mmnews.mn | 2026-10-17

НИЙГЭМ

НИЙГЭМ
'Хотын дарга сонсож байна' 150150 тусгай дугаарт 8373 санал, хүсэлт, гомдол иржээ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах "Хотын дарга сонсож байна" тусгай дугаар наймдугаар сарын 14-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд 8373 хүсэлт, санал, гомдол ирээд байна.  “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх, хянах үйл ажиллагааг илүү сайжруулах зорилгоор нийт хэрэглэгч байгууллагын удирдлага, албан хаагчдад нэгдсэн ойлголт өгөх цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Өнгөрөгч хоёр сарын хугацаанд ирсэн нийт дуудлагын шийдвэрлэлт 89.7 хувьтай байна. Харин шийдвэрлэлтийн дундаж хугацаа 5.9 хоног байна. Нийт 8373 хүсэлт ирснээс 7774 нь мессежээр, 599 нь и-мейл хаягт иржээ. Үүний 5120 нь гомдол, 2548 нь хүсэлт, 400 нь мэдээлэл, 209 санал байна. Нийслэлийн төрийн албан хаагчид тус дугаарт ирж буй хүсэлтүүдэд ач холбогдол өгч ажиллаж байна. Өнөөдөр 157 байгууллагын 500 гаруй албан хаагчдад цаашид иргэдийн хүсэлтэд илүү хурдан хугацаанд хариу өгөх, чанартай үйлчлэх, үйлчилгээгээ улам сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулж байна” гэлээ.  Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна [email protected] и-мэйл хаягаар холбогдох боломжтой юм.
2026/10/17
163
НИЙГЭМ
'Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт' арга хэмжээг зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр нийслэлээс тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлсөн.10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд нийслэлийн төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” арга хэмжээг зохион байгууллаа.
2026/10/17
169
НИЙГЭМ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, бодлогод нөлөөлөх асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан даргалж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын дарга, удирдлага оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлуудын талаар танилцуулав.“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”, “Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” “Түгээмэл хөгжил төв”, “Итгэлийн оч гал дөл” ТББ-ын зарим төлөөлөл санал, хүсэлтээ илэрхийллээ. Явган зам, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны бодлого, нийслэлээс хэрэгжүүлж байгаа мега төслүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй болгох асуудлаар санал солилцов.  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа асуудлыг судалж, шат шатны байгууллагуудад хүргэх, бодлого, шийдвэрт тусгах, тусгасан ажлуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн хуралдааныг улирал бүр зохион байгуулна. Жилийн төлөвлөлтөд өмнөх жил нь санал авч нэгтгэж, төсөвт суулгах нь зүйтэй. Аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжилтийн явцад алдагддаг жишээ бий. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай, налуу зам харахад байгаа мэт боловч стандарт мөрдөгдөхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байна. Тиймээс төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бүх шатандаа хяналтыг сайжруулъя” гэлээ.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан дараах үүрэг даалгаврыг холбогдох газруудад өглөө.Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын сургалтыг үе шаттай зохион байгуулах,Хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх,Төрийн байгууллагууд гадна болон дотоод орчны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах,Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх, соёл, урлагийн авьяас, чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх,Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
2026/10/17
175
НИЙГЭМ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Цэрэг татлагын товчооны нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, ажлын хэсгийн гишүүд, дүүргийн цэрэг татлагын товчооны удирдлагууд оролцлоо.Нэгдсэн зөвлөгөөнийг нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ү.Ганболд удирдаж, товчооний гишүүдийн санал хүсэлтийг сонсож, харилцан тохиролцох асуудлуудыг шийдвэрлэн, холбогдох газар хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байруудын мэдээллийг хүргэж байна.Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр – 96 дугаар сургууль,Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр – 14 дүгээр сургууль,Сүхбаатар дүүргийны Цэрэг татлагын байр – 3 дугаар сургууль,Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр – 83 дугаар сургууль,Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр – 23 дугаар сургууль,Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр – 34 дүгээр сургууль,Налайх дүүргийн Цэрэг татлагын байр - “Эрдмийн оргил” сургуульБагануур дүүргийн Цэрэг татлагын байр - Хүний хөгжлийн ордонБагахангай дүүргийн Цэрэг татлагын байр - 91 дүгээр сургуульд тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс:-Иргэний үнэмлэх-Цэргийн үүрэгтний үнэмлэх-Цээж зураг-Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирнэ.
