НИЙГЭМ
НИЙГЭМ
Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг зарлалаа
Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх ур чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилгоор “Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан 2025” тэмцээнийг нийслэлийн Бизнес, инновацын газар, Хүүхдийг Ивээх Сан болон “Хөгжлийн шийдэл” ТББ хамтран зохион байгуулах гэж байна.Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг 2017 оноос Монгол Улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэн олон улсын уралдаанд оролцуулж байгаа юм. Энэ жил GYEC уралдааныг Монгол Улсын 21, нийслэлийн есөн дүүргийн 14-19 насны ахлах, дунд ангийн бүх сурагчдын дунд монгол, англи хэлний сонголттой зохион байгуулж буй. Тодруулбал, олон улсын тэмцээнд оролцох болон үндэсний уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, тус бүр гурван шилдэг багийг тодруулах юм. Иймд 14-19 насны ахлах, дунд ангийн шинийг санаачлагч залуус та бүхнийг уралдаанд оролцохыг урьж байна. Оролцогч баг 3-8 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд хоёрдугаар сарын 23-ны 23:00 цагаас өмнө https://forms.gle/g2GvVn3TzoWW8DwM6 холбоосоор бүртгүүлэх боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://savethechildren.mn/?p=20143&lang=mn&lang=mn холбоосоор танилцана уу.НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ИННОВАЦЫН ГАЗАР
2025/01/30
296
НИЙГЭМ
'Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага' сэдэвт гурав дахь дэд хэлэлцүүлэг өндөрлөв
“Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг холбогдох байгууллагуудын илтгэлээр үргэлжилсэн.Тодруулбал, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүжилт, үр дүн” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, айл өрхүүд өвлийн улиралд 4.0 квт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх ажил, халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил, цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт, “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрлэл, хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмын хэрэгжилтийн үр дүнгээс дурдав.“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2019 онд айл өрхүүд өвлийн улиралд 4.0 кВт цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэхэд улсын төсвийн 86.4 тэрбум төгрөгөөр хэт ачаалалтай байсан 309 дэд өртөөний трансформаторын чадлыг 28.1 МВт-аар нэмэгдүүлж, шинээр 246 дэд өртөө барьж 98.4 МВт-ын суурилагдсан чадлыг шинээр бий болгосон. Үүнд нийт 41.964 айл өрхийг хамруулсан гэв. Мөн холбогдох хөтөлбөр, тогтоолын хүрээнд 2017-2021 онд халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажилд улсын төсвийн 43,590.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох 9 багц ажил, У-18 цэгээс 7и магистраль ДХ-7138 дугаар цэг хүртэл шинээр 2Ф700 мм голчтой дулааны шугам, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-иас Яармаг хүртэл дулааны 2Ф600 голчтой дулааны шугамыг өргөтгөж, шинэчилснээр 421 зуух буулгаж, 646 барилгыг төвлөрсөн дулаанд холбожээ.Түүнчлэн тус яамнаас хийж хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнд хэрэглэгчдийг 4кВт чадалтай халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлснээр гэр хорооллын айл өрхүүд өвлийн улиралд цахилгаан халаагуур ашиглах боломжтой болж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдал дээшилж, сүлжээний горим ажиллагааг оновчтой болгосноор осол аваарь гарахаас урьдчилан сэргийлсэн байна. Мөн халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбосноор түүхий нүүрсний хэрэглээ 204.6 мянган тонноор, нүүрсхүчлийн хий 547.0 мянган тонноор тус тус буурчээ. Хэрэглэгчийн шөнийн тарифыг хөнгөлснөөр гэр хорооллын айл өрх, иргэд цахилгаан халаагуур ашиглах санхүүгийн боломж бүрдсэн. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр, Улаанбаатар хотод түүхий нүүрс буюу түүхий нүүрс түлж байх үед 2016-2019 оны 12, 1 дүгээр саруудад тоосонцорын хэмжээ РМ2.5 142-201мкг/м3, РМ10 172-249 мкг/м3 байсан бол эл үзүүлэлт РМ2.5 98-114 мкг/м3, РМ10 116-164 мкг/м3 болж буурсан байна. Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг хэрэглэгч рүү чиглүүлэн илүү хүртээмжтэй байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулан, нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тарифыг нэмэгдүүлнэ. Ингэснээр иргэд өөрийн сэргээгдэх хэрэглээгээ хангахаас гадна, илүүдэл цахилгаанаа худалдан борлуулж, нэмэлт орлого олох боломжтой болно гэдгийг илтгэлд дурдсан байлаа.