УЛС ТӨР
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Жан Тодт болон түүний гэргий, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Мишель Ёо нартай уулзаж, Монгол Улсад айлчлахыг урьсан билээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэгдсэн Үндэстний байгууллагын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аян”-ыг Монгол Улсад өрнүүлж, замын хөдөлгөөний боловсрол олгох, замын аюулгүй байдлыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж буйд талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар автозамын хөдөлгөөний аюулгүй байдлын эрхзүйн тогтолцоог шинэчлэхээр ажиллаж байгааг онцлоод энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах, олон улсын түвшинд бодлогын дэмжлэг үзүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах санал дэвшүүлэв. Тусгай элч Жан Тодт авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх НҮБ-ын аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирснээ танилцуулж, дэлхийн алдартнуудыг оролцуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлан таниулах самбарыг 80 гаруй улсын 1000 орчим хотод байршуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Тус аян нь 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой ажээ. Мөн Тусгай элч Жан Тодтын гэргий, Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо Монгол Улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөснийг дурдаад Швейцарын Давос хотноо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ тохиролцсоны дагуу “Welcome to Mongolia”, “GoMongolia” урианы хүрээнд Монгол Улсыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа онцолжээ.
2024/03/28
478
УЛС ТӨР
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаЗамын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээУламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.Мөн малчны хоршоонд нэгдсэн иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, түүнийг зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах, анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлж тодорхойлох, малын тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, хуулийн дагуу үзүүлж буй дэмжлэгт хамрагдсан малчин, малчны хоршооны хүлээх үүргийг тусгасан байна. Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооМонгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байнаГепатитийн D вирусийн халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.Монгол Улсад гепатит вирусийн халдварын тархалт өндөр. Халдвартай иргэдийн дунд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөгсөд, үүний улмаас нас баралтын тоогоор дэлхийд дээгүүр орж байна. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрдэг байна.Гепатитийн D вирусийн халдвар дангаар байдаггүй, В вирусийн халдвартай хүний таван хувь нь D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Олон улсад хийдэг нэгдсэн аргачлалаар (мета-анализ) судалж үзэхэд, манай улсад гепатитийн D вирусийн халдвартай 66.000 хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан.Эрүүл мэндийн яамнаас 2023 онд гепатитийн D вирусийн халдварын эмчилгээнд иргэдийг хамруулах асуудалд түлхүү анхаарч ажилласан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд төсөвлөсөн нийт 13,5 тэрбум төгрөгийн 9,7 тэрбумыг эмчилгээнд, оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэхэд 2,3 тэрбум, орон нутагт эрт илрүүлэг, оношилгоог сайжруулахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар хуваарилжээ. Товч мэдээ· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.· Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.· Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.· “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.
2024/03/27
514
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа
Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонтой уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.Энэ хүрээнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон нар Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын 2022 онд байгуулсан Харилцах ойлголцлын Санамж бичгийн хугацааг 2025 оныг хүртэл сунгахаар тохиролцож, гарын үсэг зурлаа.Ийнхүү Харилцан ойлголцлын Санамж бичгийн хугацаагаа сунгаж буй нь хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжиж, харилцан итгэлцэл батжин бэхжиж байгаагийн илрэл гэдгийг талууд санал нэгтэй илэрхийллээ.Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд талууд Парламентын хууль тогтоомж, дүрэм, журмыг хүний эрхийн асуудлаар баяжуулах; Парламентын үйл ажиллагаа, бүтэц, ажлын албаны ажилтнуудын хүний эрхэд суурилсан хандлагыг дэмжих; Жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллана.Өнгөрөгч оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран хүний эрх, жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийсэн нь харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй цогц арга хэмжээний нэг юм.Олон Улсын Парламентын Холбооны боловсруулсан аргачлалын дагуу Монгол Улсын Их Хурал жендэрийн мэдрэмжээ үнэлж буй 13 дахь парламент болсон бол хүний эрхийг хэрхэн хангаж буй талаар өөрийн үнэлгээгээ хийж буй анхны парламент болсноороо онцлогтой. Энэхүү үнэлгээ Монголын парламентын түүхэнд анх удаа, дэлхийн улс орнуудын парламентуудын ажиглалт, анхаарлын дор явуулж буй үйл ажиллагаа болсон бөгөөд хоёр тусдаа агуулгыг нэг дор, уялдаа холбоотойгоор авч үзэж буй онцгой, чухал үйл явдал болсон юм.Талууд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр цаашдын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/03/27
451
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Боомтын сэргэлт” үндэсний форумд оролцож үг хэллээ.Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлого”-оос амжилттай хэрэгжиж буй ажлуудын тэргүүн эгнээнд боомтын сэргэлттэй холбогдох ажлууд эрэмбэлэгдэж байна. Боомтын сэргэлтийн ажил амжилттай, үр дүнтэй байгаа нь Монгол Улсын эдийн засгийн сэргэлтэд ч хувь нэмрээ оруулж байна. 2023 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 68.9 их наяд төгрөг болон тэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5,678 ам.долларт хүрсэн. Мөн төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.доллараар ашигтай гарч, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.2 их наяд төгрөгөөр даван биелсэн төдийгүй гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэнд боомтын сэргэлт чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, биржийн худалдааг эхлүүлснээр Монгол Улс анх удаа ковидын өмнөх үе буюу 2019 онд 36.6 сая тонн нүүрс экпортолж байсан үзүүлэлтээ ахиулж 2023 онд 69.6 сая тонн нүүрс экспортоллоо” гэж хэллээ.Цаашид боомтын сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаатай хэрэгжинэ. Бүс бүр боомтоороо дамжуулан олон улсын худалдааны оролцогч байх шаардлагатай. Боомт дагасан хотуудыг бий болгохоор зорьж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 2024 оноос аймгуудыг холбох тойрог замын ажлыг эхлүүлнэ. Мөн бүх боомтыг авто замаар холбоно. Боомтын сэргэлтийн дараагийн үе шат нь инноваци хиймэл оюун ухааныг хослуулах ёстой. Хүний оролцоог багасгаж боомтуудад инноваци хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх талаар өнөөдрийн форумаар ярилцах нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов. Өнгөрсөн гурван жилд боомтуудад хийсэн бүтээн байгуулалтын ажлаас танилцуулбал, Замын-Үүд боомтын зорчигч болон ачаа тээврийн цогцолборыг бүрэн ашиглалтад оруулж, олон улсын стандартад нийцүүллээ. Тус боомт ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 24 цагаар ажилладаг болно. Гашуунсухайтын боомтын зорчигч ачаа тээврийн байгууламжийн ажил 61 хувийн гүйцэтгэлтэй байна. Алтанбулаг боомтын ачаа тээврийн байгууламжийн нэг, дөрөвдүгээр хэсгийг ашиглалтад оруулсан байна. Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний байгууламжийн ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ. Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажил дуусаж, Бичигт боомтын өргөтгөлийн ажил 2023 онд эхэлсэн. Энэ жил Цагааннуур, Булган, Хавирга боомтуудад инженерийн дэд бүтцийн ажил эхэлнэ. Ингэснээр боомтуудын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийг ашиглалтад оруулаад байна. Өнгөрсөн гурван жилд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг ашиглалтад орууллаа.