2026/10/15
277
НИЙГЭМ
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт
Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж буй Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2300 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Зорчигчдыг тус чиглэлд 11 минутын хугацаанд хүргэнэ.Дүүжин замын тээврийн төслийн туршилтын ажил үргэлжилж байна.Туршилтын эхний шатанд системийн үндсэн ган татлагыг ачаалалгүйгээр эргүүлэн ажиллуулж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгасан. Үүний дараа таван кабиныг хоосон горимоор ажиллуулан туршиж, дараагийн шатанд нэг бүр нь 750 кг жинтэй таван кабинаар ачааллын туршилтыг хийж байна.Энэхүү туршилт амжилттай дууссаны дараа нийт 98 кабиныг хоосон болон 750 кг-ын ачаалалтайгаар системийн хэмжээнд бүрэн ажиллуулж, ашиглалтын найдвартай байдал, аюулгүй ажиллагааг баталгаажуулах иж бүрэн туршилтыг зохион байгуулна.Үүний дараагаар олон улсын хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага болох “Bureau Veritas” техникийн аудит хийж, холбогдох дүгнэлт гарсны үндсэн дээр Улсын комисс хүлээн авах ажиллагааг зохион байгуулах юм.НТУГ-аас дүүжин тээврийн төсөлтэй холбоотой иргэдээс ирж буй асуултад дараах хариултыг өгчээ.Ган татлага нь тасрах уу?Ган татлага нь сүлжмэл томоостой бөгөөд нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утаснаас бүрдсэн. Энэхүү татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй. Татлага нь механик үзүүлэлт, бат бэх чанар, зүсэлтийн тэсвэрлэлтийн үзүүлэлтээрээ мөрдөгдөж буй техникийн нөхцөл, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан. Өвлийн улиралд тросс хөлдөж, мөстөх үү?Тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр зузаан мөс тогтох боломжгүй. Буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Тросс хөлдөж, гэнэтийн осол үүсэхээс сэргийлж, техникийн болон ашиглалтын зохицуулалтаар бүрэн хянана. Дүүжин замын тээвэр нь хүйтэн уур амьсгалтай хотуудад аюулгүй, найдвартай ажиллагааг хангахаар зохион бүтээгдсэн, орчин үеийн нийтийн тээврийн шийдэл юм.Эрс тэс уур амьсгалтай оронд зохицох уу?Францын Пома групп нь Францын Альпийн нурууны цанын баазууд буюу өндөр уулын цас, мөс, хүчтэй салхи зэрэг эрс тэс нөхцөлд ажиллах зориулалттай технологийн шийдлүүдийг хөгжүүлсэн. Мөн хүйтэн, цастай уулын бүсээс гадна халуун, чийглэг болон далайн эргийн орчинд төслүүдээ хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, Австри, Швейцар, Франц, Канад, Япон зэрэг орны уулын бүсийн хотуудад өвлийн хатуу уур амьсгалтай нөхцөлд ч дүүжин замын тээвэр найдвартай ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь цас, мөсний нөлөөллийг багасгах тусгай ажиллагааны горим, байнгын хяналтын системтэй. Түүнчлэн дүүжин замын тээвэрт цагийн хяналт хийдэг мэдрэгч, хяналтын систем суурилуулдаг. Хэрэв мөстөлт үүсэх эрсдэл илэрвэл хурд тохируулах, системийг богино хугацаанд зогсоож шалгалт хийх, цас мөс цэвэрлэх зэрэг ажиллагааг аюулгүй байдлын зааврын дагуу хэрэгжүүлэх юм.Хэрвээ эрчим хүчний тасалдал үүсвэл зорчигчдыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?Дүүжин замын тээвэр нь үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай байна. Уг нөөц генератор нь 400 кВт хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай. Энэ бол олон улсын аюулгүй байдлын стандарт бөгөөд үүнийг дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бүх оронд мөрддөг. Нөөц генераторыг Франц улсаас тээвэрлэн, агуулахад байрлуулаад байна.Дүүжин тээврийн кабин зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг хэрхэн хангасан бэ?Дүүжин тээврийн кабин нь 10 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нэг кабины даац 750 кг байна. Зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс хоёр талын буудалд даац мэдрэгч болон суудлын халаалтын систем суурилуулжээ. Кабины зөвшөөрөгдөх даац хэтэрсэн тохиолдолд систем автоматаар зогсож, аюулгүй ажиллагааг хангах зориулалттай. Мөн унадаг дугуй болон тэргэнцрийг бэхлэх тусгай тоноглолтой тул иргэд хүртээмжтэй, тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж буй. Кабин салхины ачаалалд тэсвэртэй, аюулгүй ажиллагааны хяналтын системээр тоноглогдсон. Дүүжин тээврийн систем нь 70 км/ц хүртэлх салхины хурдны нөхцөлд ажиллах зориулалттай.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2026/10/15
