mmnews.mn | 2025-06-04

УЛС ТӨР

УЛС ТӨР
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Засгийн газар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээ авнаЗудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ.Орон нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын зүй бус хорогдлын хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан зудын гамшигт нэрвэгдэж, банкууд дахь малчны зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсхүл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаанд оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөлөө. Малчдын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан хуримтлагдсан хүүгийн зургаан нэгж хувиас давсан хүүгийн төлбөрийн 2024 оны эхний хагас жилд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд, 2024 оны сүүлийн хагас жилд шаардлагатай эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгав.Зудын улмаас малын тоо толгой их хэмжээгээр хорогдсон, малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх замаар хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад үүрэг болголоо. Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, малчдын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 2024 оны гуравдугаар сарын 06-ны байдлаар 21 аймагт нийт 3.9 сая мал хорогдоод байна.            Нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг гаргасан бөгөөд цаашид малын зүй бус хорогдлын тоо огцом нэмэгдэх хандлагатай байгаа тул малчдын санхүүгийн дарамтыг бууруулах боломжийг судлах үүднээс холбогдох танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын зүй бус хорогдол нэмэгдэж байгаатай холбогдуулан зудын хүндрэлээс үүссэн эрсдэлийг бууруулах эдгээр арга хэмжээг авахаар боллоо. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах эдгээр зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталж хэрэгжүүлснээр энэхүү үнэлгээнд ахиц гарна гэж үзэж байна. Төлөвлөгөөний төсөлд Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 290 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан ба төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлнэ. Үр дүнд нь нийтийн албаны авлигын түвшний олон улсын үнэлгээ жил бүр буурч, улсын төсөв тэлэх, иргэдийн төрийн байгууллага, төрд итгэх итгэлийн түвшин нэмэгдсэн, иргэдийн орлого өссөн, авлигыг үл тэвчих соёл, шүгэл үлээх тогтолцоо бэхэжсэн байна гэж үзсэн болно.    Халиа, дошны мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулнаБолзошгүй шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотод үүссэн халиа, дошны түвшин нэмэгдсэн хэсгүүдийн мөсийг зөөж, тээвэрлэх, түр далан босгож, суваг шуудуу татах ажлыг зохион байгуулахад шаардлагатай зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.Нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 7,8 дугаар сард тохиолдсон үерийн улмаас голуудад хуримтлагдсан лаг, шавар, хөрсний усны түвшин дээшилснээс шалтгаалан үерийн хамгаалалтын барилга байгууламж, голуудын сав дагуу Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 24 хорооны 34 байршилд халиа дошны нөхцөл байдал үүссэн. Улаанбаатар хотод шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 2316 нэгж талбар байгаагаас 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байнаНийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар долоон аж ахуйн нэгж үхрийн мах 1902.0 тонн, хонины мах 3803.0 тонн, ямааны мах 632.5 тонн, нийт 6337.5 тонн мах бэлтгэжээ.  Нөөцийн махыг 2024 оны гуравдугаар сарын 11-нээс үхрийн ястай мах 11350 төг/кг,  хонины ястай мах 8900 төг/кг, ямааны мах 6700 төг/кг үнээрнийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна.  54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдлээ“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа.Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Гадаадын иргэн, харьяатын газраас 54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдэх юм.
2024/03/14
402
УЛС ТӨР
ТББХ-ны дарга Н.Энхболд ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны зөвлөхүүдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд (2024.03.12) Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЕАБХАБ) Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмын хүрээнд санал солилцсон юм. Уулзалтын эхэнд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоогоор хослуулан явуулах, Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох талаар хууль зүйн болон практик үндэслэлүүдийг товч танилцуулав. Тэрбээр, эдгээр өөрчлөлт нь төрийн бодлогын тогтвортой байдлыг хадгалах, ард түмний төлөөлөл бүхий хууль тогтоох дээд байгууллагын чадамжийг сайжруулах, хяналт тэнцлийг хангах, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх томоохон шинэчлэлийн эхлэл хэмээн тодотгосон юм. ЕАБХАБ нь гишүүн орнуудад болж буй сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийх, сонгуулийн болон хүний эрхийн байгууллагад техникийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, холбогдох сургалт, семинарыг зохион байгуулах зэргээр хууль сахиулах ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг. Уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Владимир Мисев, шинэчилсэн зохицуулалтаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдний улс төрийн оролцоог хэрхэн хангасан талаар тодруулж, сонгуулийн бүсчилсэн тойргийн хүрээнд олон улсын сайн туршлагуудаас санал солилцлоо. Мөн олон нийтэд сонгуулийн хууль тогтоомжийг таниулах, сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар ил тод мэдээлэх, сонгууль зохион байгуулахтай холбоотой судалгаа, арга зүйн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар уулзалтад оролцогчид санал нэгдэв. ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны төлөөлөгчид манай улсад ажиллах үеэрээ сонгуулийн үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх, ажиглалт хийх, олон улсын сайн туршлагуудаас солилцох, эрх зүйн шинэчлэлийг хүртээмжтэй хэрэгжүүлэхэд дэмжин ажиллах зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, зарим улс төрийн намуудын төлөөлөлтэй хамтран уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаар товлоод байгаа аж. Ташрамд дурдахад, манай улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь гишүүн болж элссэнээс хойш тус байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албатай олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлсээр иржээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 
2024/03/13
362
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ техник, технологийн шинэчлэлт хийж байна. Учир нь тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын хүдрийн агуулга жил ирэх тутам ядуурсаар байгаа юм. Анх уг ордын хүдрийн агуулга 0.8 хувьтай байсан бол одоо 0.34 хувь хүртэл буураад байна. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Улсын Их Хурлы гишүүн Д.Батлут болон уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын төрийн захиргааны уирдлагуудтай уулзах үеэрээ тус үйлдвэрийн Ерөнхий захирал, доктор Г.Ёндон энэ талаар тодорхой танилцуулсан юм. Цаашид үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөж, үр ашгийг дээшлүүлэхийн тулд техник, технологийн шинэчлэл хийх, мөн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч, үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж буй ажээ.Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд (2024.03.11) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шинэчлэлтийн үйл ажиллагаатай танилцаж, тус үйлдвэрийн бүх хэсэг, цехийн төлөөлөл, инженер, удирдлагууд оролцсон 450 гаруй хүнтэй уулзалт хийсэн юм. Дэд дарга болон гишүүд Улсын Их Хурлаас эрдэс, баялгийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах талаар хийсэн ажлууд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркын тухай хуулиуд, тэдгээрийн зохицуулалт, хэрэгжилтийн талаар танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, хүнд үйлдвэрийн болон бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг уаашид шинэчлэн сайжруулах талаар иргэд, олон нийтийн санал бодлыг сонсож яваагаа дурдаад, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын ажлын хүрээнд нээлттэй сонсголуудыг зохион байгуулж, албан тшаалын гэмт хэрэгт ноогдуулах ялын бодлогыг чангаруулах зэрэг холбогдох эрх зүйн өөрчлөлтүүдийг хийж байгаа талаар ярилаа. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр нэг төгрөгийн бүтээгдэхүүнийг 71 мөнгөөр хийж байгаа бол Оюутолгой компани нэг төгрөгийн бүтээгдэхүүнээ нэг төгрөг, 10 мөнгөөр үйлдвэрлэж байгааг харьцуулан жишээлж, уул уурхайн үйлдвэрлэлийн шилдэг үлгэр жишээ болж буй тус үйлдвэрийн нийт уурхайчдад баяр хүргэв.Орхон аймгаас нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, уурхай дагасан хотын ирээдүйг эртнээс анхаарч, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн боломжуудыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар онцолсон юм. Тэрбээр, тус аймгийн Засаг дарга байх үедээ эрдэмтдийн зөвлөл байгуулан ажиллаж, шинжлэх ухаан, технологийн паркын эхлэлийг тавьж, евро стандартын будаг гарган, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн боловч зогссон тухай дурсан, үйлдвэрлэл бизнесийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төрийн зохицуулалтыг оновчтой, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох чиглэлээр ажилласан тухайгаа танилцуулан ярьсан юм. Энэ бүхний үр дүн евро стандартын будгийн үйлдвэрлэл дахин сэргэснийг дурдаж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргээд эхэлснийг ч дуулгалаа.Монгол Улсын баатар цолоор шагнагдсан тус үйлдвэр уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл, нийгмийн хариуцлага, хүний нөөцийн бодлогын талаар жишиг болохуйц үйл ажиллагаа явуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Уулын баяжуулах үйлдвэрийг 1972 онд анх 36 жил ажиллах нөөцтэйгөөр баталж байсан бол 2021 онд Эрдэнэтийн овоо ордын корридорт байрлах Оюутын ордод геологи, хайгуулын ажил явуулж, зэсийн нийт нөөцийг 1.0 тэрбум орчим тонноор нэмэгдүүлснээр хүдрийн нийт нөөц 3.0 тэрбум орчим болж, уурхай цаашид 60 жил тасралтгүй ажиллах боломжтой болжээ. Технологи шинэчлэлтийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэр үйлдвэрийн удирдлага онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Ерөнхий захирал Г.Ёндон танилцуулж, Эрдэнэт хотын ус хангамжийн гуравдугаар шугамын өргөтгөл, Эрдэнэт-Хялганатын хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтын талаар танилцуулсан юм. Ил уурхайн хүдрийн тээвэрлэлтэд конвейерийн систем нэтврүүлэхээр ажиллаж байгаа нь ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн зардлыг 20 хүртэл хувиар бууруулах юм. Мөн баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, эмульсийн тэсрэх бодисын үйлвэр, засвар, механикийн заводын өргөтгөлийг эхлүүлээд байгаа юм.