НИЙГЭМ
НИЙГЭМ
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ
Улаанбаатар хотод 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 52 стандарт батлагдан хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүний нэг нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлага юм. Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Гэвч үүний 70 гаруй хувь нь гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэсэн судалгаа гарсан. Үүнд зөвхөн хаягжилт хамаарахгүй бөгөөд гадна орчин, тохижилт хамаарна. Тодруулбал, гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжид дараах шаардлагыг тавьдаг.Орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.Хотын гудамж, барилга байгууламжийн нэгдсэн өнгө төрхтэй уялдуулна.Барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх.Хаягийг монгол хэлээр бичнэ. Англи хэлээр бичих тохиолдолд монгол бичвэрийн доод талд эсвэл хойно хоёр дахин бага хэмжээгээр бичнэ.Хаягийг байрлуулахдаа нэг орон зайд нэг жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтлах.Зохиогчийн эрхээр баталгаажсан бараа бүтээгдэхүүний логог өөрчлөхгүй.Хаягийн нийт хэмжээ фасадын 20 хувиас хэтрэхгүй.Хаяг нь гадна, дотор гэрэлтүүлэгтэй байх ба бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн мэдээллийн байгууламж байршуулна.Уг стандартын хэрэгжилтийн талаар ХБХСГ-ын Худалдаа үйлчилгээний стандарт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяагаас тодрууллаа.Тэрбээр “Гадна хаяг, зар сурталчилгаатай холбоотой иргэдээс ирж буй гомдлын ихэнх хувийг ойлгомжгүй буюу гадаад хэл дээр бичигдсэн хаягжилт эзэлдэг. Мөн хаягжилтын хэмжээ хэтэрсэн зөрчил дийлэнх хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн оноос нийслэл хот 74 үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохоо больсноос хойш энэ төрлийн стандартын зөрчил нэмэгдэж буй. Бизнес эрхлэлтийг дэмжиж байгаа хэдий ч стандартын шаардлагыг хангахыг мөн адил шаардаж байгаа. Энэ хүрээнд бид нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хяналт шалгалтын газартай хамтран гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна. Тодруулбал, зөрчлийг арилгахаар эхний ээлжид Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тодорхой гудамж, замыг сонгон хаягийн шинэчлэлтийг хийж буй. Цаашид уг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэв.
2024/10/22
248
НИЙГЭМ
Арваннэгдүгээр сарын 1-нээс Зайсангийн гүүрний бохирын шугамыг шилжүүлнэ
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. Ашиглалтын хугацаа дуусч, стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.Тэрбээр “Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр 4 эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Уг гүүрийн зураг төсөл 2014 онд хийгдэхээс өмнө техник ашиглалтын үнэлгээ 2013 онд хийгдэхэд хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Хүчитгэх засвар хийх боломжгүй. 1968 оны зураг төслийн ямар ч мэдээлэл байхгүй. Тухайн үед барилгын явцын үед хүчтэй үер болсон зэрэг асуудал их үүссэн байсан. Гүүрийн анхны төлөвлөлт 40-50 жил байдаг. Хэзээ ч нурах эрсдэлтэй учраас шинээр гүүр барих шаардлагатай. Гүүр ямар нэг байдлаар нурлаа гэхэд иргэдийн амь настай холбогддог. Тиймээс учраас Зайсангийн гүүрийг буулгаж, богино хугацаанд буюу 8-9 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна” хэмээлээ.