НИЙГЭМ
НИЙГЭМ
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 800 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна.Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээнд 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн 37 байгууллага, ерөнхий боловсролын 16 сургууль, 37 цэцэрлэг, сууц өмчлөгчдийн 64 холбоо нэгдэж, орчны 50 метрээ цэвэрлэв.Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 40 байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хөшөө дурсгал, хайс хашлага, хогийн сав, сандал, нийтийн тээврийн автобусны зогсоолуудыг угааж, цэвэрлэв. Хог тээврийн байгууллагууд 2.1 сая мкв талбайгаас 800 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
2025/03/24
369
НИЙГЭМ
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд ажиллалаа.“Оюу толгой” ХХК 2022 онд гүний уурхайг нээж, өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн байна. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ.2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй байна.Өөрөөр хэлбэл оргил үедээ өдөрт 17,000 цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.1,300 метрийн гүнд дэлхийд тэргүүлэх бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн монгол залуус, гадаадын мэргэжилтнүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.Энэ бүтээн байгуулалт уул уурхайн салбарт сайн жишиг болон хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.Оюу толгойн уурхайн үйлдвэрлэл, олборлолт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийд тэргүүлэх өндөр технологийг нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг бүрэн ханган ажиллаж байгаа нь уурхайн нийт хамт олны хүч хөдөлмөр, хүчин зүтгэл гэдгийг онцоллоо.Цаашид илүү олон аж ахуйн нэгж, иргэн, баялаг бүтээгчтэй хамтран ажиллаж, тэдний бизнесийг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Оюу толгойн ордоос олборлож байгаа зэс ногоон хөгжилд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмэр. Энд үйлдвэрлэсэн зэсийн баяжмал дэлхий дахинд салхин сэнс, цахилгаан тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн амин чухал орц гэдгийг хэллээ.“Рио Тинто” групп Оюу толгойд 2023 оны байдлаар 17 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. 2010 оноос хойш 12 их наяд төгрөгийн татвар төлсөн.2024 оны дөрөвдүгээр улиралд 1,000 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, нэг их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ.Өмнөговь аймагт гэхэд л 2010 оноос хойш 4.9 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ авч, 354 төсөлд 187 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн Ханбогдын хөгжлийг дэмжих хурдасгуур сан байгуулан 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байна.Оюу толгойд 20 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд, үүнээс 25 хувь нь Өмнөговь аймгийн иргэд юм. Нийт ажилчдын 23 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ирэх 10 жилд энэ тоог 50 хувьд хүргэхээр төлөвлөжээ.2014-2024 оны байдлаар Оюу Толгой төсөл манай улсын нийт экспортын орлогын 17 орчим хувь, эрдэс бүтээгдэхүүний экспортын 20 хувь, гадаад валютын нөөцийн 44 хувийг бүрдүүлсэн байна.2024-2051 онд энэ төслөөс манай улсын хүртэх нийт өгөөж 11.9 тэрбум ам.доллар болох юм.Тус компани “Өмнийн говийн гүний уурхайн институт” байгуулж, уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоод, гадаадын боловсон хүчин бэлтгэж эхэлжээ.“Оюу толгой” ХХК 20 сая гаруй мод тарьж, ургуулаад байнаМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Оюу Толгойн гүний уурхайд ажиллах үеэр “Оюу Толгой” ХХК “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг танилцууллаа.Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан.Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн болон доройтсон газрыг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр хэрэгжүүлэн 63.5 сая мод тарина. Мөн ойн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, техникийн туслалцаа үзүүлэх замаар 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулах юм.Энэ хүрээнд 2022 оноос хойш 20.5 сая модыг бодитоор болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, ургуулаад байна.Мөн:· Ханбогд, Цогт-Овоо суманд жилд 750,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулсан,· Энэ онд Манлай, Баян-Овоо, Сэврэй суманд тус бүр 250,000-500,000 тарьц, суулгац бойжуулах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулна,· Богд уулын тусгай хамгаалалттай газрын 70 га талбайд 175,000 мод тарьсан,· 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг хөндийд уурхайн олборлолтоос эвдэрч орхигдсон 400 га талбайг нөхөн сэргээсэн,· 2024 онд Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд 215 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн,· 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 48 багц тоног төхөөрөмжийг Ойн газарт хүлээлгэн өгсөн байна.“Рио Тинто Монгол” компани 300 мянга гаруй га газарт агаараас хор цацаж, 750 сая модыг хөнөөлт шавжаас хамгаалсан.Цаашид говийн бүсийг усаар хангах зорилгоор “Хэрлэн тооно” төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Компани 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх зорилт тавьжээ.
