НИЙГЭМ
НИЙГЭМ
НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийслэл хотод амьдарч буй хүүхдийн эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцөлийг хангах хүрээнд НЗДТГ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV) болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг харилцан ойлголцлын санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Беате Дастел нар гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Тодруулбал, Ариун цэвэр, эрүүл ахуйн дадлыг сайжруулах эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх;Зорилтот халдварын тархалт ба нөлөөг бууруулах зорилгоор нэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;Олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэх зан чанарыг төлөвшүүлэх;Олон нийт болон бизнесийн байгууллагуудын дунд хүүхдийн эрхийн талаарх ойлголт, хүндэтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжих;Дүүрэг, хороодын албан хаагчдыг сургах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Санамж бичиг байгуулсантай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монгол Улсад элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл ноцтой түвшинд байна. Улсын хэмжээнд 2024 онд 8162, 2025 онд 8016 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өвчлөл буурахгүй байгааг харуулж буй. Уг санамж бичгийг байгуулснаар ходоод, хоол боловсруулах эрхтний хавдраас урьдчилан сэргийлэх төсөл, хөтөлбөр боловсруулж, энэ сараас хеликобактерийн халдвартай тэмцэх ажлыг эхлүүлэхээр боллоо. Мөн умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV)-ийн вакцинд 11 настай охид, хөвгүүдийг хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Нийслэлийн хэмжээнд уг кампанит ажлыг сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дунд шат дараатай зохион байгуулж, хавдрын өвчлөлийг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлнэ” гэв.
2026/04/02
313
НИЙГЭМ
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөцийн махны эрэлт ихэсжээ. Нөөцийн үхрийн мах 15 мянга, хонины мах 13 мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд нөөцийн мах худалдаалж буй цэгт өнөөдөр холбогдох албаныхан ажиллалаа.Энэ үеэр УБЗАА-ны Хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Үүрийнтуяа “Нийслэлийн хэмжээнд 2026 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 386 дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Есөн аж ахуйн нэгж есөн дүүрэгт түгээлтээ өдөр бүр хийж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Нөөцийн махны эрэлт ихэсжээ. Зах зээлд махны үнэ өндөр байгаа боловч нөөцийн хонины мах 13 мянга, үхрийн мах 15 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Томоохон зах, худалдааны төвүүдээс зайтай найман нэрийн хүнсний дэлгүүр, гэр хорооллын дэлгүүрүүд, орон сууцны дундах дэлгүүрт нөөцийн махыг зардаг. Тиймээс иргэд гэртээ ойр нөөцийн мах борлуулж буй цэгүүдээс мах худалдан авах боломжтой” гэлээ.Нийслэл, дүүргээс нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажилладаг байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Номин “Чингэлтэй дүүрэгт 20 хороонд 38 дэлгүүрээр нөөцийн махны жижиглэн худалдааг нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулж байна. Иргэдийн махны хэрэглээг тасалдуулахгүй, хямд үнийн бодлогоор захиалгаа тогтмол хийж, нийлүүлэлтийг хэвийн хангаж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд дүүргээс болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтарсан хяналтыг тогтмол хийдэг” гэв.Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан гаргасан нөөцийг махыг тавдугаар сарын 31-нийг дуустал худалдаалахаар төлөвлөж байна.
