mmnews.mn | 2026-09-09

УЛС ТӨР

УЛС ТӨР
Ерөнхий хяналтын сонсголын зар
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Оролцох хүсэлтийг [email protected] цахим шуудангаар ирүүлж болох бөгөөд эсвэл    https://forms.gle/4c1Yfhz1G9fiSmpg7 линкээр илгээнэ. Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно. Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:  Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/Цахим шуудангийн хаяг: [email protected]Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Ажлын алба
2026/08/31
222
УЛС ТӨР
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв.2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, "Засгийн газар энэхүү төсвийн хүрээнд есөн шийдвэр гаргалаа.  Байгалийн баялгийн үр өгөөжөө иргэддээ тэгш хүртээнэ. Жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа сэргээхэд чиглэж байна. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа ногдол ашиг авах гэж байна. Үүнийг түлш эрчим  хүчний хараат байдлыг бууруулахад зарцуулна.Тухайлбал, Дулааны 3 дугаар цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны 6 дугаар цахилгаан станц барьж байгуулах, 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулах ажлыг дуусгана. Хуримтлалын санд мөн төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэнд, орон сууцанд зарцуулахаар төлөвлөсөн" хэмээв.УИХ-ын дарга С.Бямбацогт, "Монголчууд анх удаа Оюутолгой төслөөс ногдол ашиг авах гэж буй нь иргэдэд зориулах эх үүсвэрийг нэмж байна" гэлээ.2027 оны улсын төсвийн төслийн онцлох тоо, мэдээллээс дурдвал: -Төрийн өмчит компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулна. 2027 онд төсөвт төвлөрөх ногдол ашгийн хэмжээ 3.5 их наяд байхаар тооцоолов.-Ахмад настанд суурь тэтгэвэр 100,000-300,000 төгрөг нэмж олгоно.-Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон амжиргаа доогуур иргэдийг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлж, орлогыг нь хамгаална.-Бүх төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ.-Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, иргэдийн татварын ачааллыг 840 тэрбум төгрөгөөр чөлөөлнө.-Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд иргэдийг 186.3 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Ажил хөдөлмөр эрхэлж буй 18-24 насны суралцагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө. Гарааны бизнес эрхэлж буй ААН, байгууллагын ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, аль нэг ажлаасаа НДШ төлнө.-16 мянга орчим иргэнийг хөнгөлөлттэй зээл болон хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулна.-Нэг хүүхэд-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбартай болно.-Ерөнхий боловсролын 100 сургуулийг сэргээгдэх эрчим хүчний системд холбож, дулаан алдагдлыг бууруулж, орчин үеийн технологийн шийдлээр шинэчилж “Ногоон сургууль” болгоно.-“Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан тэжээлт машин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө.-Цахилгаан машин цэнэглэх 500 өртөө барьж байгуулах зэрэг багтаж байна.
2026/08/31
220
УЛС ТӨР
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрээ олон нийтэд танилцуулав.Ерөнхий сайдын есөн шийдвэр “Монголын баялаг-Монголчууддаа” нэг зорилготой юм. Энэ оны төсвийн тодотгол бол сайд нарын урсгал зардлаас 1,4 их наяд төгрөг танаж, төр бүсээ чангалж, цалин тэтгэвэр нэмэхэд зориулна. Ирэх 2027 оны төсвийн хуулийн гол зорилго нь Монголын баялгаа монголчууддаа хүргэх үндсэн зорилготой. Эдгээр шийдвэрүүд нь Таны хувь, Таны мөнгө, Таны ирээдүй гэсэн гурван багц агуулгатай. Хорин жил яригдсан Оюутолгойн ногдол ашгаа авч, иргэн бүрийн хуримтлалын данс, шинэ VI цахилгаан станц, малын эм вакцин, арьс ширний үйлдвэр, зургаан бүс тус бүрд Кэмбрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль барихад зориулахаар төлөвлөжээ. Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг “И-Монголиа”-гаар дамжуулан иргэдийн саналаар шийдвэрлэхээ танилцууллаа. Ерөнхий сайдын есөн шийдвэр 1.Таны мөнгө 
-Оюутолгойн ногдол ашгаа Монголд анх удаа авчирна. Дулааны IV цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, боловсролд зарцуулна. Таны мөнгө. Та бүхэн шийднэ.
