УЛС ТӨР
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд манай улсад зорчсон солонгос жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс 60 гаруй хувиар нэмэгдэн 140 мянгад хүрч хоёр улс аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, уг салбарт бизнес хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ.БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсыг гадаадад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг БНСУ-аас эхлүүлж, 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Сөүл хотноо амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад анхаарч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах асуудлыг шуурхайлах, эрдэс баялгийн хамтын ажиллагааг өрнүүлэх асуудалд ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв. Түүнчлэн “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас чанартай эм импортлох, Солонгосын эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж Монголоос улаан буудай, тэжээлийн буудай экспортлох боломжийг танилцууллаа. Мөн энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Экспорт-Импорт банкны Дэд Ерөнхийлөгч Хон Юнсүн, Ерөнхий захирал Ань Бюнхо нарыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр 1992 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн нийт төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэж, цаашдын хөрөнгө оруулалт, зээл олгох нөхцөлийг сайжруулах, төслийн хэрэгжилтийг хурдасгах, хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичиг, цар хүрээгээ шинэчлэх талаар ярилцав. Мөн талууд Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт тухайлбал, нүхэн гарц, гүүр, автозамын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв. БНСУ-ын Экспорт-Импорт банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ.
2024/04/02
428
УЛС ТӨР
Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг батлав
“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр /2024.04.01/ 14 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв.Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хуралдааны хаалттай горимоор нийт гурван асуудлыг хэлэлцэж, Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна.Дашрамд дурдахад, уг Хянан шалгах түр хороо Монгол Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан билээ.
2024/04/01
436
УЛС ТӨР
Олон улсын эмч нарын өдрөөр Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг гардууллаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Саранчимэг нарын хамт олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэллээ. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нийслэл, аймаг, дүүргийн харьяа төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл уг арга хэмжээнд оролцжээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын бүтэц, тогтолцооны өөрчлөлт, бодлогын шинэчлэлээс танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зорилтот санаачилгуудаас дурдсан юм. Нээлтийн ёслолын үеэр Улсын Их хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хэлсэн үгэндээ, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хөдөлмөр, зүтгэлээ зориулсан нийт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, талархал илэрхийлэв.Тэрбээр, эрүүл мэндийн салбарт тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд хамтын санал, санаачилгад тулгуурлан хэрэгжүүлж буй зарим бодлогын шийдвэрүүдээс дурдлаа. Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байгаа бөгөөд иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь чухал гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн манай улсын 15-69 насны 3 хүн тутмын 1 нь, 45-69 насны 2 хүн тутмын 1 нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс даруй 10 шахам жилээр бага байгаа энэ цаг үед Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг баталсан нь нэн ач холбогдолтой хэмээв.УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар үргэжлүүлэн, цахим орчны хэт хэрэглээ, олон нийтийн сүлжээн дэх мэдээллийн урсгал гэхчилэн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй олон талт хүчин зүйлсийг тодорхойлж, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр түгээх, салбарын бодлого, шийдвэрийн уялдааг хангах, хувьсан өөрчлөгдөж буй олон улсын практик туршлагуудтай хөл нийлүүлэх ёстойг тэмдэглэн хэлэв. Мөн эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилтийг, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилнээр тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад дэвшил гарч, иргэдэд хамгийн ойр ажилладаг өрхийн эрүүл мэнлийн төвүүдийн үйл ажиллагааг бодитоор үнэлэн урамшуулах тогтолцоо бүрдсэн гэдгийг онцоллоо. Олон улсын эмч нарын өдөрт зориулсан уг хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль”-ийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен нарын хамт Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт гардуулан өгсөн юм. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, бүх нийтээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэн, эрсдэлт хүчин зүйлсийг арилгахын тулд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг уг хуулиар зохицуулах аж. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хууль нь ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/01
701
УЛС ТӨР
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн жил бүрийн эхний улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүргүүлэхээр заасан. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Я.Цэлмэн энэ дагуу 2023 оны үйл ажиллагааныхаа тайланг Хууль зүйн байнгын хорооны даргад хүлээлгэн өгч, анхаарал татаж байгаа болон тулгамдсан асуудлууд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх 2023 оны үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, холбогдох санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/03/30
