Монголын их ачтан Тамара эмээгийн хойдын буянд залбирцгаая....
Тамара эмээ минь тайван нойрс доо....
Хамгийн анх түүнтэй танилцсан нь 2012 оны өвөл юм. Хөдөөнөөс орж ирсэн, Цайз зах дээр цувдай зардаг 5 хүүхэдтэй залуухан эхнэр нөхөр хоёрын гэр нь шатаж арай гэж амьд гаран, 7 ам бүл хөхөө өвлийн хүйтнээр орох оронгүй болсон байв. Тэдэнд чадлаараа туслах санаатай ийм үед тусалдаг газар байна уу? гээд сурахад Улиастайн эцэст нэг эмээ байдаг гэнэ гэж сонсоод тэр гэр бүлийг дагуулаад хамгийн анх Тамара эмээ дээр очиж байсан билээ.
Эмээ тэр дор нь нэг гэр суллан өгч, нөгөө гэр бүл нэг хүйтэн өвлийг даваад амьдралаа хөөн одсон бол би нэг сайхан эмээтэй болж хоцорсон. Тэр хүн бол Тамара эмээ байлаа. Тэр үед 12 жилийн өмнө гэхээр эмээ нас 70 дөхөж явсан бөгөөд бүх насаараа хогны машин, том тэрэгний жолооч хийж явсан угийн яс сайтай хүн, өндөрлөгөөтэй том фронтер машин өөрөө бариад Налайхын уурхайгаас шанагаар нь хямд нүүрс аваад ирдэг байлаа. Нарантуулаас хагарсан өндөг варены шилэнд түүнэ, Барсаас хагас муудсан ногоо бөөндөж авна, Мах импексээс шулсан яс гуйж авна. Энэ бүхнийг өөрөө идэх гэж үү.? Үгүй шүү дээ. Баатархайрханы энгэрт 20 гаруй гэрээр дүүрэн траншейны, мангасын амны, гудманд гарсан хүмүүсийг хөхөө өвлийн хүйтнээр хооллож амь залгуулдаг байсан. Хүмүүс эмээг хэтэрхий тэр улсуудыг өрөвдлөө, өөгшүүллээ, муусайн архичдыг гудамжинд нь хаях хэрэгтэй гэдэг байсан ч эмээ тэгээгүй юм.
Жилийн өмнө байна уу даа? Таны 20 гаруй жилийн ажлын үр дүнг товчхон хэлвэл та юу гэх вэ? гэж асуухад "Шалихгүй дээ 200 хүн архинаас бүрэн гарч гэр бүлтэй болоод, эндээс 200 гэр аваад тусдаа амьдралаа зохиогоод гарсан юм аа, илүү ч бий байх ямар ч байсан 200 энүүхэнд бий" гэж байсан юм.
Идэр залуухан ганц хүүгээ ор сураггүй алга болсон цагаас хойш тэрээр архинд живсэн хүмүүсийг тэр үеийн траншейны гэгдэх, одоогийн гудамны орон гэргүй хүмүүсийг асарч засаж нэг ч гэсэн хүнийг амьдралтай болгохын төлөө бүх амьдралаа зориулсан. Мангасын амны, Улиастайн эцэс, Шар хадны хэр баргийн зартай архичид эмээг хараад өөр болдог, ихэнх нь "Ээжээ" гэж дууддаг байсан. Эмээгийн ургийн овгоор нэрлэгдсэн Заюу Тайж Нийгэмлэг ТББ-ын 20 жилийн ой билүү дээ намайг уриад очтол урлагийн номер нь битүү Нарантуул, Хархорин, Багшийн дээдийн гадаа дуулдаг ах эгч нар байсан. Тийм сайхан тоглолт би амьдралдаа нэг л удаа үзсэн дахиад үзэхгүй байх.
Тэнхээтэй байх үедээ хааяа хааяа Сэлэнгэ аймаг яваад өгнө. Хаачаад ирэв? гэхээр хамгийн сүүлд тэнд л хүүгийн маань сураг нь гарсан гэх юм гэж хэлдэг. Тамара эмээ олон жил энэ ажлыг ийм их сэтгэлийн хүчээр хийсэн нь нийгмийн шаар, адгийн новш гэгдэн гудманд хэвтэх хүн нэг бүр сураггүй болсон ганц хүүгээс нь өөрцгүй харагдаад, засаад авчих юмсан, чиглүүлээд өгчих юмсан гэж чин сэтгэлээсээ хүсэж явсных болов уу.
