НИЙГЭМ
НИЙГЭМ
Гандан орчмын 1.6 га талбайг тохижуулж, жишиг гудамж байгуулна
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна. Уг тохижилтын ажилтай холбоотойгоор нийт 55 айлын газрыг чөлөөлнө. Газар чөлөөлөлт үргэлжилж байна. Нийт 1.6 га талбайд тохижилт хийх бөгөөд талбайн 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулах юм.Тохижилтын ажлыг Гандантэгчэнлин хийдийн архитектурын ерөнхий шийдлийг алдуулахгүйгээр орчин үеийн хэв загвартай хийхээр төлөвлөжээ. Мөн түүхэн дурсгалт газар учир түүхэн дурсгалт барилгуудын сүр барааг дарахгүй, хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ гудамж байгуулагдсанаар түүх соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд ААН-ийн бизнесийг дэмжиж, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой.
2026/01/13
258
НИЙГЭМ
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, 2025 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 167 машин техникээр парк шинэчлэл хийлээ.Энэ онд ч мөн парк шинэчлэл үргэлжлэх бөгөөд лаг цэвэрлэх, сорох машин, хашлага угаагч машин, хог шахаж ачдаг хогны машин, шүүрдэгч машин, үерийн үед ус шавхагч насостой машин зэрэг 71 машин техникийг шинээр авах юм. Эдгээр машин техникийг таван жилийн хугацаатай, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр парк шинэчлэлээ хийх, цаашлаад сар бүрийн ашиглалтын төлбөрөөс сан үүсгэж парк шинэчлэлийг тогтмол тасралтгүй хийх боломжийг бүрдүүлээд байна.
2026/01/13
257
НИЙГЭМ
Ногоон нуур орчмын 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Ирэх жилүүдэд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудыг олноор хийхээр төлөвлөж байна. Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд Ногоон нуур орчимд болон Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн ажлуудыг хийнэ.Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй бүс болгох төлөвлөлт хийгээд байна. Энэ хүрээнд Ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, задгай талбай, унадаг дугуй, автомашины зогсоол зэргийг төлөвлөөд буй.Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулах бөгөөд газар чөлөөлөлт үргэлжилж байна. Түүнчлэн он дамжин хэрэгжиж буй тохижилт, бүтээн байгуулалтын 48 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнд:Тоглоомын талбайн 2 ажилХөл бөмбөгийн талбайн 1 ажилЯвган замын 4 ажилНийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын 10 ажилЯвган замын 1 ажилХашаа барих 2 ажилТохижилт, бүтээн байгуулалтын 32 ажил тус тус хэрэгжиж байна.2026 онд тохижилт, бүтээн байгуулалтын шинэ 24 төсөл хэрэгжүүлнэ. Үүнд:Тохижилт, бүтээн байгуулалтын 10 ажилСургууль, цэцэрлэгийн тохижилтын 3 ажилТоглоомын талбайн 2 ажилНогоон байгууламжийн 4 ажилАвтобусны буудлын тохижилтын 5 ажил тус тус хэрэгжихээр байна.
2026/01/13
216
НИЙГЭМ
НЕБ-ын сургуулийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулахад үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарна
НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна. Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Харүмафүжи сүүний ферм”-тэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.Хотын дарга Х.Нямбаатар “Япон улс 1959 оноос, БНСУ 1981 оноос эхлэн сүү хөтөлбөртэй болжээ. Мөн БНХАУ 2005 оноос эхлэн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Монголд “Шинэ Монгол Харүмафүжи” ЕБС сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Бид хөтөлбөрийг хэрэгжүүлэхээсээ өмнө хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг судална. Ирэх жилээс тус хөтөлбөрийг улам бүр сайжруулж, сав баглаа боодлын хувьд байгаль орчинд ээлтэй байхаар зохион байгуулна. 2026-2027 оны хичээлийн жил Улаанбаатар хотын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг бүхэлд нь буюу 430 мянган хүүхдийг нь сүү хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна” гэлээ.Харүмафүжи Д.Бямбадорж “Сүү хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарч байгаа талаар судлахаар бид багш, ажилтнуудынхаа хүүхдүүд болон эцэг эхчүүдээс зөвшөөрөл авч харьцуулж үзсэн. Намар болон хавар авсан шинжилгээг харьцуулахад сүү тогтмол ууснаар кальци болон Д витамины зохист хэмжээ хэвийн түвшинд хадгалагддаг гэдэг нь харагдсан. Мөн хүүхдүүдийн өсөлтөд маш сайн нөлөөлсөн. Эцэг эхчүүд үүнд их талархаж буй. Түүнчлэн, сурагчид ханиад томуугаар өвдөж, хүндрэх магадлал маш бага болсон. Үүнийг сургуулийн эмч нар сүү хөтөлбөр болон биеийн тамиртай холбон тайлбарладаг. Бид сүүг дулааны аргаар боловсруулдаг бөгөөд лактозны харшилтай хүүхэд ч ууж болдог” гэлээ.НЭМГ-ын дарга Н.Наранбаатар “Хүүхдүүдэд сүүг тогтмол уулгаснаар шүд болон ясны бэхжилтэд сайнаар нөлөөлнө гэж ойлгодог бол Д витаминаар баяжуулсан сүүг уулгаснаараа хүүхдийн анхаарал төвлөрөл, анхаарал тогтворжилт, сэтгэн бодох чадвар сайжирна. Мөн мэдрэлийн тогтолцоо, цусны бүлэгнэлтийн үйл ажиллагаанд Д витаминаар баяжуулсан сүү онцгой нөлөөтэй. Сүү хөтөлбөр олон жил үргэлжилснээр зөвхөн эрүүл мэнд талаасаа төдийгүй олон талын эерэг нөлөөг үзүүлнэ” гэв.НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр “Таван жил тутамд Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг хийдэг. 2023 онд хийсэн зургаадугаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15 хувьд нь л Д витамин зохистой хэмжээнд байна гэж гарсан. Үлдсэн хувьд дутагдалтай байсан. Монгол Улс эрс тэс уур амьсгалтайн дээр хоол тэжээлээсээ хангалттай Д витамин авч чадахгүй байгаа нь нотлогдсон. Манайх шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай дэлхийн олон улсад сүүг Д витаминаар баяжуулж өгдөг. Д витамин нь сүүнд буй кальцийг биед шимэгдэхэд тусалдаг. Сурагчдын эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг үнэлээд тус хөтөлбөр тодорхой хугацаанд хэрэгжсэний дараа ямар үр дүнд хүрч байгаа талаарх судалгааг хийнэ" гэлээ.
