УЛС ТӨР
УЛС ТӨР
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан 'Смарт Эко Транс' компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт Эко Транс” ХХК-тай байгуулсан гэрээ болон Гашуунсухайт боомтод газар ашиглах гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.Ажлын хэсгийн хяналт шалгалтаар Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг сонгон шалгаруулалтгүйгээр “Смарт Эко Транс” ХХК-д шууд олгосон нь ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид их хэмжээний орлого, ашиг олох боломж, давуу байдал бий болгосон, Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” ХХК эзэмшиж, дур мэдэн төлбөр хураамж тогтоон, их хэмжээний орлого, ашиг олсон асуудал нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нь тогтоогдсон байна.Иймд уг асуудлыг буюу оролцсон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болголоо. Мөн хяналт шалгалтын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, Засгийн газрын эдгээр тогтоолыг хүчингүй болгох саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улсад учруулсан хохирлыг нэхэмжлэхээр боллоо.
2026/02/11
336
УЛС ТӨР
Хилийн зурваст 34,227 га газар олгосон хууль бус тогтоолыг хүчингүй болголоо
“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо."Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна. Иймд Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэлээ.
2026/02/11
368
УЛС ТӨР
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль тогтоомжид нийцүүлэн дотоодын зах зээлд 2026 онд багтаан төслийн хэрэгжилттэй уялдуулан үе шаттай арилжаалах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо. Тус төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагууд болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг баталгаажуулсан байх зэрэг шаардлагыг хангажээ.“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзэж буй юм. Төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангах, одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийг найдвартай байлгах ач холбогдолтой. Мөн станц ашиглалтад орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана. Төслийн барилга угсралтын явцад 1600, ашиглалтад орсноор 370 гаруй байнгын ажлын байр бий болно. /Засгийн газрын ээлжит хуралдаанаас/
2026/02/11
350
УЛС ТӨР
2026 оны төсвийн жилд хүний хөгжлийг бодлогын цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэв
Монгол Улсын Их Хурлаас 2025 оны намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан.Монгол Улсын нэгдсэн төсвийн талаар:Төсвийн бодлогын талаар:Төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын талаар:Гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өмнөх оныхоос бууруулахгүй байх, гол худалдааны боомтуудын дэд бүтцийг шинэчлэн сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гааль, татварын бүртгэлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, иргэдийн татварын ачааллыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулах замаар татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг төсвийн орлого бүрдүүлэх гол нөхцөл гэж үзлээ. Ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70.0 ам.доллар байхаар тооцож, экспортын хэмжээг 90.0 сая тоннд хүргэх, зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700.0 ам.доллар байхаар тооцож, зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүрэхээр тооцсоны үр дүнд төсөвт уул уурхайн салбараас 9,327.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан.Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, аж ахуйн нэгжийн тайлангийн бодит мэдээлэл, ашигт ажиллагааны түвшин зэргийг тооцсоны үр дүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 6,384.8 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцлоо.Хувь хүний орлогын албан татвараас 2,863.9 тэрбум төгрөгийн, онцгой албан татвараас 1,331.5 тэрбум төгрөгийн, гаалийн албан татвараас 2,255.0 тэрбум төгрөгийн, нэмэгдсэн өртгийн албан татвараас 7,408.2 тэрбум төгрөгийн орлогыг тус тус төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон.Навигацийн орлогоос 80.0 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцож өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд агаарын навигацын орлогыг нислэгийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд зарцуулах асуудлыг зохицуулсан Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, концвенцыг үндэслэн 40.0 тэрбум төгрөгөөр бууруулан баталлаа.Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахдаа төсвийн урсгал болон хөрөнгийн зардалд дараах бодлогын өөрчлөлтийг хийж, холбогдох тооцооллыг төсөвт тусган баталсан. Үүнд:1.Төрийн албан хаагчдын цалин хөлс, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон 2026 оны төсвийн жилд зайлшгүй санхүүжүүлэх ёстой зарим зардлаас бусад урсгал зардлыг орон нутагт 6.0 хувиар, төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар тооцож, мөн гадаад зээллэгийн ашиглалт, Засгийн газрын нөөц сан, хувийн хэвшилд олгохоор тооцоолсон татаас, урамшуулал, хөтөлбөрийн зардал, урсгал болон их засварын зардал, эрдэм, шинжилгээ судалгааны ажлын зардлыг тус тус тодорхой дүнгээр бууруулах;2.2027 оны төсвийн жилд санхүүжүүлж болох хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг хойшлуулах, 2026 онд дуусах хөрөнгө оруулалтын төслүүдийг хөндөхгүйгээр, 2027 он болон түүнээс цааших онуудад шилжих хөрөнгө оруулалтын төслүүдийн 2026 онд санхүүжих дүнг тодорхой дүнгээр бууруулах;3.Боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүрээнд багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-нээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцох, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалинг 15 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах;4.Өндөр насны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг 20 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, холбогдох санхүүжилтийг төсөвт тусгах;5.Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгодог “Илгээлт-2100” хөтөлбөрийн санхүүжилтийг тодорхой дүнгээр нэмэгдүүлэх;6.Цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор шатахууны нөөцийн агуулах, түүний дэд бүтцийн ажилд хүүгийн татаас олгох, хяналтын системийг сайжруулах ажилд зориулсан санхүүжилтийг төсөвт тусгах;7.Магадлалын ерөнхий дүгнэлтэд хийсэн аудитын дүгнэлтийг үндэслэж хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэнд, боловсролын салбарын зарим төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлэх, мөн шинээр төсөвт тусган батлах;8.Хөгжлийн бодлогын зарим баримт бичигт тусгагдсан авто зам, гүүр, эрчим хүчний бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд болон иргэдийн орон нутагтаа ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүсүүдийг бий болгох зорилт, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг болно.2026 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр 11,142.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, нийт 738 төслийг 3,280.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцож баталсан.Нийгмийн даатгалын санд нийт 7,824.7 тэрбум төгрөгийн хэмжээтэй орлого төвлөрөхөөр тооцож баталлаа. Тус санд улсын төсвөөс 1,624.6 тэрбум төгрөгийн хэмжээтэй татаас олгох бөгөөд тус сангийн зарлагыг 6,584.8 тэрбум төгрөгийн хэмжээтэй байхаар баталлаа.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн орлогыг 2,746.7 тэрбум төгрөгөөр, тус сангийн зарлагыг 2,458.8 тэрбум төгрөгийн хэмжээтэй байхаар баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/02/09
390
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.02.09) мордлоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралыг Чингис хаан олон улсын нисэх буудлаас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон албаны бусад хүмүүс үдэв.Хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар болон бусад асуудлаар санал солилцоно.Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаанд оролцож, үг хэлэх юм. Тус Комиссын анхдугаар хуралдаан 2023 онд Улаанбаатар хотноо болсон бөгөөд Комиссын Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын дэд дарга нар тэргүүлэн ажиллаж байна.Мөн Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзалт хийж, тус холбоо болон түүний гишүүн орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны харилцааг өргөжүүлэх асуудлыг хөндөн ярилцана. ЕАЭЗХ-ноос Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалыг тохиолдуулан бизнес уулзалт зохион байгуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/02/09
323
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Улмаар улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцоно. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна. Улсын Их Хурлын дарга Н.Учрал мөн Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцохоос гадна Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/02/06
348
УЛС ТӨР
Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2026 оны удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж, орон нутгийн нэгжийн удирдлагууд оролцож байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Засгийн газрын бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд барагдуулсан төлбөрийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах, мөн төрийн тусгай алба хаагч болон эмч, багш нарыг орон сууцжуулах бодлого баримтлан ажиллана гэлээ.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд орших Нүүрстэйн амны нүүрсний уурхай, Төв аймгийн Лүн сумын нутагт дахь Авдар уулын боржин чулуу олборлох үйлдвэрийг сэргээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус байгууллагын удирдлага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болголоо.Шүүхийн шийдвэр гарсан л бол хэрэгжиж, иргэдийн хохирол барагдаж байх ёстой, хууль тэгш үйлчилдэг байх ёстой. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааны бүх шатанд хүний эрхийг дээдлэх, хуулийг сахин биелүүлж ажиллахын зэрэгцээ баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг цаг алдалгүй, шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо. Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах, шударга ёсыг эцэслэн баталгаажуулдаг хууль зүйн салбарын тулгуур баганын нэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь улсын дотоод аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, иргэдийн амар тайван байдлыг хангаж, гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, нийгэмд учруулах хор уршгийг нь бууруулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх нэн хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний ажиллах орчин, аюулгүй байдлыг хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, дэлхийн хөгжлийн чиг хандлагад тулгуурласан дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.Монгол Улсын Засгийн газрын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үндсэн зорилго эдийн засгийн тусгаар тогтнолын аюулгүй байдлыг сахин хамгаалах юм. Монгол түмний хүсэл, итгэл найдвар хуулийн засаглал, нийгмийн шударга ёсыг сэргээн тогтоох, баялгийн хулгай болон авлига, хээл хахуультай тууштай тэмцэх зорилгоор “Цэгцрэх хөдөлгөөн”-ийг улс орон даяар эхлүүлснийг Ерөнхий сайд онцлоод баялгийн хулгайтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байгааг уулзалтын үеэр хэллээ. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 105 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол оронд Ардын хувьсгал ялж, байнгын ажиллагаатай Засгийн газрыг 1921 онд таван яамтайгаар шинээр байгуулахад Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэх яамны харьяанд тусгайлсан нэгж байгуулсан нь орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндэс, суурь тавигджээ.