Дараа нь“Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа “Бодлого шийдвэр, санхүүжилт, зарцуулалт” сэдвээр илтгэл тавив.“Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” 18 дугаар тэмдэглэл, Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 23 дугаар тогтоолын хүрээнд тус компанийг үүсгэн байгуулсныг дурдаад 2018-2024 оны санхүүжилтийн талаар танилцуулав.Мөн тэрбээр тус компани 1 их наяд 765 тэрбум төгрөгийг зарцуулснаас 371.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад, 1 их наяд 394.1 тэрбум төгрөгийг шахмал түлшний үйлдвэрлэлд зарцуулсан гэлээ. Тус компани 2018-2024 оны байдлаар нийт 1,4 их наяд төгрөгийг зарцуулж, 2 сая 770 орчим мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, 2 сая 710 орчим мянган тонныг хэрэглэгчдэд хүргэснийг дурдахын зэрэгцээ шахмал түлшийг 2024 онд 191175 сайн карт хэрэглэгч өрхүүдэд 616 цэгээр олгож байна гэж байлаа.Мөн тэрбээр илтгэлдээ, компанийн үйл ажиллагаанд Сангийн яам, татвар, гаалийн хяналт шалгалтын /2018-2022 он/ хүрээнд нийт 6 тэрбум 489.2 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоосныг 2023 онд 100 хувь төлж барагдуулсан гэв. Хэлэлцүүлэгт оролцогч иргэний нийгмийн байгууллага, иргэдийг төлөөлж нийт 32 хүн асуулт асууж, санал хэлэв. Иргэдийн зүгээс аливаа өртгийг өсгөхдөө валютын ханш, давагдашгүй хүчин зүйлээс хамааран 20 хувиас илүү нэмэгдүүлдэггүй атал эрчим хүчний үнийг 30-89 хүртлэх хувиар нэмэгдүүлсэн шалтгаан, агаарын бохирдлыг бууруулахад орон сууцжуулах асуудал чухал гэж байгаа ч орон сууцны үнэ 2024 оны байдлаар 16 хувиар нэмэгдсэн асуудалд салбарын яам, агентлаг бодлогын арга хэмжээ авах эсэх, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2017-2020 оны үйл ажиллагааны гүйцэтгэл нь аудитын тайлангаар 33 хувьтай гарсан шалтгааны талаар тодруулж байлаа.Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх хариултдаа, Эрчим хүчний үнэ, тарифыг нэмэгдүүлсэн шалтгаан нь эрчим хүчээ алдагдалтай үнээр борлуулж ирсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, өртгөөс нь бага үнээр борлуулснаар тус салбар алдагдалд орсон гэв. Мөн тэрбээр эрчим хүчний үнийг 2024 оны 11 дүгээр сараас нэмэгдүүлж, хэрэглэгчийн үнийг дунджаар 30 хувиар, ахуйн хэрэглэгчид өөр үнийн тарифтай байгаа. Ахуйн хэрэглэгчийн 100 кВт цаг хүртлэх нэг сард хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг 30 хувиар, 150-300 кВт цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны үнийг 60 хувь, 300 кВт цагаас дээш хэрэглэсэн бол үнийг 89 хувиар нэмэгдүүлсэн хэмээв. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, “Орон сууцны үнэ зах зээлийн зарчмаар шийдэгдэнэ. Нийслэлийн зүгээс орон сууцжуулах хөтөлбөр, дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны дундаж үнийг барьж байгаа гэх тайлбарыг өгсөн. Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариултдаа, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны аудитын тайлан сайн болсон. Гүйцэтгэл хангалтгүй байгаа шалтгаан нь улсын төсөв батлахдаа утаа бууруулах арга хэмжээндээ хөрөнгө төсөвлөдөггүй, эл асуудлыг дэмждэггүйтэй холбоотой. Тухайлбал, салбарын яам аймаг бүрд агаарын чанарыг хэмжих автомат багаж авах хөрөнгийг төсөвт суулгаагүй. Энэ жилийн тухайд Монгол орны хэмжээнд орчны бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээнд нийтдээ 9.3 тэрбум төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, төсөв бага учраас түүндээ таарсан өнөө маргаашаа аргацаасан аргуудыг авч хэрэгжүүлсээр ирсэн гэж байв.Хэлэлцүүлэгт оролцогчид эрчим хүчний өдөр, шөнийн тарифын тооцооллоо бүрэн зөв хийхгүй байгааг эргэн харах, улмаар цахилгааныг задгайгаар бичүүлдэг айлуудад хяналт тавьж, тооллууржуулахад анхаарах, улмаар эрчим хүчний тог, цахилгааны холболт шугам сүлжээнд стандартыг мөрдүүлэхэд хяналт тавьж, гал гарахаас сэргийлэх, илтгэлд дурдагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр салбар бүрийн төсвийн тоон мэдээллийг нэгтгэж, Засгийн газраас 2004-2024 оны хугацаанд нийт хэчнээн төгрөг зарцуулсан талаар нэгдсэн мэдээлэл өгөх шаардлагатай талаар санал хэлж байв. Түүнчлэн Агаарын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуульд агаарын бохирдлын эсрэг юу хийх ёстойг тодорхой заасан байдаг ч хэрэгжилтийг хангуулах асуудалд Улсын Их Хурлаас Засгийн газарт чиглэл өгч ажиллах шаардлагатай талаар дурдахын зэрэгцээ Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог салбарын яам бус салбар дундын уялдааг хангаж чадах Ерөнхий сайд, Шадар сайдаар ахлуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ илтгэлд дурдагдсан төрийн байгууллагуудын тоон мэдээлэл зөрүүтэй байгааг онцгойлон анхааруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Сангийн яамны танилцуулсан илтгэлд дурдсан улсын төсөв, гадаадын зээл тусламж, Цэвэр агаарын сангийн тоон мэдээллийг нэгтгэвэл 1 их наяд төгрөг, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд 1 их наяд төгрөг, нийт 2 их наяд төгрөгийг зарцуулсан байгаа нь богино хугацааны арга хэмжээнүүд үр дүн муутай байгааг харуулж байгааг дурдаад цаашид агаарын бохирдлыг бууруулахад урт хугацаанд чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай гэж байлаа.Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 5.6-д Агаарын бохирдлын нөхөн төлбөрийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Байгаль орчин, уур амьсгалын санд төлнө гэж заасны хэрэгжилт болон орлого төвлөрүүлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Эрчим хүчний яамны илтгэлд дурдсан тоосонцор, хүхрийн хүчил зэрэг агаарын чанарын индексийн үзүүлэлтүүд буурсан нь бодитой эсэх, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун аж ахуйн нэгжийн цахилгааны үнийг өндөр хувиар нэмэгдүүлсэн хэдий ч аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс бодлогын ямар дэмжлэг үзүүлэх талаар тодруулсан.Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсний хүрээнд зохион байгуулсан “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт дэд хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулсныг дурдлаа.Мөн эдгээр цуврал хэлэлцүүлэг, Ерөнхий хяналтын сонсголоор бид урт, дунд, богино хугацаанд гарах үр дүнг зөв тодорхойлсноор утааны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэв.Өнгөрсөн 25 жилийн турш утаа, агаарын бохирдлын талаар ярьж эхэлсэн ч жилээс жилд утаа нэмэгдэж, хоруу чанар нь ихэссэн гашуун түүхээс сургамж авах цаг болжээ. Утаа нь гамшгийн хэмжээнд хүрч, Монгол Улсын иргэн Б.Мөнгөнхишигийн санаачилгаар 70 мянга гаруй иргэд гарын үсэг зурснаар өнөөдөр гурван дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж, улмаар Ерөнхий хяналтын сонсголоо хийхээр болсон. Шаардлагатай бол түр хороо байгуулах асуудлыг ажлын хэсгийн хүрээнд ярилцана гэдгийг мэдэгдлээ.Эдгээр дэд хэлэлцүүлэг, ерөнхий хяналтын сонсгол хийсний маргаашаас утаа арилахгүй нь тодорхой ч ерөнхий хяналтын сонсголоос гарах шийдвэр нь агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах шийдлийг иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч гаргах зайлшгүй том зорилго, том сорилт биднийг хүлээж байна гэдгийг хуралдаан даргалагч Б.Баярбаатар гишүүн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/01/30
386
НИЙГЭМ
Х.Нямбаатар: Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард дуусна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Төслийн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зургийг боловсруулж байгаа юм. Тодруулбал, хөнгөн галт тэрэг буюу трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөсөн. Эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн авто зам, 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүрнэ. Трамвайн хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Зунжин хүртэл зуслангийн бүсийг хотын төвтэй холбоно. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар трамвайны нэг, хоёрдугаар шугамын ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард гарна. Хоёрдугаар шугамын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хийж байна. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны арванхоёрдугаар сард батлуулсан. Энэ хуультай холбоотойгоор Газрын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд орсон. Хуулийн хүрээнд нөлөөлөлд өртсөн айлуудын 70 хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай жишиг үнээр газар чөлөөлөх эрх зүйн зохицуулалт хэрэгжиж байна. Ингэснээр Улаанбаатар хотод бүтээн байгуулалттай холбоотой газрыг маргааныг таслан зохицуулж байна” хэмээв.Трамвай нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг бүрдүүлсэн нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой. Дундаж хурд нь 30 км/цаг, дээд хурд 60 км/цаг байна. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлнэ.Түүнчлэн трамвайн эхний шугам Энхтайваны гүүрээр дамжих учраас гүүрийг хүчитгэх, явган замыг өргөтгөн, сайжруулах ажлууд хийгдэнэ. Гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд Гурвалжингийн гүүрийг мөн хүчитгэн бэхжүүлнэ. Олон төрөлт тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийн тулд Улаанбаатар хотод үл огтлолцох олон түвшний авто замуудыг түлхүү барих юм.
