Шар сүү биеийн хорыг тайлна
ШАР СҮҮг хэрэглээд буй хүний бие чулуу шиг болдог гэлцдэгсэн. Удтал эм тариа хийлгэсэн хүний биений хор тайлах монгол арга их энгийн. Түүхий сүүгээр шахсан бяслагийн шар сүүнд халуунаар нь толгой дээгүүрээ юм хөдрөөд утна. Мөн халуу бүлээнээр нь оочлон ууна. Энэ мэтчилэн долоо хоног хэрэглэх хэрэгтэй гэдэг. Дээр үед улаан бурхан өвчнөөр хүнд өвчлөн эдгээд туйлдсан хүнд тэнхээ тамир оруулж хор тайлах зорилгоор тийн хэрэглэж байжээ. Улаан бурхан, шар өвчин зэргээр өвчилсөн хүний биед маш их хор хуримтлагдсан байдаг тул их ядардаг аж. Мөн бяслагийн шар сүүнд ороод салхи цохиулахгүй шиг унтаж амрах, эсвэл өглөө оройн хүч багатай наранд ээж шарна. Бяслагийн шар сүүнд оруулаад байсан хүүхэд дархлаа сайтай чийрэг биетэй болдог учиртай. Ер ямар ч хүн зундаа нэг хоёрын зэрэг шар сүүнд орох, 3, 7 хоног эмийн журмаар бага сагахан уухад биед тун сайн нөлөөтэй хэмээн хөгшчүүл минь ярьдагсан. Зун болохоор л муу ээж минь – Гүй ээ хүү минь ээ! Ээж нь бяслаг шахах гэж байна, энэ шар сүүгээр биеэ угаагаад наранд шараад аль гээд мөн ч их гуйдаг. Би мэтийн тэнэгүүд залуу насны ааг омгоор тэгс, ингэс гэж худлаа аргацааж байгаад л зугтаад явчихдаг байж. Эргээд бодох нь ээ их л харамсах юм даа. Намайг бүүр багад нэг удаа шар сүүнд оруулж байсан санагддаг юм. Тэр үед биетэй барьцалдаад хувцас хунарт наалдаад жаахан төвөгтэй санагдсан учир тэр биз дээ. Аарцны шар сүүгээр биеэ угааж шарсан хүн ханиад томуу хүрдэггүй, өлчир болдог гээд бас л нэг яриа бий. Шар сүүнд мал их дуртай сан. Шар сүүний амт нэг л авчихсан мал амташчихаад бүүр сүүлдээ ааруул хурууд хулгайлж идээд болдоггүй сэн.
Шар сүү уугаад байсан малын хүч, тарга тэвээрэг авах нь арай л илүү байх шиг харагддаг. Ер ямар ч шар сүү бол эм юм билээ. Харин шар сүүний нэрмэл архийг даамайхан уучихвал шартана гэж алах шахна даа. Шар сүүний архи хор шар ихтэй л гэдэг. Манай нутгийн мал ахуй цөөвтөрхөнтэй мөхүү татуухан амьдралтай олон хүүхэдтэй нэгэн айл хүүгээ айл орон болгох гээд зунжин шар сүү нэрчихсэн юм даг. Их л хахарган хатуу бөгөөд нисүүн амттай, сайн тамшаалж амсвал үл мэдэг шар сүү амтагдаж байсан шиг санагдана. Тэдний хүүхдүүд шар сүүг цайны ороор уудаг юм хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдгийн дээр хүүхдүүдээ шар сүүнд оруулсаар байгаад гүрийж гүрдийсэн сарлагийн борц шиг хар хүүхдүүд хувцас хунар ч өмсдөггүй, хөл нүцгэн голдуу гүйлдэж явдаг. Ер нь тэднийхний бие хаа өвдөж хавдлаа гэж огтхон ч дуулдахгүй юм. Эрүүл биед саруул ухаан оршдогийн ёсоор сайхан ч амьдарцгааж байгаа даа. Шар сүүний ач тус ч юм билүү. Шар сүүгээр ган хийнэ. Шар сүүнд дүрж уринд хатаасан борцны амт шимтийг хэлээд юүхэв. Уураглаг идээ бэлтгэхэд тунаран ялгарах шаравтар өнгийн шингэнийг шар сүү гэнэ. Үүнийг зарим нутагт шар ус, шарс гэх зэргээр нэрлэх нь ч бий. Ээдэм, аарцыг шүүх үед шар сүү тунарч ялгардаг бөгөөд ээдмийн шар сүү нь зөөлөн, харин аарцных исгэлэн үнэр амттай байдаг. Хийж бэлтгэхдээ ээдмийг цагаан бөс тааранд уутлаад, гэрийн зүүн хатавчны ханын толгой болон гадаа тусгайлан бэлдсэн модонд өлгөж шар сүүг нь шавхраадаг.
Хэрэглээ: Аарц, ааруулын шар сүүг зутан болон бор хоолонд нэмж амт, үнэрийг нийлүүлэх уламжлал бий. Харин ээдмийн шар сүүг чихэр, жимсээр амталж, ундаа болгох, буудайн гурилд нэмж алтан шаргал өнгөтэй боов боорцог хийх болон арвай, замбаа багсарч амтлахад хэрэглэнэ. Мөн шар сүүг хоол ундны зориулалтаас гадна ахуйн хэрэгцээнд малчид өргөнөөр хэрэглэдэг. Тухайлбал, аарцны шар сүүгээр туранхай малыг угаавал тарга, тэвээрэг сууна. Арьс шир угаавал арьсны үс сэргэж, чийг нойтныг тэсвэрлэх чанар нь сайжирдаг. Мөн өтсөн малын өттэй хэсгийг угаахад маш сайн цэвэрлэгддэг. Бас аарцны шар сүүг өвс ургамал, тэжээлтэй хольж багсран, малын тэжээл болгодог.
Ач холбогдол: Шар сүүний уураг нь хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээж батжуулдаг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд зөөлөн амттай ээдмийн шар сүүг уулгадаг. Шар сүүг байнга уувал хавдрыг сэргийлэн, таван цулыг шимжүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, биеийн дархлааг нэмэгдүүлнэ. Одоо цагт шар сүүг зөвхөн малчид хийж бэлтгэх бус үйлдвэрийн аргаар ч гаргаж авдаг болсон тул хүн бүр ууж болон ахуйдаа хэрэглэх боломжтой болсон. Ялангуяа ээдмийн шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, цус төлжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх зэрэгт сайн нөлөөтэй. Мөн шар сүүг цөс угаахад өргөнөөр хэрэглэдэг.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