mmnews.mn | 2025-09-17

НИЙГЭМ

НИЙГЭМ
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн болон агентлагийн удирдлагууд, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар өнөөдрийн хуралдаанд оролцов.  Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөний талаар, нийслэлийн эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх шийдэл, Хүннү смарт хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, бүсчлэл, тээвэр ложистик, дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийн явц, нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, хүлэмжийн хийг бууруулах загвар төслийн технологийн шийдлийн танилцуулга, штабын өмнөх хуралдаануудын үүрэг, даалгаврын биелэлт болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Багахангай-Хөшигийн хөндий-Шувуун фабрик чиглэлийн салбар төмөр замын төслийн талаар ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав. 102.5 км гол замын урттай уг бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд бүтээн байгуулалтад 110 орчим аж ахуйн нэгж, 2500 ажилтан оролцож, ирэх гуравдугаар сараас эхлүүлж таван сарын хугацаанд гүйцэтгэх аж. Уг төмөр замыг байгуулснаар Хөшигийн хөндийг түшиглэж байгуулах 150 мянган хүнтэй Хүннү смарт хотын дэд бүтцийг бий болгох, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, ачаа тээврийн төв байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой учир Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.  Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл салбар төмөр замын энэ төслийг зайлшгүй шаардлагатай, маш чухал бүтээн байгуулалт учраас дэмжиж буйгаа илэрхийлээд ирээдүйд олох үр өгөөж ихтэй, эдийн засгийг тэлж, ажлын байр олноор бий болох учраас Хөшигийн хөндийг хуурай газрын боомт хот болгож өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлов. Улаанбаатар хотын төвөөс томоохон зах, худалдааны төвүүдийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх байршлын хувилбарууд болон холбогдох саналтай штабын гишүүд танилцлаа. Мэргэжлийн хүмүүсээ сайн сонсож, хувийн хэвшлээ хүчлэхгүйгээр, нүүлгэн шилжүүлэх газрынхаа дэд бүтцийг бүрэн шийдэж, тохижилт, дэд бүтцийн орчныг нь бүрдүүлж байж нүүлгэх ёстой гэдгийг Ерөнхий сайд анхааруулав.Улаанбаатар хотод теле хяналтын камерын нэгдсэн төвийг байгуулж, есөн дүүрэгт камерын дэд төвүүдийг байгуулж, 176 уулзвар, гарц, 3000 гаруй авто замуудад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулсан байна. Ингэснээр өдөрт нэг сая, сард 30 сая зөрчил илрүүлж, баталгаажуулах техникийн боломжийг бүрдүүлжээ. Улаанбаатар хотыг бүрэн камержуулах технологийн шийдлийг хэрэгжүүлэхийг Шуурхай штабын анхны хуралдаанаас үүрэг болгосон юм. Үүнийг шийдвэрлэхэд AI технологийн шийдлийг ашиглаж, цагдаа, онцгой, тагнуул зэрэг хууль хяналтын бүх байгууллагатай холбож дуусжээ. Замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баримтжуулж торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тооцож эхлэхээр төлөвлөж байна. Мөн Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжиж, зорчигч тоолох системийг нэвтрүүлснээр төлбөрийн карт уншуулсан тоотой тулгах боломжтой болсон байна. Ингэснээр Улаанбаатар хот камерын хяналтын системд АI технологиор бүрэн шилжиж, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дууссаныг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа.  Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдал, тулгамдсан асуудлын талаар Эрчим хүчний яамнаас танилцуулав. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 90 хувийг нийслэлчүүд хэрэглэдэг, мөн цахилгааны өртөг, үнэ тарифын асуудал зэрэг олон хүчин зүйлээс болж чадлын дутагдалд орж байгаа аж. Тиймээс цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, дамжуулах шугам сүлжээг өргөтгөх, 2025-2026 онд Богд, Дамбаржаа, Сонгино, 1-р хороолол зэрэг хэд хэдэн дэд станцыг шинээр байгуулна. 2029-2032 онд шинээр ашиглалтад оруулах дэд станц, агаарын шугамын хэд хэдэн төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 1000 МВт эрчим хүч хэрэглэж байгаа бол 2035 он гэхэд одоогийн хэрэглээ гурав дахин өснө. Тэгэхээр 2035 он хүртэл нийслэлийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд зөвхөн шугам сүлжээг нэмэгдүүлэхэд зориулж хоёр тэрбум ам.доллар шаардлагатай. Эрчим хүчний эх үүсвэрээс гадна түгээлт, дамжуулах дэд бүтцээ энэ хэмжээний хөрөнгө оруулалтаар давхар шийдэхээр төлөвлөсөн байна.  Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөнд дүгнэлт хийж, 2040 оны ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа утаа, түгжрэл зэрэг өнөөдөр үүссэн асуудал бүрийг цогцоор нь тусгаж, суурь судалгаанд үндэслэж өнөөгийн хүндрэлийг шийдэх, яам агентлагууд, төрийн бусад байгууллагууд, нийслэлтэй бодлогоо уялдуулж, өмнөх 30 жилд гаргасан алдааг дахиж давтахгүй байхад анхаарах ёстой гэдэгт штабын гишүүд санал нэгдлээ.Улаанбаатар хотын хөгжлийг уртаар төлөвлөхдөө Шуурхай штаб дээр яригдсан асуудал бүрийн уялдааг салбар бүрд хангаж, хамгийн гол нь олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаа оролцуулж чадвал хамгийн сайн төлөвлөгөө болдог олон улсын жишигтэй. Үүнийг заавал харгалзаж шийдвэр гаргах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чухалчлав. Олон улсын дүрмийн дагуу сонгон шалгаруулалтаа зарлаж, шинжээчдийн санал, дүгнэлтэд тулгуурлаж Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байгаа гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байв.Шуурхай штабын дөрвөн удаагийн хурлаас гаргасан шийдлүүд, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн асуудал бүрийн мониторингийг дараагийн хурлаар хэлэлцүүлэх, санхүү, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг тодорхой болгохыг Ерөнхий сайд холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.