2026/02/06
312
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.02.05) Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзав.Улсын Их Хурлын дарга Н.Учрал уулзалтын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, дэлхий дахины хөгжлийн чиг хандлага хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед хоёр улсын өндөр, дээд түвшний төлөөлөгчид тогтмол уулзаж, идэвхтэй харилцаатай байх нь иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж, яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж буйг онцолсон юм.Элчин сайд Чой Жин Вон, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг дурдав.Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг тодотгоод, эрчимтэй хөгжиж буй харилцаагаа бэхжүүлэн өргөжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах нь чухал ач холбогдолтой гэлээ.Мөн тэрбээр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан хоёр сар гаруйн хугацаанд иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөдөлмөрлөж байгаа хүнд төр дарамт биш боломж өгдөг болох шинэчлэлийг хийхээр зорьж “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлж, “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлуулан, бизнесийн орчныг дэмжин ажиллаж буйгаа дуулгав. “Чөлөөлье” санаачилгын зорилго нь зах зээл дахь чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдэд тулгардаг саад бэрхшээлүүдийг арилгах, зөвшөөрлийн тоог бууруулах эрх зүйн актуудыг сайжруулах бодлого, зохицуулалтын арга хэмжээнүүд, тэр дундаа банкны реформ хэрэгжүүлэх зэрэгт чиглэж буй. Энэ санаачилгын хүрээнд олон улсын томоохон банкнууд Монгол Улсад салбараа нээх нөхцөлийг бодитоор бүрдүүлэхийг зорьж байгаа тул Солонгос Улсын банкуудыг манай зах зээлийг сонирхоно гэж найдаж буйгаа илэрхийллээ.Элчин сайд Чой Жин Вон Солонгосын банкуудыг Монголд оруулах сонирхолтой байгаа мэдээллийг талархан хүлээн авч, банкны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.Үргэлжлүүлэн талууд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой асуудал, хоёр талын ховор металлын салбарт эхлүүлээд буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, санхүү, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг стратегийн чухал ач холбогдолтой шинэ салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцав. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар, тэр дундаа “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн ажлыг урагшлуулах талаар санал солилцлоо.Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын оролцогч талуудын XVII бага хурлыг амжилттай зохион байгуулахад БНСУ-ын туршлага, дэмжлэг, оролцоо чухал байгааг УИХ-ын дарга Н.Учрал онцлов.Улсын Их Хурлын дарга Н.Учрал, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг шинэ шатанд гаргах Элчин сайдын зорилгод Монгол Улсын Их Хурлын зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/02/05
306
УЛС ТӨР
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр боллоо.Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой тус Зөвлөлийн хурлаар Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, стратегийн болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний үр дүнгийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг төвлөрсөн бол 2026 оны эцэст уг хуримтлалыг 9.6 их наяд төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй байна. 2030 он хүртэл сангуудын зарцуулалт хийхээргүй байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болох эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтийн бодит хэрэгцээтэй нийцэж байна уу гэдгийг бодлогын түвшинд нягтлах шаардлага байгаа юм.Эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрч, гадаад валютын нөөц анх удаа 7 тэрбумыг давсан, нүүрсний экспорт түүхэн дээд амжилтыг эвдээд байгаа зэрэг мэдээллийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж, Үндсэн хуулийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” зарчмыг бодит ажил хэрэг болгох Засгийн газрын зорилтыг дэмжиж, хамтран ажиллаж буй ААН-үүдэд талархал илэрхийлэв. Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэг маргаан биш. Харин аль хувилбараар ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны өгөөж очих вэ гэдгийг бодитоор шийдэхэд, жишиг тогтооход оршиж байна. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудад төр хуулийн хүрээнд хувь эзэмшиж, баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.Засгийн газраас Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай болон Татварын багц хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн бариад байгааг болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг дурдлаа. Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний баялгийн сангийн хуримтлал, зарцуулалтын уялдаа, стратегийн ордууд төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой загвар, бизнесийн орчинд ойлгомжтой, урьдчилан таамаглах боломжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлж, саналаа солилцлоо.