231
НИЙГЭМ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзав. Эх орныхоо өмнөд хилийг манаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, шашин, соёл, урлаг, түүхийн хосгүй өвийг уламжлан хөгжүүлэгч говь нутгийн иргэдтэй дахин уулзаж байгаадаа Ерөнхийлөгч баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.     Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсон зэрэгт Дорноговь аймаг, сумдын төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэв.   Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, бодлогын ажлууд орон нутагт үр дүнгээ өгч, иргэдийн амьдралын чанар, эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байгааг Замын-Үүд сумын удирдлагууд хэллээ. Сумын хөгжил нь боомтын шинэчлэл, тээвэр логистикийн дэд бүтэц, эрчим хүчний хангамжтай салшгүй холбоотойг тодотгов. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Замын-Үүд боомтын автозамын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтын дэд бүтцийг шинэчлэх, тээвэр логистикийн төв байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чиглэлээр гаргасан шийдвэрүүд сумын өнөөгийн болон цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, Замын-Үүд боомтын шинэчлэл, импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой “Бүс нутгийн логистикийн төв”-ийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр орон нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал дэмжлэг болж байгааг хэлэв. Мөн сэргээгдэх эрчим хүчний “Наран тээг”, “Эрдэнэнар” төсөл нь эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилттой уялдаж байгаа тухай танилцууллаа. Замын-Үүд сум “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн ангидаа түшиглэн, говийн хуурай, эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвартай мод, бут, сөөг тарьж, усны нөөцөө хамгаалахын тулд саарал усыг ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж эхэлжээ. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд чанар, аюулгүй байдлыг хангахуйц, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлсэн талх, нарийн боов, хүнсний үйлдвэрлэлийн “Нутгийн үйлдвэр” төсөл хэрэгжүүлсэн байна. “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд цусны даралт ихсэлтийн эсрэг аян, сагсан бөмбөгийн “Замын-Үүд лиг”, “Замын-Үүд марафон” зэргийг зохион байгуулж,  хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх дадал хэвшүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарчээ. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт сумын 6 хүүхэд хамрагдаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр төрийн албан хаагчидтай уулзан, амжилт хүсэж, иргэдэд түргэн шуурхай, шударга, ил тод үйлчилж байхыг захив.  Сумын удирдлага төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлж, иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээг хүргэхийг зорьж байгааг хэллээ. 
2026/10/15
205
НИЙГЭМ
'Сэлбэ ухаалаг хот' төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот” орон сууцжуулах төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна. Уулзалтаар төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэгч байгууллагуудад тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд чиглэл өглөө. Сэлбэ ухаалаг хот төслийн гүйцэтгэгчдэд бараа материалын татан авалт, үнийн өсөлт, ажиллах хүчний хүрэлцээтэй холбоотой хүндрэлүүд тулгамдаж байгааг хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот төслийн зорилго маш зөв бөгөөд хүлээлт өндөртэй байгаа төсөл. Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд газар чөлөөлж, дахин төлөвлөлт явуулах шаардлагатай. Ингэж байж Улаанбаатар хотод тулгамддаг агаарын бохирдлын асуудлыг шийднэ. Гэхдээ бид үр ашгийг тооцох хэрэгтэй. Төслийн санхүүгийн модель дээр асуудал бий. Үүнийг бид баг хамт олноороо шийднэ. 2027 оны дөрөвдүгээр сард төслийн эхний блокууд ашиглалтад орох бөгөөд нийгмийн байгууламжууд 2028 онд орсноор цогц болно. Нийслэлийн зүгээс Сэлбэ ухаалаг хотод их багтаамжийн тээврийн хэрэгслийг төлөвлөж байна. Сэлбэ төслийг амжилттай болгоход туслан гүйцэтгэгчдийн үүрэг их. Гүйцэтгэгчид хариуцсан ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг хүсье. Нийслэлээс мөн бүх түвшинд нээлттэй хамтран ажиллана” гэлээ.