2025/02/04
371
НИЙГЭМ
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд яаманд ажиллаж, үйлдвэрлэл, технологийн паркийн талаарх бодлогын хэрэгжилттэй танилцав
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд (2025.01.30) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ажиллаж, салбарын бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцлаа. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Ж.Золжаргал, Д.Жаргалсайхан, Г.Очирбат, С.Замира, Б.Пунсалмаа, Б.Тулга, Д.Пүрэвдаваа нар энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон тус яамны удирдах ажилтнууд, төрийн, хувийн, орон нутгийн үйлдвэрлэл, технологийн паркийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал солилцлоо.Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан төрөөс үйлдвэрлэл, технологийн паркийн талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн долоо нь тус яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарч буйг сайд танилцуулгадаа дурдаад, нүүрс-хими, кокс-химийн, гангийн болон зэс боловсруулах цогцолбор байгуулах байршлыг тогтоож, ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа талаар Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өглөө.Мөн уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэс ҮТП” компанийн хэрэгжүүлж буй төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн зургаан паркийг, хувийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Алтанширээт ҮТП”, орон нутгийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк болох барилгын материалын “Налайх ҮТП” компанийн төлөөллүүд тус тусын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцыг танилцуулав.Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин, Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, бодлогы хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан тодорхой саналуудыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчны зөрчилтэй байдлыг арилган, харилцан уялдаатай, нэгдсэн бодлого, чиглэлтэйгээр хөгжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтойг дурдаж, энэ чиглэлээр салбарын яам, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллий газраас мэдээлэв.
2025/02/03
241
НИЙГЭМ
'Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд' сэдэвт дөрөв дэх хэлэлцүүлэг боллоо
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс цуврал хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдвийн хүрээнд дөрөв дэх хэлэлцүүлэг  /2025.01.31/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд боллоо.Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал даргалсан. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгээс Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг хийх болсныг онцолсон.Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун Ж.Чинбүрэн, Б.Уянга нар болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох нийт 53 хүн оролцов.Ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд төлөвлөсөн гурван удаагийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсныг дурдаад хэлэлцүүлгийн гол ач холбогдол нь иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг төрийн байгууллага, салбарын яамдын асуудал хариуцсан удирдах албан тушаалтнуудтай уулзуулж, тэдний асуултад хариулж, үнэн зөв мэдээлэл өгүүлэхэд чиглэсэн гэлээ. Түүнчлэн, Ажлын хэсгээс дэд хэлэлцүүлгүүдийн үеэр иргэдийн саналыг сонсож, шийдэл хайхыг чухалчилсан тул энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, утаа бууруулах хүрээнд та бүхний оюун ухаанаа шингээсэн шийдлийг сонсохоор болсон. Оролцогчдын ярьсан санал, санаачилга бүхэн хэлэлцүүлгийн тэмдэглэлд үлдэхийн зэрэгцээ Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны эрдэмтдийн зөвлөлд хүргэнэ. Та бүхний санал санаачилгаас сонирхол татсан, гаргалгаатай, хэрэглэх боломжтой шийдлүүд байвал эрдэмтдийн зөвлөлөөс дуудаж уулзах чиглэлийг Ажлын хэсгээс өгнө гэдгийг онцлон тэмдэглэсэн.Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийсний дараа Улсын Их Хурлаас нотолгоо, судалгаатай хэрэгжих боломжтой асуудлаар Засгийн газарт тогтоолоор чиглэл өгөх тул хэлэлцүүлэгт оролцогчид саналаа бичгээр өгч болно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн  хэлж байлаа.Үргэлжлүүлэн хэлэлцүүлгийн даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хэлэлцүүлэг явуулах дэг, хөтөлбөрийг танилцуулсан.Хэлэлцүүлэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болох 27 хүн зуух, түлшний технологийн шийдлүүдийн хүрээн дэх танилцуулгаар үргэлжлэв. Оролцогчид дэлхий нийтээрээ шинэ хийн түлш рүү шилжиж буй энэ цаг  үед утааг бууруулах хүрээнд Монгол Улсад энэ чиглэлийн тусгай бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх, мөн хийн түлш рүү шилжихэд дэд бүтэц бэлэн буй талаар хөндөхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглан нарны илчийг дулаан, цахилгаан болгон хувиргах төхөөрөмжүүд, эрчим хүчний ногоон шилжилт, цахилгаан, дулаан хангамжийн тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, цэвэр нүүрс боловсруулахад чиглэсэн шийдлүүдээ танилцуулж байлаа. Мөн богино хугацаанд агаар, утааны бохирдлыг бууруулахад чиглэсэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эрчим хүч бага зарцуулдаг, хурдан халж, дулаан ялгаруулалт ихтэй халаагуур, кабель болон үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд түшиглэн сайжруулсан хатуу түлш, нано технологи ашиглан байшин, гэрийн цонх, шал, ханын дулаалгын  талаарх багаж, төхөөрөмж, технологийн шийдлүүдээ танилцуулж байв.