2025/01/29
341
НИЙГЭМ
'Амар байна уу 2025' үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдрийг дуустал өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд болно. Энэ талаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Д.Ундармаа “Өнгөрсөн жил тус арга хэмжээний үеэр 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчилсэн. Нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хииж, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан. “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийн 50 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хотын А бүсэд түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр хүргэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг иргэддээ олгож байна” гэв.Үзэсгэлэн худалдааны үеэр зохион байгуулах соёл, урлагийн үйл ажиллагааны талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийслэлийн Соёл, урлагийн газар болон нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулан оролцдог уламжлалтай. Энэ жилийн хувьд нийслэлийн харьяа соёл, урлагийн 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч өдөр бүр уран бүтээлээ толилуулах юм” гэлээ. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хэв журмын хэлтсийн дарга Л.Амармөрөн “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагууд тодорхой үүрэг хүлээсэн байх шаардлагатай. Үүний дагуу үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүдтэй уулзан, мэдээллээр хангах, камерын хяналтыг шалгах зэрэг бэлтгэл ажлыг хийж байна. Мөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хугацаанд манай байгууллагаас хэв журам сахиулах эргүүл ажиллуулна. Нэмэлтээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүхий л төрлийн сувгаар дамжуулан хүргэхээр төлөвлөсөн” хэмээв. Сар шинийн баярыг угтаж монголчууд 1.3 их наяд төгрөгийг худалдан авалтад зарцуулдаг бөгөөд 70 гаруй хувийг нь импортын гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна. Тус худалдааны эргэлтийг дотооддоо үлдээх, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, орон нутаг болон нийслэлийн ЖДҮҮ эрхлэгч хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, кластер хөгжлийг дэмжих замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулдаг гэдгийг мөн тодотгож байлаа.
2025/01/29
329
НИЙГЭМ
Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг зургаадугаар сард боловсруулж дуусна
Урьдчилсан байдлаар дөрвөн эгнээ бүхий нийт 58.8 км урт үргэлжлэх Шинэ тойрог замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар төлөвлөсөн. Тус төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгараад байна. Хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны замын урьдчилсан трасс гарсан, шинээр барих авто зам, гүүрэн байгууламжууд тойрог замтай холбогдоно. Тойрог замын төгсгөлөөс зогсохгүйгээр буюу гэрлэн дохиогүй зорчиж баруун талдаа Нисэхийн хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Төв аймаг руу туннелээр холбогдоно. Зургаадугаар сард тойрог хурдны замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэнэ” гэлээ.Туулын хурдны зам болон Шинэ тойрог замыг барьснаар дараах үр дүн гарна хэмээн тооцсон байна.Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Бид нийслэлийн хөндлөн чиглэлд зургаан байршилд тооллого хийсэн. Баруунаас зүүн чиглэлийг хэмжихэд сургууль амарсан үед ойролцоогоор 1-1 цаг 30 минут, хичээл орж байгаа үед 2-3 цагийн хугацаанд нийслэлийн баруунаас зүүн чиглэлд зорчиж байна. Тэгвэл Туулын хурдны зам баригдсанаар баруунаас зүүн чиглэлийг 20-30 минутад буюу дунджаар 25 минутад туулах тооцоолол гарсан. Туулын хурдны зам дангаараа ашиглалтад ороход замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна. Замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурах нь хүмүүст яаж мэдрэгдэх вэ гэхээр иргэд хөдөө орон нутаг руу гарсан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрсэн зуны улиралтай адил мэдрэгдэнэ. Тойрог хурдны замын Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг дайран өнгөрөх хэсгүүд дээр хамгийн их ачаалал авч, түгжрэлийн дундаж хурд 28-30 км/цаг руу ойртоно” гэж тайлбарлалаа.Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол Туулын хурдны зам, Шинэ тойрог замыг барьснаар дундаж хурд 2-3 дахин нэмэгдэх юм. Энэ нь дэлхийн дундаж хотуудын хамгийн боломжит хурд болохыг онцоллоо.