2026/04/02
294
НИЙГЭМ
Ажлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав
Улсын Их Хурлын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2026.04.01/ хуралдлаа.Хуралдаанд уг ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцож, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой тулгамдсан асуудлуудын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг танилцууллаа.Тухайлбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн газрын дарга Ю.Отгонбилэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболд нар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэв.Мөн Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяа ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, анхан шатны тусламж, үйлчилгээнд баримтлах бодлого, яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах төвлөрлийг сааруулах, эм зүйн салбарын хөгжлийн бодлого, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хангамж хүртээмж, ахмад настны эмийн хөнгөлөлтийн талаар танилцууллаа.Түүнчлэн Монголбанкны Санхүүгийн тогтвортой байдлын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн дарга Н.Батболд банкуудаас олгодог тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөл, түүний ахмад настны санхүүгийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд танилцуулгатай холбогдуулан санал асуулт тавьж, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц бодлогыг боловсронгуй болгох чиглэлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагын талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/04/02
254
НИЙГЭМ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ражив Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж”, “Монгол-Солонгосын политехник коллеж”-д ажиллалаа.Тэрбээр улс оронд нэн шаардлагатай байгаа мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэж, мэргэшүүлж байгаа хамт олонд талархал илэрхийлж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.Мөн оюутнуудыг өндөр ур чадвар эзэмшин, үндэсний хэмжээний мега төсөл, хөтөлбөр, түүний дотор “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Атрын 4-р аян” зэрэгт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, сурлагын амжилт хүслээ.Мөн энэ жил “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөн”-ийг ивээл дороо зохион байгуулахаар төлөвлөснөө хэллээ.“Үйлдвэрлэл урлалын политехник коллеж” Морин хуур урлаач бэлтгэж эхэлжээ60 жилийн түүхтэй “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж” 40 гаруй мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэсэн, үйлчилгээний салбарын анхдагч сургуулийн нэг юм.Үйлчилгээ, аж үйлдвэр, мэдээллийн технологи, урлаг, өв соёлын салбарт 33 мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг. 2,152 оюутан, 130 гаруй багш, ажилтантай.“Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” 2024 оны Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ хичээлийн жилд “Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга” буюу Морин хуур урлаачийн анги нээсэн байна.250 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, суралцагчдаа дадлагажуулан, ажлын байраар хангадаг. Мөн дотоод, гадаадын 20 гаруй сургуульд төгсөгчдөө шатлан сургадаг юм байна.“Монгол-Солонгосын политехник коллеж” төгсөгчид “Цагаан алт” хөтөлбөрт хувь нэмрээ оруулна Коллеж 60 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 40 мянга гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэн гаргаад байна.2025-2026 оны хичээлийн жилд 141 багш, ажилтантай, 1,900 суралцагчийн 50 орчим хувь нь хөдөө орон нутгийнх юм.Хөнгөн үйлдвэр, аж үйлдвэрлэл, мэдээллийн технологи, үйлчилгээний салбарын ажилтан бэлтгэдэг.Түүний дотор Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, эсгий боловсруулах, ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн технологи, сүлжих машины оператор, арьс, үслэг эдлэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг мэргэжлээр залуусыг сургаж байна.Тухайлбал 1,900 орчим суралцагчийн 38 хувь нь буюу 719 нь ээрэх, нэхэх, сүлжих, ноос, арьс шир боловсруулах мэргэжлээр суралцдаг. Мөн “Хосмог сургалт”-ыг ноос, эсгий боловсруулалт мэргэжлээр 35 хүнийг бэлтгэж байна.Сургууль 140 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, суралцагчдаа дадлагажуулан, 100 хувь ажлын байраар хангадаг юм. Улсын хэмжээнд 70 мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж сургалт явуулдаг. Жилд 20 мянга гаруй хүн төгсдөг бөгөөд нийт төгсөгчийн 65 хувь хөдөлмөр эрхэлж байна.
2026/03/31
316
НИЙГЭМ
Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна
Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа байдаг. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн зүгээс Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тэжээж буй нохой, муураа үржил хаах мэс ажилбарт оруулдаггүйгээс үүдэн тухайн амьтад нь үрждэг. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор 2024 онд 2800 айл өрх, 2025 онд 1305 айл өрхийн газрыг чөлөөлсөн бол энэ онд 8000 гаруй айл өрхийн газрыг чөлөөлнө. Эдгээр айл өрх нь нүүхдээ тэжээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас болж эзэнгүй нохой, муурын тоо жилээс жилд өсөж буй. Тодруулбал, нохой, муур жилд 1-4 удаа үржилд ордог бөгөөд энэ хэмжээгээр үржилд орсоор байвал нэг хос нохой, муур зургаан жилийн дотор 67 мянга болтлоо өсөх боломжтой гэсэн судалгаа бий” гэв.УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Нийслэлээс өнгөрсөн оны зургаадугаар сард “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулж байсан. Өнөөдрийн байдлаар 120 гаруй нохой, 20 орчим муурыг асран хамгаалж байна. Нийт амьтдыг эмчийн үзлэгт хамруулсан бөгөөд 62 нохой, муурыг үржил хаах мэс ажилбарт хамруулсан. Хэрэв иргэд та бүхэн нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд хариуцлагатай эзэн байж тухайн амьтнаа түр асрах байранд шилжүүлэх, үрчлүүлэх арга хэмжээ авахыг уриалж байна” гэлээ.Тэрчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр мэргэжлийн анчидтай хамтран зуслангийн бүс дэх зэрлэгшсэн нохдын тоог цөөлөхөөс өөр аргагүй байдаг гэдгийг онцолсон юм.