2024/03/27
498
УЛС ТӨР
Ерөнхий сайд асан Сү.Батболд хууль бус орлогоо АНУ-д 'угаасан' уу
Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байхдаа ашигт малтмал олборлох гэрээнээс олсон хууль бус орлогоо Нью-Йорк хотод хоёр үл хөдлөх хөрөнгө болгож угаасан гэх хэргийг нь АНУ мэдээ болгон түгээжээ.Тодруулбал: Нью-Йорк хотын Зүүн 61-р гудамж 21 тоот, Баруун 56-р гудамж 230 тоотод байрлах 14 сая доллараар худалдаж авсан тансаг зэрэглэлийн хоёр орон сууцыг хураахыг хүссэн иргэний гомдлыг АНУ-ын шүүх өчигдөр хэлэлцжээ. Шүүхийн баримтаас харахад уг орон сууцыг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд болон түүний гэр бүлийнхний хууль бус орлогын мөнгөөр буюу уул уурхайн гэрээгээр халхавчилж олсон улсын орлогоор худалдаж авсан байж болзошгүй аж.Монголын авлигын хэргийн төлөө АНУ-ын холбооны мөрдөх товчооны мөрдөгч нь, тус улсын прокурор нь яаж ажиллаж байгааг дараах холбоосоор ороод уншаарай. https://www.justice.gov/usao-edny/pr/united-states-seeks-forfeiture-former-mongolian-prime-ministers-luxury-new-york-city
2024/03/27
1022
УЛС ТӨР
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана
Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.“Корпорейт хотел энд конвейшн центр”-т болсон улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажилтан, албан хаагчид болон үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хурдтай хөгжүүлэхийн тулд цогц, нэгдмэл, харилцан бие биеэ дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь чухал. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, ядуурал буурах, өрх бүлийн амьжиргаа дээшлэх, амьдралын чанар сайжрах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж Ерөнхийлөгч үзэж байна.Иймээс:Салбарын эрх зүй, санхүү, татвар, даатгалын таатай орчин бий болгох,Байгаль орчин, мал, амьтанд ээлтэй, өндөр чанартай түүхий эд бэлтгэх болон малын гарал үүсэл, чанарын мөшгөх тогтолцоо хөгжүүлэх,Үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх,Хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхижуулах, давтан сургах,Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарах шаардлагатайг хэлэв.Үүнд төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэл, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэг зорилго, нэг бодлого чухал гэдгийг онцолж, бүх талаар тууштай дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.Мөн өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэхийг уриаллаа.“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийт нэг их наяд гаруй төгрөгийн гааль, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж, бага хүүтэй, урт хугацаатай зээл олгоод байна.Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт арьс, арьсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, үйлдвэрийн машины эд ангиуд, цаас, цаасан бүтээгдэхүүн болон хувцас, нэхмэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспорт нэмэгдэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх бүрэн боломжтой гэж үздэг.1980-аад оны сүүл гэхэд хөнгөн үйлдвэрлэлийн салбар нийт аж үйлдвэрлэлийн салбарын 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан бол 2023 оны байдлаар 25 хувийг л бүрдүүлж байна.Бараа бүтээгдэхүүний экспорт нийт экспортын дөнгөж зургаан хувьтай тэнцдэг бөгөөд хүнс, гутал, хувцас, арьс, савхин эдлэлээс эхлээд хөнгөн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн гаднаас худалдан авахад жилд ойролцоогоор гурван тэрбум орчим ам.доллар зарцуулдаг судалгаа гарчээ.1934 онд Аж үйлдвэрийн комбинат байгуулагдсан нь орчин цагийн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн эхлэл байсан түүхтэй. Үүнээс өмнө энэ салбар гар урчууд, төмөр болон мөнгөний дархчуудаас бүрдсэн гар үйлдвэрлэлд түшиглэж байлаа.1940-1950 онд малын гаралтай түүхий эдээ ашиглан дотоодын хэрэгцээг хангах, гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргах чиглэлд тодорхой ахиц дэвшил гарсан.1960-1990 онд олон хөнгөн аж үйлдвэр бий болж, түүхий эдийн боловсруулалтын түвшин, үр ашиг, чанарын үзүүлэлтүүд эрс сайжирч, шаардлагатай боловсон хүчнээ эх орондоо бэлдэж байсан түүхтэй юм.