Тухайлбал, Монгол Улсын зөвлөх инженер Д.Алта хийн түлшний технологийн чиг хандлагын талаарх танилцуулгадаа, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал асуудал нь хийн түлш гэдгийг тодотгож байлаа. Мөн тэрбээр, судалгаагаар Монгол Улс нийллэг буюу нүүрснээс гаргаж авдаг хий, шингэрүүлсэн нефтийн хий, байгалийн буюу метан хий зэрэг гурван янзын хийн түлш хэрэглэх магадлалтай. Шингэрүүлсэн нефтийн хийн салбар дэлхийд амжилттай байгаа ч үнэ ханш, импортоос хамаараад зах зээл нь хумигдмал. Харин байгалийн хий үйлдвэрлэх төслийн санаачилгууд гарч эхэлсэн ч манай улсын хувьд үүнийг импортоор авах ганц орон нь ОХУ. Тус улсаас байгалийн хий дамжин өнгөрүүлэх асуудлын цаана дэд бүтэц, эдийн засгийн үр ашиг хөндөгдөнө. Нүүрсний ордуудаас метан хий авах хайгуул, судалгааны ажил хийж байгаа. Таамаг нөөцөөрөө Монгол Улс боломжийн ч метан хийн нөөц олборлоод хэрэглэх хүртэл 5 жилийн хугацаа зарцуулна. Бидний гол асуудал нь байгалийн хий олборлох, эсвэл импортоор авсан ч хэрэглэгч бэлэн байх ёстой. Үүний тулд дэд бүтэц байгуулах нь чухал гэдгийг онцолж байлаа.Мөн “Экобрикет” ХХК-ийн зөвлөх инженер Ж.Батболд хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлгүй шахмал түлшний талаарх танилцуулгадаа хатуу түлш нь хүний эрүүл мэндэд хоргүй байх ёстойг тодотгоод энэ чиглэлд багагүй хугацаа зарцуулсан гэж байлаа. Тус компани 2004 оноос судалгааныхаа хүрээнд хагас кокс-үртэсний холимог болох био түлш, нүүрс, нүүрс-үртэсний холимог, дан үртсээр дөрвөн төрлийн шахмал түлш гаргасан байна. Эдгээр шахмал түлш угаарын хий гаргаж, хүний эрүүл мэнд амь насанд аюул учруулаагүй  гэдгийг онцолсон. Түүнчлэн био шахмал түлшний бүх үзүүлэлтүүд стандартын шаардлагыг хангасныг хөндлөнгийн олон улсын байгууллагуудын судалгаагаар тогтоосон. Тиймээс утаа бууруулах богино хугацааны арга хэмжээнд эл түлшийг хэрэглэхийг санал болгож  байна гэв.Мөн энэ үеэр Монгол Улсын зөвлөх инженер Ц.Бээжин “Гэр хорооллын хэсэгчилсэн дулаан хангамж”-ийг байгуулах талаар хөндөв. Гэр хорооллын дулаан хангамжийн үйлдвэрлэл, технологи, бүтээгдэхүүний туршилт, инновацын төвийг байгуулах шаардлагатайг дурдаад инновац, эрдэм шинжилгээ судалгааны төвд лабораторийн хагас үйлдвэрлэлийн хэрэглээний туршилт хийж байж аливаа шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл болоод хэрэглээнд нэвтрүүлдэг шинжлэх ухааны тогтсон аргачлал  байдаг хэмээн тайлбарлаж байлаа. Иймд туршилтын нэгдсэн төв байгуулан хэлэлцүүлэгт оролцож буй иргэн, аж ахуйн нэгж шинэ бүтээгдэхүүн шийдлүүдээ турших нь үр дүнд илүү хүрнэ гэдгийг хөндөн ярьсан.Түүнчлэн утаа бууруулах хамгийн энгийн шийдэл нь гэр, байшингаа дулаалахаас эхлэнэ гэдгийг зарим оролцогчид онцлоод энэ чиглэлээрх шийдлүүдээ танилцуулж байлаа.Илтгэл, танилцуулгатай холбогдуулан хөндлөнгийн судлаачийн саналыг сонссон. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Архетикторын тэнхимийн эрхлэгч, зөвлөх архетиктор Г.Цовоодаваа, агаарын чанарыг сайжруулж, утааг бууруулах чиглэлийн хэлэлцүүлэгт зуух, түлш сайжруулах талаар хөндөж буй нь өрөөсгөл буйг дурдаад барилгын дулаалгыг сайжруулах нь илүү сайн шийдэл юм болов уу гэв. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ нэлээдгүй байдаг тул цаашид нэгэнт барьсан байшин, барилгуудыг дулаалж, барилгын эрчим хүчийг хэмнэх, өндөр үр ашигтай болгох чиглэл рүү хандах шаардлагатай байгааг дурдсан. Үргэлжлүүлэн гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэлцүүлэгт оролцогчдын танилцуулсан технологийн шийдлүүдийг нэгтгэж, холбогдох төрийн байгууллага, удирдах албан тушаалтнуудад хүргэхэд онцгойлон анхаарч ажиллана гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулгад дурдсан технологийн шийдлүүдийг өрхийн хэрэглээ, үйлдвэрлэлийн түвшингөөр нь ангилахаас гадна хэрэглээний аюулгүй байдлын үзүүлэлт, үнэ өртөг, хүний биеийн чадамжид тааруулсан зэрэг ангиллыг саналдаа тусгавал хүмүүс шийдвэр гаргахад илүүтэй нөлөөлнө гэж байлаа.Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, энэ удаа илүү бодлогын, инновацын шинэ шийдлүүд ярьсан, ажил хэрэгч, үр өгөөжтэй хэлэлцүүлэг болсныг онцлон тэмдэглэв.Мөн тэрбээр, Монгол Улсын төр тулгамдсан асуудлаа шийдэх нь зүйтэй. Гэхдээ төр нь аль нэг технологийг олон нийт дээрээ туршдаг субъект биш бөгөөд, тийм ч байж болохгүйг тодотгосон. Өнөөдөр технологийн шийдлүүд нь эрсдэлгүй, эсвэл бага эрсдэлтэй нь батлагдсан инновацын шинэлэг санаа, шинэ технологийг бойжуулан туршиж, алхам алхмаар баталгаажуулаад, олон нийтэд нэвтрүүлдэг тогтолцоо ажиллахгүй байна. Иймд тэдгээр шилдэг, шинэ санаа, шийдлүүдийг төрийн зүгээс бойжуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд Ажлын хэсэг шинэ санаа, технологийн шийдлүүдийг дэмжихэд ажил хэрэгчээр хандан ажиллана гэдгийг хэлэлцүүлэг даргалагч Ж.Золжаргал гишүүн хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/02/03
247
НИЙГЭМ
Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Энэ хоёр системийн дагуу Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд хоёрдугаар сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой” гэв.Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулах юм.Ташрамд, автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм. 