Мөн Зайсангийн хуучин гүүрний хажуугийн шинэ гүүрийг хийхдээ бохирын шугамыг угсарсан. Хуучин гүүрний доогуур тус шугам явж байгаа учраас холбохын тулд шинэ гүүрнээс урагш Зайсангийн уулзвар хэсэгт худаг суурилуулаад 7 метрээр бохирын шугамыг суулгасан байна. Зайсангийн гүүрийг шинэчлэхийн тулд гүүрэн доорх бохирын шугамыг шилжүүлж шинэ гүүрэнд залгах хэрэгтэй болжээ. Холбох ажил 6 метрийн дор явагдана. Тиймээс газар хөлдөхөөс өмнө арванэгдүгээр сарын 1-нээс нэг сарын хугацаанд бохирын шугамыг холбож дуусгана. Арванхоёрдугаар сарын 1-нээс нэгдүгээр сарын 15-нд гүүрний эхний нураалтын ажлуудыг хийнэ. Ингэхдээ доош 18 метр урт шонт сууриудыг суурилуулна. Хөлдөлтийн гүнээс доош учир өвөл суурилуулах бүрэн боломжтой. Газар гэссэнээс хойш гуравдугаар сарын 1-нээс цутгалтын ажлуудыг хийж, долоодугаар сарын 10-нд шинэ гүүрээ барьж дуусахаар төлөвлөжээ.Хажуугийн шинэ гүүрийг барьж байх хугацаанд дам нуруунуудыг 70 хувьтай бэлтгэсэн. Дам нуруу суурилуулах үед бэлтгэл бүрэн дуусна. Одоо гүйцэтгэгч бэлэн, ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ажил хүлээгдлийн зүйл гарахгүй. Тийм болохоор 60 орчим жил болсон хуучин гүүрийг буулгаж, шинэ гүүртэй болох ажилд иргэд маань хүлээцтэй хандаж, бидний ажлыг ойлгоорой. Шинэ гүүрийн ажлыг маш шахуу хуваарийн дагуу яаравчлан явуулах болно” гэдгийг мөн онцолж хэллээ.
2024/10/21
312
НИЙГЭМ
Ч.Төгсдэлгэр: Хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу хийвэл хүүхэд бэртэж, гэмтэхгүй
Нийслэлд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлыг стандартын шаардлага хангасан, үр ашигтай зохион байгуулахын тулд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 52 стандарт мөрдөгдөж байна. Үүний нэг нь хүүхдийн тоглоомын талбайн стандарт юм.Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөрдүүлж ажиллах асуудлаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бидний хийсэн судалгаагаар нийслэлийн есөн дүүрэгт 1553 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 460 нь стандарт огт мөрдөөгүй бол 600 гаруй нь стандартыг 70 хувь хүртэл мөрдсөн гэсэн судалгаа байна. Тоглоомын талбайн стандарт хангагдаагүйн улмаас 2022 онд тоглоомын талбай дээр бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 1000 гаруй байсан бол 2023 онд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн харамсалтай тоо баримт бий. Иймээс бид хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөхдөө насны онцлогоос хамаарч 06-23 сартай, 2-5 настай, 5 наснаас дээш хүүхдүүдэд зориулагдсан гэж 3 ангилсан. Бидний төлөвлөлт, стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбайг барьснаар бага насны хүүхдүүд насандаа тохирохгүй, шаардлага хангаагүй тоглоом дээр тоглохгүй. Хамгийн чухал нь хүүхдийн бэртэж, гэмтэх асуудал тодорхой хэмжээгээр буурна. Стандарт гэдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хэрэгтэй, чухал ойлголт юм шүү” хэмээлээ.Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай барих ажилд барилгын зөвшөөрөл өгөх явцаас нь эхлээд стандартад хяналт тавих, захиалагч, гүйцэтгэгч компаниуд стандартыг мөрдөх, эцэг, эх, иргэдийн зүгээс ч стандартад хяналт тавьж, мөрдүүлэх чиглэлд анхаарч байхыг албаны хүн онцоллоо. Хот байгуулалт, хотын стандартын газраас хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагыг дараах байдлаар тогтоосон байдаг.Хүүхдийн тоглоомын талбайн хүртээмжтэй байдал 50-100 ам.метр байна.Ногоон байгууламж 20 хувиас багагүй.Санамж болон мэдээлэх тэмдэг байршуулсан байна.Хүүхдийг ажиглаж, харж хандах боломжтой. Хяналтын камер 10 метр радиуст байх хэрэгтэй зэрэг шаардлагыг тавьдаг байна.Харин хүүхдийн тоглоомын талбай гадаргууны хувьд:Хүүхэд тоглож байхад тээглэж, бүдрэхээргүй тэгш, хур тунадас тогтохооргүй байна.Хүүхдийн тоглоомын талбай дахь тоглоом болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулсан анкер боолт, холбох хэрэгслүүдийн толгойг заавал далдлах ёстой.Хатуу хучилттай гадаргуутай байхыг хориглоно.