2024/03/26
429
УЛС ТӨР
Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ
НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болж, тогтоолд өөрчлөлт оруулах, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах болон барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэн авах тухай хэлэлцлээ.Тодруулбал, НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ. Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүсээд байна. Иймд хилийн заагийг өөрчлөх шаардлагатай байгаа бөгөөд иргэдийн хаягийн бүртгэл мэдээлэлд өөрчлөлт орохгүй, эдийн засгийн хувьд зардал гарахгүй, зөвхөн дээрх хороодын egazar.mn дэх хилийн заагийн мэдээлэлд өөрчлөлт орох юм.Нийслэлийн хэмжээнд аж үйлдвэрийн дөрвөн парк ажиллаж буй. 2022 онд батлагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани хэлбэртэй байна” хэмээн заасан. Үүний дагуу Эмээлт эко аж үйлдвэрийн парк компанийн хэлбэрт шилжээд буй. Тэгвэл Багануур, Багахангай, Налайхын үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг дээрх хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай байна. НИТХ-ын төлөөлөгчид, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны гишүүдийн зүгээс үйлдвэрлэл, технологийн паркуудын нэр томъёог олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нэршлээр нэрлэх, дүрмийг өөрчлөн найруулах, хөрөнгийн үнэлгээг нягтлах, үнэлгээг нэмэгдүүлэх боломжийг судлах, паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг саналыг хэлсэн юм. Мөн компанийн хэлбэрт шилжсэнээр ил тод, нээлттэй байдлыг хангана хэмээн үзжээ. Тухайн шилжилтийг хийхэд шаардагдах хууль, эрх зүйн үйл явц, нийслэлийн 2024 оны төсөв батлагдсан зэрэгтэй холбоотойгоор үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр тогтоолын төсөлд тусгасан байна.ТүүнчлэнБаянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгаБаянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн байрБаянзүрх дүүргийн 304 дүгээр цэцэрлэгийн барилга байгууламжБаянзүрх дүүргийн 321 дүгээр цэцэрлэгийн А, Б байрНалайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байгууламжСонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга байгууламжСонгинохайрхан дүүргийн 330 дугаар цэцэрлэгийн барилгаСүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуулийн барилга байгууламжСүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ дэд төв дэх 28МВт хүчин чадал бүхий дулааны станц гэсэн барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм.Ийнхүү дээрх тогтоолын төслүүдийг НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаар хэлэлцэн, баталлаа.
2024/03/26
426
УЛС ТӨР
Канад улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфани-г хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай мэдэгдэв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр улсын харилцааны түвшинг шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай буйгаа илэрхийлээд хоёр улсын харилцааны шинэ эрин эхэлж буй энэ үед Канад Улс ийнхүү Монгол Улсад тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Элчин сайд Сандра Шуфани цаг зав гарган уулзсан Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.Тусламжийн хандивыг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан хүргүүлнэ.
2024/03/26
592
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзлаа.Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газар Монгол Улсад зудын гамшгийг даван туулахад зориулж хүмүүнлэгийн нэн шаардлагатай эд материалын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдэж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидлыг гардууллаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар, ард иргэд манай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирснийг онцолж, зудын гамшгийг даван туулахад зориулан хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, ард иргэдэд Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Засгийн газар зудын гамшгийг богино хугацаанд даван туулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж буйг тэмдэглэв.Элчин сайд М.Игавахара бидний өгсөн тусламж ашиг тусаа өгч, малчид зудын эрсдэлийг хохирол багатай даван туулж, энгийн амьдралын хэмнэлдээ шилжин орохыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.Уулзалтаар талууд Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлж, бүхий л түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалыг улам бүр эрчимжүүлэх, эдийн засгийн харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.Мөн Монгол Улс, Япон Улсын хооронд соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд манай хоёр улсын “хүн төвтэй” харилцаа, ард иргэдийн солилцоог өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.