2026/01/13
218
НИЙГЭМ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ халаалтын улиралд хэрэглэж байна. 2026 онд дотоодод үйлдвэрлэсэн хагас коксон түлш хэрэглэнэ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймгийн "Алтанширээт" үйлдвэрлэл, технологийн паркт ажиллаж, нүүрс угааж, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэрийн төсөлтэй танилцаж байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг 330 сумыг зэрэг цахилгаан, дулааны станцад холбоход цаг хугацаа болоод санхүүгийн боломж байхгүй учраас хагас коксон шахмал түлшний үйлдвэр Монгол Улсад нэн тэргүүний хэрэгцээтэй байна. Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 30 гаруй хувиар буурсан. Энэ сард ЖАЙКА олон улсын байгууллагын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлын нарийвчилсан дүн шинжилгээг хийнэ. Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн тухайд бидэнд хоёр хувилбар байна. Нэгт, бид Тендерийн тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэл, технологийн парктай 10 дугаар сарын 1-нээс үйлдвэрлэл эхэлсэн байна гэсэн хатуу нөхцөлтэйгөөр урьдчилсан худалдан авах гэрээ байгуулах боломжтой. Энэ хүрээнд “Алтанширээт” үйлдвэрлэл, технологийн парктай танилцаж байна. Хоёрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран Багануурын нүүрсний уурхайг түшиглэн батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу санхүүгийн зах зээл дээрээс мөнгөө босгон үйлдвэр барих боломж байна. Хотын нүүрсний хэрэглээ жилээс жилд буурах учир нүүрс пиролизын үйлдвэрт хөрөнгө оруулахаас илүүтэй бүтээн байгуулалт нь эхэлсэн ийм үйлдвэр технологийн парктай гэрээлбэл цаг хугацаа хэмнэнэ гэж тооцоолсон. Хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэвэл импортоор авахаас нэг дахин хямдхан тусна” гэлээ.
2026/01/12
216
НИЙГЭМ
БЗД-ийн 38 дугаар хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах Баганат өргөө цогцолбор хотхонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгаж, ашиглалтад орууллаа. Тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 72.2 м х 30.0 м хэмжээтэй, нийт 8789.38 м.кв бүхий зоорьтой 4 давхар юм. Нийт 3 блок барилга бөгөөд 45 анги танхим, 5 кабинет, номын сан, лаборатори, спорт заал -2 , багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнүүдтэй.Спорт заалны барилга нь тэнхлэгээрээ 39.0 м х 18.0 м хэмжээтэй бөгөөд 9.82 м х 4.5 м хэмжээтэй хүзүүвчээр сургуулийн үндсэн барилгатай холбогдоно. Мөн гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тус сургуулийн барилгын ажлыг "Баганат өргөө" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
2026/01/12
216
НИЙГЭМ
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр энэ сарын 20-ноос эхлэн худалдаална. Энэ жил хонины мах 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах юм. Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалтыг хийж байна.
2026/01/12
233
НИЙГЭМ
Монгол брайль үсгээр хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг танилцуулж, дээжийг нь гардууллаа
Монгол брайль үсгээр хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр /2026.01.12/ танилцуулж, дээжийг нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд гардуулан өглөө.Монгол Улсын Их Хурлаас мэргэжлийн байгууллага, холбоотой хамтран хэвлэн нийтэлсэн энэхүү брайль Үндсэн хууль нь 2019 оноос хойш оруулсан бүх нэмэлт, өөрчлөлтийг багтаан нийтэлснээрээ онцлог юм.Хууль тэгш үйлчлэх зарчим, иргэн бүр мэдээллийг тэгш, хүртээмжтэй авах эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн энэхүү арга хэмжээг Улсын Их Хурлын дарга нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуулиа дээдэлж, сахин биелүүлэх нь хүн бүрийн үүрэг тул Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийг хэвлэн түгээж, нийгмийн бүлгүүдийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн ном, хэвлэл, контент бэлтгэн, иргэддээ Үндсэн хуулийн боловсрол олгох, түгээн дэлгэрүүлэхийн чухлыг онцолсон.Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Жил бүр Үндсэн хуулийн өдрийг угтан Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газраас олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жил энэ ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг монгол брайль үсгээр хэвлэж, нийтийн хэрэгцээнд зориулан хүргэж байна. Энэхүү хэвлэл нь брайль үсгээр уншдаг хүмүүст Монгол Улсын Үндсэн хуультай өөрийн биеэр илүү сайн танилцах, судлах боломжийг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм хэмээлээ.Монгол Улсад 2024 оны байдлаар 11.500 гаруй харааны бэрхшээлтэй иргэд бий гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Энэхүү номоос эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас олж авах, өөрийн төдийгүй бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглалын тогтолцоо, эрх үүргийн хуваарилалтын талаарх мэдээллийг авах, хууль дээдлэх, хуулийг сахин биелүүлэх мэдлэг, чадварт суралцахад тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн.Өнгөрсөн 2025 онд Монгол Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудсанд байршуулан олон нийтэд түгээсэн Монгол Улсын Үндсэн хуулийн дохионы хэлэнд хөрвүүлсэн болон аудио хувилбарын хандалт тус бүр 600 мянга гаруйд хүрснийг тэрбээр дурдаад, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх брайль хэвлэлийн төвд хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг Монгол Улсын үндэсний номын сан, 21 аймаг, 9 дүүргийн болон бусад номын сан, Хууль тогтоомж сурталчлах төвүүдээр дамжуулан түгээхээр төлөвлөж байгааг дуулгасан юм.Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа, Өнөөдөр бид ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчим болох хүний эрх, энэрэнгүй ёс, шударга ёсыг цогцлоох суурь зарчмуудыг өөрийн мэдэх брайль үсгээр унших боломж бүрдэж байна. Мэдээлэл авах боломж хязгаарлагдмал 11.500 гаруй хүн, мөн тийм тооны сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах чухал үйл явдал болж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаад зогсохгүй хүн бүр суурь эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх түүхэн үйл явдал хэмээн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо онцлон тэмдэглэж байна хэмээлээ.Тэрбээр, энэ түүхэн үйл явдлыг төр засаг, олон нийт, хүн бүр хөхиүлэн дэмжиж, хүн бүрийн суурь эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүрэн дүүрэн хангах чиглэлээр олон талт соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цаашид зохион байгуулахыг холбооны зүгээс уриалж буйг дуулгалаа.Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын удирдлага, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл оролцсон бөгөөд УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар брайль үсгээр хэвлэгдсэн Үндсэн хуулийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа, Парламентын номын сангийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн дарга З.Лхагвасүрэн, Монгол Улсын үндэсний номын сангийн Ном бүрдүүлэх, солилцох, боловсруулах хэлтсийн дарга Г.Гүнжинлхам, Ц.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн хараагүйчүүдийн номын сангийн номын санч П.Оюунбаяр нарт гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/01/12
205
НИЙГЭМ
Дорноговь аймаг Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөө хямд өртөгтэй орон сууцны төсөлд зарцуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд хэрэгжүүлж буй хямд өртөгтэй орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Тус аймаг 2016 оноос хойш түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлээр 2512 айлыг орон сууцаар хангажээ. Үүний 329 нь түрээсийн орон сууцанд хамрагдсан байна. Энэ онд 288 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ. Түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцны мкв-ын үнийн тухайд 1.9-2.4 сая төгрөг байна. Түрээсийн орон сууц барих эх үүсвэрийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж, одоогийн байдлаар 36.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Түрээсийн орон сууцанд хамрагдсан айлууд 5-10 жилд сар бүр төлбөр төлөхдөө хүү, алданги, ханшийн зөрүү огт төлөхгүй. Байрны төлбөрөө төлж дуусаад гэрчилгээ авсны дараа татварын хуулийн дагуу НӨАТ-ын буцаан олголт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрх нь үүсэх юм байна. Тус аймаг нарийн мэргэжлийн эмч, англи хэл, математикийн шилдэг багш нарыг орон нутагт ажиллуулах зорилгоор орон сууцаар үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлж байна. Ингэхдээ таван жил тогтвортой ажиллах нөхцөл тавьж, энэ шаардлагыг хангасан тохиолдолд амьдарч буй байрыг нь шууд өмчлөлд нь шилжүүлэх юм. 21 өрх дээрх нөхцөлөөр байртай болжээ. Мөн түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" төслийг энэ онд эхлүүлэх гэж байна. Тус төсөл нь орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх хүртлээбуюу 1-5 жилд зөвхөн хэрэглээний зардлаа л төлж, амьдрах боломжийг залууст олгох ажээ."Single apartment" нь 18-20 мкв байр, бүрэн тохижилттой, өмсөх хувцас, сургуулийн дипломтойгооирэхэд л хангалттай гэж аймгийн удирдлагууд танилцууллаа. Уг төсөлд хамрагдах залууст Дорноговь аймагт зургаан сараас дээш ажилласан, НДШ төлдөг байх гэсэн шалгуур тавьж байна.
2026/01/12
214
НИЙГЭМ
Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдтэй уулзлаа. Уулзалтад тус аймгийн 14 сумаас иргэдийн төлөөлөл оролцов. Дорноговь аймагт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буйд иргэд талархал илэрхийлээд, олон салбарт бугшсан авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүслээ. Тус аймгийн Мандах суманд ноос, ноолуур үнэгүйдэж, малын өвчлөл ихэсжээ. Үүнээс болж малчдын орлого буурсан. Шалтгааныг нь нутгийн иргэд хариуцлагагүй уул уурхайтай холбоотой гэж үзэж байна.Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт тасалдсанаас өрийн гинжин хэлхээ үүссэн нь эрүүл мэндийн үйлчилгээг доголдуулах хэмжээнд хүрсэн талаар тэд ярив. Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан Ерөнхий сайдын шийдвэрийг сайшаагаад, хамгийн гол нь бодит үр дүн гаргаж, цэгцлэх ёстой гэж байр сууриа илэрхийллээ. Даланжаргалан, Өргөн сумдын эмнэлэг туулах чадвар сайтай машингүйн улмаас алсын дуудлагад цаг алдах зэргээр тусламж үйлчилгээ нь саатаж байна. Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг шийдвэрлэж, сумдад тээврийн хэрэгсэл олгохоор боллоо. Дорноговь аймаг 1.6 сая малтай. Харин аймгийн хэмжээнд малын эмч 26 байгаад дүгнэлт хийж, бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Татварын ачааллаас болж мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд бэхжиж чадахгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Дорноговь аймаг 72 мянга гаруй хүн амтай. Тус аймаг улсаас татаас авдаггүй цөөн аймгийн нэг. Өнгөрсөн онд улсын төсөвт 166.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.