2025/03/24
344
НИЙГЭМ
Албанаас төрөн гарсан шинэ гавьяатууд, хурандаа нарт хүндэтгэл үзүүллээ
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” болон “Монгол Улсын Гавъяат багш цол" хүртсэн ажилтнууд, Онцгой байдлын байгууллагаас шинээр төрөн гарсан хурандаа нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян, “Онцгой байдлын байгууллагын өнөөдрийн хөгжлийн түүхийн хугацаанд та бүхний оруулсан хувь нэмрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаа хүртээсэнд туйлын баяртай байна. Энэхүү үйл явдал Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг төр засаг, ард түмэн үнэлж, дэмжиж байгаагийн томоохон илрэл. Та бүхэн бидний бахархал юм шүү” гэлээ.Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор Онцгой байдлын байгууллагын анхны дарга, доктор, профессор, хошууч генерал П.Дашыг, Монгол Улсын Гавъяат багш цол"-оор гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхлүүлж, ОБЕГ-ын системийн байгууллагад 53 жил тасралтгүй ажилласан Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, хурандаа Г.Даваадоржийг шагнасан билээ.Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын хурандаа цолыг Онцгой байдлын байгууллагын долоон удирдах албан тушаалтан хүртээд байна.
2025/03/19
382
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.10-03.16/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 41 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан байна.Нийт дуудлагын 59 нь объектын гал түймэр, 5 нь ой хээрийн гал түймэр, 2 хүчтэй салхи, шуурга, нэг нь их хэмжээний нойтон цасны, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байв.
2025/03/17
321
НИЙГЭМ
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VII хуралдаан /2025.03.15/ боллоо. Хуралдаанаар Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, Босоо тэнхлэгийн экспресс замын төсөл, Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалга болон нийтийн тээврийн зарим төслийн талаар хэлэлцлээ. Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж цаашид төлөвлөлтийн нэгдсэн бодлогоор хөгжүүлэх зарчмыг Засгийн газар барьж байгаа. Энэ хүрээнд хурдны замуудыг барьж байгуулах бөгөөд тэдгээрийн нэг нь Босоо тэнхлэгийн экспресс зам юм. Төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Босоо тэнхлэгийн экспресс зам нь зуслангийн бүсээс эхэлж Улаанбаатар хотын төвөөр дамжин Сэлбэ голын эрэг дагуу босоо тэнхлэгийн автозамын сүлжээ бий болгож, хотын хойд хэсгийг урд хэсэгтэй холбоно. Мөн Туулын хурдны зам болон Тойрог хурдны замтай огтлолцож, Хөшигийн хөндийрүү тавигдах туннел, Хүннү дагуул хоттой холбогдох гарц байхаар тооцоолжээ.Төслийг хэрэгжүүлэхдээ газар чөлөөлөлт, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын бусад ажилтай уялдуулах нь зүйтэй гэдгийг хуралдаанд оролцогчид хэлж байлаа. Улаанбаатар хотыг хойноос урагш тэлэх нь хамгийн үр ашигтай гэсэн судалгаа, баримт байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ судалгаа, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг одоогийн нөхцөл байдал, ирээдүйн бүтээн байгуулалт зэрэгтэй уялдуулан бүх талын тооцоог сайтар хийж тус төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. Шуурхай штабын хуралдаанд Ногоон бүсийн гэр хорооллын өрх айл, орон сууцны дулаалгын талаар мөн танилцуулга хийсэн юм. Нийслэлийн ногоон бүсэд 10,141 өрх гэрт, 15,228 өрх орон сууцанд амьдарч байна. Эдгээр айл өрхийн гэр, орон сууцны дулаан алдалтыг багасгаснаар халаалтын зардлыг одоогийнхоос нь 2-3 дахин бууруулж, улмаар агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмэртэй гэдгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас танилцууллаа. Мөн 1960-1980 оны угсармал орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг дурдлаа.