Бид хоёр эмээ, хүү хоёр шиг сайхан нөхөрлөдөг байлаа. Намайг нойргүй болж их хүнд өвдөөд ямар ч эмнэлэг нэмэргүй болох үед гэртээ хүрээд ир гэж дуудаад орой бүр цай хуурч уулган, сүүлний тосоор тослож өгч хоёулаа шөнөжин гангар гунгар буу халж нохойн дуу сонсож байгаад унтаж орхидог байв. Өөрийн эмээ маань ч амьд сэрүүндээ Тамара эмээтэй надаар дамжуулж танилцаад хааяа нэг нэгэндээ сүү дөхүүлдэг найзууд болсон байсан. Тамара эмээ яг утгаараа "Бор арга" гээч Монгол ухааныг сайн мэддэг, бас бариа хийдэг байлаа. Тэр олон хүнд хэцүү зовлонтой хүмүүсийг их хүндрэхгүй л бол эмнэлэг явуулчихгүй зохицуулаад байдаг байсан, тэнд хүүхдүүд ч олон байсан. Тэр хүнээс их зүйл сурсан даа. Тэгэж хамтдаа нэг хэсэг амьдрахдаа л анх түүний хийж бүтээсэн туулсан амьдралыг жинхэнээр нь ухаарч ойлгож, сонссон мэдсэн алт шиг үгсээ өшөө олон хүн сонсоосой хэмээн 3 цуврал баримтат нэвтрүүлэг чадан ядан хийж "Тамара эмээ" нэртэй youtube суваг дээр байршуулж амжсан байгаа, сонирхсон нэг нь үзэж болох байх.
Эмээгээ өөд болсноос хойш Тамара эмээгээр эмээгээ хийж их бараа татдаг байж дээ. Багадаа өвөө эмээ дээрээ өссөн болохоор ч тэр үү настай хүн их ханьтай, хааяа нэг Тамара эмээг хотод явж байвал хоёулаа гуанзанд орж сүүтэй цай, нийслэл салатхан аваад учиргүй буу халж цай оочиж суудагсан. Улиастайн эцэст таван цулын хуушуур сайхан хийдэг газар байдаг юм. Тэрнээс хэдийг халуунаар нь бариад энгэр өөд өгсөөд очвол эмээ их дуртай хоёулаа бас дундаа нэг цай тавиад л суудагсан. Сүүлийн хэдэн жил бие нь огцом муудсан. Бусдад туслах байтугай өөрийгөө яаая болсон. Босож чадахгүй шахам байхдаа хүртэл аймшигтай хүчирхийлэлд өртсөн, золиос болсон нэг 7 настай хүүгийн асуудлыг чаргууцалдсаар байгаад хэргийг дахин сэргээж дөнгөчихсөн, хүүг сургуульд оруулна арга чарга байна уу гэчихсэн явсан. Тэрээр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл бусдын төлөө зориулсаар өөд боллоо. Түүний хийсэн үйлийг Монголын ард түмэн, бид үүрд санаж явах болно.
Солонгост удах шинжтэй болоод нэг л боломгүй совин татаад наашаа ирэхийн дөнгөж өмнөхөн гэрт нь яваад очтол гэртээ байгаагүй юм. Залгаад утас нь болохгүй хайж хайж байгаа газар нь очоод олон сар хол явна гэдгээ хэлээд баруун хацар дээрээ үнсүүлээд "би удна шүү, хэрэг гарвал Ундраа эгч рүү л залгаарай" гээд эгчтэй хамт очоод буцсан юм. Тэр л сүүлчийн уулзалт байх тавилантай байжээ. Эмээгийн олигтой зураг Монголд хардан дээр маань л олон болохоос сошиалд их байдаггүй юм байна.
Энэ пост албан ёсны эмгэнэл биш, миний сэтгэгдэл дурсамж учраас энэ зургийг онцоллоо. Тэрээр Ид шидийн орны анхны хандивлагчдын нэг юм. Эмээ сүүний хоёр үнээтэй байсан юм. 2017.05.10 өдөр төрсөн өдрөөрөө Баянхошуунд хамгийн анхны Ид шидийн оронд хандив цуглуулж, бэлэгний оронд юу байна түүгээрээ гэсэн зар тавьтал Тамара эмээ өглөө хамгийн түрүүнд 3 автобус дамжаад 4 том бор савтай хөлдөөсөн сүү барьчихсан "эмээ нь байгаагаа л аваад ирлээ зараад мөнгө болохгүй бол ажил хийж байгаа хүүхдүүдэд банштай цай хийгээд өгчихгүй юу" гэчихсэн Зүүнсалааны 2-р буудал дээр зогсож байж билээ ... Тийм л хүний хайлан, бидний Монголын сайхан эмээ байсан юм даа Тамара эмээ минь. Та минь олон сар жилийн тэсэмгүй өвдөлтөөс бүрмөсөн ангижирч, хураасан буяныхаа хариу үйлээр үүрд жарган, үр ач биднийгээ холоос багтааж ивээж яваарай. Хийсэн бүхэнд тань баярлалаа!
Хүндэтгэсэн
Ч.Ганжавхлан
2024.03.02 Солонгос улс
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
U
2024-03-20 22:55:10
66.181.191.235
Um mani badme hum
зочин
2024-03-20 10:04:05
202.179.24.134
Одоогийнхоор бол "Өндөр ээж" байж дээ!
Сан ананд
2024-03-20 06:01:37
66.181.184.195
Хөөрхийдөө хүний хайлан байжээ уманы баднихум тэнгэрийн орондоо жаргах болтугай,
Зочин
2024-03-18 21:39:13
122.201.31.225
Буянтай сайхан ээж ум ма ни бад ни хум
Х.Оюунаа
2024-03-18 07:46:37
66.181.178.78
Сайхан буянтан ижий байжээ.Гэгээн үйлс нь мөнхөд дэлгэрч ,тэнгэрийн орондоо амгалан морилоорой.Ум ма ни бад мэ хум
Төстэй мэдээ