mmnews.mn | 2024-05-09
Улаан махны бузараас хэрхэн сэргийлэх вэ
УЛААН МАХНЫ БУЗАР гэж айхавтар зүйл бий. Хүнээс мал, мах худалдаж авахдаа машид болгоомжтой хандах хэрэгтэй. 
Монголчууд хол газар айлд мах өгөхдөө хажуугаар нь цөөн гэлтгүй сонгино, эсвэл атга давс боогоод хийж явуулдаг заншилтай. Улаан махыг үргэлж муу эрчис сүнс дагаж явдаг санж. Муу муухай эрчис нь сонгино, давсны амт үнэрээс зайлдаг гэж үзээд тэр. Мах худалдаж авахдаа худалдагчтай хэрүүл маргаан үүсгэх нь байтугай аль болох сэтгэлийг нь өргөх хэрэгтэй. Махны үнийг доош нь дарж авах, дутуу гуцуу мөнгө төгрөг өгч махны худалдаа наймаа хийж буй хүнийг гомдоосноос болж бузар болох магадлал өндөр. 
Махны наймаа худалдаа хийдэг хүмүүс өөрсдөө сэтгэл санаагаа аль болох ариун байлгах ёстой. Таны худалдаж буй махнаас хүн амьтан бузартах вий гэхээс болгоомжилж сахилга хариуцлагаа чандлан, ухамсарт хүмүүний заншлыг өндөрт өргөх шаардлагатай. Ахуйн болон сэтгэл санааны ариун цэврийг ямагт сахиж сайхан сэтгэлээ нээж явагтун. Хэрүүл маргаан гарахаар юу ч болж байсан, - Би чинь улаан махны худалдаа хийж байгаа хүн шүү. Хүнтэй муудалцвал өөрт болон өөрийн гэр бүл, үр хүүхдэд гэмтэй. Мөн миний нэгэн адил бусдад улаан махны гэм  бузар нь үсрэх вий гэсхийж тэвчээр зааж зэгсэн болгоомжтой ажиллах учиртай. 
Гаднаас хол зам туулж ирсэн махыг заавал ариулах хэрэгтэй. Лаа асаачихаж байгаад гал дээгүүр эргүүлж барьж ариулна. Эсвэл гадаа гал түлж байгаад аргалын утаагаар утаж ариулна. Аргалын гал утаа нь хамгийн сайн ариутгал болдог. Ер нь бузар муухайг үргээж ариутгах шилдэг арга бол "гал" юм. Байрны айлууд бол нөхцөл байдлыг бодож лаа бариад лааны гал дээр ариулахаас өөр яалтай. 
Нэгэн малын хулгайч улаан хоолойн рак буюу нарийнтах өвчнөөр өвдөж нас баржээ. Удалгүй эхнэр нь ходоодны хорт хавдраар өнгөрчихөж. Тэгээд үзмэрч хэлж байна гэнэ, -Айлын мал хулгайлж идээд болдоггүй айл байна. Улаан махны бузар болчихжээ. Ингээд зогсохгүй ээ, үр хүүхдүүдэд нь хүртэл улаан махны бузар шингэчихэж. Иймээс бусдад өглөг өгч хайртай морь, тарган хонь малаа уул овоонд сэтэрлэж өргө гэжээ. Өнчирч  хоцорсон насанд хүрээгүй үр хүүхдүүдийнх нь өмнөөс учир мэдэх ахан дүүс нь, яг тэдний хотноос тийн өргөл өргөж жаахан ч гэлээ гэм нүглийг цагаатгаж байсан гэдэг. 
Улаан махны бузраар өвдвөл их хүндэрдэг. Үхэлд амархаан хүргэж чаддаг юм шүү гэж хууччуул хэлцдэгсэн. 