456
УЛС ТӨР
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын тогтоолын төслийг батлав
Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы (2024.03.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 54 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүний 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан үг хэлсэн юм.Тус өдрийн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлт, олон улсын байгууллагуудын зөвлөмж гэх зэрэгт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, батлах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. Улсын Их Хурал төслийн хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд холбогдох ажлын хэсгийг байгуулж, эрдэмтэн, судлаачид, улс төрийн нам, эвслүүд, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэргийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг сайжруулах боломжтой гэж үзэж байгаагаа мөн дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Үндсэн хуулийн цэц нь хүний үндсэн эрхийн маргааныг хянан хэлэлцдэг буюу иргэдийн үндсэн эрхийн баталгааг хангадаг гол механизм болж, чанаржиж, шүүхийн статустай ажиллах зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг онцлоод, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 37 гишүүний 67.6 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан тул ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 70.3 хувь нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан.Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасныг баримтлан “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.Тогтоолын төсөлд Монгол Улсын олон талт олон улсын гэрээтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, өргөн мэдүүлэх, Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох, хэрэгжилт хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан хэмээн Б.Энх-Амгалан гишүүн танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн Байнгын хорооны саналаар “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/03/30
416
УЛС ТӨР
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 28-нд болсон “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо.Жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэлхий дахинд эх орноо сурталчлах “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome to Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байсан юм.Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчид, зочид буудал, агаарын тээврийн компаниуд, хэвлэл мэдээллийнхэн, кино урлаг, дэлгэцийн бүтээлийн одод, найруулагч, продюсерууд, цахим ертөнц, нийгмийн сүлжээний нөлөөлөгчид, контент бүтээгчдэд талархал илэрхийллээ. Өнгөрсөн 2023 онд Монгол Улсын эдийн засаг найман хувиар өсөж, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 22-т эрэмбэлэгдсэн. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлсэн. Энэ өсөлт зөвхөн уул уурхайн биш аялал жуулчлалын салбараас байсан нь чухал үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Өнгөрсөн онд Монголд ирсэн гурван жуулчин тутмын нэг нь тус улсаас ирсэн байна. Монгол Улсын Засгийн газар Солонгосын иргэдийг визгүй зорчих эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Цаашид ч үргэлжлүүлнэ гэв.Монгол хүүхэд залуусын үзэж, сонсох дуртай Солонгосын алдартай дуучид, жүжигчид, Монголд аялсан тухайгаа нэвтрүүлэг контентоороо танилцуулж байна. Өнөөдөр Солонгосын хэвлэл мэдээллийн гурван суваг тутмын нэгээр Монгол Улсын талаар нэвтрүүлэг цацагдаж байгаа судалгаа байгаа юм гэдгийг дурдаад олон улсад Монгол Улсыг сурталчлахад томоохон хувь нэмэр оруулж буй Солонгос улсын ард иргэдэд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.Монгол Улс 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Энэ онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэнэ. Монгол, Солонгос хоёр улсын агаарын хэлэлцээрээр нислэгийн тоог үе шаттай тогтмол нэмэгдүүлэх, орон нутгийн шууд нислэгийг нээх шийдвэр гаргасан.Монгол Улс жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, төрийн үйлчилгээг хялбаршуулан цахимжуулсан. Монгол Улсын цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, олон улсын хэмжээнд сайн туршилга болсон. Мөн орон нутагт "Starlink" өндөр хурдны интернет үйлчилгээ бүрэн нэвтэрсэн зэрэг мэдээллийг тус арга хэмжээний үеэр өглөө.Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлээд “Хөх толботон” хэмээх энэхүү маршрутад АНУ, Энэтхэг, Европын холбоо, Төв Азийн олон улс орон нэгдэх боломжтой гэлээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзана, мөн тус улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзах юм.
2024/03/29
479
УЛС ТӨР
Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа.Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв.Цаашид улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед авран хамгаалах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх өндөр чадвартай Дотоодын цэргийн хөдөлгөөнт хүчин байгуулж, бэхжүүлэх нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.Энэ хүрээнд тулгамдсан асуудлуудаа цаг алдалгүй шийдвэрлэж, дэлхийн жижигт нийцсэн чадварлаг, мэргэшсэн дотоодын цэргийг хөгжүүлэх, төрийн цэргийн байгууллага, алба хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж байх чиглэлээр улам хичээн ажиллахыг удирдлагуудад нь үүрэг болголоо.Алба хаагчид мэдлэг, ур чадвар, албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлээ тогтмол дээшлүүлж, ёс зүйг эрхэмлэн, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Эдүгээ Дотоодын цэрэг нийслэл, 13 аймагт салбар, нэгжтэй бөгөөд улсын онц чухал объект зэргийн аюулгүй байдлыг хариуцаж байна.