2025/01/31
276
НИЙГЭМ
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт орууллаа. Уг захирамж хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.Тодруулбал, нийслэлд бүртгэлгүй орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд төлбөрөөс чөлөөлнө.Эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үүнийгээ нотолсон;Оршуулгын үйл ажиллагаанд оролцох шалтгаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт хуанлийн 14 хоногоос илүүгүй байрласан, үүнийгээ нотолсон;Хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр тээврийн хэрэгсэлд гэмтэл учирсан, үүнийгээ нотолсон;Онцгой байдлын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан, үүнийгээ нотолсон тохиолдолд 5000 төгрөгийн хураамж төлөхгүй.
2025/01/31
335
НИЙГЭМ
Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ-нд тусгах олон нийтийн санал авч байна
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар МЕТРО төслийн Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулахтай холбоотойгоор энэхүү судалгааг явуулж буй бөгөөд энэ нь зөвхөн судалгааны зорилгоор ашиглагдах болно. Таны санал уг ТЭЗҮ-д тусгагдах тул идэвхтэй оролцохыг уриалж байна.Та бүхэн доорх линкээр саналаа өгнө үү. https://forms.gle/wqj87KBXKY6B9WTr8НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2025/01/30
422
НИЙГЭМ
Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус төв нь хэвтэн эмчлүүлэх 25 ортой бөгөөд иргэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах боломжтой боллоо.Тодруулбал, БЗД-ийн 22 болон 33 дугаар хорооны нийт 7538 иргэн эрүүл мэндийн төвд хандсанаар дүрс оношилгоо, лаборатори болон шүдний эмчийн үзлэгт хамрагдах боломжтой юм. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга П.Эрхэмбулган “Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв 1961 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас 2023 онд шинэ төв барих ажлыг эхлүүлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Харин нийслэлээс энэ онд тус төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг шийдэж өгнө. Ингэснээр тус ЭМТ-ийн тусламж үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж, дөрөв дахин илүү хүчин чадалтайгаар ажиллах боломжтой болох юм” гэлээ.
2025/01/30
379
НИЙГЭМ
Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг зарлалаа
Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх ур чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилгоор “Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан 2025” тэмцээнийг нийслэлийн Бизнес, инновацын газар, Хүүхдийг Ивээх Сан болон “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран зохион байгуулах гэж байна.Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэн олон улсын уралдаанд оролцуулж байгаа юм. Энэ жил GYEC уралдааныг Монгол Улсын 21, нийслэлийн есөн дүүргийн 14-19 насны ахлах, дунд ангийн бүх сурагчдын дунд монгол, англи хэлний сонголттой зохион байгуулж буй. Тодруулбал, олон улсын тэмцээнд оролцох болон үндэсний уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, тус бүр гурван шилдэг багийг тодруулах юм. Иймд 14-19 насны ахлах, дунд ангийн шинийг санаачлагч залуус та бүхнийг уралдаанд оролцохыг урьж байна. Оролцогч баг 3-8 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд хоёрдугаар сарын 23-ны 23:00 цагаас өмнө https://forms.gle/g2GvVn3TzoWW8DwM6 холбоосоор бүртгүүлэх боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://savethechildren.mn/?p=20143&lang=mn&lang=mn холбоосоор танилцана уу.НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦЫН ГАЗАР
2025/01/30
259
НИЙГЭМ
'Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага' сэдэвт гурав дахь дэд хэлэлцүүлэг өндөрлөв
“Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг холбогдох байгууллагуудын илтгэлээр үргэлжилсэн.Тодруулбал, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүжилт, үр дүн” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, айл өрхүүд өвлийн улиралд 4.0 квт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх ажил, халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил, цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт, “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрлэл, хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмын хэрэгжилтийн үр дүнгээс дурдав.“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2019 онд айл өрхүүд өвлийн улиралд 4.0 кВт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэхэд улсын төсвийн 86.4 тэрбум төгрөгөөр хэт ачаалалтай байсан 309 дэд өртөөний трансформаторын чадлыг 28.1 МВт-аар нэмэгдүүлж, шинээр 246 дэд өртөө барьж 98.4 МВт-ын суурилагдсан чадлыг шинээр бий болгосон. Үүнд нийт 41.964 айл өрхийг хамруулсан гэв. Мөн холбогдох хөтөлбөр, тогтоолын хүрээнд 2017-2021 онд халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилд улсын төсвийн 43,590.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох 9 багц ажил, У-18 цэгээс 7и магистраль ДХ-7138 дугаар цэг хүртэл шинээр 2Ф700 мм голчтой дулааны шугам, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-иас Яармаг хүртэл дулааны 2Ф600 голчтой дулааны шугамыг өргөтгөж, шинэчилснээр 421 зуух буулгаж, 646 барилгыг төвлөрсөн дулаанд холбожээ.