mmnews.mn | 2026-11-02

УЛС ТӨР

УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
Монгол Улсын Их Хурлын чуулганы  (2026.10.16)-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 онд төсвийн тодотголыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.Гадаад, дотоод бас олон хүчин зүйлийн нөлөөгөөр энэ онд бас манай улсын инфляц сүүлийн саруудад огцом өсөж, есдүгээр сарын байдлаар 12.0 хувьд хүрлээ. Энэ эгзэгтэй цаг үед Засгийн газраас өөрсдөө бүсээ чангалж, төсвийнхөө урсгал зардлаас 1.4 их наяд төгрөгийг танаж, харин үүнийг иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, эрчим хүчний бэлтгэлийг хангах, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээнд зарцуулах боломж олгох зохицуулалтыг өргөн барьсныг Улсын Их Хурал өнөөдөр баталлаа. Мөн цаг хугацаандаа багтаан бид баталж чадсаныг хэлье.Онцлох зохицуулалтаас хэлэх юм, өнгөрөгч хаврын чуулганаар бидний баталсан тэтгэврийн багц хуулиудын хэрэгжилтийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр байсан бол энэ оны 11 дүгээр сарын 01-нээс болгон нааш нь татаж, ахмадууддаа суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Нийтдээ 435 мянган ахмадын тэтгэвэр 11 дүгээр сарын 01-нээс эхлээд 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх төсвийн тодотголыг баталлаа.Мөн салбар хоорондын цалингийн зөрүүг арилгаж, 11 дүгээр сарын 01-нээс цалингийн өсөлтийг 50 хувьд хүргэж жигдрүүлэх, нэмэгдүүлэх боллоо.Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг 20.0 хувь, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын ажилчдын цалинг 50.0 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.Дараагийн чухал асуудал бол эрчим хүчний асуудал. Ирэх өвөл хөлдөх үү, зутрах уу, даарах уу, эрчим хүчний дутагдалд орох уу гэдэг асуудал бидэнд тулгарсан. Үүнээс урьдчилан сэргийлж эрчим хүчний найдвартай ажиллагаа, бэлэн байдлыг хангаж өвөл гал алдахгүй, байх, хамгийн гол нь иргэдийн цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байж, эдгээрийг шийдэхэд зориулж 186 тэрбум төгрөг баталсан төсвийн тодотголыг бид хийлээ.Энэ жил үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлж буй бүтээгдэхүүн бол мах, гурил, төмс, хүнсний ногоо байлаа. Эдгээр бүтээгдэхүүний одоо үнийн өсөлтөөс сэргийлэх, стратегийн нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад 140 тэрбум төгрөг хуваарилж, төсвийн тодотголд суулгалаа.Мөн автобензин, дизелийн түлшний Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татвар, Онцгой албан татварыг тэглэлээ. Үүнийг үргэлжлүүлж, үнийг тогтоон барих хамгийн боломжтой арга хэмжээг авлаа.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тэтгэвэр 11 дүгээр сарын 01-нээс одоо 26.0 хувиар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, сард 600 мянган төгрөг болно. Асаргааны тэтгэмжийг 12.0 хувиар нэмэгдүүлж 370 мянган төгрөг болгож байна. Эдгээр нэмэгдэлд давхардсан тоогоор 170 гаруй мянган иргэн хамрагдана. Үүнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан санаачилж, Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун идэвхтэй оролцож батлууллаа. Эдгээр гишүүд маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төлөөлж, Улсын Их Хуралд тэдний дуу хоолойг маш тод илэрхийлж, идэвхтэй ажиллаж байгааг энд онцолж хэлье.Иргэдийнхээ нуруун дээрх ачааг багахан ч болов хөнгөлөх, орлого, амьжиргааг хамгаалах шийдвэрийг та бид хамтдаа цаг алдалгүй гаргалаа. Төсвийн тодотголыг батлахад идэвхийлэн оролцсон ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын дарга Н.Наранбаатар болон ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын нийт гишүүд, Тамгын газрын ажилтнууддаа баярлалаа.Улс орны эдийн засаг, нийгмийн өмнө, ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхэд Улсын Их Хурлаас баталсан төсвийн тодотгол тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.Монгол Улсын 2026 оны төсвийг үр дүнтэй, ард иргэддээ өгөөжтэйгөөр хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг сануулж хэлье.Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар
2026/10/17
265
УЛС ТӨР
Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн /2026.20.15/ баталлаа. Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан Ерөнхий сайдын мэдэгдлийг хүргэж байна.“Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталлаа. Төр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танасан тодотгол боллоо. Хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа. Төсөв бол Таны татварын мөнгө. Төсөв бол улс орон, айл өрхүүдийн амьдрал ахуй. Тийм ч учраас Та бүхэндээ 2026 оны улсын төсвийн тодотголын онцлох шийдвэр, үр дүнг танилцуулъя.  1.    435 мянган ахмад настан. Суурь тэтгэвэр-196.3 тэрбум төгрөг435 мянган ахмад настан арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ. Энэ бол анх удаа ахмад настны амьдралын баталгаа болгон нэвтрүүлж буй шинэ төрлийн тэтгэвэр. Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэл, хэрэгжилт юм. Тэтгэвэр авагч бүрд сар бүхэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнуудаа үнийн өсөлтийн өмнө орхих учиргүй. Өнөөдөр 10 ахмад настны долоо нь 769 000 буюу доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Илүү олон жил төлсөн, илүү шимтгэл төлсөн мөртлөө бага тэтгэвэр авч буйг өөрчлөхийн төлөөх хүн бүрд шууд мэдрэгдэх бодит алхам юм. Илүү олон жил төлсөн нь илүү авч, хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэх тогтолцооны шинэчлэлийн эхлэл юм. Шинэ оны эхний өдрөөс үнийн өсөлтийг харгалзан, тэтгэврээ ахиад нэмнэ гэдгийг дуулгая.2.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдад 29.7 тэрбум төгрөг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмлээ. Сард 600 мянган төгрөг боллоо. Асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмж, 370 мянган төгрөг болголоо. Давхардсан тоогоор 171.4 мянган хүн хамрагдана. Арваннэг, арванхоёрдугаар сард 29.7тэрбум төгрөг нэмж зарцуулна. Хүнээ бодож, санал санаачилгатай ажилласан УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нарт талархал илэрхийлье.3.    Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд-170.1 тэрбум төгрөг,Багш, ажилтны цалинг санхүүжүүлэхэд-674.5 тэрбум төгрөгБоловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, төрийн үйлчилгээний салбарынхан анхаарлаа хандуулаарай. Өмнө нь өөр хоорондоо ялгаатай нэмэгдсэн цалинг жигд 50 хувь байлгахад 170.1 тэрбум төгрөг төсвийн тодотголоор хуульчлагдан батлагдлаа. Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөг шийдэгдлээ. Нэмэгдсэн цалингаас нь нэмэгдэл хөлсийг тооцох нэгдсэн системд  бүрэн шилжлээ. 4.    Мах, гурил, ногоо, шатахууны нөөцөд-140.9 тэрбум төгрөгУлс орон идшээ хийдэг өдөр тутмын амин чухал хоол хүнс, хэрэгцээгээ нөөцөлж чаддаг байх ёстой. Үнэ нь өсөж ховордох, тасалдаж доголдох үед нь гаргаад хэрэглэдэг үүцтэй, нөөцтэй байх нь өрхийн цалин, тэтгэвэр орлогыг хамгаалахад өндөр ач холбогдолтой. Ирэх онд анх удаа 20 000 тонн мах, 12 000 тонн ногоо, 100 000 тонн улаанбуудай нөөцөлнө. Гурван сарын шатахуунаа хадгалах савтай болно. 5.    Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх болон засвар шинэчлэлд-186.2тэрбум төгрөг Импортын цахилгаан, үйлдвэрлэлийн үнэ тарифын өсөлтийг өрхөд оногдуулахгүй байлгахад 107.3 тэрбум төгрөгийн татаас олгоно. Цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг хуваарилж батлууллаа. Энэ бүхэн бол өвлийн оргил ачааллын үед системийн найдвартай ажиллагааг хангахад зориулагдаж байгааг хэлье.6.    Шатахууны импортын татвар тэглэснийг үргэлжлүүлнэМонгол Улс өнөөдөр шатахуун үйлдвэрлэдэггүй, өрөөл бусдаас 100 хувь хамааралтай боловч боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах нь төрийн үүрэг. Шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварыг тодорхой хугацаанд тэглэлээ. Хилээр нэвтрэх, тээвэрлэх хурд, хадгалах хүчин чадлаа нэмж буйгаа үргэлжлүүлнэ. Шатахууны хомсдол, үүнээс үүдэх үнийн огцом савлагааг хязгаарлах бодлого шийдэл юм. Иргэд ээ,Төрийн өмч бол иргэн Таны өмч. Иргэн Таны амьдралд ашиг тус нь илүү мэдрэгдэж байх ёстой. ТӨК-иудын ногдол ашгаас 1.6 их наяд төгрөгийг төсөвт авч, цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмэх зэргээр иргэндээ зориулж байна. ТӨК-иудын тээвэр шатахуун, тавилга хогшил, машин тэрэг, гадаад дотоод томилолт, зар сурталчилгаа, зөвлөх үйлчилгээ, сургалтын зэрэг  зардлыг хязгаарлалаа. Урсгал болон хөрөнгийн зардлаас  1.4 их наяд төгрөгийн эх үүсвэрийг чөлөөлж байна. Чөлөөлөгдсөн зардлыг өрхийн орлого, нийгмийн хамгаалалд зарцуулах болно. Өмчийн жинхэнэ эзэд нь болсон иргэддээ ТӨК-иудын үр ашгийг өсгөж зориулах нь нэг удаагийн ажил биш. Хувьцааг нь мэргэжлийн удирдлагатай, олон нийтийн хяналттай болгож, үнэ цэнийг нь өсгөх, зөвхөн үр ашиг, өгөөжөөр нь ажлыг нь хэмжих шинэ үе шатанд шилжих эхлэл юм. Төсвийн сахилга бат сайн хяналттын байхын хэрээр үр өгөөж нь иргэндээ хүрч, хүндээ зориулагдана. Төсвийн мөнгө бол дарга, сайд нарын мөнгө биш. Төсөв бол хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн төлсөн татварын мөнгө. Иймд улс, орон нутгийн төсөв, сахилга дэг журмыг нэгэн зарчмаар мөрдүүлнэ. Орон нутгийн урьд оны төсвийн үлдэгдлийг зарцуулах нь улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, улсын төсвийн тусгай шаардлагад нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул улсын төсвийн хүрээнд барьж уялдуулна. Орон нутгийн бие даасан байдлыг хадгалахын хамт төсвийн зарлага хяналтгүй тэлэх боломж олгохгүй. Ард түмний элч төлөөлөгчдийн ёсоор хүнээ бодож, үзэл бодол, байр суурь, ухаан мэдлэгээ уралдуулан 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлье. Төсөв боловсруулах, хэлэлцэхэд хичээн зүтгэсэн төрийн албан хаагчид, хуулиар хүлээсэн үүргээ сахиж ажилласан Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар талархаил илэрхийлье. Бүтээлч санал бодол гаргасан эрдэмтэн судлаач, эдийн засагчид, улс төр биш ажил хийхийг уриалан шаардсан эрх чөлөөний мэдрэмжтэй иргэн бүрд баярлалаа.Төсвөө иргэддээ зориулахын төлөө хамтран ажилласан бүгдэд баярлалаа.Тулсан бэрхшээлийг хамтдаа туулж давъя.Монголын заяа их ээ”.
