mmnews.mn | 2024-11-22
ТББХ: “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны  /2024.05.21/ хуралдаанаар “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Байнгын хороонд мэдээлэл хийсэн.

Тэрбээр, УИХ-аас баталсан “Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогод Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник, эдийн засгийн үзүүлэлт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэжМонгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үзүүлэлт боловсруулна гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлигаар Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл, боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хотыг байгуулах холбогдох судалгааг хийх, төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаж, Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын өв соёлыг хамгаалах Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэг, их бүтээн байгуулалтад манлайлан оролцохыг нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалсан.

Мөн УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшил суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг байгуулахаар шийдвэрлэж, шинэ Хархорум хотыг байгуулахтай холбогдуулан 2030 он хүртэлх хугацаанд шинэ хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Төрөөс баримталж буй бодлого, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолоор шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо, 2023 оны 40 дүгээр тогтоолоор шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг тус тус байгуулан эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу тодорхой ажлуудыг гүйцэтгэж эхлээд байна. Шинэ Хархорум хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийннуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189.363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Түүнчлэн тус газрын хөрсний судалгаа, инженер геологийн судалгааны ажил хийгдэж байна.

Мөн Хархорум хотын ундны хэрэгцээг хангах усны судалгааны ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Нийслэлээс шинэ Хархорум хүртэлх авто зам, цахилгаан дамжуулах шугам болон шинэ нисэх буудал байгуулах байршлийг сонгон тогтоогоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, шинэ Хархорум бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаатай хамтран шинэ Хархорум хотын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зарласан бөгөөд нийт 54 улсын 428 баг оролцохоор бүртгүүлээд байна. Эдгээр багууд нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор өөрсдийн төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулж ирүүлэх бөгөөд 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл олон улсын нэртэй архитектурч, төлөвлөгч нараас бүрдсэн үнэлгээний багаар үнэлүүлэн, нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулж олон нийтийн саналыг авна. Эдгээр багуудаас 5-ыг сонгож, шинэ Хархорум хотын хөгжлийн концепцыг боловсруулах ажлыг хийнэ. Шинэ Хархорум хотын төв цэг болох төв талбайн тохижилтын ажил, Ерөнхийлөгчийн ордны цогцолборын зураг төсөл болон Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран боловсруулж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн өв уламжлалыг хадгалсан, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, ногоон, ухаалаг, хүн төвтэй шинэ хотыг төлөвлөж байгуулснаар эртний нийслэл Хархорум хотыг дэлхий дахинд шинээр таниулах соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, гадаад, дотоод, хөрөнгө оруулалтыг татах, шинжлэх ухаан, технологи, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс орон нутагт шинээр бий болгох, хүн амын хэт төвлөрөлийг бууруулах зэрэг ач холбогдлыг бүрдүүлэхээр ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг өгсөн.

Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн ам амьдрахаар төлөвлөжээ. Хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д хийхээр төлөвлөсөн аж. Энэ нь Улаанбаатар хоттой харьцуулвал 3 дахин том бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын бүс 9200 га юм байна. Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн онцлог, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад нийцүүлэн Хархорум хотыг Засаг захиргаа, Түүх, соёлын аялал жуулчлал, Олон улсын харилцаа, Өндөр технологийн үйлдвэрлэл, Эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон аж. Хотод байгуулах нийгмийн дэд бүтэц буюу цэцэрлэг, сургууль хаана, хэдийг байгуулах нь үндсэндээ тодорхой болсон гэсэн мэдээллийг өгсөн. Хотын хамгийн өндөр хэсэг 26 давхар буюу 80 метр хүртэл, дунд хэсэгтээ газрынхаа зориулалтаас шалтгаалаад 50 метр хүртэл буюу 16 давхар барилгатай байхаар төлөвлөжээ.