Түүнчлэн тус яамнаас хийж хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнд хэрэглэгчдийг 4кВт чадалтай халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлснээр гэр хорооллын айл өрхүүд өвлийн улиралд цахилгаан халаагуур ашиглах боломжтой болж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилж, сүлжээний горим ажиллагааг оновчтой болгосноор осол аваарь гарахаас урьдчилан сэргийлсэн байна. Мөн халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбосноор түүхий нүүрсний хэрэглээ 204.6 мянган тонноор, нүүрсхүчлийн хий 547.0 мянган тонноор  тус тус буурчээ. Хэрэглэгчийн шөнийн тарифыг хөнгөлснөөр гэр хорооллын айл өрх, иргэд цахилгаан халаагуур ашиглах санхүүгийн боломж бүрдсэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр, Улаанбаатар хотод түүхий нүүрс буюу түүхий нүүрс түлж байх үед 2016-2019 оны 12, 1 дүгээр саруудад тоосонцорын хэмжээ РМ2.5 142-201мкг/м3, РМ10 172-249 мкг/м3 байсан бол эл үзүүлэлт РМ2.5 98-114 мкг/м3, РМ10 116-164 мкг/м3 болж буурсан байна. Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг хэрэглэгч рүү чиглүүлэн илүү хүртээмжтэй байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулан, нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тарифыг нэмэгдүүлнэ. Ингэснээр иргэд өөрийн сэргээгдэх хэрэглээгээ хангахаас гадна, илүүдэл цахилгаанаа худалдан борлуулж, нэмэлт орлого олох боломжтой болно гэдгийг илтгэлд дурдсан байлаа.Дараа нь“Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа “Бодлого шийдвэр, санхүүжилт, зарцуулалт” сэдвээр илтгэл тавив.“Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” 18 дугаар тэмдэглэл, Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 23 дугаар тогтоолын хүрээнд тус компанийг үүсгэн байгуулсныг дурдаад 2018-2024 оны санхүүжилтийн талаар танилцуулав.Мөн тэрбээр тус компани 1 их наяд 765 тэрбум төгрөгийг зарцуулснаас 371.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 1 их наяд 394.1 тэрбум төгрөгийг шахмал түлшний үйлдвэрлэлд зарцуулсан гэлээ. Тус компани 2018-2024 оны байдлаар  нийт 1,4 их наяд төгрөгийг зарцуулж, 2 сая 770 орчим мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, 2 сая 710 орчим мянган тонныг хэрэглэгчдэд хүргэснийг дурдахын зэрэгцээ шахмал түлшийг 2024 онд 191175 сайн карт хэрэглэгч өрхүүдэд  616 цэгээр олгож байна гэж байлаа.Мөн тэрбээр илтгэлдээ, компанийн үйл ажиллагаанд Сангийн яам, татвар, гаалийн хяналт шалгалтын /2018-2022 он/ хүрээнд нийт 6 тэрбум 489.2 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоосныг 2023 онд 100 хувь төлж барагдуулсан гэв. Хэлэлцүүлэгт оролцогч иргэний нийгмийн байгууллага, иргэдийг төлөөлж нийт 32 хүн асуулт асууж, санал хэлэв. Иргэдийн зүгээс аливаа өртгийг өсгөхдөө валютын ханш, давагдашгүй хүчин зүйлээс хамааран 20 хувиас илүү нэмэгдүүлдэггүй атал эрчим хүчний үнийг 30-89 хүртлэх хувиар нэмэгдүүлсэн шалтгаан, агаарын бохирдлыг бууруулахад орон сууцжуулах асуудал чухал гэж байгаа ч орон сууцны үнэ 2024 оны байдлаар 16 хувиар нэмэгдсэн асуудалд салбарын яам, агентлаг бодлогын арга хэмжээ авах эсэх, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2017-2020 оны үйл ажиллагааны гүйцэтгэл нь аудитын тайлангаар 33 хувьтай гарсан шалтгааны талаар тодруулж байлаа.Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх хариултдаа, Эрчим хүчний үнэ, тарифыг нэмэгдүүлсэн шалтгаан нь эрчим хүчээ алдагдалтай үнээр борлуулж ирсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, өртгөөс нь бага үнээр борлуулснаар тус салбар алдагдалд орсон гэв. Мөн тэрбээр эрчим хүчний үнийг 2024 оны 11 дүгээр сараас нэмэгдүүлж, хэрэглэгчийн үнийг дунджаар 30 хувиар, ахуйн хэрэглэгчид өөр үнийн тарифтай байгаа. Ахуйн хэрэглэгчийн 100 кВт цаг хүртлэх нэг сард хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг 30 хувиар, 150-300 кВт цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны үнийг  60 хувь, 300 кВт цагаас дээш хэрэглэсэн бол үнийг 89 хувиар нэмэгдүүлсэн хэмээв. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, “Орон сууцны үнэ зах зээлийн зарчмаар шийдэгдэнэ. Нийслэлийн зүгээс орон сууцжуулах хөтөлбөр, дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны дундаж үнийг барьж байгаа гэх тайлбарыг өгсөн. Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариултдаа, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны аудитын тайлан сайн болсон. Гүйцэтгэл хангалтгүй байгаа шалтгаан нь улсын төсөв батлахдаа утаа бууруулах арга хэмжээндээ хөрөнгө төсөвлөдөггүй, эл асуудлыг дэмждэггүйтэй холбоотой. Тухайлбал, салбарын яам аймаг бүрд агаарын чанарыг хэмжих автомат багаж авах хөрөнгийг төсөвт суулгаагүй. Энэ жилийн тухайд Монгол орны хэмжээнд орчны бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээнд нийтдээ 9.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, төсөв бага учраас түүндээ таарсан өнөө маргаашаа аргацаасан аргуудыг авч хэрэгжүүлсээр ирсэн гэж байв.