mmnews.mn | 2026-04-26

УЛС ТӨР

УЛС ТӨР
'Оюу Толгой' төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио Тинто” группийн удирдлагуудад захидал илгээж, тодорхой нөхцөлүүдээр шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагын мөрөөр “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа нотолсон.Үүний дагуу “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүс Монголд ирээд байгаа бөгөөд менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү зэрэг асуудлаар тодорхой саналтай ирснээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай хийсэн уулзалтынхаа үеэр танилцуулсан юм. “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийг хүндэтгэж, тодорхой дэвшилтэт саналтай хүрэлцэн ирсэн нь талархууштай боловч тавьсан саналууд учир дутагдалтай байгаа учир хүлээн авах боломжгүйг Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэв.Ерөнхий сайд Г.Занданшатар “Харилцан ашигтай байх” зарчим “Оюу Толгой” төсөлд алдагдсан гэсэн 2009 оны байр суурин дээрээ одоо ч баттай зогсож байгаагаа дахин илэрхийлж, Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2 дахь заалт, УИХ-аас 2025 оны 12-р сард Оюу толгойн асуудлаар баталсан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс дараах шаардлагуудыг тавьж байгаагаа хэллээ. Үүнд:“Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах,Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах, Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,“Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг тавьж, үндэслэлээ тайлбарлав.Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ “Оюу Толгой” төсөлтэй холбоотой 2009 оноос хойш яригдсан, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа шийдлээ хүлээсээр буй олон асуудлыг цэгцлэх цаг болсон. Баялагтаа эзэн байх зарчим бий. Монгол Улс “Оюу Толгой” төслөөс 20, 30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь аливаа төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй. Монголчууд баялагтаа эзэн байх үзэл санаа бол ард түмний Үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг юм” гэлээ.“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон Оюу Толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэлэлцээрийг үргэлжлүүлж, Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.
2026/03/10
280
УЛС ТӨР
Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Багануур дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Месес” ган төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн жил Багануур дүүргийн үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор эрчим хүчний асуудалд нь анхаарч, Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалт хийн 6.3 км шугам холбосон. Монгол Улсын гангийн жилийн дундаж хэрэглээ 300 орчим мянган тонн байдаг. Гаднын хөрөнгө оруулалттай “Месес” компани нь жилд 100-120 мянган тонн ган төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ жил нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад импортыг орлосон, дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна. Тухайлбал, ДЦС-5, Тойрог хурдны зам, Туулын хурдны зам зэрэг том бүтээн байгуулалтын ажлууд хийхтэй холбоотойгоор төмрийн хэрэглээ нэмэгдэнэ. “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа барилгын компаниудад арматураа тус үйлдвэрээс авах чиглэл өгснөөр гэрээ байгуулан ажиллаж байна. Бид ойрын хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон бусад үйлдвэрүүдтэй танилцана” гэв.  “Месес” ХХК-ийн захирал С.Амарбат “Манай үйлдвэр энэ онд бүрэн хүчин чадлаараа ажиллана. Бид дөрөвдүгээр сарын 10-аас ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүхий эдийн олдоц хэвийн байгаа бөгөөд цаашид хүдэр хайлуулах нэг зуух ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ийг хийлгэж байна” гэлээ.Тус үйлдвэр нь нийт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дэлхийн дэвшилтэт технологийн металлургийн тоног төхөөрөмж, төмөр боловсруулах үйлдвэрлэлийн технологи, цэвэршүүлэх зуух ашиглан цельсийн 1080-3060 градуст төмөр хайлуулан 150 мм-ийн голчтой босоо хэвд цутгаж тасралтгүй цувих процессын аргаар олон улс болон Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартын чанарын шаардлагыг бүрэн хангасан ган туйван үйлдвэрлэдэг.
