УЛС ТӨР
УЛС ТӨР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн ирлээ.Ерөнхийлөгчийг Варшав хотын “Фредерик Шопен” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Войцех Коларски нар угтаж авлаа.Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм.Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, хоёр улсын Худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна.Манай улсаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски, 2023 онд Ерөнхийлөгч А.Дуда айлчилсан юм.
2025/03/13
394
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хангайн бүсэд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжид тулгуурлан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, П.Мөнхтулга, Г.Хосбаяр нарын хамт өнөөдөр (2025.03.12) Архангай аймагт ажиллалаа.Энэ үеэр аймгийн төвийн онцлох бүтээн байгуулалтын нэг болох 1000 хүний суудал бүхий спорт цогцолбор үүдээ нээж, аймгийн удирдлагуудын хамт иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзсан юм. УИХ-ын дарга уулзалтын эхэнд бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн тулд материаллаг баазаар хангах, ялангуяа залуу үеийнхэнд бие бялдар, гоо зүйн боловсролыг төлөвшүүлэх, хүний хөгжлийг олон талт хэлбэрээр дэмжих нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тэмдэглэв.Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Архангай аймгийн иргэдэд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлээс танилцуулан, энэ хаврын чуулганаар хэлэлцэх зарим хууль, тогтоомжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн парламентад нийт таван нам, эвслийн төлөөлөл багтсан нь хяналт, тэнцлийн зарчим хангагдах суурь нөхцөл болсон төдийгүй анх удаа сонгогдсон 81 гишүүн байгаа нь өөрчлөлт, шинэчлэлийг эхлүүлэх үндэс мөн гэдгийг тодотголоо.Тэрбээр, төлөөллийн чадамжаа нэмэгдүүлж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиар Ази тивдээ тэргүүлсэн энэ удаагийн парламентаас иргэнд ээлтэй, хүн төвтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж буй талаар дурдав. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, нийгмийн харилцааг зохицуулж буй хуулиуд үзэл баримтлалын хувьд өнөө цаг үеэсээ хоцрогдсон байгаагаас гадна иргэний эрхийг хамгаалахад бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэж, хүн төвтэй биш төр төвтэй байгааг шинэчлэх шаардлагатайг тэмдэглэв. Товчхондоо, хүний эрхийг дээдэлсэн, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчныг цогцлоох нь Гурван төгөлдөршил бодлогын цөм хэмээн онцлов. Энэ хүрээнд аливаа хуулийн төслийг хэлэлцэх шатанд хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж, эцэслэн батлагдах хүртэл тухайн хуулийн хэрэглэгч буюу иргэд, олон нийтийн саналыг тусгаж ажиллана гэв. Түүнчлэн хуулиас давсан аливаа журмуудыг цэгцлэх замаар зохистой харьцааг хадгалснаар хүний эрхийн зөрчил үүсэхээс сэргийлэх урьдач нөхцөл бүрдэнэ хэмээв. Архангай аймгийн эдийн засгийн бүтцийн 57 хувийг хөдөө аж ахуй, 26 хувийг үйлчилгээ, 17 хувийг аж үйлдвэрийн салбар тус тус эзэлж байна. Хангайн бүсийнхний хувьд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг УИХ-ын дарга холбогдох тоон үзүүлэлтүүдэд үндэслэн тайлбарлав.Түүнчлэн аймгийн хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд энэ оны тухайд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн суманд цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулах ажээ. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс орон нутагт үнийн өсөлт нэн тулгамдсан асуудал гэдгийг онцолж, ялангуяа Архангай аймагт орон сууцны үнэ дундаж ханшаас өндөр байгааг уламжилж байлаа. Түүнчлэн олон жил хүлээгдсэн спорт цогцолбор ашиглалтад орсонд талархалтай байгаагаа илэрхийлж, цаашид хүүхэд, залуучуудыг аймаг, улсын чанартай спортын тэмцээн, уралдаануудад тогтмол оролцоход дэмжих, ирээдүйн тамирчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарч өгөхийг хүслээ.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин, нөхцөлөөр хангах, шинээр баригдаж буй барилга, байгууламжууд зураг төслөөсөө эхлээд стандартын дагуу орц, гарц бүхий хэсгүүдийг багтаах, цаашлаад хуулиас давсан журмуудаас үүдэж иргэний эрх зөрчигддөг байдлыг таслан зогсоох зэрэг саналуудыг дэвшүүлсэн юм. Мөн энэ үеэр бүс нутаг дахь малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон "Шинэ хоршоо" хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотой асуулт тавьж, саналаа хэлэв. УИХ-ын дарга, гишүүдийн зүгээс аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, малчдад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. Хуваалцах:
2025/03/12
447
УЛС ТӨР
ХЗБХ: Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2025.03.10) хуралдаж, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг удирдан явууллаа.Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав. Монгол Улсын иргэд олноор зорчиж, амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж буй улс орнуудтай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулахад Засгийн газар анхаара хандуулан ажиллаж байгааг сайд Н.Учрал дурдаад, “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийн агуулгыг товч танилцууллаа. Хэлэлцээрийн төсөлд талуудын хамтран ажиллах хүрээ, тусгай хэлбэрүүд, мэдээлэл солилцох, харилцан зөвлөх, дэмжих, дадлага сургуулилалт, сургалт хийх, шаардлагатай эгээдийг хамгаалах, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгасан байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд талууд өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдэж, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс сэргийлэх чиглэлээр түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болох юм.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их хурлын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Улсын Их хурлын гишүүн Ц.Сандаг-Очир манай улс гадаадын ямар ямар улсуудтай ийм хэлэлцээр байгуулаад байгаа, хэлэлцээр байгуулах санаачилгыг аль талаас ихэвчлэн гаргаж байгааг болон монгол иргэдийн холбогдож буй хэрэг, зөрчлийн талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал харилцан солилцож буй мэдээллийн нууцлал, түүнийг хамгаалахтай холбоотой асуудлыг хөндөв. Улсын Их хурлын гишүүдийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Цагдаагийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг нар хариулт, тайлбар өглөө.Байнгын хорооны хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025/03/10
398
УЛС ТӨР
Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулна
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулга, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд хийн түлшний үнийн урамшуулал олгох журмын төслийн танилцуулгыг хэлэлцлээ.Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг, Нийслэлийн Засаг даргын I орлогч Т.Даваадалай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналыг танилцуулав. Томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд тендер сонгон шалгаруулалтаас эхлээд одоогийн эрх зүйн орчин учир дутагдалтай байгаа бөгөөд эхний ээлжид найман хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулах, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль, Газрын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатайг тодотголоо.Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мега төслүүдийн гэрээний сонгон шалгаруулалтын үе шат, гэрээний нөхцөл болоод тендер зохион байгуулалтын зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, худалдан авалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор нэг тэрбум төгрөг хүртэлх бараа, ажил, үйлчилгээг “Цахим дэлгүүр”-ээс худалдан авах, хүний оролцоог багасгаж, хиймэл оюун нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн бүлэг зохицуулалтыг тусгажээ. Мөн “зураг төсөл” гэх тодорхойлолтыг Барилгын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Эрчим хүчний тухай хууль зэрэгт өөр өөрөөр тусгасан, Төсвийн тухай хуульд “зураг төсөв” гэж заасан нь салбар хоорондын уялдааг хангадаггүй аж. Иймд Барилгын тухай хуулийн 4.1.30 дахь заалтыг өөрчилж, ТЭЗҮ-г урьдчилсан болон нарийвчилсан гэх зэргээр тодотгох хэрэгтэйг танилцуулав.Ерөнхий сайд “Сангийн яам, нийслэл болон холбогдох байгууллагууд зарчмаа нэгтгэсэн байна. Одоо улс төрийн намуудын саналыг тусгах, Улаанбаатар хотын худалдааны танхим хариуцаад хэвийн хэвшлийнхнээр хэлэлцүүлэх хэрэгтэй. Харин улс орны эдийн засагт өндөр ач холбогдол бүхий мега төслүүдийг УИХ-д танилцуулж нээлттэй болгох нь зүйтэй” гэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулж байгуулахаар тогтлоо.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох журмын төслийн талаар штабын гишүүдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Шуурхай штабаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн ногоон бүсчлэлийн хүрээг тогтоож, үнийн урамшуулал олгох тухай НИТХ-ын тогтоол гаргахаар бэлтгээд байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүс нь Баянхошуу, Толгойт, 7 буудал, Амгалан орчмын 100 мянган өрхийг хамарна. Эхний ээлжид 30 мянган өрхийг хамруулна. Ингэхдээ албадахгүй, айл өрхүүдэд сонголт өгнө. Шаардлага хангасан айлууд төхөөрөмжөө суурилуулаад, үнийн хөнгөлөлтөө эдэлнэ. Айл өрхүүдэд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлшийг хэрэглээнээс халсан байх шаардлага тавина” гэв. Ногоон бүсчлэл дэх айл өрхүүдийг бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч бусад эх үүсвэрт үе шаттайгаар холбох аж. Мөн урамшууллын зохицуулалт хийснээр эрчим хүчний хэмнэлт нэмэгдэж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 55,6 хувиас 20.8 хувь болгож бууруулахаар тооцоолжээ. Танилцуулгатай холбогдуулж штабын гишүүд дулаалгын аян өрнүүлэх, дулаалгийн шийдлүүдийн талаар мэдээлэл цуглуулж танилцуулах, айл өрхүүдийг хийн түлшинд холбохтой зэрэгүүцүүлэн хөх нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөн, санал солилцлоо.ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийнхнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Засгийн газрын хуралдаанд бүрд танилцуулж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн холбогдох сайд нарт дэмжлэг үзүүлж ажиллахыг даалгаж, уг хуулийн төслийн өмнө нь дагалдах хуулийн төслөөр УИХ-д өргөн баригдаж буцаагдсан, одоо дахин бие даан өргөн барих тул хариуцлагатай хандаж, хаврын чуулганаар батлуулах хэрэгтэй гэв. Мөн хөх нүүрсний талаар агаарын бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөөлөл, үр дүн, хэрэглээнд нэвтрүүлэх тоолцоолол бүхий дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж штабын дараагийн хуралдаанд танилцуулах чиглэл өглөө.
2025/03/10
384
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.Энэ нь энэ онд тохиож байгаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Польш Улсад 12 жилийн дараа хийх айлчлал юм.Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форум зохион байгуулна.
2025/03/07
337
УЛС ТӨР
Х.Булгантуяа: УИХ зөвхөн хууль баталдаг биш, баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо
Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон онцлох ажлын талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.-Улсын Их Хурлын намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ?-Намрын чуулган ажил хэрэгч болж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд бие даасан 8 хуулийг баталж, 29 хуульд өөрчлөлт оруулж, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон баталлаа. Нийт 52 хууль, 57 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Төсвийн төслийг гурван удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв баталж чадлаа. Иргэдэд 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл хэрхэн яаж ажиллах нь сонин байсан болов уу. Магадгүй шүүмжлэлтэй нүдээр харсан байх.Төсөв батлахаас гадна гацаанд орж, хөдөлгөж чадахгүй байсан олон том мега төслүүдийг урагшлуулах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргаж чадлаа. Өмнө нь улстөржилтөөс болоод зөвшилцөлд хүрч чадахгүй байсан гэж хэлж болно. Хөгжлийн томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлэх чухал үе тохиож байна. Үүгээрээ 126 гишүүнтэй шинэ парламент улс төржилтөөс ангид байхаа харуулж чадлаа. Мэдээж цаг үе нь зөв таарлаа. Ерөнхий сайдын хувьд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэхэд өмнөх Засгийн газрын үед хийсэн яриа хэлэлцээр, бэлтгэл ажлууд сайн хангагдсан байна. Тиймээс УИХ-аар хэлэлцэн батлахад дэмжлэг сайтай байлаа.-УИХ ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэхүү стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар та ажилласан. УИХ-ын 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнөөс хэрхэн ялгарах бол?-Байгууллага бүр тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулдаг. Парламент ч мөн ялгаагүй. 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаас хойш 2019 онд тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. УИХ 2020-2024 онд стратеги төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлсэн. Тэр үед иргэд, олон нийтийн зүгээс парламентын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна, юуг илүү сайжруулах хэрэгцээ шаардлага байна гэдэг дээр судалгаа хийж түүнийгээ үндэслээд D-Parliament цахим платфорыг хөгжүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлтээр парламентын хяналт, шалгалтыг сайжруулж олон сонсголыг амжилттай зохион байгуулсан.Иргэд, олон нийтийн зүгээс социологийн судалгаагаар парламентад итгэх итгэл нэмэгдсэн гэж гарсан. Нөгөө талдаа парламентыг илүү нээлттэй болгож, хууль, эрх зүйн механизмуудыг илүү сайжруулах, УИХ-аас баталсан хуулиуд төрд илүү их эрх мэдэл олгосон, төрийг данхайлгасан, бүтцийг нэмэгдүүлсэн хуулиуд гарч байна гэсэн шүүмжлэл иргэдээс ирэх болсон. Хууль иргэд, олон нийтэд үйлчлэхгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Энэ удаагийн стратеги төлөвлөгөөнд УИХ хүний эрхийг боомилсон, зөрчил үүсгэсэн хуулиудыг хэлэлцэхгүй, батлахгүй байхаар тусгасан. УИХ-ын даргын захирамжаар болон Байнгын хороодоос байгуулагдсан ажлын хэсгүүд үүнд хяналт тавьж ажиллана.