2024/03/28
454
УЛС ТӨР
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамтран сайжруулах талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар санал солилцов.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэл болон агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд импортын автомашиныг хязгаарлах талаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашиныг 730 мянга байхаар хязгаарлаж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цаашид бүх талаар хамтран ажиллахад бэлэн” хэмээлээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодт “Дэлхий даяар жил бүр зам тээврийг ослоор 40 сая гаруй хүн бэртэж, 1.2 сая гаруй хүн амь насаа алддаг гэсэн тоон мэдээлэл бий. Улаанбаатар хотын автомашины хэрэглээ сүүлийн жилүүдэд ихэссэн байна. Иймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой. Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь хууль сахиулах үйл ажиллагаа, замын чанар, авто тээвэр гэх мэтчилэн олон асуудлыг зохицуулдаг. Замын хөдөлгөөний асуудлуудаас гарч байгаа хохирлыг хоёр дахин бууруулах боломж бий. Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж байгаа нийтлэг асуудал бол замын хөдөлгөөний түгжрэл байдаг. Үүний улмаас зорчигчид цаг хугацаа алдаж, үргүй зардал гарган, агаарын бохирдол ч бий болж байна. Үүнтэй холбоотой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын орчныг сайжруулахад хувь нэмэр болох тул хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм.Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа нийт хүн амын тал гаруй хувь буюу 1.7 сая орчим нь нийслэл Улаанбаатар хотод оршин суугаа бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 54.5 хувь нь нийслэлд төвлөрдөг.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/03/28
459
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран 'Парламентын институтийг бэхжүүлэх нь' төслийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, Элчин сайд, доктор Арно Вики-тэй Швейцарын Холбооны Улсын нийслэл Берн хотноо мягмар гарагт (2024.03.26) уулзлаа.Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж байна. Энэ удаа “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг эхлүүлж, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэхээр болсонд туйлын баяртай байна гэлээ.Тэрбээр үргэлжлүүлэн манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа бүтээлч санаачилга, эрч хүчээр дүүрэн байж, Монголд парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.Мөн Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны гуравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд болж буй Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд илтгэл тавьж, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээ”-ний үр дүн, туршлагаа 60 гаруй улс орны парламентуудтай хуваалцсанаа танилцуулав. Ийнхүү олон улсад сайн туршлагаа хуваалцаж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг илтгэж байгааг дурдаад талархал илэрхийлэв.Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, доктор Арно Вики хэлсэн үгэндээ, Швейцарын Холбооны Улс, Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх нийтлэг үнэт зүйлсийн хүрээнд олон жил үр дүнтэй хамтран ажиллаж байна. Өнөөдөр ч мөн адил Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх чиглэлээр шинэ төсөл эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол бидний урт хугацааны хамтын ажиллагааны тасралтгүй үргэлжлэл хэмээн онцоллоо.Түүнчлэн Монгол Улсын төр засгаас Швейцарын хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйд талархаж явдгаа илэрхийлээд хамтарсан төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжихэд хоёр талын идэвх зүтгэл, хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотголоо.Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хоорондын “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.Тус төслийн гэрээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат, Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирлын орлогч, доктор Арно Вики нар гарын үсэг зурж, баталгаажуулав.Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол, Хятадын асуудал хариуцсан хөтөлбөрийн менежер Кристиан Энглер, тус агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх С.Алтанхуяг болон албаны бусад төлөөлөгчид оролцов.2024-2026 онд хэрэгжүүлэх “Парламентын институтийг бэхжүүлэх нь” төсөл нь парламентын ардчиллыг бэхжүүлэх хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын хууль тогтоомж, бодлогын үнэлгээ хийх чадавхыг сайжруулах, парламентын хяналтыг хэрэгжүүлэх үр дүнтэй арга, аргачлал нэвтрүүлэх, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газарт ажиллалааМонгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газарт ажиллаж, Техникийн хамтын ажиллагааны нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.Хоёр талын парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа 2017 оноос эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ирсэн юм.Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд парламентаас сонгуулийн тогтолцоонд зохих шинэчлэлийг хийсэн. Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76-аас 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудыг шинэчлэхээр ажиллаж буй талаараа танилцуулаад парламентын хяналтыг бэхжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газартай хамтран ажиллахаар болсонд талархал илэрхийллээ.Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч асан, Швейцарын Холбооны Улсын Тамгын газрын дарга ноён Филипп Шваббтай уулзаж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны үр дүн, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн асуудлыг хөндөж ярилцсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/03/28
550
УЛС ТӨР
'Процессын нээлттэй байдал' сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсад захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас санаачлан шүүх, хууль тогтоох, хуулийн салбарын төлөөллийг оролцуулсан “Процессын нээлттэй байдал” уулзалт, хэлэлцүүлэг (2024.03.27) боллоо. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Улсын дээд шүүх, анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид, Нээлттэй нийгэм форум тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах эрх зүйн орчин, хяналтын шатны шүүх хуралдааныг цахим хуудсаар олон нийтэд хүргэхэд тулгарч буй асуудал, шүүх хуралдааны танхимын стандарт, шүүх хуралдааныг ямар нөхцөлд хаалттай болон нээлттэй явуулах, хэргийн нотлох баримтыг нууцлалын зэрэгт хамааруулах гэх мэт агуулгыг хэлэлцүүлгийн үеэр хөндөж, санал солилцов.2024 онд шүүхийн нээлттэй, ил тод байдлыг сайжруулах зорилт тавьж, тодорхой ажлууд санаачилж байгаагаа Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа танилцуулсан юм. Тухайлбал, захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны зар, тоймуудыг шүүхийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлэх агуулгыг өөрчилсөн, захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдааныг шүүхийн цахим хуудсаар шууд дамжуулах ажлыг 10 дугаар сараас эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа хэлэв. Мөн тэрээр шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахтай холбогдуулан зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын дээд шүүхээс хууль санаачлагчид хүргүүлсэн саналын талаар танилцуулав.Тэрбээр энэхүү илтгэлдээ “Сүүлийн жилүүдэд Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийн индекс судалгааг гаргаж байгаа ч ерөнхий үнэлгээгээр олон нийтийн итгэл нэмэгдэхгүй байна. Олон нийтийн итгэлийг нэмэхийн тулд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй болгохоос өөр сонголтгүй. Бусад улс орны туршлагаас харахад шүүхийн байрны нэг стандарттай болох, сонирхогч этгээд шүүхэд өөрийн биеэр ирж процессыг ажиглах, баримттай танилцах, үзэж сонирхох боломжийг бий болгодог, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг олон төрлөөр нээлттэй байлгах, ингэхдээ олон нийтэд хаалттай байх мэдээллийн жагсаалтыг тодорхой гаргасан байдаг. Хэдийгээр Шүүхийн тухай хуулийн 12.2-д заасанчлан Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна гэж заасан боловч бусад холбогдох хуульд зарим хэргийг нууцын зэрэглэлтэй хэмээн үзэж, шүүх хуралдааныг хаалттай явуулсаар байна. Тиймээс хэргийн нотлох баримт, үйл явдлыг нууцлалын зэрэгт хамааруулах, шүүх хуралдааныг ямар тохиолдолд хаалттай, ямар нөхцөлд нээлттэйгээр явуулах зэргийг Процессын хуульд боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм” гэв.Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Олон нийтийн шүүхэд итгэх итгэл буурч байгаа нь цаашлаад төрд итгэх итгэл ч буурч буйг харуулж байгаа юм. Энэ бол зөвхөн шүүхийн салбарынхны асуудал биш. Хууль, шүүхийн салбарын оролцогч бүр хамтарч ажиллах нь чухал. Шүүхийн тухай хуульд шүүхийн нээлттэй байдлыг тусгасан нь зөвхөн үгээр тунхагласан байдалтай байна. Нийгмийн шударга ёс хууль, шүүхийн салбарынхны институц дээр тогтдог. Шударга ёс ардаа төсвийн дэмжлэгтэй байх ёстой. Шүүх зайлшгүй шаардлагатай төсвөөр дутах учиргүй, төсөв мөнгөөр дутаж буй шүүх хараат бус, бие даасан байж чадахгүй. Хараат бус шүүх байхгүй цагт шударга ёс тогтохгүй” хэмээв.Хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт оролцогчид болох шүүгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл шүүхийн заалны стандартыг хангах, санхүүжилтийн асуудлыг шийдэх, төрийн өмчит байгууллагын баримт, мэдээллийг нууцын зэрэглэлд хамааруулах эсэхийг нарийвчлах, хүний эмзэг мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх, шүүхийн тоймыг хүний эрхийг зөрчихгүйгээр мэдээлэх, хэргийн материалыг оролцогч талууд танилцах боломжтойгоор нээлттэй байлгах, шүүхийн хүний нөөцийн асуудлыг шийдэх, иргэдийн төлөөлөгч гэх тодорхойлолтыг оновчтой болгохыг зөвлөлөө.Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ц.