2026/02/05
305
УЛС ТӨР
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 4-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болговКонцессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчим эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүй 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албан тушаалтнуудад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.Концесс эзэмшигч “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК төслийн ажлыг гэрээний хугацаанд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулаагүй тохиолдолд концессын гэрээг цуцлах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгийг анхаарууллаа.Засгийн газрын 2018 оны 229 дүгээр тогтоолоор эрх олгосны дагуу Үндэсний хөгжлийн газар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-тай 2019 оны гуравдугаар сард байгуулжээ.Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө“Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд шинэ оффисын зориулалттай барилга барих болон нисэх буудлын авто зогсоолыг өргөтгөхтэй холбогдуулан нэмэлт оруулахыг дэмжлээ."Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг 2019 оны долдугаар сарын 05-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар болон “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК хооронд байгуулсан.Тус компаниас Нисэх буудлын концессын талбайд оффисын зориулалтаар ашиглах барилга барих, авто зогсоолыг баруун болон зүүн тийш өргөтгөл хийж, 250 орчим авто зогсоол нэмж байгуулах санал ирүүлжээ.Агаарын тээвэрлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, агаарын тээвэрлэгчдэд оффисын зай талбай зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд зорчигч үйлчилгээний барилгын оффисын өрөөнүүдийг бүрэн түрээсэлж дуусжээ.Ойрын хугацаанд шинээр оффисын барилга барих мөн угтан авагч, үдэн гаргагч нарын тоо нэмэгдэж нисэх буудлын авто зогсоолын хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч, баруун болон зүүн тийш өргөтгөх шаардлага үүссэн байна.Концесс эзэмшигч өөрийн эрх, үүргийн хүрээнд концессын зүйлийг ашиглаж олсон орлого нэмэгдсэнээр улсын төсөвт төвлөрүүлэх концессын төлбөр нэмэгдэх бөгөөд мөн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж үзжээ.“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллааМалын индексжүүлсэн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор 2026-2028 онд мөрдөх “Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт”-ийг шинэчлэн тогтоолоо.Даатгалын босго үзүүлэлтийг тогтоохдоо том малын хорогдлын статистик мэдээлэлд актуар тооцоолол хийж, тухайн босго үзүүлэлтийг давах магадлалыг тооцон, гурван жил тутамд шинэчлэн тогтоодог.Монгол Улсын Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2025 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлж, 2025 оны арван хоёрдугаар сард баталсан. Тус өөрчлөлтөөр даатгалын нэгдүгээр босго үзүүлэлт зургаан хувь байсныг тав хувь болгож бууруулсан. Хуульд заасан босгын шаардлага буурсантай холбогдуулан Засгийн газраас өмнө тогтоосон хувийг өөрчлөн тогтоох шаардлага үүссэн бөгөөд актуар тооцооллын дагуу шинэчилж баталлаа.Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 онд амжилттай хэрэгжүүлж, УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг 2014 онд баталсан. Тус хуулиар малын индексжүүлсэн даатгалын болон дотоодын давхар даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, индексжүүлсэн даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр олгох, даатгуулагч малчны эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд даатгалын үйл ажиллагааг улсын хэмжээнд “Үндэсний давхар даатгал” ХК хариуцан ажиллаж байна.Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоноНийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”, “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн баталлаа.Засгийн газраас төрийн байгууллага бүр тусдаа цахим хуудас хөгжүүлэх зардлыг бууруулах, иргэд нэг эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-ийг нэвтрүүлсэн. Уг нэгдсэн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл төрийн байгууллагууд хууль заасан нээлттэй мэдээллийг ил тод байршуулж байгаа эсэхэд хяналт тавих, үнэлэх үйл ажиллагааг нээлттэй мэдээллийн shilen.gov.mn систем-тэй уялдуулан хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын ил тод байдлыг “Шилэн индекс”-ээр үнэлж байна.Эдгээр журмаар төрийн байгууллагын цахим хуудсыг хөтлөх нэгдсэн стандарт тогтоох, мэдээллийн аюулгүй байдал, хяналтын механизмыг тодорхой болгох, ил тод байдлын үнэлгээг цахим, автоматжуулсан хэлбэрт шилжүүлэх, иргэдийн мэдээлэл хайх, авах эрхийг бодитоор хангах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан бөгөөд эдгээр журмыг хэрэгжүүлснээр төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт сайжирч, ил тод, нээлттэй, шуурхай засаглалын суурь бэхжих юм.Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавинаИмпортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журмыг журмын төслийг хэлэлцэн баталлаа.Журам батлагдсанаар импортлох, экспортлох согтууруулах ундаанд тавих чанар, аюулгүй байдлын шаардлага тодорхой болж, хил дээрх хяналт, дээжлэлт, шинжилгээ, мэдээлэл солилцооны уялдаа сайжирч, давхардал буурч, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үр нөлөө нэмэгдэнэ гэж үзэж байна.Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэМонгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ. Ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгалаа.Яруу найрагч Р.Чойномын алдар нэрийг сэргээн, алдаршуулж мөнхжүүлэх ажил 1990-ээд оноос өрнөж, түүний зохиосон шүлгийн түүврийг эмхэтгэн “Сүмтэй будрын чулуу” нэрээр хэвлэж, түүнээс хойш “Хориотой модны жимс”, “Буриад найраглал”, орос хэлнээс орчуулсан “Кавказ бүсгүй” зэрэг ном бүтээлийг хэвлүүлж олон нийтэд түгээжээ. Мөн түүний өв санг хадгалж хамгаалах, сурталчлах зорилготой “Өд сан” байгуулагдаж, оюутан залуучуудын дунд “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадам зохион байгуулагдаж, жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмын үеэр нэрэмжит шагнал гардуулж байна.