Тус хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Төгсжаргалынд очлоо. Тэднийх хийн түлшний зуух суурилуулаад долоо хонож буй ажээ. Нүүрс, үнстэй зууралдахгүй, цэвэрхэн, тохитой байхаас гадна гэрийн дулаан алдалтаа бүрэн шийдчихвэл бага зардлаар дулаан байх бүрэн боломжтой байна гэдгийг Б.Төгсжаргал ярилаа. Тус дүүргийн 30 гаруй айл өрх ийм зуухтай болжээ. Цаашид бусад дүүрэгт зорилтот бүсийн айл өрхийг хийн түлшинд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөснөө нийслэлийн удирдлагууд энэ үеэр танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “дулаан гэр”-ийн стандарт бий болгож, өртөг багатай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн дулаалгын технологи, материалуудыг олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэдгийг хэллээ. Мөн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээнүүдийн явцыг эрчимжүүлж, уялдаа холбоотой, шуурхай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шуурхай штабын гишүүдэд үүрэг болгоод агаарын бохирдол, түгжрэл зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд энэ хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг анхаарууллаа.
2025/03/17
330
НИЙГЭМ
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний шон суурилуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, гуравдугаар сарын 7-ны өдөр буулгаж дууссан. Хуучин гүүрийг буулгах явцад шинэ гүүрний шон суурилуулах ажлыг давхар гүйцэтгэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Газрын түвшнээс доош 17 метр гүнд шонг суурилуулж байна.Түүнчлэн дам нурууг бэлтгэж, зөөвөрлөх ажил 95 хувьтай үргэлжилж байна. Мөн шал суурийн арматурыг өвлөөс эхлэн бэлтгэсэн тул ажлын явц 100 хувьтай дуусжээ. Уг шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулах юм.Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 57 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүрийг мөн адил шинэчилж, 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулж байсан билээ.
2025/03/17
457
НИЙГЭМ
Энэ сарын 19-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг ирэх лхагва гарагт буюу гуравдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо, "Сэлбэ", "Баянхошуу", Хорооллын эцсийн "E-март", Яармаг-Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга Б блок салбаруудад болно. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.Иргэн та гуравдугаар сарын 19-нд 09:00-16:00 цагийн хооронд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж болон дээрх дугаарын утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.
2025/03/17
355
НИЙГЭМ
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг газар дээр арилгууллаа. Хоёрдугаар сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45.6%-тай байна. Галын аюулгүй байдал 40%Эрүүл ахуйн 34%Байгаль орчин 57%Гэмт хэрэг, хэв журам 75%,Барилга байгууламж 22.3%НЦУГ-аас гаргасан хоёрдугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11,129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8 хувь нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52.5 хувь харин төвлөрсөн шугамд холбогдсон долоо буюу 2 хувь байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96 хувь огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.