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн, судлаачид, хот төлөвлөлтийн салбарын мэргэжилтнүүд, төрийн болон мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын санал, зөвлөмжийг авах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулсан гэлээ. Нийт 68 удаагийн уулзалт, 5 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар Монгол Улсын Төрийн сүлд, туг, далбаа, тамгыг үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх журмыг хуульчлан зохицуулж байгаа бөгөөд уг хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн далбааг байнга мандуулах газрыг тодорхойлж, мөн хуулийн 25 дугаар зүйлд иргэд, өрх, аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн бэлгэ тэмдгээ гүнээ дээдлэн хүндэтгэж, бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед Төрийн сүлд, далбаагаа барих байрлуулах, мандуулах буюу Төрийн дууллыг эгшиглүүлж болохоор заасан.

Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг байнга мандуулах эрх зүйн орчинг сайжруулах, түүнчлэн төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулах зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан.

Хуулийн төсөлд төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар монголын ард түмний түүхэн уламжпал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Г.Дамдинням, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн нар ажилласан юм. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм.  Ажлын хэсэг есөн удаа хуралдаж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төсөлд шаардлагатай зарим зүйл, хэсэг, заалтыг нэмэх, төслийн хэсэг, заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, нэр, томьёог тодорхой болгохтой холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэжээ. Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол дараах хүрээг хамарчээ. Үүнд:

·      Хот тосгоны удирдлагын зарчимд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, алслагдсан хот, тосгонд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, хот, тосгоны зохион байгуулалт, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, хотын зэрэглэл тогтоохтой холбоотой шийдвэр гаргахад их өгөгдлийн тооцоололд суурилах дэвшилтэт технологийг ашиглах зарчмыг тусгах,

·      Төсөлд хот тосгоны хөгжлийг дэмжихээр харилцаа холбоо мэдээлэл, технологи ашиглах гэсэн зүйлийг нэмж хот, тосгоны удирдлага нь хот, тосгоны чиг үүргийг хэрэгжүүлэхэд инновац, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдвэрийг цахим орчинд урьдчилан загварчилж үр дүнг тооцоолох дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зохицуулалтын сэндбокс орчинд туршиж оршин суугчдын саналыг авах, харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэд бүтэц, мэдээллийн системийг бий болгох зэрэг зохицуулалтыг тусгах,

·      Тосгоны удирдлага нь тосгоны зөвлөл, тосгоны Захирагчаас бүртгэх бөгөөд Тосгоны зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Зөвлөлийн гишүүн Тосгоны захирагчийг оршин суугчдаас сонгох,

·      Төсөлд хотын зөвлөлтэй холбогдуулан тусгагдсан зохицуулалттай адил тосгоны зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлж анхдугаар хуралдааныг хуралдуулж чадаагүй, төсвөө батлаагүй, хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60 хоног өнгөрсөн бол тосгоны зөвлөлийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга, эсхүл орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагч тараах шийдвэр гаргах зохицуулалтыг нэмж тусгах,

·      Тосгон нь зөвлөлтэй байхаар нэмж тусгахтай холбогдуулан төсөлд тусгагдсан. Хотын зөвлөлийн чиг үүргээс албан татварын хувь хэмжээ тогтоох, аймаг, нийслэлийн ИТХ үнэт цаас гаргах чиг үүргээ шилжүүлсэн тохиолдолд хотын захирагчийн өргөн мэдүүлснээр хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэт цаас гаргах, зээл авах зөвшөөрөл олгохоос бусад чиг үүргийг тосгоны зөвлөл хэрэгжүүлэхээр тусгах,

·      Хот, тосгоны захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болгохтой холбогдох зохицуулалтын нийцлийг хангах,

·      Хот, тосгоны шаардлага, одоо үйл ажиллагаа эрхлэхэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар зохицуулахаар тусгах,

·      Хот нь эдийн засгийн тусгай бүтэцтэй байж болох зохицуулалтыг тусгах,

·      Төслийн зүйл, хэсэг, заалтын хоорондын нийцлийг хангах болон бусад хууль тогтоомжийн зохицуулалттай нийцүүлж өөрчлөх зэрэг агуулгыг хамарчээ.

Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдтэй холбоотойгоор боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг танилцуулсан.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл тус бүрээр нь хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Байнгын хороо маргааш хуралдан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