Эрдэнэтийн Үйлдвэр, технологийн паркийг байгуулах ажлын хүрээнд тус паркын дэд бүтцийн ажлуудыг эхлүүлж, мөн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад нийт 762.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд эхний ээлжинд жилд 124.2 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал суурилагдах юм.Уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг, Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон холбогдох байгууллагууд Эрдэнэт үйлдвэрий геологи, хайгуулын үйл ажиллагааг бүхий л талаар дэмждэгт талархал илэрхийлээд, Эрдэнэтийн стратегийн ордын талбайд олгосон хайгуулын таван лицензийн хүрээнд нөөцөө нэмэгдүүлэх ажлыг явуулж байгаагаа танилцулсан юм. Тэрбээр, Эрдэнэтийн овоо ордын хайгуулыг үргэлжлүүлэхэд зарим хэсэг нь суурьшлын бүстэй давхцаж байгааг дурдаад, энэ мэт геологи, хайгуулын хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, мөн энэ ажлын хамрах хүрээг цаашид өргөжүүлж, бүсийн хэмжээнд хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг Улсын Их Хрлын дэд дарга болон гишүүдээс хүсэв. Мөн Эрдэнэтийн үйлдвэрлэл, технологийн паркын Геометаллургийн төсөл хариуцсан инженер Д.Мөнхбаяр, тус паркын хүрээнд хэрэгжүүлэхээр бэлтгэж буй Зэс хайлуулах үйлдвэрийн төслийн өртөг зардал 750-850 сая ам.доллар болохоор байгааг дурдаж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн Ж.Мөнгөншагай, Авто тээврийн цехийн Үйлдвэрчний хорооны дарга П.Гантулга нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан ава тухай хуулийн зарим зохицуулалтаас шалтгаалан Эрдэнэт үйлдвэр хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээ авч чадахгүй байгаа, мөн Эрдэнэтийн цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэсэн өртгөөс нь хямд үнээр авч байгааг зохих түвшинд хүргэх, Белазын жолооч нарын ажлын нөхцөлийг “хүнд, хортой нөхцөл”-д хамруулж өгөх зэрэг хүсэлт тавьж, хамт олныхоо нэрийн өмнөөс бичгээр гардуулав.Түүнчлэн, “Эрдмин” компанийн инженер н.Золбоот, ядуу агуулгатай хаягдал хүдрийг боловсруулах Монголд төдийгүй Азид анхны үйлдвэр “Эрдмин” 27 дахь жилдээ ажиллаж байгааг танилцуулаад, 2012 оны гэрээлснээсээ хойш үйлдвэрийн түүхий эд буюу хаягдал хүдэр авч чадаагүй байгаагаа ярьсан юм. Тус компани дээрх хугацаанд хангалттай мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулсныг тэрбээр онцлоод үйлдвэрлэл, технологийн паркын ажлын хүрээнд амжилттай, тогтвортой ажиллаж байгаа төслүүдэд түүхий эд олглах талаар тодорхой шийдвэр гаргаж өгөхийг хүслээ,Дээрх санал, хүсэлтүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага болон бусад холбогдох эрх бүхий байгууллагатай ярилцаж шийдвэрлэхээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийлж, хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөх асуудлаар бүх талыг оролцуулсан яриа хэлэлцээг Улаанбаатар хотод хийх нь зүйтэй гэсэн юм.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрлэл, борлуулалтаа жил тутам нэмэгдүүлэн ажиллаж, 2019-2023 онд нийт 6.9 их наяд төгрөгийн төлбөр, хураамж улсын төсөвт төвлөрүүлсний зэрэгцээ дэлхий дахиныг хамарсан КОВИД19 цар тахлын үед улсын хэмжээнд айл өрхүүдийн хэрэглээний ус, цахилгаан, хогны төлбөрийг хүртэл төлж, ард иргэдийн амьжиргааны чанарыг хамгаалахад ихээхэн тус хүргэснийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар энэ үеэр онцлов. Цас зудтай хүнд хэцүү өвөл болж, хахир хатуу хавартай золгож буй энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ малчин түмэндээ 285.2 сая төгрөгийн мөнгөн хандив өгсний зэрэгцээ зам давааг нээх, өвөлжөө, бэлчээр гаргах, өвс тэжээл тээвэрлэх зэргээр нийт 271.4 сая төгрөгийн техникийн тусламжийг үзүүлжээ. Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүдийг Орхон аймагт ажиллах үед Эрдэнэт хот дахь Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс өвөлжилт хүндэрсэн Хөвсгөл нутгийн малчдад зориулсан хандивын өвс тээвэрлэсэн цуваа хөдөлсөн юм. Цувааг үдэх үедээ Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, бүс нутгийнхаа Булган,  Завхан, Хөвсгөл аймгийн малчдад чин сэтгэлийн тус дэм үзүүлж, хүнд бэрх цагт хамт байгаа Орхон аймгийн иргэдэд талархал илэрхийллээ.Дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын болон засвар, механикийн заводын өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцав. Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын өргөтгөлийг 2019 онд эхэлж, цар тахлын хугацаанд тасралтгүй үргэлжлүүлсээр өнгөрсөн онд жилд 6.0 сая тонн хүдэр нцнтаглах хоёр тээрмийг ашиглатанд оруулсан бөгөөд үргэлжлүүлэн 2.0 сая тонн/жилийн хүчин чадлыг нэмж суурилуулахаар ажиллаж байна хэмээн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх танилцуулсан юм. Засвар, механикийн заводын хүчин чадлыг орчин үеийн, дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүдээр нэмж тоноглосноор тус завод зөвхөн Эрлэнэт үйлдвэрийн төдийгүй салбарын болон бүс нутгийн аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн болон хөдөө аж ахуйн техник хэрэгслийн засвар, сэлбэгийн үйлчилгээг зохих шаардлагын хэмжээнд үзүүлэх боломжтой болоод байна.