Хэлэлцүүлэгт оролцогчид эрчим хүчний өдөр, шөнийн тарифын тооцооллоо бүрэн зөв хийхгүй байгааг эргэн харах, улмаар цахилгааныг задгайгаар бичүүлдэг айлуудад хяналт тавьж, тооллууржуулахад анхаарах, улмаар эрчим хүчний тог, цахилгааны холболт шугам сүлжээнд стандартыг мөрдүүлэхэд хяналт тавьж, гал гарахаас сэргийлэх, илтгэлд дурдагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр салбар бүрийн төсвийн тоон мэдээллийг нэгтгэж, Засгийн газраас 2004-2024 оны хугацаанд нийт хэчнээн төгрөг зарцуулсан талаар нэгдсэн мэдээлэл өгөх шаардлагатай талаар санал хэлж байв. Түүнчлэн Агаарын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуульд агаарын бохирдлын эсрэг юу хийх ёстойг тодорхой заасан байдаг ч хэрэгжилтийг хангуулах асуудалд Улсын Их Хурлаас Засгийн газарт чиглэл өгч ажиллах шаардлагатай талаар дурдахын зэрэгцээ Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог салбарын яам бус салбар дундын уялдааг хангаж чадах Ерөнхий сайд, Шадар сайдаар ахлуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ илтгэлд дурдагдсан төрийн байгууллагуудын тоон мэдээлэл зөрүүтэй байгааг онцгойлон анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Сангийн яамны танилцуулсан илтгэлд дурдсан улсын төсөв, гадаадын зээл тусламж, Цэвэр агаарын сангийн тоон мэдээллийг нэгтгэвэл  1 их наяд төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд 1 их наяд төгрөг, нийт 2 их наяд төгрөгийг зарцуулсан байгаа нь богино хугацааны арга хэмжээнүүд үр дүн муутай байгааг харуулж байгааг дурдаад цаашид агаарын бохирдлыг бууруулахад урт хугацаанд чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай гэж байлаа.Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5.6-д Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Байгаль орчин, уур амьсгалын санд төлнө гэж заасны хэрэгжилт болон орлого төвлөрүүлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Эрчим хүчний яамны илтгэлд дурдсан тоосонцор, хүхрийн хүчил зэрэг агаарын чанарын индексийн үзүүлэлтүүд буурсан нь бодитой эсэх, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг өндөр хувиар нэмэгдүүлсэн хэдий ч аж ахуйн нэгжүүдэд  төрийн зүгээс бодлогын ямар дэмжлэг үзүүлэх талаар тодруулсан.Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсний хүрээнд зохион байгуулсан “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт дэд хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулсныг дурдлаа.Мөн эдгээр цуврал хэлэлцүүлэг, Ерөнхий хяналтын сонсголоор бид урт, дунд, богино хугацаанд гарах үр дүнг зөв тодорхойлсноор утааны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэв.Өнгөрсөн 25 жилийн турш утаа, агаарын бохирдлын талаар ярьж эхэлсэн ч жилээс жилд утаа нэмэгдэж, хоруу чанар нь  ихэссэн гашуун түүхээс сургамж авах цаг болжээ. Утаа нь гамшгийн хэмжээнд хүрч, Монгол Улсын иргэн Б.Мөнгөнхишигийн санаачилгаар 70 мянга гаруй иргэд гарын үсэг зурснаар өнөөдөр гурван дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж, улмаар Ерөнхий хяналтын сонсголоо хийхээр болсон. Шаардлагатай бол түр хороо байгуулах асуудлыг ажлын хэсгийн хүрээнд ярилцана гэдгийг мэдэгдлээ.Эдгээр дэд хэлэлцүүлэг, ерөнхий хяналтын сонсгол хийсний маргаашаас утаа арилахгүй нь тодорхой ч ерөнхий хяналтын сонсголоос гарах шийдвэр нь агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах шийдлийг иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч гаргах зайлшгүй том зорилго, том сорилт биднийг хүлээж байна гэдгийг хуралдаан даргалагч Б.Баярбаатар гишүүн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/01/30
353
НИЙГЭМ
Х.Нямбаатар: Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард дуусна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Төслийн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зургийг боловсруулж байгаа юм. Тодруулбал, хөнгөн галт тэрэг буюу трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөсөн. Эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн авто зам, 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүрнэ. Трамвайн хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл зуслангийн бүсийг хотын төвтэй холбоно. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар трамвайны нэг, хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард гарна. Хоёрдугаар шугамын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хийж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сард батлуулсан. Энэ хуультай холбоотойгоор Газрын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд орсон. Хуулийн хүрээнд нөлөөлөлд өртсөн айлуудын 70 хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай жишиг үнээр газар чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүтээн байгуулалттай холбоотой газрыг маргааныг таслан зохицуулж байна” хэмээв.Трамвай нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг бүрдүүлсэн нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой. Дундаж хурд нь 30 км/цаг, дээд хурд 60 км/цаг байна. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлнэ.Түүнчлэн трамвайн эхний шугам Энхтайваны гүүрээр дамжих учраас гүүрийг хүчитгэх, явган замыг өргөтгөн, сайжруулах ажлууд хийгдэнэ. Гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд Гурвалжингийн гүүрийг мөн хүчитгэн бэхжүүлнэ. Олон төрөлт тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийн тулд Улаанбаатар хотод үл огтлолцох олон түвшний авто замуудыг түлхүү барих юм.