Улсын Их Хурал хяналт шалгалт хийх газартай болсон. Зөвхөн хууль батлаад өнгөрдөг биш баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг эрх зүйн орчныг бий болголоо. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хууль тогтоомжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 60 гаруй ажлын хэсэг өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудыг хүний эрхийн хувьд дэвшилтэт болгох чиглэлээр ажиллаж байна.Олон салбарын төлөөлөл болсон гишүүд салбарынхаа хуулиуд дээр түлхүү ажиллаж байна. Зарим нь батлагдсан хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж байна. Жишээ нь Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахлан ажиллаж байна. Мөн УИХ-аар батлагдсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй ажлын хэсгийг М.Мандхай гишүүн ахлан “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрүүдийн үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Улсын Их Хурал зүгээр л хууль батлаад өнгөрөх биш араас нь хяналт тавьж ажиллах төлөвлөгөөг бид боловсруулсан.-Хууль тогтоомж цаг үетэйгээ нийцсэн, хүн төвтэй байхыг чухалчилж байна. Энэ талаар тодруулбал?-Ес дэх удаагийн парламент Стратеги төлөвлөгөө, “Гурван төгөлдөршил”-ийн нэг үндсэн чиглэлийг хүн төвтэй байхад чиглүүлж байна. Улсын Их Хурлаас олон хууль тогтоомж батлагдан гарч байгаа ч зарим талаараа цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна.Банк, санхүү, эдийн засагтай холбоотой хуулиуд гэхэд 1990-ээд онд батлагдсан, зарим зүйл, заалтуудад нэмэлт, өөрчлөлтүүд хийгээд явж байна. Суурь үзэл баримтлалын хувьд 30 гаруй жил болчихсон. Одоо үед тэрхүү үзэл баримтлалаар нийгэм, эдийн засгийг чиглүүлж явахад хэцүү болж. Тиймээс эдгээр хуулиудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Цаг үеэ мэдэрч, хөл нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт шинэчлэлийг хугацаа алдалгүй хийх хэрэгтэй. Хоёр жилийн дараа, таван жилийн дараа ийм асуудал үүсэх нь гэдгийг харж, тооцоолж дэмжих хөшүүргүүдийг хийдэг байх ёстой. Дийлэнх хуулиудад байгууллагын эрх, бүтцийг голчилсон байна. Иргэдийг бухимдуулж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүйгээс маргаан дагуулж байна. Хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хангах талаар зохицуулалт байхгүй. Хуулиас давсан журмууд их байна.УИХ ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдээс боловсруулсан санал дүгнэлт, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
2025/02/25
418
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2025.02.24/ Улаанбаатар хотоос мордлоо.Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар үдэв.Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.
2025/02/24
385
УЛС ТӨР
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 38 суманд ажиллалаа
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар УИХ-ын намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 38 суманд ажиллаж, 19 мянга гаруй иргэнтэй уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ орон нутагт тулгамдсан асуудал, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллав. УИХ-ын даргын уулзсан иргэдийн 5100 гаруй нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид байсан юм. Баруун бүсийн таван аймгийн 500 мянга орчим иргэн Улаанбаатар хотоос 1000-2000 км-ийн цаана амьдарч байна. Тэдэнд зөвхөн зурагт, сонин, цахим хуудсуудаар гарах мэдээллээс гадна тэднийг УИХ-д төлөөлөн ажиллаж буй гишүүд хийсэн ажил, хийхийг зорьж буй бодлого, үйл ажиллагаагаа биечлэн танилцуулах нь чухал. Тиймээс анхны 126 гишүүнтэй парламент ард иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллах зарчмыг баримталж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны намрын чуулганаа дуусмагц ийнхүү баруун бүсэд ажиллалаа. УИХ-ын дарга салбар бүрийн төлөөлөл, таван нам, эвслээс бүрдсэн, олон ургалч үзэл бүхий шинэ парламент ганцхан намрын чуулганаараа 30 жил гацсан 4 мега төслийн чөдрийг тайлж, эдийн засгийн шинэ сэргэлтийг бий болгож буй талаар онцлов. Асуудлыг олон талаас нь хэлэлцэж, улстөржилгүйгээр шийдэх бүрэн боломжтойг энэ парламент харуулж буй нь мега төслүүдээс гадна улсын төсвийг хоёр удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсанаас харж болно.Говь-Алтай аймаг /2025.01.28-02.02/Улсын Их Хурлын дарга нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 02-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Алтай, Цээл, Халиун зэрэг есөн сум, Баянтоорой тосгонд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзав.Тэрбээр энэ үеэр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, парламентын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан. Түүнчлэн 2025 онд тус аймагт 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсаныг онцлохын зэрэгцээ бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгож, Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулах, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн салбар сургуулийн дэргэд 50 ортой эмнэлэг барих, гадаргын усыг хуримтлуулах хөв цөөрмийг 15 суманд байгуулах, улмаар аймгийн төвийн дулааны шугам сүлжээний II хэлхээний бүтээн байгуулалт болон авто замын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх зэрэг төсвийн хөрөнгө оруулалтаар хийх томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулсан.Тодруулбал, Алтай-Улиастай, Алтай-Бургастай боомт чиглэлийн авто замын зураг төслийн ажил эхэлж, ирэх жилүүдэд бүтээн байгуулалт эхлэх гэж буй нь Говь-Алтай аймгийн иргэд Завхан аймгийн Арцсуурь боомт, Алтай сумын Бургастай боомтоор хатуу хучилттай авто замаар холбогдох боломж бүрдэж байна. Ингэснээр тус аймгийн иргэд Улаанбаатар руу 1000 гаруй км, Замын-Үүд рүү 1600 км туулах шаардлагагүй болж, өөрсдийн бүс нутагтаа зах зээлтэй болох юм. Мөн тус аймагт Сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв байгуулахаар болжээ. Говь-Алтай аймаг нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц, хүчин чадалтай учир баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн төв болгох зорилгын хүрээнд ийнхүү судалгааны төвийг байгуулна. Ингэснээр баруун бүс эрчим хүчний найдвартай, тасралтгүй эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэх юм.Тус аймгийн иргэд, хоршоологчид, малчид малын индексжүүлсэн даатгалын үр дүн, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар, Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд судалгаатай хандаж ажиллахыг УИХ-ын даргаас хүсэж байлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд ул суурьтай хандаж, бүх талын оролцоо, тооцоо судалгааг үндэслэж шийдвэр гаргана гэлээ. Өөрөөр хэлбэл УИХ-аас байгуулагдсан “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг иргэд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагч нарын санал хүсэлт, судалгаануудад тулгуурлан ажиллана гэдгийг онцоллоо.