2025/01/29
348
НИЙГЭМ
Электрон тамхитай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ
“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжлэн /2024.01.28/ өндөрлөлөө.Өнөөдрийн үдээс хойших хэлэлцүүлгээр “Электрон тамхитай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх нь” сэдвийн хүрээнд цахим хэлбэрээр олон улсын туршлага, мэдээллийг солилцов.Тодруулбал, электрон тамхины талаарх сүүлийн үеийн баримтууд болон ДЭМБ-ын зөвлөмжийг ДЭМБ-ын Эрүүл мэндийг дэмжих газрын Тамхины хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн Рэнти Фэеокүн танилцууллаа. Тэрбээр, электрон тамхийг тоглоом, уруулын будаг, үзэг, цагны гэх зэргээр дурын хэлбэр дүрстэйгээр, олон төрлөөр, үнэр, амтны өргөн сонголттойгоор үйлдвэрлэж, худалдаалах болсон нь хүүхдийн сонирхлыг ихэд татаж байна. Үүний зэрэгцээ эцэг, эх, асран хамгаалагчдаас нуух боломжийг олгож байгаа гэлээ. Бүтээгдэхүүнд никотины агууламж байхгүй гэх хэдий ч энэ нь ташаа мэдээлэл юм байна. Уушги, тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, донтолт үүсгэдэг талаар хэллээ. Мөн зарим улс оронд электрон тамхи оруулж ирэхийг зөвшөөрдөг ч маш нарийн зохицуулалттай худалдаалдаг бөгөөд ДЭМБ улс орнуудад хориглох зөвлөмж өгдөг гэлээ.Үүний дараа дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж буй электрон тамхины зохицуулалтын арга, хэлбэрийн харьцуулалтын талаар Хууль ба хорт хавдрын чиглэлээрх Австралийн Маккейбын Төвийн захирал Хэйли Жонс болон Азийн бүс хариуцсан менежер Ма-Энн Розейли нар мэдээлэл танилцуулав.Тэд залуусыг тамхинд донтохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг Маккейбын Төвийн үйл ажиллагааны талаар танилцуулсан. Ялангуяа электрон тамхийг сурталчлахгүй байх, хэрэв нэвтрүүлэхийг хориглосон бол чанга зохицуулалт хийх ёстой талаар ярив.Хэлэлцүүлэг үргэлжлэн электрон тамхины зохицуулалт, түүний хэрэгжилтийн талаарх Австрали Улсын туршлагыг танилцуулсан. Тус улсын Эрүүл мэндийн яамны Зохицуулалт, дэмжлэгийн хэлтсийн нэгдүгээр туслах, нарийн бичгийн дарга Крис Бэдфорд мэдээллээ хуваалцлаа. Австрали Улсын Эрүүл мэндийн сайд 2023 онд хийсэн мэдэгдэлдээ электрон тамхи нь никотины өндөр агууламжтай болохыг тодотгон хэлсэн байна. Түүний дараа 2024 оны нэгдүгээр сараас тус улс никотины агууламжтай эсэхээс үл хамааран дотооддоо үйлдвэрлэхийг хоригложээ.Дээрх мэдээлэл, танилцуулгуудтай холбогдуулан хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид асуулт асууж, холбогдох мэргэжилтнүүд, мэдээлэл танилцуулсан мэргэжилтүүдээс хариулт, тайлбар авсан юм.УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлгийн хугацаанд хангалттай их мэдээлэл авлаа. Туршлага хуваалцсан оролцогч, төлөөллүүдэд баярлалаа. Хамтын хүч чухал учир энэ талаарх зөв зохицуулалт бүхий эрх зүйн орчин бүрдүүлэхэд олон нийтийн зөвшилцөл, дэмжлэг нэн чухал” гэдгийг онцлон хэллээ.УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг “Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөр тамхины татварын бодлогыг шинэчлэх, Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулагдаагүй электрон тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, дотоод орчны тамхины тусгай цэгүүд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд тавих хяналт, хариуцлагыг оновчтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын байгууллага болон бусад орны шилдэг туршлагаас сонсож, харилцан санал солилцлоо. Тус арга хэмжээний эхний өдөр бодлогын өөрчлөлт хийх, тамхины хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн бол хоёр дахь өдөр тамхины хяналтын үр дүнтэй бодлогыг тодорхойлоход шаардлагатай стратегийг боловсруулах чиглэлээр мэдээлэл солилцлоо. Бүх оролцогчдод баярлалаа” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/01/29