2024/03/13
633
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Хорин минутын хот" бий болгохоор зорьж байна
Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай энэ сэдвийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. Энэ удаа (2024.03.12) зургаа дахь уулзалтаа Баянгол дүүргийн бичил VI хорооллын “Бичил төв” бүсэд хийж, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” сэдвээр хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа зэрэг төрийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг сонсож, өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлээс гарах шийдлийг танилцууллаа. Баянгол дүүрэг бол Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нэг. Нийт 34 хороотой, 246,886 хүн амтай, 65,453 өрх амьдардаг. Үүнээс “Бичил төв” бүсэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23-р хороо,  Сонгинохайрхан дүүргийн 30, 31, 43-р хороо буюу гэр хорооллын найман хороо, 773 га нутаг дэвсгэр хамрагддаг. Баянгол дүүргийн таван хороонд 38,591, Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд 17,782, нийт 56,373 хүн амьдардаг. Үүнээс өрхийн тоо Баянгол дүүрэгт 10,236 бол Сонгинохайрхан дүүрэгт 4,547 буюу нийт өрхийн тоо 14,783 байна. Нийслэлийг 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтийг Засгийн газар, хотын удирдлагуудтай хамтран хийж эхэлсэнтэй холбогдуулж өдөр тутамд иргэдтэй ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудын санал, бодлыг тусгах нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийслэлд олон жил ужгирсан хүндрэлийг шийдэх боломжуудыг танилцуулав.Сүүлийн 30 жилд Монгол Улсын хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс болж хил хүрээ нь тэлж, даац нь хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлого, нийслэлийн өмнөх удирдлагуудын эс үйлдэхүйтэй холбоотой. Энэ алдааг хотын өнөөгийн удирдлагуудтай холбож шүүмжлэх нь өрөөсгөл төдийгүй үүнийг нийслэл дангаараа шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн учир Засгийн газар дэмжээд зогсохгүй оролцохоос аргагүй болсон. Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж,  наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Баянгол дүүргийн 6-р бичил хорооллын “Бичил төв” бүсэд гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах асуудал хамгийн тулгамдсан асуудал аж. Мөн бусад гэр хорооллуудын нэгэн адил агаар, хөрс, усны бохирдол, нийтийн тээврийн хүрэлцээ, дэд бүтэц, стандарт тааруу байдаг нь иргэдэд хүндрэл учруулдаг байна. Гэхдээ сүүлийн дөрвөн жилд гудамж, авто зам, гэрэлтүүлгийн бүтээн байгуулалтыг дүүргийн төсөв, санхүүгийн боломжид тааруулан хийж байгаа учир нийслэлийг бүсчилж хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг дэмжиж буйгаа оролцогчид хэлж байлаа.
2024/03/13
405
УЛС ТӨР
Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Засгийн газрын гишүүд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын урьдчилсан хэлэлцүүлгийг төвийн зургаан дүүрэгт хийж буй. Тус урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд боллоо. Тодруулбал, Яармаг орчмын бүсэд хамаарах 5, 6, 7, 8 дугаар хорооны Засаг дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн төлөөллүүдтэй уулзан, бүсчилсэн хөгжлийн талаар хэлэлцсэн юм.Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан баруун, хойд, хангайн, зүүн, говийн, төвийн бүсэд “Бүсчилсэн хөгжлийн форум”-ыг амжилттай зохион байгуулсан. Ийнхүү хамгийн сүүлийн бүс болох хот орчмын бүсийн хөгжлийн асуудлаар “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулахаар ажиллаж байна. Зөвхөн Улаанбаатар хотыг бус хотын ойр ормын бүс нутгуудтай хэрхэн холбогдож, хөгжих боломжтой вэ гэдгийг хэлэлцэх юм. Харин өнөөдөр түгжрэл, агаарын бохирдол, төлөвлөлтийн асуудлыг хэрхэн шийдэж болох вэ гэдгийг хороо, дүүргийн түвшнээс эхлэн хэлэлцэнэ. Өмнө нь хүн амын тоо өсөх тусам хорооны тоог нэмдэг байсан. Гэвч хорооны тоог нэмлээ гээд асуудал шийдэгдэхгүй байна. Тиймээс бүсчилсэн байдлаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл хийж, хотыг 42 хэсэгт хуваан, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаар хотод тулгамдаад буй олон асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа” гэв.Хан-Уул дүүргийн хүн ам 2020 онд 187 мянга байсан бол өдгөө 283 мянгад хүрээд байна. Дөрвөн жилийн дотор хүн амын тоо нь эрчимтэй өсөж байгаа тус дүүрэгт Яармаг төвийг байгуулах тухай хэлэлцлээ. Яармаг төвд Хан-Уул дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны 30,754 хүн оршин сууж байна. Гэвч хороо, ӨЭМТ, цагдаагийн хэлтсийн 132 төрийн албан хаагч тус дүүргийн 30 мянга гаруй хүнд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.Уулзалтад оролцсон Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын зүгээс анхан шатны нэгж буюу хорооны Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээг шууд, шуурхай хүргэх боломжийг олгох, засаг захиргааны нэгжийн хуваарилалтыг тооцоо, судалгаанд үндэслэн шинэчилж, бүсчилсэн хөгжлийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй хэмээх саналыг илэрхийлж байлаа.Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Алимаа “Манай хороо 12 мянга гаруй хүн амтай, 4552 га газар нутагтай маш том хороо. Тиймээс 8 дугаар хороог хуваан, 7 дугаар хороонд хуваарилах асуудлаар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн хорооныхоо 600 гаруй айл өрхийн 1800 орчим иргэнтэй уулзсан. Иргэдийн зүгээс төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд засаг захиргааны шинэчлэлийг хийх хэрэгтэйг хэлж байсан. Хорооны Засаг даргын хувьд иргэдийн гаргасан өргөдөл, саналыг дээд шатны байгууллагад уламжлах, оршин суугаа газрын тодорхойлолт гаргахаас хэтрэхгүй эрх мэдэлтэй. Үүнээс өөр эрх мэдэлгүй болохоор одоо хороонд өргөдөл гаргадаг иргэн байхаа больсон. Тиймээс анхан шатны нэгждээ тодорхой эрх мэдэл өгч байж иргэнд үзүүлэх төрийн үйлчилгээ шуурхай хүрнэ” гэлээ.Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Яармаг орчмыг хамгийн түрүүнд бүсчлэн, жишиг байдлаар хөгжүүлэх боломжтой. Учир нь нийслэлийн засаг захиргааны байгууллагаас эхлээд зарим төрийн байгууллагууд уг бүсэд нүүж ирээд байгаа. Мөн томоохон худалдааны төвүүд төвлөрч байна. Гагцхүү боловсролын үйлчилгээг зөв хуваарилан, багш ажилчдын мэдлэг боловсролыг сайжруулах хэрэгтэй. Боловсролын чанараас шалтгаалж эцэг эхчүүд хүүхдээ хотын төвийн сургууль руу зөөх хандлагатай байдаг. Тиймээс нэн тэргүүнд боловсролын чанар, хүртээмжид анхаарах хэрэгтэй” хэмээв.Ташрамд, энэ онд Хан-Уул дүүргийн хэмжээнд Нисэхийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх, улсын сургуульгүй 3, 17, 23 дугаар хороонд тус бүр 480-960 хүүхдийн суудалтай сургууль байгуулах, авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг хийх, Яармаг орчмын хотхонуудын зэвтэй усны шугамыг шинэчилж, 11, 22 дугаар хорооны хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн системд яаралтай холбох шаардлагатай байгаа юм. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмж, авто замын сүлжээг тэлснээр Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрлийг сааруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ гэж үзэж байгааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцолж байлаа.