2026/03/24
286
НИЙГЭМ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар, нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Бодлогын судалгаа, шинжилгээний төв ОНӨТҮГ, Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ зэрэг байгууллагын 600 гаруй удирдлага, ажилтан, албан хаагч сургалтад хамрагдлаа.Сургалтаар гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, байгууллагын галын аюулгүй байдал, газар хөдлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг олгож буй. Оролцогчид сургалтыг үр дүнтэй болсныг онцолж, гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлснээ илэрхийллээ.
2026/03/24
277
НИЙГЭМ
'Хүнсний хувьсгал'-ын дүнд Увс аймгийн аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал-ын хүрээнд Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Тэрбээр ард иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр ханган, олон ажлын байр бий болгож, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Мөнхийн чанар” ХХК 2010 оноос гурилан бүтээгдэхүүн, хоол, хүнс, аялал жуулчлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.Компани 80 гаруй хүнийг ажлын байраар хангасан бөгөөд 90 хувь нь эмэгтэйчүүд юм. Аймагтаа анхны түргэн хоол, бейкери, кофе шоп ажиллуулж эхэлсэн. Анх 10 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол өдгөө талх, нарийн боов, бялуу зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж, зэргэлдээ аймаг, сумдад нийлүүлж байгаа тухай компанийн захирал Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Компани 2023 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрийн шинэ байраа барьж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна.Ингэснээр хүчин чадал нь 3-5 дахин нэмэгдэн, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргаж, 15 хүнийг ажлын байраар хангажээ.Үүний зэрэгцээ “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.“Мөнхийн чанар” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө сайн үйлсийн аянд оролцон, сүүлийн гурван жилд 70 гаруй сая төгрөгийн хандив, тусламж үзүүлсэн байна. Мөн өсвөр үеийнхний дунд спортын уралдаан, тэмцээн тогтмол зохиодог уламжлалтай болжээ.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь 84 жилийн түүхтэй “Увс Хүнс” ХК-д очлоо. 1942 онд БНМАУ-ын Засгийн газар хүн амыг хүнсээр хангах зорилгоор аймгийн төвүүдэд “Идэш тэжээлийн комбинат” байгуулах шийдвэр гаргасан нь өнөөгийн “Увс хүнс” ХК-ийн суурь болсон юм.80 гаруй хүнтэй тус компани өдгөө чацаргана, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэдэг. Тус компани 2023 онд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авч тоног төхөөрөмжөө шинэчлэн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулжээ.Жил ирэх тусам улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд л 1,2 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна.“Увс хүнс” ХК манай улсын нийт зэрлэг чацарганы 70, таримал чацарганы 50 гаруй хувь нь ургадаг Увс аймгийн чацарганыг Европын Холбооны Улсад оюуны өмчөөр бүртгүүлж, улсдаа анх удаа Газар зүйн заалттай бүтээгдэхүүн болгожээ.Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд хүчин чадлаа нэмж, тоног төхөөрөмжөө сайжруулах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад маш том дэмжлэг болж байгааг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэллээ.Энэ хөдөлгөөнийг цаашид дор хаяж 10-15 жил тууштай хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор түлхүү дэмжвэл үндэсний үйлдвэрлэл улам хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байлаа.