2026/10/17
279
УЛС ТӨР
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол  /2026.10.14/ 10.05 цагт 60.7 хувийн ирцтэй эхэллээ.Хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг сонсголын дэгийг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын тайланг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав.Хууль зүйн байнгын хорооноос 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг 9 үе шаттай зохион байгуулж, 12 нэр дэвшигчээс нууц санал хураалтаар Ажлын хэсгийн олонхын санал авсан 4 нэр дэвшигчийг тодруулан Хууль зүйн байнгын хороонд өргөн мэдүүлсэн юм.Эхний нэр дэвшигч Г.Эрдэнэбулган Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2009 онд, Дотоод хэргийн их сургуулийг 2024 онд төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, магистр. Хууль зүйн салбарт 17 жил, 2015 оноос Монголын хуульчдын холбооны гишүүн хуульчаар ажиллаж байгаа. Одоо Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргын албыг хашдаг. Ажлын хэсгээс нэр дэвшигч Г.Эрдэнбулган Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд хамгийн олон буюу 8 санал авчээ.Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2030), хүний эрхийг хангах чиглэлээр багц хуулийн төслийг боловсруулж батлуулах, шүүн таслах ажиллагааны нээлттэй, ил тод байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажилд оролцсон байна. Мөн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. ЗГХГ-т ажиллах хугацаандаа бие даан 30 гаруй хууль, 700 гаруй тогтоолын төслийг боловсруулан батлуулах ажлыг гүйцэтгэжээ.Тэрбээр томилогдвол, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгааг бэхжүүлж, шүүгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулж, нэр дэвшигчийн чадварыг бодитой үнэлэх, шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх, шүүхийн захиргааны менежмэнтийг сайжруулах, иргэдийн шүүхэд итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэв.Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Г.Эрдэнэбулганы талаарх тайланг илтгэгч гишүүн Б.Баасандорж танилцуулсан. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй эндээс танилцана уу. (тайланг үзэх)Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, О.Алтангэрэл нар Ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан. Гишүүд Ажлын хэсгийн гишүүдэд дарамт шахалт ирсэн эсэх, ажиллах хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа эсэх, нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ийм өөрчлөлт хийнэ гэдэг эрмэлзлийг үнэлэх шалгуур байдаг эсэхийг тодруулсан.Ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат, сонгон шалгаруулалт явуулахад ямар нэг дарамт байгаагүй, нэр дэвшигчид тавих шалгуур тодорхой, үзүүлэлт бүр дээр илтгэгч гишүүд хянаж шалгасан гэдгийг онцлов.Үргэлжлүүлээд сонсголд оролцогч П.Бадамрагчаа, О.Үлэмж, Х.Батсайхан, Д.Сэргэлэн, Б.Тамир нар нэр дэвшигч Г.Эрдэнэбулганаас асуулт асууж хариулт авлаа. Оролцогчид, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүх, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн ачаалал, дагнасан шүүхийн талаар бодитой ямар ажил хийх вэ, албан тушаалд мерит зарчмаар сонгогдсон эсэх, тухай бүр тусгай шалгалт өгсөн үү, ултөрийн нөлөө бүхий хүнтэй холбоо хамааралтай эсэх зэргийг түлхүү сонирхож байв.Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг нар нэр дэвшигч Г.Эрдэнэбулганаас асуулт асууж хариулт авсан. Гишүүд, нэр дэвшигчийн хууль боловсруулах туршлага Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай хэрхэн уялдах, шүүгчийг авлигаас ангид байлгахын тулд бодитой юу хийх вэ, МУИС-ийн магистрын хөтөлбөрөөс Дотоод хэргийн их сургууль руу шилжсэн шалтгаан, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх, хуулийн төслийн эх бичигчээр ажиллаж байсан эсэх, хашиж буй албан тушаалаас өөр чиг үүргийн хүрээнд ямар нэг дүгнэлт гаргасан эсэх, авлигын индекс, хүний эрхийн хэрэгжилт, хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хангах зэргийг тодруулсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр сонгогдсоны дараа хэн нэг албан тушаалтнаас нөлөөлөх гэж оролдвол итгэл үнэмшилтэйгээр хуулийн хэлбэрэлтгүй зарчмыг баримталж чадах уу гэдгийг асуув. Нэр дэвшигч Г.Эрдэнэбулган, ямар ч үед хуулийг дээдэлж, зарчмаа баримталж хараат бусаар ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.Дараагийн нэр дэвшигч Б.Амартүвшин МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч. “Шинэ эргэлт партнерс” ХХК-д 2023 оноос зөвлөхөөр ажиллаж байгаа.Илтгэгч гишүүн С.Сүхчулуун нэр дэвшигч Б.Амартүвшингийн сонгон шалгаруулалтын талаарх Ажлын хэсгийн тайланг танилцуулсан. Ажлын хэсгээс нэр дэвшигчийг Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд 6 санал авчээ. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй эндээс танилцана уу. (тайланг үзэх)Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй. Харин оролцогч Б.Тамир, Х.Батсайхан, П.Бадамрагчаа, О.