2026/01/12
211
НИЙГЭМ
Ерөнхий сайд Г.Занданшатар: Газар олголт, бүртгэлийг цэгцлэхээс Замын-Үүдийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, Засгийн газрын тэргүүнд санал, хүсэлтээ уламжиллаа. Иргэдэд тулгамдсан асуудлын нэг нь газар олголт болжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар газартай холбоотой санал хүсэлтийг үндэслэж, Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, Ажлын хэсгийг ирэх долоо хоногт Замын-Үүдэд ажиллуулахаар боллоо. Мөн хил, гаалийнхны уялдаа холбоогүй байдлыг цэгцэлж, хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгоход Засгийн газар анхаарч ажиллана гэсэн Ерөнхий сайдын байр суурийг сумын иргэд талархан хүлээн авлаа. Замын-Үүд суманд цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, хил, гааль, чөлөөт бүсийн уялдаа холбоог сайжруулж байж авлигын эрсдэлийг бууруулна. Үүний эхлэл болгож газар олголт, бүртгэлийг цэгцлэх ажлыг нэн даруй хэрэгжүүлнэ. Замын-Үүд сумын цэгцрэх хөдөлгөөн эндээс эхэлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй жолооч нарт татвар ногдуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн хувь хэмжээ тогтоож буйг иргэд шүүмжилж байв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр татвар хураамж дагаад өсөж, дарамт болж буй ажээ. Дорноговь аймгийн ИТХ-аар хуралдаанаар Эрээн-Замын-Үүд боомтоор зорчигч тээвэр эрхэлдэг хүмүүсийн сард төлдөг татварын хувь хэмжээг бууруулахаар шийдвэрлэсэн. Тогтоол албажих үйл явц холбогдох яаманд гацаад байсныг шинэ оны босгон дээр гацаанаас гаргасан гэдгийг Ерөнхий сайд мэдээллээ. Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт (2026.01.12) Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллана.
2026/01/12
226
НИЙГЭМ
Монгол Улсын байгалийн баялгийн зохистой хуваарилалт ба боловсролын өгөөж
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт уралдааны их, дээд сургуулийн оюутны ангилалд гуравдугаар байр эзэлсэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн оюутан А.Найдангийн эсээг толилуулж байна.“Баялаг улс орныг баян болгодоггүй, харин баялгийг удирдах институц л улс орныг баян болгодог” хэмээн эдийн засагч Дaрон Асемоглу онцолсон байдаг. Энэхүү санаа нь байгалийн баялгийн арвин нөөцтэй боловч хөгжлийн түвшин нь харилцан адилгүй улс орнуудын ялгааг тайлбарлахад өргөн хэрэглэгддэг онолын суурь болжээ. Байгалийн баялаг өөрөө хөгжлийг авчирдаггүй, харин түүнийг хэрхэн удирдаж, хуваарилж, иргэдийн амьдралд шингээж чадсанаар хөгжил бодитоор бий болдог гэдгийг дэлхийн туршлага харуулсаар байна.Зарим улс байгалийн баялгаас олсон орлогоо боловсрол, эрүүл мэнд, судалгаа, инновацад чиглүүлж, урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгож чадсан бол нөгөө хэсэг нь баялгийнхаа дэргэд ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, тогтворгүй эдийн засагтай хэвээр үлдсэн нь түүхэн бодит баримт юм. Ийм нөхцөлд “байгалийн баялагтай байх нь давуу тал уу, эсвэл сорилт уу?” гэсэн асуулт зайлшгүй гарч ирдэг.Монгол Улсын хувьд байгалийн баялаг нь эдийн засгийн чухал тулгуур болсоор ирсэн. Гэсэн хэдий ч оюутан, залуусын өнцгөөс харахад байгалийн баялгийн өгөөж бидний амьдралд хэр гүн шингэж байгааг эргэцүүлэх шаардлага байсаар байна. “Их байна уу, бага байна уу” гэдгээс илүүтэй тэр баялаг бидний боловсрол, хөгжилд яаж шингэж байна вэ гэдэг нь чухал.Монгол улсын иргэн, оюутан хүний хувьд эдгээр асуултыг зөвхөн онолын түвшинд бус, өөрийн бодит туршлага, гэр бүлийн нөхцөл байдал, үе тэнгийнхний ажиглалтад тулгуурлан тавьж байна. Энэхүү эсээ нь байгалийн баялгийг зохистой хувиарлахыг зөвхөн шүүмжлэхээс илүүтэй, асуулт тавьж, онолтой холбож, бодит жишээгээр дамжуулан илүү оновчтой хуваарилалт байх боломжтой эсэхийг эрэх зорилготой.Байгалийн баялаг үнэхээр “нийтийн өмч” мөн үү?Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан байдаг. Онолын хувьд энэ нь иргэн бүр байгалийн баялгийн өгөөжийг хүртэх эрхтэй гэсэн үг. Гэвч бодит амьдрал дээр энэ өмчлөл оюутан, залуусын амьдралд хэр хэмжээнд мэдрэгдэж байна вэ гэдэг асуулт тодорхой хариултгүй хэвээр байна.Би Монгол Улсын Их Сургуульд суралцдаг нэгэн оюутны хувьд сургалтын орчин, лабораторийн тоног төхөөрөмж, судалгааны боломж зарим талаар хязгаарлагдмал хэвээр байгааг өдөр тутамдаа хардаг. Улсын хэмжээнд байгалийн баялгийн орлого, эдийн засгийн өсөлтийн талаар яригдаж байхад их сургуулийн сургалтын орчинд гарах өөрчлөлт удаан, заримдаа мэдэгдэхүйц бус байдаг нь баялгийн өгөөж боловсролын салбарт хэр гүн шингэж байгааг эргэлзэхэд хүргэнэ. Хэрэв байгалийн баялаг үнэхээр нийтийн өмч юм бол тэр өмч оюутны суралцах нөхцөлд илүү тод мэдрэгдэх ёсгүй гэж үү?