2025/01/29
309
НИЙГЭМ
'Амар байна уу 2025' үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдрийг дуустал өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд болно. Энэ талаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчилсэн. Нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хииж, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан. “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийн 50 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хотын А бүсэд түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож байна” гэв.Үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулах соёл, урлагийн үйл ажиллагааны талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Соёл, урлагийн газар болон нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулан оролцдог уламжлалтай. Энэ жилийн хувьд нийслэлийн харьяа соёл, урлагийн 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч өдөр бүр уран бүтээлээ толилуулах юм” гэлээ. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хэв журмын хэлтсийн дарга Л.Амармөрөн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд тодорхой үүрэг хүлээсэн байх шаардлагатай. Үүний дагуу үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдтэй уулзан, мэдээллээр хангах, камерын хяналтыг шалгах зэрэг бэлтгэл ажлыг хийж байна. Мөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хугацаанд манай байгууллагаас хэв журам сахиулах эргүүл ажиллуулна. Нэмэлтээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүхий л төрлийн сувгаар дамжуулан хүргэхээр төлөвлөсөн” хэмээв. Сар шинийн баярыг угтаж монголчууд 1.3 их наяд төгрөгийг худалдан авалтад зарцуулдаг бөгөөд 70 гаруй хувийг нь импортын гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна. Тус худалдааны эргэлтийг дотооддоо үлдээх, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, орон нутаг болон нийслэлийн ЖДҮҮ эрхлэгч хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, кластер хөгжлийг дэмжих замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулдаг гэдгийг мөн тодотгож байлаа. 
2025/01/29
279
НИЙГЭМ
Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг зургаадугаар сард боловсруулж дуусна
Урьдчилсан байдлаар дөрвөн эгнээ бүхий нийт 58.8 км урт үргэлжлэх Шинэ тойрог замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар төлөвлөсөн. Тус төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгараад байна. Хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны замын урьдчилсан трасс гарсан, шинээр барих авто зам, гүүрэн байгууламжууд тойрог замтай холбогдоно. Тойрог замын төгсгөлөөс зогсохгүйгээр буюу гэрлэн дохиогүй зорчиж баруун талдаа Нисэхийн хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Төв аймаг руу туннелээр холбогдоно. Зургаадугаар сард тойрог хурдны замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэнэ” гэлээ.Туулын хурдны зам болон Шинэ тойрог замыг барьснаар дараах үр дүн гарна хэмээн тооцсон байна.Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Бид нийслэлийн хөндлөн чиглэлд зургаан байршилд тооллого хийсэн. Баруунаас зүүн чиглэлийг хэмжихэд сургууль амарсан үед ойролцоогоор 1-1 цаг 30 минут, хичээл орж байгаа үед 2-3 цагийн хугацаанд нийслэлийн баруунаас зүүн чиглэлд зорчиж байна. Тэгвэл Туулын хурдны зам баригдсанаар баруунаас зүүн чиглэлийг 20-30 минутад буюу дунджаар 25 минутад туулах тооцоолол гарсан. Туулын хурдны зам дангаараа ашиглалтад ороход замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна. Замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурах нь хүмүүст яаж мэдрэгдэх вэ гэхээр иргэд хөдөө орон нутаг руу гарсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрсэн зуны улиралтай адил мэдрэгдэнэ. Тойрог хурдны замын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг дайран өнгөрөх хэсгүүд дээр хамгийн их ачаалал авч, түгжрэлийн дундаж хурд 28-30 км/цаг руу ойртоно” гэж тайлбарлалаа.Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол Туулын хурдны зам, Шинэ тойрог замыг барьснаар дундаж хурд 2-3 дахин нэмэгдэх юм. Энэ нь дэлхийн дундаж хотуудын хамгийн боломжит хурд болохыг онцоллоо.
