mmnews.mn | 2024-11-21
Оймсоор домнохуй….
Оймсоо үнэрлэх, оймс дэрлэж унтах, оймс дүрэх домууд бий л дээ. Үүнийг ярихаар л, 
- Пий, Паа! Балиар заваан, хоцрогдсон бүдүүлэг тэнэг амьтан гэцгээх. Хөлстэй малгайнаас хөлийн оймс цэвэрхэн гэдэг. Хөлөөс толгой бузар гэж үздэгээс энэ билээ. Гэхдээ шивэртэй оймсыг сайхан гэсэнгүй. Оймстой холбоотой өч төчнөөн далд гүн ухаан дом соёлууд бий. Айлын жаахан хүүхэд айж цочиж хөлсөх, шөнө унтаж чадахгүй бол эцгийн нь оймсыг, эсвэл нагац ахын нь оймсыг үнэрлүүлдэг, толгойд нь дэрлүүлдэг домтой. 
Ханиад томуу хүрэхээс сэргийлж бас оймсоо үнэрлэх заншил түгээмэл. Хөлөө угаадаггүй, оймс хөлийн ороолтоо угаадаггүй шивэр ханхлуулсан хүн муухай. Аль цаг үед арчаагүй бүдүүлэг явдал. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй шүү та минь ээ! Ямар ч хүнд өөрийн гэсэн үнэр бий. Тэдгээрээс хөлийн үнэр нь далдын хар хүчийг үргээдэг гэж үздэг. Далдын муу эрчис, сүнс сүүдэр, өвчний вирус зэргийг орогнон байршиж, үржиж амьдрахад оймс хөлийн үнэр дарангуйлдаг юмсанж. 
Аливаа өвчин зовлонд холын бөгөөд ойрын шалтаг шалтгаан гэж байдаг. Тэдгээр шалтгааныг дарах дом заслууд өчнөөн. Орчин үеийн шинжлэх ухаан олж шинжлээгүй нууц нь тайлагдаж амжаагүй түм буман сонин хачин явдлуудтай бид нүүр тулгардаг. Энэ бүхнээ үгүйсгэх аргагүй. Тэрнийхээ оронд танин мэдэх гэж хичээх л чухал. Үнэр өөрөө бас нэгэн дархлаа, хамгаалалт болж орших тохиол ч байна. Жишээ нь Өмхий хүрэн гэдэг амьтан бол дайснаас гол хамгаалалт нь өмхий үнэр нь. Өмхий хүрэн бол бусад амьтдын нэгэн адил байгалийн хуулиар бүтээгдсэн нэг эд эс нь. 
Хүн гээч амьтан тэгвэл үдэш унтахдаа хөлийн салаагаа  нэг үнэрлэчихээд байхад гэмгүй гэсэн үг. Шивэртэй хүнтэй хамт байхад тун хэцүү. Бусдад үнэрлүүлэх биш, өөрт үнэртэх төдий бол байх ш дээ. Шивэргүй ч гэлээ нэг хоёр өдөр угаахгүй шиг явбал хөлийн салаанаас бага гэлтгүй үнэр гардаг. Түүнээ үнэрлэх сайн гэж үздэг байжээ. Өөрөөсөө бузартана гэж хэзээ ч үгүй. Дээр өгүүлсэнчлэн хөлөөс толгой бузар гэж. Худаг руу, гол ус руу малгайгаа унагаачихвал араас нь оймсоо тайлж дүрдэг домтой. Тэгээд, малгай биш, оймс шүү гэж хэлдэг учиртай. Толгойн зунгаг бол хамгийн бузар юм гэдэг. Оймсны тухай хэдэн жилийн өмнө нэг бичиж орхисон чинь баахан дайрч доромжилсон. Юмны учир ухаарч ойлгох сөхөөгүй, дээр нь нэг их цэвэрхэн хүн болох гэж ядчихсан улсуудын ядмаг араншин тэр л дээ. 
Яг үнэндээ өвчинд ээрэгдээд үхэх сэхийн даваан дээр хүрэхэд бол оймс байтугайг ч хэрэглэж мэднэ. Монголчууд бид ертөнцийн оршихуйн жам ёсыг ахуй амьдралын хүрээнд нэг авч үздэг бол далдын хар цагаан алив хүчээр бас танин мэддэг жигтэйхэн ухаалаг үндэстэн. Оршихуй өөрөө нэг цөмтэй ч олон талтай. Тэдгээр олон талууд нь олон олон шинж чанар утга агуулгатай билээ. Эдгээр юмс бүрдэж байж нэг ертөнц болдог. Ертөнцийн юмс үзэгдэл түүнийг дагасан гүн далд ухааныг танин мэдэхийн тулд хүн оршдог. Ертөнцийн зан үйл утга учрыг  зөвхөн өөрийнхөө сонссон мэдсэнээр хэмжих гээд байгаа бол тэнэг хүн гэсэн үг. Гэхдээ бүх юмыг хүлээн зөвшөөр гэсэн ч үг биш. Үнэн худал алин болохыг азнаж шинжилж эргэцүүлж үзэх чухал даа... ! 

Хумбагарын Батмэнд. 
2024. 04. 26.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