mmnews.mn | 2026-09-27

УЛС ТӨР

УЛС ТӨР
'Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор'-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баригдах “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг эрчимжүүлэх Засгийн газрын 64, 28 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 56, 152 дугаар захирамжаар ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй. Ажлын хэсэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулсны дараа олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал авах урилгыг мөн сарын 10-наас тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан. Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид төслийн урилгаа хүргүүлснээс таван ААН-ээс үнийн санал ирүүлжээ. Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулаад байгаа гэлээ. Хураангуй жагсаалтад багтсан стратегийн хөрөнгө оруулагчдын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөрөнгө оруулах хувилбар, бизнес түншлэлийн саналыг үнэлэх, төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Хөрөнгө оруулагчдад дотоодын сая тонн гангийн хэрэглээг хангахаас гадна экспортод гаргах өндөр чанарын ган үйлдвэрлэх, дотоодын ААН-үүдийг ажлын байраар хангах, ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх шаардлага тавих аж. Төслийн бүтээн байгуулалт явагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Эцэслэсэн дүн мэдээг 2026 оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол батлагдав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хууль 2022 онд батлагдаж, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцлөөр арилжаалах боломж бүрдсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 7 сард 195 удаагийн арилжаагаар 10.65 сая тонн нүүрсийг 940.4 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалсан байдаг. Гэвч биржээр арилжаалж буй бүтээгдэхүүний төрөл хангалтгүй, урт хугацааны худалдааны хэлцэл байгуулах боломж хязгаарлагдмал, гэрээний хэрэгжилтийн хугацаанд худалдан авагчийн байршуулсан дэнчин царцаж, эргэлт саарах, компаниудын мөнгөн урсгалд дарамт учруулж буй учраас уг асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Биржийн арилжааны үр ашиг, өрсөлдөх чадвар, нэр төрлийг нэмэгдүүлэх тус тогтоолд гурван үндсэн агуулгыг тусгажээ. Тодруулбал, -Стандартад нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр болон түүнээс дээш төрлөөр багцлан нэг арилжааны захиалга гаргах -Уул уурхайн бүтээгдэхүүний индексэд суурилсан үнэтэй форвард гэрээг 5 хүртэл жилийн хугацаатай байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх -Гэрээ байгуулагдсан тохиолдолд худалдан авагчийн байршуулсан дэнчингийн 90 хувийг буцаан шилжүүлэх, гэрээ дүгнэсний дараа 10 хувийг шилжүүлэх журмыг тусгахаар тус, тус үүрэг болгов. Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Манай Засгийн газар бүх төрлийн оффтэйк гэрээг огт хийхгүй. Гэрээний хугацаа дуусаж байгаа, өмнө нь урьдчилгаа төлбөр аваад гэрээ хэлцэл хийж, хэл ам дагуулаад байдаг сэдвийг хаалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу ил тод нээлттэй арилжаал. Үнэ хаялцаад хамгийн өндөр өртөгтэйгөөр нүүрсээ гаргая. Энэ бол ил тод, зөв зарчим. Гэрээ хэлцэл хийнэ гэж дээгүүр, доогуур явдаг хүмүүс боль. Биржээр явж байгаа учраас бүх зүйл ил болсон” хэмээлээ.Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолооМалын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” буюу өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулснаар 07 дугаар сарын 8-ны өдрөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй билээ. Тэгвэл Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан учраас 2026 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо. Эдгээр сумд нь хил орчмын бүс нутгаас гадна зээрийн сүрэг ихтэй. Дорнод аймгийн “Номинт” багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийгээр өвдсөн нь тогтоогдоод байгаа аж. Улз голд хашигдаж буй эдгээр зээрийн сүрэг өвөл мөс хөлдсөний дараа нүүдэллэж, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий өвчин тараах эрсдэл өндөр байна гэлээ. Мал эмнэлгийн ерөнхий газар шүлхийн голомтот бүсэд 74 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд нөөцдөө байсан 5 мянган тун вакциныг мэдрэг малд хийж эхэлжээ. Нэмэлтээр мөн 190 мянган тунг хүргүүлээд байгаа аж. Цаашдаа үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан 6 сая тун “SAT-1”, О, А дэд хэвшлийн вакциныг нэн яаралтай худалдан авах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Хилийн бүс нутаг учраас хүн, тээврийн хэрэгслийн хяналтыг чангатгах, отог нүүдлийн зорилгоор хилийн хамгаалалтын бүс рүү малчдыг нэвтрүүлэхгүй байх, хил орчмын бүс нутагт зэрлэг амьтдын тандалт судалгаа хийх ажлыг шуурхайлах үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө. Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт хүн хүч, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн санхүүг яаралтай шийдэх, улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хяналтын пост ажиллуулах, малчдад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг хүргүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүргийг өгөв. Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн түүхий сүүний хэмжээгээр тооцож, 1 литрийг нь 1,000 төгрөгөөр тооцон олгох юм. Малчид урамшууллаа авах хүсэлтээ тухайн сарын сүүлийн өдрөөр тасалж, дараа сарынхаа 01-нээс 10-ны хооронд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын урамшууллын цахим систем буюу tus.mofa.gov.mn-д илгээх шаардлагатай бөгөөд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд урамшуулал бодогдохгүй байхыг санууллаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2020 онд 1300 фермер, ААН-ээс 5 сая литр сүү нийлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 2400 фермерээс 19.6 сая литр сүү нийлүүлдэг болсон төдийгүй гурван аймаг нь 13 болж нэмэгджээ. ЕБС-иудад хэрэгжиж буй “Сүү” хөтөлбөрийг Засгийн газар ирэх онд үргэлжлүүлэх бөгөөд төсвийг нь сүүний урамшуулалтай адилхан ирэх оны төсөвт бүрэн тусгана. Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургацын урьдчилсан блансын дүн мэдээг танилцуулав. Монгол Улс энэ хавар 370 мян.га-д тариалалт хийснээс 318 мян.га-д улаанбуудай, 13 мян.га-д төмс, 14 мян.га-д хүнсний ногоо, 90 мян.га-д ногоон тэжээл, 94 мян.га-д тосны ургамал тариалжээ.Хаврын тариалалтаас эхлээд Засгийн газар газар тариалангийн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж, шуурхай арга хэмжээ буюу түлшний хангалтыг таслахгүй байх, 140 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэргээр анхаарч ажилласны үр дүнд 555.3 мян.тонн улаанбуудай, 168.2 мян.тонн төмс, 220 мян.тонн хүнсний ногоо, 50 мян.тонн тосны ургамал, 200 мян.тонн малын тэжээл хурааж авах урьдчилсан бланс гарчээ. Ингэснээр, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй мян.тонн улаанбуудай илүү тариалсан сайн мэдээтэй байна. 
2026/08/26
280
УЛС ТӨР
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа. Монгол Улс Риогийн гурван конвенцын зорилгыг бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновацын нэгдсэн тогтолцоонд уялдуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлээд байна.Энэ хүрээнд Монгол Улс эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулахаар зорьж байна. Уг төсөл нь Монгол Улсын 2026-2030 оны таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил юм.Монгол Улс өргөн уудам газар нутаг, сэрүүн, хуурай уур амьсгал, нар, салхины арвин нөөцтэй. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршлаараа сэргээгдэх эрчим хүч болон бүс нутгийн дижитал дэд бүтцийн шинэ төв болох суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.Ногоон дата төв нь зөвхөн өгөгдөл хадгалах зориулалттай байгууламж бус, байгаль орчны өгөгдөл, зайнаас тандан судлах технологи, хиймэл дагуулын мэдээлэл, газарзүйн мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааныг нэгтгэсэн үндэсний болон бүс нутгийн ухаалаг шийдвэр гаргалтын платформын суурь болох юм.Дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжлийг дагаад дата төвийн эрэлт эрчимтэй өсөж байгаа энэ үед эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шаардлага нэмэгдэж байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, өндөр үр ашигтай дата төвүүд дэлхийн шинэ стандарт болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.Энэхүү санаачилга нь Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлж, олон улсын түншүүдийг хамтран ажиллах, хөрөнгө оруулах, технологи, мэдлэг, туршлагаа хуваалцахыг урив.