2. "Эрдэнэс Тавантолгой-н хувьцаа
-“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа иргэн өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болно. 3.
Татвар
-Таны цалингийн 792.000 төгрөг хүртэлх хэмжээнд татвар авахгүй. Таны мөнгө Танд үлдэнэ. Иргэдийн гарт 840 тэрбум төгрөг үлдэнэ.4.Тэтгэвэр, цалин
-380.300 төгрөгийн тэтгэврийн нэмэгдэл. Дундаж тэтгэвэр ирэх онд 1,335,400 төгрөг болно. Ахмад настан ажил хийвэл 2027 оноос шимтгэлгүй. Оюутан ажил хийвэл 2028 оноос шимтгэлгүй. 5.Орон сууц
-16000 орон сууцыг 6% зээл, түрээслээд өмчлөх нөхцлөөр борлуулна. Төрийн 4000 орон сууцны урьдчилгаа 30% биш 15% болно.6.Эрчим хүч
-"ДЦС-3"-ын дэргэд 300 Мвт-ын "ДЦС-6" барина. "ДЦС-3"-ыг засварлан шинэчилж, гацаад байгаа 10 аймгийн ДЦС-г ашиглалтад оруулна.7.Боловсрол
-Гүүглийн компьютер 100.000, 100 ногоон сургууль, бүс бүрд Кембрижийн сургууль 2, нэг төрөлжсөн ахлах сургууль8.Эрүүл мэнд 
-Гадаадын зээл, тусламжаар баригдаж буй 39, шинээр 34 эмнэлэг барина. Ахмад настан даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэ төлбөргүй авна. 
9.Ногоон хөгжил
-500 цахилгаан машин цэнэглэгч "Ногоон өртөө" байгуулна. Сэргээгдэх эрчим хүчний техник төхөөрөмжүүд, цахилгаан машин гааль, онцгой албан татвараас бүрэн чөлөөлөгдөнө.
2026/08/31
241
УЛС ТӨР
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт анхны гадаад айлчлалаа эхлүүлж, Люксембургийн Их Гүнт Улс болон Бельгийн Хаант Улсад тус тус албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.08.26) мордлоо.Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселерийн урилгаар 2026 оны 8 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд тус улсад, Бельгийн Хаант Улсад 2026 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой, Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хийж буй юм.Тус айлчлал нь эдгээр улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, дээд түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамжийг хадгалахын сацуу парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад 24 жилийн дараа хэрэгжих айлчлал гэдгээр онцлог болж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/08/26
237
УЛС ТӨР
ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Томас Граф Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Томас Графт баяр хүргэж, амжилт хүслээ.Тэрбээр, хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахын чухлыг тэмдэглэлээ.Элчин сайд Томас Граф Монгол Улсад ажиллах хугацаандаа харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх, санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2024 онд тэмдэглэсэн бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн.Хоёр улсын Ерөнхийлөгч нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг шат ахиулан, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж, Хамтарсан тунхаглал гаргасан.Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, хууль, эрх зүй, шүүх, эрчим хүч, шинжлэх ухаан, боловсрол, байгаль орчин, соёл, археологи зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.Монгол Улс, ХБНГУ 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоожээ.