Энэ асуулт гэр бүлийн түвшинд бүр илүү хурц тавигддаг. Миний аав уул уурхайн салбарт ажилладаг. Гаднаас нь харахад уул уурхай өндөр орлоготой салбар мэт ойлгогддог ч бодит байдал дээр түүний орлого зах зээлийн үнийн савлагаа, ажлын нөхцөлөөс шалтгаалан тогтворгүй байдаг. Зарим үед цалин боломжийн байж болох ч зарим үед тогтмол орлогогүй хугацаа үргэлжилдэг. Ийм нөхцөлд сургалтын төлбөр, байр, амьжиргааны зардал манай гэр бүлийн хувьд бодит дарамт болдог.Эндээс нэгэн зөрчил тод харагдана. Улс орон байгалийн баялгаас орлого олж байна гэж ярьж байгаа атлаа тэр баялгийг олборлоход хөдөлмөрлөж буй хүмүүсийн хүүхдүүд хүртэл боловсролын төлбөрийн асуудалтай тулгарч байна. Энэ нь байгалийн баялгийн өгөөж системийн түвшинд боловсролд хангалттай чиглэн очиж чадаж байна уу гэсэн асуултыг зайлшгүй тавихад хүргэнэ.Гэсэн хэдий ч энэ байдал нь бүх зүйл буруу явж байна гэсэн дүгнэлтэд хүргэх албагүй. Монгол Улсад боловсролын салбарт төсвийн санхүүжилт нэмэгдэж ирсэн, их дээд сургуулийн хүртээмж өргөжсөн, оюутны зээл, тэтгэлгийн тогтолцоо бүрдсэн зэрэг эерэг ахиц бодитоор бий. Харин асуудал нь “хийж байгаа эсэх”-д бус, ямар зорилгоор, хэнд, хэр оновчтой хүрч байна вэ гэдэгт оршиж байна.Байгалийн баялгийн өгөөжийг боловсролд амжилттай шингээж чадсан жишээ нь Норвег улс юм. Норвег улс 1990 онд газрын тосны орлогоо шууд хэрэглээнд зарцуулахын оронд хуримтлалын тогтолцоогоор дамжуулан боловсрол, судалгаа, хүний хөгжилд чиглүүлсэн нь байгалийн баялгийг нэг үеийн ашиг бус, олон үеийн хөрөнгө оруулалт болгон хувиргах боломжийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд их, дээд боловсрол сургалтын төлбөрийн дарамт багатай, судалгаанд суурилсан тогтвортой орчинд хөгжиж, байгалийн баялаг нь оюутны амьдралд бодитоор шингэх нөхцөл бүрдсэн байна.Иймээс Норвегийн жишээнээс суралцах бодит шийдэл нь баялгийн орлогыг шууд хуулбарлан ашиглах бус, харин институцийн зарчмыг нь нутагшуулахад оршино. Тухайлбал, байгалийн баялгийн орлогын тодорхой хувийг боловсрол, судалгаанд зориулах тусгай зорилтот сан бий болгож, түүний зарцуулалтыг улс төрийн мөчлөгөөс үл хамаарах, ил тод, хариуцлагатай тогтолцоогоор зохицуулах боломж Монгол Улсад бий. Энэ сан нь оюутны сургалтын орчин, лаборатори, судалгааны төсөл, багш, судлаачдын чадавхыг дэмжихэд чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалтын суваг болж чадна.Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өмнө тулгарч буй гол сорилт нь байгалийн баялгийг боловсролд ашиглах эсэхэд бус, харин түүнийг яаж тогтвортой, үе дамжсан үнэ цэнэ болгон хувиргах вэ гэдэгт оршиж байна. Хэрэв байгалийн баялгийн өгөөжийг өнөөдрийн хэрэглээнээс илүүтэй маргаашийн мэдлэг, хүний капиталд зориулах бодлогын сонголтыг хийж чадвал Норвегийн туршлага Монголын нөхцөлд өөрийн гэсэн хэлбэрээр хэрэгжих бүрэн боломжтой юм.Их сургууль төгсөх нь яагаад мэргэжлээрээ ажиллах баталгаа биш хэвээр байна вэ?“Боловсрол бол ирээдүйн хамгийн найдвартай хөрөнгө оруулалт” хэмээн эдийн засагч Жозеф Стиглиц тэмдэглэсэн байдаг. Гэвч Монголын бодит нөхцөлд их сургууль төгсөх нь заавал мэргэжлээрээ ажиллах баталгаа болж чаддаггүй хэвээр байна. Яагаад боловсролд зарцуулж буй цаг, зардал хөдөлмөрийн зах зээлд бодит өгөөж болж хувирахгүй байна вэ?Эхний шалтгаан нь их сургуулийн сургалтын хөтөлбөрүүд онолын мэдлэгт төвлөрч, бодит ажлын байранд шаардагдах дадлага, практик ур чадвар хангалтгүй олгож байгаатай холбоотой. Үүний улмаас төгсөгчид дипломтой боловч ажил олгогчдын “туршлагатай ажилтан” гэсэн шаардлагад нийцэхгүй үлдэх тохиолдол элбэг.Хоёр дахь шалтгаан нь Монголын эдийн засгийн бүтэцтэй холбоотой. Эдийн засаг уул уурхайн салбарт төвлөрсөн хэвээр байгаа нь мэргэжлийн ажлын байрны төрөл, тоог хязгаарладаг. Байгалийн баялгаас орж ирсэн орлого ихэвчлэн ерөнхий төсвийн зардалд уусаж, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл, судалгаа, инновацын салбарт хангалттай хэмжээгээр хөрвөж чаддаггүй. Үүний улмаас их сургууль төгсөгчдийн эзэмшсэн мэргэжил хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлттэй зөрчилдөх нь түгээмэл болдог.Монгол Улсад боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлтэй бүрэн холбогдож амжаагүй, шилжилтийн шатандаа явж байгаатай холбоотой. Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиудад үйлдвэрлэлийн дадлага хийх шаардлага хөтөлбөрт тусгагдах болсон нь ахиц боловч энэ нь ихэвчлэн богино хугацааны, формаль шинжтэй хэвээр байна. Оюутнууд дадлагаа бодит ур чадвар эзэмшихээс илүү “шаардлага хангах” зорилгоор гүйцэтгэх нь элбэг бөгөөд төгсөөд ажлын байранд шууд шилжих бат бөх гүүр болж чаддаггүй.Өөрөөр хэлбэл, Монгол Улсад диплом ба ажлын байр хоёрын хооронд системийн хоосон зай оршсоор байна. Энэ нь оюутны хувь хүний сул тал бус, харин боловсрол–хөдөлмөрийн зах зээлийг холбосон тогтолцоо хараахан бүрэн төлөвшөөгүй байгааг илтгэнэ.Үүнийг Герман улсын туршлагатай харьцуулбал ялгаа тод харагдана. Германд боловсрол ба хөдөлмөрийн зах зээл хоёр тусдаа шат бус, харин нэг урсгал байдлаар зохион байгуулагддаг. Оюутнууд их сургуульд онолын мэдлэг эзэмшихийн зэрэгцээ компани, байгууллагад албан ёсоор ажиллан дадлага хийж, бодит ажлын орчинд ур чадвараа хөгжүүлдэг. Ингэснээр төгсөх үед дипломоос гадна ажлын туршлагатай болж, мэргэжлээрээ ажиллах нь онцгой давуу тал бус, хэвийн үр дүн болдог.Энд ялгаа нь зөвхөн эдийн засгийн чадавх бус, харин тогтолцооны хөгжлийн шатанд оршиж байна. Герман улс боловсролоос ажилд шилжих шат дамжлагыг институцийн түвшинд бүрэн гүйцэд зохион байгуулсан бол Монгол Улс энэ тогтолцоог бүрдүүлэх эхний шатандаа явж байна. Монголд дадлага нь ихэвчлэн сургалтын төгсгөлд хавсаргадаг нэмэлт элемент байхад, Германд дадлага нь сургалтын үндсэн хэсэг болдог.Гэсэн хэдий ч энэ нь Монгол Улсад ийм тогтолцоо бүрдэх боломжгүй гэсэн үг биш юм. Харин ч байгалийн баялгаас олж буй орлого нь их, дээд сургуулиудыг бодит үйлдвэрлэл, судалгаа, хөдөлмөрийн зах зээлтэй холбох санхүүгийн боломж болж чадна. Хэрэв байгалийн баялгийн өгөөжийг их сургуулийн дэргэдэх дадлага, судалгаа, үйлдвэрлэлтэй уялдсан сургалтын орчин бүрдүүлэхэд чиглүүлж чадвал Монгол Улс шилжилтийн шатнаас тогтолцоот шат руу ахих боломжтой.Гадаадад суралцах нь яагаад “буцаж ирэх зам” болж чаддаггүй вэ?Сүүлийн жилүүдэд олон залуус гадаадад суралцаж, төгсөөд эх орондоо эргэж ирэхээс илүүтэй тухайн улсад амьдран үлдэх хандлага нэмэгдэж байна. Үүнийг ихэвчлэн “тархины урсгал” хэмээн сөргөөр тайлбарладаг ч орчин үеийн хөгжлийн онолд гадаадад сурч, туршлага хуримтлуулах нь өөрөө сөрөг үзэгдэл бус, харин зөв ашиглаж чадвал давуу тал болдог гэж үздэг. Асуудал нь залуус гадаадад сураад байна уу гэдэгт бус, харин тэд буцаж ирэхэд мэдлэгээ ашиглах бодит орчин байна уу гэдэгт оршиж байна. Гадаадад сурсан залуус орчин үеийн лаборатори, судалгааны бааз, тодорхой карьерын зам харж чаддаг бол Монголд ийм орчин хомс хэвээр байгаа нь эх орондоо буцах сонирхлыг сулруулдаг.Асуудал нь залуус гадаадад сураад байна уу гэдэгт бус, харин тэд буцаж ирэхэд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа хэрэгжүүлэх бодит орчин байгаа эсэхэд оршиж байна. Гадаадад суралцсан залуус орчин үеийн лаборатори, судалгааны дэд бүтэц, тодорхой карьерын шатлалыг харж чаддаг бол Монголд ийм орчин, замнал тодорхой бус хэвээр байгаа нь эх орондоо буцах сонирхлыг сулруулдаг.Эндээс нэг чухал асуулт гарч ирнэ. Монгол Улс гадаадад суралцсан залуусыг “буцаж ирэх ёстой” гэж уриалж байна уу, эсвэл “буцаж ирэхэд утгатай орчин” бүрдүүлж байна уу? Хэрэв хоёр дахь нь хангалтгүй бол залуусын сонголтыг хувь хүний эх оронч сэтгэлээр хэмжих нь учир дутагдалтай.Энэ асуудлыг шийдсэн улс орнуудын туршлагаас харахад гол шийдэл нь уриа бус, тодорхой механизм байжээ. Жишээлбэл, БНСУ 1990-ээд оноос эхлэн гадаадад докторын зэрэг хамгаалсан залуусыг эх орондоо буцаах зорилгоор судалгааны их сургуулиуд, төр–хувийн хэвшлийн хамтарсан лабораториудыг байгуулж, тэднийг бодит төсөл, тогтвортой санхүүжилттэй ажлын байраар хангасан. Үүний үр дүнд гадаадад сурсан мэргэжилтнүүд эх орондоо эргэж ирэх нь “алдагдал” бус, карьерын боломж болж хувирсан.Үүнтэй төстэй жишээ нь БНХАУ-ын “буцагч мэргэжилтэн”-ий бодлого юм. Хятад улс гадаадад сурсан залуусыг заавал төрийн албанд оруулахыг зорьсонгүй, харин судалгаа, стартап, инновацын экосистемд нэвтрэх орчныг бүрдүүлснээр тэднийг өөрсдөө буцаж ирэх нөхцөлийг бий болгосон. Эндээс харахад амжилтын гол хүчин зүйл нь “шахалт” бус, сонголтод суурилсан бодлого байжээ.Эдгээр кейсээс харахад “тархины урсгал”-ыг “тархины эргэлт” болгох шийдэл нь гурван үндсэн нөхцөлтэй байна. Нэгдүгээрт, гадаадад сурсан залуусын ур чадварыг ашиглах судалгаа, инновац, мэдлэгт суурилсан ажлын байр хэрэгтэй. Хоёрдугаарт, карьерын тодорхой замнал, тогтвортой санхүүжилт бүхий орчин шаардлагатай. Гуравдугаарт, буцаж ирэх шийдвэр нь албадлага бус, харин боломжийн үр дүн байх ёстой.