368
НИЙГЭМ
Угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрхөд зөвлөгөө, мэдээлэл өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл болон Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцлээ.Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ сарын 18,19-нд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар мэдээлэл өгөв.Тэрбээр “Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 9000 гаруй ажилтан, албан хаагч 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын судалгаагаар 61.576 айл уламжлалт зуух, 57.167 айл төслийн зуух, 11.767 нам даралтын ашиглаж байна. Мөн угаарын хий мэдрэгчгүй 19.296 өрх, угаар мэдрэгчийн ажиллагаа хэвийн бус 4713 өрх, зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 өрх, төслийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан 7383 өрх байна. Халаалтын зуухнаас гадна цахилгаан халаалт бүхий 11.767 айл өрх, 3-15квт хүчин чадлын зуух ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй 12.673 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байв. Уг хяналт шалгалтын үр дүнд айл өрхүүдийн кординат бүхий зуухны нэгдсэн мэдээллийг боловсруулж, цахим мэдээллийн сан үүсгэнэ” гэдгийг хэллээ.Хяналт шалгалтаар иргэн аж ахуй нэгж байгууллагад дараах нийтлэг зөрчил гарсан байна. Үүнд:Үнс, нүүрсний агуулах задгай, галд тэсвэргүй материалаар хийгдсэн байгаа нь галын эрсдэл үүсгэх, салхиар зөөгдөн тархаж орчинд тоосжилт үүсгэх,Зуухны паспорт бүртгэлжүүлэлт хангалтгүй,Хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаясан,Халаалтын зуухны шүүлтүүрийн ажиллагаа хэвийн бус, зориулалтын шүүлтүүрээр тоноглоогүй,Зуух яндангийн битүүмж муу, галын хотол элэгдсэн зэрэг зөрчил илэрсэн байна.
2025/01/28
323
НИЙГЭМ
Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өчигдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл дэх хот доторх анхны хурдны зам болох юм.Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “2024 оны байдлаар нийслэлчүүд бид түгжрэлд цаг хугацаа, шатахуун зэрэгт нийт 900 сая орчим ам.доллар зарцуулжээ. Энэ байдлаар явбал 2030 онд нэг тэрбум ам.доллар давахаар байна. Өнөөдрийн байдлаар оргил цагийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол 2030 онд 5-9 км/цагт хүрэх юм. Тиймээс энэ оноос эхлэн нийслэл хоёрдугаар түвшний замуудаа барина. Үүний нэг болох хот доторх анхны хурдны замын тендерийг өнөөдөр зарлаж байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 дүгээр сарын сүүлээр эхлүүлж, 24 сарын дараа буюу 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулна. Хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна. Мөн Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын сүлжээний түгжрэл 10-20 хувиар буурах тооцоолол гарсан. Тус замыг барихад трасст 36 нэгж талбар өртөж байгаа учраас “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулийн дагуу газар чөлөөлөлтийг зохион байгуулж, нөхөн олговор болон газар дүйцүүлж олгоно. Туулын хурдны замтай дараа, дараагийн хоёрдугаар түвшний замууд огтлолцох юм. Тус хурдны замыг барихдаа ямар ч зам, гүүр хаахгүй” гэв.