2024/03/26
595
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зорилт бол боомтын боомийг тайлах Боомтын сэргэлтийн бодлого байсан. Цар тахлын хүнд үед хил холболтын цэгүүдийг шуурхай шийдвэрлэж, экспортын дөрвөн шинэ боомтын бүтээн байгуулалтын ажлуудыг бодлогоор дэмжиж, түншлэн ажилласан БНХАУ-ын Засгийн газарт талархал илэрхийллээ. Мөн тэрбээр “Өнөөдөр эдийн засаг, худалдааны гол хаалга Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна. Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ. Замын-Үүд боомтын боомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэж байна” гэлээ.БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төсөл хэрэгжүүлж, ийн ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.Мөн “УХААЛАГ ГАРЦ” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна. Зорчигч, ачаа тээврийн цогцолборыг ирэх дөрөвдүгээр сараас 24 цагаар ажиллуулахтай холбоотойгоор орон тоог нэмж, 340 албан хаагч Замын-Үүд боомтод ажиллаж байна. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх орон сууц барих шаардлагатай байгааг албаныхан Ерөнхий сайдад хэлж байлаа.Монгол Улсын хэмжээнд нийт ачаа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувь Замын-Үүд боомтоор нэвтрэн өнгөрдөг. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна. Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн бүтээн байгуулалттай УИХ, Засгийн газрын зарим гишүүн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюан нар танилцлаа. Энэ үеэр БНХАУ-ын Эрээн- Монгол Улсын Замын-Үүд боомтод эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг хоёр тал тохирсныг Элчин сайд Шэнь Миньжюан хэллээ.
2024/03/25
454
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 22-нд бараалхав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны наймдугаар сард Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлуудын явц, тэр дундаа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх, англи хэлний боловсролыг сайжруулах, сансар судлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих талаар ярилцлаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын чухал "гуравдагч хөрш," Стратегийн түнш бөгөөд манай улсыг ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм рүү шилжихэд эхнээс нь тууштай дэмжиж ирснийг онцлоод, манай улсад нүүрлээд буй зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслахад зориулан нийт 900,000 ам.долларын тусламж үзүүлсэн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын "гуравдагч хөрш" гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцааны түвшнийг ахиулах, хамтын ажиллагааг улам олон салбарт өргөжүүлэх, иргэд солилцоог нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө тууштай байгаагаа тэмдэглэв.
2024/03/23
467
УЛС ТӨР
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-той уулзлаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо нар 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тэр дундаа төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд хүний нөөцийг бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын яам амжилттай хамтран ажиллаж ирснийг харилцан тэмдэглэв. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгах зорилтыг тусган ажиллаж буйг онцлоод, энэ хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албанд мерит зарчмыг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг өндөржүүлж буй мэдлэг, туршлагаас үргэлжлүүлэн хуваалцаж, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, “БНСУ-ын хөгжил ба Төрийн алба” сэдвээр Монгол Улсын их сургуульд, “Үндэсний хөгжлийг түүчээлэх чадамжтай төрийн албан хаагч” сэдвээр Удирдлагын академид тус тус олон нийтэд нээлттэй лекц уншина.
2024/03/22
410
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хонины ноосон био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-д ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хонины ноосоор био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах үйлдвэр жилд 2,500 тн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогоор жилд 125 тн-ыг үйлдвэрлэж ХБНГУ, АНУ-д экспортолж байна. Цаашид хүчин чадлаа бүрэн ашиглаж, бүтээгдэхүүнээ Япон, БНСУ-д нийлүүлэх, бусад улс оронтой хамтран ажиллахаар төлөвлөжээ.Азотын өндөр агууламжтай био бордоог үйлдвэрлэхдээ зөвхөн угаагаагүй хонины ноос хэрэглэдэг бөгөөд химийн болон нэмэлт туслах бодис, ус ашигладаггүйгээрээ онцлогтой юм байна.Хүнсний ногоо тариалагч жижиг, дунд аж ахуйн нэгжүүд био бордоог худалдан авах чадвар бага. Иймээс төрийн бодлогоор дэмжих, ялангуяа кластерийн системд оруулан зохицуулалт хийвэл богино хугацаанд иргэдээ эрүүл ногоогоор хангах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах, импортын бордоог орлох бүрэн боломжтойг компанийн удирдлага танилцууллаа.Манай улсын хөрсний чанар муудаж, ялзмагийн агууламж 60, ургамал шинжтэй тэжээлийн бодис 60-80 буурсан нь хүнсний ногоо тарих, арвин ургац авахад сөргөөр нөлөөлдөг.Ийм үед био бордоог жимс, жимсгэнэ, мод, бут, сөөг, тасалгааны болон мандлын цэцэг, хөрс, задгай талбай, хүлэмжийн ногоо, уул уурхайн биологийн нөхөн сэргээлтэд ашиглахад үр дүнтэй нь дотоод, гадаадын улс орнуудын туршилтаар батлагджээ. Био бордоо нь усыг өөртөө шингээн хадгалдаг бөгөөд шаардлагатай үед буцаж ялгаруулдаг, 10-14 сарын хугацаанд задарч, байгальд шингэдэг. Газрын хөрсийг сийрэгжүүлэн хөвсийлгөж, хорхой шавжнаас хамгаалдаг, ургамлыг дээд зэргийн тэжээл болон усаар хангадаг юм байна.Монгол Улсын бордооны жилийн хэрэглээ 150 мянган тн бөгөөд цаашид жилд 10 хувиар өсөх төлөвтэй байна. Манай улс жилд 170 сая ам. доллароор химийн бордоо гаднаас худалдаж авдаг юм.