2024/10/21
404
НИЙГЭМ
Өнгөрсөн шөнө хотын гудамж, замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацаад байна
Өнгөрсөн шөнө хотын гол болон туслах зам цэвэрлэгээнд 500 гаруй албан хаагч, 100 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж, 425 тонн давс, 83 тонн бодис цацаж, цэвэрлээд байна. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс тухайн байршлуудад ажилласан юм. Ийнхүү замд дагтаршсан цасыг түрэх, давс бодис цацах ажлууд үргэлжилж байна.Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү "Аравдугаар сарын 20-ны өглөө цас орсноос хойш нийт 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. Халтиргаа гулгаатай нөхцөлд авто замын түгжрэл их үүссэн учраас том техникүүдээр давс, бодис өдрийн цагаар цацахад хүндрэлтэй байсан. Тиймээс өнгөрсөн шөнө түлхүү давс, бодисуудыг цацаж ажиллалаа. Мөн халтиргаа ихтэй газруудад хайрга, давс, элс шороог байршуулсан. Ялангуяа хот руу орох гарах томоохон даваануудад элс, шороо, хайрга, давс зэргийг савлаж, хажууд байршуулсан. Энэ бэлтгэлийг цас орохоос 7 хоногийн өмнөөс хийсэн. Тийм болохоор жолоочид халтиргаа гулгаа ихтэй өгсүүр газрууд болон хотын ойрхон даваа гүвээний ойролцоо байршуулсан давс, хайрга, элс, шорооноос өөрсдөө аваад хэрэглэж болно” хэмээлээ.
2024/10/21
329
НИЙГЭМ
Өнгөрсөн долоо хоногт 124 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.14-20/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 124 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан.Нийт дуудлагын 106 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
2024/10/21
345
НИЙГЭМ
Т.Даваадалай: Авто замын засвар шинэчлэлийн ажлыг түр зогсоож, хавар үргэлжлүүлнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газраас Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагийн 23 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллалаа. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: "Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-нийн өдрийн өглөө 06.00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон. Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ" гэв. “Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх: "Бид энэ бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Ингэх явцад автозамын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн. Энэ аравдугаар сард цаг агаар дулаан хучилт хийх боломжтой байвал бид авто замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй" гэв. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т. Даваадалай: "Хасах градуст авто замыг хучих боломжгүй тул авто замын төслүүдийг түр зогсооё. Технологын горим алдагдана. Тиймээс дулааны улиралд буюу хавар авто замын ажлыг үргэлжүүлье" гэв. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү: "Өнөөдөр 33 байгууллагын 1000 гаруй ажилчид 217 техник хэрэгслээр гудамж талбайн цасыг цэвэрлэж байна. 85 тонн давс, 18 тонн бодис цацаад байна. Хотын төв замд авто замын бөглөрөл, түгжрэл их байгаа учраас том автомашинаар давс цацахад хүндрэлтэй байна. Тиймээс шөнийн цагаар давс, бодис цацах ажлыг үргэлжлүүлнэ. Халтиргаа ихтэй байршлуудад бид хайрга, элс байршуулсан байгаа" гэв.
2024/10/21
352
НИЙГЭМ
Өнөөдөр 7 байршилд авто замыг хааж, шинэчилнэ
Өнөөдөр дараах 7 байршилд авто замыг хааж, шинэчилнэ.Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.Баянгол дүүрэг, “Петролиум” ШТС-ын уулзвараас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Хайлаастын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг шинэчилж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагт нээнэ.Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2024/10/18
303
НИЙГЭМ
Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.Аж ахуй нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж, хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна. Иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.