Сандаг-Очир “Жилд дунджаар 106 мянган хэргийг шийдвэрлэдэг гэх тоон мэдээлэл бий. Үүнээс харахад жилд Монгол Улсын хүн амын 10 хувь нь ямар нэгэн байдлаар шүүхтэй хамааралтай байна. Тиймээс иргэдийн итгэлийг нэмэхийн тулд хууль, шүүхийн салбарынхан хамтарч ажиллах шаардлагатай. Хуульд хийдэл байлгаж болохгүй. Хууль тогтоогчдыг ч үүнд хамааруулж байгаа юм. Илтгэлүүдээс харахад нэг хууль нөгөөгөө хязгаарлаж буй нь шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тодорхой саналуудыг өнөөдрийн хэлэлцүүлгийн оролцогчид хэллээ. Хууль зүйн яамнаас энэ асуудлыг оруулж ирвэл дэмжиж ажиллана” гэлээ.Хэлэлцүүлгийн сүүлийн илтгэлийг Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр Хяналтын шатны шүүх хуралдааныг цахим хуудсаар шууд дамжуулах техник, технологийн нөхцөл байдал, шинэчлэх шаардлага гэх сэдвийн хүрээнд тавьсан юм.Тэрбээр илтгэлдээ “Шүүхийн үйл ажиллагааг илүү боловсронгуй байдлаар олон нийтэд мэдээлэх, мэдээллийн сан үүсгэхэд кибер аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай байна. Улсын дээд шүүхийн сервер рүү өдөрт 50-60 халдлага орж ирдэг. Тиймээс аюулгүй байдлаа шаардлагатай түвшинд хангаж ажиллаж байгаа. Програмчлалын хэлийг энэ жилээс өөрчилж ажиллаж байна. Мөн хяналтын шатны шүүх хуралдааныг цахим хуудсаар шууд дамжуулахад хууль эрх зүйн зохицуулалтыг хийхээс гадна шууд дамжуулалтын өрөө, орчин үеийн тоног төхөөрөмж, тэдгээрийг ашиглах техникийн баг шаардлагатай юм. Учир нь шууд дамжуулалтын үеэр хүний эрхийг хамгаалах үүднээс зарим тохиолдолд царай төрхийг бүрсийлгэх хэрэгцээ бий. Мөн шууд дамжуулалтыг урт хугацаанд хадгалах архив үүсгэх төлөвлөгөөг боловсруулсан. Архивт хадгалсан бичлэгийг нэвтрэх эрх бүхий хүмүүс үзэх боломжтой болно. Тухайн хүмүүс нэвтрэхдээ үүсгэх бүртгэлийг нь нарийвчилсан байдлаар хийх бөгөөд энэ асуудлаар ч Цахим хөгжил, харилцаа холбооны яам холбогдох эрх зүйн асуудлыг шийдэж өгөх шаардлагатай байна” гэв.Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Шүүхийн тухай хуульд нээлттэй шүүх байх талаар тусгасан ч холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хийхгүй бол энэ ажил урагшлахгүй. Хууль эрх зүйн орчинг тогтвортой болгох нь хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн дээрх асуудлыг шийдвэрлэх үндсэн тулгуур нь болох юм” гэлээ.
2024/03/28
457
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Жан Тодт болон түүний гэргий, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Мишель Ёо нартай уулзаж, Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аян”-ыг Монгол Улсад өрнүүлж, замын хөдөлгөөний боловсрол олгох, замын аюулгүй байдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж буйд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар автозамын хөдөлгөөний аюулгүй байдлын эрхзүйн тогтолцоог шинэчлэхээр ажиллаж байгааг онцлоод энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах, олон улсын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлэв. Тусгай элч Жан Тодт авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх НҮБ-ын аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирснээ танилцуулж, дэлхийн алдартнуудыг оролцуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлан таниулах самбарыг 80 гаруй улсын 1000 орчим хотод байршуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Тус аян нь 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой ажээ. Мөн Тусгай элч Жан Тодтын гэргий, Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо Монгол Улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөснийг дурдаад Швейцарын Давос хотноо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ тохиролцсоны дагуу “Welcome to Mongolia”, “GoMongolia” урианы хүрээнд Монгол Улсыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа онцолжээ.
2024/03/28
458
УЛС ТӨР
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаЗамын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээУламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.Мөн малчны хоршоонд нэгдсэн иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, түүнийг зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах, анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлж тодорхойлох, малын тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, хуулийн дагуу үзүүлж буй дэмжлэгт хамрагдсан малчин, малчны хоршооны хүлээх үүргийг тусгасан байна. Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооМонгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байнаГепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр. Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан.Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн 9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ. Товч мэдээ· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.· Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.· Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.· “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.