Үлэмж нар нэр дэвшигчээс асуулт асууж, төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байхдаа авлигын хэрэгт шалгагдаж хилийн хориг тавигдаж байсан эсэх, өмгөөллийн туршлага, улстөрийн нөлөө бүхий хүнтэй холбоо хамааралтай эсэх зэргийг тодруулсан.Нэр дэвшигч Д.Амартүвшин, хууль хяналтын байгууллагад шалгагдсан тохиолдол байхгүйг мэдэгдээд, өөрийн эрх зүйчээр 20 жил ажилласан мэдлэг туршлагадаа тулгуурлан шүүх эрх мэдлийн хөгжил, шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор нэр дэвшсэн бөгөөд шүүхийн захиргааны үйл ажиллагааг улстөрийн болон бусад нөлөөллөөс ангид байлгах, шүүгчийг шийдвэрлэсэн хэрэг, маргаантай нь холбогдуулан нэр төр, алдар хүндэд нь халдахаас хамгаалах, хүний нөөцийг зөв хуваарилах, төсөв санхүүгийн зохистой зарцуулалт зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг нар шүүх, шүүгч хэнээс хараат бус байх юм, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг яаж сэргээх вэ, төсөв санхүүг хэрхэн зөв зохистой зарцуулахаар төлөвлөж байгаа, тууштай ажиллах эсэх зэргийг тодруулж, тодорхой шийдлүүдтэй байхыг сануулсан.Үдээс хойш Хууль зүйн байнгын хорооны Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсгол үргэлжиллээ.Гурав дахь нэр дэвшигч Ч.Отгонсүрэн Улаанбаатар хотод төрсөн, 2010 онд “Улаанбаатар эрдэм судлал” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрын хөтөлбөрийг төгссөн. 2014 оноос хяналтын прокурор, 2023 оноос өмгөөлөгч, 2024 оноос Монголын төмөр замд Хууль эрх зүйн газрын дарга, 2025 онд Иргэний нисэхийн үндэсний төвд газрын даргаар ажиллаж байсан. Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна.Илтгэгч гишүүн Я.Жавхлан нэр дэвшигчийн талаарх тайланг танилцуулав. Ажлын хэсгээс нэр дэвшигчийг Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд 6 санал авчээ. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй эндээс танилцана уу. (тайланг үзэх)Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, шалгаруулалтыг ямар журмаар явуулсан талаар тодруулж, илтгэгч гишүүн Я.Жавхлан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Ажлын хэсгийн гишүүд судалгаа хийж, мэдээлэл цуглуулж нууц санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн нэрийг өргөн мэдүүлснийг тодотгов.Нэр дэвшигч Ч.Отгонсүрэн, санхүүгийн мэргэжлээр 12 жил тасралтгүй ажилласан туршлагатай, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүй байх хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ илэрхийлэв.Оролцогч Х.Батсайхан, П.Бадамрагчаа, Б.Тамир нар шүүх эрх мэдлийн талаар ойлголт мэдээлэл байгаа эсэх, тулгамдсан асуудлууд юу байна гэдгийг тодруулсан.Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, П.Сайнзориг, Г.Уянгахишиг нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг судалсан уу, 2027 оны төсөвт тусгасан шүүх эрх мэдлийн байгууллагуудын төсөвтэй танилцсан уу, хүний нөөцийн асуудал, төрийн өмчит компаниудад шилжин ажиллахдаа өөрийн хүсэлтээр томилогдсон эсэх талаар асуулт асууж хариулт авлаа.Сонсголын дэгийн дагуу оролцогчид болон Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн.Дараагийн нэр дэвшигч Б.Даваажав Улаанбаатар хотод төрсөн, 2008 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд тус сургуулийг магистраар төгссөн. 2008-2009 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт төлөөлөгчөөр, 2009-2018 онд Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд багшаар ажилласан, 2012 оноос хуульчийн, 2013 оноос өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна.Тэрбээр томилогдвол, хууль зүйн боловсролын салбар, өмгөөллийн үйл ажиллагааны туршлагаа шүүх эрх мэдлийн шинэчлэлд зориулна. Шүүхийн захиргааны цахим шинэчлэлийг эрчимжүүлэх, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, шүүхийн санхүү, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулах, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлж ажиллана гэдгээ илэрхийлэв.Илтгэгч гишүүн Я.Жавхлан нэр дэвшигчийн талаарх тайланг танилцуулав. Ажлын хэсгээс нэр дэвшигчийг Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавигдах шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд 6 санал авчээ. Нэр дэвшигчийн талаарх мэдээлэлтэй эндээс танилцана уу. (тайланг үзэх)Сонсголын дэгийн дагуу Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчид нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авч, үг хэлсэн.Төгсгөлд нь хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш 2 өдрийн дотор хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гарган Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргана гэдгийг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
2026/10/15
300
УЛС ТӨР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.Төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийх төрийн айлчлал Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн түүхт ойн хүрээнд болох юм.Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.  Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
2026/10/15
224
УЛС ТӨР
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгийг олон түмэнд зориулах саналаа танилцууллаа
“Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем  (e-Mongolia)”-ээр авч эхэллээ. Санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учралын ард иргэддээ хандаж, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ерөнхий сайд:Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газар 17 жилийн дуусдаггүй яриаг дуусгаж, Оюутолгойн ногдол ашгаа Монголдоо авч ирэхээр болсон. Ирэх онд монголчууд Оюутолгойн ордоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгаа авна. Оюутолгойн ногдол ашгаа нэг удаа биш жил бүхэн авна. Харин  Монгол Улс мөнгөгүйн зовлон, мөнгөтэйн зовлонд унасаар байж болохгүй. Олсныхоо хэрээр үрдэг өмнөх алдаагаа засаж, өр биш өв үлдээж, ухаалаг зөв ашиглах учиртай. Оюутолгой бол Таны хувь, Таны баялаг. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг. Ийм ч учраас иргэн Та бүгдийн олонхын санал эцсийн дээд шийдвэр байх болно. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах  саналаа Та бүхэндээ дахин танилцуулъя.НэгОюутолгойн ногдол ашигт гурван их наяд төгрөг авна. Үүнээс нэг их наяд төгрөгийг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу иргэн Таны хуримтлалын санд оруулна.  Харин олсныхоо хэрээр үрвэл үнийн өсөлт огцом цойлж, төгрөгийн ханш, айл бүрийн цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадварыг эрс сулруулах аюултай. Иргэн Та өөрийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зориулах эрхээ эдлэх боломжийг бодитой нээх болно.  ХоёрГазрын баялгийн экспортын орлогоо  өвлүүлж хуримтлуулах, өсгөж үржүүлж, үлдэцтэй зөв зарцуулахын оронд үрж зарсаар ирсний үр дагаврыг өнөөдөр монголчууд бид эдэлж байна. Өвөл болохоор хүйтэн болдог гэдгийг бүгдээрээ мэддэг боловч тог, дулааны хомсдолтой, улс, хотоороо гал алдах, хөлдөх өндөр эрсдэл дунд аж төрж байна. Цахилгаан станц барих төсөл бүрийг царцааж гацаасаар олон жилийг үдлээ. Оюутолгойн ногдол ашгаас 300 МВт хүчин чадалтай шинэ VI ДЦС барих, цахилгаан станцуудаа засварлаж шинэчлэхэд 789.7 тэрбум төгрөг зориулах саналтай байна. Ажил нь 50 хувьтай гацсан, 10 аймгийн ДЦС-аа үргэлжлүүлэн гүйцээж, хөдөө орон нутгийн хүн амаа гэрэл, дулааны гачигдлаас гаргах уу? Хагас дутуу барилга, каркааз хэвээрээ үлдвэл бүгдээрээ илүү их хохирч, бүхнийг шинээр эхлэх гэж олон өвлийг ахин алдах болно. ГуравМонгол малын буян, арьс шир жалга шуудуунд хаядаг хог байх ёсгүй. Түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулж, монгол малынхаа ашиг шимийг өсгөх санал дэвшүүлж байна. Таван хошуу мал сүргээ жинхэнэ ёсоор таван эрдэнэ болгоё гэвэл малын эм, вакцины үйлдвэртэй болохоос өөр аргагүй. Малын гоц халдварт өвчин гарах бүрд гадаад улсаас эм, вакцин хайж цаг алдаж, илүү үнэ төлж, илүү хохирч, хотоо харлуулдаг цагийг хамтдаа эцэслэе. Монгол гэрийн буйр газар нутгаа тамгалж яваа цагт нүүдлийн их өв, соёл тасрахгүй. Иймд импортыг орлож, ХАА-н үйлдвэрлэлээ өсгөн  нэмэгдүүлэхэд 82.2 тэрбум төгрөг зориулах саналтай байна.    ДөрөвЭх орны баялгийн өгөөжийг иргэнд хүртээмжтэй хүргэх үндсэн арга замын нэг нь эрдэм боловсрол гэдэгтэй Та санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой хүн болгохын төлөө байдаг бүхнээ зориулдаг нь монгол ээж аавуудын эрхэм нандин чанар. Тийм ч учраас Оюутолгойн ногдол ашгаас хөдөөгийн зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль барина. Монголын хөдөөд дэлхийн иргэд сурч бэлтгэгддэг, эзэмшсэн боловсрол, авсан гэрчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Бүс тус бүрд нэг төрөлжсөн ахлах сургуулийн үүдийг нээнэ. Зургаан бүс тус бүрд 300 ортой 15 дотуур байр барина. Эх орны баялгаас эрдэм боловсролд  257 тэрбум төгрөг зориулъя гэсэн саналтай байна.  Ерөнхий боловсролын 100 сургуулийг эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг, ногоон, уурын зуухгүй сургууль болгоход 315.7 тэрбум төгрөг зарцуулахаар тооцлоо. Тав Экпортын үндсэн орлогыг бүрдүүлдэг, улс орны үүд хаалга болсон боомтуудын хүчин чадлыг өсгөн нэмж чадвал бүс нутаг хөгжинө. Ахмадын тэтгэвэр, эмч, багшийн цалин, сургууль цэцэрлэг, зам, дэд бүтэц болдог татварын орлого нэмэгдэнэ. Арцсуурь, Хавирга, Ханги боомтуудын хүчин чадал, экспортын гарцыг нэмэхэд 170.8 тэрбум төгрөг зориулъя. Экспорт эрч хүчтэй, эдийн засгийн судас эрүүл цохилж байж өсөлтөө хадгалж, өрхдөө хүргэх өгөөж болгож чадна. Эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эзэн болсон эрх чөлөөт Монгол Улсын иргэд ээ,Эрх чөлөөт улс оронд засаг төр бүхнийг зааж, иргэн Таны өмнөөс дур мэдэн шийддэг байх учиргүй. Бид зөвхөн шийдлээ танилцуулна. Хаалттай хаалганы цаана биш ил тод нээлттэй, олонхын саналаар шийддэг байх шинэ соёлыг эхлүүлж байна. Та гар утаснаасаа И-Монголиа, и-засаг цахим талбарт ороод чөлөөтэй саналаа өгөөрэй. Нээлттэй санал асуулга өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн. Энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Энэхүү санал асуулгын үр дүнг УИХ-ын Ажлын хэсэгт уламжилна.  Оюутолгой бол Таны хувь юм.Оюутолгой бол Таны баялаг юм.Монголын баялаг монголчууддаа хүрэх учиртай. Монголын заяа их ээ.