2026/02/04
315
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Төр нийгмийн зүтгэлтэн, Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр /2026.02.02/ тохиож байна.Их жанжны хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар тэргүүтэй тус намын гишүүд, дэмжигчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд оролцон Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.Төр нийгмийн зүтгэлтэн, гарамгай жанжин Д.Сүхбаатар нь 1893 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт төрсөн. 1921 оны 3 дугаар сарын 24-өөс 1922 оны 12 дугаар сар хүртэл Цэргийн яамны Тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 02 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2026/02/02
348
УЛС ТӨР
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвийн дор болж байна.Энэ удаагийн цугларалтаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын бэлэн байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, шийдлийг эрэлхийлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох юм.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх цугларалтад оролцон, удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө.Батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, алба хаагчдын ажиллах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ахиц, дэвшил гарч байгааг тэмдэглэлээ.Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцан ажиллах чадавх нэмэгдэж, аюул, эрсдэлийг нэгдмэл удирдлага, нэгдсэн төлөвлөлт, хамтын хүчээр даван гарах, төр, нийгэм, иргэдийн аюулгүй байдлыг хангах боломж, нөөцөө үе шаттай нэмэгдүүлж байгаад талархал илэрхийлэв.Бүх нийтийн оролцоотой батлан хамгаалах тогтолцоо болон аливаа хямрал, сорилтыг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэн, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвараа улам сайжруулах ёстойг хэллээ.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх гэж байгаа.Үүнтэй уялдуулан батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчнийг ашиглах стратеги, цэргийн номлол, төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ.Зэвсэг, техникийг шинэчлэх, сайжруулах, батлан хамгаалах аж үйлдвэрлэл, цэргийн шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарахыг үүрэг болголоо.Төрийн тэргүүн “Эх оронч монгол”, “Идэр чийрэг монгол цэрэг” хөдөлгөөн, төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа.Энэ хүрээнд цэргийн албыг төгөлдөржүүлэх, хүүхэд, залуучуудад цэрэг,эх оронч үзэл төлөвшүүлэх, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин, нөхцөл бүрдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг бүх шатны захирагч, дарга нарт даалгалаа.Ерөнхийлөгч өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, албаа нэр төртэй хааж байгаа нийт бүрэлдэхүүнд болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүлд нь талархал илэрхийлж, амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.Мөн улс орон, ард түмний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг дээдэлж явахыг сануулж, аливаа ажил хэрэгч санал, санаачилгыг урьдын адил дэмжихээ илэрхийллээ.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг “Залуу офицерын жил”, 2024 оныг “Ахлагчийн жил”, 2025 оныг “Ахлах офицеруудын жил” болгон зарлаж, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нөхцөл, нийгмийн хамгааллыг нь сайжруулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албаны хандлага, итгэл үнэмшил, урам зоригийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарсан.Тэгвэл 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарлаж, тэдний мэргэжил, боловсрол, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэн, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, хариуцлага, үнэт зүйл, ёс зүйгээрээ манлайлагч, хүүхэд, залуучуудын үлгэр дуурайл болгон төлөвшүүлэхийг зорьж байна.
2026/01/28
312
УЛС ТӨР
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 24-ний бямба гарагт эрчим хүчний салбарын зарим байгууллагад ажилласан мөрөөр дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болов. Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Мөн Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцлэхийг үүрэг болголоо. "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК болон “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагууд авлигын хэрэгт нэр холбогдож саатуулагдаад байгаа учраас эдгээр байгууллагын удирдлагыг чөлөөлж, тухайн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангаж, мэргэжлийн удирдлагыг яаралтай томилохыг үүрэг болголоо. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний салбарын сахилга хариуцлагад онцгой анхаарах, цаашид гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-д үүссэн гэмтлийг түргэн шуурхай засварлах ажлыг онцгой нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар гарган гүйцэтгэсэн албан хаагчдыг шагнаж урамшуулах асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.