2026/03/24
259
НИЙГЭМ
Увс аймгийн иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг дэмжиж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймагт ажиллахаар Улаангом хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд аймгийн удирдлагууд, Улаангом цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.Ерөнхийлөгч “Ойрад” хөгжимт драмын театрт ард иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ. Үүнд Увс аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.Цаашид улсын хэмжээнд төрийн бүх байгууллагын ажилтан, албан хаагчид ёс зүйг эрхэмлэн, сахилга хариуцлагатай байж, иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай үйлчлэх нь чухал байгааг онцоллоо.Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэллээ.Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд илэрхийллээ.Увс аймгийн 140-өөд аж ахуйн нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлд хамрагдаж, хүчин чадлаа өргөтгөн, ажлын байр бий болгожээ. “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Увс аймгийнх юм.Тэдний нэг болох О.Дээшинбаяр Энэтхэг Улсад мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж төгсөөд, одоо аймгийнхаа Эрүүл мэндийн газарт мэргэжлээрээ ажиллаж байна.Увс аймаг бүтээн байгуулалтын хүрээнд 1 дүгээр сургууль, Нэгдсэн эмнэлэг, Төв цэвэрлэх байгууламжаа өртгөж, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам, Увс нуур-Улаангом, Баруун тойруугийн хатуу хучилттай авто замаа шинэчилсэн байна.Увс-Ховд аймаг чиглэлийн 163 км авто замын бүтээн байгуулалт эхэлсэн. Цаашид аймгийн төвийг 6 сумтай холбосон 164 км, Улаангом-Хандгайтын замаас Сагил сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, үр тариа хадгалах агуулах, Бөхмөрөн, Өндөрхангай сумын сургуулийн барилгын ажил эхэлнэ. Увс аймаг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хил орчмын худалдаа, сэргээгдэх эрчим хүчний салбараа улам хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхүү анхаарч байна.Цаашид эдийн засгаа төрөлжүүлэх, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал салбараа хөгжүүлж, иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлнэ гэдгээ Засаг дарга Э.Насанбат хэллээ.Эдийн засгийн гол хөшүүрэг болсон мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адууг өсгөн үржүүлдэг.Мөн жамц давс, чацаргана жимс зэрэг брэндээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлж байна.Увс аймгийн иргэд бүс нутаг төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, ялангуяа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаад Ерөнхийлөгч У.Ххүрэлсүх талархал илэрхийллээ. Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдтэй уулзах үеэр 1 дүгээр сургуулийн захирал Гомбосүрэнгийн Цэрэндуламд Гавьяат багш, Тээврийн удирдах газрын ахмад ажилтан Санжийн Батбандид Гавьяат тээвэрчин, “Хөдөлмөрийн шим хоршоо”-ны үүсгэн байгуулагч, Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын ахмад ажилтан Баяны Төвсанаад Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
2026/03/24
265
НИЙГЭМ
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
Өв соёл, уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, үеэс үед өвлүүлэн түгээж, хөгжин дэвжиж буй казах түмний Нарны баяр буюу Наурызын баяр Сүхбаатарын талбайд болж байна.Ерөнхий сайд Г.Занданшатар Наурызын баярын нээлтэд оролцож, баяр хүргэж үг хэлэв.Г.ЗАНДАНШАТАР: Эх орныхоо өнгөрсөн болон өнөө, ирээдүйн хөгжил, дэвшлийн төлөө хөдөлмөрч казахын ард түмний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Улс орны хөгжлийн бүтээн байгуулалт өрнөсөн газар бүхэнд бусдыг үлгэрлэн уриалан дуудаж чаддаг, алдар, гавьяа амжилтын эзэд билээ.Засгийн газраас үндэстний цөөнхийн хэл, соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулахад онцгойлон анхаарч Хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэлийг баталсан. Ингэснээр Монгол хэлний тухай хуульд заасны дагуу хос хэлний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, казах хүүхэд багачууд хос хэлээр боловсрол эзэмших боломж нээгдсэн талаар Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэв.Мөн Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд казах түмний үндэсний соёлын төв байгуулахаар болсныг дуулгахад хурсан олон талархан хүлээн авлаа.Дэлхийн 44 улсад хагас тэрбум хүн Наурызын баяр тэмдэглэж байна. Манай улсын 150 мянган казах иргэдийн 40 мянга нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна.
2026/03/22
255
НИЙГЭМ
'Оюу толгой' ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг Усны газарт үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт /2026.03.21/ ажиллав.Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая м.куб ус ашигласан хэдий ч 252 сая м.куб буюу 3/1 нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ.Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Усны газар 2020-2025 онд тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.НҮБ-ын Усны конвенц, тогтвортой хөгжлийн зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийлээд “Ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч” гэсэн олон улсын зарчмыг жигд мөрдүүлж цэгцлэх цаг нь болсон. Тиймээс зөвхөн “Оюу толгой” компани гэлтгүй ус бохирдуулж буй бүх компаниас хуулийн дагуу төлбөрөө авахыг Усны газарт үүрэг болгов.