2026/10/09
251
НИЙГЭМ
'Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь' сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт цогц сургалт, зөвлөгөөнийг аравдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Эхний өдөр “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”, “Үндэсний аюулгүй байдлын орчин үеийн ойлголт, гадаад эрсдэл”, “Худал мэдээллийн хор уршиг, когнитив дайн” зэрэг сэдвээр илтгэл сонслоо.Өнөөдөр “Монгол Улсын нэгдсэн гадаад бодлого”, “Олон улсын гэрээ, эрх зүй”, “Дипломат ёслол” сэдвээр мэдээлэл өглөө. Зөвлөгөөнд нийслэл, дүүргийн харьяа байгууллагуудын удирдах албан тушаалтан болон гадаад харилцааны асуудал хариуцсан албан хаагчид оролцов. Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, байгууллага хоорондын гэрээ, улс хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэг цогц мэдлэг, мэдээллийг өгсөн ихээхэн ач холбогдолтой зөвлөгөөн болсныг оролцогчид дүгнэлээ.Монгол Улсын нэгдсэн гадаад бодлого нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, бусад улс оронтой найрсаг харилцаа хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны аюулгүй байдлыг хангах, эдийн засаг, худалдаа, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг олон тулгуурт бодлогоор өргөжин тэлж байгааг Элчин сайд Д.Ганболд онцолсон юм. Олон улсын гэрээ байгуулах журам, гэрээнд тавигдах үндсэн шаардлага, гэрээний төслийн хяналт, хугацаа, бүрдүүлэх баримт бичгийн талаар Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын мэргэжилтэн Т.Мөнгөнзул мэдээлэл өгөв. Сургалт, зөвлөгөөний төгсгөлд дипломат ёслолын тухай ойлголт, хамрах хүрээ, нийтлэг төрөл, уулзалт, хэлэлцээ, харилцааны соёл, хувцаслалт, ёслолын арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар илтгэл хэлэлцүүллээ.
2026/10/09
243
НИЙГЭМ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж байна.Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг Монгол Улсын баатар Л.Аюушийн нэрэмжит талбайд хүрэлцэн ирэхэд Өвөрхангай цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.Ерөнхийлөгч, монгол түмний төрт ёсны ариун гал голомт, хангай, хээр, говь хосолсон Өвөрхангай аймгийн иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцуулав.Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, уул уурхайн бус экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болж, 745 мянган тн үр тариа, ургац хураан авсанд Өвөрхангай аймгийн төр, захиргааны байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, иргэдийн хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ.Гадаад харилцаа өргөжин, 21 улсын төрийн тэргүүн айлчилж, улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн жилүүд болж байгааг онцлов.“Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг болсон.Өвөрхангай аймгийн 51 аж ахуйн нэгж 5 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, хүчин чадлаа сайжруулан, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, олон арван ажлын байр бий болгожээ.Аймгийн боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 2022 онд 25 тэрбум төгрөг байсан бол 2025 онд 28 тэрбум төгрөг давсан байна.“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд манай улсын самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 330 сая ам.долларт хүрсэн.Өвөрхангай аймгийн ноос, арьс, шир боловсруулах үйлдвэрүүд сүүлийн 4 жилд 9 мянган тн ноос, 500 тн ноолуур угааж, 600 мянган богийн арьс, 62 мянган үхрийн шир боловсруулан дотоод, гадаадын зах зээлд нийлүүлжээ.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 4 сая гаруй мод тарьж, ургуулан, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн бөгөөд Мод үржүүлгийн 22 газар 7 сая тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай болсон байна.Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хувийн хэвшил, байгаль орчин зэрэг салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлагууд хэллээ. Мөн эв нэгдлийг эрхэмлэх, төрт ёс, соёл, өв уламжлал, зан заншлаа дээдлэх бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж байдгаа илэрхийлэв.“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Өвөрхангай аймгийнх юм.Тэдний нэг болох Э.Мөнхжаргал Польш Улсад суралцаж төгсөөд, одоо аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна.Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.XX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан зуун байх ёстой гэж үздэгээ онцлов. Иймээс эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болоход хүн бүрийн оролцоо, хувь нэмэр нэн чухал байгааг тэмдэглэлээ.Тэрбээр аймгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд амжилт хүсэн, бүх шатанд сахилга, хариуцлагатай, ёс зүйтэй байж, ололт, амжилтаа бататган, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриалав.