2026/01/28
300
УЛС ТӨР
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдээс ирүүлсэн саналыг санхүү, менежментийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайдын захирамжаар “Эрдэнэт үйлдвэр”-т түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалж буй юм.Төслийн ерөнхий мэдээллийг дэлхийн 20 гаруй улсын 55 компанид хүргүүлсэн. Долоон улсын 13 компани уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.Хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зорилгоор дэд ажлын хэсэгт ирсэн саналуудыг ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник, технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадавх, давуу тал зэрэг үзүүлэлтийг харгалзан үнэлжээ.БНХАУ-ын Эн Эф Си (NFC) компани;БНХАУ-ын Жянши Коппер (Jiangxi Copper) компани;БНХАУ-ын Ляньтоу Нью Энержи Технологи (Liantou New Energy Technology), Чайна ЭнФи Инженеринг Корпораци (China ENFI Engineering Corporation), Шаньси Нортерн Коппер Индастри (Shanxi Northern Copper Industry) гэсэн 3 компанийн түншлэл;Швейцарь Улсын Гленкор Интернэшнл ЭйЖи (Glencore International AG) компани.Эдгээр хуулийн этгээдүүдэд сонгон шалгаруулалтын дараагийн шатанд шалгарсан талаарх мэдэгдэл болон хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах баримт бичгийг хүргүүлж, шаардлагатай мэдээ, мэдээлэл, холбогдох материалтай танилцах боломж олгох чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эцсийн шатны ажлыг 2026 оны I улиралд багтаан дуусгахаар бэлтгэл ажлыг хангаж байна.“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох процессыг хялбарчлах, иргэдийн санал гомдол, төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж Нийгмийн халамжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт зэрэгт үндэслэн журамд дараах зохицуулалтыг тусгалаа.Тус тогтоолд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэх эсхүл цахим хэлбэрээр шийдвэрлэн, иргэдэд хүнд суртал гаргахгүй байх,Гадаад улсад байгаа, отор хийж байгаа малчин өрхийн гишүүн болон байнга оршин суудаг газраас өөр орон нутагт эмчлүүлж байгаа хүнийг биечлэн ирүүлэхгүйгээр мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан байнгын асаргаа шаардлагатай эсэх болон хугацааг тогтоож, сунгах;Иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авах, сэтгэл ханамжийг үнэлдэг болгох, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг үнэн зөв тогтоосон эсэхэд хийх хөндлөнгийн болон олон нийтийн хяналт, шалгалтыг зохион байгуулахыг үүрэг болголоо.Энэхүү тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг зорилтот бүлэгт түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллааУлаанбаатар хотын айл өрх, зарим байгууллагад хэрэглэж байгаа шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, Засгийн газраас өгсөн үүргийн биелэлтийн талаар танилцууллаа.Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2025-2026 оны халаалтын улиралд 306.0 мянган тонн хагас коксон, 40.0 мянган тонн шахмал түлш худалдан авч борлуулахаар төлөвлөснөөс энэ сарын 21-ний өдрийн байдлаар 269,019 тонн түлшийг гэр хорооллын айл өрхөд нийлүүлэн 19,544 тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Нийслэлийн айл өрхийн халаалтад хэрэглэж байгаа хагас коксон түлшний татан авалт тутамд лабораторийн шинжилгээ тогтмол хийж байна.Нэг шуудай буюу 25 кг жинтэй хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэдийн санал хүсэлтийн дагуу борлуулалтын 25 цэг нэмжээ.Тээврийн 26 компани түгээлт хийж, 24 агуулах, 425 цэгээр түлш борлуулж байна.Нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын зарим айл өрхийн эвдрэл гэмтэлтэй зуухыг стандартад нийцсэн давхар шаталтат зуухаар сольжээ.Хийн халаагуурыг Чингэлтэй дүүргийн нийт 11 хорооны 3,815 өрх, Баянгол дүүргийн гурван хорооны 1,185 нийт 5,000 өрхөд суурилуулжээ.2024 онд 19,512 өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулсан бол 2025-2026 онд 157,0 мянган өрхөд алсын зайн мэдрэгчтэй угаарын хийн мэдрэгч суурилуулж байна. Энэ сарын 21-ний байдлаар 136,354 өрхөд угаар мэдрэгч суурилуулжээ. Үлдсэн 20,646 айлд ирэх хоёрдугаар сараас өмнө суурилуулна.Аж ахуйн нэгж байгууллагын 570 аж ахуйн нэгж “Тавантолгой түлш” ХХК-иас 37,782.6 тонн мидлинг худалдан авчээ.Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлааНийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат (нэг жил болон түүнээс дээш) бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг 2026 онд 300 тэрбум хүртэлх төгрөгөөр баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар улсын болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй болно.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий банканд байршуулах мөнгөн хадгаламж худалдан авахад хөрөнгө оруулж болно гэж, мөн Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар батлахаар гэж тус тус заасан байдаг.Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил үргэлжилж байнаБуцалтгүй тусламжийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг 2023 онд байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн.Монголын талаас шууд нислэг эхлүүлэхэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалт (IASA), Тээврийн аюулгүй байдлын захиргааны аюулгүй байдлын үнэлгээнд тус тус хамрагдах шаардлагатай бөгөөд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд IASA шалгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас сонгон шалгаруулалт зарлан АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан.Иргэний нисэхийн салбарын байгууллагууд зөвлөх үйлчилгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. IASA шалгалтад хамрагдах бэлтгэл ажлыг бүрэн дуусгах зорилгоор зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны санхүүжилтийг АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас санхүүжүүлэх яриа хэлэлцээ хийжээ.Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг АНУ-ын Засгийн газар, USTDA болон Монгол Улсын Засгийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон “The Wicks Group Consulting” компани хооронд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээТөрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ.Тус музейд хүрээлэнг нэгтгэснээр зохион байгуулалтын бүтэц болон үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй бөгөөд төрийн байгууллагын чиг үүргийн давхардал арилж, Чингис хаан судлалыг хөгжүүлэх, түүний өв уламжлалыг хадгалж хамгаалах, сурталчлах арга хэмжээг нэгдсэн арга зүй, зохистой удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны давхардсан зардлыг хэмнэх зэрэг эерэг үр дүн гарна. Түүнчлэн, “Чингис хаан” үндэсний музейг Чингис хаан судлалын олон улсын төв болгон бэхжүүлж, хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалааМонгол Улсын Засгийн газрын Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, эдийн засгийн салбар, бүс, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцуулав.Үүнтэй холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллааМал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2026 онд Улсын аварга малчнаар 121, тэмээ голлон өсгөж байгаа улсын аварга малчнаар 2, Улсын хошой аварга малчнаар 8, Улсын аварга саальчнаар 10 иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 12 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 21 иргэнийг тус тус шалгарууллаа.Энэ удаагийн шалгаруулалтыг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагаанаас олсон орлого, төлсөн татварын хэмжээ, хөдөөгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг голлох үзүүлэлт болголоо.
2026/01/28
306
УЛС ТӨР
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав
Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Н.Учрал, Б.Заяабал нарын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсэг анхны хуралдаанаа өнөөдөр (2026.01.27) хийж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Б.Жаргалан, С.Замира, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар оролцлоо.Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингийн ахалж ажиллаж буй Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг анхны хуралдаанаараа гурван асуудал хэлэлцлээ.Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар танилцуулав.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдсон нийтлэг харилцааг зохицуулах зорилгоор Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 1000 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 14 чиглэлийн салбарт 251 “тусгай зөвшөөрөл”, 130 “энгийн зөвшөөрөл”, нийт 381 төрлийн зөвшөөрөл болгон бууруулж хуульчилсан.Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд нийт 16 зөвшөөрлөөр буюу боловсролын салбарт 4, байгаль орчны салбарт 3, банк, санхүүгийн салбарт 2, хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2, батлан хамгаалах салбарт 2, хууль зүйн салбарт 1, аймаг, нийслэлийн засаг даргаас олгох 2 зөвшөөрөл тус тус нэмэгдсэн байдаг. Зөвшөөрлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, энэ хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлох, зөвшөөрөл шинээр бий болгох, олгох үйл ажиллагаанд холбогдох санал, зөвлөмж гаргуулах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажилладаг бөгөөд уг зөвлөлөөс зөвшөөрөл олгох зарим эрх бүхий байгууллагууд энэ процессыг алгасаж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөрчлийг гаргаж байгаа хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй боловч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгодог баримт бичгүүдийг Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлөөс судалж үзэхэд Монгол Улсын хуулиудад бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат 9 байна гэсэн үр дүн гарсан байдаг юм. Салбарын хуулиуд болон эрх бүхий байгууллагаас захиргааны хэм хэмжээний акт батлах замаар зөвшөөрлийн шинжтэй бүртгэл, гэрчилгээ, эрх олголтыг бий болгож, зөвшөөрөл олгох процесстой адилхан процессыг бүрдүүлж байгаа нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан “Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно” гэж заасантай зөрчилдөж байгааг хууль санаачлагчид тодотгож байсан юм. