mmnews.mn | 2024-11-21
Өөрийн ухамсрыг зөв ашиглаж чадахгүй бол зурагтын удирдлага мэт хэн нэгнээр удирдуулах болно....
ӨӨРИЙН УХАМСРЫГ ЗӨВ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗУРАГТЫН УДИРДЛАГА МЭТ ХЭН НЭГНЭЭР УДИРДУУЛАХ БОЛНО ("Бодьсадвын гучин долоон гарын авлага" номын айлдвараас)

Номыг сонсож мэдээгүй цагт анхааран авч хэрэгжүүлэх аргыг мэдэж чадахгүй. Сонссоноо дахин дахин шинжиж, магадлалыг төрүүлэхгүй бол бясалгах зүйл төрөхгүй, бясалгахгүйгээр оюунд өөрчлөлт гарахгүй юм. Хүний оюунд өөрчлөлт сайжрал гарахгүй бол олон ном сонслоо ч үр дүнгүй болно. Нисванис төрөх нөхцөл шалтгаан бидэнд асар их байна. Өөрийн эрхтний үүдийг машид сайн сахин боомтлох хэрэгтэй. Болох болохгүйг үйлдээд нуулаа ч, хэзээ нэгэн цагт илрэх нь тодорхой шүү дээ. 

Хэл амаар элдвийн зүйл ярих нь үүнд түшиглэн болох болохгүй зүйлийн үүд нээгдэх болно. Энэ дотроос хамгийн хэцүү нь санах санах ёсгүйг санаандаа төсөөлж ургуулан бодох, элдвийн хэрэгцээгүй зүйлсийг эргэцүүлж бодох юм. Атгаг сэжгийн сэтгэлээс болж элдвийн хэрэгцээгүй зүйлсийг төсөөллөөр бий болгодог. Атгаг сэжиг ихтэй хүн эд хөрөнгө гэх юмгүй хоосон гэрт амьдарлаа ч, эд хөрөнгөө алдчихвий гэх атгаг сэжгийн бодлоос болж унтаж чадахгүй. Атгаг сэтгэл хүнийг ор үндэсгүй зүйлийг бодогдуулна, хоосон байшин гэрээ хааж түгжсэн ч хэрэгтэй зүйлсээ алдчихвий гэж атгагласнаас болж унтаж чадахгүйд хүрч байна. Учрахад бэрхтэй хүний биеийг хэрэггүй дэмий зүйлд бүү зараасай гэдэг үүднээс дээрх бүгдийг хэлж байна. 

Бид тэргүүлшгүйгээс асар их муу авъяасыг өөрт суулган дадуулсан учир дараа төрөлд чөлөө учралт хүний биеийг дахин олох гэдэг үнэхээр хэцүү юм. Чөлөө учрал бүрдсэн хүний энэ бие дээр хэрэгтэйг л үйлдэхгүй бол дараа төрөлд үүнтэй дахин учрах гэдэг бэрх байна.  Иймд эхлээд ном сайтар сонсох хэрэгтэй. Ном сонссон төдийгөөр хязгаарлагдахгүй, сонссоноо алдахгүй, өөрийн оюун сэтгэлдээ ижилсүүлэн, бодит байдалтай үүнийг харьцуулан шинжиж, хэрэгжүүлэн дадуулах хэрэгтэй.
 
Өөрийгөө сайтар ажиглан, энэ сайхан ховор чөлөө учралыг олсон дээрээ би одооноос ном хийхээс өөр арга гэж үгүй гэдгийг магадалж эцэслэн шийдэх чухал юм. Ном сонсож суралцах хэрнээ ертөнцийн үйлд хүчтэй татагдах хэрээр ном нь үг төдий болж, сэтгэлд нь төрж чадахгүй юм. Ном хийх хэрэгтэйг өөрөө магадлан шинжилж, эцэслэн шийдсэнээр гарын авлага болгох хэрэгтэй. Иймд номыг сонсох, санах, хэрэгжүүлэхийг аль чадлаараа үйлдэх нь маш чухал юм. Сонсох үгүйгээр санах гэж үгүй, санах үгүйгээр бясалгах үгүй юм. Юуг бясалгах вэ дээ. Сонсох, санах, бясалгахыг өөр хооронд нь хагацуулж болохгүй. Хагацуулбал санахгүй, бясалгахгүй бол сонссон нь ертөнцийн үйл үйлдэхийн аргад л явна. Бизнес хийх эсвэл бусдыг хууран мэхлэхэд мэргэн арга хэрэглэгдэхүүн болж мэднэ. 

Сонсохгүйгээр зөвхөн санахыг үйлдэнэ гэвэл хоосон байшингаас хамаг эд зүйлсээ алдчихвий гэдэгтэй адил атгаг сэжиг төрнө. Болох болохгүй элдвийн зүйлийг атгаглан бодон, илүү их бэрхшээлтэй болно. Учир шалтгааны үүднээс шинжлэх зүйлгүй болох тул үндэслэлгүй элдэв зүйлсийг төсөөллөөр бий болгоно. Тийн атгаг сэжгийн олон галыг анхнаас нь бадрааж, дээр нь тос хийвэл улам хүчтэй асахтай адил болно. Иймд ном сонсохгүй бэрхшээл ар араасаа хөвөрнө. Бидний юмыг хүлээж авах чадамж анхнаасаа л сул байна. Чадамжгүй дээр нь хэн нэгэн цог нэмж өрдөөд өгвөл тэр муу сэтгэл өөрийн эрхгүй улам хүчтэй бадарна. Бусдын өрдсөн галд өртөөд явдаг нь өөрийн ухамсрыг зөв ашиглаж чадаагүйн илрэл юм.  Зурагтын удирдлага шиг бусдаар удирдуулж буй хэрэг юм. Иймд номыг сонсох гэж үгүй бол санах гэж байхгүй, тэгээд бясалгана гэвэл нүдээ аниад цомцойгоод суух болно. Биеэ тэгш агуулан суух мэт авч, сэтгэл нь дэлхий даяар тойрон хэсүүчлэх болно. Дэлгүүр хоршоогоор тэнээд, оролцох ёсгүй дэмий зүйлд оролцоод явах болно. Иймд сонсох, санах, бясалгахыг хооронд нь хагацуулалгүй үйлдэх гэдэг маш чухал юм. Энэ бол бодьсадва хүний гарын авлага юм.

Ачит багшийн айлдвараас....2024.04.11



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