2026/08/26
249
УЛС ТӨР
Сангийн сайд З.Мэндсайхан Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Скотт Моррисыг хүлээн авч уулзлаа
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Дэд ерөнхийлөгч Скотт Моррис Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор Монгол Улсад айлчилж байна. Өнөөдөр /2026.08.26/ Сангийн сайд З.Мэндсайхан түүнийг хүлээн авч уулзсан бөгөөд АХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар ярилцлаа.Тодруулбал, Монгол Улсад нэн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэг болон эмнэлэг барих, онцгой байдлын байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах төслүүдийн талаар санал солилцов. Монгол Улс Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн Сайд нарын уулзалтыг 2026 онд даргална. Энэ уулзалт Улаанбаатар хотноо 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд болно.Энэ хүрээнд АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда Монгол Улсад айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд талууд айлчлалын үеэр Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа, стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэнэ. Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Уулзалтын үеэр Сангийн сайд төслүүдийг шуурхай эхлүүлж, хэрэгжилтийг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
2026/08/26
241
УЛС ТӨР
'Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор'-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.26/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баригдах “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг эрчимжүүлэх Засгийн газрын 64, 28 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 56, 152 дугаар захирамжаар ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй. Ажлын хэсэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулсны дараа олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал авах урилгыг мөн сарын 10-наас тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан. Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид төслийн урилгаа хүргүүлснээс таван ААН-ээс үнийн санал ирүүлжээ. Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулаад байгаа гэлээ. Хураангуй жагсаалтад багтсан стратегийн хөрөнгө оруулагчдын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөрөнгө оруулах хувилбар, бизнес түншлэлийн саналыг үнэлэх, төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Хөрөнгө оруулагчдад дотоодын сая тонн гангийн хэрэглээг хангахаас гадна экспортод гаргах өндөр чанарын ган үйлдвэрлэх, дотоодын ААН-үүдийг ажлын байраар хангах, ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх шаардлага тавих аж. Төслийн бүтээн байгуулалт явагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Эцэслэсэн дүн мэдээг 2026 оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол батлагдав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хууль 2022 онд батлагдаж, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцлөөр арилжаалах боломж бүрдсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 7 сард 195 удаагийн арилжаагаар 10.65 сая тонн нүүрсийг 940.4 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалсан байдаг. Гэвч биржээр арилжаалж буй бүтээгдэхүүний төрөл хангалтгүй, урт хугацааны худалдааны хэлцэл байгуулах боломж хязгаарлагдмал, гэрээний хэрэгжилтийн хугацаанд худалдан авагчийн байршуулсан дэнчин царцаж, эргэлт саарах, компаниудын мөнгөн урсгалд дарамт учруулж буй учраас уг асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Биржийн арилжааны үр ашиг, өрсөлдөх чадвар, нэр төрлийг нэмэгдүүлэх тус тогтоолд гурван үндсэн агуулгыг тусгажээ. Тодруулбал, -Стандартад нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр болон түүнээс дээш төрлөөр багцлан нэг арилжааны захиалга гаргах -Уул уурхайн бүтээгдэхүүний индексэд суурилсан үнэтэй форвард гэрээг 5 хүртэл жилийн хугацаатай байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх -Гэрээ байгуулагдсан тохиолдолд худалдан авагчийн байршуулсан дэнчингийн 90 хувийг буцаан шилжүүлэх, гэрээ дүгнэсний дараа 10 хувийг шилжүүлэх журмыг тусгахаар тус, тус үүрэг болгов. Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Манай Засгийн газар бүх төрлийн оффтэйк гэрээг огт хийхгүй. Гэрээний хугацаа дуусаж байгаа, өмнө нь урьдчилгаа төлбөр аваад гэрээ хэлцэл хийж, хэл ам дагуулаад байдаг сэдвийг хаалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу ил тод нээлттэй арилжаал. Үнэ хаялцаад хамгийн өндөр өртөгтэйгөөр нүүрсээ гаргая. Энэ бол ил тод, зөв зарчим. Гэрээ хэлцэл хийнэ гэж дээгүүр, доогуур явдаг хүмүүс боль. Биржээр явж байгаа учраас бүх зүйл ил болсон” хэмээлээ.Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолооМалын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” буюу өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулснаар 07 дугаар сарын 8-ны өдрөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй билээ. Тэгвэл Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан учраас 2026 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо. Эдгээр сумд нь хил орчмын бүс нутгаас гадна зээрийн сүрэг ихтэй. Дорнод аймгийн “Номинт” багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийгээр өвдсөн нь тогтоогдоод байгаа аж. Улз голд хашигдаж буй эдгээр зээрийн сүрэг өвөл мөс хөлдсөний дараа нүүдэллэж, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий өвчин тараах эрсдэл өндөр байна гэлээ. Мал эмнэлгийн ерөнхий газар шүлхийн голомтот бүсэд 74 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд нөөцдөө байсан 5 мянган тун вакциныг мэдрэг малд хийж эхэлжээ. Нэмэлтээр мөн 190 мянган тунг хүргүүлээд байгаа аж. Цаашдаа үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан 6 сая тун “SAT-1”, О, А дэд хэвшлийн вакциныг нэн яаралтай худалдан авах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Хилийн бүс нутаг учраас хүн, тээврийн хэрэгслийн хяналтыг чангатгах, отог нүүдлийн зорилгоор хилийн хамгаалалтын бүс рүү малчдыг нэвтрүүлэхгүй байх, хил орчмын бүс нутагт зэрлэг амьтдын тандалт судалгаа хийх ажлыг шуурхайлах үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө. Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт хүн хүч, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн санхүүг яаралтай шийдэх, улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хяналтын пост ажиллуулах, малчдад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг хүргүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүргийг өгөв. Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн түүхий сүүний хэмжээгээр тооцож, 1 литрийг нь 1,000 төгрөгөөр тооцон олгох юм. Малчид урамшууллаа авах хүсэлтээ тухайн сарын сүүлийн өдрөөр тасалж, дараа сарынхаа 01-нээс 10-ны хооронд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын урамшууллын цахим систем буюу tus.mofa.gov.mn-д илгээх шаардлагатай бөгөөд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд урамшуулал бодогдохгүй байхыг санууллаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2020 онд 1300 фермер, ААН-ээс 5 сая литр сүү нийлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 2400 фермерээс 19.6 сая литр сүү нийлүүлдэг болсон төдийгүй гурван аймаг нь 13 болж нэмэгджээ. ЕБС-иудад хэрэгжиж буй “Сүү” хөтөлбөрийг Засгийн газар ирэх онд үргэлжлүүлэх бөгөөд төсвийг нь сүүний урамшуулалтай адилхан ирэх оны төсөвт бүрэн тусгана. Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургацын урьдчилсан блансын дүн мэдээг танилцуулав. Монгол Улс энэ хавар 370 мян.га-д тариалалт хийснээс 318 мян.га-д улаанбуудай, 13 мян.га-д төмс, 14 мян.га-д хүнсний ногоо, 90 мян.га-д ногоон тэжээл, 94 мян.га-д тосны ургамал тариалжээ.Хаврын тариалалтаас эхлээд Засгийн газар газар тариалангийн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж, шуурхай арга хэмжээ буюу түлшний хангалтыг таслахгүй байх, 140 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэргээр анхаарч ажилласны үр дүнд 555.3 мян.тонн улаанбуудай, 168.2 мян.тонн төмс, 220 мян.тонн хүнсний ногоо, 50 мян.тонн тосны ургамал, 200 мян.тонн малын тэжээл хурааж авах урьдчилсан бланс гарчээ. Ингэснээр, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй мян.тонн улаанбуудай илүү тариалсан сайн мэдээтэй байна. 
2026/08/26
249
УЛС ТӨР
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа. Монгол Улс Риогийн гурван конвенцын зорилгыг бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновацын нэгдсэн тогтолцоонд уялдуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлээд байна.Энэ хүрээнд Монгол Улс эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулахаар зорьж байна. Уг төсөл нь Монгол Улсын 2026-2030 оны таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил юм.Монгол Улс өргөн уудам газар нутаг, сэрүүн, хуурай уур амьсгал, нар, салхины арвин нөөцтэй. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршлаараа сэргээгдэх эрчим хүч болон бүс нутгийн дижитал дэд бүтцийн шинэ төв болох суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.Ногоон дата төв нь зөвхөн өгөгдөл хадгалах зориулалттай байгууламж бус, байгаль орчны өгөгдөл, зайнаас тандан судлах технологи, хиймэл дагуулын мэдээлэл, газарзүйн мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааныг нэгтгэсэн үндэсний болон бүс нутгийн ухаалаг шийдвэр гаргалтын платформын суурь болох юм.Дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжлийг дагаад дата төвийн эрэлт эрчимтэй өсөж байгаа энэ үед эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шаардлага нэмэгдэж байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, өндөр үр ашигтай дата төвүүд дэлхийн шинэ стандарт болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.Энэхүү санаачилга нь Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлж, олон улсын түншүүдийг хамтран ажиллах, хөрөнгө оруулах, технологи, мэдлэг, туршлагаа хуваалцахыг урив.