2026/08/26
277
УЛС ТӨР
УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.08.13) Үндэсний аудитын газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.Уулзалтын үеэр салбарын төлөөллүүд Улсын Их Хурлын 2021 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар нийгмийн түншлэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн гурван талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн талаар мэдээлэв. Мөн хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой хөдөлмөрийн маргаан нэмэгдэж байгаа болон талуудын хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ.Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт талууд хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллаж, аль нэг салбарын эрх ашгийг түлхүү тавихаас илүү хөдөлмөр эрхэлж буй иргэд болон нийт талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах, Монгол Улсын нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг онцлов.Мөн асуудлыг маргаан, зөрчилдөөнд хүргэхээс илүүтэйгээр хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг үр дүнтэй хийх нь чухал гэв.Хэрэв гурван талт улсын хэлэлцээрээр хэлэлцэх асуудлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалтын хүндрэл байгаа бол маргаан үүсгэхээс илүүтэйгээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа тодорхой боловсруулж, Улсын Их Хуралд ирүүлэхийг зөвлөлөө. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодит санал, санаачилгыг хүлээн авч, хамтран ажиллахад Улсын Их Хурал нээлттэй гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед ажил олгогч, ажилтан харилцан ойлголцож, эрх, үүргээ хүндэтгэн, асуудлаа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах суурь нөхцөл болохыг дурдлаа.Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, А.Ариунзаяа, Т.Аубакир, С.Эрдэнэбат болон албаны бусад төлөөлөл оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 
2026/08/15
320
УЛС ТӨР
Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр  (2026.08.14) яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 21 аймагт тулгамдаж буй асуудлын хүрээнд уулзаж, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл хийх боломжийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн, 2027 оны төсөвт аймгуудад шаардлагатай зарим төслийг тусгах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын ажлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд орон нутгуудад уламжлал мэт тогтчихсон, жил бүр өвөлжилтийн бэлтгэл хангахад тулгамддаг асуудлыг нэг мөр цэгцлэх бодлого баримталж байна. Тиймээс Төрийн нарийн бичгийн дарга нар салбарт нь угжирсан, царцанги байдалд орсон асуудлыг дахин давтагдуулахгүйгээр дуусгахад ямар бодлого баримталж, эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдгийг судалж, танилцуулна. Шадар сайд 21 аймагт ажиллах үеэр эрчим хүч, дулааны дэд бүтэц, сумдын автомашин, сургууль, цэцэрлэг, усан бассейн, соёлын төвийн барилгын асуудал нийтлэг дурдагджээ. Цаашид улсын төсөв бүхнийг шийднэ гэсэн хандлагаа зогсоож, орон нутгууд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан асуудлаа шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлагууд бизнес сэтгэхүйгээр ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэж ажиллах нь чухал буйг тодотгож байна. Бүтээн байгуулалтын хугацаа богинохон боловч худалдан авах ажиллагааны хугацаа удаан байна. Үүнээс шалтгаалж хөрөнгө оруулалтын ажил зогсох, олон жил үргэлжлэх зэрэг асуудал гарч байгааг хууль, эрх зүйн хувьд шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, Засгийн газраас баталсан бодлого, шийдвэрийг орон нутагт бодитоор хэрэгжүүлэхэд анхаарахыг Шадар сайд Н.Номтойбаяр Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа. 