2026/03/06
350
УЛС ТӨР
'Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт' санаачилгыг эрдэнэтчүүд дэмжиж байгаагаа илэрхийллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд төвийн болон хойд бүсийн иргэдтэй уулзаж, парламентаас дэвшүүлж буй бодлого, зорилтын хүрээнд санал солилцож байна.Өнөөдөр тэд (2026.03.06) Орхон аймгийн иргэдтэй уулзаж, орон нутагт тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогын талаар нээлттэй ярилцлаа. Түүхт 50 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт хот урд, хойд хөрштэйгөө төмөр замаар холбогдсон, дэд бүтэц, аж үйлдвэр, зам тээвэр, харилцаа холбоо эрчимтэй хөгжсөнөөс гадна хүн амын тоогоороо улсад хоёрдугаарт эрэмбэлэгддэг.Улсын Их Хурлын дарга өөрийн дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил болон авлигын эсрэг чөлөөлөлтөөр хэрэгжүүлнэ гэдгээ тодотгов. Тухайлбал, эдийн засгийн чөлөөлөлтөөр хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөхийг зорьж байгаа бол эрх зүйн чөлөөлөлтөөр хуулийн хулгай, хийдэл давхардал, дүрэм журмын гох дэгээг арилгана гэлээ. Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцдөө түшиглэн, түлш шатахуун, эрчим хүчний импортын хараат байдлаас чөлөөлөхөд ногоон хөгжлийн буюу гурав дахь чөлөөлөлтийн зам чиглэх аж. Дөрөвдүгээрт, авлига, ашиг сонирхлын гэмт хэргийн эсрэг тэмцлийг биечлэн манлайлж ажиллахаа илэрхийлээд, бүх шатанд ёс зүй, хариуцлагын цаг эхэлснийг тодотгов.Мөн илтгэлдээ төсөв, эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүний бүтэц, импорт, экспортын зарим тоон өөрчлөлтүүдээс дурдав. Тодруулбал, сүүлийн таван жилд манай улсын экспортын орлого хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн оны байдлаар 15.7 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 75 хувь нь зөвхөн нүүрс, зэсийн борлуулалтаас орж ирсэн байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр импорт ч өсөж, жилд эрчим хүч, түлш шатахуун барилгын материал, хүнс зэрэгт 4.8 тэрбум ам.долларыг зарцуулж байгааг хэллээ. Тоон үзүүлэлтээс харахад эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн ч энэ нь иргэдийн амьжиргаанд бодитой мэдрэгдэхгүй байгааг Улсын Их Хурлын дарга тодотгож, төсвийн урсгал зардлыг багасгаж, сахилга бат, хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэхээ илэрхийлэв.Төсвийн тэлэлтийг хязгаарласнаар инфляцын дарамт буурна. Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах Улсын Их Хурлын тогтоолыг баталж, хэрэгжилтийн хүрээнд хаврын чуулганаар хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг танилцуулсан юм. Эдгээр эрх зүйн шинэчлэл нь банкны салбарын реформ, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, төрийн өмчит компаниудын ил тод байдал болон нийгмийн даатгалын сангийн шинэчлэлд чиглэх юм байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжсэн татварын шинэчлэл хийх орон зайг бий болгох нь эдийн засгийн чөлөөлөлтийн гол ажил байх ажээ. Хоёр дахь зам болох эрх зүйн чөлөөлөлтийг хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглахаас эхэлнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга тодотгов. Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зүйл, заалтууд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн эсэхийг хиймэл оюун ухаанаар шинжилдэг болсноор хүний эрхийн зөрчилтэй хуулийг парламент хэлэлцэхгүй болно гэлээ.Түүнчлэн энэ хаврын чуулганаар хүний эрхийн зөрчилтэй хууль, тогтоомжийн зөрчил, давхардал хийдлийг арилгаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарна гэдгээ мэдэгдэв. Энэ хүрээнд Гэр бүлийн тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудыг эхний ээлжинд хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа юм байна. Зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгч, хувийн хэвшлийнхнийг төрийн хүнд суртал, шат дамжлагаар залхааж, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй ч заавал шаардагддаг баримт бичгүүдийг цөөлнө гэв. Мөн заримыг нь тусгай зөвшөөрлөөс энгийн зөвшөөрөлд шилжүүлж, олгох явцыг хялбаршуулж, хүчинтэй хугацааг сунгах, 21 төрлийн үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх зэрэг зохицуулалтуудыг уг төсөлд тусгажээ.Эрчим хүч, түлш шатахууны импортын хараат байдлаас чөлөөлөх гурав дахь зам ногоон хөгжлийн бодлого руу чиглэж байна. Холбогдох журмыг шинэчилснээр айл, өрхүүд нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбох асуудлыг 11 өдрийн дотор шийдвэрлэдэг болсон нь энэ ажлын эхний үр дүн гэдгийг хэллээ. Энэ мэтчилэн ногоон шилжилтийг хурдасгахад саад, гацаа болдог журмуудыг цэгцэлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг тэргүүн эгнээнд эрэмбэлж хэрэгжүүлнэ гэв.