2026/03/21
278
НИЙГЭМ
'Өргөө' амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
“Өргөө” амаржих газарт Б болон Д блокийн нийт 11302 ам метр талбайг хамарсан их засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж буй. Засвар, шинэчлэлийн хүрээнд дотор засал, хана, тааз, хаалга, цонх, дээвэр, фасадын засвар болон дотор гэрэлтүүлгийн системийг шинэчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Д блокийн дотор заслын ажил бүрэн дууссан бол Б блокийн цонхны шинэчлэл, металл фасадын ажил дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байна.Ингэснээр эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэх юм.
2026/03/13
328
НИЙГЭМ
Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа
Нийтийн тээврийн Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнөөдөр зарлаж, тендерийн материал хүлээн авч эхэллээ. Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байна. Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамыг 2026-2028 онд барьж дуусгах юм. Оролцогчдын тендерийн баримт бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар хүлээн авна. Тендерийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутад нээнэ. Төслийн нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна. Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй. Гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах юм.Yийтийн тээврийн Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугам (Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор чиглэл) төсөл хэрэгжсэнээр оргил цагт тухайн чиглэлд цагт 6989 зорчигч тээвэрлэж, авто замын ачаалал 12.2 хувиар багасах урьдчилсан тооцоо гарсан байна. Мөн нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонн, азотын исэл жилд 301.9 тонноор багасаж, хотын хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх юм. Зорчигч автобусаар 90-100 минутад туулах зайг трамвайгаар 35-40 минутад туулах боломжтой. Өртөө орчмын бүсэд жижиг, дунд бизнес хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх хугацаанд 300 гаруй түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 135 байнгын ажлын байр бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Улаанбаатар Трам төсөл нь байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай нийтийн тээврийн шинэлэг шийдэл гэдгээрээ онцлогтой.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2026/03/13
295
НИЙГЭМ
Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран /2026.03.13/ эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга Б.Найдалаа чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Зулпхар, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Л.Энхнасан, Г.Хосбаяр болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.Хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ байнгын хорооны дарга Б.Найдалаа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны зүгээс эрүүл мэндийн даатгалын санг үр ашигтай удирдах, даатгалаар санхүүжих эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаагаа онцлов. Мөн тэрбээр, эрүүл мэндийн даатгалын байгууллагын засаглал, тогтолцоо, статусыг оновчтой тодорхойлж, эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох, чадавхжуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн өсөн нэмэгдэж байгаа зардлыг хянах, санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, иргэд, даатгуулагчийн үүрэг оролцоо, даатгалын сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар эрх зүйн орчныг шинэчлэхээр зорьж ажиллаж байгаагаа дурдлаа.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын захирал Луйс Виналс Торрес “Азийн орнууд ба Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл: Тулгамдаж буй асуудлууд ба амжилтанд хүргэж буй хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хийсэн судалгаагаа танилцууллаа.Тэрбээр, Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлүүд нь илүү үр ашигтай, тэгш байдлыг хангасан тогтолцоо бүрдүүлэхэд чухал ахиц дэвшил авчирсныг дурдаад анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг өргөтгөж, төлбөрийн механизмуудыг сайжруулсан нь томоохон ололт амжилт болсныг тодотгов. Урьдчилсан дүн шинжилгээнээс харахад эрүүл мэндийн салбарт чиглэсэн санхүүжилт нэмэгдэж, санхүүгийн нөөцийн зарцуулалт илүү үр ашигтай болсон гэлээ.Танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асуув. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны засаглалыг хэрхэн бэхжүүлэх, бие даасан байдлыг хангах болон хариуцлага, хяналтын асуудлаар зөвлөлдсөн бөгөөд Луйс Виналс Торрес эрүүл мэндийн даатгалын тогтолцооны засаглалыг идэвхитэй, ил тод, нотолгоонд суурилахыг тэргүүлэх чиглэл болгон бэхжүүлж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах нь чухал гэдгийг онцлов. Түүнчлэн гүйцэтгэлийг тогтмол хянах, шинэчлэлийн үр нөлөөг үнэлэх, нотолгоог шийдвэр гаргах үйл явцад эргэн тусгах механизм бий болгох нь санхүүжилтийн зохицуулалтуудыг хүн амын хэрэгцээ болон төсвийн бодит боломжтой нийцүүлэн хадгалахад чухал ач холбогдолтой гэлээ.Мөн тэрбээр, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа нь засаглал болон стратегийн худалдан авалтын шинэчлэлийг институцчилэх, эрүүл мэндийн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтын зорилготой илүү уялдуулах цаг үеэ олсон асуудал болж байгааг онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/03/13