2026/10/15
287
УЛС ТӨР
Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо  /2026.10.08/ 53.1 хувийн ирцтэйгээр 12:21 цагт хуралдаж эхэлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосныг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал танилцуулав.Тус хороо эхлээд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан Инфляцын өсөлт, мөнгөний бодлогын үр нөлөөний талаарх асуулгын хариуг хэлэлцлээ. Гишүүн асуулгаараа нийт найман чиглэлээр тайлбар, мэдээлэл авахаар ирүүлжээ.Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, асуулгын хариуг 58 хуудас бүхий албан тоотоор хүргүүлсэнээ товчлон танилцуулав. (Асуулгын хариуг унших) Тэрбээр, 2026 оны долдугаар сарын байдлаар инфляц 13 хувьд хүрсэн. Үүний 50 хувь нь мах, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний үнэ өсөлттэй холбоотой бол дэлхий нийтийн геополитикийн хурцадмал байдлын нөлөөний улмаас шатахууны үнэ нэмэгдсэн. Төв банк үнийн өсөлтөд нөлөөлж чадахгүй ч үнэ хөөрөгдөхөөс хамгаалж наймдугаар сард бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хувийг огцом чангаруулах арга хэмжээ авсан гэв. Түүнчлэн эдгээр асуудал нь гэнэт үүссэн асуудал бус өнгөрсөн 15 жилийн хугацаанд хуримтлагдсан зүйл гэдгийг тоймлон илтгэлээ. Цаашид инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах зорилт тавьсан. Монголбанкны төсөөллөөр намар махны нийлүүлэлт нэмэгдэж, ургац хураалттай холбоотойгоор хүнсний бүлгийн инфляц саарах төлөвтэй байна. Гэхдээ цалингийн өсөлтөөс үүдэх эрэлтийн дарамт, шатахууны эрсдэл өндөр хэвээр байгаа тул инфляц зорилтот түвшинд буцаж орох хүртэл мөнгөний хатуу бодлого тууштай баримтлахаа илэрхийллээ.Удаан хугацаанд их хатуу мөнгөний бодлоготой явсан учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл учруулсан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар шүүмжилж, тодруулав. Тэрбээр зээлийн хүү өндөр байгаа нь бизнес эрхлэхэд сөргөөр нөлөөлж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, иргэдээ бодсон шийдэл, шийдвэр гаргах талаар хөндөж асуулаа.Монголбанкны Ерөнхийлөгчөөс гишүүдийн асуултад хариулж, үүссэн нөхцөл байдлыг танилцуулахдаа, үрлэн алтыг иргэд Монголбанкаас худалдан авах боломжтой болсон тухай дурдав.УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа нар асуулгын хариутай холбогдуулан асууж, байр суурь илэрхийлсэн.Улс орны бодлого нэгдмэл байх учиртайг, Засгийн газраас иргэдийн орлогыг хамгаалахаар, Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж байгааг уялдуулж, сонсгол хийх саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гаргав. Эдийн засгийн байнгын хороо сонсгол зохион байгуулах эсэхээр хариу өгөхөө тус Байнгын хорооны дарга Б.Заяабал илэрхийллээ.Үргэлжлүүлэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. (Төслийн дэлгэрэнгүйг унших)Төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, 2027 оноос эхлэх тодотголтой Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрт 850 гаруй мянган төгрөг оногдохоор байгааг өөр зүйлд зарцуулахгүй, хасаж танаж болохгүйг, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, хүүхдийн хоолны агууламж, чанарт нөлөөлөхгүйгээр төсөвлөх, УИХ-ын гишүүн П.Батчимэг төсвийн сахилга хариуцлагыг сануулж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар баталсан хуулийг хэрэгжүүлэхгүй байгааг сануулж, асуув.Ирэх оны төсвийг хэлэлцэх үед сайдууд ирээгүй учраас хэлэлцэхийг хойшлуулах, салбар бүрт хэмнэлт бус тэлэлт оруулж ирснийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг тодруулж, бусад гишүүнтэй санал нэгдэж байгаагаа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ш.Бямбасүрэн нар төсөвт холбогдох сахилга хариуцлагыг сайжруулах асуудлыг хөндөв.Хүний эрхийн мэдрэмжтэй төсөвлөлтийг төлөвшүүлж, төрийн бүх байгууллага хүний эрхэд суурилсан үйлчилгээг хэрэгжүүлэх учиртай хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал сануулав.Гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, сайд нар хариулсан. Ирэх жил эрчим хүчний салбарт тавьсан татаас нь хүрэлцэхгүй, хэрхэн зөв нөхөх асуудалд анхаарал хандуулж өгөхийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Найдалаа хүссэн.Мөн УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бусад байгууллагыг  урсгал зардал өссөн байгааг, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, төсвийн зарлагаа ганцхан жилийн дотор хэдэн их наядаар нэмж болохгүйг, УИХ-ын гишүүн Г.Очирбат, чөлөөт эдийн засаг хумигдаж буйг сануулж тодруулав.Гишүүд асуулт асууж, Засгийн газрын төлөөлөл хариулж, төсвийн төслийг хэлэлцүүлж дууссаны дараа УИХ-ын гишүүн О.Батнайрамдал аливаа шийдвэрт Үндсэн хуулийн зарчмаа баримтлахыг, УИХ-ын гишүүн Б.Жаргалан ард түмний амьдрал доройтсон байхад Оюутолгойн ногдол ашгийг төсвийн зарцуулалт болгохгүй байхыг, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа дэмжиж үг хэлэв. Ирэх оны төсвийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр шатахууны нөөц, хадгалах агуулах савны талаар холбогдох яамнаас мэдээлэл өглөө.Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Заяабал, О.Батнайрамдал, Л.Энх-Амгалан, Э.Одбаяр, Ж.Золжаргал, Д.Үүрийнтуяа, П.Батчимэг, Ж.Ганбаатар, Ш.Бямбасүрэн, М.Энхцэцэг, Ч.Анар, Г.Лувсанжамц, Р.Батболд, Л.Соронзонболд, Г.Очирбат, Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан, С.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж, оролцлоо гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
2026/10/09
256
УЛС ТӨР
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс \2026.10.09\ хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав. ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусынтус тус хоёр тохиолдол илэрсэн.  Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв. Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.  Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд  шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ.  Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв. 