Улмаар айл, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлж, аймаг, сумдад төр, хувийн хэвшлийн түншлэлээр сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг байгуулах төлөвлөгөөг танилцууллаа. Улсын хэмжээнд цахилгаан автомашины тоо ердөө 100 хүрэхгүй байгааг нэмэгдүүлж, цэнэглэх дэд бүтцийг ложистикийн ашигтай байршлуудад байгуулах санаачилгыг онцлов. Эдгээр ажлыг багцаар нь хэрэгжүүлэх Улсын Их Хурлын тогтоолыг оны өмнө баталжээ. Эцэст нь авлигын эсрэг чөлөөлөлт буюу авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгтэй холбоотой хууль, тогтоомжийн өөрчлөлтийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх талаар танилцууллаа.Орхон аймгийн иргэд Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Иргэд үнийн өсөлт, цалин тэтгэврийн нэмэгдэл, орон нутгийн засаглалын чадамж, шаардлагатай зарим бүтээн байгуулалттай холбоотой саналуудыг хэлж, асуулт асуулаа. Мөн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, системийг шүүмжилж, хэвийн ажиллагааг хангах, үйлдвэрийн цагаан тоос дэгдэх үеэр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгааг анхаарахыг хүсэв.Түүнчлэн ипотекийн зээлийн хүртээмжийг нийслэл, орон нутагт ижил харьцаатай буюу 50, 50 хувь болгох, хэрэглээний зээлийн хүүг бууруулах, банк бус санхүүгийн байгуулагуудыг цэгцлэх саналуудыг хэлж байв. Хуулийн хэрэглээг өөрсдийн үзэмжээр өөрчилдөг, хууль хүн бүрд ижил тэгш үйлчлэхгүй байгаа асуудлыг ч дэвшүүллээ. Өсвөр насныхны дунд  электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг анхаарч, холбогдох хуулиар зохицуулах асуудлыг ахлах ангийн сурагчдын төлөөлөл хэлсэн юм.Улсын Их Хурлын дарга иргэдийн асуултад хариулах үеэрээ бүсчилсэн уулзалтуудын мөрөөр Засгийн газрын хуралдааны шийдвэр гарч, тулгамдсан асуудлуудыг салбарын яамд, холбогдох албан тушаалтнуудаар дамжуулан тухай бүр шийдвэрлэж ажиллахыг тодотголоо.Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэбат нар албаны хүмүүсийн хамт оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/03/06
268
УЛС ТӨР
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ
-Засгийн газар энэ онд хүнсний улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр болж, тариаланчдын борлуулалтыг баталгаажууллаа-Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2026-03-05) Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Тариалалтаас урьтаж салбарын төлөөлөлтэй уулзаж байгаагаа Ерөнхий  сайд Г.Занданшатаронцлоод, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдалтай энэ цагт стратегийн бүтээгдэхүүн улаанбуудай, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтад Засгийн газар онцгой анхаарч, дэмжихээ илэрхийллээ. Засгийн газраас татварын тогтвортой орчин бүрдүүлж, улаан буудайн дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэлээ.Тус холбооныхон хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулал болон бордооны хөнгөлөлтийн санхүүжилтийг хаврын тариалалтаас өмнө шийдвэрлэх, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт зэрэг тариалангийн технологит хугацаанд шатахуун, шатах тослох материалын хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй нийлүүлэхэд анхаарах, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай импортоор худалдан авч буй техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх саналаа илэрхийллээ.“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, Атрын IV аяны хүрээнд хэрэгжүүлж буй төрийн бодлогын үр дүнд газар тариалангийн салбарын хөгжил урагшилж байна. 2025 онд гангийн улмаас ургац алдсан, гэхдээ энэ жил хангалттай уринш хийсэн, ургац сайн авна гэдэгтээ итгэлтэй байна гэж Сэлэнгэ аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн, "Түмэнбут" ХХК-ийн захирал Х.Даваахүү хэллээ. Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад тариаланчдыг онцгойлон дэмжиж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо. Тухайлбал, сайн чанарын үрээр хангах, тариаланчдаас 100 мянган тн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж ажиллахыг даалгалаа. Мөн газар тариалангийн бүсэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж, малчидтай хариуцлагын гэрээ байгуулах, тариалангийн талбайд мал оруулахгүй байхад анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад сануулав. Хөдөө аж ахуйн корпорацын өөрчлөн зохион байгуулалтад Монголын тариаланчдын үндэсний холбоо зэрэг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг хүлээн авч, хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газраас энэ оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг олгохоор шийдвэрлээд буй юм. 