2025/01/28
415
НИЙГЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтад оролцлоо
Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийг аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон мэргэжлийн төрлийн шигшээ тоглолтыг үзэж, шилдэг оролцогчдод шагнал гардуулав.Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинд нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи асар хурдацтай хөгжиж, түүний хэрэглээ эдийн засаг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бүхий л салбарын үйл ажиллагаанд нэн эрчимтэй нэвтэрч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүчийг үлэмж хэмнэж байгааг тодотгов.Тухайлбал, 2023 онд барилгын салбарт 44, хөдөө аж ахуйн салбарт 38, батлан хамгаалах салбарт 28 хувиар дроны зах зээл нэмэгдсэн байна.Байгаль цаг уурын харилцан адилгүй бүсчлэл бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд дэвшилтэт техник, өндөр технологийг бүх салбарт өргөнөөр ашиглаж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсад өрсөлдөх чадавхтай байх нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын нэн чухал зорилт байх ёстойг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч онцоллоо.Иймд дроны техник, технологийг нэвтрүүлэх, үндэсний аюулгүй байдал, улс ардын аж ахуйд өргөнөөр ашиглах, чадварлаг оператор-нисгэгчдийг бэлтгэх, улмаар дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр засгийн бодлого, олон нийтийн идэвхтэй оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл чиглэх учиртайг тэмдэглэв.“Дронкон” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нь Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэхийн зэрэгцээ дроны хэрэглээ, үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг шинэ шатанд гаргаж, үндэсний техник, технологи, мэргэжлийн хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.Энэ чиглэлд хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн санаачилга, оролцоо үлэмж их байгааг сайшаан тэмдэглэхийн хажуугаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд идэвхтэй оролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.Цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах, программ хангамжийг хөгжүүлэх тал дээр түүчээлэн манлайлж, хүүхэд залуусын дунд дрон, нисэх загвар зохион бүтээх, энэ төрлийн спортыг хөгжүүлэхэд холбогдох яам, агентлагийн удирдлагууд онцгойлон анхаарч ажиллах ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо.Улмаар нисгэгчгүй нисэх хэрэгслийн ашиглалтын эрх зүйн орчныг олон улсын туршлага, сургамжид нийцүүлэн маш нарийн боловсруулан мөрдүүлэх, дроноос хамгаалах системийг бий болгон хөгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэхүү тэмцээн жилээс жилд хүрээгээ тэлж, олон улсын тэмцээн болж өргөжнө гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, дэмжин оролцсон төрийн болон төрийн бус байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.Мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдсан тус тэмцээнд нийт 500 гаруй тамирчин оролцжээ.
2025/01/28
325
НИЙГЭМ
Б.Тэгшбаяр: Далд зогсоолын ажил 95 хувьтай, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлнэ
“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар далд зогсоолын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Харин хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлэх юм. Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн удирдлагаас тодрууллаа.“Бодь Пропертийз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэгшбаяр: “Урт цагааны суурин дээр нийт таван блок далд гарааш бүхий цэцэрлэгт хүрээлэн барина. Өнөөдрийн байдлаар 109 машины зогсоолтой далд гараашны төмөр, бетон бүтээцийн ажлыг бүрэн дуусгасан буюу нийт ажил 95 хувьтай байна. Цэцэрлэгт хүрээлэнг дулаарч эхлэхээр буюу гуравдугаар сараас барихад тохиромжтой. Тиймээс ирэх гуравдугаар сараас ногоон байгууламж, явган хүний зам, усан оргилуурыг хийж эхэлнэ. Манай компани энэхүү цэцэрлэгт хүрээлэнг зундаа багтааж нээх зорилгоор тасралтгүй ажиллаж, давхардсан тоогоор 4400 гаруй хүн ажиллаж байна” гэв. Биднийг очиход хамгийн доод B1 давхартайгаа нийлээд нийт 4 давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгын баганын арматур хийгдэж байв. Хүйтний улиралд барьж байгаа учраас бетоны чанарыг алдагдуулахгүйн тулд дулаан хадгалах технологи ашигладаг байна. Одоо баригдаж буй барилга нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх юм.