Ховд аймаг /2025.02.03-02.10/Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 03-10-ны өдрүүдэд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт зэрэг нийт найман суманд ажилласан. Энэ үеэрээ иргэд, хоршоологчид, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, ахлах ангийн сурагчид зэрэг нийт 2700 гаруй хүнтэй уулзаж, 156 иргэний 300 гаруй асуултад хариулт, өгч санал солилцсон юм.Тэрбээр уулзалтын үеэр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, шинэ парламентын баримтлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулав. Мөн Улсын Их Хурлын гишүүд ард иргэдэд тайлангаа тавихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд баригдсан барилгын тоог танилцуулах биш, сонгогдон ажиллаж эхэлсэн үеэс хойших улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн сайжирсан талаарх макро эдийн засгийн олон үзүүлэлтээр ажлаа тайлагнадаг болно гэдгийг онцоллоо. Мөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд баруун бүсийн зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аймгуудын онцлогт нийцсэн хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байгааг дурдсан.Уулзалтын үеэр орон нутгийн иргэд арилжааны банкнаас олгодог хэрэглээний зээлийн хүүг бууруулах боломж бий эсэх, цахилгааны үнэ 30 хувиар нэмэгдүүлсэн нь өрхийн эдийн засагт дарамт учруулж буй талаар хэлж, энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Ховд аймгийн хууль, шүүхийн байгууллагынханы хувьд шүүхийн байр стандартын шаардлага хангадаггүй, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан учир баруун бүсийн дөрвөн аймагт шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үед очиж ажиллахад хүндрэлтэй, давж заалдах шатны шүүхийн тогтолцооны хувьд харгалзах үзэх зарим нөхцөл байдлын талаар хэлж байв. Орон нутгийн иргэд Ярантын боомтоор чөлөөтэй нэвтэрч, аялал жуулчлалыг бий болгох, Халзан бүрэгтэйн ордыг ашиглахгүй байх, Хөшөөтийн уурхайг стратегийн орд газарт бүртгэх, сургууль, эмнэлгийн хуучирч муудсан барилгыг шинэчлэх зэрэг асуудлыг хөндөн, санал хэлж байлаа.Шинэ парламент “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд боломж олгосон, зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллана гэдгийг УИХ-ын дарга хэллээ. Мөн Булган сумын Ярантын боомтоор хоёр улсын иргэд чөлөөтэй нэвтрэх боломж бүрдүүлэх талаас нь хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр хийх талаар холбогдох сайдад уламжилна гэв. Ингэснээр баруун бүсийн иргэд бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй татан авч, эдийн засгаа идэвхжүүлэх, зах зээлээ хөгжүүлэх боломжтой. Үүнийг дагаад баруун бүсийн эдийн засаг тэлж, өрсөлдөх чадвар нэмэгдэх юм. Түүнчлэн, Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний хараат бус байдал арилж, найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангагдах юм. Ингэснээр дан ганц хэрэглээний цахилгаанаар аж төрөх биш үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад хангалттай эрчим хүчтэй болж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломж бүрдэнэ.Түүнчлэн, Ховд аймгийн Ховд сумын малчин Ж.Ерболын “Хөх сэрхийн шилмэл сүрэг” хоршоо, Буянт сумын хоршоологч нартай уулзлаа. Малчин Ж.Ерболын үүсгэн байгуулсан "Хөх сэрхийн шилмэл сүрэг" хоршоонд 27 малчин нэгдэж, хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан бөгөөд үхрийн аж ахуй эрхлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадлан тэжээл бэлтгэх, хүнсний ногоо тариалах зэрэг олон төрлийн үйлдвэрлэлийг хийж эхэлжээ. Тэд мах борлуулах цагаар 180 үхэр борлуулж, 27 сая төгрөгийн ашиг олсон байна. Ийнхүү анхны зээл төлөлтөө өнгөрсөн оны арван хоёрдугаар сард амжилттай төлсөн талаар онцлов. УИХ-ын даргын зүгээс Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газарт хоршоологчдод олгох газар, өвс тэжээлээ бэлтгэх талбайг яаралтай шийдэх өгөх чиглэл өглөө.Увс аймаг /2025.02.11-02.15/Улсын Их Хурлын дарга орон нутаг дахь томилтоо Увс аймагт үргэлжлүүлсэн. Тус аймгийн Улаангом, Өлгий, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Сагил, Давст, Түргэн, Тариалан, Өндөрхангай, Зүүнхангай зэрэг нийт 11 суманд энэ сарын 12-15-ны өдрүүдэд ажиллахдаа, шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцохын зэрэгцээ иргэд олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзлаа.Тэрбээр энэ үеэр “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хийх эрх зүйн шинэчлэлүүдийн талаар танилцуулахдаа хүн төвтэй хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхээр тусгасныг тодотгохын зэрэгцээ баруун бүсэд хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулав. Тухайлбал, баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг уялдуулах зэрэг ажлыг тодотголоо.Увс аймгийн иргэд, олон нийтийн төлөөлөл орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлж, орон сууцжуулах бодлогыг тэлэх, залуу малчдын залгамж халааг бодлогоор бэлтгэхэд анхаарах, малын түүхий эдийг боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих болон хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр ажиллах саналыг хэлж байлаа. Мөн Боршоо боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, “Шинэ хоршоо” хөдөлгөөний үйл ажиллагааны хүрээнд анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж жишиг хуулийн этгээд болоход дэмжлэг үзүүлж, хоршооноос гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд стандарт нэвтрүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд анхаарч ажиллахыг хүслээ.УИХ-ын дарга баруун аймгуудад гүний худаг нь шүүлтүүргүй байгаа асуудалд бүх түвшинд анхаарч, сумдын гүний худгуудад шинжилгээ хийх ажлыг эхлүүлнэ гэлээ. Ингэснээр хавдрын өвчлөлийн шалтгааныг тогтоож, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх юм. Түүнчлэн, улс орны аль ч цэгт амьдарч байгаа иргэний эрх хуулиар хамгаалагдсан, хөгжлөөс хоцрогдолгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж буй талаар дурдаад баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг гаргаж, аймаг, сумдтай нэг бодлоготойгоор ажиллах болно гэдгийг онцоллоо. Мөн Өмнөговь, Бөхмөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг ирэх оноос эхлүүлэхэд анхааран ажиллана гэв.Завхан аймаг /2025.02.16-02.20 /Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Тэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай зэрэг нийт найман суманд энэ сарын 16-20-ны өдрүүдэд ажиллалаа.