2026/03/06
269
УЛС ТӨР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд, төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх эв нэгдлийг хангах Үндсэн хуулиар олгогдсон үндсэн чиг үүрэгтэй.Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх, ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар мэдээлэл өглөө.УИХ-ын гишүүд ёс зүйтэй, хариуцлагатай байвал парламентын дархлаа бэхжиж, нэр хүнд өснө гэж Ерөнхийлөгч үзэж байна.Хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой юм.Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй хэвээр байна.Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга, хариуцлaга, ёс зүй өндөр хэм хэмжээнд байх ёстой гэж үзэн Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжих гол зангилаа болсон хуулийн төслийг санаачиллаа.Хуулийн төсөлд:Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газраас санал авч, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлнэ.
2026/02/28
279
УЛС ТӨР
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар /2026.02.26/ Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн системийн талаар шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор Монголд ажиллахаар ирсэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтад Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Олон улсын валютын сангийн  төлөөлөгч  Маурисио Сото, Чаба Фехер, Лина Караогланова болон албаны бусад хүмүүс оролцсон юм.Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалтын эхэнд Улсын Их Хурлаас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зорилт тавиад ажиллаж байгаа энэ үед өнөөдрийн уулзалт цагаа олсоныг онцлон тэмдэглэв.Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтыг дэвшүүлээд байгааг дуулгалаа.Мөн тэрбээр Улсын Их Хурлаас 2023 онд баталсан Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ахмад настны тэтгэврийг тухайн жилийн инфляцын дундаж түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж,  тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу үе шаттай шилжүүлэх зорилгоор даатгуулагчийн тэтгэврийн нэрийн дансыг нээж эхэлсэн гэж байлаа.Түүнчлэн Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулсны зэрэгцээ 2026 онд Нийгмийн даатгалын сангийн төсвийг 6.6 их наяд төгрөгөөр баталсан нь төсвийн нийт зарлагын 20 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувийг эзэлж байгаа бөгөөд тэтгэврийн даатгалын санд  улсын төсвөөс 1.6 их наяд төгрөгийн татаас өгч байгааг дурдлаа. Байнгын хорооны дарга Олон улсын валютын сангаас хийж буй цалин хөлс, тэтгэврийн системийн талаарх шинжилгээ, судалгаа үр дүнтэй болж, холбогдох дүгнэлт, зөвлөмжтэй удахгүй танилцана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.  Олон улсын валютын сангийн төлөөлөгч Маурисио Сото Монгол Улсын Их Хурлаас  төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн асуудалд томоохон шинэчлэл хийхээр ажиллаж байгааг дуулахад таатай байгаагаа  тэмдэглээд бидний хувьд ахмад настны нийгмийн хамгаалал маш сайн байх ёстой гэсэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамынхантай байр суурь нэгтэй байгаагаа илэрхийлэв.Мөн сэдвийн хүрээнд холбогдох тоо, мэдээллээ цуглуулаад судалгаагаа, шинжилгээ хийж, хамгийн гол нь төсөвт үзүүлэх нөлөөлөл, үр дагаврын талаар үнэн зөв мэдээлэл, дүгнэлтийг та бүхэнд хүргүүлэх бөгөөд энэ нь Улсын Их Хурлаас төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхэд оновчтой шийдвэр гаргахад хэрэг болно гэдэгт найдаж байна гэлээ.Уулзалтаар талууд тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд хэсэгчлэн шилжих, бүх ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих зорилтуудыг хэрэгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, иргэдэд үзүүлэх нөлөөллийн сөрөг болон эерэг талууд, төрийн албан хаагчдын суурь цалин, нэмэгдлийн зохицтой харьцаа, бүтээмж гүйцэтгэлийн үнэлэмжийг хэрхэн үнэлж ирсэн бусад улс орнуудын сайн туршлагын талаар хөндөж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/02/27
298
УЛС ТӨР
Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна
Өдөр тутамдаа хурд, уян хатан бодлого шаардаж байдаг онцлогтой бизнесийг дэмжихийн тулд эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай. Эрх зүйн хувьд бүх төрлийн бизнесийн үйл ажиллагаанд хамаарах учраас Зөвшөөрлийн тухай хууль цаг үеэ дагаад сайжирч байх учиртай. Манай улсын хувьд төрөөс бизнесийн үйл ажиллагаанд бүртгэл/мэдэгдэл, лиценз, зөвшөөрөл, хяналт шалгалт гэсэн дөрвөн үндсэн хэлбэрээр оролцож байгаа. Хуулиас гадуурх дүрэм, журмын хүрээнд, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичиг 1000 гаруй байгаа нь иргэд, бизнес эрхлэгчдийг чирэгдүүлсээр ирсэн. Баримт бичгийн тоо, шат дамжлага, шийдвэрлэх хугацаанаас үүдэн иргэдийг чирэгдүүлдэг асуудлыг чөлөөлөх шаардлага үүссэн. Тухайлбал хүнсний дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авахын тулд хоёр сар 26 хоног зарцуулсан жишээг Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис иш татан танилцуулгадаа дурдав.“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр тэрбээр Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нараас санаачлан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцуулсан юм. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад бизнес эрхлэх орон зайг бүрдүүлэхийн тулд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөн хялбаршуулах, цахимжуулах, тоог цөөрүүлж, ангиллыг бууруулах, захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын үүднээс хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.Манай улстай ижил төстэй Казахстан улсын туршлагыг судалж, тус улсад 36 төрлийн лиценз, 6 бүлэг бүхий 37 төрлийн зөвшөөрөл олгогддог болохыг танилцууллаа. Зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүлэхэд гол амин сүнс гэгддэг Үнэлгээний аргачлалаа Монгол Улс өнөөг хүртэл батлаагүй нь хүндрэл, чирэгдэл үүсгэж байгааг онцлов. Аливаа хууль тогтоомж тухайн цаг үеийн хэрэгцээнд нийцсэн байх учиртай тул нэгэнт олон шалгуур давж байж авсан зөвшөөрлийг дахин сунгахдаа шинээр авахтай ижил баримт бичиг бүрдүүлдэг байдлыг хялбаршуулан чөлөөлөх зэрэг олон асуудал бийг дурдлаа. Тиймээс хууль санаачлагчдын зүгээс нэн тэргүүнд зөвшөөрлийн тоог багасгаж, ангиллыг бууруулахаар төсөлд тусгажээ. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл олгохын тулд 20-30 төрлийн шаардлага тавьж, сунжируулдаг үйл явцыг өөрчилж, олон төрлийн баримт бичгийн тоог цөөрүүлнэ. Зөвшөөрлийг 20 хоногт магадлан шалгадаг байдлыг хялбаршуулж, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр зөрчилгүй нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт шууд сунгах зохицуулалтыг тусгажээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгынхаа хүрээнд хамтран өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгай зөвшөөрлийн хугацаа 5 жил байсныг 10 жил болгож, энгийн зөвшөөрлийн хугацааг хоёроор нэмэн 5 жил болгон зохицуулах нь дарамтаас ангижруулж, бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилготой хэмээн зөвлөх нь нэгбүрчилэн танилцуулсан. Түүнчлэн Зөвшөөрөл бий болгох, ангилал өөрчлөх, хасахад баримтлах Эрсдэлийн үнэлгээний журмын аргачлалыг тодорхойлж, мэдэгдэл буюу тухайн үйл ажиллагааг эрхлэхийн тулд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл урьдчилж авах шаардлагагүй, зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдэл болгон хялбаршуулахаар төсөлд тусгасан гэв.Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар аливаа төрлийн бизнес эрхлэхдээ аймаг, дүүрэгтээ мэдэгдсэнээр үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх; зөвшөөрлийн төрөл, ангилал, нэр томьёог цэгцэлж, явцын хяналтыг сайжруулах; аж ахуйн нэгж байгууллагуудын зах зээлд нэвтрэх саад хоригийг бууруулж, хуульд нийцээгүй захиргааны зохицуулалтыг арилгах; зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, шуурхай, хүндрэлгүй болгох; хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулах; бага эрсдэлтэй, нэг удаагийн болон ахуйн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх боломж бүрдүүлэх; мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг тодорхойлж, хяналтын зохицуулалтыг сайжруулах; зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх; төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг цэгцлэх, багасгах, эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгох ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа.Хуулийн төслийн танилцуулгын дараа Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хууль зүй, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар тус бүрээр авч хэлэлцлээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Ренчиндорж хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь зөвшөөрлийн талаар танилцуулав. Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг улсын онцлогоор хамааран олгодог. Энэ нь иргэдийг хохироохгүй байх, гэмт хэргээс хамгаалах зорилготой. Хүн худалдаалах болон залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө 300 сая төгрөгөөс дээш байх зэрэг шаардлага тавьдаг. Одоогоор 67 аж ахуй нэгж байгууллага зөвшөөрөл авсан, тэдгээрийн дийлэнх нь япон улс руу ажиллах хүч гаргах үйлчилгээ эрхэлдэг. Мөн гадаад ажилтан Монгол Улсад хөдөлмөр эрхлэх энгийн зөвшөөрлийг өнгөрсөн онд 6000 гаруй аж ахуйн нэгж байгууллагад, 30 мянга орчим иргэнд олгоод байгаа, цаашид журмуудыг цөөрүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа гэсэн юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудаас нийт 17 төрлийн зөвшөөрлийг ажлын 10-22 хоногт багтаан олгож байна. Цагдаагийн төв байгууллагаас олгодог 13 төрлийн зөвшөөрлийг олгохтой холбоотой 37 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Хил хамгаалах ерөнхий газраас гурван төрлийн зөвшөөрлийг нийтдээ 13 мянга гаруй иргэнд олгоод байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд нийтдээ 11 захиргааны эрх зүйн хэм хэмжээний актыг хүчингүй болгож, Эрх зүйн бүртгэлийн сангаас хасуулсан. Тухайлбал, 2025 онд Хууль зүй дотоод хэргийн яамнаас Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн журам, Жолоодох эрхийн үнэмлэх олгох журмыг тус тус хүчингүй болголоо хэмээн тус яамны төлөөлөл танилцуулсан юм.Эрүүл мэндийн салбарт 2026 оны 02 дугаар сарын байдлаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй нийт 58229 эмнэлгийн мэргэжилтэн байгаа. Улсын хэмжээнд тусгай зөвшөөрлийг 3277 аж ахуй нэгж байгууллагад олгосны ихэнх нь эрүүл мэндийн ажил үйлчилгээг эрхэлж буй. Тухайн салбарын хувьд мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэхэд олгодог тусгай болон энгийн зөвшөөрөл нь нэлээд олон төрөлтэй, ярвигтай, шалгуур, босго өндөр байх шаардлагатай тул хянамгай хандах хэрэгтэй болдог гэж Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв танилцуулгадаа өгүүлсэн. Яамдын мэдээллийг сонссоны дараа иргэний нийгэм, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл байр сууриа илэрхийлэн саналаа хэллээ. Тэдний олонх нь зөвшөөрлийн тоог цөөрүүлж, хялбаршуулах санаачилга гаргаж, хуулийн төсөл боловсруулсан явдалд талархахын зэрэгцээ төрийн үйлчилгээг ойлгомжгүй, ээдрээтэй болгож, дунд нь зуучилдаг бизнес хүртэл ажиллаж буйг таслан зогсоох шийдвэр гаргахыг хүсэж байлаа. Ийнхүү Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс 2026 оны 02 дугаар сарын 24, 25, 26-ны өдөр зохион байгуулсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгээр байгаль орчин, барилга, хот байгуулалт, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, боловсрол, харилцаа холбоо, банк санхүү зэрэг 16 салбарын зөвшөөрлийн талаарх танилцуулга мэдээллийг холбогдох яам, агентлагуудаас хийж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хөндсөн юм.Гурван өдөр үргэлжилсэн нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, байр суурь, саналаа илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ дээрх хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал хүлээн авч байгааг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/02/27
290
УЛС ТӨР
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав
Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Тус тогтоолоор,Өмнөговь аймгийн хилийн Гашуунсухайт боомтын автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын жолоочтой тээврийн хэрэгсэл нэвтрэх хэсэгт гаалийн ухаалаг гарцын тоног төхөөрөмж суурилуулах асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан болон Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад тус тус даалгалаа. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн тээвэрлэсэн нүүрсийг Гашуунсухайт боомтын дээрх хилийн гарц болон Ханги боомтоор түргэн шуурхай нэвтрүүлж, нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллахыг үүрэг болгов. 
2026/02/26
294
УЛС ТӨР
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна
Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой олон улсад нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдэд төслийн талаар танилцуулан нээлттэй санал авч, санхүү эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө болон бусад шалгуур үзүүлэлтийг харьцуулан судалсны үндсэн дээр сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй хэлэлцээр хийхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт үүрэг болголоо.Төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, танилцуулахыг албан тушаалтнуудад даалгав. 