2024/03/12
495
УЛС ТӨР
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэн, аж ахуйн нэгжээс санал авч байна. Та саналаа [email protected] цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. Тодруулга мэдээллийг 7777-0002, 99137889 дугаараас авах боломжтой.Хуулийн төслийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.ulaanbaatar.mn/vote/vote-solution/65e81d9c62b37c4864dd8028?fbclid=IwAR0VzOhCr02C9k59VaXXs1s8ZJutHPS-nCgmnw0WWScBmjX0k80VcEL9-vo холбоосоор нэвтэрч танилцана уу.“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК
2024/03/12
396
УЛС ТӨР
Мэдээллийн ба Кибер аюулгүй байдал сургалтыг зохион байгууллаа
Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс мэдээллийн технологийн сургалтын дэд хөтөлбөрийн хүрээнд  (2024‌.03.11) “Мэдээллийн ба Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалтыг явуулав. Энэ удаагийн парламент нь хууль тогтоох үйл ажиллагаанд цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж, Тамгын газрын зүгээс өдөр тутмын үйл ажиллагаандаа техник, технологийн дэвшил, шийдлийг ашиглан түргэн шуурхай ажиллах туршлагыг бий болгосон хэдий ч мэдээллийн болон кибер аюулгүй байдлыг хангаж, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагад өртөхгүй байх дадлыг хэвшүүлэх, чадавхжуулах нь чухал хэмээн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нээлтийн үгэндээ онцолсон юм.Монгол Улс нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатандаа кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, технологид суурилсан инновац, интеграцыг хөгжүүлж, эрсдэлийн менежментийн үндэсний чадавхыг бэхжүүлэхээр тусгасан байдаг. Тиймээс аюулгүй байдлын бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх шаардлагатайг сургалтын үеэр сургагч багш, бригадын генерал, доктор (Ph.D), дэд профессор, зөвлөх инженер, Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх Д.Баасандамба сануулж байв.Өнөөдрийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөх, туслахууд, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд оролцлоо.
2024/03/12
427
УЛС ТӨР
Хүний эрхийн холбогдолтой зарим тогтоолуудын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.Оролцогчид: Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Цахим хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Жендэрийн үндэсний хороо, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл. Хэлэлцүүлэгт оролцох оролцогч дараах QR кодыг уншуулж, бүртгүүлнэ үү.     
2024/03/11
407
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:“Монголын сайхан ээжүүд-үзэсгэлэнт сарангоо бүсгүйчүүд ээ,Эрхэм хүндэт алдарт эхчүүд ээ,Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Аливаа улс үндэстний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, харилцан ойлголцол, гэр бүлийн аз жаргалд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо юу юунаас илүү чухал байдгийн нэгэн адил хүн төрөлхтний эе эв, аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, ялангуяа эмэгтэй удирдагч, манлайлагчдын үүрэг, оролцоо нэн чухал билээ.Энэ жил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхий нийтээрээ “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулъя: Хөгжил дэвшлийг хурдасгая”  уриан дор тэмдэглэж байна.Монгол Улс 2022 онд “Эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт үндэсний чуулганыг анх удаа зохион байгуулж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.Түүнчлэн 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын чуулга уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал” хэмээх баримт бичгийг батлан гаргасан.Энэ хүрээнд жендерийн тэгш байдал, энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эмэгтэйчүүд, эмэгтэй манлайлагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхийг дэлхий дахинд уриалсан.Мөн энэ оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах санаачилга гаргасныг НҮБ талархан дэмжиж, хамтран зохион байгуулах болсныг баярын энэ өдөр дуулгахад таатай байна.Энэ чуулга уулзалтаар олон орны манлайлагч эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчид манай оронд анх удаа хуран чуулж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эх дэлхий, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэн, мэдлэг туршлагаа хуваалцаж, үр дүнтэй санал, санаачилга дэвшүүлэн, дэлхий нийтэд хандсан уриалга гаргах болно.Эх орны минь эхлэл болсон эрхэм хүндэт Монголын сайхан ээжүүд ээ,Монголчууд бид өнө эртнээс элбэрэлт эхчүүд, үзэсгэлэнт эмэгтэйчүүд, билиг төгс охид бүсгүйчүүдээ өрх гэрийнхээ нэгэн багана, улс үндэстнийхээ нэгэн тулгуур хэмээн үзэж, үнэт сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь мөнхжүүлж ирсэн бахдам сайхан түүхтэй.Тийм ч учраас Монгол Улсын үе үеийн төр, засгийн бодлого, үйл ажиллагааны төвд охид, эмэгтэйчүүд байж ирснийг Та бүхэн мэднэ.Монгол Улс Ази тивд анх удаа 1924 онд Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сурч боловсрох, хөгжин дэвших, удирдан манлайлах эрхийг хангаж, жендерийн тэгш эрхийг  баримтлан, төрийн бодлогод хэрэгжүүлсээр ирсэн билээ.Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн ууган байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэж  хөгжсний түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.Цаашид бид хүн амаа өсгөх, эх оронч, эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх бодлогоо тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.Өнгөрсөн онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрх маань 66,234 хүүхдээр ам бүл нэмж, хүн ам 3.5 саяд хүрлээ. 10,638 эх “Эхийн алдар” одон хүртлээ.Мөн хүн ам 2033 онд 4 сая, 2048 онд 5 саяд хүрэх төлөвтэй байна. Улсын хөгжил хүнээсээ эхэлдэг. Монгол хүн бол Монголын ард түмний эрхэм дээд баялаг мөн. “Хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг” гэж манай ард түмэн ерөөдөг.Монголын баялаг болсон хүмүүнийг төрүүлж өсгөн, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байдаг амьд бурхад болсон ээжүүд, эхчүүддээ гүн талархал илэрхийлье.Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад минь эрчүүд биднийг энэрэл хайраараа түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ. Тиймээс эрчүүд бид эхийн хайр, бүсгүйн сэтгэлийг эрхэмлэн дээдэлж, нандигнан хайрлаж явах учиртай.Хайрын тэнгэр, ханийн түшиг, халамжит эмэгтэйчүүддээ, хацар гоо охид бүсгүйчүүддээ хан хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол газар ээжийн бүүвэйн дуу өнө мөнхөд эгшиглэж, монгол эмэгтэйчүүд үргэлжид аз жаргал, баяр баяслаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.Эрхэм хүндэт ээжүүд, эхчүүд, охид, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.Хүндэтгэлийн ёслолыг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 18 дахь жилдээ зохион байгууллаа.“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо.