Тэрбээр уулзалтын үеэр 2025 оны улсын төсөвт Завхан аймгийн хэмжээнд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан талаар дурдав. Завхан аймгийн Улиастай сумын гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөл болон дулааны станцын хөрөнгө оруулалтуудыг шинээр тусгаснаас гадна Сонгино, Түдэвтэй сумын уулзвараас Арцсуурь боомт хүртэлх 159.5 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсныг онцолж байлаа. Энэ зам ашиглалтад орсноор дан ганц Завхан гэлтгүй баруун бүсийн бусад аймгийн худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох боломжтой.Уулзалтын үеэр орон нутгийн иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бэлчээрийн доройтол, боловсон хүчний хомстол, сум орон нутгийн төвийн барилгуудын халаалтын доголдол нь тулгамдсан асуудал болсныг дурдсан. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхимын багтаамжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, суралцах орчин нөхцөлөөр хангах, сум дундын эмнэлгийг сэргээх, эрүүл мэндийн төвийг шинэчлэх зэрэг саналыг уламжилж байлаа.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид цахим сонгоны хичээл болон танхимын сургалтын цаг давхцаж буй асуудал, алслагдсан сумдын интернэтийн хүртээмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, спорт заал, мэргэжлийн багш нарын дутагдал болон элсэлтийн ерөнхий шалгалтыг өргөтгөсөн байдлаар авах болсон нь дарамт үүсгэж буйг хэллээ. Ахлах ангийн сурагчид 2026 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг өргөтгөсөн байдлаар өгөхөөр болсон нь олон хичээлийг судалж байж, их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болох юм. Энэ нь сурагчдад гэнэтийн шийдвэр байсныг хэлээд үүнээс болж зарим хүүхэд мэргэжил сонголтоо өөрчилж эхэлжээ. Тиймээс УИХ-ын дарга Боловсролын сайдтай ярилцан, элсэлтийн ерөнхий шалтгалтыг өргөтгөсөн байдлаар авах тушаалыг 2028 болгож хойшлуулахаар боллоо. Энэ шийдвэрт ахлах ангийн сурагчид талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.Түүнчлэн УИХ-ын дарга Завхан аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Шүүх байгуулах тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийн хүрээнд санал солилцсон. Тэрбээр шүүхийн байр, хуралдааны танхим, архивын өрөө зэрэгтэй танилцаж, УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна хэмээн тодотгоод шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тогтсон юм. Ийнхүү 23 хоногийн хугацаанд үргэлжилсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутгийн томилолт дуусаж, иргэдээс ирсэн санал хүсэлт бүрийг холбогдох байгууллагуудад уламжиллаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд тухайн бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, худалдаа, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Ийнхүү баруун бүсийн хэмжээнд аймгийн төвүүд болон хилийн боомтуудыг эхний ээлжинд авто замаар бүрэн холбох, бүсийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний төв болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг татах, орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжлийн бодлогыг гаргах нь гол зорилго юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/24
371
УЛС ТӨР
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Улиастай суманд ажиллах үеэрээ /2025.02.20/ аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Шүүх байгуулах тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийн хүрээнд санал солилцож, шүүхийн байрны орчин нөхцөлтэй танилцав. Завхан аймагт анхан шатны хоёр, давж заалдах шатны нэг шүүх үйл ажиллагаагаа явуулж байна. Уулзалтын үеэр шүүхийн ажилтнууд харьцангуй тогтвор суурьшилтай ажиллаж байгааг танилцуулж, шинээр баригдах шүүхийн байрны төсөв, санхүүжилттэй холбоотой асуудлыг дэвшүүллээ.УИХ-ын дарга энэ үеэр шүүхийн байр, хуралдааны танхим, архивын өрөө зэрэгтэй танилцаж, УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна хэмээн тодотгоод шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тогтлоо.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангахын тулд салбарын хууль тогтоомж амьдралд нийцэхүйц байх нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм. Завхан аймгийн нийт хүн амын 11 хүн тутмын нэг нь шүүхээр үйлчлүүлдэг аж. Иргэдийн шүүхээр хамгаалуулах эрхийг улам баталгаажуулж шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтооход шаардлагатай системийн өөрчлөлт, тогтолцооны шинэтгэлийн талаар алба хаагчдын байр суурийг нээлттэй сонсож ажиллахаа мэдэгдсэн юм. Цаашлаад шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хэрэг, маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хүрээнд санал солилцов.Мөн уулзалтын үеэр хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах эсхүл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх бодлогыг энэ удаагийн парламентаас хэрэгжүүлж буй талаар танилцууллаа.Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Улиастай суманд зохион байгуулж буй “Амар байна уу 2025” сар шинийн үзэсгэлэн худалдаагаар зочиллоо. Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт болж буй уг үзэсгэлэн энэ сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нутгийн онцлох бүтээгдэхүүнүүд, уламжлалт эдлэл, хэрэглэлүүд, үндэсний хувцас, гар урлалын бүтээлүүдийг дэлгэжээ.УИХ-ын дарга уг үзэсгэлэнгээр зочлох үеэрээ Завхан аймгийн сумдаас зорьж ирсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчид, малчид, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, үйл ажиллагаа болон тулгамдаж буй зарим асуудлаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/21
342
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Алтай-Улиастайг холбох авто замын төслийг эхлүүлснээр ачаа тээврийн урсгал, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Завхан аймгийн Улиастай суманд ажиллалаа. УИХ-ын дарга Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 37 сумаар ажилласны дараа ийнхүү Улиастай сумын иргэдтэй уулзав. Баруун бүсийн аймгуудад энэ онд нийт 115 төсөлд 349.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр улсын төсөвт тусгаснаас Завхан аймгийн хэмжээнд нийт 35 төслийг 104.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр байгаа аж.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улиастай сумын иргэдтэй уулзах үеэрээ бүсийн хөгжлийн цогц төлөвлөлтөд туссан ажлуудаас танилцуулж, нэн тэргүүнд аймгийн төв, сум, хилийн боомтуудыг хооронд нь авто замаар бүрэн холбох ажлыг эхлүүлнэ гэдгийг тодотгов. Энэ хүрээнд Алтай-Улиастайг холбох 178 км авто замын төслийн хүрээнд Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн 40 км замыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Уг төслийн үр дүнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбосноор тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх давуу талтай юм. Түүнчлэн Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх 159.5 км замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлэхээр болсон нь завханчуудын хувьд худалдаа, үйлдвэрлэл, ачаа тээвэр, мөн эдийн засгийн харилцааны томоохон гарц болох юм гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Уг төслийн хүрээнд Түдэвтэй сумыг холбох 3.6 км, Баянхайрхан сумыг холбох 1.5 км, Тэс сумыг холбох 1.4 км салаа холбоос зам, гэрэлтүүлгийн хамт хийгдэнэ.