2026/08/26
244
УЛС ТӨР
УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт (2026.08.13) Үндэсний аудитын газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.Уулзалтын үеэр салбарын төлөөллүүд Улсын Их Хурлын 2021 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар нийгмийн түншлэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлж, төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн гурван талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн талаар мэдээлэв. Мөн хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой хөдөлмөрийн маргаан нэмэгдэж байгаа болон талуудын хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ.Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт талууд хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллаж, аль нэг салбарын эрх ашгийг түлхүү тавихаас илүү хөдөлмөр эрхэлж буй иргэд болон нийт талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах, Монгол Улсын нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг онцлов.Мөн асуудлыг маргаан, зөрчилдөөнд хүргэхээс илүүтэйгээр хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг үр дүнтэй хийх нь чухал гэв.Хэрэв гурван талт улсын хэлэлцээрээр хэлэлцэх асуудлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн зохицуулалтын хүндрэл байгаа бол маргаан үүсгэхээс илүүтэйгээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа тодорхой боловсруулж, Улсын Их Хуралд ирүүлэхийг зөвлөлөө. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодит санал, санаачилгыг хүлээн авч, хамтран ажиллахад Улсын Их Хурал нээлттэй гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед ажил олгогч, ажилтан харилцан ойлголцож, эрх, үүргээ хүндэтгэн, асуудлаа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах суурь нөхцөл болохыг дурдлаа.Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, А.Ариунзаяа, Т.Аубакир, С.Эрдэнэбат болон албаны бусад төлөөлөл оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 
2026/08/15
272
УЛС ТӨР
Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр  (2026.08.14) яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 21 аймагт тулгамдаж буй асуудлын хүрээнд уулзаж, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл хийх боломжийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн, 2027 оны төсөвт аймгуудад шаардлагатай зарим төслийг тусгах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын ажлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо. Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд орон нутгуудад уламжлал мэт тогтчихсон, жил бүр өвөлжилтийн бэлтгэл хангахад тулгамддаг асуудлыг нэг мөр цэгцлэх бодлого баримталж байна. Тиймээс Төрийн нарийн бичгийн дарга нар салбарт нь угжирсан, царцанги байдалд орсон асуудлыг дахин давтагдуулахгүйгээр дуусгахад ямар бодлого баримталж, эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдгийг судалж, танилцуулна. Шадар сайд 21 аймагт ажиллах үеэр эрчим хүч, дулааны дэд бүтэц, сумдын автомашин, сургууль, цэцэрлэг, усан бассейн, соёлын төвийн барилгын асуудал нийтлэг дурдагджээ. Цаашид улсын төсөв бүхнийг шийднэ гэсэн хандлагаа зогсоож, орон нутгууд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан асуудлаа шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлагууд бизнес сэтгэхүйгээр ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэж ажиллах нь чухал буйг тодотгож байна. Бүтээн байгуулалтын хугацаа богинохон боловч худалдан авах ажиллагааны хугацаа удаан байна. Үүнээс шалтгаалж хөрөнгө оруулалтын ажил зогсох, олон жил үргэлжлэх зэрэг асуудал гарч байгааг хууль, эрх зүйн хувьд шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, Засгийн газраас баталсан бодлого, шийдвэрийг орон нутагт бодитоор хэрэгжүүлэхэд анхаарахыг Шадар сайд Н.Номтойбаяр Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа. 
2026/08/15
275
УЛС ТӨР
'Чөлөөлье' үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна
“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт хагас жилийн тайлангийн хурлаа (2026.08.14)  өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн тайлангийн хуралд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр,  ЗГХЭГ-ын Дэд дарга, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцож, 2026 оны эхний хагас жилээ дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа.ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хэрэгжүүлж буй дөрвөн тулгуурт “Чөлөөлье” бодлогын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд “зангилагдаж” буйг онцоллоо.  Хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль батлагдаж, ил тод байдал, хяналт хариуцлагын тогтолцоо сайжрах, иргэдэд ирэх баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэлийн суурь бүрдснийг тодотгов. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны тайланг дарга, удирдлагууд өөрсдөө хянаж, хэлэлцэх биш, ард түмний төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, иргэд нээлттэй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж буйг хэллээ. Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын бүтэц орон тоог оновчилж, давхардал, хийдлийг арилгаснаар “Чингис хаан баялгийн сан”  нэгдлийн 14 компанийн 260 орон тоог цөөлж, захиргаа, түрээсийн зардлыг бууруулан  67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ.Тайлангийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр цаашид анхаарч ажиллах хэд, хэдэн асуудлыг цохон тэмдэглэв.Үүнд, -Төрийн өмчит компаниудын санхүүгийн зөрчлүүдийг арилгаж, сахилга хариуцлагыг чангатгах;-Төрийн өмчит компаниуд шинээр байр, оффис худалдан авахыг хориглох, тэвчиж болох урсгал зардлуудыг танах;-Төрийн хөрөнгийн менежментийг сайжруулж, оновчтой зохион байгуулалт хийж, үр ашиггүй зардлыг бууруулах;-Шинэ хууль эрх зүйн зохицуулалтад туссан үйлдвэрлэлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа  дээшлүүлэх, засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах зэрэгт идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.