2026/10/09
279
УЛС ТӨР
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголд оролцохыг урьж байна
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолоор ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Байнгын хороо болон Ажлын хэсгээс холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтыг есөн үе шаттай явууллаа.Тус Ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр Г.Эрдэнэбулган (тайланг үзэх), Б.Амартүвшин (тайланг үзэх), Ч.Отгонсүрэн (тайланг үзэх), Б.Даваажав (тайланг үзэх) нарыг тодруулаад байна. Эдгээр нэр дэвшигчтэй 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр томилгооны сонсгол зохион байгуулах тул оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл Та бүхэн бүртгүүлнэ үү. Бүртгэлийг цахимаар болон шуудангаар явуулах боломжтой. Томилгооны сонсголд оролцогчдын бүртгэлийн хуудсыг бөглөж [email protected] цахим хаягаар илгээнэ.Нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бичгээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албанд шуудангаар эсхүл дээрх цахим шуудангаар 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбоо барих утас: 51-262727ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2026/09/23
327
УЛС ТӨР
Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик-т /2026.09.22/ бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав. Ерөнхий сайд Н.Учрал, Австрали Улс ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй манай чухал гуравдагч хөрш, Номхон далайн бүс нутаг дахь ойр дотно түншүүдийн нэг юм. Уул уурхай, эрдэс баялгийн салбар нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бодит үр дүнтэй чиглэлүүдийн нэг. Үүний гол илэрхийлэл нь “Оюутолгой” төсөл. Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээгээр төслийн зардлыг бууруулах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрээд байгааг онцлов. Цаашид төслөөс Монгол Улсад үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлтийн оролцоог өргөжүүлэх, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг илүү тэнцвэртэй, төрөлжсөн, харилцан ашигтай болгох, ялангуяа Монгол Улсаас Австрали Улсад нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр цогц шинэчлэл хэрэгжүүлж байна. Тухайлбал, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг Засгийн газрын бодлогын түвшинд үргэлжлүүлж, хүнд суртлыг бууруулах, төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хөрөнгө оруулалт, инновацыг дэмжихэд анхаарч ажиллаж байгааг тодотголоо. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Австрали Улстай хамтарч, хөрөнгө оруулалт, технологи, стандарт, магадлан итгэмжлэл, мэргэжилтэн бэлтгэх туршлагыг татан оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, дээврийн нарны цахилгаан үүсгүүрийн суурилуулалт, ашиглалтын аюулгүй байдал, чанарын баталгааг хангах чиглэлээр Австралийн “PV” суурилуулагч, зураг төсөл боловсруулагчдыг магадлан итгэмжлэх тогтолцооны туршлагыг судалж, мэргэжилтэн бэлтгэх, гэрчилгээжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв.  2025 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 66.8 сая ам.долларт хүрсэн. Монгол Улсын 28 мянга орчим иргэн Австралид амьдарч байна. Ерөнхий сайд Австрали Улсад суралцах монгол оюутнуудын визийн нөхцөл, төгсөлтийн дараах ажиллах боломжийг илүү таатай болгох асуудалд онцгой анхаарч өгөхийг хүслээ. Талууд хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх ажлыг урагшлуулж, дээд түвшний харилцан айлчлалын үеэр ярьж тохирсон асуудлыг бодит үр дүнд хүргэхийг зорьж байна. 