Анх 1976 онд байгуулагдсан Арцсуурь боомтоор Завхан болон Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгийн иргэд ОХУ-тай экспорт, импортын худалдаа эрхэлж, ялангуяа орон нутгийн иргэдийн бизнес хөгжих, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх, аялал жуулчлал тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой гэдгийг УИХ-ын дарга илтгэлийн үеэр дурдлаа. Эдгээрээс гадна аймгийн төвд баригдаж байгаа дулааны станцын хоёрдугаар хэлхээ, дэд бүтцийн ажил, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шинээр эхлүүлэхээр улсын төсөвт тусгасан бол Солонготын давааны 12 км хатуу хучилттай замыг мөн энэ онд барина гэлээ.Парламентын баталж буй хууль тогтоомж, бодлого шийдвэр нь хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарч, хүн төвтэй үзэл санаа бүхий хууль эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги төлөвлөгөөгөө баталсан талаар УИХ-ын дарга танилцуулав. Энгийнээр хэлбэл хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах, эсхүл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, хууль нь бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх үзэл санаа юм.Уулзалтад оролцогчид Завхан аймгийн хөгжлийг хурдасгахад хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бүтээмжид түлхүү анхаарах ёстой гэдэгтэй санал нэгдлээ. Улиастай сумын иргэдийн зүгээс сум, орон нутагт бүх насныхны хэрэгцээнд суурилан аялал жуулчлал, амралтын бүс байгуулах, аймгийн төвийн номын сангийн барилгыг шинэчлэх, ахмадын ордны үйл ажиллагааг өргөжүүлэх, нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж болон өргөтгөлийн асуудал зэргийг дэвшүүлж байв. Мөн Дөрвөлжин сумын Бага нуурын ус ширгэж, ойр орчмын ан амьтан, шувууд хоргодож байгааг анхааралдаа авч, “Нэг сум-нэг нуур” төсөлд хамруулж өгөхийг хүсэв. Сумын Засаг даргын тавьсан хүсэлтийн дагуу хөв цөөрөм байгуулах байршлуудын хүрээнд мэдээлэл өгч, Бага нуурын усыг даруй шинжилж, холбогдох арга хэмжээг авахаар Усны газрын дарга З.Батбаяртай зөвшилцлөө. Улиастай хотын цаашдын усны хангамжийг шийдвэрлэх зорилгоор Богд, Чигэстэйн гол дээр хөв цөөрөм байгуулахаар болжээ.Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээл олголт, зарим импортын барааны гаалийн татвар, орон нутаг дахь түлш, шатахууны үнийн зөрүү зэрэг асуудлыг хөндөж, саналаа хэлцгээсэн юм.Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Мандхай нар Улиастай суманд болсон “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцлоо. Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй хоршоологчдын төлөөлөл чуулж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, зээлийн олголт, эргэн төлөлт, татвар болон даатгалтай холбоотой зохицуулалт, анхаарах асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 8971 шинэ хоршоо байгуулагдаж, 88000 гаруй малчин гишүүнээр элсжээ. Завхан аймгийн хувьд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зөвлөгөөний үеэр хоршоологчдын үйл ажиллагааг цаашид хэвийн явуулах, төрөөс тогтвортой бодлогоор дэмжин ажиллахад анхаарна гэдгийг мэдэгдлээ. Тэрбээр орлогоо бодитоор нэмэгдүүлж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, урт хугацааны өгөөжийг хадгалахад “Шинэ хоршоо хөдөлгөөн” олон талт боломжоор хангаж байгааг тодотгов. Цаашид дундын хоршоог байгуулж, бүс нутгийн онцлох аж ахуйд суурилан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд түлхүү анхаарахыг уриаллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/20
487
УЛС ТӨР
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 'Гашуунсухайт-Ганцмод' боомтод ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Уянга, П.Мөнхтулга, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар (2025.02.19) Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Гашуун сухайт-Ганцмод” боомтод ажиллаж байна.Ажлын хэсэг УИХ-ын бодлого, шийдвэрийн үр дүн, бодит нөхцөл, хэрэгжилтийг үнэлж дүгнэх үүднээс “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, "Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолборын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлттэй газар дээр нь танилцаж, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эхэллээ. “Гашуунсухайт” нь нийслэлээс 841 км-т байрладаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гол төсвийг бүрдүүлдэг боомтын нэг бөгөөд 9 дэх удаагийн парламент олон жил гацсан мега төслүүдийг дэмжснээр эерэг үр дүн авчирна гэсэн хүлээлттэй байгаа юм.Тус боомтыг чиглэсэн нүүрс тээвэрлэх төмөр зам олон улсын стандартад нийцсэн, говийн орчинд даацтай, ан амьтанд ээлтэй боловч суурьшлын бүсэд оршин суугчдын зүгээс нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлт тавьж байна.Харин "Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолборын хувьд 2022 онд ашиглалтад орсноос хойш 75.1 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Өдөрт 300-450 тээврийн хэрэгсэл Ганц мод чиглэлд нэвтэрдэг байна. Биржийн тээвэрлэлтийг нийт дөрвөн чиглэлд хийж буй бөгөөд 2023 оны 03 дугаар сараас хойш 117 удаагийн тээвэрлэлтээр 26.5 сая тонн нүүрс биржээр борлуулжээ. Гүйцэтгэл хангах гэрээ 40 гаруй үлдсэн байна. Нүүрс тээвэрлэлтийн хувьд “Гашуун сухайт” хилийн боомтод Авто тээврийн нэгдсэн системд 432 аж ахуйн нэгжийн 24.432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хариуцлагын гэрээ байгуулсан 420 аж ахуйн нэгжийн 8808 тээврийн хэрэгсэл урт, богино тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж. Нүүрсний ханш 2.3 орчим хувиар буурснаас нүүрс тээвэрлэлт багасч, экспорт буурах эрсдэл үүссэн байна. Өнөөдрийн байдлаар Ганцмод боомтод 4.6 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Түгжрэлийг бууруулах, төмөр замын ашиглалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж буй УИХ-ын ажлын хэсгийн томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/20
470