2026/10/09
228
НИЙГЭМ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх  ажлын хэсгийн анхны хурал /2026.10.08/ болов.Ерөнхий сайд  Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирт өгч, ажлын хэсгийг ахлуулж ажиллуулахаар болов. Ажлын хэсэг сар бүр тогтмол хуралдаж, тулгарч буй асуудлаа урт, дунд, богино хугацаанд эрэмбэлэн, шуурхай шийдвэрлэж ажиллана.  Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хяналтдаа авч, бүтээн байгуулалтын талбайд энэ оны наймдугаар сарын 10-нд  ажиллаж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхээр болсон. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах чиглэлээр хөгжлийн төлөвлөгөө гаргаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлсэн.  Ажилтны хотхон байгуулах, “Ширээт” дэд станцын өргөтгөлийг үйлдвэрийн Дулааны цахилгаан станцтай холбох, үйлдвэрт эхний хоёр жил гадаадаас инженерийн баг авчирч ажиллуулах зэрэг арга хэмжээнд ахиц гарч байгааг хэлээд үйлдвэр ашиглалтад орсны дараах бүтээгдэхүүний түгээлт, тээвэрлэлт, логистикийн асуудлыг эртнээс шийдвэрлэх шаардлага байгааг хэллээ. Бензин шатахууны хомсдол үнийн өсөлтөд нөлөөлж байна. Хараат байдлыг бууруулахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг хурдтай урагшлуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод,  хуулийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн парк болгох асуудлыг 14 хоногийн дотор Засгийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхээр 15 байршилд газрын тосны хайгуул эхлүүлсэн.  Эдгээр байршлыг Дотоодын цэргийн хамгаалалтад авна гэлээ. Мөн Газрын тосны үйлдвэрт ажиллах дотоодын нарийн мэргэжлийн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, суралцагчдыг Боловсролын зээлийн санд хамруулж, дэмжихийг Боловсрол болон Гэр бүл, хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад тус тус үүрэг болгов. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалж 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-аар батлуулж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн.  Үйлдвэрийг түүхий эдээр хангах, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд 2026 оны долоодугаар сард Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Бүтээн байгуулалт эрчимжүүлэх хүрээнд зарим татвар, төлбөрөөс чөлөөлж, үйлдвэрлэл, технологийн паркийн статустай болгохоор шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрийн үр дүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц өнөөдөр 60 орчим хувьтай үргэлжилж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын түлш шатахууны хэрэглээний 50-55 хувийг хангах юм. Үйлдвэрт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багц байгууламжууд үйлдвэрийн талбайд бууж, угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна.
2026/10/09
236
НИЙГЭМ
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн зэрэг төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Б.Пүрэвдагва “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Энэхүү хамтын ажиллагааг хот, орон нутгийн түвшинд өргөжүүлэн бэхжүүлэх нь хоёр орны иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг улам нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Манай есөн дүүргээс аялал жуулчлал, үйлдвэрлэл төвлөрсөн Налайх дүүрэг БНСУ-ын Хвасон хоттой хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх өргөн боломжтой юм. Улаанбаатар хотын зүгээс Хвасон хоттой харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ хүрээнд 2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр хоёр хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх саналыг хүргүүлсэн. Хоёр хот ухаалаг засаглал, залуучуудын боловсрол, соёлын солилцооны хүрээнд, мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой юм. Түүнчлэн эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн харилцан солилцоог идэвхжүүлэх сонирхолтой байна” гэв. Хвасон хотын Захирагчийн хоёрдугаар орлогч Чо Сон Мүн “Манай Хвасон хотод “Samsung Electronics Co., Ltd”-ийн үндсэн үйлдвэр байдаг. Мөн “Hyundai”, “Kia” автомашины үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл төвлөрсөн хот гэдгээрээ онцлогтой. Маш олон чиглэлийн ЖДҮ-ийг Монголын ЖДҮ-үүдтэйтэй холбох, хамтран ажиллах, хөрөнгө оруулах чиглэлээр хамтрах боломжтой юм” гэлээ.