2026/08/15
322
УЛС ТӨР
'Чөлөөлье' үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна
“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт хагас жилийн тайлангийн хурлаа (2026.08.14)  өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн тайлангийн хуралд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр,  ЗГХЭГ-ын Дэд дарга, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцож, 2026 оны эхний хагас жилээ дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа.ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хэрэгжүүлж буй дөрвөн тулгуурт “Чөлөөлье” бодлогын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд “зангилагдаж” буйг онцоллоо.  Хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль батлагдаж, ил тод байдал, хяналт хариуцлагын тогтолцоо сайжрах, иргэдэд ирэх баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэлийн суурь бүрдснийг тодотгов. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны тайланг дарга, удирдлагууд өөрсдөө хянаж, хэлэлцэх биш, ард түмний төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, иргэд нээлттэй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж буйг хэллээ. Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын бүтэц орон тоог оновчилж, давхардал, хийдлийг арилгаснаар “Чингис хаан баялгийн сан”  нэгдлийн 14 компанийн 260 орон тоог цөөлж, захиргаа, түрээсийн зардлыг бууруулан  67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ.Тайлангийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр цаашид анхаарч ажиллах хэд, хэдэн асуудлыг цохон тэмдэглэв.Үүнд, -Төрийн өмчит компаниудын санхүүгийн зөрчлүүдийг арилгаж, сахилга хариуцлагыг чангатгах;-Төрийн өмчит компаниуд шинээр байр, оффис худалдан авахыг хориглох, тэвчиж болох урсгал зардлуудыг танах;-Төрийн хөрөнгийн менежментийг сайжруулж, оновчтой зохион байгуулалт хийж, үр ашиггүй зардлыг бууруулах;-Шинэ хууль эрх зүйн зохицуулалтад туссан үйлдвэрлэлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа  дээшлүүлэх, засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах зэрэгт идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.
2026/08/15
276
УЛС ТӨР
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй орчин бүрдүүлэх, тайлагналын хугацааг уян хатан болгохоор  Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Ж.Баярмаа нарын УИХ-ын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр батлав.Энэ удаагийн өөрчлөлтөөр 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 9,504,000 төгрөг (сард 792,000 төгрөг) хүртэл бол тухайн орлогод 0 хувийн татвар ногдуулахаар тусгажээ.Мөн 2028 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 24,000,000 төгрөг (сард 2,000,000 төгрөг) хүртэл бол 1 хувийн татвар төлөх болж байна.Өндөр орлоготой иргэдэд мөрдөгдөж буй шаталсан татварын тогтолцоо өөрчлөгдөөгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлогын 120 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 120-180 сая төгрөгийн орлогод 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувийн татварын хувь хэмжээг тооцох зохицуулалт хэвээр үйлчлэх юм.Орон сууц борлуулсны орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Иргэний анх удаа өмчилж, амьдран суусан орон сууцыг борлуулснаас олсон орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх юм байна.Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан хялбаршуулсан татварын горимыг шинэчилжээ. Жилийн 1 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид орлогын хэмжээнээс үл хамааран 1 хувийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн байна.Татварын тайлагналын хугацааг уян хатан болгон, сар бүрийн 15-ны өдөр тайлан гаргаж, татвар төлөх үүрэгтэй байсныг өөрчлөн уг хугацааг тухайн сарын сүүлийн өдөр хүртэл сунгахаар тусгасан байна.  Хууль хэрэгжиж эхэлснээр бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байна. Энэхүү өөрчлөлт нь бага болон дунд орлоготой хөдөлмөр эрхлэгчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, татварын ачааллыг үе шаттайгаар бууруулна гэж үзжээ.Хувь хүний орлогын албан татварыг иргэдийн орлогын түвшинтэй уялдуулснаар  бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж, нийгмийн шударга байдлыг ханган, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.Иргэдийг дэмжин, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад хуулийн зохицуулалт үр дүнгээ өгөхөөс гадна иргэн, аж ахуйн нэгжид үүргээ биелүүлэх илүү боломжит хугацаа олгож, хугацаа хоцрох эрсдэлийг бууруулах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/07/30
430
УЛС ТӨР
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгах хээрийн ажлын хэсгийн ажилтай танилцлаа.Энэ үеэр Монгол Улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинэчлэн суурилуулав.Монгол-Оросын 3,543 км хилийг 1987-2001 оны хооронд анх удаа хамтран шалгаж, УИХ-аар 2002 онд соёрхон баталгаажуулсан юм.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 онд ОХУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч В.В.Путинтай Монгол-Оросын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгаж, НҮБ-д бүртгүүлэхээр тохиролцсон.Энэхүү шийдвэрийн дагуу талуудын Засгийн газар Монгол-Оросын улсын хилийг хамтран шалгах комиссыг 2021 онд байгуулан, хилийн төхөөрөмжийн ажлын хүрээнд хилийн тэмдгийг шинэчлэх, хилийн шугам дайран гарсан гол, нуурын гольдрол, эргийн өөрчлөлтийг шалгах, шинээр үүссэн болон алга болсон арлын харьяаллыг тогтоох, ой огтолсон зурвасыг сэргээх, хилийн шугамын явалтыг тодотгох зэрэг ажлыг хамтран гүйцэтгэж байна.Тухайлбал, комиссын анхдугаар хуралдаанаар улсын хилийн 1620 тэмдгийг шинэчлэн босгохоор тохиролцсон.Өнөөдрийн байдлаар хилийн төхөөрөмжийн ажлын явц 85 хувьтай байна.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр Монгол-Оросын хилийг шинэчлэн баталгаажуулах ажил нь олон улсын эрх зүйн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, маргаангүй улсын хилтэй болох түүхэн чухал бодлого, арга хэмжээ гэдгийг онцоллоо.Хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэл, харилцан итгэлцэл, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд хилийн төхөөрөмжийн ажлыг гүйцэтгэж буй комиссын бүрэлдэхүүн, холбогдох мэргэжилтнүүд, хилчин дайчдад талархал илэрхийлж, амжилт хүсэв.