2025/01/27
350
НИЙГЭМ
'Амар байна уу 2025' үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл явагдаж байна. Үзэсгэлэн худалдаа 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар үргэлжлэх юм. Уг үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах боломжтой. Нийслэлээс оролцогчид есөн дүүргийн ЖДҮДТөвд, орон нутгаас оролцогчид Аймгийн ЗДТГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтнээр дамжуулан бүртгүүлж, үзэсгэлэн худалдаанд оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-318547 дугаараас тодруулах боломжтой.НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨВ
2025/01/27
363
НИЙГЭМ
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Хөшигийн хөндийн туннелийг Сэлбийн хурдны замтай холбох авто замын төслийн танилцуулгыг сонслоо. Хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Туулын хурдны зам, Богдхан уулын туннель, Сэлбэ сэргэлт төслийг хэрэгжүүлж байгаа юм.Сэлбэ хурдны зам 25.2 км урттай, дөрвөн эгнээ, 15 уулзвартай бөгөөд гэрлэн дохиогүй, тууш хөдөлгөөнийг хангана гэж үзжээ. Харин Сэлбэ сэргэлт төслийн авто зам 21.6 км урттай. Сонсголонгийн гүүрний арын уулзвараас эхэлж, Сэлбэ дэд төвийн замтай нийлнэ. Сэлбэ хурдны замын урд хэсэг, Сэлбэ сэргэлт төслийн авто замын хойд хэсэгт 6.5 км авто зам давхцаж байгаа учир зураг төсвийг дахин шинэчлэх шаардлагатай аж. Замуудыг олон түвшний огтлолцлоор холбох, Богдхан уулын туннелтэй холбох хэд хэдэн хувилбар гаргажээ. Улаанбаатар хотын Худалдааны танхимаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарах асуудлыг танилцуулав. 150 гаруй байгууллагын саналыг нэгтгэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан хугацаа хүртэлх дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг ижил хамгаалах, төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч ААН-үүдийн технологи, бизнесийн нууцыг хамгаалах тогтолцоо, хариуцлагын механизм бий болгох зэргийг онцолсон байна. Ерөнхий сайд төр, хувийн түншлэлийг сайжруулах чиглэлээр тус танхимтай хамтран ажиллах, Бахрейн улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлж буй “Business friendly” хөтөлбөртэй уялдуулахыг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгав. Мөн өнөөдрийн хуралдаанд танилцуулсан асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг анхаарууллаа. Түүнчлэн штабын гишүүд манай улс FIDIC загвар гэрээг хэрэглэх, холбогдох хуулиудад олон улсын худалдан авалтын дөрвөн үндсэн зарчим тусгаж өөрчлөлт оруулах, “Дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухай” хууль санаачлан батлуулах, Сайжруулсан хатуу түлш, техникийн шаардлага стандартыг шинэчлэх, Агаарын чанарын индексээр чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх зэрэг санал дэвшүүлж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үздэг” гэж хэллээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабын хуралдааны дараа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Төслийн явц 95 хувьтай, энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү төсөлтэй уялдуулан хаягдал усыг дахин боловсруулах технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна, төслийн хэрэгжилт 60 хувьтай байна. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг багасгах ажээ.
2025/01/27
339
НИЙГЭМ
Чингэлтэйн сувагт халиа тошин халихаас сэргийлж, 1600 метр суваг татлаа
Геодези, усны барилга, байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн сувагт 1600 метр суваг татаад байна.Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Нийслэлийн зургаан дүүрэгт нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай 14 байршилд суваг татаж, үлдсэн 32 байршилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй уулаас эхтэй Чингэлтэйн сувагт нийт 1600 метр суваг татаж, авто замын гүүрэн байгууламж доорх гарцыг нээлээ. Энэ байршилд сүүлийн 6 жил тасралтгүй халиа тошин үүсэж байгаа” гэдгийг хэлэв.Тухайн байршилд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд дэд төв байгуулах зорилгоор газраа чөлөөлүүлсэн айлууд нүүсэн. Үлдсэн айлуудыг халиа тошин халих эрсдэлээс сэргийлж, хамгаалахын тулд суваг татах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм.
2025/01/24
283
НИЙГЭМ
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд 150МВт эрчим хүч нийлүүлж байна
Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт эрчим хүчний дутагдалтай байсан бол Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр дутагдалтай байсан эрчим хүчний хэрэглээг нөхөөд байна.Тодруулбал, Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Тус станц өнгөрсөн 12 дугаар сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлж байна. Мөн Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд өнгөрсөн 12 дугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Батарей хуримтлуурын станц энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 8,881.7 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна.
2025/01/24
420
НИЙГЭМ
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Өнөөдрийн байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулаад байна. Газар чөлөөлөлтийн талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 онд батлагдсан. Тус хуулийн хүрээнд Сэлбэ дэд төвийг барих газар чөлөөлөлтийг 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Нийт 158 га талбайд 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулсан, газар чөлөөлөлтийн ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна” гэлээ.Нөхөн олговрын гэрээ байгуулсан 1670 иргэний газрыг чөлөөлж, нурсан байшин барилга, хашааг буулгаж цэвэрлэх, хог хаягдлыг ачих ажлууд мөн үргэлжилж байна.Ташрамд, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа билээ.
2025/01/24
304