2024/03/09
447
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд болж байна.(2024.03.06)Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох юм.Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын боловсрол, мэргэжил, нийгмийн байдал, ахлагчийн албаны шинэчлэл” төслийн үр дүн, “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2027” төслийг хэлэлцэнэ.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганд оролцон, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө эрчүүдтэй мөр зэрэгцэн хүчин зүтгэж буй эмэгтэй ахлагч нарт талархал илэрхийллээ.Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд цэнхэр дуулгатан эмэгтэй алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг олон улс өндөр үнэлж байдгийг онцлов.Ахлагч нар бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч бөгөөд тухайн байгууллагын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх тэднээс шууд хамааралтай гэж Ерөнхийлөгч үздэг.Иймээс ахлагчийг бүх талаар дэмжих, мэргэжлийн түвшинд бэлтгэх, чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор 2024 оныг “Ахлагчийн жил” болгосон юм.Тэр бээр эмэгтэй ахлагч нарын ажил үйлс, бодлого, зорилтыг ямагт дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Мөн эх орныхоо аюулгүй байдал, төр, нийгэм, иргэдийн амар тайван амьдралын төлөө хүчин зүтгэж байгаа ахлагч нарт болон тэдний найдвартай ар тал болсон гэр бүл, үр хүүхдэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.“Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт”-д 500 гаруй алба хаагч оролцож байна.Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлдэг. Цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа эмэгтэй ахлагчийн дундаж нас 42, ажилласан жил 20 байна.Сүүлийн гурван жилд эмэгтэй ахлагч нараас 21 хүн гадаадын улс орнуудад мэргэжил дээшлүүлж, 130 гаруй нь гадаад хэлний дамжаанд суралцсан бөгөөд  93 ахлагч магистр, нэг ахлагч докторын зэрэгтэй гэсэн судалгаа гарчээ. Жилд дунджаар 100 орчим эмэгтэй ахлагч иргэний мэргэжил эзэмшдэг гэсэн судалгаа гарчээ.
2024/03/07
364
УЛС ТӨР
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрх зүйн орчныг сайжруулахад Засгийн газар анхаарна
Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хамт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал солилцлоо. Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний бие Ерөнхий сайдаар томилогдсон цагаас нийгмийн түншлэл, түншлэлийн талуудад хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн. Инфляц, амьжиргааны түвшин, цалин хөлсний дундаж өсөлттэй уялдуулан төрийн албан хаагчдын цалинг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмж, хөдөөгийн суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40, аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн цалингийн 20 хувиар тооцож нэмэгдэл олгохоор болсон” гэлээ.Мөн Засгийн газар  Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2023-2025 оны Улсын хэлэлцээрээр тохирсон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл хийх, тэтгэврийн зөрүүг арилгах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах, хөдөлмөр, нийгмийн халамж, даатгалын үйлчилгээг цахимжуулж, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх үүргээ амжиллтай хэрэгжүүлснийг тэмдэглэв.Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзаж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх ажлын хэсэг байгуулсан. Энэ удаагийн уулзалтаар тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим зүйл заалт, салбарын болон нийслэл, аймгуудын хэлэлцээрүүдийн хэрэгжилт, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, гарц гаргалгааг хамтран ярилцлаа.Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллүүдийн байр суурийг хүргэе.МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргая гэж ярилцсан. Энэ хүрээнд гурван талт хэлэлцээрийнхээ саналыг холбогдох газруудад хүргүүлсэн. Зарим асуудлыг хуулиар шийдвэрлүүлэх шаардлага байсан. Хамгийн түрүүнд, цалин, тэтгэвэр тэтгэмжийг түүхэндээ хамгийн өндөр хувиар нэмэгдүүлсэн. Мөн олон жил ярьсан бүсийн нэмэгдлийг олгож байна. Энэ нүдээ олсон шийдвэр. Үйлдвэрчний эвлэл бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа ч оролцооны асуудал байна.Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл:Шинжлэх ухааны салбарын тухай хуулийг батлуулах шаардлагатай байна. Энэ салбарт ажлын ачаалал, оюуны үнэлэмж маш доогуур байдаг. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс доогуур, үүнд дорвитой арга хэмжээ авахыг хүсч байна.Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор: PМанай салбарын цалинг өнгөрсөн нэгдүгээр сард нэмэхээр тусгасан. Гэхдээ одоогоор ялгаатай байдал хэвээр байна. Уул уурхайн салбар нийт экспортын 93 хувийг бүрдүүлдэг хэр нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Илүү цагийн хөлсөө жигд авдаггүй.Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга М.Болдсайхан:Төр ялгавартай шийдвэр гаргаж байна. Тухайлбал, орон сууцны ипотекийн зээлийн хүү харилцан адилгүй байгаа. Залуус ялгавартай шийдвэрийг арилгаж өгөхийг хүсч байна.Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Э.Тамир: Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй 1.3 сая хүн байгаагийн 80 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Засгийн газар ногоон санхүүжилтийг дэмжихдээ хамтын гэрээ хэлэлцээртэй байгууллагуудыг түлхүү дэмжвэл зүгээр байна. Хөрөнгө оруулалт хийж буй компани руу бодлогоо чиглүүлэх нь чухал.Баянхонгор аймгийн ҮЭХ-ны дарга н.Гүрсэд: Хөдөлмөр нийгмийн түншлэлийг орон даяар шинээр авч үзэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, аймаг, сумын хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрийг төрийн бодлогын баримт бичиг болгох чухал. Аймаг, сумын төрийн албан хаагчдын цалинг нэмсэнд талархаж байгаа ч цалин, хөлсний ялгаатай байдал хэвээр байна. Аймгийн төвд ажиллаж буй төрийн захиргааны ажилтнуудын таван жилийн урамшуулал энэ оны төсөвт суугаагүй байх жишээтэй.Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, аймаг, нийслэлийн удирдлагуудын хамт Үйлдвэрчний эвлэлүүдийн үгийг сонсож, ярилцаж байна гэдэг нэгдсэн ойлголтод хүрэхэд ойрхон байна гэсэн үг. Асуудлаа хэлэлцээд үе шаттай шийдээд явах нь чухал. Өнөөдөр яригдсан асуудлуудыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ-той хамтраад тавдугаар сарын 1 хүртэл дүгнэе. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эрх зүйн орчныг шинэчлэхийг Засгийн газар дэмжинэ” гээд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮЭХ саналаа нэгтгээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Мөн хамтын хэлэлцээр байгуулаагүй Сэлэнгэ, Говьсүмбэр, Өмнөговь, Архангай аймаг тавдугаар сарын 1-ний дотор хэлэлцээрээ шинэчлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