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллав.Намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр Улсын Их Хурлын дарга, гишүүд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, баруун бүсийн хөгжлийн цогц төлөвлөгөөнд туссан онцлох ажлуудаас иргэд, олон нийтэд хүргэлээ. Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 35 суманд ажиллаж орон нутагт тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ иргэдийн саналд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллаж байна.Нийгмийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент “Гурван төгөлдөршил” бодлогынхоо хүрээнд хүний эрхийг хангасан, цаг үеийн шаардлагад нийцэхүйц, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги, төлөвлөгөөндөө тусгасан. Энэ хүрээнд өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хоцрогдол, хийдэл, хуулиас давсан зарим журмаас үүдсэн хүний эрхийн зөрчлийг арилгахын тулд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 80 гаруй ажлын хэсэг ажиллаж байна.Нөмрөг суманд ажиллан, иргэдтэй уулзах үеэрээ Улсын Их Хурлын дарга баруун бүсийн аймаг, сум, хилийн боомтуудыг авто замаар бүрэн холбож худалдаа, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлийг бүсийнхэнд ойртуулах бодлогын хэрэгжилтээс танилцуулсан юм. Энэ хүрээнд Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж байгааг тодотголоо. Завхан аймгийн хэд хэдэн сумыг дайран өнгөрөх уг авто зам ашиглалтад орсноор бүс нутгийн онцлох аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийг төрөлжүүлж, худалдааны эргэлт нэмэгдэн, баруун бүсийн аймгуудын эдийн засгийн харилцаа эрчимжих томоохон гарц нээгдэнэ гэдгийг онцоллоо.Үргэлжлүүлэн сумын хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдтэй ярилцав. Нөмрөг сумын цэцэрлэг 1927 онд байгуулагдсан цагаасаа хойш зориулалтын барилгад хичээллэж байгаагүй, ерөнхий боловсролын сургууль нь ариун цэврийн байгууламжгүй, ширээ сандал нь шаардлага хангахгүй зэрэг тулгамдсан асуудлыг сумынхан дэвшүүлэв. Эдгээрээс гадна багуудад дахин дамжуулах станц байгуулах, эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх зэрэг асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлүүлэхээр холбогдох газруудтай зөвшилцөхөөр тогтлоо. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойроос хүргэдэг баг, сумын удирдлагуудын төлөөллийн чадамжийг хөндөж, сонгуулийн болон төрийн албаны хууль тогтоомжийн хүрээнд саналаа хэлцгээлээ.Завхан аймгийн Тосонцэнгэл сум 11000 гаруй оршин суугчтай, ерөнхий боловсролын хоёр, мэргэжлийн боловсролын нэг сургуулиас гадна дөрвөн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын Их Хурлын даргын иргэд, малчидтай хийсэн уулзалтын үеэр сургуулийн халаалт, анги танхимын багтаамж, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж зэрэг тулгамдсан асуудлуудаа олон нийтийн зүгээс дэвшүүллээ. Сумын төвд байгуулагдсан 22 МВт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцад түшиглэн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрлэлийн паркийн цогцолборыг байгуулж, иргэдийг нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх саналыг дэвшүүлж байв. Түүнчлэн уг станцын дараагийн ээлжийн шугам сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэснээр өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитой дэмжлэг болохыг илэрхийлсэн юм. Уулзалтад оролцогчдын хувьд Ахмад настны тухай болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд асуулт асууж, саналаа хэлцгээв.Завхан аймгийн сумдад "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хэрэгжилт харилцан адилгүй байгааг анхаарч, цаашид газарзүйн байршил, бүс нутгийн онцлогт тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг олон талт хөтөлбөрөөр эрчимжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/19
368
УЛС ТӨР
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцлов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг бүрдүүлжээ.Монголын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг дэлхий дахинд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах ёстой. Business Friendly Mongolia буюу Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улс болох стратегийг хэрэгжүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын бизнесийн орчин руу Монгол Улсыг “хөтлөх” зорилготой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван шилжилтийг салбар бүрд хийхээр зорьж буй. Тиймээс шинэ эдийн засгийн бүтцийн үндсэн хөшүүрэг нь баялаг бүтээгчид байх бөгөөд дээрх гурван шилжилтийг хэрэгжүүлж баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ирэх долдугаар сард болох Монголын Эдийн засгийн форумын бэлтгэлийг одооноос эхлүүлэх, зохион байгуулалтад анхаарахаас илүүтэй бодит үр дүн гаргах нь чухал. Татварын орчин гэхэд зөвхөн нэг талаас анхаарах бус төр, иргэн, аж ахуйн нэгж гэхчлэн бүх талыг оролцуулж эрх зүйн орчныг шийдэх нь илүү оновчтой. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл асуудал бүрд төвлөрч, бүх талын саналыг нэгтгэж, ажил хэрэгч ажиллахыг Ерөнхий сайд анхааруулав.Засгийн газрын гишүүн, Шадар Сайд Т.Доржханд Дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улс хэрхэн оролцсон талаарх үр дүнг, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Бизнес эрхлэх орчны үнэлгээ” шалгуур үзүүлэлт, бизнесийн орчны индексүүдийн талаар тус тус танилцуулав.Бизнес эрхлэхүйн индексээр манай улс 2020 онд 190 орноос 81 дүгээр байрт, Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2024 онд 176 орноос 76-р байрт жагссан байна. Монгол Улсад бизнес эхлэх, өмч бүртгүүлэх зэрэгт тулгардаг шат дамжлагыг цөөрүүлэх, зөвшөөрлийн цахим системийг боловсронгуй болгох, зээлийн хүү, татварын төрөл, хувь хэмжээг бууруулах, үр ашиггүй татаасыг зогсоох, үнэт цаасны зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, гадаад худалдаа эрхлэхэд бичиг баримт бүрдүүлэхэд хугацаа их зарцуулдгийг өөрчлөх, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалал сул, хүнд суртал их, шүүхийн үйл ажиллагааны чанар тааруу, авлигын хяналтын орчин муу байгааг иргэд, хувийн хэвшлийнхэн хэлж байв. Төрд байгаа мэдээллийг иргэнээс давхар нэхэхээ больж, хялбаршуулсан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд шууд олгох, тусгай шаардлагуудыг олгосны дараа хянадаг болох, QR код ашиглах зэрэг шийдлийг зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлдэг болохоор ажиллаж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг танилцуулахдаа онцлов. Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн талаар 600 орчим аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг нэгтгэж танилцууллаа. Эдгээр санал болон Сангийн яамнаас боловсруулсан татварын цогц реформын төслийг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаас гадна татварын философио эргэж хармаар байна. Татвараар мэргэшсэн шүүх байгуулж, мэргэшсэн шүүгч, прокурортой болох, татварын байцаагч технологийн өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд анхаарах асуудал олон байна. Бизнесийн орчинд үүссэн аливаа маргааныг заавал шүүхээр оруулж ачаалал нэмэхгүйгээр МҮХАҮТ-ын дэргэдэх арбитраар ч юм уу, хараат бус мэргэжлийн шүүгчдээр зохицуулдаг тогтолцоог бүрдүүлмээр байна. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг эргэж харах, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллага төлдгийг болиулах хэрэгтэй зэрэг саналыг тус зөвлөлийн гишүүд хэллээ. Тус хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томиллоо. Мөн зөвлөлийн дэргэд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бүтэц байгуулахаар болов.