2026/08/15
247
УЛС ТӨР
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй орчин бүрдүүлэх, тайлагналын хугацааг уян хатан болгохоор  Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Ж.Баярмаа нарын УИХ-ын 32 гишүүнээс өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр батлав.Энэ удаагийн өөрчлөлтөөр 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 9,504,000 төгрөг (сард 792,000 төгрөг) хүртэл бол тухайн орлогод 0 хувийн татвар ногдуулахаар тусгажээ.Мөн 2028 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлого 24,000,000 төгрөг (сард 2,000,000 төгрөг) хүртэл бол 1 хувийн татвар төлөх болж байна.Өндөр орлоготой иргэдэд мөрдөгдөж буй шаталсан татварын тогтолцоо өөрчлөгдөөгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг суутгасны дараах жилийн татвар ногдох орлогын 120 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 120-180 сая төгрөгийн орлогод 15 хувь, 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувийн татварын хувь хэмжээг тооцох зохицуулалт хэвээр үйлчлэх юм.Орон сууц борлуулсны орлогод ногдуулах татвараас чөлөөлнө. Иргэний анх удаа өмчилж, амьдран суусан орон сууцыг борлуулснаас олсон орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх юм байна.Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан хялбаршуулсан татварын горимыг шинэчилжээ. Жилийн 1 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бизнес эрхлэгчид орлогын хэмжээнээс үл хамааран 1 хувийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн байна.Татварын тайлагналын хугацааг уян хатан болгон, сар бүрийн 15-ны өдөр тайлан гаргаж, татвар төлөх үүрэгтэй байсныг өөрчлөн уг хугацааг тухайн сарын сүүлийн өдөр хүртэл сунгахаар тусгасан байна.  Хууль хэрэгжиж эхэлснээр бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчин бүрдэж байна. Энэхүү өөрчлөлт нь бага болон дунд орлоготой хөдөлмөр эрхлэгчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, татварын ачааллыг үе шаттайгаар бууруулна гэж үзжээ.Хувь хүний орлогын албан татварыг иргэдийн орлогын түвшинтэй уялдуулснаар  бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж, нийгмийн шударга байдлыг ханган, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм.Иргэдийг дэмжин, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахад хуулийн зохицуулалт үр дүнгээ өгөхөөс гадна иргэн, аж ахуйн нэгжид үүргээ биелүүлэх илүү боломжит хугацаа олгож, хугацаа хоцрох эрсдэлийг бууруулах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2026/07/30
406
УЛС ТӨР
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгах хээрийн ажлын хэсгийн ажилтай танилцлаа.Энэ үеэр Монгол Улсын хамгийн хойд захын цэг болох Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинэчлэн суурилуулав.Монгол-Оросын 3,543 км хилийг 1987-2001 оны хооронд анх удаа хамтран шалгаж, УИХ-аар 2002 онд соёрхон баталгаажуулсан юм.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 онд ОХУ-д төрийн айлчлал хийх үеэрээ Ерөнхийлөгч В.В.Путинтай Монгол-Оросын хилийг хоёр дахь удаагаа хамтран шалгаж, НҮБ-д бүртгүүлэхээр тохиролцсон.Энэхүү шийдвэрийн дагуу талуудын Засгийн газар Монгол-Оросын улсын хилийг хамтран шалгах комиссыг 2021 онд байгуулан, хилийн төхөөрөмжийн ажлын хүрээнд хилийн тэмдгийг шинэчлэх, хилийн шугам дайран гарсан гол, нуурын гольдрол, эргийн өөрчлөлтийг шалгах, шинээр үүссэн болон алга болсон арлын харьяаллыг тогтоох, ой огтолсон зурвасыг сэргээх, хилийн шугамын явалтыг тодотгох зэрэг ажлыг хамтран гүйцэтгэж байна.Тухайлбал, комиссын анхдугаар хуралдаанаар улсын хилийн 1620 тэмдгийг шинэчлэн босгохоор тохиролцсон.Өнөөдрийн байдлаар хилийн төхөөрөмжийн ажлын явц 85 хувьтай байна.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ үеэр Монгол-Оросын хилийг шинэчлэн баталгаажуулах ажил нь олон улсын эрх зүйн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, маргаангүй улсын хилтэй болох түүхэн чухал бодлого, арга хэмжээ гэдгийг онцоллоо.Хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэл, харилцан итгэлцэл, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.Байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд хилийн төхөөрөмжийн ажлыг гүйцэтгэж буй комиссын бүрэлдэхүүн, холбогдох мэргэжилтнүүд, хилчин дайчдад талархал илэрхийлж, амжилт хүсэв.