2024/10/18
238
НИЙГЭМ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг хүлээн авлаа
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай нийт 5 төрлийн 33 машин, техникийг өчигдөр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар болон холбогдох албаныхан хүлээн авлаа. Тодруулбал, авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин 8, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин 2, даралтат усаар зам угаагч машин 3, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг тус бүр хүлээн авч, Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хүлээлгэн өгнө.Энэ үеэр УБЗАА-ын Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах зориулалттай 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэх, шидэх зориулалттай 10 машин гээд хот цэвэрлэгээний 33 машиныг хүлээн авлаа. Энэ онд нийт 80 гаруй машин, техникийн шинэчлэлт хийж байгаа. Хамгийн сүүлд гэхэд модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг нийлүүлсэн” гэдгийг онцоллоо.Дээрх зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай 33 машин, техникийг Хятад улсын “Ченли” групп оруулж ирсэн бөгөөд тус группийн монгол дахь төлөөлөгч У.Отгонжаргал машин, техникүүдийн хүчин чадлын талаар албаны хүмүүст тайлбарласан юм. Тэрбээр “Бидний оруулж ирдэг зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний машин, техникүүд хэрэглэхэд авсаархан хэдий ч хүчин чадал сайтай. Нэг техникээр хүний хийж болох хэд хэдэн үйлдлийг хурдан шуурхай, чанартайгаар хийх боломжтой. Тухайлбал, цас соруулдаг машин цас соруулахаас гадна дотроо 7-10 тонны давс бодисын нөөцийн савтай. Давсыг автоматаар буталж цацдаг. Мөн гаргуурын төхөөрөмжөөрөө 12 метр хүртэл газарт давсыг цацдаг. Зам угаагч машин 10 тонны усны нөөцийн савтай, шороо босгохгүйгээр бага усаар өндөр даралтаар их талбайг цэвэрлэдэг” гэв. Эдгээр машин, техникийг Монгол орны эрс тэс уур амьсгалд 4 улирлын турш ашиглах боломжтой.
2024/10/18
301
НИЙГЭМ
Монголын эмч нарын VII их хурал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын эмч нарын VII их хурал Төрийн ордонд эхэллээ.Хурлаар “Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэл”-ийн талаар илтгэл сонсож, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгаа, сургалт, инновац” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргана.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их хурлыг нээж үг хэллээ. Тэр бээр цар тахлын үед амь биеэ үл хайрлан, цаг наргүй ажиллаж, олон мянган хүний амь насыг аварч, онцгой гавьяа байгуулсан эмч, эмнэлгийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Сүүлийн жилүүдэд шинэ технологи, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ нэвтэрч, ард иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоо хийлгэх боломж нэмэгдэн, зүрх судас, мэдрэл, гэмтэл, хавдар, хүүхдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээгээр олон улсын түвшинд хүрч байгааг тэмдэглэлээ.Цаашид энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр анхаарах зүйл байгааг ч хэллээ.Тухайлбал:Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог улам бэхжүүлэх,Олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, гадагшаа чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээний урсгалыг бууруулах,Улс орноо чадварлаг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангаж, эдийн засгийн зөв хөшүүргээр орон нутаг, сумдад тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх,Үр дүн, ажлын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог улам боловсронгуй болгож, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах,Эмийн үнэ, чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах, олон улсын стандарт хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэдэг болох, иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх,Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх замаар өвчин эмгэг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл, учир шалтгааныг таслан зогсоох зэрэг чиглэлээр улам эрчимтэй, идэвх, санаачилгатай ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” гэсэн хоорондоо харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөн, ялангуяа “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын мэдлэг, боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.Эмч нарын VI их хурлыг 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор “Эрүүл мэнд- хөгжлийн тулгуур” уриатай зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлыг дүгнэн хэлэлцэж, санал бодлоо нэгтгэн, зөвлөмж гаргаж байсан.Засгийн газар эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан нь VI их хурлын шийдвэр бодит ажил хэрэг болох эхлэл болсон юм.Өнгөрсөн таван жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд олон шинэ технологи нэвтрүүлснээр чанар, хүртээмж сайжирч, иргэд эх орондоо оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж нэмэгдсэн.Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц тогтолцоо бий болгон, эх орондоо чадварлаг боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдээд байна.Нярай хүүхдэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээ хийдэг болж, хүүхэд бүрийг эрт илрүүлэх цогц үзлэгт хамруулан, эрүүл мэндийн салбарт үр дүн, ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгож эхэлжээ.Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг УИХ баталж, өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлжээ.Улсын хэмжээнд 4,700 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 15 мянга гаруй их эмч ажиллаж байна.
