mmnews.mn | 2024-11-21
Сэтгүүлч Г.Золжаргал: ….’Ийсус’ Зоригоо
Найз маань хэзээ ч Ийсусийн сүмд  явж байгаагүй. 
Өнгөт хорвоогийн жамаар бурханд одлоо.....Гэхдээ "Ийсуст" дуу хоолойн өнгөөрөө  сонгогдсон явдал байдаг .
Өөрөө  надад олон удаа ярьсан болохоор  түүхийг нь би энэ өдөр дурсах учиртай.
1989 бил үү, тэрнээс арай хойхно бил үү? Америкаас Холливуудын киноны уран бүтээлчид манайд ирсэн юм. Монгол кино үйлдвэрт ирж Ийсус киног "ам" барьж монгол хэлээр дуу оруулах  том төсөлтэй ажилласан. Дэлхийн бараг 160 гаруй  оронд өөр өөрийнх нь хэлээр "дубляж" орчуулга хийсэн найруулагч гэж ланжгар байлгүй яахав..
Энэ кино, уран бүтээлийн хувьд ч,  киноны хувьд ч ярилтгүй.  Бараг л "Спартак" "Бен Хур" "Титаник" кинотой дүйнэ. Гайхалтай бүтээл. Өөрсдийн Эзэн тэнгэрийнхээ  тухай хөрөнгө хүч гаргаж хийхгүй бол өөр юуг тэгэж хийх билээ,  Америк гүрэн!....
Монголд ирээд маш олон жүжигчнээс тохирох дуу хоолойны  "проб" авчээ.  Аваад л байж аваад л байж. Эцсийн эцэст яг таарах  цорын ганц хүнээ олсон нь Зориг байв. Зориг найзын маань зөөлөн дуу,  сэтгэлд хүрсэн ухаарал сэтгэлийн өнгө  үнэхээр гайхалтай. 
Америкууд Монгол хэл мэдэхгүй ч:
- Энэ жүжигчний дуу хоолой яг Ийсус бурханы  дуу хоолой шиг сонсогдоно.  Урьд нь бурханд "ам " барьсан  жүжигчнийг Дэлхийн  олон улсаас хайгаад  олоогүй. Харин  танай  Монголд байжээ  гэсэн.
Ингээд Америкаас дуу оруулалт бичих  Холливуудын мэргэжилтнүүд ирж ажилласан. Юун бидний мэдэх практик ажил .  Амьсгаа, үг өгүүлбэр, хатуу зөөлөн хэлсэн үг бүрийг маш нарийн багажаар хэмжиж "дуу хийх"  сэтгэл зүрхний угаас Тэнгэр бурхан ярьж байна уу гэдгээр нь хянаж   ажилласан юм билээ.
Холливудын "Ийсус" кино нь уран бүтээлийнхээ хувьд дээгүүр ордог кино ,үнэхээр сайн бүтээл. Өгүүлэгч нь Монголын радиогийн "нөгөө"  Чулуунбат ах уншсан санана. Ингэж найз минь бурханы дуу хоолойгоор дэлхийн нэг чухал  уран бүтээлд мөнхөрчээ. Түүнээ ярихдаа Америкийн киночдын мэргэжлийн  чадварыг гайхсанаа хэлнэ.
Харин MNB-гийн "Үдшийн хэмнэл" студид  байхад Авирмэд редакторын "Сартагтайн гуу" нэвтрүүлгийг Ховд аймагт очиж хийсэн  нь Телевизийн анхны нэвтрүүлэг, тун аятайхан болсон гэж зохиогч нь  сэтгүүлч  Авирмэд  олон жил ярьдаг байсан даа. Би  дандаа дэргэд нь сонсоно.
Н.Зоригийн  бие нь дээд  ертөнцдөө заларсан ч  дуу оруулсан гадаадын  хэдэн арваар тогтохгүй кино,  өөрийнх нь тоглосон "Аль нь вэ" "Загийн алим" -аас авахуулаад өчнөөн бүтээл энд үлджээ. Тийм  учир биднийхээ дунд  бүтээлээрээ амьд байна.
1986-1990 он хүртэл Хүүхэд залуучуудын театрт Нямгаваа найруулагчийн удирдлага дор Зориг, Нямсүрэн, Төмөрбаатар, Бат-өлзий, гээд шижигнэсэн-тажигнасан залуус  монголын тайзны урлагийн тэнгэрт Од болон гялалзаж, Монгол театраар амьсгалж байв.. Тоглолттой өдрийн тасалбар нь   олдохгүй. Хүүхдийн театрын өмнөөс Цирк хүртэл билет хайсан үзэгч багширч машин зам хаагдаад, театрын хаалга руу дайрч, дайн дажин шиг юм болдог байсан үеийн бас нэг гол баатар шүтээн-жүжигчин мөн  Аан харин Эсээ, Зоригоо бид гурав "Үдшийн хэмнэл" студид Үндэсний Телевизийн өнгөтэй өөдтэй нэвтрүүлгүүдийг хийх гэж чардайж явлаа.  Хэн маргах билээ...?
Найз маань "бурханы" дуу хоолойтой жүжигчин байлаа.  Тэр дууных нь өнгө нь сэтгэлээс гарахгүй. Ямар сайндаа Америкийн Холливуудаас киночид ирээд  зунжин муу найзыг маань   "Чайка" машинаар ганцааранг нь зөөдөг байхав. Өндөр ч цалинтай. Өөр тийм жүжигчин дуулаагүй дэг. Нэргүйбаатар СГЗ жүжигчин нэг дурсдаг. Болсон үнэн явдал юм ...
Оюутны байрны 307 тоот өрөөнд бид хоёр хэсэг сууж олон ч удаа төмс шарж нэг савнаас хувааж идээд, бильярд нүдсэн, хагас сайны орой  манай оюутны "общагт"  физикийн факультетын байрнаас Буян Жагаа ирж дискотека зохиоход Зориг маань  мөн олон удаа DJ нь хийж байв даа.
Тэрнийг дурсвал өчнөөн  түүх хөвөрнө.
Ингэсгээд өндөрлөе дээ....
Сэтгүүлч Г.Золжаргал /Баримтат киноны продюсер/



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