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд нэн тэргүүнд зөвшөөрлийн тоог багасгаж, ангиллыг бууруулсан болохыг С.Тэнгис зөвлөх танилцуулсан юм. Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэхээр тусгаж, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох боломжтой болгохоор төсөлд тусгажээ. Мөн тусгай болон энгийн 20 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгохоор, тухайн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үйл явцын хүндрэлийг багасгахаар холбогдох зохицуулалтыг тусгасныг ажлын хэсгийн гишүүдэд С.Тэнгис зөвлөх дэлгэрэнгүй танилцуулав. Зөвшөөрөл олгоход 20-30 төрлийн шаардлага тогтоож, зөвшөөрөл олгох үйл явцыг хүндрүүлж байгааг өөрчилж, зөвшөөрөл олголтын болон зөвшөөрөл авсны дараах зөвшөөрөл эзэмшигчид тавигдах нөхцөл, шаардлагыг ялгамжтай тогтоож, олон төрлийн баримт бичиг шаарддаг байдлыг багасгах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэж, холбогдох зохицуулалтыг төслүүдэд тусгасан байна.Зарим салбарт нэг төрлийн үйл ажиллагааг эрхлэхэд зөвшөөрөл авахад 3-4 жил зарцуулдаг аж. Тухайлбал, барилгын салбарт 16 давхар барилгын ажил эрхлэх нэг төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд гурван тусгай зөвшөөрөл авч, 3-4 жил зарцуулдаг байдлыг халж, нэг төрлийн зөвшөөрөл авах, ингэхдээ 22 өдөрт олгохоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн зөвшөөрлийг 20 хоногт магадлан шалгаад сунгадаг нөхцөлийг хялбаршуулж, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд ажлын хоёр өдөрт шууд сунгах талаарх зохицуулалтыг хуульчлахаар тусган, зөвшөөрлийн тогтолцоо, хяналтын тогтолцоог уялдуулан аж ахуйн нэгжид учрах дарамтыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн аж.Тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгож байгааг 10 жилээр, энгийн зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгож байгааг 5 жил болгон нэмэгдүүлж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн бизнесийн тогтвортой байдлыг хангаж, зөвшөөрлийг сунгахтай холбоотой дарамтыг багасгах зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.Түүнчлэн зөвшөөрөл бий болгох, ангилал өөрчлөх, хасахад баримтлах Эрсдэлийн үнэлгээний журмын аргачлалыг тодорхойлж, мэдэгдэл буюу тухайн үйл ажиллагааг эрхлэхийн тулд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл урьдчилж авах шаардлагагүй хэлбэрийг тусгаж, одоо Зөвшөөрлийн хуульд заагдаагүй боловч зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг мэдэгдэл болгон хялбаршуулсан болохыг танилцуулсан.Цахим шилжилтийг дэмжих хүрээнд төрд, нийтийн мэдээллийн дэд бүтцээс олж авах боломжтой мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй байх зохицуулалтыг хуульчлахаар төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна.Энгийн 120 зөвшөөрөл олгох, 30 мэдэгдэл бүртгэх эрхийг салбарын мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулан гүйцэтгүүлж, төрийн чиг үүргийг шилжүүлэх боломжийг мөн тусгажээ.Зөвшөөрлийн талаар талаар шийдвэр гаргах тогтолцоо буюу Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, хуулийн төсөлд тусгасан болохыг С.Тэнгис зөвлөх ажлын хэсгийн хуралдаанд дэлгэрэнгүй танилцууллаа.Дараа нь Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан зөвшөөрлийн цахимжуулалт, мэдээллийн сангийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийн талаарх мэдээллийг агуулсан Зөвшөөрлийн цахим систем license.mn-д 2026 оны 01 дүгээр сарын 26- ны өдрийн байдлаар 285954 иргэний, 35676 хуулийн этгээдийн зөвшөөрөл бүртгэлтэй байгаа аж. Хуульд заасан тусгай 250 зөвшөөрөл санд бүртгэлтэй байгаагийн 231-ийг цахимаар шийдвэрлэж байгаа бол хуульд заасан энгийн 121 зөвшөөрөл бүгд санд бүртгэлтэй, харин 43-ыг цахимаар шийдвэрлэж байгаа аж. Тодруулбал, хуульд заасан нийт 371 зөвшөөрөл санд бүртгэлтэй байгаа ч 274-ийг нь цахимаар шийдвэрлэж байгаа хэмээн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан. Хуульд эх хувиар материал бүрдүүлэх зохицуулалттай; веб сервисээр зөвшөөрлийн мэдээллийг дамжуулахад нэмэлт хөгжүүлэлт шаардлагатай; тухайн зөвшөөрөл цөөн тоогоор эсхүл огт олгогдоогүй; хэт олон хуудас материал бүрдүүлэлт хийж хавсаргах шаардлагатай зэрэг шалтгааны улмаас 97 зөвшөөрөл цахим хэлбэрт шилжээгүй байгаа талаар Л.Балчинлувсан дарга танилцуулсан юм. Үргэлжлүүлэн тэрбээр цахим системийн өнөөгийн нөхцөл, хөгжүүлэлтийн талаар, тулгамдаад буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар саналаа нэгбүрчлэн танилцууллаа. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшингийн танилцуулснаар тус ажлын хэсгийн төлөвлөгөө, хуралдааны хуваарь, цаглаварыг хэлэлцэн баталсан юм. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулан 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан юм. Ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Р.Батболд, Б.Жаргалан, С.Замира, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг нар ажиллаж байна.
2026/01/27
334