2024/10/18
259
НИЙГЭМ
'Өвөл, хаварт бэлэн үү' сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, сургамж, асуудлын талаар санал солилцлоо
"Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО-той хамтран зохион байгуулсан “Өвөл, хаварт бэлэн үү” уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, “Зудын сургамж, өвлийн бэлтгэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.Тэрбээр илтгэлдээ “Зуд болоход хамгийн түрүүнд зам даваа гаргах асуудал тулгардаг. Өнгөрсөн өвөл бид 138000 километр замыг туулж зам даваа гаргасан. Ингэснээр хүүхдийн хичээл сургууль тасалдах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн.Бидэнд зуд нүүрлэж байсан сургамж олон бий. Жишээлбэл, 1999-2002 онд малчдын сэтгэл зүрхэнд хар толбо болж үлдсэн айхтар зуд болж байлаа. Тухайн үед 1999-2000 оны зудад 13 аймгийн 157 сумын мал өртөж, 3,5 сая мал хорогдсон. 2000-2001 оны зудад 20 аймгийн 192 сум өртөж 4,8 сая мал хорогдсон байдаг. 2001-2002 оны зудад долоон аймгийн 73 сум өртөж 2,9 сая толгой мал хорогдсон дүн мэдээ бий. Мал аж ахуйн орон гэгддэг манай улсын хувьд зудын гамшиг нийгэм, эдийн засагт хүндээр тусдаг. 2009-2010 онд мөн л зуд болж улсын хэмжээнд 9,7 сая толгой мал хорогдож, нийт 526 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан. Сүүлийн 77 жилийн судалгаагаар өнтэй өвөлжсөн жил 55 хувь, зудтай зутарсан жил 45 хувийг нь эзэлж байна. Өнгөрсөн жилийн зуднаар л гэхэд малчид ихээхэн хохирол амслаа. 19 аймгийн 232 сум өртөж 7,4 сая толгой мал хорогдож, нийгэм эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Манай онцгой байдлын алба хаагч нар ч эрвийх дэрвийхээрээ ажилласан. Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд иргэдээс нийт 4,9 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлжээ. Иймд өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангадаг болмоор байна. Малын тоо толгойд бэлчээрийн даацад тохируулан барих, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэгдүүлэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ сайн бэлтгэх зэрэгт анхаармаар байгаа юм. Нөгөөтэйгүүр малчин өрх хувийн бэлтгэлээ маш сайн хангамаар байна. Хүүхдийнхээ хичээл сургуулийг тасалдуулахгүй байхад ч гэсэн малчид өөрсдөө анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн хүүхдүүд хамгийн их хичээлийн хоцрогдолтой байжээ гэсэн судалгаа гарсан. Сумын засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай байна” хэмээн тэмдэглэсэн юм.Боловсролын судалгааны хүрээлэнгээс зуд болоход хөдөөгийн сургуулиуд хийгээд сурагчдад ямар бэрхшээл тулгардаг талаар анх удаа судалгаа хийсэн байна. Судалгаанаас харахад зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг сургуулийн сургалтын менежер, багш нар онцоллоо.Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун “Зуд нүүрлэж малгүй болсон иргэд хот суурин газрыг бараадаж амьдрахаас өөр сонголтгүй болдог. Үүнээс болоод шилжилт хөдөлгөөн нэмэгдэж хотын хүн амын тоо улам өсөн нэмэгдэж байна. Зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшжээ. Энэ нь найман аймгийн хүн амын тоотой тэнцэж байгаа юм. Шилжин ирэгсэдийн дийлэнх нь залуу гэр бүл. Нийт шилжин ирж байгаа хүмүүсийн 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан. Ийм байдлаас болоод залуу малчдын тоо буурч байна” гэлээ.