2026/02/11
344
УЛС ТӨР
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөнө
Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулна. Төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах, мэдлэг, мэдээлэл олгох, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу зөвлөлдөх зөвлөгөөнийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатар хотод Төрийн ордны “Их Монгол” танхимд явуулахаар тогтов. 2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаар Үндэсний баялгийн сан байгуулах бөгөөд "Үндэсний баялгийн сан" нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, хуримтлуулах төрөлжсөн сангаас бүрдэх тогтолцоо юм. Энэ хүрээнд 2025 оны эцсийн байдлаар Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг, 2026 оны эцэст 9.6 их наяд төгрөг хүрэх төсөөлөлтэй байна. Энэ бол хууль батлагдан хэрэгжүүлж байгаагийн үр дүнд гарч буй бодит ахиц, дэвшил боловч хуримтлалын үр өгөөж нь иргэн бүрд хэзээ, яаж хүрч мэдрэгдэх нь тодорхойгүй байна. Засгийн газрын гол зорилт бол байгалийн нөөц, баялгаа улс орон, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэн тэгш, шударгаар хүртээж, бодит үр дүнг харуулах явдал. 2030 он хүртэл сангуудын зарцуулалт хийхээргүй байгаа нь эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ипотекийн санхүүжилтийн өнөөгийн бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд дахин нягтлах шаардлага байна. Иймээс газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зүй зохистой зарцуулах, үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд ногдуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд энэ талаар мэдлэг, мэдээлэл өгөх, төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгоор Засгийн газраас зөвлөлдөх санал асуулгыг санаачлан явуулах нь зүйтэй гэж үзлээ. Төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлааМонгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан зорилт, арга хэмжээний хүрээнд төрийн зарим үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа. Албан даалгавраар,Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэн, иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлж байгаа үйл ажиллагааг оновчилж, шийдвэрлэлтийн явцыг тухай бүр эргэн мэдээлэх нөхцөлийг бүрдүүлж, дүрэм, журмыгшинэчлэх ажлыг зохион байгуулах,Харьяалах салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд ашиглаж байгаа мэдээллийн системийг Мэдээллийн системийн бүртгэл, дүгнэлт, зөвлөмжийн систем /system.gov.mn/-д үнэн зөв, бүрэн бүртгэх; Хариуцаж буй мэдээллийн системд гадаадын иргэнийг таньж, баталгаажуулан төрийн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн хэрэгжилтийг хангаж, цахим хэлбэрээр үзүүлж буй төрийн үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-ээр дамжуулан үзүүлж, ижил зориулалттай, давхардсан мэдээллийн систем, гар утасны аппликейшныг нэгтгэх;Хариуцаж буй мэдээллийн системийн өгөгдөл солилцооны “API” сервисийн гарын авлагыг Төрийн мэдээлэл солилцооны /ХУР/ системд нээлттэй байршуулахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
2026/02/11
320
УЛС ТӨР
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан 'Смарт Эко Транс' компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт Эко Транс” ХХК-тай байгуулсан гэрээ болон Гашуунсухайт боомтод газар ашиглах гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Ажлын хэсгийн хяналт шалгалтаар Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт Эко Транс” ХХК-д шууд олгосон нь ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид их хэмжээний орлого, ашиг олох боломж, давуу байдал бий болгосон, Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” ХХК эзэмшиж, дур мэдэн төлбөр хураамж тогтоон, их хэмжээний орлого, ашиг олсон асуудал нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нь тогтоогдсон байна.Иймд уг асуудлыг буюу оролцсон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болголоо. Мөн хяналт шалгалтын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, Засгийн газрын эдгээр тогтоолыг хүчингүй болгох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улсад учруулсан хохирлыг нэхэмжлэхээр боллоо. 
2026/02/11
324
УЛС ТӨР
Хилийн зурваст 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо."Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа  Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна. Иймд Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар  холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэлээ. 
2026/02/11
356
УЛС ТӨР
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль тогтоомжид нийцүүлэн дотоодын зах зээлд 2026 онд багтаан төслийн хэрэгжилттэй уялдуулан үе шаттай арилжаалах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо. Тус төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагууд болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг баталгаажуулсан байх зэрэг шаардлагыг хангажээ.“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзэж буй юм. Төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангах, одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийг найдвартай байлгах ач холбогдолтой. Мөн станц ашиглалтад орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана. Төслийн барилга угсралтын явцад 1600, ашиглалтад орсноор 370 гаруй байнгын ажлын байр бий болно. /Засгийн газрын ээлжит хуралдаанаас/
2026/02/11
340
УЛС ТӨР
2026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв
Монгол Улсын Их Хурлаас 2025 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан.Монгол Улсын нэгдсэн төсвийн талаар:Төсвийн бодлогын талаар:Төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын талаар:Гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өмнөх оныхоос бууруулахгүй байх, гол худалдааны боомтуудын дэд бүтцийг шинэчлэн сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гааль, татварын бүртгэлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, иргэдийн татварын ачааллыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулах замаар татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг төсвийн орлого бүрдүүлэх гол нөхцөл гэж үзлээ. Ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70.0 ам.доллар байхаар тооцож, экспортын хэмжээг 90.0 сая тоннд хүргэх, зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700.0 ам.доллар байхаар тооцож, зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүрэхээр тооцсоны үр дүнд төсөвт уул уурхайн салбараас 9,327.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан.Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, аж ахуйн нэгжийн тайлангийн бодит мэдээлэл, ашигт ажиллагааны түвшин зэргийг тооцсоны үр дүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 6,384.8 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо.Хувь хүний орлогын албан татвараас 2,863.9 тэрбум төгрөгийн, онцгой албан татвараас 1,331.5 тэрбум төгрөгийн, гаалийн албан татвараас 2,255.0 тэрбум төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татвараас 7,408.2 тэрбум төгрөгийн орлогыг тус тус төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон.Навигацийн орлогоос 80.0 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцож өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд агаарын навигацын орлогыг нислэгийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд зарцуулах асуудлыг зохицуулсан Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, концвенцыг үндэслэн 40.0 тэрбум төгрөгөөр бууруулан баталлаа.Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахдаа төсвийн урсгал болон хөрөнгийн зардалд дараах бодлогын өөрчлөлтийг хийж, холбогдох тооцооллыг төсөвт тусган баталсан. Үүнд:1.Төрийн албан хаагчдын цалин хөлс, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон 2026 оны төсвийн жилд зайлшгүй санхүүжүүлэх ёстой зарим зардлаас бусад урсгал зардлыг орон нутагт 6.0 хувиар, төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар тооцож, мөн гадаад зээллэгийн ашиглалт, Засгийн газрын нөөц сан, хувийн хэвшилд олгохоор тооцоолсон татаас, урамшуулал, хөтөлбөрийн зардал, урсгал болон их засварын зардал, эрдэм, шинжилгээ судалгааны ажлын зардлыг тус тус тодорхой дүнгээр бууруулах;2.2027 оны төсвийн жилд санхүүжүүлж болох хөрөнгө оруулалтын  төслүүдийн санхүүжилтийг хойшлуулах, 2026 онд дуусах хөрөнгө оруулалтын төслүүдийг хөндөхгүйгээр, 2027 он болон түүнээс цааших онуудад шилжих хөрөнгө оруулалтын төслүүдийн 2026 онд санхүүжих дүнг тодорхой дүнгээр бууруулах;3.Боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүрээнд багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-нээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцох, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалинг 15 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах;4.Өндөр насны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг 20 хувиар тус тус  нэмэгдүүлэхээр тооцож, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах;5.Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог “Илгээлт-2100” хөтөлбөрийн санхүүжилтийг тодорхой дүнгээр нэмэгдүүлэх;6.Цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор шатахууны нөөцийн агуулах, түүний дэд бүтцийн ажилд хүүгийн татаас олгох, хяналтын системийг сайжруулах ажилд зориулсан санхүүжилтийг төсөвт тусгах;7.Магадлалын ерөнхий дүгнэлтэд хийсэн аудитын дүгнэлтийг үндэслэж   хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэж байгаатай  холбогдуулан эрүүл мэнд, боловсролын салбарын зарим төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлэх, мөн шинээр төсөвт тусган батлах;8.Хөгжлийн бодлогын зарим баримт бичигт тусгагдсан авто зам, гүүр, эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд болон иргэдийн орон нутагтаа ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүсүүдийг бий болгох зорилт, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг болно.2026 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр 11,142.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, нийт 738 төслийг 3,280.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцож баталсан.Нийгмийн даатгалын санд нийт 7,824.7 тэрбум төгрөгийн хэмжээтэй орлого төвлөрөхөөр тооцож баталлаа. Тус санд улсын төсвөөс 1,624.6 тэрбум төгрөгийн хэмжээтэй татаас олгох бөгөөд тус сангийн зарлагыг 6,584.8 тэрбум төгрөгийн хэмжээтэй байхаар  баталлаа.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн орлогыг 2,746.7 тэрбум төгрөгөөр, тус сангийн зарлагыг 2,458.8 тэрбум төгрөгийн хэмжээтэй байхаар баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/02/09
374
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.02.09) мордлоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралыг Чингис хаан олон улсын  нисэх буудлаас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс үдэв.Хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцоно.Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаанд оролцож, үг хэлэх юм. Тус Комиссын анхдугаар хуралдаан 2023 онд Улаанбаатар хотноо болсон бөгөөд Комиссын Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын дэд дарга нар тэргүүлэн ажиллаж байна.Мөн Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзалт хийж, тус холбоо болон түүний гишүүн орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны харилцааг өргөжүүлэх асуудлыг хөндөн ярилцана. ЕАЭЗХ-ноос Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалыг тохиолдуулан бизнес уулзалт зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/02/09
315