302
НИЙГЭМ
'Цагаан алт' хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзлаа.О.Адьяадолгор япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Хувийн хэвшилд ажиллаж байгаад 2023 онд сургалтад хамрагдан ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эхэлжээ. 2025 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 15 сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авч тоног төхөөрөмж, түүхий эдийн нөөцөө бүрдүүлэн цэвэр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөн энэ хэрээр тодорхой тооны ажлын байр бий болгохыг зорьж байгаагаа хэллээ.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараа нь биет бус соёлын өвийг тээгч, хувиараа монгол гутал үйлдвэрлэдэг А.Чимгээтэй уулзлаа.А.Чимгээ Нийтийн аж ахуйн үйлчилгээний Техник, мэргэжлийн сургууль төгссөн. 42 жил монгол гутал хийж байгаа бөгөөд 2025 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас найман сая төгрөгийн зээл авч, тоног төхөөрөмж, хээ, угалзны хэвээ шинэчилсэн байна. Ингэснээр таван хүнийг байнгын ажилтай болгожээ.Иргэдийг ажлын байраар ханган, татвараа төлж байгаа баялаг бүтээгч, аж ахуйн нэгжүүд, ялангуяа өрхийн үйлдвэрлэгч нарыг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгч хэлж, талархал илэрхийллээ.Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр нь мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилготой.Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, түр болон байнгын ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихийг зорьж байна.2025 онд 174 иргэн гурван жилийн хугацаатай, барьцаагүй, хүүгүй, 20 сая хүртэл төгрөгийн, нийт 1,3 тэрбум төгрөгийн зээл авчээ.Өнгөрсөн хоёр жилд 368 иргэн 3,1 тэрбум төгрөгийн зээл авч арьс, шир, ноос, ноолуурын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байна.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бүх төрлийн сургалт, төсөл, хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг “Цагаан алт”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.Энэ нь ноос, ноолуур, арьс, ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
2026/03/13
325
НИЙГЭМ
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрх Дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ авчирсан Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатараар ахлуулсан нисэх багийнхныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан, Монгол төрийн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн баатарлаг үйлстнүүдээрээ бахархаж буйгаа илэрхийллээ.Монгол хүн хүнд хэцүү үе тохиоход эх орон руугаа тэмүүлдэг сэтгэлийн дуудлагатай. Монголын төр, засаг иргэдээ хамгаалж, эх орондоо эсэн мэнд авчрах үүрэгтэй. Энэ бол улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл юм гэдгийг Ерөнхий сайд хэлээд, энэхүү нислэг бол зөвхөн тээвэрлэлт бус Монгол Улс иргэдийнхээ төлөө ямар ч эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддаг гэдгийг харуулсан бахархалт үйл явдал гэдгийг онцлов.Мөн “Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлийн нислэг нэг талдаа 7800 км агаарын зам туулж, 22 цаг үргэлжилсэн нь нисэх багийн ур чадвар, авхаалж, баг хамт олны хамтын ойлголцол, эв нэгдлийг харууллаа.2026 онд “МИАТ” компанийн 70 жилийн ой тохиож буй. Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн. “МИАТ” компани 70 жилийн ойдоо онцгой амжилт гаргаж, нислэгийнхээ тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанараа сайжруулж ажиллана гэж итгэж байна гэлээ.Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орон агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир улс орнууд боломжит байдлаар иргэдээ татан авч байна. Тус бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэг үйлдэгдэж буй юм.Монгол Улсын Засгийн газар дайны эрсдэлтэй бүсээс иргэдээ татан авах шийдвэр гаргаж, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК тусгай үүргийн эхний нислэгээ үйлдсэн. Тус нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирээд байна.Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Хятад, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсаар дайран өнгөрчээ. Тухай бүрд нь онцгой байдлын горимоор нислэгийн холбогдох зөвшөөрлүүдийг авч ажилласан бөгөөд уг ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, бүс нутаг дахь Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон United Arab Emirates Air Force, мөн Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллажээ.
2026/03/12
299