2024/10/18
316
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
Цаг агаар: Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн Дуут, Мөст, Мөнххайрхан сумдад нойтон цас, Булган, Зэрэг, Цэцэг, Манхан сумдад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Агаарын температур нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.Төлөв байдал: 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.Гал түймэр: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход төмөр зам дагуу 2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд хогийн цэгээс гал гараад байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.Багануур дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 1х1 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд эзэнгүй айлын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн хашаанд 0.4 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Баянхошууны хуучин эцэст амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 3х4 метрийн хэмжээтэй гараашийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтрааж, дүүргийн 40 дүгээр хорооны Хэсгийн байцаагчид хүлээлгэн өгсөн.Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хашаанд 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.Баянгол дүүргийн 26 дугаар хороонд байрны 7 дугаар давхрын айлын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:22 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны 7, 8 дугаар давхарт айлын тагт хэсэг, 9 дүгээр давхрын эзэнгүй айлын тагт хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан. 9 дүгээр давхрын эзэнгүй айлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгээн өгсөн.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Бор толгой багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 01:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х5 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг, залгаа 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт түрээслэгч иргэн Э /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн “Майхан-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 135 км, сумын төвөөс хойд зүгт 18 км, Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 60 км/ автозам дагуу автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллан унтрааж, сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн.Ой, хээрийн түймэр:Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Зуун-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг 10.17-ны өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 14:03 цагт цурамд оруулан 20:20 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан.Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Даагын тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс баруун хойд зүгт 63 км/ хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар, Өндөр-Улаан сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 16:10 цагт цурамд оруулан 19:00 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 20 га талбай өртөж шатсан.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Бараат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 185 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 16:58 цагт бүрэн унтрааж, тус багийн малчин Ц-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 3 га талбай өртөж шатсан.Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн "Бумбатын-Ухаа" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 18:40 цагт бүрэн унтрааж, тус багийн иргэн Г-д хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 350 га талбай өртөж шатсан.Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзий багийн "Уушги-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 110 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.17-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн алба хаагчид, Хөлөнбуйр, Булган сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 22:40 цагт бүрэн унтрааж, тус сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2000 га талбай өртөж шатсан. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:Бусад төрлийн осол: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт нүхэн жорлонд хүн унасан, гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн хашаанд 3.5 м гүнтэй нүхэн жорлонд иргэн Б /62 настай, эрэгтэй/ унасан байсныг эсэн мэнд гаргаж, дүү Ц-д хүлээлгэн өгсөн.Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт шатны хамгаалалтын төмөрт хүн хавчуулагдсан гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б /40 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шатны хамгаалалтын төмөрт цээж хэсгээрээ хавчуулагдсан байсныг ажиллан гаргаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/10/18
290
НИЙГЭМ
11 дүгээр сарын 1-ний өдрөөс Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана
Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100% гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Хот чиглэлийн төмөрбетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.2024 оны 11 дүгээр сарын 01-с хуучин гүүрний хөдөлгөөний хааж шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгах ажлыг хийхээр төлөвлөжээ. Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барина. Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй. Ашиглалтын түвшин D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байгаа юм.
2024/10/17
417
НИЙГЭМ
Хайлаастын шинэ эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Хайлаастын шинэ эцсээс хуучин эцэс хүртэлх авто замыг аравдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/10/17
303
НИЙГЭМ
Өнөөдөр 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ
Өнөөдөр дараах 3 байршилд авто зам хааж, шинэчилнэ.Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.“Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/10/15
263