсэл бүхэнтэй чинь гэрэлтүүлж гийгүүлэг ...
Зочин
2024-03-01 15:50:21
202.9.46.77
Ёстой мундаг хүү юмаа Амьдралд нь аз жаргал эрүүл энхийг хүсье
Түмэн Очирпүрэв
2024-03-01 08:17:21
103.57.93.150
Юманд хар буруу санаагүйгээр зорилгынхоо төлөө тууштай зүтгэвэл ийм амжилтад хүрдэг юм байна даа. Олон олон аавын хүү ээжийн охид уншиж үлгэр дууриал аваасай.
Төстэй мэдээ