Монгол Улсын хувьд байгалийн баялгийн өгөөж эдгээр нөхцөлийг бүрдүүлэх бодит эх үүсвэр байж чадна. Хэрэв баялгийн орлогын тодорхой хэсгийг судалгааны их сургууль, инновацын төв, стартап экосистемийг хөгжүүлэхэд чиглүүлж чадвал гадаадад суралцах нь эх орноос явах зам бус, харин илүү чадавхтайгаар буцаж ирэх шат болж хувирна. Ингэж чадвал гадаадад сурсан залуусын мэдлэг Монголын хөгжлөөс тасрах бус, харин түүнд шингэх нөхцөл бүрдэнэ.Байгалийн баялаг ба үе дамжсан хариуцлагаБайгалийн баялгийн хуваарилалтын асуудал нь зөвхөн эдийн засгийн үр ашиг, өнөөгийн хэрэглээний асуудал бус, харин ёс зүй, үе дамжсан хариуцлагын асуудал юм. Байгалийн баялаг хэний өмч вэ гэсэн асуултад хууль, бодлогын түвшинд “ард түмний өмч” гэж хариулдаг ч философи, ёс зүйн үүднээс авч үзвэл энэ өмчлөл нь зөвхөн өнөө үеийнхэнд бус, ирээдүй үеийнхэнд ч хамаарах ойлголт юм. Үүнийг хөгжлийн онолд “үе дамжсан шударга ёс” хэмээн тодорхойлж, өнөөдрийн шийдвэрүүд маргаашийн иргэдийн боломжийг хязгаарлах ёсгүй гэж үздэг.Америкийн философич Жон Роулз шударга нийгмийн суурийг тодорхойлохдоо “ирээдүй үеийн ашиг сонирхлыг үл тоомсорлосон шийдвэр нь ёс зүйн хувьд шударга байж чаддаггүй” хэмээн онцолсон байдаг. Энэ санааг байгалийн баялгийн хуваарилалтад хэрэглэхэд, өнөөдрийн богино хугацааны ашиг, хэрэглээнд чиглэсэн бодлого нь ирээдүйн боловсрол, хүний хөгжилд сөргөөр нөлөөлж байвал ёс зүйн хувьд үндэслэл сул болно. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгийг өнөөдөр хэрхэн ашиглаж байгаагаар маргаашийн оюутан, залуус ямар боломжтой байхыг бид урьдчилан тодорхойлж байна гэсэн үг юм.Эдийн засгийн судалгаанд ч энэ асуудлыг баталж ирсэн. Судлаач Дaрон Асемоглу байгалийн баялгийн өгөөжийг институцийн чанар муутай орчинд богино хугацаанд тараан зарцуулах нь ирээдүйн хөгжлийг “идэж” буйтай адил үр дагавартайг онцолсон байдаг. Харин баялгийг хуримтлал, боловсрол, судалгаанд чиглүүлж чадсан улс орнууд баялгаа үе дамжин хадгалж, ирээдүй үеийн амьдралын чанарыг сайжруулж чадсан нь олон улсын туршлагаас харагддаг. Энэ нь байгалийн баялгийг зөвхөн эдийн засгийн бус, ёс зүйн хөрөнгө гэж ойлгох шаардлагатайг илтгэнэ.Оюутан сурагчийн өнцгөөс харахад үе дамжсан хариуцлага гэдэг нь хийсвэр ойлголт бус, харин бодит амьдралд мэдрэгддэг асуудал юм. Өнөөдрийн боловсролын санхүүжилт, багшийн цалин, сургалтын орчны чанар нь ирээдүйн оюутнуудын гарааны нөхцөлийг тодорхойлж байна. Хэрэв байгалийн баялгийн өгөөж суурь боловсрол, их, дээд сургуулийн чанарт шингэж чадалгүй, түр зуурын хэрэглээнд зарцуулагдсаар байвал ирээдүй үеийнхэнд шилжих ёстой боломжууд алдагдах эрсдэлтэй.Иймээс байгалийн баялгийн зөв хуваарилалт нь зөвхөн “ямрыг нь хаана зарцуулах вэ” гэсэн бодлогын асуулт бус, харин бид ирээдүй үеийн өмнө ямар ёс зүйн хариуцлага хүлээж байна вэ гэсэн суурь сонголт юм. Байгалийн баялгийг боловсрол, хүний хөгжилд зориулах нь эдийн засгийн ашигтай байгаад зогсохгүй, ирээдүй үеийн эрх ашгийг хүндэтгэсэн, шударга нийгэм байгуулах үндэс болж чадна. Энэ утгаараа байгалийн баялгийн тухай өнөөгийн шийдвэр бүр нь маргаашийн оюутнуудын боломжийг бүтээгч эсвэл хязгаарлагч хүчин зүйл болж байна.ДүгнэлтМонгол Улс байгалийн баялгаа ашиглаж байна уу гэсэн асуултаас илүүтэйгээр тэр баялгийг хэнд, ямар ирээдүйд зориулан, ямар тогтолцоогоор хуваарилж байна вэ гэсэн асуудал өнөөдөр илүү чухал болж байна. Оюутны өнцгөөс харахад байгалийн баялаг нь өөрөө сайн эсвэл муу гэсэн хоёр туйлын аль нэгэнд багтах ойлголт бус, харин түүнийг удирдах институцийн чанар, бодлогын зорилго, хэрэгжилтийн уялдаанаас шалтгаалан боломж ч болж чадна, сорилт ч болж хувирна.Хэрэв байгалийн баялгийн өгөөж боловсролын чанарт бодитоор шингэж, их сургууль төгсөгчид мэргэжлээрээ ажиллах бодит боломж бүрдэж, залуус эх орондоо ирээдүйгээ төлөвлөж чадах орчин бий болбол байгалийн баялаг жинхэнэ утгаараа нийтийн өмч болж чадна. Харин энэ холбоо сул хэвээр байвал байгалийн баялаг нь макро түвшний тоон үзүүлэлт дээр үлдэж, оюутан, залуусын өдөр тутмын амьдралд хүрч чадахгүй хэвээр үлдэх эрсдэлтэй.Монголын их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Ирээдүй гэдэг өчигдрийн мөрөөдөл, өнөөдрийн хөдөлмөр, маргаашийн амжилт юм” хэмээх үгэнд би туйлын их дуртай. Энэхүү үг нь байгалийн баялгийн тухай өнөөгийн маргааныг илүү гүн утгаар ойлгоход чиглүүлнэ. Байгалийн баялаг нь өөрөө ирээдүйг бүтээхгүй, харин түүнийг хэрхэн удирдаж, хүний хөгжилд хөрвүүлж чадсанаар л ирээдүй бодитоор бүрэлддэг.Байгалийн баялаг бол газар доорх нөөц төдий зүйл биш, харин түүнийг хүний хөгжил, мэдлэг, итгэл болгон хувиргаж чадвал жинхэнэ баялаг болдог. Энэ шилжилтийг хийж чадах эсэх нь өнөөдрийн бодлогоос, түүнийг шүүж харж буй оюутан, залуусын оролцооноос хамаарна. Ирээдүй бидэнд бэлнээр ирэхгүй, харин байгалийн баялгийг хэрхэн хуваарилж чадсанаар л бүтээгдэнэ.Ашигласан эх сурвалж:-Why Nations FailAcemoglu, D., & Robinson, J. (2012). Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty. Crown Publishers.-Making Globalization WorkStiglitz, J. (2007). Making Globalization Work. W. W. Norton & Company.-United Nations. (2015). Transforming our world: the 2030 Agenda for Sustainable Development.
