mmnews.mn | 2024-11-24
Эмийн санд өрнөсөн гунигтай яриа….
Эмийн санд болсон яриа: 
- Цитрамон авъя.
(цитрамоныг нь өгөв)
- Даралт үзэх үү?
- Үзнэ ээ. 
(даралтыг нь үзтэл - 150/110) 
- Таны даралт угаасаа ихэсдэг юм уу?  Шилэн хүзүү нь хөшиж, ар дагзаар нь өвдөж байна уу? 
- Харин сүүлийн үед ихсээд байдаг болчихсон юм. Каптоприл, цитрамон 2 л уучихдаг юм өө. Тэгэхээр даралт ч буураад, толгойны өвчин ч намдчихдаг юм. 
- Хэзээнээс ингэж ихэсдэг болсон бэ?
- Жирэмсэн болсноос хойш.
- Та жирэмсэн юм уу? (бүр гайхан асуув)
- Төрөөд 10 хонож байна. 
- Жирэмсэн байхдаа ч каптоприл уудаг байсан юм уу? 
Эмч нь эмчилгээ бичиж өгөөгүй юу? 
- Уг нь өгсөн. Гэхдээ ээжийн уудаг эмнээс л уучихдаг байсан шд. Адилхан л даралт буулгачихдаг болохоор нь. 
- Хүүхэд нь одоо хөхнийхөө сүүгээр хооллодог уу? 
- Аанхаан. 

Уйлмаар санагдав. Ийм гунигтай байх гэж….

Яагаад хүмүүс хамгийн үнэтэй зүйлдээ - эрүүл мэнддээ ийм хайнга ханддаг юм бол оо? 
Яагаад эмчид очдоггүй, эмчид үзүүлдэггүй, эмчээр эмчилгээгээ бичүүлж авдаггүй, эмчийн бичсэн эмчилгээг цаг тухайд нь хэрэглэдэггүй юм бол? Яагаад хүний төлөө амьдарч байгаа юм шиг, хүний амьдралыг туулж байгаа юм шиг ийм сонин хандлага гаргадаг юм бол? 

Хэрвээ ингээд хүн болгон өөрөө өөртөө эмч, домч хийгээд байх нь, фейсбүүкийн группүүд дээрээс олж харсан, таних танихгүй хүн амьтнаас асууж хайсан эм, тариагаа өөрөө өөртөө бичиж өгөөд, гүйж очоод худалдаж аваад байх нь зүгээр юм бол арваад жил сураад анагаах төгсөж байгаа эмч нарын хэрэг байгаа ч юм уу дөө. 

Каптоприл (ер нь -прил төгсгөлтэй эмнүүд) нь жирэмсэн, хөхүүл үед ууж болдоггүй эм л дээ. Жирэмсэн үед уувал хэдэн сартайд ууж байгаагаас хамаараад төрөл бүрийн ургийн гажиг үүсэж болно. Эсвэл бүр төрөхийн/жирэмсний үеийн хүндрэл тулгараад нарт хорвоог зориод ирсэн нялх бяцхан үр нь ээжийнхээ хэвлий дотор ертөнцийн мөнх бусыг ч үзэж болно. Ганц, хоёр удаа уух нь гайгүй, асуудал үүсгэхгүй өнгөрч болох ч, байн байн уугаад байх нь ер нь л гунигтай төгсгөлд хүргэх нь элбэг. Даралтнаас үүдэлтэй толгойны өвдөлтийг цитрамоноор намдаах тухай бүр юу ч хэлэхээ больё. 

Маш олон хүмүүс жороор олгодог, эмчийн заавраар уудаг, дозыг нь хүн бүрд тусгаарлан сонгон тааруулдаг эмнүүдийг асууж орж ирж байна. Өгөхгүй гэхээр бүр гуйгаад зогсцгоочхож байна. “Манай нэг танил уугаад зүгээр болсон гэсэн” блаблабла. 

 Утсан дээрээ фб-дээр бичсэн шал хөндлөнгийн хүний “Энэ эм сайн юм билээ” гэсэн коммент/постыг скриншот хийгээд авчихна. Түүнийгээ эмчийн жор харуулж байгаа мэт нэг их өөртөө итгэлтэй харуулна. Юм л бол “Би мэдэж байна. Манай ээж/найз/нөхөр эмнэлэгт ажилладаг. Ууж болно гэсэн” болоод явчихна. Ямар ч зоргоороо, яасан ч дураараа юм. 

Эцэст нь, өөрсдийн эрүүл мэндэд хариуцлагагүй хандаж, бодлогогүй гаргасан үйлдлээс нь болж үүссэн бүх хүндрэл, бүх асуудлаа эмч нарт тохно. Нуруунд нь үүрүүлнэ. Эмч нар түүнийг нь даахгүй. Гэхдээ л үүрээд л алхаад байна. Ерөөсөө гомдоллохгүй. Хүчрэгдэхгүй хүнд ачаа нуруун дээрээ тавьчихсан болохоор хөдлөхөөс, эсэргүүцэхээс ч эрс татгалзана. Тэнхээ нь хүрэхгүй юм чинь. Урдах ачаагаа яая гэж байж шинэ асуудал нэмээд юу гэхэв. Эцсийн эцэст олон жилийн эм тарианы бодлогогүй хэрэглээнээс болж үүссэн, бүр хүндэрчихсэн, ужиг болчихсон эмгэгүүд нь ямар ч эмчилгээнд хариу үйлдэл өгөхөө больчихно. Өөрсдөдөө болохоор хир ер халдаахгүй. Буруугаа хүлээхгүй. Баахан эм хамаагүй ууж байснаа “би ямар ч эм ууж байгаагүй” гэнэ.

Тэгээд л эцэст нь эмч буруутан болно. Аварч, авч үлдэж чадаагүй болохоор өөр буруутгах хүн ч олдохгүй. Хүний төлөө юм шиг. Хүний амьдралыг туулж байгаа юм шиг. 
Нэг тийм гунигтай. Санаа алдмаар. Дэндүү гунигтай…..

… Хэдүүлээ өөрсдийнхөө амьдралд өөрсдөө эзэн байж, өвдсөн үедээ эмчид үзүүлээд, эмчийнхээ зааврын дагуу эмчилгээ хийлгээд, эмчилгээгээ эхэлсэн бол таслахгүй, эмчдээ худлаа ярихгүй, таныг гэсэн халуун сэтгэлийг нь хуурахгүй, гомдоохгүй байж суръя тэгэх үү? 

Бидний л амьдрал, бидний л эрүүл мэнд шүү дээ. Өөрсдөө хариуцлагатай байж чадаагүй зүйлдээ өрөөлөөс алдаа хайдаг байхаа бүр мөсөн зогсооё. 

Өөртөө хайртай байя. Өрөөлийг хүндэлдэг байя. Эрүүл ирээдүйд хүрэх замаа өөрсдөө бүтээе.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