2025/03/13
358
НИЙГЭМ
Улсын Онцгой Комиссоос түймэрт өртсөн өрхүүдэд тусламж хүргүүллээ
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Шуурхай хэсэг хээрийн түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнсний тусламж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна. Хээрийн түймэрт 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг ОБЕГ өгсөн. Хохирлын хэмжээ эцэслэгдээгүй байгаа юм. Хээрийн түймэр гарсан аймгуудад шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийх, гал түймрийн эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг нэн дариу устгалд оруулах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг зохион байгуулж байна. УОК-оос түймэрт өртсөн өрхүүдэд нийт 400 сая төгрөгийн тусламж хүргүүлэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ орон гэргүй болсон айл өрхөд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламжийн бараа хүлээлгэн өглөө.ДОРНОД АЙМГИЙН ХӨЛӨНБУЙР СУМЫН 57 АЙЛ ӨРХ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ Дорнод аймагт гарсан гал түймэрт өртөж хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм. Батхаан багийн нутаг дэвсгэрт нийт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их бага хэмжээгээр гал түймэрт өртөж, хохирол амссан бол одоогийн байдлаар 6000 гаруй мал хорогдоод байна. Батхаан багийн хэмжээнд 47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт газар нутгийн 35 хувийг хамарчээ. Аймаг, сум орон нутгийн удирдлагууд гал түймэрт өртсөн малчдынхаа амьжиргааг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж байгааг хэллээ. Зарим малчдаас мал угаартлаа, тодорхойгүй шалтгаанаар үхэж байна гэх дуудлага ирж буйг нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс цаашид малын эм тарианы хэрэгцээ шаардлага их гарч болзошгүй байна.БАЯН-ОВОО СУМЫН СҮМБЭР БАГТ ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС НИЙТ 30.800 ГА ГАЗАР ШАТСАНХэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар таван айлын долоон гэр, саравч, хашаа, 300 гаруй толгой мал үрэгджээ. Түймэрт өртсөн талбай, айл өрхүүдийн болон нийт хохирлын хэмжээг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө өгч ажиллалаа.ТҮЙМЭРТ ӨРТСӨН АЙЛ ӨРХҮҮДИЙГ МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНАХүний санамсар болгоомжгүй, хэнэггүй үйлдлээс болж гарсан ой хээрийн түймэр малчдад том хохирол учруулаад байна. Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг гэдгийг онцгой байдлын алба хаагчид хэлж байлаа. Түймэр гарсан газарт салхины хурд 6-18 м/секунд хүртэл салхилсан учраас түймэр их талбайг хамарсан тухай ОБЕГ-аас мэдээллээ. Цаашид хээрийн түймэрт өртсөн айл өрхүүдийг малжуулах хөтөлбөрт хамруулах зэргээр тусалж дэмжих юм.
2025/03/13
338
НИЙГЭМ
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулж, төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу энэ оны 2025 оны 1 дүгээр улирлын ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад оролцохоор нийслэлд 1703, улсын хэмжээнд 4041 иргэн бүртгүүлжээ. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-14-ний үргэлжилнэ. Шалгалтыг өдөрт 5 ээлжээр өгөхдөө, нэг ээлждээ 131 иргэн шалгалт өгөх юм. 2024 онд зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад нийслэлд 7749 иргэн бүртгүүлж, 5427 иргэн шалгалт өгч үүнээс 2057 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлсэн юм.Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл, орон нутагт цахимаар зохион байгуулж байна. Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга, зохион байгуулалт улам боловсронгуй болж байна. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон. Шалгалтыг 100 хувь цахимд шилжүүлж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй болж, шалгалтын дүн хэн нэгнээс бус зөвхөн өөрөөс нь хамаарч, хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад өндөр оноо авах нөхцөл бүрдсэн”-ийг тодотголоо.