2026/01/08
236
НИЙГЭМ
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.Бортээгийн орд - суурь судалгаа бүрдсэн төсөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн, нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусна. Нүүрсний зах зээлийн дэлхийн чиг хандлага: БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай уялдан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл ажиглагдаж байна.Иймд дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байна.Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:-Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах-Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох-Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох-Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих-Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулахБортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:-Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,-Үндэсний баялгийн сан арвижин,-Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд -шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.
2026/01/07
219
НИЙГЭМ
Сэлбэ голын явган зам болон бусад тохижилтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, түшиц хана болон тохижилтын ажлын явцтай танилцлаа.Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй хамгаалалтын түшиц ханыг бариад байна. Мөн үерээс хамгаалах зориулалттай чулуун бэхэлгээг хийж буй. Уг төслийн гүйцэтгэгчээр "Билгүүн Монгол Констракшн" ХХК ажиллаж байна. Гуравдугаар сараас ажил үргэлжлэх юм. Түшиц хана болоод голын голдирол тохируулах ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Харин тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргээ дагасан хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний зам болоод бусад тохижилтыг хийж байгаа юм. Тохижилтын ажлыг “Силла групп” ХХК гүйцэтгэж байна.НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Зэвэрдэггүй ган, 4 мм-ийн зузаантай, 1.2 метр өндөртэй төмрөөр явган замын хашлага хийж байна. Мөн голын хажуугаар гэрэлтүүлэг хийсэн. Малгайвчууд хийсэн. Хашлага, малгайвчийн үлдсэн ажлууд бусад ажилтай уялдан хийгдэж байна” гэлээ.“Силла групп”-ийн төслийн удирдагч Х.Халиун “2025 оны есдүгээр сарын 6-нд үерийн далангийн дотор болон гаднах явган замын тохижилтын ажлыг авсан. Бид гуравдугаар сард дулаарч эхлэхээр ажлаа эхлэхээр төлөвлөж байна. Тус ажил 50 хувьтай байна” гэлээ.
2026/01/06
248
НИЙГЭМ
Тусгай замын автобус төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх Тусгай замын автобус /BRT/ төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2026 оны эхний улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.Төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах мэргэшсэн байгууллагыг тодруулснаар барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдэх юм. Нарийвчилсан ажлын зурагт автобусны тусгайлсан эгнээ, буудлын төлөвлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, гэрлэн дохионы шинэчлэлт, нийтийн эзэмшлийн талбай, явган болон дугуйн замын шинэчлэлт тохижилт, ухаалаг тээврийн систем (ITS), аюулгүй байдлын цогц шийдлүүдийг олон улсын стандарт, норм шаардлагын дагуу тусгана. Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, ТЭЗҮ боловсруулах, төслийн үзэл баримтлал тодорхойлох, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатлалын төлөвлөлт зэрэг суурь ажлуудыг үе шаттай гүйцэтгэж дууссан. Энэхүү төслийг хотын төв болон захын бүсүүдийг холбосон, хөдөлгөөний ачаалал ихтэй гол замууд буюу Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу- Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тус төсөл нь нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хурд, найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах, улмаар иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн алдагдлыг багасгах ач холбогдолтой.
2026/01/06
216