2026/09/23
325
УЛС ТӨР
Г.Тэмүүлэнг Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар /2026.09.22/ томилж, батламжиллаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг төлөвшүүлэх, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал.Үүний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан, ил тод, хариуцлагатай болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох, иргэдэд үзүүлэх хууль зүйн болон төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох нь тэргүүлэх зорилт болж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг эдгээр бодлого, зорилтыг хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудад бодит шийдэл гаргах чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү хариуцлагатай албан тушаалд томилж буйгаа Ерөнхий сайд Н.Учрал хэллээ. Мөн Засгийн газрын бүх гишүүдэд хандан “Төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, танхимын зарчмаар хамтран ажиллах зарчмыг хатуу шаардаж ажиллана” гэдгээ илэрхийлэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудлыг танилцуулж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлсэн.Ерөнхий сайд: “Улсын Их Хурлын гишүүд ээ,Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульд заасан Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байна. Энэхүү асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр урьдчилан танилцуулахаар хүргүүлсэн болно.Сайнбуянгийн Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Улсын Их Хуралд үүгээр танилцуулж байна.Хууль зүй, дотоод хэргийн салбарын хэвийн үйл ажиллагаа, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг, төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн нөхцөл байдлыг таслан зогсоох шаардлагад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргалаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдохоор нэр дэвшигч Ганзоригийн Тэмүүлэнгийн дэлгэрэнгүй намтрыг Улсын Их Хуралд 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Ганзоригийн Тэмүүлэн олон улсын харилцааны мэргэжилтэй, улсад 20 жил ажилласан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй, салбарын бодлогыг удирдан чиглүүлэх чадавхтай боловсон хүчин юм.Эрхэм гишүүд ээ,Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол Улсын дотоод аюулгүй байдал, хүний эрх, хууль дээдлэх зарчим, төрийн иргэдтэй харилцах итгэлцэл, шударга ёсны баталгаа болсон онцгой салбар.Засгийн газар эдийн засгийн сорилтыг туулж, төсвийн сахилга бат, төрийн хэмнэлт, иргэдийн ахуй амьжиргааг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль зүйн салбарт бодлогын шинэчлэл хийж, бодитой үр дүн гаргах нь нэн чухал зорилт болоод байна. Монгол Улсын Их Хурал 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй зарим зөрчил нь тухайн нэг тохиолдлын алдаа бус, системийн шинжтэй доголдол болохыг тэмдэглэж, өмгөөлөгчийн оролцоог хангах, цагдан хорих арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэглэх, хяналт-шинжилгээ, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газарт үүрэг болгосон.Иймээс хууль зүйн салбарын шинэ удирдлагын өмнө хууль зүйн салбарт үүссэн асуудлын үнэн зөвийг тогтоолгох, хууль сахиулах байгууллагуудын хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалсан, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тавигдаж байна.Ганзоригийн Тэмүүлэнгийн Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон, төсөв, эдийн засгийн бодлогын асуудлаар олон жил ажилласан туршлага, улс төрийн манлайлал, мэдлэг, ур чадварнь хууль зүйн салбарын шинэчлэлийг төсвийн сахилга бат, төрийн байгууллагын удирдлага, үр ашигтай зарцуулалттай уялдуулан хэрэгжүүлж чадна гэж үзэж байна.Иймд шинээр томилогдох сайд салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, байгууллагын дотоод хяналт, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.Эрхэм гишүүд ээ,Ганзоригийн Тэмүүлэнг Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болон тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгийг нь харгалзан энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд итгэл хүлээлгэн танилцуулж байна.Сайдын алба бол ард иргэдийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага юм. Иймд Ерөнхий сайд миний бие Засгийн газрын бүх гишүүнд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, хүний эрхийг дээдлэн сахиж, Танхимын зарчмаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллахыг хатуу шаардаж ажиллах болно” гэлээ.
2026/09/23
634
УЛС ТӨР
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ. 
2026/09/21
336
УЛС ТӨР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор эх орноосоо мордлоо.Энэ жилийн чуулган болон Ерөнхий санал шүүмжлэлийг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулах юм.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна.Ерөнхийлөгч мөн 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чикаго хотноо АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзана.НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 133 улсын төр, засгийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа юм.Манай улс 65 жилийн өмнө буюу 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай олон чиглэлээр, түүний дотор бүс нутаг, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох зэргээр идэвхтэй хамтран ажилладаг.НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна.Өнгөрсөн жил НҮБ 80 жилийн ойгоо тохиолдуулан Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, Ерөнхий санал шүүмжлэлийг “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил, дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” сэдвээр зохион байгуулжээ.
2026/09/21
283
УЛС ТӨР
Ерөнхий хяналтын сонсголын зар
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Оролцох хүсэлтийг [email protected] цахим шуудангаар ирүүлж болох бөгөөд эсвэл https://forms.gle/4c1Yfhz1G9fiSmpg7 линкээр илгээнэ. Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно. Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:  Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/Цахим шуудангийн хаяг: [email protected]Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
2026/09/18
295
УЛС ТӨР
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн. Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө. Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай гэж Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанд мэдэгдлээ.
2026/09/17
301
УЛС ТӨР
Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр Засгийн газрын баримталж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, хөрөнгө оруулагчдын саналыг сонслоо.Ерөнхий сайд “Гэнэтийн сюрприз барьдаггүй, тогтвортой, тодорхой эрх зүйн орчин бүрдэж байна. Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийг хамгаалах олон хууль батлуулж, өөрчлүүллээ. Эдийн засгийн эрх чөлөөний, Хөрөнгө оруулалтын, Зөвшөөрлийн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу эрдэс баялгийн салбарт анхны Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-аар хэлэлцүүлж байна. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавих Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийгболовсруулж байна. Эрх зүй орчин шинэчлэгдэж буй нь олон жил ярьсан, гацсан төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөрс суурь, дохио дуудлага болж байна. Одоо бид хуулийн хэрэгжилтдээ онцгой анхаарна. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилнө” хэмээв.Мөн хөрөнгө оруулагчид хууль ёсны зөвшөөрлөө төрөөс авсан ч орон нутагт олон саад бэрхшээлтэй тулгарч, татвар хураамж, ажлын байр, авах цалин, ашиг орлого нь алдагддаг байдлыг өөрчилнө. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол зөвхөн олборлолт биш харилцан итгэлцэл юм. Тиймээс төр, иргэд, орон нутаг, бизнесийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд “Хариуцлагатай эрэл хайгуул, олборлолтын үндэсний зөвлөл” байгуулахаар болсон. Энэ хүрээнд 21 аймагт гурван талт зөвлөл ажиллана. Хувийн хэвшил хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.“MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд Австрали, БНСУ, ХБНГУ, БНХАУ зэрэг 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, хөрөнгө оруулагч, зочин төлөөлөгч оролцож байна.  Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь, 10 долларын долоо нь уул уурхайн салбарт ногдож байна. 
2026/09/17
268