2024/03/07
407
УЛС ТӨР
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэрийг гаргалаа.Дотоод, гадаадын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлааЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоод гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, Багш болон багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, төрийн болон орон нутгийн багш ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх, дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” зэрэг журмууд батлагдлаа.Журамд Монгол Улсын сум, хороо бүрээс элсэлтийн ерөнхий шалгалтаар шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, дотоодын сургуульд тэргүүлэх мэргэжлийн дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан заасан мэргэжлээр үндсэн хөтөлбөрт суралцагч, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад ахисан түвшний сургалтад суралцах төрийн албан хаагч, тэргүүлэх мэргэжлийн магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургуулийн үндсэн хөтөлбөрт дэвшин суралцагчид Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг олгохоор тус тус тусгажээ.Мөн Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчид, Нийгмийн салбарын хүний нөөцийн хомсдолтой зарим эрэлттэй мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцахаар тусгасан байна.Монгол Улсын Засгийн газраас багш мэргэжлээр суралцагч болон багшийн магистрын хөтөлбөрт суралцахад нь дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг журмаар шийдвэрлэв. Багш мэргэжлийг сонгон  тэтгэлэг авч суралцсан төгсөгч төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт гурваас доошгүй эсхүл нийслэлд таваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах нөхцөл шаардлага туссан нь хариуцлага төсвийн үр дүнг нэмэгдүүлэх, багшийн хэрэгцээг тогтвортой хангах онцлог заалтболов.Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар болов.Боловсролын салбарын эрх зүйн орчны шинэчлэл, Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу их, дээд сургуулийн суралцагчдад сургалтын тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн сангийн үйл ажиллагааг шинэ түвшинд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зохицуулалтыг журмуудад тусгалаа.Ингэснээр суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах,  цахимжуулах, шударга, ил тод, нээлттэй болох, олгосон зээл, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг жил бүр үнэлж, дүгнэх, эргэн төлөлт хийх, дуусгавар болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлааТөрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа.Боловсрол, шинжлэх ухааны салбарт  төрийн болон орон нутгийн өмчийн 1,799 сургалтын байгууллагад 95,032 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 1,279 байгууллагын 62,099 албан хаагч нь орон нутаг ажиллаж байна. Орон нутагт ажиллаж буй боловсрол сургалтын байгууллагын багш ажилтанд олгох мөнгөн тэтгэмжийг 2006 оноос Боловсролын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олгож эхэлсэн бөгөөд боловсролын Багц хуулинд тусгагдсан өөрчлөлттэй уялдуулан тэтгэмж олгохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм.Журам батлагдсанаар орон нутагт дахь боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэх, нийгмийн баталгаагаар хангагдахад нь тодорхой санхүүгийн  дэмжлэг болно гэж үзэж байна. Олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлнэСуралцагийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний туай Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоол батлагдаж, хэрэгжсэнээр,·      Олон  улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний аргачлалаар бүх түвшний боловсролын чанарыг үнэлүүлэх ажлыг зохион байгуулах, 2025 оны PISA үнэлгээнд бэлтгэх,·      Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эх хэл болон унших суурь чадварыг сайжруулахад чиглэсэн зорилтод арга хэмжээ авах,·      Сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, цахим хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээ авах;·      Хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн ялгаатай бүлгийн хоорондын боловсролын чанарын ялгааг багасгах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 50 хувьтай байнаБөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станц, Багануур-Бөөрөлжүүтийн 200 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулах асуудлаар Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан цогц байдлаар шийдвэрлэх талаар Төслийн хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.Станцын жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг одоо байгаа 5500 цагаас 7096 цаг болгон нэмэгдүүлэх Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, цахилгаан станцын төсөлтэй цогц байдлаар хэрэгжүүлэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлаар “Диспетчерийн үндэсний  төв” ТӨХХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний  төв”-ийн удирдлагад даалгалаа.Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц төслийг  “Цэцэнс майнинг энд энержи” ХХК хэрэгжүүлж буй. Барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Төслийн эхний үе шатны 150 МВт-ын блокыг ирэх аравдугаар сард, хоёр дахь шатны 150 МВт-ын блокыг 2025 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
2024/03/06
435
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Австралийн Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч, талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Кэйти Смит Австрали Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, дотны түншийн хувьд Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газраас 250 мянган австрали долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай албан захидлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын гамшгийг даван туулахад зориулж,  хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Австралийн Засгийн газар, ард иргэдэд Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар зудын гамшгийг богино хугацаанд даван туулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж буйг тэмдэглэв.Түүнчлэн талууд хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг шат ахиулан хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотолж, бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцов.  Тус хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлнэ.