2024/03/21
427
УЛС ТӨР
Монгол Улс Бүгд найрамдах Куба улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хоёр гэрээнд гарын үсэг зурлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Бүгд Найрамдах Куба Улс (БНКУ)-д ажлын айлчлал хийж байна. Энэхүү ажлын айлчлалаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон БНКУ-ын Хууль зүйн сайд Оскар Мануэл Силвера Мартениз нар “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай”, “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээнд гарын үсэг зурлаа. “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээ”-г байгуулснаар хоёр улс иргэний хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааны хүрээнд шүүхийн баримт бичиг гардуулах, нотлох баримт бүрдүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх гэх мэтчилэн ажиллагааг өөрсдийн нутаг дэвсгэрт гүйцэлдүүлэх боломж бүрдэж байна. Хоёр улс 1989 онд байгуулж байсан иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээг Монгол, Куба Улсын орчин үеийн эрх зүйн зохицуулалт, практиктай уялдуулан шинэчлэн байгуулах асуудлыг 2021 онд ярилцан, шийдвэрлэсэн. Энэ дагуу хоёр тал “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээг ийнхүү байгуулж буй юм. Уг гэрээг байгуулснаар хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим ажиллагааг ил тод, шуурхай шийдвэрлэнэ. Тодруулбал, нотлох баримтыг албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх мэтчилэн тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх боломжтой боллоо. Энэхүү хоёр гэрээ нь тус бүр 20 зүйлтэй бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, туслалцаа үзүүлэх хүсэлт гаргах, биелүүлэх журам, туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг багтаасан байна. Монгол Улсад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр 23 улстай байгуулсан нийт 36 хоёр талт олон улсын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Айлчлалын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БНКУ-ын Дотоод хэргийн сайд Лазаро Альберто Алварез Казастай уулзлаа. Энэ үеэр БНКУ-ын хууль зүй болон дотоод хэргийн салбарын алба хаагчдын төлөөлөл Монгол Улстай төрийн үйлчилгээний цахимжилт, салбарын бусад хамтын ажиллагааны асуудлаар туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр улс хоорондын “Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ”, мөн “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-г байгуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
2024/03/21
408
УЛС ТӨР
НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно
НИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны өргөтгөсөн хурал /2024.03.20/ боллоо. Хурлаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэл дэх үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг шинэчлэн батлах тухай, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээний тухай хэлэлцсэн юм.Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцууллаа.Тодруулбал, НИТХ-ын 2021 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэн шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоосон. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэгийг алдаатай хүргүүлжээ. Үүний улмаас дээрх хороодын 467 өрхийн 2016 иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зөрсөн асуудал үүсээд байна. Эдгээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч чадахгүй, мөн үл хөдлөх хөрөнгөө эргэлтэд оруулах боломжгүй болсон байна.Иймээс уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын 2022 оны “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох тухай” 43 дугаар тогтоолын Чингэлтэй дүүргийн 12,16, 21, 22 дугаар хороотой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөл боловсруулсан юм. Дээрх асуудлуудыг НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаар хэлэлцэхийг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо дэмжлээ. НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан энэ сарын 25-ны өдөр болно.
2024/03/21
443