Махны худалдаа наймаа хийж буй хүн аливаад шалтаглаж өвдчих гээд байх нь олонтаа. Мах худалдах явцдаа бусдыг гомдоочих вий гэж машид болгоомжлох нь зүйтэй. Махны үнэ тэнгэрт хадчихлаа гээд л олон түмэн шуугилдаад байдаг болчихож. Энэ их осолтой! Үнэхээр мах нь ховордоод үнэ өсөв үү, зохиомол өсөлт үү гэж. Хэрэв зохиомлоор үүсгэсэн бол махны худалдаачдад нүгэл болно шүү! Өнөө маргаашийн хэдэн төгрөгний ашигаас илүү таны амьдралын ул мөр хувь заяанд гэм цохих аюултай гэдгийг ямагт санаж явах ёстой. 
Ер нь мах худалдаж авч өгч буй хэн хэн нь дор бүрнээ сэтгэлээ засаад төлбөр тооцоогоо хийхдээ анхааралтай байвал зохино. 
 -Яасан үнэтэй юм бэ?! Энэ махны ченжүүд, лангууны наймаачид арай хэтэрхий юм энээ тэрээ гэж дуу халаг тавин барин мах худалдаж авбал мөн л нүгэлтэй. Мах авах нь тодорхой бол өөрийгөө нэлээд тайвшруулчихаад тийшээ зүглэх. Тэгээд мөнгө төгрөгөндөө огт харамсаад хэрэггүй. 
Айлд санамсаргүй эвгүй мах идчихвэл араас нь бага зэрэг хатуу идээгээр даруулдаг. Хатуу идээг бага зэрэгхэн амсах төдий хэрэглэж сурвал аливаад даруулга ариутгал болдог арга билгийн ёсон бий. Арга нь бол спиртээр ариутгаж буй хэрэг. Билэг чанар нь болохтойгоо зэрэг нэгдүгээрт сэтгэл санаагаа засчихна. Нөгөөтэйгүүр улаан мах үхээр дагасан муу ёр нь сархаднаас зайлсхийдэг. Харин хэтрүүлж хэрэглэх юм бол бузартана. Архины бузар гэж айхавтар зүйлийг надаар хэлүүлтгүй олон түмэн сайн мэднэ. Ер нь явж явж хамгийн зөв арга бол аливаад сэвтэж гэмтвэл цагаан идээ амсах. Цагаан идээ хомс цаг үе, орчин нөхцөлд бол сархад үл ялиг амсах гар нүүрэндээ түрхэх төдий хэрэглэнэ. Ер нь ямарваа муу муухай зүйлсийн даруулга цагаан идээ дээ. 
Улаан махны бузар гээч нь хүнээс салдаггүй юм гэдэг. Улаан махыг авч идэх, худалдах худалдаачид бүү хэл тээвэрлэхдээ хүртэл замын засал хийдэг. Их мах тээвэрлээд хөдлөхдөө мах чанаж идээд ойр орчмын  хүн амьтныг дайлах ба дээрээс тусгайлан бэлдсэн хэсэг махыг гаргаж ирээд хавийн нохой шувуу хооллож орхиод аян замдаа хөдөлдөг ёстой. Замдаа мөн л сайн сайхныг бодож бясалгаж явбал аян замын ажилд өлзийтэй. Мах тээвэрлэж яваад онхолдчихсон, тэмээ малаа туйлуулчихсан таагүй явдал цөөнгүй тохиолддог нь улаан мах тээвэрлэх зан үйлээ хийгээгүй дутуу дулимаг хийснийх гэж мэдээрэй. 
Идэш хүнс хийхдээ малын эзэн хүнд тусгайлан бэлэг сэлт өгөх нь зүй ёсны хэрэг. Ер нь идэшний мал, эдэлгээний мал алийг ч гэлээ худалдаж авахдаа үнэ хасаж татаж авдагггүй. Хэлсэн үнэнд нь авах. Боломж бололцоотой шиг явбал хэлсэн үнээс нь жаахан илүү мөнгө төгрөгөөр авчихвал ээлээ өгдөг билээ. Улаан махны бузар гэм нүглийн талаар "Тунамал оршихуй" номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн бөлгөө.
Хумбагарын Батмэнд



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