2024/03/06
274
УЛС ТӨР
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Ховд аймагт ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газраас зудын нөхцөл байдалтай сумдад Шуурхай зургаан бүлэг ажиллаж, шаардлагатай өвс тэжээл, хүнсний багц зэргийг үнэ төлбөргүй олгож, эмнэлгийн тусламж үзүүлсэн.Засгийн газраас хоёрдугаар шатны арга хэмжээнд улсын хэмжээнд зудтай байгаа сумдад 100, эмнэлгийн байгууллагуудад 60 автомашин олгох шийдвэр гарч, туулах чадвар сайтай автомашин, тэжээлийн будаа, хүнсний багцыг олгож байна.ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир, Баян-Уул, Бигэр, Цээл сумдад Suzuki Jimny автомашин олгов. Мөн Ховд аймгийн Үенч, Мөст, Булган, Чандмань, Манхан зэрэг сумдад автомашин гардуулаад байна. Эдгээр сумд нь автомашингүйн улмаас алс хязгаарт суугаа малчдад тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрээд байсан юм.Ховд аймгийн хувьд энэ жил 1,4 мянган тн өвс, 972 тн тэжээл зэргийг бэлдэж өвөлжжээ. Өмнөх жилүүдийнхээс 15 хувиар илүү хэмжээгээр өвс тэжээлээ бэлдэж, шатахууны нөөцөө хангалттай авсанбайна. Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цөөлөх ажлыг зохион байгуулснаар өвөлжилтийн хүнд нөхцөл байдлыг хохирол багатай давж байгааг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хэллээ.Иргэд, малчид цаг хүнд энэ үед гурил тэжээлийн үнэ эрс нэмэгдсэн байгаа нь хүндрэлтэй байгааг ярьж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.  Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн баяжуулсан гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасныг тэмдэглээд ингэснээр иргэд гурил тэжээлийг хямд үнээр худалдан авах боломжтой болно гэдгийг хэлж байлаа.
2024/03/06
420
УЛС ТӨР
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн нартай уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр (2024.03.01) Улсын дээд шүүхийн Эрүүгийн болон Захиргааны хэргийн танхимын тэргүүн нартай уулзаж, эрх зүйн реформын хүрээнд хууль тогтоомжуудын хэрэгжилт, процессын хуулиудын шинэчлэлийн талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа хэлэхдээ, шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд зарим хууль, тогтоомжийг боловсронгуй болгох талаарх саналыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөний үеэр уламжилсан гэдгийг тодотгов. Тэрбээр үргэлжлүүлэн, Улсын дээд шүүхээс үйл ажиллагааныхаа зорилтын хүрээнд иргэдийн шүүхэд итгэх итгэлийг тогтмол нэмэгдүүлж, шүүхийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн ойлголт үнэмшлийг үнэн зөв, ил тод мэдээллээр дамжуулан бэхжүүлэхийг эрмэлзэж байгааг дурдлаа.Уулзалтын үеэр шүүн таслах ажиллагааны чанар, үр өгөөжийг бодитой болгох, шүүхийн шийдвэрийн үндэслэл ил тод, эргэлзээ, маргаангүйгээр олон нийтэд хүрэх, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудын хэрэгжилтийг үзэл баримтлал, зорилгын хувьд бүрэн хангах зэрэг асуудлаар талууд санал солилцсон юм. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, парламентаас баталсан хууль тогтоомжуудын нийцэл, уялдаа, хэрэгжилтийг хангахад тулгарч буй бэрхшээл, зөрчлийг нээлттэй ярилцаж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэн, хэлэлцэнэ хэмээв. Мөн уулзалтын үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын хуулийн шинэчлэл, бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хүрээнд холбогдох саналуудыг хэлэлцсэн юм.Шүүхийн нээлттэй, бие даасан байдал нь аливаа нийгэмд шударга ёсны систем зүй ёсоороо ажиллах, эрх зүйт ёс дээдлэгдэх, иргэд асуудал зөрчилдөөнөө шүүхээр шийдвэрлүүлэх эрмэлзэлтэй болох баталгаа мөн гэдэгт уулзалтад оролцсон талууд санал нэгдэж байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 
2024/03/01
401