2026/09/23
284
НИЙГЭМ
'Автомашингүй өдөр-2026' болон 'Night Marathon Ulaanbaatar 2026' олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө
Есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестивалийг зохион байгуулна. Энэ өдрийн нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалтын талаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд, байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өглөө.Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Жил бүрийн есдүгээр сарын 26-нд “Автомашингүй өдөр” болдог. Энэ жил анх удаа тус өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулж байна. Шөнийн гүйлт 17:00-23:00 цагийн хооронд үргэлжилнэ. Дэлхийн олон улс, хотод зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний гол зорилго нь автомашины хэрэглээг бууруулах, иргэдийг явган алхах, дугуй унах, нийтийн тээврээр зорчих зэрэг хөдөлгөөний өөр хэлбэрийг сонгоход уриалах юм. “Шөнийн марафон”-ы хувьд Улаанбаатар хотын шөнийн өнгө төрх, гудамж, талбайд олон мянган иргэн нэгэн зорилгын дор цуглан гүйх нь нийслэлийн иргэдийн оролцоо, эрч хүчийг харуулах онцгой үйл явдал болно. Иргэдэд хүртээмжтэй тээврээр үйлчлэх, ойр орчмын зах, худалдааны төвүүдийг хаахгүй байхаар зохицуулж байгаа” гэв.Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Есдүгээр сарын 26-нд болох хоёр арга хэмжээг иргэд зөвхөн “Автомашингүй өдөр”, “Шөнийн марафон” гэж битгий хараарай. Энэ бол нийслэлд амьдарч байгаа бүх насныханд зориулсан эрүүл мэнд, нийгэм, соёлын цогц арга хэмжээ юм. ДЭМБ-аас өдөрт 10 мянган алхам алхахыг уриалдаг. Энэ өдөр бид гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамт алхах боломж бүрдэнэ. Тухайн өдөр нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд болон эрүүл мэндийн үндэсний төвүүдийн мэргэжилтнүүдээс өөрт хэрэгтэй мэдээлэл, нарийн зөвлөгөөг авах боломжтой” гэлээ.ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Автомашингүй өдөр-2026” арга хэмжээний үеэр 07:00-18:00 цагийн хооронд тодорхой бүсүүдэд машины хөдөлгөөнийг хязгаарлана. Энэ өдөр цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан. “Автомашингүй өдөр”-ийн бүсчлэлд цахилгаан скүтер, мопед, суррон зэрэг цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй. Тус бүсэд оршин суудаг иргэд тээврийн хэрэгслээ өмнөх өдөр нь бүсчлэлээс гаргаж байрлуулахыг зөвлөж байна. “Шөнийн марафон”-ы үеэр цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хуульд заасан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна” гэсэн юм.Portal.mn сайтын гүйцэтгэх захирал А.Цэрэнпунцаг “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг 5, 10, 21 километрийн гурван зайд зохион байгуулна. Үүнээс 21 километрийн зайг амжилттай туулсан оролцогчдод тусгай финишер медаль гардуулна. Зай тус бүрд тохирсон албан ёсны мерчандайз багцуудыг бэлдсэн. Сүхбаатарын талбай-Emart-ын уулзвар, Emart-120 мянгат, Маршалын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын төгсгөл хүртэлх замд хөдөлгөөний хязгаарлалт хийж, оролцогчдоо гүйлгэхээр төлөвлөсөн. “Night Marathon Ulaanbaatar 2026” арга хэмжээ нь спортыг хөгжим, гэрэл зураг, энтертайнмент болон хотын шөнийн орчинтой хослуулсан шинэ төрлийн фестиваль юм. Манай оролцогчид хурдан гүйхээс илүү тухайн мөчөө мэдэрч, аюулгүй, болгоомжтой гүйгээрэй” гэв.НТБГ-ын Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа “Хаагдах гудамж, замуудтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтөд өөрчлөлт орно. Тухайлбал, хэвтээ чиглэлд явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд Их тойруу, Нарны замаар зорчино. Хойноос орж ирж байгаа чиглэлүүд Цагдаагийн гудамж, Баянбүрдийн тойргоор буцаж эргэнэ. Урдаас орж ирж байгаа чиглэлүүд 120 мянгат, Гандийн гудамжаар буцаж эргэхээр төлөвлөсөн. “Шөнийн марафон”-той холбоотойгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн 24 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орно. Харин “Автомашингүй өдөр”-тэй холбоотойгоор 43 чиглэлийн 448 тээврийн хэрэгслийн маршрут, үйлчилгээнд өөрчлөлт орохоор төлөвлөж байна. “Шөнийн марафон” дууссаны дараа иргэд нийтийн тээврийн шөнийн үйлчилгээг ашиглах боломжтой. Таван шар-Офицеруудын ордон, Зунжин-Сүхбаатарын талбай, Сүхбаатарын талбай-Архивын ерөнхий газар гэсэн чиглэлүүдэд шөнийн тээврийн үйлчилгээ 02:00 цаг хүртэл үргэлжилнэ” гэлээ.