2026/07/30
659
УЛС ТӨР
Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.30/ Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Бейшеевич Молдогазиевыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов.Элчин сайд Айбек Молдогазиев БНКирУ нь Монгол Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлж, бодит үр дүнд хүргэхэд өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо. Тэрбээр, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ боломж бүрдүүлж байгааг тэмдэглээд, техникийн зохицуулалт, хорио цээрийн шаардлагыг уялдуулах чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхээ илэрхийлэв. Киргиз Улс нь Төв Азийн логистикийн зангилаа орны хувьд бүс нутгийн тээвэр, логистикийн шинэ коридоруудыг хөгжүүлэх, хил дамнасан холболтыг нэмэгдүүлэхэд Монгол Улстай нягт хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.  Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, тээвэр, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг танилцуулж, Монгол, Киргиз Улс нь далайд гарцгүй хөгжиж буй, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хөтөлбөрийн гишүүн орнуудын хувьд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжтойг онцоллоо. Ингэхдээ "Транзит Монгол" бодлогыг CAREC хөтөлбөртэй уялдуулан худалдаа, тээвэр, логистикийн саадыг бууруулж, агаар, авто болон төмөр замын тээврийн харилцан холболтыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой буйгаа онцоллоо. Мөн Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
2026/07/30
450
УЛС ТӨР
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын шуурхай хурлыг зохион байгууллаа.Хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэр тулгамдаж буй асуудал, гарсан санал, санаачилгын талаар танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүх шатанд эрчимжүүлж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өглөө.Үүнд:
-Аймаг, орон нутагт нэн шаардлагатай худалдан авалтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах;
-Мал тооллогын мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
-Орон нутагт тулгамдаж буй дулааны станц, инженерийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх;
-Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой үүрэг, арга хэмжээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллахыг үүрэг болгов. Орон нутгуудад олон жил шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэлт удаашралтай байгаа асуудлууд олон байгаа нь уялдаа холбоо муутай, хөгжлийг сааруулж байгааг Шадар сайд тодотгож, салбар байгууллагууд бодлого, зохицуулалт уялдаа холбоогоо сайжруулж, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн орон нутагт халамжийн тогтолцоо хэт төвлөрсөн байдлаар хэрэгжиж байгааг дурдаж, аймаг орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай худалдан авалтыг орон нутаг өөрийн эрх хэмжээнд шуурхай шийдвэрлэдэг байх нь чухал болохыг онцоллоо. Төсөвт хэт төвлөрсөн хандлага нь хөгжлийн бодлогыг удаашруулдаг тул орон нутгийн санхүүгийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх шаардлагатай гэв. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан гамшиг, онцгой байдлын үед санхүүгийн эрх мэдлийг шатлалтайгаар төвлөрлөөс орон нутаг руу шилжүүлж, шуурхай шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд онцлон дурдлаа. Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангаж, иргэдийн аюулгүй байдал, эрчим хүч, дулаан хангамж, мал аж ахуйн салбарын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэлээр бүх шатны байгууллагууд хариуцлагатай, шуурхай ажиллахыг онцгойлон үүрэг болгож байна. 