2025/01/29
314
НИЙГЭМ
Электрон тамхитай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ
“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжлэн  /2024.01.28/ өндөрлөлөө.Өнөөдрийн үдээс хойших хэлэлцүүлгээр “Электрон тамхитай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр олон улсын туршлага, мэдээллийг солилцов.Тодруулбал, электрон тамхины талаарх сүүлийн үеийн баримтууд болон ДЭМБ-ын зөвлөмжийг ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын Тамхины хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн Рэнти Фэеокүн танилцууллаа. Тэрбээр, электрон тамхийг тоглоом, уруулын будаг, үзэг, цагны гэх зэргээр дурын хэлбэр дүрстэйгээр, олон төрлөөр, үнэр, амтны өргөн сонголттойгоор үйлдвэрлэж, худалдаалах болсон нь хүүхдийн сонирхлыг ихэд татаж байна. Үүний зэрэгцээ эцэг, эх, асран хамгаалагчдаас нуух боломжийг олгож байгаа гэлээ. Бүтээгдэхүүнд никотины агууламж байхгүй гэх хэдий ч энэ нь ташаа мэдээлэл юм байна. Уушги, тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, донтолт үүсгэдэг талаар хэллээ. Мөн зарим улс оронд электрон тамхи оруулж ирэхийг зөвшөөрдөг ч маш нарийн зохицуулалттай худалдаалдаг бөгөөд ДЭМБ улс орнуудад хориглох зөвлөмж өгдөг гэлээ.Үүний дараа дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж буй электрон тамхины зохицуулалтын арга, хэлбэрийн харьцуулалтын талаар Хууль ба хорт хавдрын чиглэлээрх Австралийн Маккейбын Төвийн захирал Хэйли Жонс болон Азийн бүс хариуцсан менежер Ма-Энн Розейли нар мэдээлэл танилцуулав.Тэд залуусыг тамхинд донтохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг Маккейбын Төвийн үйл ажиллагааны талаар танилцуулсан. Ялангуяа электрон тамхийг сурталчлахгүй байх, хэрэв нэвтрүүлэхийг хориглосон бол чанга зохицуулалт хийх ёстой талаар ярив.Хэлэлцүүлэг үргэлжлэн электрон тамхины зохицуулалт, түүний хэрэгжилтийн талаарх Австрали Улсын туршлагыг танилцуулсан. Тус улсын Эрүүл мэндийн яамны Зохицуулалт, дэмжлэгийн хэлтсийн нэгдүгээр туслах, нарийн бичгийн дарга Крис Бэдфорд мэдээллээ хуваалцлаа. Австрали Улсын Эрүүл мэндийн сайд 2023 онд хийсэн мэдэгдэлдээ электрон тамхи нь никотины өндөр агууламжтай болохыг тодотгон хэлсэн байна. Түүний дараа 2024 оны нэгдүгээр сараас тус улс никотины агууламжтай эсэхээс үл хамааран дотооддоо үйлдвэрлэхийг хоригложээ.Дээрх мэдээлэл, танилцуулгуудтай холбогдуулан хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид асуулт асууж, холбогдох мэргэжилтнүүд, мэдээлэл танилцуулсан мэргэжилтүүдээс хариулт, тайлбар авсан юм.УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлгийн хугацаанд хангалттай их мэдээлэл авлаа. Туршлага хуваалцсан оролцогч, төлөөллүүдэд баярлалаа. Хамтын хүч чухал учир энэ талаарх зөв зохицуулалт бүхий эрх зүйн орчин бүрдүүлэхэд олон нийтийн зөвшилцөл, дэмжлэг нэн чухал” гэдгийг онцлон хэллээ.УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг “Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөр тамхины татварын бодлогыг шинэчлэх, Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулагдаагүй электрон тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, дотоод орчны тамхины тусгай цэгүүд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд тавих хяналт, хариуцлагыг оновчтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын байгууллага болон бусад орны шилдэг туршлагаас сонсож, харилцан санал солилцлоо. Тус арга хэмжээний эхний өдөр бодлогын өөрчлөлт хийх, тамхины хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн бол хоёр дахь өдөр тамхины хяналтын үр дүнтэй бодлогыг тодорхойлоход шаардлагатай стратегийг боловсруулах чиглэлээр мэдээлэл солилцлоо. Бүх оролцогчдод баярлалаа” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 
2025/01/29
303
НИЙГЭМ
Угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрхөд зөвлөгөө, мэдээлэл өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл болон Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцлээ.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ сарын 18,19-нд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар мэдээлэл өгөв.Тэрбээр “Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын судалгаагаар 61.576  айл уламжлалт зуух, 57.167 айл төслийн зуух, 11.767 нам даралтын ашиглаж байна. Мөн угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрх, угаар мэдрэгчийн ажиллагаа хэвийн бус 4713 өрх, зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 өрх, төслийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан 7383 өрх байна. Халаалтын зуухнаас гадна цахилгаан халаалт бүхий 11.767 айл өрх, 3-15квт хүчин чадлын зуух ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 12.673 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байв. Уг хяналт шалгалтын үр дүнд айл өрхүүдийн кординат бүхий зуухны нэгдсэн мэдээллийг боловсруулж,  цахим мэдээллийн сан үүсгэнэ” гэдгийг хэллээ.Хяналт шалгалтаар иргэн аж ахуй нэгж байгууллагад дараах нийтлэг зөрчил гарсан байна. Үүнд:Үнс, нүүрсний агуулах задгай, галд тэсвэргүй материалаар хийгдсэн байгаа нь галын эрсдэл үүсгэх, салхиар зөөгдөн тархаж орчинд тоосжилт үүсгэх,Зуухны паспорт бүртгэлжүүлэлт хангалтгүй,Хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаясан,Халаалтын зуухны шүүлтүүрийн ажиллагаа хэвийн бус, зориулалтын шүүлтүүрээр тоноглоогүй,Зуух яндангийн битүүмж муу, галын хотол элэгдсэн зэрэг зөрчил илэрсэн байна. 
2025/01/28
296
НИЙГЭМ
Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өчигдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны зам болох юм.Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “2024 оны байдлаар нийслэлчүүд бид түгжрэлд цаг хугацаа, шатахуун зэрэгт нийт 900 сая орчим ам.доллар зарцуулжээ. Энэ байдлаар явбал 2030 онд нэг тэрбум ам.доллар давахаар байна. Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол 2030 онд 5-9 км/цагт хүрэх юм. Тиймээс энэ оноос эхлэн нийслэл хоёрдугаар түвшний замуудаа барина. Үүний нэг болох хот доторх анхны хурдны замын тендерийг өнөөдөр зарлаж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан. Тус замыг барихад трасст 36 нэгж талбар өртөж  байгаа учраас “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулийн дагуу газар чөлөөлөлтийг зохион байгуулж, нөхөн олговор болон газар дүйцүүлж олгоно. Туулын хурдны замтай дараа, дараагийн хоёрдугаар түвшний замууд огтлолцох юм. Тус хурдны замыг барихдаа ямар ч зам, гүүр хаахгүй” гэв. 
2025/01/28
378