2026/09/23
308
НИЙГЭМ
Ажлын байр нэмэгдүүлж, залуусыг орон сууцжуулахад дэмжлэг хэрэгтэйг ахмадууд хэлж, Ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Соёлын төв өргөөнд ахмадуудтай уулзаж /2026.09.22/ Засгийн газраас ахмад настны талаар хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов. Манай улсад 444 мянга гаруй ахмад настан байна. Энэ тоо 2050 онд 2.2 дахин нэмэгдэж 991 мянгыг давна. Ирээдүйд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буурч, эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын зардал өсөхөөр байна. Тиймээс Засгийн газар ахмад настны нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн оролцоог хангах зэрэг зургаан зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл бүхэлдээ иргэдийн орлогыг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд тодотгов. 2026 оны төсвийн тодотголоор үндсэн зургаан чиглэлд анхаарсан. Тухайлбал, 2026 оны төсвийн тодотгол батлагдвал ирэх арван нэгдүгээр сарын 01-нээс ахмадуудад суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Хамгийн бага тэтгэвэр 250 орчим мянган төгрөгөөр нэмэгдэж, нэг сая төгрөг, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.  Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг нэмнэ. Дулаан, цахилгааны үнэ нэмэхгүй. Эрчим хүчний салбарт 200 тэрбум төгрөгийн татаас олгоно. Их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нь шийдвэрлэнэ. Улаанбуудай, төмс, хүнсний ногоо, махны нөөц бүрдүүлж, хангамжийг тогтворжуулна. Харин 2027 оны төсвийн төсөлд 16,000 өрхийг зургаан хувийн ипотекийн зээлд хамруулна. Төрийн банкаар дамжуулан дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ахмад настан, зорилтот бүлгийн зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг 100 хувь хөнгөлнө. 100 сургуулийг цахилгаан тасардаггүй, сэргээгдэх эрчим хүчний системд холбож орчин үеийн “Ногоон сургууль” болгон шинэчилнэ. Мөн бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулахаар төлөвлөсөн. Төсөв дагасан есөн шийдвэр хэрэгжсэнээр өрхийн бодит орлого өснө. 15,000 ажлын байр бий болно гэдгийг Ерөнхий сайд хэллээ.Нийт ахмад настны  57 хувь нь 769,000 төгрөг буюу  хамгийн бага тэтгэвэр авдаг. Улсад 20-40 жил ажиллаад 800 мянган төгрөг хүрэхгүй тэтгэвэртэй. Энэ нь эм тариа, өдөр тутмын хоол хүнсэндээ хүрэлцэхгүй, үр хүүхдийнхээ дэмжлэгээр амьдардаг хэмээн ахмадууд асуудлаа ярилаа. Ажлын байр нэмэгдүүлж, залуусыг орон сууцжуулахад дэмжлэг хэрэгтэй байгааг хэлээд Ерөнхий сайдын есөн шийдвэр, бодлогыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ. 