2024/03/27
488
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа
Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонтой уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.Энэ хүрээнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нар Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын 2022 онд байгуулсан Харилцах ойлголцлын Санамж бичгийн хугацааг 2025 оныг хүртэл сунгахаар тохиролцож, гарын үсэг зурлаа.Ийнхүү Харилцан ойлголцлын Санамж бичгийн хугацаагаа сунгаж буй нь хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжиж, харилцан итгэлцэл батжин бэхжиж байгаагийн илрэл гэдгийг талууд санал нэгтэй илэрхийллээ.Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд талууд Парламентын хууль тогтоомж, дүрэм, журмыг хүний эрхийн асуудлаар баяжуулах; Парламентын үйл ажиллагаа, бүтэц, ажлын албаны ажилтнуудын хүний эрхэд суурилсан хандлагыг дэмжих; Жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллана.Өнгөрөгч оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран хүний эрх, жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийсэн нь харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй цогц арга хэмжээний нэг юм.Олон Улсын Парламентын Холбооны боловсруулсан аргачлалын дагуу Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13 дахь парламент болсон бол хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болсноороо онцлогтой. Энэхүү үнэлгээ Монголын парламентын түүхэнд анх удаа, дэлхийн улс орнуудын парламентуудын ажиглалт, анхаарлын дор явуулж буй үйл ажиллагаа болсон бөгөөд хоёр тусдаа агуулгыг нэг дор, уялдаа холбоотойгоор авч үзэж буй онцгой, чухал үйл явдал болсон юм.Талууд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр цаашдын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/03/27
427
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форумд оролцож үг хэллээ.Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд төгрөг болон тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5,678 ам.долларт хүрсэн. Мөн төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.доллараар ашигтай гарч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.2 их наяд төгрөгөөр даван биелсэн төдийгүй гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэнд боомтын сэргэлт чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо” гэж хэллээ.Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов. Өнгөрсөн гурван жилд боомтуудад хийсэн бүтээн байгуулалтын ажлаас танилцуулбал, Замын-Үүд боомтын зорчигч болон ачаа тээврийн цогцолборыг бүрэн ашиглалтад оруулж, олон улсын стандартад нийцүүллээ. Тус боомт ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 24 цагаар ажилладаг болно. Гашуунсухайтын боомтын зорчигч ачаа тээврийн байгууламжийн ажил 61 хувийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг боомтын ачаа тээврийн байгууламжийн нэг, дөрөвдүгээр хэсгийг ашиглалтад оруулсан байна. Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ. Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажил дуусаж, Бичигт боомтын өргөтгөлийн ажил 2023 онд эхэлсэн. Энэ жил Цагааннуур, Булган, Хавирга боомтуудад инженерийн дэд бүтцийн ажил эхэлнэ. Ингэснээр боомтуудын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийг ашиглалтад оруулаад байна. Өнгөрсөн гурван жилд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг ашиглалтад орууллаа.
2024/03/27
479
УЛС ТӨР
Ерөнхий сайд асан Сү.Батболд хууль бус орлогоо АНУ-д 'угаасан' уу
Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байхдаа ашигт малтмал олборлох гэрээнээс олсон хууль бус орлогоо Нью-Йорк хотод хоёр үл хөдлөх хөрөнгө болгож угаасан гэх хэргийг нь АНУ мэдээ болгон түгээжээ.Тодруулбал: Нью-Йорк хотын Зүүн 61-р гудамж 21 тоот, Баруун 56-р гудамж 230 тоотод байрлах 14 сая доллараар худалдаж авсан тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг хураахыг хүссэн иргэний гомдлыг АНУ-ын шүүх өчигдөр хэлэлцжээ. Шүүхийн баримтаас харахад уг орон сууцыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд болон түүний гэр бүлийнхний хууль бус орлогын мөнгөөр буюу уул уурхайн гэрээгээр халхавчилж олсон улсын орлогоор худалдаж авсан байж болзошгүй аж.Монголын авлигын хэргийн төлөө АНУ-ын холбооны мөрдөх товчооны мөрдөгч нь, тус улсын прокурор нь яаж ажиллаж байгааг дараах холбоосоор ороод уншаарай. https://www.justice.gov/usao-edny/pr/united-states-seeks-forfeiture-former-mongolian-prime-ministers-luxury-new-york-city
2024/03/27
993