2025/02/19
452
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: Орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтыг оновчтой эрэмбэлэхийн тулд нэн түрүүнд иргэдийн саналд тулгуурлана
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй сумдад ажиллаж, намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудаас танилцуулахын зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэдээс сонслоо. Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент хууль, эрх зүйн орчныг XXI зууны үзэл баримтлалд нийцүүлэн, төр бус хүн төвтэй байх шинэчлэлийг эхлүүлсэн гэдгийг УИХ-ын дарга тодотголоо.Тэрбээр нийгмийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн шинэ тутам үүсэж буй харилцааг иж бүрэн зохицуулах чадамжтай, ингэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан хуулийг батлах нь энэ парламентын тэргүүн зорилт байх болно гэлээ. Түүнчлэн УИХ-ын дарга баруун бүсийн хөгжлийн цогц бодлогоос танилцуулж, авто замын сүлжээ, эрчим хүчний хөрөнгө оруулалт, аймаг орон нутгийн онцлох аж үйлдвэрлэл гэсэн үндсэн чиглэлүүдэд анхаарч ажиллахаа онцлов. Газарзүйн байршил, уламжлалт аж ахуй, онцлох өрхийн үйлдвэрлэл зэрэгт тулгуурлан бүс нутгийнхаа зорилтот хэрэгцээг хангах олон талт боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн бий болгож байгааг онцлох жишээгээр танилцуулав.Алслагдсан зарим сумдад хоршооны тухай хуулийн ойлголт, “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээл олголт болон эргэн төлөлтийн талаар мэдээлэл хангалтгүй байгаагаас улбаалж малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоо ашиглаж чадахгүй байгааг иргэд уламжилж байлаа. Сонгино сумын иргэд сартуул түмний шүтээн уул Сонгино хайрханы орчимд хайгуулын лиценз олгосныг олон жилийн турш эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Дархан цаазат амьтадтай, нутгийн 20 гаруй айлын өвөлжөөтэй, түүхт хайрханыг хамгаалж, лицензийг цуцлуулж өгөхийг УИХ-ын даргад албан бичгээр дамжуулсан юм.Нутгийн иргэд сумын хөгжлийг уул уурхайд бус газар тариалан, мал аж ахуйд тулгуурлан урагшлах учиртай гэдэгт санал нэгдээд, өвс тэжээл тариалалтыг дэмжиж, бэлчээрийн доройтлыг бууруулах арга хэмжээ авахыг хүслээ. Орон нутгийн иргэдээс нийтлэг дэвшүүлж буй банкны тогтолцооны өөрчлөлттэй холбоотой саналуудыг Сонгино сумынхан ч уламжлав.Арилжааны банкны зээлийн хүүг өндөр төдийгүй зээлдэгчийн эрх ашигт огт нийцэхгүй байгааг уламжлахын сацуу хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх ойлголт мэдээлэл хөдөө орон нутагт хомс байгааг хэлж байв. Сумын төвийн сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны зураг төсөл батлагдаад хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа талаар болон цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болсныг хөндлөө.Түдэвтэй сумын иргэдийн хувьд ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгохоос өмнө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй хамрагдах санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүний тулд сумандаа усалгаатай системийг сэргээж, тэжээлээ өөрсдөө тариалахаас эхлэх ёстойг ч хэллээ. Сонгино, Түдэвтэй сумдын нутагт үүрэн телефоны сүлжээ муу тул дахин дамжуулах станц шаардлагатайг орон нутгийн иргэд зонхилон уламжилж байв. Түүнчлэн Ахмад насны тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зэрэг малчдад чиглэсэн зарим хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хүрээнд УИХ-ын гишүүдээс асуулт асууж, саналаа хэлцгээв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/18
339
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан:Төрийн үйл ажиллагааг чухалчлах бус иргэний асуудлыг зохицуулж, эрхийг нь хангадаг эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Зүүнхангай суманд ажиллав.УИХ-ын дарга баруун бүсэд ажиллах үеэрээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж, суралцах орчин, материаллаг баазын хүртээмж, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй сонссон юм. Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургууль 1985 онд 320 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтад орсон ч одоогоор 500 гаруй сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Анги дүүргэлт стандартаас хэтэрсэн, номын сан багтаамж муутай, сургуульд хоолны танхим байхгүйн улмаас гал тогооноос үдийн цайгаа зөөдөг зэрэг асуудлуудыг сурагчид ярьж байв. УИХ-ын дарга чанартай боловсролыг хүртээмжтэйгээр эзэмших хүүхдийн эрхийн асуудал нэн тэргүүнд эрэмбэлэгдэх учиртайг тодотгоод холбогдох шийдлүүдийг хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгалаа.Үргэлжлүүлэн Зүүнхангай сумын иргэд, олон нийттэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд болон парламентаас дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд мэдээлэл өглөө. Хүний эрхийг дээдэлсэн, төрийн үйл ажиллагааг бус иргэний асуудлыг шийддэг, цаг үеийнхээ шаардлагад нийцэхүйц иж бүрэн хууль, эрх зүйн орчныг цогцлоох нь “Гурван төгөлдөршил” бодлогын үндсэн зорилтууд гэлээ. Нийгмийн салбар бүрийн төлөөлөл бүхий шинэ парламентын гишүүд УИХ-ын даргын захирамжаар 80 гаруй ажлын хэсэгт хуваарилагдан салбар бүрийн хуулийн хэрэгжилтийг судалж, шаардлагатай бол хуулийн төслийг шинэчлэх ажлыг эхлүүлснийг тодотгов.Улаанбаатар хотоос 1100 гаруй километрийн зайд орших Зүүнхангай сум эрс тэс уур амьсгалтайн зэрэгцээ зах зээлээс алслагдсан тул үнийн өсөлт тулгамдсан асуудлын нэг болсныг нутгийн иргэд хэлж байлаа. Зарим газар дэд бүтэц сул хөгжсөний улмаас сумынхан өвөлдөө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй, цаашлаад боловсон хүчин ч дутмаг байгааг хөндөн ярилаа. Малчдын хувьд нэг удаа зээл тэглэхээс илүү урт хугацаанд мах экспортлох боломжийг нээж өгөх нь бодитой дэмжлэг гэдгийг тодотгов. Нийслэлийн зах зээлрүү нийлүүлэхэд тээврийн зардал, шатахууны өртөг ихтэй учир Арцсуурийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, авто замын холболт хийснээр залуу малчдын амьжиргааг дээшлүүлэх чухал ажил болно гэдэгтэй санал нэгтэй байлаа.Увс аймгийн хэмжээнд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд Зүүнхангай сумын нутагт хөв цөөрөм байгуулах замаар усжуулалтын системийг шийдвэрлэж чадвал малын тэжээлээ өөрсдөө тариалахаас эхлээд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтойг орон нутгийн иргэд онцолсон юм.Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, алслагдсан сумдад ажиллах үеэр орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах саналыг иргэдийн зүгээс нийтлэг дэвшүүлж байгааг тодотгоод малчдын хувьд ч ялгаагүй малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг өрхийн хэмжээнд сайжруулах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлсэн хоршоологчдын сайн жишгээс дурдав.УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Завхан аймагт үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/17
318