2026/07/30
310
УЛС ТӨР
Бүгд Найрамдах Тажикистан Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.Ерөнхий сайд Н.Учрал Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын салбар, чиглэлийг тодорхойлж, өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.Монгол Улсын Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн холболтыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа нотлов. Энэ хүрээнд Монгол, Тажикистаны Засгийн газар хоорондын Комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг сайшааж, тус механизм нь хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал хөшүүрэг болохыг тэмдэглэв.Мөн Ерөнхий сайд айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичиг байгуулсан нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэрлэл, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буйг онцлов. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүч, мэргэжлийн болон техникийн боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, залуучууд, спортын салбарын чиглэлээр талууд туршлага солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлэв.  Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад дахин хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нарын тохирсон ажил арга хэмжээ, хамтын ажиллагааны баримт бичгүүд нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг онцлов. Мөн Монгол Улс “COP17” олон улсын бага хурлыг эх орондоо зохион байгуулах гэж буйг өндрөөр үнэлж байна хэмээв. Тажикистан Улс нь 1956 онд анхны усан цахилгаан станцаа ашиглалтад оруулж байсан бөгөөд сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтын чиглэлээр арвин туршлагатай гэдгээ тодотгов. Дээрх чиглэлд хоёр тал хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийллээ. Мөн Ерөнхий сайд “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол Улсад гадаадын банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн тухай дурдав. Талууд Монгол, Тажикистаны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлж, “Монгол-Тажикистаны бизнесийн дугуй ширээний уулзалт” амжилттай болсныг сайшаан тэмдэглэв.
2026/07/22
327
УЛС ТӨР
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв. Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв. Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.  
2026/07/22
324
УЛС ТӨР
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо.Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна.Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа.Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.
2026/06/15
626
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд бараалхав.Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түвшинд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв.Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-тай сайн  хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцолж, Монгол Улс Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудал нь БНХАУ-ын дотоод хэрэг хэмээн үзэж, “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж ирснээ дурдав.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл гэж ойлгогдож байгаа бөгөөд энэхүү уулзалт Ши Жиньпин даргын төрсөн өдрөөр тохиож буйг бэлгэшээж байгаагаа илэрхийлэв.Мөн хоёр улсын хөгжлийн стратеги, зорилтуудыг уялдуулан хамтын хөгжлийг хурдасгах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистикийн хөгжлийг дэмжих, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлж Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрдэс баялаг, эрчим хүч, түүний дотор сэргээгдэх эрчим хүчний салбар, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийг хамарсан томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын талаар танилцуулж, энэ хүрээнд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хил гаалийн хорио цээрийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх, хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санал, санаачилга, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтлах бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ган үйлдвэрлэлийн цогцолбор, зэсийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, хөнгөн цагаан үйлдвэрлэх зэрэг төслүүдийг урагшлуулах зорилт тавьж буйг мэдээлэв.Монгол Улсын баруун аймгуудад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан вакцин нийлүүлэх, Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн хятадын талд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд бараалхаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны мэндчилгээг уламжлав. Тэрбээр Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон мөнхийн хөрш тул бие биедээ тусалж, гэгээн ирээдүйн төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.Гадаад хэргийн сайд Ван И хятадын тал Монгол Улстай харилцах бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хөгжлийн чиглэлийг зөв тодорхойлох нь хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагаанд урагшлах хүч нэмнэ хэмээн онцлов.Гадаад хэргийн сайд Ван И Хятад улс мөнхийн хөрш Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчилдаг бөгөөд “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцан, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг бие биенээ харилцан нөхөх чадвар өндөр бөгөөд цаашид худалдааг өнөөгийнхөөс улам илүү нэмэгдүүлэхийн тулд Чөлөөт бүс байгуулан, шаардлага хангасан хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтойг дурдаж, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд илүү том зорилт дэвшүүлж хамтран ажиллахын төлөө байгааг Гадаад хэргийн сайд Ван И тэмдэглэв. 