2025/03/12
463
НИЙГЭМ
Голын ай савд суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Хөлийн гол, Толгойтын гол, Нарангийн гол, Зүүн салаа зэрэг голын ай сав дагасан газруудад суурьшиж буй иргэд шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг ГУББГ-аас анхаарууллаа.Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Энэ жилийн хувьд халиа тошин өмнөх жилүүдээс тархмал байдалтай байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд инженерийн хийцлэлтэй 14 байршлын 71 га талбайд болон голын ай сав дагасан 32 байршилд, нийт 46 байршилд халиа тошин үүссэн. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор шар усны үерийн аюул тэр хэрээрээ нэмэгдэнэ. Хамгийн эрсдэлтэй байршил болох хүмүүсийн хэлж заншсанаар хуучин 22-ын товчоо орчимд үерийн далан мөсөөр дүүрсэн байсныг мөсийг нь зөөх, суваг гаргалгаа гаргаж байна” гэлээ.
2025/03/10
350
НИЙГЭМ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүндэтгэлийн ёслолд оролцон ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.Тэр бээр хэлсэн үгэндээ, ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэх олон зууны түүхтэй монголчууд энэ өдрийг охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах бодлогын хэрэгжилтийг дүгнэн цэгнэж, эхчүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэж байгааг хэллээ.Төрөөс хүн амаа өсгөх бодлогыг тууштай хэрэгжүүлэхдээ олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдээ алдаршуулан, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон олгож ирсэн. Энэ жилээс одонт ээжүүдэд олгодог мөнгөн урамшууллын хэмжээг хоёр дахин нэмснийг тэмдэглэлээ.Ээжүүд үр хүүхдээ өсгөж, эрдэм номтой, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд сэтгэл зүрх, хайр халамжаа бүрэн зориулж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.Ээжүүд, эмэгтэйчүүдийн өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, төвшин амьдралтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа өнөр өтгөн байхын ерөөлийг өргөн дэвшүүллээ.“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо. Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 19 дэх жилдээ зохион байгууллаа.
2025/03/07
427
НИЙГЭМ
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын захирамж, 2023 оны 5 дугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд уг төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээг хувийн хэвшлийн түншлэлтэй байгуулан ажиллаж байна. Уг төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа төлбөртэй авто зогсоолын менежментийг сайжруулах, нэгдсэн системд холбох, сул зогсоолын мэдээлэл, аюулгүй байдлыг хангах, хяналтын камержуулалт, ухаалаг технологид суурилсан урьдчилан болон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн системийг нэвтрүүлнэ. Мөн төсөл хэрэгжүүлэх байршлуудад мод тарих, ногоон байгууламж бий болгох, цахилгаан машин цэнэглэгчийг суурилуулах зэрэг агаар, орчны бохирдлыг бууруулах ажлууд хийх юм. Иймд төсөл хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй дараах байршлуудыг албадан чөлөөлж, орц, гарцын төлөвлөлтийг өөрчлөх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна.
2025/02/25
374
НИЙГЭМ
Морингийн давааны барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр өдөрт 100 тонн хог боловсруулна
Өнгөрсөн оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн барилгын ажил дууссан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, НИТХ-ын төлөөлөгчид тус үйлдвэрт ажиллалаа.Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулах, хогийн цэгийн тоог багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй төсөл юм” гэв.Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн нэгжийн Төслийн зохицуулагч Б.Чандман “Уг үйлдвэрийн ландфиллын байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай. Мөн өдөрт 100 тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой. Түүнчлэн төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 29 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлсэн” хэмээлээ. Үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдэж буй. Тус үйлдвэрийг НЗДТГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын холбооны буцалтгүй тусламжаар барьсан юм.
2025/02/25
404
НИЙГЭМ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе шаттайгаар худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 17-ны өдрийг дуустал зохион байгуулж буй талаар УБЗАА-ны Хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Эрдэнэсувдаас тодрууллаа.Тэрбээр “Энэ жилийн хувьд 10 аж ахуйн нэгжийн 8.713 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн. Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 24-27-ны өдрийг хүртэл есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна. Уг өргөтгөсөн худалдаанд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11.800 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж нөөцөлсөн гулууз махыг өргөтгөсөн худалдаанаас авах боломжтой” гэв.
2025/02/25
466