2026/07/30
628
УЛС ТӨР
Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.07.30/ Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Бейшеевич Молдогазиевыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов.Элчин сайд Айбек Молдогазиев БНКирУ нь Монгол Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг эрчимжүүлж, бодит үр дүнд хүргэхэд өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо. Тэрбээр, Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ боломж бүрдүүлж байгааг тэмдэглээд, техникийн зохицуулалт, хорио цээрийн шаардлагыг уялдуулах чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхээ илэрхийлэв. Киргиз Улс нь Төв Азийн логистикийн зангилаа орны хувьд бүс нутгийн тээвэр, логистикийн шинэ коридоруудыг хөгжүүлэх, хил дамнасан холболтыг нэмэгдүүлэхэд Монгол Улстай нягт хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.  Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, тээвэр, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг танилцуулж, Монгол, Киргиз Улс нь далайд гарцгүй хөгжиж буй, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хөтөлбөрийн гишүүн орнуудын хувьд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх өргөн боломжтойг онцоллоо. Ингэхдээ "Транзит Монгол" бодлогыг CAREC хөтөлбөртэй уялдуулан худалдаа, тээвэр, логистикийн саадыг бууруулж, агаар, авто болон төмөр замын тээврийн харилцан холболтыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой буйгаа онцоллоо. Мөн Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувьд хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахын төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
2026/07/30
431
УЛС ТӨР
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын шуурхай хурлыг зохион байгууллаа.Хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэр тулгамдаж буй асуудал, гарсан санал, санаачилгын талаар танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүх шатанд эрчимжүүлж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өглөө.Үүнд:
-Аймаг, орон нутагт нэн шаардлагатай худалдан авалтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах;
-Мал тооллогын мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
-Орон нутагт тулгамдаж буй дулааны станц, инженерийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх;
-Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой үүрэг, арга хэмжээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллахыг үүрэг болгов. Орон нутгуудад олон жил шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэлт удаашралтай байгаа асуудлууд олон байгаа нь уялдаа холбоо муутай, хөгжлийг сааруулж байгааг Шадар сайд тодотгож, салбар байгууллагууд бодлого, зохицуулалт уялдаа холбоогоо сайжруулж, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн орон нутагт халамжийн тогтолцоо хэт төвлөрсөн байдлаар хэрэгжиж байгааг дурдаж, аймаг орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай худалдан авалтыг орон нутаг өөрийн эрх хэмжээнд шуурхай шийдвэрлэдэг байх нь чухал болохыг онцоллоо. Төсөвт хэт төвлөрсөн хандлага нь хөгжлийн бодлогыг удаашруулдаг тул орон нутгийн санхүүгийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх шаардлагатай гэв. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан гамшиг, онцгой байдлын үед санхүүгийн эрх мэдлийг шатлалтайгаар төвлөрлөөс орон нутаг руу шилжүүлж, шуурхай шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд онцлон дурдлаа. Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангаж, иргэдийн аюулгүй байдал, эрчим хүч, дулаан хангамж, мал аж ахуйн салбарын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэлээр бүх шатны байгууллагууд хариуцлагатай, шуурхай ажиллахыг онцгойлон үүрэг болгож байна. 
2026/07/30
292