2026/09/23
272
НИЙГЭМ
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Налайх Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл, томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдалтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэнэ гэв. Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал тус төвийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлаа тайлбарлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хот хөгжихөд нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах хамгийн чухал асуудал. Налайх дүүргийн хувьд засаг захиргааны 8 хороотой, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар бүхий аялал жуулчлалын бүс газар. Налайх Эрүүл мэндийн төвөөр 10 мянга гаруй өрхийн 390 орчим мянган иргэн, мөн Тэрэлжид аялж буй гадаад, дотоодын олон жуулчин, аялагч үйлчлүүлдэг хотын нүүр царай болохуйц эмнэлэг. 100 жилийн түүхтэй энэхүү эмнэлгийн ариутгал, угаалгын хэсгийн засвар шинэчлэлийг хийж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдье. Туулах чадвар сайтай хоёр автомашины асуудлыг төсөвт суулгасан. Дулааны 90 метр шугам сүлжээ солих санхүүжилт, хоёр унтуулгын аппаратыг судал. Дотрын тасгийн шинэчлэл, диализын аппарат гээд өөр бусад асуудалд ч анхааръя. Өвөл эмнэлгийн байгууллагын ачааллыг тэнцвэржүүлж, тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгахад хотын дарга, Эрүүл мэндийн сайд анхаарч ажиллаж байна” гэв.Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудыг харилцаа, хандлагаа сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлье гэж уриаллаа.Налайх Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аяны хүрээнд 9800 вакцин хийнэ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг вакцинд шуурхай хамруулж, өнөөдрийн байдлаар 0-6 настай хүүхдүүдийн хамрагдалт 52 хувь, Налайх дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдалт 50 хувьтай үргэлжилж байна” хэмээв.Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр алслагдсан дүүрэгт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан, төрийн албан хаагчдад ипотекийн зээл олгох, орон сууцны дэмжлэг хүрэлцээгүй байгаа учир энэ тал дээр дэмжлэг үзүүлж, уламжилж өгөхийг хүслээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үргэлжлүүлэн Налайх дүүргийн 2, 5 дугаар хорооны орон сууцнуудын фасад засварын ажилтай танилцаж, засвар шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж, байрнууд дунд хүүхдийн тоглоомын талбай барих асуудлыг шийдвэрлэнэ гэв.Түүнчлэн А0501 Улаанбаатар–Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ. 
2026/09/21
351
НИЙГЭМ
Иргэд Ерөнхий сайдын есөн шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өвөрхангай аймгийн иргэд, худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэрээ танилцуулав.  Худалдаа, бизнес эрхлэгчид иргэдийн худалдан авах чадвар буурч буйг хөндөв. Ерөнхий сайд бичил бизнес эрхлэгчид, дундаж давхаргыг дэмжсэн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Иргэнд 100 хүртэлх сая, компани, аж ахуйн нэгжид 300 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 10 хувийн хүүтэй олгохоор ажиллаж байгааг хэлэв.Ахмад настнуудын төлөөлөл тэтгэврийг 70-аас дээш насныханд нэмэх эсэхийг тодруулж байлаа. 2026 оны улсын төсвийн тодотголоор 11 дүгээр сарын 01-ээс нас харгалзахгүй тэтгэвэр нэмнэ, суурь тэтгэвэр олгосноор хамгийн бага тэтгэвэр 300,000 төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн Ерөнхий сайд хариулав. Ахмадуудын хувьд нэн шаардлагатай даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм үнэгүй олгох гэж буйд талархлаа илэрхийлэв. Чихрийн шижинтэй нэг ахмад настанд сахарын эм тарианд сард 40-50 мянган төгрөг зарцуулдаг тухайгаа хэлж байв.            Мөн залуусыг ипотекийн зээлд хамруулахад анхаарах шаардлагатайг иргэд хөндсөн. Ипотекийн зээлийн хөтөлбөрт 16,000 өрх хамруулна. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ. Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн хэн бүрийг дэмжих нь Засгийн газрын гол бодлого.  Монголчууд 17 жилийн дараа анх удаа Оюу толгойгоос ногдол ашиг авахыг албан ёсоор баталгаажуулсан зэрэг Засгийн газрын бодлого шийдвэрээ Ерөнхий сайд тайлбарлалаа. Улсын төсвийг УИХ хэлэлцэн баталснаар эдгээр ажил бодитой хэрэгжиж, иргэдэд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд тодотгов. УИХ-ын гишүүд иргэдээ бодож улсын төсвийг батлах шаардлагатай гэдгийг Өвөрхангай аймгийн иргэд хэлж байна.
2026/09/21
292