2026/06/15
381
УЛС ТӨР
Шадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай (2026.06.12) албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын засгийн газрын тэргүүлэгч Бао Ган уул усаар холбогдсон бидний найрсаг, сайн хөрш Монгол Улстай бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж, худалдааны эргэлт есөн хувиар нэмэгдэж, боловсрол, эрүүл мэндийн хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжиж буйг онцоллоо. Тэрээр, дөрөвдүгээр сард ӨМӨЗО-нд эдийн засгийн тусгай гурван бүс туршилтаар нээгдсэн нь хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд харилцаа, хамтын ажиллагааны агуулга улам бүр баяжиж байна гэлээ. Түүнчлэн Монгол Улстай боомтын хүчин чадлыг сайжруулах хүрээнд Замын-Үүд-Эрээний орох гарах гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ухаан ашиглах зэргээр жишиг боомт болгох асуудлаар санал солилцов. Шадар сайд Н.Номтойбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нарын мэндчилгээг хүргэж, хоёр улсын Төрийн тэргүүн нарын найрсаг харилцааны үр дүнд харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч чадсаныг онцоллоо. Цаашид хоёр орны бүхий л салбар дахь хамтын ажиллагаа одоо байгаа үеэсээ улам бүр хөгжих бүрэн боломж бий хэмээв. Энэ хүрээнд Бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайдын хувьд Хятадын XV таван жилийн төлөвлөгөөнд уялдуулан хөгжлийн чиг баримжаагаа судалж, бодлого төлөвлөлтөө хийж буйг дурдлаа. Тодруулбал, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хөрш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж, баруун болон зүүн төмөр замаар гурван улсын эдийн засгийн коридорыг бодит үр дүнд хүргэх нь чухал гэдгийг тодотгож байна. Ингэснээр бүс нутаг, Төв Ази болон Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллах боломж бүрдэх юм гэлээ. Түүнчлэн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хөрөнгө оруулагчдыг дэмжих, дотоодын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл явуулах эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа. Тэрээр, Замын-Үүд-Эрээний эдийн засгийн тусгай бүсийг цоо шинэ түвшинд хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны томоохон үр дүн болгох сонирхолтой байгаагаа уламжлав. Мөн Эдийн засгийн тусгай бүсэд эм болон малын вакцины үйлдвэрлэл, барилгын болон хүнсний зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Өвөр Монголын Өөртөө засах орны Засгийн ордны тэргүүлэгч Бао Ган Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг хөгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чухал асуудал гэдгийг цохон тэмдэглээд малын шүлхий, мялзан зэрэг өвчний вакцин үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэв. Мөн мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, ноолуурын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлж байна.
2026/06/15
397
УЛС ТӨР
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-тай 2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.Гадаад харилцааны сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд Иж бүрэн стратегийн түвшинд эрчимтэй урагшилж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин бүхий л салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаа гэдэгт санал нэгдэв.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-тай найрсаг хөршийн өргөн хүрээний хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал тогтворгүй энэ цаг үед харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад хамтын хүчин чармайлт гаргах нь зүйтэй болохыг тэмдэглэв.Талууд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.Уулзалтын үеэр талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох болон өөрсдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ дахин нотлов.Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, газрын тосны олборлолт, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэв.Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ Монгол Улстай харилцахдаа “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх гадаад бодлогыг баримталж, сайн хөршийн найрсаг харилцааг тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын дипломат харилцаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох чухал үүрэгтэйг онцолж, төрийн тэргүүн нарын хүрсэн нэгдсэн ойлголцол, тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа тэмдэглэв.Тэрээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн буйг илэрхийлэв. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын тохирсон талуудын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт удахгүй биелнэ гэдэг итгэлтэй байгаа бөгөөд цаашид худалдааны хэмжээг нэмэгдүүлэх илүү том зорилт тавин ажиллах хэрэгтэйг онцлон тэмдэглэв.Хятадын тал энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын баруун аймгуудад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч буйтай холбогдуулан вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйг мэдээлэв.Энэ үеэр талууд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар илэн далангүй санал солилцсон болно.Уулзалтын төгсгөлд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2026-2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар уулзалтын дараа хэвлэл, мэдээллийнхэнд хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийв.
2026/06/13
832